Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хонгорын Энхзаяа |
Хэргийн индекс | 102/2019/03369/И |
Дугаар | 579 |
Огноо | 2020-02-18 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 579
2020 оны 02 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2020/00579 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ч.М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Г-д холбогдох,
Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 45,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.М төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Өлзийсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Г нь 2015 онд “Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Далан даваа” ХХК-ийг төлөөлөн оролцохдоо ажлын хөлс 5,000,000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Далан даваа” ХХК-иас авсан. Мөн оны 5 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн зардал зайлшгүй хэрэгтэй байна гэж 100,000,000 төгрөгийг Ч.М-с авсан байдаг. Тухайн үед шүүхийн зардал гэдэг ойлголт нь авилгал байсан гэдгийг хожим ойлгож байсан хийгээд Ц.Гд хэлэхэд маргааныг чинь ялуулах гэж байна гэж ойлгуулсан. Тухайн үед тус маргаан ялж дууссан бол тухайн мөнгийг шүүгчид өгсөн гэж бидэнд ойлгуулах байсныг сүүлд ухаарсан. Иймд Ц.Г нь тус мөнгийг ямар зардалд яаж зарцуулсан талаар тайлбар хийхгүй байгаа нь тухайн үед биднийг итгүүлж худал хэлж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна. Мөн уг үйл явдлыг Ц.Г өөрөө хүлээн зөвшөөрч худал хэлж авсан 100,000,000 төгрөгөө буцаан төлөхөөр болж эхний 55,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр буцаан өгөөд үлдэх 45,000,000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өгнө гэж хэлээд өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагч Ц.Г ээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 45,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Г нь 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “Далан даваа” ХХК-нд холбогдох захиргааны хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан. Энэ хэрэгтэй холбоотойгоор эхлээд 2015 оны 01 дүгээр сард 5,000,000 төгрөгийн ажлын хөлс авсан. Дахиад Ч.Мс 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 100,000,000 төгрөгийг авсан. Энэ 100,000,000 төгрөгийг авахдаа тус маргаан дээр сайн өмгөөлөгч авч орох хэрэгтэй байна гэдэг талаар хэлсэн байдаг. Ц.Г нь н.Цэнгэнбаяр гэх өмгөөлөгчтэй 2015 оны 11 дүгээр сард уулзаад, энэхүү өмгөөлөгчид анхан шатны шүүх хуралд би заргаа авч чадсангүй, хэрвээ та энэ шүүх хуралдаанд оролцоод заргаа авбал 50,000,000 төгрөг өгнө гэж тохиролцсон. Гэтэл н.Цэнгэнбаяр өмгөөлөгч нь тэр хуралд ялагдсан бөгөөд Ц.Гээс ямар ч мөнгө төгрөг аваагүй байсан. Хэрвээ энэ газрын маргаанд ялчихвал Ч.М нь цаашдаа захирал болох байсан учраас 100,000,000 төгрөгийг төлсөн. Ингээд шүүх хурлын дараа Ч.М нь анх Ц.Гг танилцуулж өгсөн н.Лхагвасүрэн гэдэг хүнд та Ц.Г тэр 100,000,000 төгрөгийг авч өг гэдэг байдлаар хэлсэн. Гэтэл Ц.Г өгөөгүй. Ингээд н.Лхагвасүрэн нь Ц.Г-ийг Баянгол дүүргийн цагдаад өгсөн. Хэрэг үүсгэгдээд шалгагдаж байх явцад Ц.Г нь 100,000,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр буцаагаад өгье гэсний дагуу Ч.М эхний 55,000,0000 төгрөгөө авсан байдаг. Дараа нь прокурор дээр ч энэ нөхцөл байдлаа хэлж илэрхийлсэн байдаг. Иймд үлдэгдэл 45,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Г нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Далан даваа” ХХК-ийн захирал Ч.М-аас олгосон итгэмжлэлийн дагуу “Далан даваа” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Хэрэг маргаан шийдэгдсэний дараа н.Лхагвасүрэн гэдэг хүн Ц.Гийг залилагч, авилга өгөгч, албан тушаалд үгсэн хуйвалдсан зэргээр дайрч давшлан эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. 2017 он хүртэл энэ хэрэг үргэлжилсэн. Энэнтэй холбоотой сүүлд хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан баримт ирсэн. 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн прокурорын тогтоол байгаа. Ч.М бол энэ хэргийн жинхэнэ нэхэмжлэгч биш гэж үзэж байна. Учир нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2216 дугаар тогтоол, мөн хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн захиргааны хэргийн шийдвэр, магадлалаас энэ хэргийн нэхэмжлэгч нь “Далан даваа” ХХК юм байна гэж харагддаг. Ц.Г нь иргэн Ч.М-ын биш, “Далан Даваа” ХХК-ийн хүсэлтээр энэ хэрэгт төлөөлөгчөөр орсон. Энэ талаар ч нэхэмжлэгч тал маргадаггүй. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх” гэж заасан байдаг. Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар “Далан даваа” ХХК нь 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ч.М биш өөр хүн гэдэг нь лавлагаагаар хангалттай харагддаг. 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Далан даваа” ХХК татан буугдсан. Нэхэмжлэгч талаас 5,000,000 төгрөг, 100,000,000 төгрөг гэж яриад байна. Эдгээр мөнгийг бэлнээр тушаасан байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Гүйлгээний утга дээр юу л бол юу гэж бичиж болно энэ бол мөнгө тушаасан хүний эрхийн асуудал. Баянгол дүүргийн Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2216 дугаар тоот хэрэг бүртгэлийг хаах тогтоол байгаа. Энэ тогтоолд “Далан даваа” ХХК-тай холбоотой газрын маргаанд Ц.Г нь хууль зүйн туслалцаа үзүүлэхээр харилцан тохиролцсон байна. “Далан даваа” ХХК-ийн захирал Ч.Мөнхжаргалаас өмгөөлөгч Ц.Г хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөр гэж үзэн хэргийг хаасан. Сүүлд ирсэн прокурорын тогтоол байгаа. Энд өмгөөллийн үйлчилгээ бүрэн үзүүлээгүй гэж үзэж байгаа тул хөлсөө гаргуулахаар прокурорт гомдол гаргасан байдаг. Өмгөөллийн үйлчилгээ бүрэн аваагүй гэж юу гэж байгаа юм бэ? гэж асуумаар байна. Өөрийнх нь талд шийдвэр гарснаар өмгөөллийн үйлчилгээг бүрэн авсан гэж үзэх үү. Ц.Г өмгөөлөгчийн хувьд 3 шатны шүүх хурлаар явж, хууль зүйн туслалцаа үзүүлсэн. Энийг өмгөөлөл үзүүлээгүй гэж хэлэхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Ц.Г холбогдуулан өмгөөллийн хөлсний үлдэгдэл төлбөрт 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээр Ч.М солигдож, нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчлөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 45,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ч.М нь нэхэмжлэлийн үндэслэлээ...өмгөөлөгч Ц.Г нь “Далан даваа” ХХК-ийн нэхэмжлэлтэй Захиргааны хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа шүүхийн зардал гэх зориулалтаар авсан 100,000,000 төгрөгийг хэрхэн зарцуулсан болох нь тодорхойгүй байх тул үлдэгдэл 45,000,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ... гэх агуулгаар тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ... “Далан даваа” ХХК-д хууль зүйн туслалцаа үзүүлэн, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон бөгөөд уг ажлын хөлсөнд авсан төлбөр юм...гэх агуулгаар тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ц.Г болох Б.Л нарын хооронд байгуулагдсан “Төлбөр барагдуулах гэрээ”-ний “Дансаар өмгөөллийн хөлсөнд 100,000,000 төгрөгийг авсан,... үлдэх 45,000,000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн дотор төлж барагдуулна” гэснийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байх ба шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлаж байна.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон дээрх “Төлбөр барагдуулах гэрээ” гэх баримтаас үзэхэд хариуцагч Ц.Г иргэн Б.Л-гийн өмнө 45,000,000 төгрөгийг төлөхөөр үүрэг хүлээсэн байх ба хариуцагч нь ... Б.Л гэдэг хүн залилагч, авилга өгөгч, албан тушаалд үгсэн хуйвалдсан зэргээр дайрч давшлан цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулах болсон тул аргагүйн эрхэнд 55,000,000 төгрөгийг буцаан өгч, төлбөр барагдуулах гэрээг хийсэн гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Ц.Г нь “Далан даваа” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан болох нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 711 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 57 дугаартай магадлал зэрэг бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ч.М нь “Далан даваа” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирлаар 2014 оноос эхлэн ажиллаж байгаа болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба хариуцагч Ц.Гд тус компанийг бүрэн төлөөлөн Захиргааны хэргийн шүүх дэх тус компанийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт оролцох эрхийг олгосон, уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн зардал гэх зориулалтаар 100,000,000 төгрөгийг өгсөн, хариуцагчаас буцааж 55,000,000 төгрөгийг авсан гэдэгт зохигч маргахгүй байна.
Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2216 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолд ... тухайн 100,000,000 төгрөг нь “Далан даваа” ХХК-ийн захирал Ч.Маас өмгөөлөгч Ц.Г хууль зүйн туслалцаа үзүүлэхээр тохиролцсон хэлцлийн төлбөр ... гэх үндэслэлээр Ц.Гд холбогдох эрүүгийн 201726021265 дугаартай Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байх ба уг тогтоол хүчин төгөлдөр хэвээр байна.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараас үзэхэд “Далан даваа” ХХК-ийн захирал Ч.М нь өмгөөлөгч Ц.Гд тус компанийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг маргаанд тус компанийг төлөөлөн оролцсон ажлын хөлсөнд 100,000,000 төгрөгийг төлсөн гэж үзэхээр байх ба талуудын эрх, үүрэг, гэрээний шинж зэргээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.1 дэх хэсэгт даалгавар гүйцэтгэгч даалгаврыг даалгавар өгөгчийн зааврын дагуу гүйцэтгэх үүрэгтэй гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...өмгөөлөгч Ц.Г нь тус захиргааны шүүхийн маргаанд манай компанийг ялуулах зорилгоор 100,000,000 төгрөгийг авсан, өмгөөлөгч нэмж авах зориулалттай байсан, уг мөнгийг хэрхэн зарцуулсан болох нь тодорхойгүй... зэрэг үндэслэл заан тайлбарлаж байх боловч өмгөөлөгч Ц.Г-д уг 100,000,000 төгрөгний зарцуулалтыг зааж шилжүүлсэн гэх баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь иргэн Б.Лээр дамжуулан 55,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Г буцаан авсанаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд хариуцагч нь өмгөөллийн хөлсөнд авсан 100,000,000 төгрөгний 55,000,000 төгрөгийг буцааж өгсөн нь түүнийг үлдэх 45,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчаас 45,000,000 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ц.Г нь шүүхийн зардал гэх агуулгаар 100,000,000 төгрөгийг авсан нь нэхэмжлэгч Ч.М итгэмжлэлгүйгээр төлөөлдөг “Далан даваа” ХХК-ийг төлөөлөн захиргааны хэргийн шүүхийн маргаанд оролцсон ажлын хөлс байх тул түүнийг ажлын хөлснөөс үлдэх 45,000,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ч.М хариуцагч Ц.Г холбогдуулан гаргасан 45,000,000 гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Ц.Г ээс 45,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА