Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 00426

 


 


 

     2020 оны 02 сарын 04 өдөр

              Дугаар 102/ШШ2020/00426

                  Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, шүүгч Ч.Батчимэг, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ПС ХХК,

 

Нэхэмжлэгч: Д.А,

 

Хариуцагч: БК ХХК-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Я.А

 

305,027,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 95,452,000 төгрөгийн үнэ бүхий 45 нэр төрлийн үйлдвэрийн тоног, төхөөрөмж, эд зүйлийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хатанбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэрэндаваа, хариуцагчийн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Л.Батжаргал, иргэдийн төлөөлөгч Р.Бүүвэйхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ПС ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ПС ХХКнь БК ХХК-тай харилцан тохиролцож компанийн ерөнхий захирал Д.Агийн өмчлөлийн үйлдвэр, ажлын байрыг 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар сарын 3,000,000 төгрөгний төлбөр төлөхөөр нөхцлөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулан түрээсийн байрыг хүлээлгэн өгсөн. Ийнхүү талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 321.1, 322.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн. Дээрх гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх бөгөөд өөрийн үйл ажиллагаатай холбогдон гарсан бусад зардал /вагон таталт, тавилт, төмөр зам ашиглалт, цахилгаан хэрэглээ гэх мэт/ тоолуурын дагуу бүрэн хариуцна” 5.5-д “Түрээслэгч нь ажлын байрны ашиглалтын байдалд ямагт анхаарч санаачлага гарган ажиллах ба эд хөрөнгөд ариг гамтай, эвдрэл гэмтэлгүй эзэмшин, гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд өөрийн үйл ажиллагаатай холбогдон гарах хохирлыг бие даан хариуцна” гэж харилцан тохиролцсон. Гэтэл БК ХХК нь түрээсийн гэрээний дагуу тухайн үйлдвэр, ажлын байрыг түрээслэж байх хугацаанд буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө гал гарч, түрээслүүлсэн үйлдвэр, ажлын байр болон  тоног төхөөрөмж эд зүйлс шатаж, нийт 305,027,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлт, 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 3/4 дугаартай Хөрөнгийн үнэлгээний төвийн дүгнэлтээр тогтоогддог бөгөөд ийнхүү гал гарч түрээслэгч манай компанийн эд хөрөнгөнд хохирол учирсан байдал нь гэрээний 5.5-д заасан үүргээ зөрчсөний улмаас буюу БК ХХК-ийн эзэмшиж, ашиглаж байсан агуулахын “В” шит байрлах хэсгээс эхлэн гарч, тархсан нь иргэний хэрэгт цугласан баримтуудаар хангалттай нотлогдож байна. Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээний зүйл устаж үгүй болсонд түрээслэгчийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэм буруутай байдал буюу түүний ашиглалтаас хамаарсан, түрээсийн эд хөрөнгийг хууль буюу гэрээнд заасны дагуу элэгдлийг тооцож, түрээслүүлэгчид буцаан өгөх, түрээсийн эд хөрөнгийг ариг гамтай, эвдрэл гэмтэлгүй эзэмших, гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй гэм буруутай гэдэг нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогддог. Тухайн хэргийг эрүүгийн журмаар цагдаагийн байгууллагаар шалгуулахад галыг санаатай тавьсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, учирсан хохирлоо иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх тухай 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 398 дугаартай Прокурорын тогтоол гарсан. Иймд түрээслэгч БК ХХК нь талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5-д “Түрээслэгч нь ажлын байрны ашиглалтын байдалд ямагт анхаарч санаачлага гарган ажиллах ба хөрөнгийг ариг гамтай, эвдрэл гэмтэлгүй эзэмшин, гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй” гэж заасныг зөрчсөний улмаас манай ПС ХХК-ийн эд хөрөнгөд хохирол учирсан тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, 289 дүгээр зүйлийн 289.1.5-д "гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх”, 289.1.4-т “хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх”, 321 дүгээр зүйлийн 321.7-д “Түрээсийн гэрээ дуусгавар болсноор түрээслэгч түрээсэлсэн хэрэглэгдэхүүнийг түрээслүүлэгчид буцаан өгөх үүрэгтэй” гэж тус тус заасныг үндэслэн манай компанид учирсан хохирол болох 90,957,000 төгрөгийг БК ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулан “Санмери” ХХК-ийн 986 м.кв талбай бүхий газар, миний өмчлөлийн 11 тоот агуулахын 40.6 м.кв, 12 тоот үйлдвэрийн 63 м.кв, 13 тоот үйлдвэрийн 132 м.кв буюу нийт 235.6 мкв талбай бүхий ажлын байр, 110 метр төмөр замыг хаягдал хуванцар сав цуглуулж хэрчих, жижиглэсэн хуванцрыг төмөр замаар Улаанбаатараас-Замын-Үүд рүү ачуулах бусад бараа бүтээгдэхүүн ачиж буулгахад түрээсийн талбайг ашиглуулах зорилгоор, түрээсийн гэрээний төлбөр сарын 3,000,000 төгрөг, Төмөр зам ашиглалтын төлбөр вагон тус бүрээс 60,000 төгрөг, худаг ашиглаж ус хэрэглэсэн тохиолдолд 200,000 төгрөг байхаар харилцан тохиролцож ПС ХХКболон БК ХХК нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 321.1, 322.1. дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн. Түрээсийн гэрээний хугацаанд буюу 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр түрээслэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас цахилгааны дотоод холболтыг буруу хийснээс богино холболт үүсч, түрээсийн объектод гал гарснаас Д.А миний  өмчлөлийн Баянгол дүүргийн 4-р хороо 382, 382/1 382/2, 384, 384/1, 384/2 тоот хаягт байрлалтай 2016 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө бүхэлдээ шатаж, 214,070,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Баянгол дүүргийн прокурорын газрын 2015 оны 398 дугаар тогтоол, Хөрөнгийн үнэлгээний төвийн 2015 оны 314, 315 тоот тайлан, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн 2015 оны 9/62 тоот шинжээчийн дүгнэлт, ЦЕГ-ын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2014 оны 39/2921 тоот шинжээчийн дүгнэлт, ОБЕГ-ын 2015 оны 7/499 тоот албан бичиг түүний хавсралт, шинжээч Д.Баян-Эрдэнэ, С.Энхдаваа, В.Доржгочоо, Б.Бямбадорж, П.Баярсайхан Н.Отгонбаатар, Э.Ганбат нарын гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа ‘эм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ...зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу хариуцагч БК ХХК-иас 214,070,000 төгрөгийг гаргуулан Д.А надад олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ПС ХХКболон БК ХХК нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, энэ гэрээгээр 986 м.кв талбай бүхий газар, 11 тоот агуулахын 40.6 м.кв, 12 тоот үйлдвэрийн 63 м.кв, 13 тоот үйлдвэрийн 132 м.кв буюу нийт 235.6 м.кв талбай бүхий ажлын байр, 110 метр төмөр замыг хаягдал хуванцар сав цуглуулж, хэрчих, жижиглэсэн хуванцрыг төмөр замаар Улаанбаатараас Замын-Үүд рүү ачуулах, бусад бараа бүтээгдэхүүн ачиж буулгахад түрээсийн талбайг ашиглуулах, түрээсийн гэрээний төлбөр сарын 3,000,000 төгрөг, төмөр зам ашиглалтын төлбөр вагон тус бүрээс 60,000 төгрөг, худаг ашиглаж ус хэрэглэсэн тохиолдолд 200,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, энэ гэрээ байгуулагдсан. Гэтэл түрээсийн хугацаанд буюу 2014  оны 11 дүгээр сарын 27-ны шөнө 03 цагийн орчим гал гарч энэхүү объект буюу Д.Агийн өмчлөлийн объект бүхэлдээ, мөн ”ПС”-ийн 90,957,000 төгрөгийн эд хөрөнгө шатсан.  Иймд ПС ХХК-ийн гэрээний хохиролд  90,957,000 төгрөг, Д.А гэм хорын хохиролд 214,000,000 төгрөгөө нэхэмжилж шүүхэд хандсан гэжээ.

 

            Хариуцагч БК ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Прокурорын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 398 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 398 дугаартай тогтоол болон Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд манай байгууллага болон миний буруутай үйл ажиллагаанаас болж гал түймэр гараагүй, мөн гэм буруутай гэж тогтоогдоогүй гэж ойлгож байгаа учраас нэхэмжлэгч нарын 305 027 000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Манай компанийн хувьд үйлдвэрт хэрэглэгдэж байсан 8 дамжлага бүхий тоног төхөөрөмж, бараа материал бүгд галд өртөж шатсан тул би ч хохирогч болсон. БК ХХК нь ПС ХХК-ийн байрыг түрээслэж, үйл ажиллагаа явуулж байсан нь үнэн.Тэгэхдээ галын дүгнэлт нь цахилгаан болон цахилгааны богино холболтоос гэж гарсан бөгөөд БК ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж гал гарсан гэх дүгнэлт гараагүй, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож иргэний шүүхэд хандах эрхтэй гэсэн. Манайх одоо болтол ПС ХХК-аас үлдсэн эд зүйлсээ авч чадаагүй, зарим нь алга болсон байна. БК ХХК-д үнэлгээгээр 85,129,500 төгрөгийн хохирол учирсан байгаа. Надаас хохирол гэж нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. ПС ХХКгал гарахаас 1 сарын өмнө цахилгаанаа янзлуулсан бөгөөд манай компанийн шитнээс 2 давхарынхаа тогыг авдаг байхад нь утсаа авахыг шаарддаг байсан боловч цахилгааны утсаа авдаггүй байсан. Би цагдаад энэ байдлаас болж гал гарсан гэж удаа дараа мэдүүлэг өгсөн. Би сард 3.000.000 төгрөгөөр түрээслэж үйл ажиллагаа явлуулж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл хийсэн ажилгүй, үлдсэн тоног төхөөрөмжөө авч чадахгүй, ажлаа үргэлжлүүлж, үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Нэхэмжлэгч над руу дайрч, тоног төхөөрөмж нь ПС ХХК-ийх байсан гэж худлаа ярьж байна.Тоног төхөөрөмж бол нэхэмжлэгч компанийн хөрөнгө биш, манай компанийн хөрөнгө байсан. “Би ПС” ХХК шиг хүний хөрөнгүүдийг хүртэл худлаа ярьж, үнэлүүлээгүй бөгөөд манайх том эд зүйлсүүдээ л үнэлүүлсэн. Би ч гэсэн хохирогч болоод байхад миний үлдсэн эд зүйлсүүдийг өгөхгүй байгааг гайхаж байна гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гал гарсантай холбоотой эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч Д.А бүхий л нөхцөл байдлыг шалгуулсан байдаг. Тэр нь дээр БК ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас учирсан гэдэг баримт байхгүй. Шинжээчийн дүгнэлт байдаг гээд байгаа боловч цахилгааны улмаас үүссэн гал гэсэн байдаг. 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 649 тоот прокурорын тогтоол байдаг. Энэ дээр авагдсан нотлох  баримтаар галын аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөнөөс буюу түүний болгоомжгүй үйлдлээс гал гарсан нь тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэснээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шинжээч нар бүхий л нөхцөл байдлыг шалгасан. Нэхэмжлэгч нар өмнөх шүүх хуралдаан дээр байнга л шийт ярьдаг байсан. Одоо цахилгааны утас ярьдаг болчихоод байна. Тэгэхээр шүүх гэдэг байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулах гээд байгаа юм уу гэж ойлгоод байна. Шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг бүхий этгээд тогтоодог. Одоо 736 м.кв түрээсэлсэн гэдэг. Гэтэл зөвхөн агуулах л тэр чигтээ шатсан. Хоёр удаагийн шүүх хурал дээр тэрийгээ 400 м.кв шатсан гээд үлдэх 300 м.кв-аа хэрхэн үнэлсэн талаар тайлбарлаж чадахгүй байсан. Одоо болохоор 736 м.кв шатсан гэж мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулах бүх л нөхцөл байдлаар түрээслэх нь түрээслэгчийн үүрэг байх. Д.А, В.Хатанбаатар нарын дүү нар эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө Д.Агийн нөхөр дотоод монтажийг гүйцэтгэж байсан гэдэг. Хэргийн нөхцөл байдалд БК ХХК-ийн буруутай үйл ажиллагаа нотлогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-ээр гэм хор үүссэн гэж шаардаад байх шиг байгаа юм. Хэрэгт авагдсан баримтаар БК ХХК нь гэм буруутай болох нь тогтоогдохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Ань шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Я.Ань тус шүүх хуралд заавал оролцох шаардлагагүй гэж үзэж дараах тайлбарыг хүргүүлж байна. 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 4455 дугаартай шүүгчийн захирамж гарч ПС ХХК, “Сан мери” ХХК-ийн захирал Д.Ад түүхий эд, бараа материал зөөх, эд хөрөнгө авч гарах үйлдэл хийхгүй байхыг даалгасан боловч энэхүү хэрэгт гэрчээр оролцож байгаа Доржгочоо нь бас бус хүмүүстэй нийлж,  Д.Агийн заавраар өдөр шөнөөр зөөн борлуулж, их хэмжээний хохирол учруулж байгаа үйлдэл эрүүгийн хэрэгтэй хамт шалгагдаж байгаа. Иймд Доржгочоо нь Д.Агийн хамаатан, хамсаатан учраас  анхааралдаа авч, мөн гэрчээр оролцуулж байгаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь бүгд хамаатан садангууд тул энэхүү хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч БК ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл дээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч БК ХХК нь хариуцагч ПС ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 986 м.кв газар, №11 агуулахын 40,6 м.кв, №12 үйлдвэрийн 63 м.кв, №13 үйлдвэрийн 132 м.кв нийт 235,6 м.кв талбай бүхий ажлын байрыг сарын 3,000,000 төгрөгөөр түрээслэхээр түрээсийн гэрээг ПС ХХК-ийн захирал гэж байсан Д.Атай байгуулсан. Түрээсийн гэрээг байгуулах үед нэхэмжлэгч БК ХХК-ийн санхүүгийн бүртгэлд шаардлагатай байсан түрээслүүлэгч буюу хариуцагч ПС ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой баримтыг гаргаж өгөх хүсэлтийг тавьсан боловч Д.А нь шалтаг хэлээд хуулбарлаж өгөөгүй болно. Гэтэл түрээсийн гэрээг байгуулах цаг хугацаанд хариуцагч ПС ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу захирал Ж.Бямбажав байсан байхад Д.А нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч компанийг төлөөлөх эрхгүй этгээд атлаа түрээсийн гэрээ байгуулснаас гадна гэрээ байгуулах цаг хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, захиран зарцуулах эрхгүй этгээд байсан байх тул 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Мөн нэхэмжлэгч БК ХХК-ийн түрээслэж байсан Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 986 м.кв газар, №11 агуулахын 40,6 м.кв, №12 үйлдвэрийн 63 м.кв, №13 үйлдвэрийн 132 м.кв нийт 235,6 м.кв талбай бүхий ажлын байранд зэргэлдээ агуулах буюу ПС ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг агуулахаас 2014 оны 11 дүгээр сарын 26-аас 27-д шилжих шөнө гал гарч нэхэмжлэгч БК ХХК-ийн эзэмшлийн үйлдвэр, тоног төхөөрөмж, эд зүйл шатаж 85,159,000 төгрөгийг хохирол учирсан нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогддог. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс гал гарсан нөхцөл байдлыг тогтоохоор эрүүгийн хэрэг үүсгэн, гал гарсан байдал, шалтгаан нөхцлийг бүхий л талаас нь шалгаж 2005 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 398 тоот тогтоолоор: ПС ХХКболон БК ХХК нарын албан тушаалтнууд нь галын аюулгүй байдлын тухай хуулийн дагуу Галаас урьдчилан сэргийлэх зорилгоор цахилгааны холболт, үйл ажиллагаа явагдах үед галаас урьдчилан сэргийлэх талаар зохих үйл ажиллагаа явуулж байсан ч гал гарсан нөхцлийн урьдчилан мэдэх  боломжтой байсан эсэх, мөн галыг альваа зорилгоор санаатайгаар тавьсан гэх баримтууд тус бүр тогтоогдоогүй үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл ПС ХХКболон  БК ХХК-ийн хэн нэгний буруутай үйл ажиллагааны улмаас гал гарсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгч БК ХХК нь галд шатсан тоног төхөөрөмж, эд зүйлийн үнэ болох 85,159,000 төгрөгийн хохирлыг хариуцагч ПС ХХК-аас нэхэмжлэх боломжгүй болж байгаа юм. Харин нэхэмжлэгч БК ХХК-ийн галд шатаж өртөөгүй 95,452,000 төгрөгийн үнэлгээ бүхий 45 нэр төрлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд зүйлийг хариуцагч ПС ХХКболон хариуцагч Д.А нараас буцааж өгөхийг шаардаж байгаа боловч өнөөдрийг хүртэл манай компанид өгөхгүй байгаа болно. Иймд хариуцагч ПС ХХКболон хариуцагч Д.А нараас БК ХХК-ийн эзэмшлийн 95,452,000 төгрөгийн үнэ бүхий 45 нэр төрлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд зүйлийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргаж 45 нэр төрлийн 95,000,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг нэхэмжилж байгаа. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэгт: талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 4.4-т “түрээслэгч өөрийн бараа бүтээгдэхүүн түүний бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажиллана” гэж заасан. Мөн 5.4-т “түрээслэгч өөрийн барааны хадгалалт хамгаалалт болон бүрэн бүтэн байдлыг хариуцна гэж заасан. Гэрээгээр бол манайх хариуцахгүй гэсэн гэрээний зохицуулалттай. Байгаа зүйлийг нь зөвшөөрч байгаа. Гэхдээ  гэрээгээр бид хариуцахгүй гэж заасан байгаа. 45 нэр төрлийн эд зүйлийг “Баялаг коллект”  ХХК болон ПС ХХКнь тусдаа хашаатай, тусдаа манаачтай, тусдаа үйл ажиллагаа явуулж байсан. Гал гарсны дараа энэ компани нь байгаа зүйлээ ачиж яваад, байхгүй зарим зүйлээ орхиод явсан байдаг. Орхиж явсан эд зүйл нь хашаанд овор хэмжээ ихтэй ачиж явах боломжгүй 4-5 нэр төрлийн зүйлүүд байсан. Тэр шар сэндвичэн байшингийн түлхүүр болон эзэмшил нь БК ХХК-д байсан. Шүүхэд үзлэг хийх хүсэлт гаргаад энэ нэр төрлийн эд зүйлийг үзүүлсэн. Эндээс байгаа зүйлс нь хашаанд бол харагдаж байсан зүйлийг бид зөвшөөрч байсан. Шар сэндвичэн байшинд бол бид нар юу байгааг мэдэх боломжгүй, үзлэгээр тэнд байсан зүйл тогтоогдсон. Тэгэхээр байшинд хадгалаастай байгаа эд зүйлийг нэхэмжлэгч талаас нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Энийг яагаад хариуцагч талд өгөөгүй байсан гэхээр энэ бол эрүүгийн хэргээр шалгагдаж байсан. Эрүүгийн хэргийн нотлох баримт эд зүйлс байсан учраас энийг хөдөлгөх боломжгүй, хөдөлгөхгүй гэсний үндсэн дээрээс хүлээлгэж өгөөгүй. Хариуцагч тал хогоо цэвэрлээд ,том юмнуудаа үлдээгээд явахдаа ийм ийм зүйл үлдээгээд явлаа гэсэн баримт бичиг хүлээлгэж, акт үйлдээгүй. Шүүхийн журмаар үзлэг хийсэн. Үзлэгээр байсан зүйлийг хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй. Байхгүй байгаа зүйлийг бид нар хариуцах боломжгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

          ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч ПС ХХКнь хариуцагч БК ХХК-д холбогдуулан 90,957,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Д.А нь хариуцагч БК ХХК-д холбогдуулан 214,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч БК ХХК нь нэхэмжлэгч ПС ХХКболон Д.А нарт холбогдуулан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 95,452,000 төгрөгийн үнэ бүхий 45 нэр төрлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд зүйлийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

            Энэ хэрэгт биед даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон Я.Ань шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох шаардлагагүй гэсэн тайлбарыг гаргасан байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно /3хх-55 тал/.

            Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ПС ХХКнь анх  хариуцагч БК ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 305,027,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад иргэн Д.А хамтран нэхэмжлэгчээр оролцсон.

 

Нэхэмжлэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэхэмжлэгч Д.А нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн хувьд гэм хорын хохиролд 214.070.000 төгрөгийг, нэхэмжлэгч ПС ХХКнь гэрээний үүргээ зөрчсөний улмаас эд хөрөнгөнд учирсан хохиролд 90,957,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Нэхэмжлэгч ПС ХХКболон хариуцагч БК ХХК-ийн компанийн хооронд 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, “Санмери” ХХК-ийн эзэмшлийн 986 метр квадрат газар,  Д.Агийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн хэсэг буюу №11 агуулахын 40,6 метр квадрат, №12 үйлдвэрийн 63 метр квадрат, №13 үйлдвэрийн 132 метр квадрат нийт 235,6 метр квадрат ажлын байрыг БК ХХК-д 1 жилийн хугацаатай түрээслүүлж, сар бүрийн төлбөрт 3,000,000 төгрөгийг БК ХХК нь төлж байхаар талууд тохиролцон,  улмаар түрээсийн зүйлийг түрээслэгч БК ХХК нь хүлээн авч, тухайн ажлын байранд үйл ажиллагаа явуулж байсан тухай үйл баримтад талууд маргахгүй байна.

 

Харин хариуцагч БК ХХК нь нэхэмжллэгч нарын дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргаж байх ба үндэслэлээ... манай байгууллага болон миний буруутай үйл ажиллагаанаас болж гал түймэр гараагүй бөгөөд тухайн гал гарсанд гэм буруутай гэх байдал тогтоогдоогүй.. гэх агуулгаар тайлбарлаж, талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 95,452,000 төгрөгийн үнэ бүхий 45 нэр төрлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд зүйлийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган мэтгэлцжээ.

 

Талуудын хооронд маргаан бүхий түрээсийн гэрээ байгуулагдах үед буюу 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч ПС ХХК-ийн захирлаар Ж.Бямбажав нь ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх боловч Ж.Бямбажав нь шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ...түрээсийн гэрээг би байгуулаагүй, Д.А захирал байгуулсан... гэж мэдүүлсэн байхаас гадна Д.А нь 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ПС ХХК-ийг 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулах тухай хүсэлт гаргасны дагуу 2011 оны 12 дугаар  сарын 07-ны өдөр улсын бүртгэлд хуулийн этгээдээр бүртгэгдэн, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байх тул тус компанийн ганц хувьцаа эзэмшигч нь Д.А байна.

 

Иймд тус компанийн гүйцэтгэх захирлаар Ж.Бямбажавыг ажиллуулсан нь цорын ганц хувьцаа эзэмшигч Д.Агийн тухайн компанийг төлөөлөх эрхийг үгүйсгэх нөхцөл болохгүйгээс гадна ПС ХХКнь Д.Аг тус компанийн ерөнхий  захирлаар ажиллаж байсныг хүлээн зөвшөөрч, тус компанийг төлөөлөн хариуцагч талтай түрээсийн гэрээ байгуулсан талаар  маргахгүй байна.

 

Дээрх үндэслэлээр Д.Аг ПС ХХК-ийг төлөөлөн БК ХХК-тай түрээсийн гэрээг байгуулсныг буруутгах үндэслэлгүй тул хариуцагч талын гаргасан “2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзлээ.   

 

            Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд байгуулагдсан  түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дүгээр зүйлд заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд, гэрээг бичгээр байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар гэрээний хугацаанд буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө түрээсийн байранд гал гарч нэхэмжлэгч Д.Агийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд 214,070,000 төгрөгийн, нэхэмжлэгч ПС ХХК-ийн эд хөрөнгөнд 90,957,000 төгрөгийн, хариуцагч БК ХХК-ийн эд хөрөнгөнд 85,159,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлан болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Цагдаагийн байгууллагаас тухайн гал гарсан асуудлыг шалгахаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Баянгол дүүргийн Прокурор газрын прокурорын 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 398 дугаар тогтоолоор мөрдөн байцаалтын явцад ...”ПС” ХХК болон БК ХХК-ийн албан тушаалтнууд нь галын аюулгүй байдлын тухай хуулийн дагуу галаас урьдчилан сэргийлэх зорилгоор цахилгааны холболт, үйл ажиллагаа явагдах үед галаас урьдчилан сэргийлэх талаар зохих ажиллагаа явуулж байсан ч гал гарсан нөхцөлийг урьдчилан мэдэх боломжтой байсан эсэх, галыг аливаа зорилгоор санаатай тавьсан гэх баримтууд тогтоогдохгүй, Эрүүгийн хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж дүгнэн 2014260006363 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /1 дүгээр хавтас 7 дах тал/  

Мөн гал гарсантай холбоотой хийгдсэн Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт шинжилгээний төвийн шинжээчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 9/62 дугаар дүгнэлт /1 дүгээр хавтас 16-18 дах тал/-ийн 2, 3-т Гал түймэр нь угсралт болон техникийн гэмтлээс (богино холболт, хэт ачаалал шилжилтийн эсэргүүцэл г.м) үүдэлтэй гарсан, ...тухай гал зуухнаас болж гарсан гэх үндэслэлгүй байна. 4-т Шатсан агуулахын дам нурууны нүүсжилтийг тодорхойлоход ПС ХХК-ийн 380 вольтийн тэжээлийн кабелийн цахилгаан монтажийн зураг дээрх В буюу 1-р зурагт харуулсан тухайн хэсгээс эхлэн гарч улмаар тархан дэлгэрсэн гэж шинжээчийн бүрэлдэхүүн үзэж байна. 5-д Тухай гал түймэр нь хүний хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн гэх үндэслэлгүй болно гэж, Геологийн төв лабораторийн цахилгааны утсанд хийсэн рентген бүтцийн чанарын шинжилгээ /2 дугаар хавтас 12-17 дах тал/-ээр 1.380 вольтын шийднээс авсан хөнгөнцагаан утас гэх дээжинд хөнгөнцагааны А1 2.Баялаг коллектын агуулахын шийдний автомат гэх дээжид Хөнгөнцагаан бөмбөлөгт: хөнгөнцагаан А1, цайр Zn, цайрын исэл ZnO. Зэс утсанд: цэвэр зэс Cu, зэсийн исэл Cu2O, цайр Zn, цайрын исэл ZnO зэрэг илэрсэн гэж, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 39/2921 дугаар дүгнэлт /2 дугаар хавтас 96 дугаар тал/-ийн 1-д гал түймэр гарсан шалтгаан нь: Цахилгааны богино холболтын улмаас уг гал гарсан байх магадлал өндөр байна. 2.Галын голомт агуулахын голын хананы хэсгээс үүсч урагшаа чиглэлтэй шатсан байна. улмаар гал унтраах үед салхины чиглэлд өөрчлөлт орж салхи тогтворгүй байсан болно. 3.Гарсан гал нь хүний хүчний зүйлийн үйлчлэлээр үүсэн эсэх /шүдэнз, асаагуур лаа/ зэрэг зүйлээс үүсэлтэй эсэх нь тогтоогдохгүй байна. 4.Хүний хүчин зүйлийн үүсгэгдээгүй ба гэрэл цахилгаан /шил, төөнүүр/ зэрэг зүйлээс үүссэн байх магадлал өндөр байна. 5.Шинжилгээнд ач холбогдол бүхий өөр нөхцөл илрээгүй болно. Нэмэлт хариулт: Хэргийн газрын үзлэгээс үзэхэд цахилгааны нөлөөнөөс гар гарсан байх үндэслэлтэй байна гэх дүгнэлт тус тус гарсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.

 

Хэдийгээр дээрх баримтуудаар хариуцагч БК ХХК-ийн хууль бус, санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр тухайн гал гарч, нэхэмжлэгч нарын эд хөрөнгөнд хохирол учирсан гэх байдал тогтоогдоогүй боловч тухайн гал гарах үед нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон эд зүйл нь түрээсийн гэрээний дагуу хариуцагч БК ХХК-ийн эзэмшил ашиглалтанд байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд, гэрч нарын мэдүүлэг, зохигчийн тайлбараар тогтоогддог.

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 5.5-д “Түрээслэгч нь ажлын байрны ашиглалтын байдалд ямагт анхаарч санаачлага гарган ажиллах ба эд хөрөнгөд ариг гамтай, эвдрэл гэмтэлгүй эзэмшин, гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд өөрийн үйл ажиллагаатай холбогдон гарах хохирлыг бие даан хариуцна” гэж тохиролцсон ба энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч  ПС ХХКнь хариуцагч БК ХХК-аас гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг шаардах эрхтэй байна.

 

Тиймээс хариуцагч нь түрээсийн зүйлийг түрээсийн гэрээний дагуу эзэмшиж, ашиглахдаа гэрээний 5.5-д зааснаар ... гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байсан бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас тухайн гал гарч нэхэмжлэгч нарын эд хөрөнгөнд хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч БК ХХК нь түрээсийн гэрээний хугацаанд түрээсийн зүйлийн  бүрэн бүтэн байдал болон гал,ус,цахилгааны аюулгүй байдлыг ханган ажиллах үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч ПС ХХК-д 90,957,000 төгрөгний хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт, шинжээч, гэрч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.

 

Иймд хариуцагч БК ХХК-иас 90,957,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ПС ХХК-д олгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.А нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 382, 382/1, 382/2, 384, 384/1, 384/2 тоот хаягт байршилтай 2016 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2205017735 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байх бөгөөд өөрийн өмчлөлийн зүйлийг бусдад түрээслүүлэх зөвшөөрлийг ПС ХХК-д олгосны дагуу тус үл хөдлөх хөрөнгийн хэсэг болох №11 агуулахын 40,6 метр квадрат, №12 үйлдвэрийн 63 метр квадрат, №13 үйлдвэрийн 132 метр квадрат нийт 235,6 метр квадрат ажлын байрыг БК ХХК-д 1 жилийн хугацаатайаар түрээслүүлсэн ба энэхүү түрээсийн гэрээний хугацаанд түүний өмчлөлийн зүйл шатаж 214,070,000 төгрөгний хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлан болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх ба уг үнэлгээнд талууд маргахгүй байна.

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/03269 дугаар шийдвэрээр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 382, 382/1, 382/2, 384, 384/1, 384/2 тоот хаягт байршилтай 2016 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй байсан БНХАУ-ын иргэн Зао Гүйпинд ногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр Я.Алтанчимэг, хүү А.Чингүүн, охин А.Гүнжлхам нарыг тогтоосон хэрэгт авагдсан байх боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь эд хөрөнгөнд учирсан хохирлоо шаардахад хамтран өмчлөгчөөс зөвшөөрөл авах шаардлагагүй тул Д.А нь хохирлоо арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээхээр зохицуулсан байна.

 Иймд хариуцагч БК ХХК нь нэхэмжлэгч ПС ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч Д.Агийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд 214,070,000 төгрөгийг хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.А нь түрээсийн гэрээний тал биш байх тул гэрээний улмаас учирсан хохирол шаардах эрхгүй ба харин гэм хорын хохиролд 214,070,000 төгрөгийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Иймд хариуцагч БК ХХК-аас 214,070,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч БК ХХК нь нэхэмжлэгч нарт холбогдуулан 95,452,000 төгрөгийн үнэ бүхий 45 нэр төрлийн үйлдвэрийн тоног, төхөөрөмж, эд зүйлийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүхээс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэхэмжлэгч ПС ХХК-ийн хашаанд үзлэг хийхэд сөрөг нэхэмжлэлд дурдагсан 45 нэр төрлийн тоног төхөөрөмж болон эд зүйлээс 26 нэр төрлиин эд зүйл, тоног төхөөрөмж буюу 1 тонны хэмжээтэй цэнхэр өнгөтэй ёнкось-2 ширхэг /1 ёнкось дотор монгол гэрийн унь, хана, хаалга, тооно байсан/, лааз преслэгч машин-1 ширхэг, 20 тоннын пүү-1 ширхэг, лааз преслэгч машины мотор-1 ширхэг, 1 тоннын угаагч ёнкось-2 ширхэг, 1 тоннын жижиг пүү-1 ширхэг, 2,5:2,5 орчим хэмжээтэй хашааны хавтан-2 ширхэг, өндрөөрөө 1 м орчим, уртаараа 4-5 м орчим хэмжээтэй нимгэн төмөр-2 ширхэг, улбар сар өнгөтэй сендвичэн байшин-1 ширхэг, том зуух-1 ширхэг, хэрчигч машины хутга-7 ширхэг, кабель утас-1 боодол, түрдэг төмөр тэрэг- 1 ширхэг, хашааны модон шон-10 ширхэг, 30 квт-ын мотор-2 ширхэг, 15 квт-ын мотор-3 ширхэг, 8 квт-ын мотор-2 ширхэг, 30 квт-ын мотор-4 ширхэг, шуудайны ам боодог мяндсан утас-8 ширхэг, дрилл/ точилтойгоо/-1 ширхэг, машины дугуй-10 ширхэг, компьютерийн ширээ-1 ширхэг, шүүгээ-1 ширхэг, хивсэн дрож 8 мкв-1 ширхэг, угаалтуур-1 ширхэг, усны сав-2 ширхэг байсан болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үзлэгээр бэхжүүлэн авсан буюу тус хашаанд байгаа дээрх 26 нэр төрөл бүхий эд зүйл, тоног төхөөрөмжийг хариуцагчид хүлээлгэн өгөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ...хариуцагч БК ХХК нь тухайн эд зүйлээ манай компанид хүлээлгэж өгөөгүй, бид хадгалах, хамгаалах үүрэг хүлээгээгүй гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

           

Сөрөг нэхэмжлэлд дурдагдсан 45 нэр төрлийн эд зүйлс, тоног төхөөрөмжөөс  үзлэгээр бэхжүүлсэн авсан 26 нэр төрөл бүхий эд зүйл, тоног төхөөрөмжөөс бусад нь нэхэмжлэгч нарын эзэмшилд байсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх үзлэгээр тогтоосон хэмжээний буюу 26 нэр төрлийн эд зүйл тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч нараас гаргуулан, хариуцагчид олгохоор шийдвэрлэж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хувиарласан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн 26 нэр төрөл бүхий эд зүйл, тоног төхөөрөмжийн үнийг сөрөг нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн үнэлгээний тайлангаас тооцоход 32,740,000 төгрөг байх тул уг үнээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн болохыг дурдав.     

                       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Баялаг коллект” ХХ-иас 90,957,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ПС ХХК-д, 214,070,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад тус тус олгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ПС ХХК болон Д.А нараас 1 тонны хэмжээтэй цэнхэр өнгөтэй ёнкось-2 ширхэг /1 ёнкось дотор монгол гэрийн унь, хана, хаалга, тооно байсан/, лааз преслэгч машин-1 ширхэг, 20 тоннын пүү-1 ширхэг, лааз преслэгч машины мотор-1 ширхэг, 1 тоннын угаагч ёнкось-2 ширхэг, 1 тоннын жижиг пүү-1 ширхэг, 2,5:2,5 орчим хэмжээтэй хашааны хавтан-2 ширхэг, өндрөөрөө 1 м орчим, уртаараа 4-5 м орчим хэмжээтэй нимгэн төмөр-2 ширхэг, улбар сар өнгөтэй сендвичэн байшин-1 ширхэг, том зуух-1 ширхэг, хэрчигч машины хутга-7 ширхэг, кабель утас-1 боодол, түрдэг төмөр тэрэг- 1 ширхэг, хашааны модон шон-10 ширхэг, 30 квт-ын мотор-2 ширхэг, 15 квт-ын мотор-3 ширхэг, 8 квт-ын мотор-2 ширхэг, 30 квт-ын мотор-4 ширхэг, шуудайны ам боодог мяндсан утас-8 ширхэг, дрилл/ точилтойгоо/-1 ширхэг, машины дугуй-10 ширхэг, компьютерийн ширээ-1 ширхэг, шүүгээ1 ширхэг, хивсэн дрож 8 мкв-1 ширхэг, угаалтуур-1 ширхэг, усны сав-2 ширхэг /үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан 26 нэр төрөл/ зэргийг гаргуулан, хариуцагч БК ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 19 нэр төрлийн эд зүйл гаргуулах болон  түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,683,085 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 635,210 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БК ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,683,085 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ПС ХХК-д, нэхэмжлэгч ПС ХХКболон Д.Алтантуяа нараас улсын тэмдэгтийн хураамжинд 321,650 төгрөгийг гаргуулж хариуцагч БК ХХК-д тус тус олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                            

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ                             Х.ЭНХЗАЯА

           

                                         ШҮҮГЧ                                     Ч.БАТЧИМЭГ

 

                                                                                          Н.ХАНГАЛ