| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 185/2019/0367/Э |
| Дугаар | 183 |
| Огноо | 2020-02-06 |
| Зүйл хэсэг | 253.1., |
| Улсын яллагч | Т.Жавхлантөгс |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 183
2020 2 6 2020/ДШМ/183
А.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Жавхлантөгс,
хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбаяр,
шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ч.Содончимэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 835 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч Ч.Содончимэг, Д.Энхтунгалаг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.Б-д холбогдох 1708029651106 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол овгийн А.Б, 19.. оны 8 дугаар сарын 30-ны өдөр Булган аймагт төрсөн, ....... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ......... мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ................. захирлаар ажиллаж байсан, ам бүл ........... тоотод оршин суух бүртгэлтэй боловч................ тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД....................../;
А.Б- нь 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхад намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан” гэх утгатай нэхэмжлэлийг гаргаж өгөхдөө хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий тус сургуулийн сурагчдын эцэг, эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл 5 хуудас, Улсын бүртгэлд бүртгэлгүй Жинпи ХХК-ийн зарлагын баримт зэрэг нотлох баримтуудыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Б-ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Б-ыг иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 12.250.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, А.Б- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгч А.Ууганбаярын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Б-д оногдуулсан 12.250.000 төгрөгийн торгуулийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Б- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдэж, А.Б-д авсан Сонгинохайрхан дүүрэг дэх Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн захирлын албан үүрэг биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Б- болон түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ч.Содончимэг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг хэт яллах талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн сурагчдын эцэг, эхийн зөвлөлийн хурал болсон гэдгийг эцэг, эх нарын төлөөлөл бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр оролцсон гэрч Д.Сод-Эрдэнэ, Ж.Очиртулга, Б.Баяраа, П.Туяа, Б.Отгонцэцэг нар нь гэрчилдэг. Хэдийгээр гарын үсэг нь тохирдоггүй боловч эцэг, эхийн хурал удаа дараа болж, энэхүү хуралдаанаар багш нарт Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас олгогдсон зөөврийн компьютерт бэлдсэн хичээлийг хүүхдүүдэд хүргэх хялбар арга зам нь анги бүрт телевизор авч, тухайн телевизорыг HDMI залгуураар зөөврийн компьютерт залгаж бэлдсэн хичээлийг хүүхдүүдэд дуу дүрстэйгээр хүргэх хамгийн энгийн арга гэдгийг тайлбарласан байдаг. Сургуулийн зүгээс гаргасан саналыг бага ангийн эцэг, эх нар зөвшөөрч одоо Нийслэлийн өмчийн газарт бүртгэлтэй 14 ширхэг зурагтыг авах ажиллагаа явагдсан байдаг. Хэдийгээр эцэг, эхийн хурлын тэмдэглэл нь хуурамч гэж байгаа боловч эцэг, эхийн зөвлөл хуралдсан, бодит амьдрал дээр эцэг, эх нар цугларсан, зурагт авах талаар хэлэлцсэн гэдгийг хэн ч үгүйсгээгүй байна. Тэгэхээр хэлбэр нь хуурамч мэт боловч агуулга нь бодит болохоор гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзэж болохоор байна. 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас өмчийг бүртгэх тушаал ирснээр 9 дүгээр сургуулийн 14 ширхэг зурагт, өсгөгч, дефүзер зэрэг эд зүйлийг улсын өмч болгон бүртгүүлсэн байдаг. Мөн А.Б- нь тухайн үед сургуулийн захирлын албан тушаал дээр байсан бөгөөд эцэг, эхийн зөвлөлийн хурал дээр байнга суух боломжгүй тул дээрх баримтыг хуурамч эсэхийг мэдсэн байх боломжгүй юм.
Иргэний шүүхэд нотлох баримтаа гаргаж өгсөн “Жимпи” ХХК нь зарлагын баримтыг тухайн үед хэн, аль нь “Жимпи” ХХК хэмээн уншиж тайлбарлаад байсан боловч уг 14 ширхэг зурагтыг зарсан компанийн жинхэнэ нэр “...“Жинли” ХХК нь байсан юм байна лээ” гэж А.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлдэг. Эрүүгийн хэрэг үүсээд уг баримтыг хуурамч гэхээр нь А.Б- нь энэхүү компанийн жинхэнэ нэршлийг олохоор Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хандсанаар 2019 оны 1 сарын 16-нд А.Б-д өгсөн хариу мэдэгдэх хуудаст “Жинли” ХХК нь оноосон нэрээ “Жиньди” ХХК болгон өөрчилж, 2005 оны Улсын бүртгэлд бүртгүүлсэн байна гэсэн лавлагааг өгсөн байдаг бөгөөд энэ үеэс эхлэн А.Б- нь дээрх компанийн нэр нь “Жимпи биш Жинли юм байна” хэмээн мөрдөн байцаагчид “энэ зөрүүтэй нотлох баримтыг нэг мөр болгоод өгөөч тамга, тэмдгийг нь шалгаад өгөөч” хэмээн удаа дараа хэлж ярьсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх эргэлзээ бүхий нотлох баримтыг шалгалгүйгээр Улсын бүртгэлд бүртгэлгүй компанийн нэрээр хуурамч нотлох баримт гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Одоо ч дээрх нэрээ өөрчилсөн компани нь Хятад худалдааны төвд байдаг бөгөөд дээрх компаниас асууж тодруулалгүйгээр хэргийг шийдэж байгаа нь хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна. Мөн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ДШМ/683 дугаартай магадлалд зааснаар мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн хохирогчийг зөв тогтоосны үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахыг анхааруулсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх нь дээрх алдааг засалгүйгээр хохирогчийг Нийслэлийн боловсролын газрын хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ууганбаярыг гэж үзсэн нь учир дутагдалтай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогч нь Нийслэлийн боловсролын газар биш гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж байна. Урьд, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг талын хариуцагчаар нь Нийслэлийн боловсролын газар оролцож байсан боловч эрүүгийн 170802965 дугаартай хэргийн хохирогчоор оролцох нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Хэдийгээр дээрх баримтуудыг А.Б- үйлдсэн гэж хангалттай нотлогддоггүй боловч хэрвээ үйлдсэн хэмээн үзсэн тохиолдолд хор уршиг учирсан асуудал байхгүй учир гэмт хэрэг биш гэж үзэж байна. А.Б- болон түүний өмгөөлөгч нарын зүгээс А.Б-ыг дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан хэмээн үзэж хэрэгсэхгүй болгох боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй хэмээн заасан байдаг. Өмгөөлөгч нарын зүгээс өөрийн үйлчлүүлэгч А.Б-ын үйлдлийг дээрх хуулийн заалтад нийцэхээр байна хэмээн дүгнэж байгаа тул давж заалдах шатны шүүхээс бидний үйлчлүүлэгч А.Б-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч А.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний шүүхийн шийдвэр миний талд гарсаны дараа надад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Нийслэлийн боловсролын газрын ажилтан Ууганбаяр гэх хүн “илт хуурамч баримт гэдгийг мэдсээр байж ач холбогдол бүхий эцэг, эхийн зөвлөлийн хурлын протоколыг шүүхэд өгсөн” гэх хардлагын шинжтэй гомдол өгсөн. Цагдаа дээр ч уг хардлагыг үргэлжлүүлсэн, сүүлд нь Сонгинохайрхан дүүрэг дээр гурван мөрдөн байцаагч, хоёр прокурор дамжсан. Харьяаллын дагуу Сүхбаатар дүүрэг рүү шилжүүлэхэд мөн хоёр прокурор, хоёр мөрдөн байцаагч дамжиж явсан хэрэг. ...” гэв.
Шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Б.Содончимэг тус шүүх хуралдаанд “...Нэмж хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Д.Энхтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс 9 дүгээр сургуулийн сурагчдын эцэг, эхийн зөвлөгөөний тэмдэглэл болох 5 хуудас баримтыг Батжаргал хуурамчаар үйлдсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт “Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогчид, арбитрын ажиллагааны талууд, түүнчлэн шүүгч, арбитрч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн...” гэж яллах дүгнэлт үйлдсэн. Хуурамч бичиг баримт үйлдсэн гэдэг нь хавтас хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогддоггүй. Уг баримтыг хуурамч гэдгийг Батжаргал мэдээгүй. Эцэг, эхийн зөвлөл хуралдсан уу, хуралдсан. Уг тэмдэглэлд гарын үсэг зурсан таван хүн миний гарын үсэг биш гэдэг боловч зөвлөгөөнөөр эцэг, эхчүүд 14 зурагтыг авах боломжтой байсан эсэх талаар хэлэлцээд 14 зурагтыг авсан ажиллагаа явагдсан байдаг. Хэдийгээр хурлын тэмдэглэл хуурамч гэж байгаа боловч эцэг, эхийн хурал үнэхээр болсон байдаг. Нийслэлийн өмчийн харилцааны газрын бүртгэлд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэгдсэн. Агуулга нь бодит байсан тул гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзэж байна. Иргэний шүүхэд нотлох баримтаа гаргаж өгсөн “Жимпи” ХХК нь зарлагын баримтыг тухайн үед хэн, аль нь “Жимпи” ХХК хэмээн уншиж тайлбарлаад байсан боловч уг 14 ширхэг зурагтыг зарсан компанийн жинхэнэ нэр “...“Жинли” ХХК нь байсан юм байна лээ” гэж А.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлдэг. Эрүүгийн хэрэг үүсээд уг баримтыг хуурамч гэхээр нь А.Б- нь энэхүү компанийн жинхэнэ нэршлийг олохоор Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хандсанаар 2019 оны 1 дүгээр сарын 16-нд А.Б-д өгсөн хариу мэдэгдэх хуудаст “Жинли” ХХК нь оноосон нэрээ “Жиньди” ХХК болгон өөрчилж, 2005 оны Улсын бүртгэлд бүртгүүлсэн байна гэсэн лавлагааг өгсөн байдаг бөгөөд энэ үеэс эхлэн А.Б- нь дээрх компанийн нэр нь “Жимпи биш Жинли юм байна” хэмээн мөрдөн байцаагчид “энэ зөрүүтэй нотлох баримтыг нэг мөр болгоод өгөөч тамга, тэмдгийг нь шалгаад өгөөч” хэмээн удаа дараа хэлж ярьсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх эргэлзээ бүхий нотлох баримтыг шалгалгүйгээр Улсын бүртгэлд бүртгэлгүй компанийн нэрээр хуурамч нотлох баримт гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Одоо ч дээрх нэрээ өөрчилсөн компани нь Хятад худалдааны төвд байдаг бөгөөд дээрх компаниас асууж тодруулалгүйгээр хэргийг шийдэж байгаа нь хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна. ...” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралд 2 удаа оролцсон. 5 хуудас материал нь яагаад хуурамч болсон гэдгийг гэрч нар болон 9 дүгээр сургуулийн холбогдох хүмүүс гэрчийн мэдүүлэг өгсөн, анхан шатны шүүх хуралдаанаар нэлээн дэлгэрэнгүй хэлэлцэж, талуудыг оролцуулж мэтгэлцээний зарчмаар явуулсан. Эхний шүүх хуралдаанаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж буруу шийтгэх тогтоол гаргасан. Үүнийг прокуророос эсэргүүцэж эсэргүүцэл бичиж шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулсан. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар А.Б-д торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн. 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх, 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх тал дээр хохирогчийн өмгөөлөгчийн хувьд санал хэлэх шаардлагагүй байсан. Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ууганбаяр уг эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. ...” гэв.
Прокурор Т.Жавхлантөгс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотлогдвол зохих байдлууд хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх гэсэн хуулийн шаардлагыг хангаж гарсан шийдвэр юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэдэг нь хуульд заасан өөр ойлголт юм. Энэ нь А.Б-ын үйлдэл дээр яригдахгүй. Урьд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг талын хариуцагчаар нь Нийслэлийн боловсролын газар оролцож байсан боловч эрүүгийн 170802965 дугаартай хэргийн хохирогчоор оролцсон нь хуульд нийцэхгүй байна гэсэнд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн эсэх асуудлыг шүүх шийдвэрлэх бөгөөд эдгээр баримтыг үндэслэн ажилд эргүүлэн тогтоосон эсэх асуудал нь иргэний журмаар шийдвэрлэгдэх маргаан юм. Өөрөөр хэлбэл А.Б-ын үйлдсэн хэрэг нь шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг бөгөөд дээрх хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлүүлж А.Ууганбаярыг тогтоосон нь үндэслэлгүй гэж шүүх зөв дүгнэсэн. Анхан шатны шүүх зурагт худалдаж авсан тухай Жимпи компанийн баримт бичгийг дахин шалгуулах хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй тухай дүгнэхдээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Цагаанхүүхэний мэдүүлэг, гэрч Цагаанхүүхэн, гэрч Бадамцэцэг нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, гэрч Цэрэнхандын мэдүүлэг, Оюуны өмчийн улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 12/525 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудаар няцаагддаг. Эцэг, эхийн зөвлөлийн хурал 2-оос 3 удаа болсон. Мөрдөн байцаалтын шатанд 1500 хүнийг төлөөлөн эцэг, эхийн зөвлөлийн хуралд оролцож гарын үсэг зурсан 40 хүнийг бүгдийг нь гэрчээр асуухгүйгээр, 5 хүнийг гэрчээр асуусан нь учир дутагдалтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй гэснийг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж няцаасан байдаг. Тодруулбал иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж өгөхдөө хавсаргасан баримтууд нь гэрч Сайнцэцэг, Болормаа нарын мэдүүлэг, гэрч Сайнцэцэг, Болормаа нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, гэрч Уранбилэг нарын мэдүүлэг зэргээр хуралдаан болоогүй, тэмдэглэл хөтлөөгүй бөгөөд түүнийг шүүгдэгч А.Б-ын хэлснээр нөхөж бичсэн нь нотлогдон тогтоогдсон байдаг. Шийтгэх тогтоол дээр маш тодорхой дүгнэж бичсэн. Өмнөх давж заалдах шатны шүүх хуралдаан дээр эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Шүүгдэгчийн хэлээд байгаа шиг үндэслэл яригдаагүй. Тухайн үеийн Засгийн газрын тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөг байсан. Иймд 12.240.000 төгрөг байх байсан. Техникийн шинжтэй алдаа гарсан учраас уг хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг уншихад “агуулга нь үнэн, хурал болсон нь үнэн, гаргаж өгсөн нотлох баримт нь хуурамч” гэж байна. Уг нотлох баримтыг хуурамч гэж л прокурор яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл шүүгдэгч А.Б- болон түүний өмгөөлөгч нар ийм байдлаар давж заалдах гомдол гаргаад байгаа нь учир дутагдалтай байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан аль үндэслэлээр нь гомдол гаргаад байгаа эсэх нь харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гээд байна уу, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гээд байна уу, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гээд байна уу, энэ талаар гомдолд нь тайлбар бичих гэхээр ойлгомжгүй байсан. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч Ч.Содончимэг, Д.Энхтунгалаг нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
А.Б- нь 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхад намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан” гэх утгатай нэхэмжлэлийг гаргаж өгөхдөө хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий тус сургуулийн сурагчдын эцэг, эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл 5 хуудас, Улсын бүртгэлд бүртгэлгүй “Жинпи” ХХК-ний зарлагын баримт зэрэг нотлох баримтуудыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
гэрч Б.Уранбилэгийн “...Би тухайн үед Нийслэлийн дотоод аудитын газрын аудитороор ажиллаж байсан. 9 дүгээр сургуульд иргэдээс гомдол ирсэн гээд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн удирдамжийн дагуу санхүүгийн холбогдолтой шалгалтыг хариуцан хийсэн. Уг шалгалтаар 2016-2017 оны хичээлийн жилд эцэг, эхчүүдээс бэлэн мөнгө 9.380.000 төгрөгийг төрийн санд байршуулаагүй зөрчил илэрсэн. Сургуулийн нягтлан бодогчоос зурагт худалдаж авсан баримтыг нэхэхэд гаргаж ирээгүй ба зурагт худалдаж авсан баримтыг Нийслэлийн аудитын газар руу явуулсан гэхээр нь маргааш нь уг баримтыг шалгахад зөвхөн зарлагын баримт байсан. Зарлагын баримт буюу зурагт худалдаж авсан баримт нь эцэг, эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэлтэй хамт байх ёстой. ...хурлын тэмдэглэлийн баримт байгаагүй” /1 хх 36/,
гэрч Б.Баяраагийн “...2015-2016 оны хичээлийн жилд манай хүүхэд 9 дүгээр сургуулийн 5-р ангид сурч байсан. Би тухайн үед эцэг эхийн зөвлөлийн дарга байсан. ...Сургуулийн зүгээс зурагт ав гэж санаачилсан. Сургуулиас ангиа зурагттай болгоно гэж байна гэхээр нь ангийн хурлаар ярилцаад протокол хөтлөөд мөнгө өгнө гэж эцэг эхчүүд зөвшөөрч гарын үсэг зурсан. Тэгээд нэг хүүхдийн 7600 төгрөг хурааж, багш нь авсан. Эцэг эхийн зөвлөлөөс санаачилж хурал хийж тэмдэглэл үйлдээгүй, гарын үсэг зурж байгаагүй. Би ганцхан янзаар гарын үсгээ зурдаг. Зүгээр л Баяраа гэж бичдэг. Таталж гарын үсгээ зурдаггүй...” /1 хх 45-46/,
гэрч Б.Отгонцэцэгийн “...2015-2016 оны хичээлийн жилд манай охин 2а ангид сурч байсан. 2015-2016 онд эцэг эхээс хандив авч 14 ширхэг зурагт авсан гэдгийг одоо л сонсож байна. Би 9-р сургуульд очиж байгаагүй бөгөөд эцэг эхийн зөвлөлд байдаггүй. Эцэг эхийн хуралд манай нөхөр Дамдинхүү суудаг байсан. 2015 оны 10, 11 дүгээр сард эцэг эхийн зөвлөлийн хурал хийж тэмдэглэл үйлдэж гарын үсгээ зурж байгаагүй. Би гарын үсгээ нэг янзаар бичдэг...” /1 хх 49/,
гэрч Н.Орхонсэлэнгийн “...2015-2016 оны хичээлийн жилд манай хүүхэд 2-р ангид суралцаж байсан. Сургуульд зурагт авч өгсөн талаар анх удаа сонсож байна. Би эцэг эхийн зөвлөлд 2015-2016 онд байгаагүй. Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурж байгаагүй. Хүүхдийнхээ эцэг эхийн хуралд бараг очдоггүй. Хөдөө Архангай аймаг руу голдуу явдаг. Намайг Ж.Орхонсэлэнгэ гэдэггүй, Намсрайн Орхонсэлэнгэ гэдэг” /1 хх 50/,
гэрч Г.Болормаагийн “...Би 9 дүгээр сургуульд 2015-2016 оны хичээлийн жилд бага ангийн сургалтын менежерээр ажиллаж байсан. 2016 оны 1 дүгээр сард захирал А.Б- 12 ширхэг зурагт авсан байсан. Уг зурагтыг нь багш нарт тарааж өгсөн. Зурагт хаанаас авсан талаар мэдэхгүй байна. Нярвын өрөөнөөс зурагтыг зөөж авчраад ангид суурилуулсан. А.Б- захирал “баримтын шалгалт ирэх гэж байна“ гээд гар бичмэл бичсэн зүйлийг албан ёсны болго гээд өгсөн. Би эцэг эхийн төлөөллийн гарын үсгийг зураагүй, гар бичмэл болон нэрсийг нь компьютер бичээд гар бичмэлтэй хамт тэмдэглэлээ буцааж өгсөн. Сайнцэцэг надад хурлын 2 тэмдэглэл өгөөгүй. Би хуралд суугаагүй байхад намайг байсан гэж тэмдэглэлд бичсэн байсан” /1 хх 63-64/,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд А.Б-аас гаргаж өгсөн материалын хуулбарууд /1 хх 171-206/, мөн шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 1688 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2351 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 416 дугаартай тогтоолын хуулбарууд /1 хх 211-219, 222-230, 233-238/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 1196 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Зарлагын баримт” гэсэн баримтын зүүн доод хэсэгт байх шинжилж буй тэмдгийн дардас мэт зүйл нь олон удаа ашиглах зориулалттай бар ашиглан үйлдэгдсэн тэмдгийн дардас байна. Дээрх шинжилж буй тэмдгийн дардас нь харьцуулах загвараар ирүүлсэн тэмдгийн дардсаар дарагдсан байна” гэсэн дүгнэлт болон зургийн үзүүлэлтүүд /1 хх 72-76/,
мөн шинжээчийн 919 дугаар “Улсын дээд шүүхэд хадгалагдаж буй 182/2017/01358/и гэсэн дугаартай Иргэний хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн “Зарлагын баримт”-ын баруун доод хэсэгт байх шинжилж буй тэмдгийн дардас нь олон удаа ашиглагдах зориулалттай бар ашиглан үйлдсэн тэмдэгний дардас байна” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд /1 хх 78-80/,
мөн шинжээчийн 749 дүгээр “Улсын дээд шүүхэд хадгалагдаж буй 182/2017/01358/и дугаартай хавтаст хэргийн “6-8” хүртэл дугаарлагдсан талд авагдсан АШС-ийн эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”, “СХД-ийн 9 дүгээр бүрэн дунд сургуулийн АШС-ын эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2” гэсэн баримтуудын 2 дахь хуудсанд байх шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд тэнцэнэ.
Улсын дээд шүүхэд хадгалагдаж буй 182/2017/01358/и дугаартай Иргэний хавтаст хэрэгт авагдсан АШС-ийн эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”, “СХД-ийн 9 дүгээр бүрэн дунд сургуулийн АШС-ийн эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2” гэсэн баримтуудын 2 дахь хуудасны “Очиртулга” гэсний урд талд байх шинжилж буй гарын үсгүүд нь Очиртулгын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй.
Улсын дээд шүүхэд хадгалагдаж буй 182/2017/01358/и дугаартай Иргэний хавтаст хэрэгт авагдсан АШС-ийн эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”, “СХД-ийн 9 дүгээр бүрэн дунд сургуулийн АШС-ийн эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2” гэсэн баримтуудын 2 дахь хуудасны “Туяа” гэсний урд талд байх шинжилж буй гарын үсгүүд нь Туяагийн гэх гарын үсгийн загваруудтай бүтцээрээ тохирохгүй.
Улсын дээд шүүхэд хадгалагдаж буй 182/2017/01358/и дугаартай Иргэний хавтаст хэрэгт авагдсан АШС-ийн эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”, “СХД-ийн 9 дүгээр бүрэн дунд сургуулийн АШС-ийн эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2” гэсэн баримтуудын 2 дахь хуудасны “Сод-Эрдэнэ” гэсний урд талд байх шинжилж буй гарын үсгүүд нь Сод-Эрдэнийн гэх гарын үсгийн загваруудтай бүтцээрээ тохирохгүй.
Улсын дээд шүүхэд хадгалагдаж буй 182/2017/01358/и дугаартай Иргэний хавтаст хэрэгт авагдсан АШС-ийн эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”, “СХД-ийн 9 дүгээр бүрэн дунд сургуулийн АШС-ийн эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2” гэсэн баримтуудын 2 дахь хуудасны “Баяраа” гэсний урд талд байх шинжилж буй гарын үсгүүд нь Баяраагийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй.
Улсын дээд шүүхэд хадгалагдаж буй 182/2017/01358/и дугаартай Иргэний хавтаст хэрэгт авагдсан АШС-ийн эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”, “СХД-ийн 9 дүгээр бүрэн дунд сургуулийн АШС-ийн эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2” гэсэн баримтуудын 2 дахь хуудасны “Отгонцэцэг” гэсний урд талд байх шинжилж буй гарын үсгүүд нь Отгонцэцэгийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд /1 хх 83, 86-126/,
мөн шинжээчийн 5365 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн Амгалансайхан ХХК-ийн зарлагын баримтын нөхөх хэсэгт бичсэн шинжилж буй бичиг нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Цагаанхүүхэний гэх бичгийн хэвийн загваруудтай тохирч байна.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын архивт хадгалагдаж буй “Жимпи” ХХК-ний баримтын нөхөх хэсгүүдэд бичсэн шинжилж буй бичгүүд нь дармал, харьцуулах загвараар А.Б-, Г.Болормаа, Б.Сайнцэцэг нарын дармал бичгийн хэвийн загваруудыг ирүүлээгүй тул адилтгалын шинжилгээ хийх боломжгүй.
“Жимпи” ХХК-ийн баримтын доод хэсэгт “А.Б-” гэсний урд зурсан шинжилж буй гарын үсэг болон “А.Б-” гэсэн бичиг нь харьцуулах загвараар ирүүлсэн А.Б-ын гэх гарын үсэг, бичгийн хэвийн загваруудтай тохирч байна.
“Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №1”-ийн доод хэсэгт Б.Сайнцэцэг гэсний урд болон “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3-ын 2-р хуудасны дунд хэсэгт Б.Сайнцэцэг гэсний урд тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.Сайнцэцэгийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна.
“Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2”-ын 2-р хуудасны доод хэсэгт О.Очиртулга гэсний урд болон “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”-ын 2-р хуудсанд “Очиртулга” урд тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүдийг нэг хүн зураагүй.
“Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2-ын 2-р хуудасны доод хэсэгт “Б.Отгонцэцэг” гэсний урд болон “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”-ын 2-р хуудсанд “Отгонцэцэг” гэсний урд тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүдийг нэг хүн зураагүй.
“Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2-ын 2-р хуудасны доод хэсэгт “Т.Сод-Эрдэнэ” гэсний урд болон “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”-ын 2-р хуудсанд “Сод-Эрдэнэ” гэсний урд тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүдийг нэг хүн зураагүй.
“Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2-ын 2-р хуудасны доод хэсэгт “Туяа” гэсний урд болон “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”-ын 2-р хуудсанд “Туяа” гэсний урд тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүдийг нэг хүн зураагүй.
“Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2-ын 2-р хуудасны доод хэсэгт “Баяраа” гэсний урд болон “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”-ын 2-р хуудсанд “Баяраа” гэсний урд тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүдийг нэг хүн зураагүй.
“Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2-ын 2-р хуудасны доод хэсэгт “О.Очиртулга”, “Б.Отгонцэцэг”, “Т.Сод-Эрдэнэ”, “Туяа”, “Баяраа”, “Ж.Орхонсэлэнгэ” гэсний урд болон “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”-ын 2-р хуудсанд “Очиртулга, Отгонцэцэг, Сод-Эрдэнэ, Туяа, Баяраа” гэсний урд тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүдтэй харьцуулуулахаар О.Очиртулга, Б.Отгонцэцэг, Т.Сод-Эрдэнэ, Туяа, Баяраа, Ж.Орхонсэлэнгэ нарын гарын үсэг, бичгийн хэвийн загваруудыг ирүүлээгүй байх тул адилтгалын шинжилгээ хийх боломжгүй гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд /2 хх 95-100, 101-131/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн А.Б-ыг иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт “... хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ”, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж, хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.Б-ын үйлдлийг шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Мөн шүүгдэгч А.Б-ыг тухайн зүйл хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох шийтгэл оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хор хохирол, шүүгдэгчийн хувийн байдалд тохирчээ.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч Ч.Содончимэг, Д.Энхтунгалаг нарын хамтран гаргасан “гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан тул хэрэгсэхгүй болгох, Жинли ХХК-ийн улсын бүртгэлийг шалгалгүйгээр улсын бүртгэлгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, учирсан хор уршиг байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч А.Б-д ял шийтгэхдээ тооцооллын алдаа гаргасныг зөвтгөх нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох ял шийтгэсэн атлаа 12.250.000 төгрөг гэж буруу дүгнэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/835 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 4 дэх заалтын “...12.250.000 ...” гэснийг “...12.240.000 ...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч Ч.Содончимэг, Д.Энхтунгалаг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Б.ЗОРИГ