Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 46

 

Д.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00668/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 315 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-, Р.Э- нарт холбогдох

          “Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, 13 дугаар гудамж, 5 тоот амины орон сууцыг чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг

          Хариуцагч Б.Б-, Р.Э-, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Ц-оос:

Би Дархан-Уул аймаг, Дархан сум 14-р багт өөрийн эзэмшлийн газартаа 2 айлын орон сууцны барилга барьсан. Өвөл болж байсан учраас яаралтай гадна талын пасатны засварын ажлыг дуусгахын тулд 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Нет капитал” ББСБ-аас 20.000.000 төгрөгийг сарын 3,0 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай зээлж авсан. Хүү болон сарын төлөлт нь өндөр байсан учраас яаралтай авсан зээлээ төлж барагдуулахын тулд нэг айлынх нь амины орон сууцыг зарахаар “Дархан зууч” ХХК-д зар өгсний дагуу 2015 оны 10 дугаар сард Б.Б- түүний эхнэр Р.Э- нар надтай холбогдож орон сууцыг үзэж 130.000.000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Төлбөрийн нөхцөлийг хариуцагч нарын санал болгосноор мал, гүний худаг, өвөлжөө, мотоцикл оролцуулаад нийт 117.100.000 төгрөгөөр тооцож, үлдэгдэл 12.900.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сард надад бүрэн төлж дуусгахаар тохиролцож орон сууцаа түлхүүрийн хамт хүлээлгэн өгсөн.

Анх уулзахаар ирэхэд нь хугацаандаа төлж чадахгүй хүнд байдалтай байгаа учраас амины орон сууцаа та нарын хэлсэн нөхцөлөөр зарж байгаа тул 2015 оны 11 дүгээр сардаа багтаагаад үлдэгдэл 12.900.000 төгрөгөө төлж дуусгаарай гэж хэлсэн. Б.Б- нь тариа будааны мөнгө ороод ирэхээр мөнгөө өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл мөнгөө огт төлөхгүй байна. Мөн 25.000.000 төгрөгт тооцож авсан гүний худаг нь очиж үзэхэд ус гардаггүй, мотор нь ажилладаггүй, ямар ч бичиг баримтгүй байсан. Энэ тухай нь хэлж доголдлыг арилгахыг шаардаж өнөөдрийг хүртэл хүлээсэн боловч огт арга хэмжээ аваагүй тул миний өмчлөлийн амины орон сууцнаас хариуцагч Б.Б-, Р.Э- нарыг албадан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б-аас:

Бид 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 168 м.кв талбайтай дотоод засал хийгдээгүй байрны төлбөр болох 130.000.000 төгрөгийн 90 хувь буюу 117.100.000 төгрөгийг солилцоогоор төлсөн. Д.Ц- байрны гадна талын ажлуудыг гүйцээн хийх, бид үлдэгдэл 12.900.000 төгрөгийг бэлнээр төлөх, дотоод засварын ажлыг өөрсдөө хийхээр тохиролцсон. Түлхүүрийг хүлээж авснаас хойш жилийн хугацаанд бид засвар хийж чадаагүй. Байрны дотор талд цахилгааны утас, цэвэр бохир усны болон дулааны шугамууд шалан доогуур явсан байсныг аюулгүй байдлаа хангах үүднээс цэвэр усны, дулааны хоолойнуудыг шинээр худалдан авч, хана дагуулан хийж, шаардлага хангахгүй 7 радиаторыг шинээр сольсон, 2 ванны өрөөнд уур, чийг, бохирын үнэр гадагшлуулах хоолойнууд хийж, ванны өрөөнд шинээр ган хоолой худалдан авч холболтуудыг хийсэн ба давхар хоорондын бетоныг өрөмдөж нүхлэх, дээврээр хоолойг гадагш гаргах, хана тэгшлэх ажлуудыг хийсэн. Д.Ц- болон түүний эхнэр биднээс авсан мөнгөөр зөвхөн зээлээ төлөх тухай ярихаас биш гадна талын дутуу ажлуудыг хийх, бичиг баримтыг шилжүүлэн өгөх талаар огт дурсахгүй. Үлдэгдэл мөнгөндөө гадна төмөрлөгөө, пасатыг яаралтай хийхгүй бол бороо цасанд хөнгөн блок, улаан тоосго үйрдэг, бид барилгын материалыг зээлээд авчих боломжтой байна гэхэд үгүй гэсэн. Харин тэд өвөл боллоо малын өвс тэжээл, хадлан авмаар байна мөнгө хэрэгтэй байна гэхэд бид боломжоороо 2.000.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийн дизель түлш зээлээд өгье гээд 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөг авсан. Өвөл болох дөхөөд машины орох, гарах гарцгүй, граж хаалга байхгүй байна гэж анх удаа бид тохиролцооны дагуу шаардлага тавихад “гадна талын хэсэг” гэдэгт гражийн хаалга орохгүй, танайх хийх ёстой гэж шууд хэлсэн. Бид машин орох түр гарц хийж гражийн хаалга захиалгаар хийлгэхэд 1.500.000 төгрөг суурилуулах ажлын хөлс, тээврийн зардалд 500.000 төгрөг нийт 2.000.000 төгрөг төлсөн гэжээ.

Хариуцагч Р.Э-аас:

Уг байрыг манайд зарах үед амины орон сууц 8 хувийн зээлд хамрагддаггүй, үл хөдлөх хөрөнгө огт зарагдахгүй, барилга зогсонги, эдийн засаг хямралтай байсан үе. Тэд мал авсан өдрөөсөө эхлээд нядалж эхэлсэн. Солилцоо хийснээс жилийн дараа Д.Ц-ын ажилладаг ХААН банк амины орон сууцыг 8 хувийн зээлд хамруулж болохоор болсон тухай яриад зээл авахад тусална гэсэн. Гэсэн ч бидний сарын орлого хүрэлцээгүй. Манай гэр бүл байрны 90 хувийг төлчихсөн, дотоод заслын ажилд 35.000.000 төгрөг зарцуулсныг үл тоон Д.Ц- болон түүний эхнэр байрныхаа заслыг хийлгэчхээд шүүхэд өгч байрнаас гаргах, дараа нь засвар хийсэн байрыг маань банкинд ажилладаг давуу талаа ашиглан амины орон сууцны 8 хувийн зээлд хамруулан зарах боломжтой гэж тооцсон. Тиймээс шүүхэд үлдэгдэл 10.000.000 төгрөгийг төлүүлэх бус, байрнаас албадан гаргуулах талаар нэхэмжлэл гаргаснаас харахад тодорхой байна. Солилцоо хийсэн талуудын нэг тал хэтэрхий давуу эрхтэйгээр шаардсан, адил тэгш биш байгаа учраас нэхэмжлэлийг бид хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч Д.Ц- тайлбартаа:

2015 оны 10 дугаар сард Д.Б-тай хувийн 168 м.кв орон сууцыг мал, өвөлжөө, худаг оролцуулан наймаа хийсэн. Орон сууцаа 130.000.000 төгрөгөөр бодож арилжаа хийсэн. Үлдэгдэл 14.400.000 төгрөгийг Б.Б- 2015 оны 11 дүгээр сард багтаан будааны мөнгө орж ирэхээр төлье гэж тохирсон. Тухайн үед мал хүлээж авахдаа малыг тоолж хүлээж авсан, худгийн тухайд бол өвөлжөөндөө буугаагүй байсан болохоор худгийн носос, шланк, моторыг хурааж авсан зөвхөн цооног нүх л байсан. Хариуцагч Д.Б- өөрөө тайлбарлахдаа худгаас бүх малаа усалдаг, ундны усаа авдаг, ойр хавийн айлууд малаа ундаалдаг гэж ярьсан. 2015 оны 11 дүгээр сард өвөлжөөндөө буугаад худгаа ажиллуулах гэсэн боловч носос шланк нь эвдэрсэн байсан. Би дараа нь дизель мотор тавьж үзсэн. Д.Б-д худаг болохгүй байна гэдэг хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сараас хойш тавиад худгаа янзалж өгөхийг шаардсан боловч, сүүлдээ өөрөө янзлуулахаар шийдээд 2018 оны 02 дугаар сард сумын удирдлагуудтай уулзахад тийм боломжгүй гэсэн. Тухайн үед эдгээр зүйлсийг хариуцагч Д.Б-ы өмч гэж төөрөгдөж авсан тул одоо нэхэмжлэлийн шаардлага нь өвөлжөө, худгийн үнэ 25.000.000 төгрөг, үлдэгдэл төлбөр 12.400.000 төгрөг нийт 37.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б-, Р.Э-, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар нар тайлбартаа:

Тухайн үед аман хэлцлээр хоёр талаас хүсэл зоригоо илэрхийлээд арилжаагаар эд хөрөнгө солилцсон. Нийт арилжааны үнийн дүн болох 130.000.000 төгрөгөөс 117.000.000 төгрөг буюу 90 хувьтай тэнцэх эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн байдаг. Өвөлжөөний гэрчилгээг өөр дээрээ гаргасан, мөн худгийг адил хэрэглээд явж байна. Одоо бол эдэлж хэрэглээд эзэмшээд явж байгаад гэнэт 25.000.000 төгрөг нэхэмжлээд байна. Худгаас одоо ч хүн малгүй ундаалж байна. Анх байрыг хүлээж авахад 11 зүйлийг дутуу хийсэн, тэр засварыг хийж гүйцэтгэсний дараа үлдэгдэл 12.400.000 төгрөгийг шилжүүлж байраа нэр дээр нь шилжүүлж өгнө гэж тохирсон байхад одоо хүртэл байр нэхэмжлэгч Д.Ц-ын нэр дээр байна. Үлдэгдэл 12.400.000 төгрөгт юу хийж гүйцэтгэх талаар анхнаасаа талууд харилцан ярьж тохирсон байдаг. Зарим засварын ажлыг яаралтай хийхгүй болохоор Д.Б- өөрөө хийсэн байдаг. Сүүлд 2.000.000 төгрөгийг Д.Ц-од бэлнээр өгсөн. Д.Б- 12.000.000 төгрөгөөс хасаж тооцоод байна. Худаг, өвөлжөөний асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 315 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3, 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар Д.Ц-, Б.Б-, Р.Э- нарын хооронд хийгдсэн хэлцлийн зарим хэсэг болох өвөлжөө, гүний худгийг нийт 25.000.000 төгрөгөөр тооцсон хэсгийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч Б.Б-, Р.Э- нараас нийт 37.400.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-од олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 344.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 70.200 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод, хариуцагч нараас 415.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Б-, Р.Э- нар давж заалдсан гомдолдоо:

Бидний хооронд худалдах, худалдан авах гэрээ 2015 оны 10 дугаар сарын 22-нд хийгдэж Б.Б- Д.Ц-оос 168 м.кв дутуу баригдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй амины орон сууцны барилгыг 130.000.000 төгрөгт бодож худалдан авахдаа үхэр 92 ширхэг, хонь 270 ширхэг, ямаа 187 ширхэг нийт 549 толгой мал, модоор барьж тохижуулсан хашаатай өвөлжөөгөө 117.100.000 төгрөгт тооцож, устсан худгийн ором бүхий газрын 78 метр гүн өрөмдүүлэн ус гаргуулах сэргээн тоноглоход 9.200.000 төгрөг зарцуулсан, эзэмших эрхтэй худгийн хамт 117.100.000 төгрөгт бодож хүлээлгэн өгсөн. Бидний хооронд 10.000.000 төгрөгийн тооцоо үлдсэн. Би нэхэмжлэгч Д.Ц-од уг худгийг сэргээн босгоход зарцуулсан хөрөнгөө тооцож, эзэмших эрхээ шилжүүлсэн. Гэтэл шүүх уг худгийг ажиллагаатай болгоход миний оруулсан хөрөнгийн заримыг нотолсон баримт байсаар байхад шүүх бүхэлд нь үл ойшоон худгийг худалдсан мэтэд үзэж намайг худаг худалдах эрхгүй гэж шийдвэрийн үндэслэх хэсэгт тэмдэглэсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч Д.Ц-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “Шүүгчийн захирамж гаргасан” нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 116 дугаар заалтуудыг бүхэлд нь зөрчсөн байна. Мөн хэргийг хянан шийдвэрлэхдээ талууд анх орон сууцыг худалдан авах аман хэлцэл хийхдээ нэхэмжлэгч Д.Ц- нь гадна талбайг цементлэх, гражын хаалга хийх зэрэг 11 төрлийн дутуу ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээж, үүнийг хийж гүйцэтгэсний дараа Б.Б- үлдэгдэл 12.400.000 төгрөгийг бэлнээр төлөх үүргийг тус тус хүлээсэн боловч нэхэмжлэгч Д.Ц- хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үлдэгдэл 12.400.000 төгрөгийг төлөөгүй гэж хариуцагч талаас тайлбар хийсэн байхад уг мөнгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Энэ мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг урьдчилан өгсөн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Ц- хариуцагч Б.Б-, Р.Э- нарт холбогдуулан Дархан сумын 14 дүгээр баг 13 дугаар гудамж, 05 тоот амины орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч нартай хийсэн арилжааны хэлцлийн зарим хэсгийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болохыг тогтоолгож, түүний үнэ 25.000.000 төгрөг, гэрээний үлдэгдэл төлбөр 12.400.000 төгрөг нийт 37.400.000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч Б.Б-, Р.Э- нар амины орон сууцыг арилжаагаар худалдаж авсны 90 хувийг төлж барагдуулсан, үлдэгдэл төлбөр 10.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3, 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар талуудын хооронд хийгдсэн хэлцлийн зарим хэсэг болох өвөлжөө, гүний худгийг 25.000.000 төгрөгөөр тооцсон хэсгийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагчдаас 37.400.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд Монгол улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргах ёстой байхад шүүгчийн захирамж үйлдэж, баримт бичгийг хэргийн оролцогч нарт гардуулахдаа шүүхийн шийдвэр биш, шүүгчийн захирамж гардуулан өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар үйлийн 115.1-д “Анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлээд гаргасан баримт бичгийг шийдвэр гэнэ” ,116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж тус тус заасныг зөрчсөн нь хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл болж байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг судлан үзвэл шүүх өмнөх магадлалаар заасан зайлшгүй тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх нөхцөл байдлуудыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Хариуцагчдын итгэмжлэгдсэн  төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гаргуулах хүсэлтийг 2 удаа бичгээр гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааны шатанд хэргийн оролцогчдоос тодруулах боломжтой гэж дүгнээд хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон атлаа шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл энэ талаар тодруулах ямар нэгэн ажиллагаа хийлгүйгээр хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэж байна.

Иймд хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 315 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 344.950 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч Б.Б-, Р.Э- нарт олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        О.НАРАНГЭРЭЛ

                                                              ШҮҮГЧИД                                       С.ОЮУНЦЭЦЭГ                          

                                                                                                                      Л.АМАРСАНАА