Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 134

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа даргалж, Ерөнхий шүүгч Л.Энхтайван, шүүгч Б.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 дугаар баг, 2 дугаар хэсгийн 4 дүгээр байрны 05 тоотод оршин суух, Боржигон овогт Сүхбатын Сэлэнгэтуяа /МЮ-70060468/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 3 дугаар баг Цөх-д оршин суух, Алтанбулаг суманд галч ажилтай, Гөрөөчин овогт Ядамын Лхагвасүрэн /РЙ-74081617/-д холбогдох,

 

Гэм хор учруулсны хохирол 3.085.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Я.Лхагвасүрэнгийн С.Сэлэнгэтуяагаас 3.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнгөншагай, хариуцагч Я.Лхагвасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэхэмжлэгч: С.Сэлэнгэтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөр шилжих шөнө 24 цагийн орчим осол болсон. Шөнийн 24 цагаас өглөө үүрийн 5 цаг хүртэл Алтанбулаг сумын цагдаа 1, Сүхбаатар сумаас групп: үүнд цагдаагийн шинжээч 1, автын байцаагч 1, автын цагдаа 1, нийт 4 цагдаа ирж ослын газарт хэмжилт зураг авалт байцаалт зэргийг хийж бүхэл бүтэн 5 цаг зам дээр байх үед морины эзэн ирээгүй. Манай нөхөр хүү бид хэд нийлээд 7-уулаа байсан. Хөндлөнгийн 2 гэрч зогсоож мэдүүлэг авсан. Алтанбулаг сумын цагдаа болох Бүрнээгийн хамт манай нөхөр морины эзнийг хамт морио идээлүүлж байгаа гэх газар нь 2-3 удаа хайж очоод олоогүй. Энэ олоогүй учир нь Я.Лхагвасүрэн нь морио тэр шөнө идээлүүлж хоносон гэх нь худал гэдгийг нотолж байгаа нь тодорхой юмаа хэлж хамгийн бага торгууль болох 20.000 төгрөгөөр торголоо гэж хэлж торгосон нь багадсан учраас огт ойлгоогүй байна гэж үзэж байна. Надад үнэлгээний компаниас гаргасан хохирлын үнэлгээнээс гадна эрүүл мэнд, сэтгэл санаа, эд материал цаг хугацаа зардал мөнгө их гарсан гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хуульд заасны дагуу энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан байгаа, танил талаар хөөцөлдсөн зүйл огт байхгүй намайг чи машин барих эрхтэй юу гэж хүртэл хэлж байсан. Би В, С, Д ангилалтай 15 жил жолоо барьж байгаа жолоодох эрхтэй жолооч хүн 100 метр байтугай ойрын үзэгдэх орчны саад бартааг харж арга хэмжээ авах хэмжээний туршлага надад байгаа гэж бодож байна. Энэ морь нь зам дээр зогсож байгаагүй зам хөндлөн давхиад өнгөрч байсан морь аргамжаандаа татагдаж буцаж миний машин дээр унасан. Морь өндөр амьтан жижиг машины копудан дээр унах нь тодорхой. Миний машин болон би өөрөө жолоочийн хариуцлагын даатгалтай мал машин 2-ын ослын үед даатгалын компани ирж асуудлыг шийдэх хуулийн заалт байхгүй юм байна. Тийм учраас автын цагдаа нар ослын үед даатгал дууд гэж хэлээгүй гэж ойлгож байгаа.

Хуульд зааснаар өөрийнх нь буруу гэдгийг ойлгуулж 20.000 төгрөгөөр торгосон байхад ойлгохгүй намайг танил талаараа шийдсэн, хүнтэй уулзах гэж яарч явсан, эрхийн үнэмлэхгүй, даатгалгүй хурд хэтрүүлж явж морийг минь дайрч алсан гэх зэргээр гүтгэж ярьж байгаад маш их гомдолтой байна. Бас хав харанхуй шөнө энэ гэнэтийн ослын үед эмэгтэй хүн хурд багатай явж байснаар өөр ноцтой асуудал, эрүүл мэнд амь насанд аюул учирсангүй машин техникт нь их хэмжээний эвдрэл гэмтэл гарсангүй гэж огт болохгүй байгаад харамсаж байна. Морины эзэн морио тэр урт аргамжаагаар нь сайн бат бөх уяагүй хариулгагүй хашаагүй эзнийх нь буруугаас болсон.

Миний үнэлгээний компаниас гаргасан хохирлын мөнгө 3.085.000 төгрөгийг үнэн зөвөөр шийдэж морины эзэн болох Я.Лхагвасүрэнгээс гаргуулж өгөхийг хүсч байна! ... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнгөншагай шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Нэмэлт тайлбар байхгүй. Ээж С.Сэлэнгэтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Шөнийн 12 цаг өнгөрч байхад малаа хариулгагүй үлдээсэн нь хариуцагчийн буруу гэж үзэж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү! ... гэжээ.

Хариуцагч Я.Лхагвасүрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... 2017 оны 07 дугаар сарын 26-ны шөнө хурдан морио өвстэй газар идүүлж хонох зорилгоор гурвуулаа Алтанбулаг сумын Төгсгөө булаг гэх газарт аргамжиж хонож байтал гэнэт морьд юманд үргэгдэж аргамжаатай байсан морь тасарч Нямкагийн халтар азарга миний борлог морь аргамжаанаасаа алдарсан.

Араас нь Нямка, Билгүүн, Борхүү нар мордсон. Би хойноос нь тухайн үед мордох боломжгүй нуруу өвчтэй байсан бөгөөд тухайн хүмүүс удаад байхаар нь арга буюу хойноос нь мордсон боловч хайгаад олоогүй. Харин Нямка бургасны хаяанаас өөрийнхөө азаргыг оллоо гэхээр дахин тэр чигт явсан боловч хайгаад олоогүй.

Сэлэнгэтуяагийн буруутай үйлдлээс болж миний хурдан морь машинд дайрагдсаны улмаас үхсэн. Олон түмнийгээ баясгаж цэнгүүлж байсан олны бахархал болж байсан морь минь байхгүй болсонд миний бие туйлын ихээр харамсаж байна.Уг адууг Сүхбаатар аймгийн хурдан удамтай уяачаас авсан. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Харин сөрөг нэхэмжлэлийн тухайд бол миний дайруулсан морь хурдан удамтай морь байсан. Осол гарсны дараа өөрийн морио үнэлүүлэхэд суманд нэг удаа айрагдсан морь 3.500.000 төгрөгийн үнэлгээтэй гэж гарсан. Тийм учраас өөрийн морины үнэлгээ болох 3.500.000 төгрөгийг С.Сэлэнгэтуяагаас гаргуулахаар нэхэмжилсэн! ... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнгөншагай шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа:

...Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Я.Лхагвасүрэн намайг хурдтай явж байгаад морийг нь алсан мэтээр яриад байна. Машиныхаа урд хэсгээр мөргөсөн зүйл огт байхгүй. Морь замын хажуугаар гарсан мөртлөө буцаад миний машины копутан дээр л унасан. Хурд багатай явж байсан болохоор тормозны мөр гарахааргүй байсан. Я.Лхагвасүрэн нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж засмал замд хариулгагүй мал байлгаж осол гаргах нөхцөлийг бүрдүүлсэн болох нь Тээврийн цагдаагийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 558 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шөнийн 12 цаг өнгөрч байхад малаа хариулгагүй үлдээсэн нь хариуцагчийн буруу гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна! ... гэжээ.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 85 тоот шинжээчийн дүгнэлтэд:

...1. Зам тээврийн осол - зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал тул зам тээврийн осол мөн.

2. Жолооч С.Сэлэнгэтуяа нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. 3. Малчин Я.Лхагвасүрэн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.7 Суурин газрын гаднах засмал замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно. Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно. Малыг зам хөндлөн буюу гүүрээр аль болох түргэн бөөнөөр нь гаргах бөгөөд энэ үед ойртон ирж яваа тээврийн хэрэгсэл зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн.

3.Малчин Я.Лхагвасүрэн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.7 дахь заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гаргах нөхцөлийг бүрдүүлсэн... гэх,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 23 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.Жолооч Сүхбат овогтой Сэлэнгэтуяа нь 2017 оны 07 дугаар сарын 27-ноос шилжих шөнө 00:20 цагийн үөд Т/Приус-30 маркийн 9449 СБА улсын дугаартай авто машин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн дүрмийн заалт зөрчсөн байна

2.Малчин Ядам овогтой Лхагвасүрэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар бүлгийн 23.7-д Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байна.

3.Осол болсон гэх газраас 2.5 км зайд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт 1.22 "Мал тууж гарах газар гэсэн анхааруулах тэмдэг байгаа ба уг тэмдгийн үйлчлэх хүрээ суурингийн гадна замд уг тэмдэгнээс цааш 150-300 метр зайд тухайн газар байгааг анхааруулж байгаа болно.

4.Сэлэнгэ авто зам засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компаниас ирүүлсэн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 127 тоот албан бичигт 2 ширхэг тэмдэг 2010 оноос хойш тогтмол тоологдож ирсэн байх тул уг тэмдгийн үйлчлэх хүрээ дурдсан зайтай адил байна... гэх дүгнэлт ирүүлснийг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Тээврийн цагдаагийн газрыг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Тээврийн цагдаагийн газраас тус шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 558 тоот шинжээчийн дүгнэлтэд:

... 1.Тоуота Рrius 30 маркийн 9449 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Сүхбатын Сэлэнгэтуяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1. 9.4 заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна. Адуу харж байсан Я.Лхагвасүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.7 Суурин газрын гаднах засмал замаар малыг зорчих хэсгийн дагуу явахыг хориглоно. Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно... гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Тухайн хэрэг учрал болсон газарт мал тууж гарах газар анхааруулах тэмдэг байсан эсэх талаар 1-29 хүртэл дугаарласан хэргийн материалын зөрчил шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, схем зурагт тэмдэглэсэн зүйл байхгүй фото зургаар бэхжүүлээгүй байх тул замын тэмдэг байсан эсэхийг тогтоох боломжгүй. Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл илрээгүй болно... гэсэн байна.

 

Иргэний хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Сэлэнгэтуяа нь хариуцагч Я.Лхагвасүрэнд холбогдуулан Гэм хорын хохиролд 3.085.000 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Я.Лхагвасүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч , миний адууг дайрсны улмаас өөрт учирсан хохиролд адууны үнэ 3.500.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан ба зохигчид үнэлгээнд маргаагүй байна.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт Алтанбулаг Сүхбаатар чиглэлийн төв асфальтан зам дээр 2017 оны 07 дугаар сарын 27-ны 00 цаг 20 минутын үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 2 дугаар хэсэг 4 дүгээр байрны 05 тоотод оршин суух С.Сэлэнгэтуяа нь Toyato Prius 30 маркийн 9449 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн дүрмийн заалтыг, хариуцагч Я.Лхагвасүрэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар бүлгийн 23.7-д Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн болох нь Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 23 тоот шинжээчийн дүгнэлт, ослын газрын үзлэгийн хэмжилт хийсэн бүдүүвч зураг, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн чанартай бусад баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 85 тоот дүгнэлт, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 4 сарын 30-ны өдрийн 23 тоот дүгнэлт, Тээврийн цагдаагийн газрын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 558 тоот шинжээчийн дүгнэлтүүд нь хүчин төгөлдөр үйлчилж байх бөгөөд шүүх Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 23 тоот шинжээчийн дүгнэлтийг дээрх дүгнэлтүүд үгүйсгэж чадаагүй тул энэхүү дүгнэлтийг үндэслэн зохигчдын гэм буруугийн байдлыг тогтоон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т зааснаар зохигчдын гэм хорын хохирлын хэмжээг гэм хор учруулсан нөхцөл байдал гэм хор учруулагчийн гэм буруу хэр хэмжээг харгалзан үзэж тооцож, С.Сэлэнгэтуяагийн машины эвдрэлийг 2.980.000 төгрөг гэж үнэлсэн Хөрөнгө, Даатгалын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн Авто машин техникийн үнэлгээний тайланд тусгасан бодит зардлаар тооцож 2.550.000 төгрөг, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээ тогтоосон үнэ 105.000 төгрөг нийт 2.655.000 төгрөгийг хариуцагч С.Лхагвасүрэнгээс гаргуулан С.Сэлэнгэтуяад олгож, үлдэх шууд бус зардал болох будаг лак, сэв гаргах, будах ажлын хөлс, эд анги солих, тэнхлэг тохиргоо гэх мэт нийт 430.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Я.Лхагвасүрэнгийн морины үнийг Сумын иргэдийн хурлын тогтоолыг үндэслэн 3.500.000 төгрөгөөр тооцож С.Сэлэнгэтуяагаас гаргуулан Я.Лхагвасүрэнд тус тус олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Сэлэнгэтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64.310 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Лхагвасүрэнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн 2.655.000 төгрөгөнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 57.430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Я.Лхагвасүрэнгээс 2.655.000 төгрөг гаргуулан С.Сэлэнгэтуяад олгож, үлдэх 430.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, С.Сэлэнгэтуяагаас 3.500.000 төгрөг гаргуулан сөрөг нэхэмжлэгч Я.Лхагвасүрэнд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч С.Сэлэнгэтуяагийн 64.310 төгрөг, Я.Лхагвасүрэнгийн 71.000 төгрөгийг тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Лхагвасүрэнгээс 57.430 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, Сэлэнгэтуяагаас 71.000 төгрөг гаргуулж Я.Лхагвасүрэнд тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.СОЁЛМАА

ШҮҮГЧИД                    Л.ЭНХТАЙВАН

                        Б.МӨНХЗУЛ