Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 10

 

Р.Э-, Э.У-, Б.Б-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0384/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                     Б.Батсүх

Хохирогч                                      Г.Б-

Хохирогчийн өмгөөлөгч              Н.Баттунсаг

Шүүгдэгч                                      Б.Б-

Шүүгдэгч нарын өмгөөлөгч        И.Атарбямба, П.Батжаргал,

Нарийн бичгийн дарга                Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 422 дугаар шийтгэх тогтоолтой Р-гийн Э-, Э-ийн У-, Б-ын Б- нарт холбогдох, 201509000748 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Г.Б-, түүний өмгөөлөгч Н.Баттунсаг, шүүгдэгч Р.Э-, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

-Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, О- овогт Р-гийн Э-.

-Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт Э-ийн У-.

-Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай, Д- овогт Б-ын Б-.

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Р.Э- нь 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд “Дархан Ус суваг” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Дархан-Ус суваг” ХК-ийн кассын няраваар ажиллаж байсан Э.У-тай бүлэглэн байгууллагын бэлэн мөнгөний кассаас 50.456.162.82 төгрөгийг завшсан,

-мөн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд "Дархан-Ус суваг" ХК-ийн ерөнхий нягглан бодогчоор ажиллаж байсан Б.Б-, кассын нярваар ажиллаж байсан Э.У- нартай бүлэглэн байгууллагын бэлэн мөнгөний кассаас 94.740.999.50 төгрөгийг завшсан,

-мөн 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд “Дархан-Ус суваг” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа бэлэн мөнгөний кассаас 12.357.653 төгрөгийг завшиж, “Дархан-Ус суваг” ХК-нд нийт 157.554.815.32 төгрөгийн хохирол учруулсан,

-Шүүгдэгч Э.У- нь 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд “Дархан-Ус суваг” ХК-ийн кассын нярваар ажиллаж байхдаа “Дархан-Ус суваг” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Э-тай бүлэглэн тус байгууллагын бэлэн мөнгөний кассаас 50.456.162.82 төгрөгийг завшсан,

-мөн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “Дархан-Ус суваг” ХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Б-, “Дархан-Ус суваг” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Э- нартай бүлэглэн байгууллагын бэлэн мөнгөний кассаас 94.740.999.50 төгрөгийг завшсан,

-мөн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд “Дархан-Ус суваг” ХК-ийн кассын нярваар ажиллаж байхдаа байгууллагын бэлэн мөнгөний кассаас 3.829.114.85 төгрөгийг завшиж, “Дархан-Ус суваг” ХХ-нд нийт 149,026,277.17 төгрөгийн хохирол учруулсан,

-Шүүгдэгч Б.Б- нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “Дархан-Ус суваг” ХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа “Дархан-Ус суваг" ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Э-, Дархан-Ус суваг" ХК-ийн кассын нярав Э.У- нартай бүлэглэн тус байгууллагын бэлэн мөнгөний кассаас 94.740.999.50 төгрөгийг завшиж, “Дархан-Ус суваг” ХК-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 422 дугаар шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5.т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1., 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О- овогт Р-гийн Э-, Б- овогт Э-ийн У-, Д- овогт Б-ын Б- нарт холбогдох хэргээс Д- овогт Б-ын Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2.т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Р.Э-, Э.У- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1., 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Э.У-ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1.д зааснаар, Р.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1.т зааснаар тус тус зүйлчилж,

-Шүүгдэгч Э.У-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1.д заасан бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Р.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1.т заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2., 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.д зааснаар Э.У-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар Р.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1.т заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3., 7.3 дугаар зүйлийн 3.4.т хэсэгт зааснаар Р.Э-ийг тэнссэн хугацаанд орон нутгийн өмчийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагад удирдах албан тушаал эрхлэхийг хориглох хязгаарлалт тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Р.Э- нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар Э.У-аас 3.829.115 /гурван сая найман зуун хорин есөн мянга нэг зуун арван тав/ төгрөгийг гаргуулж “Дархан-Ус суваг” ХК-нд олгож, хохирогчийн 16.405.761 /арван зургаан сая дөрвөн зуун таван мянга долоон зуун жаран нэг/ төгрөгийн нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож, 127.833.605 /нэг зуун хорин долоон сая найман зуун гучин гурван мянга зургаан зуун тав/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2., 3.т зааснаар Э.У-, Р.Э- нараас тус бүр 5.660.000 /таван сая зургаан зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж, “Пийк ом аудит” ХХК-нд 7.560.000 /долоон сая таван зуун жаран мянга/ төгрөгийг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд 3.760.000 /гурван сая долоон зуун жаран мянга/ төгрөгийг тус тус олгож,

-Шүүгдэгч Р.Э-, Э.У-, Б.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн хавтастай “Кассны бэлнээр орсон орлого, зарлагын дэвтэр 1” гэх хаягтай дэвтэр, ягаан өнгийн хавтастай “Кассны бэлнээр орсон орлого, зарлагын дэвтэр 2” гэх хаягтай дэвтэр, бор өнгийн хавтастай 'Кассын орлого зарлагын баримт 3” гэх хаягтай гараар үдсэн баримт, Э.У-ын өөрөө нааж дугаарласан санхүүгийн 86 ширхэг баримт зэргийг хэрэгт хавсаргаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Р.Э-т авсан Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Р.Э-, Э.У- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Б-, түүний өмгөөлөгч Н.Баттунсаг нар давж заалдах гомдолдоо...

“Дархан-Ус суваг” ХК-ийн касснаас сох дутсан мөнгөний үнийн дүнгээс 127.833.605 төгрөгийг анхан шатны шүүх хэлэлцэхгүй орхисон. Касснаас дутсан мөнгийг анхан шатны шүүх үрэгдүүлсэн гэж үзсэнтэй санал нийлэхгүй байна. Байгуулллагын байх ёстой мөнгөн хөрөнгө байхгүй байх нь тухайн хөрөнгийг албан тушаалын дагуу захиран зарцуулах, хадгалж, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан бүрэн хариуцах учиртай. Энд үрэгдүүлсэн гэх ямар ч нотлох баримт байхгүй байна. Энэ нөхцөл байдал нь завшсан гэж үзэх бүрэн үндэслэл болж байна. Хулгайд алдаагүй, гал түймэр, давагдашгүй хүчин зүйл, бусад үрэгдүүлсэн гэж үзэх зүйл болоогүй гэж үзэж байна. Тухайн үед ерөнхий нягтлан бодогч байсан Б.Б- нь мэргэжлийн зүгээс болсон нөхцөл байдлыг үндэслэлтэй тайлбарладаг. Бодит нөхцөл байдалд хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийж, зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү. Байгууллагын зүгээс гомдолтой байгаа. Байх ёстой хөрөнгө алга болсон. Дархан-Уул аймгийн олон мянган иргэдийн ундны усны эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө зарцуулагдах хөрөнгө дутагдсан хор уршиг учирсан учраас хохирлоо барагдуулуулах хүсэлтэй... гэжээ.

Шүүгдэгч Р.Э- давж заалдах гомдолдоо:

Прокурорын газраас надад холбогдох 201509000748 тоот хэргийг нэг талыг барьж дулимаг шалгаснаас миний бие гэм буруутай гэж ойлгогдоход хүргэсэн. Үүнд:

Р.Э-ын хувийн шинжтэй гэх 12.357.653 төгрөгнөөс 2015 оны 8-10-р саруудад Р.Э-аас нярав Э.У-д өгсөн 1,7 сая төгрөгийг төлснийг хасаагүй, мөн Э.У-д Одгэрэлээс буцааж шилжүүлсэн 3,5 сая төгрөг “Дархан-Ус суваг”-ийн дансанд ороогүй, “Дархан-Ус суваг” ХК-ийн хохирогч талаас шүүх хурал дээр 3.083.705 төгрөг төлөгдсөн хохирлын баримт санхүүд байгаагаа хэлж албан бичгээр гаргасан. Эдгээрийг шалгаж өгөөгүй учраас хохирлоос дээрхи мөнгөнүүдийг хасуулж чадалгүй 12.357.653 төгрөг төлсөн.

“Пийк Ом аудит” ХХК-ийн шинжээч нар хувийн шинжтэй гэх эдгээр баримтыг нарийвчлан тогтоогоогүй, шууд задгай баримтуудыг үндэслэн надад дүгнэлт гаргасан. Үүнийг зөвхөн би хэрэглэсэн бус зарим зардлуудыг тодорхой эзэнтэй, хариуцах хүмүүс нь байдаг. Тодруулбал: дээрх мөнгийг юу юунд зарцуулсныг нярав Э.У-ын 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн мэдүүлгээс тодорхой харагдана. /4-р хавтаст хэрэг 173-р хуудас/

Сайтар шалгасан бол энэхүү мөнгөний дийлэнх нь надад хамааралгүй байдал тогтоогдох ёстой. Надад холбогдоод байгаа мөнгийг би завших гэж аваагүй, нярав дараа тайландаа тусгаад цаг тухайд нь тооцоогоо хийгээд, шаардаад явсан бол ийм асуудал гарахгүй байсан.

“Пийк Ом аудит” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний шинжээчийн дүгнэлтийг улсын Ерөнхий прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 29-ний 4/48 тоот  прокурорын тогтоолоор ...ямар баримтыг үндэслэн хохирол учирсан гэж үзэж байгаа нь ойлгомжгүй, аудитын шинжилгээний дүгнэлт эргэлзээтэй байх тул дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулж учирсан хохирлыг тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй... гэж надад холбогдох 2019 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн 164 тоот яллах дүгнэлтийг хүчингүй болгож байсан.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 125 тоот дүгнэлтэд ...“Пийк Ом аудит” ХХК-ийн дүгнэлтийг дахин шинжилгээгээр үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Хохирол дутагдлыг тооцохдоо касс дахь бэлэн мөнгөний тооллогын баталгаажуулсан хуудас үндэслээгүй... зэрэг зөрчилтэй байна...гэжээ. Дахин шинжилгээгээр хэн, ямар албан тушаалтан хичнээн төгрөгийг хариуцах эсэх, мөн хамтран хариуцах талаархи үндэслэлийг тогтоох боломжгүй гэжээ. Эдгээр нь “Пийк Ом аудит” ХХК-ийн дүгнэлтээр миний асуудлыг үнэн бодитойгоор шийдэх боломжгүйг харуулж байна.

Дархан-Уул аймгийн Санхүү хяналт аудитын албаны аудиторын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 16/02 дүгнэлтийн 08 дугаарт “бид шинжилгээ хийж касснаас дутагдсан мөнгөний хэмжээг тодорхойлохын тулд санхүүгийн программаас хэвлэн авсан кассын товчоо тайланг кассын зарлагын анхан шатны баримттай нэг бүрчлэн тулган шалгасан ба 2015 оны 07 дугаар сарын 08-ний өдөр кассын товчоо тайланд зарлагаар тусгагдсан урьдчилж төлсөн тооцоо дансанд бичилт хийсэн 48,9 сая төгрөгийн анхан шатны баримт олдоогүй ба уг гүйлгээг 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр санхүүгийн программаас устгасан болох нь программ устгасан гүйлгээний жагсаалтаас харагдаж байгаа” гэжээ. Энэ асуудлыг ерөнхий ня-бо Б- шууд хариуцах ёстой бөгөөд тэр ажпаас халагдсан өдрөө уг гүйлгээг устгасан байдаг. Энэ хохирлыг түүнд хариуцуулах ёстойг шалгаагүй, мөн ерөнхий ня-богийн албаны компьютерийг шинжилгээнд явуулахад “Даймонд” программ хангамжийн системийн файлууд 2015 оны 10 дугаар сарын 13-ний өдөр үүсгэгдсэн байна гэсэн дүгнэлт гарсан, мөн уг компьютерийг анх худалдаж авсан газар болох “Саммит” төвд засварт явуулахад тус төвийн инженер Г.Ү-, ахлах инженер Б.С- нар 2016 оны 01 дүгээр сарын 28-ний засвар оношлогооны актанд /3-р хавтаст хэрэг, 249-р хуудас/ асахгүй ирсэн компьютерийн хард диск нь манай худалдаанд байдаг хард диск биш гэсэн байдаг тул ерөнхий ня-бо Б.Б- намайг хохироохын тулд үүсмэл файлуудыг шинээр үүсгэж, компьютерийн хард дискийг сольж, өөрийн хийсэн гүйлгээг санхүүгийн программаас устгасан гэж үзэхээр байдаг тул энэхүү асуудлыг шалган тогтоолгүй орхигдуулсан. Энэ бол шалгахгүй байхын аргагүй асуудал, хохирлыг хариуцуулахад хамааралтай гэж үзнэ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 161 тоот дүгнэлтийн асуулт 2-ын хариултад дээрхи асуудлыг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй, мөрдөн байцаалтаар тогтоохоор байна гэж тодорхой хэлсэн байхад энэ асуудлыг шалгаж тогтоогоогүй.

Э.У-ын 2018 оны 06 дугаар сарын 08-ний өдөр цагдаагийн газарт гаргаж өгсөн 12.357.653 төгрөгийн 49 ширхэг баримт нь Р.Э-ын хувийн шинжтэй албан бус зардлууд гэдэг ч энэ нь завшилт, үрэгдүүлэлт, санхүүгийн зөрчлийн аль нь болохыг мөрдөн шалгалтаар тал бүрээс нь бодитой тогтоогоогүй, хэрвээ би завших гэмт хэрэг үйлдэх байсан бол улайн цайм авч идэж чадахгүй, хэн нэгэнтэй нь хуйвалдах ёстой байсан байх. Гэтэл хамтарсан хүн байхгүй байдлаар энэ нь үгүйсгэгдэнэ. Би өмнө нь мэдүүлж байхдаа няравт хувийн чанартай мөнгө гарвал авлага үүсгэж дараа тайлангаар цалингаас тооцож, баримтыг нь шаардаж нөхөж авч байгаарай гэдэг шаардлагыг тавьж байсан. Би албан томилолтоор явж байхдаа ажпын зайлшгүй шаардлагаар няравт утсаар ярьж аман шийдвэрээр мөнгө гаргах тохиолдлууд байсан ба дараа тайлангаар тусгах, гүйлгээ хийсэн баримтыг үндэслэн цаг тухай бүрт нь тооцоо хийхийг шаардах, ерөнхий ня-бод хэлж тайлагнах, хувийн хар данс дэвтэр хөтлөхийг хэлдэг байсан. Ерөнхий ня-богийн хувьд өдөр бүр кассын тооллого хийж няравынхаа гүйлгээ, анхан шатны баримт, тайлан бүртгэлийг шалган шууд хяналт тавих үүрэгтэй. Ерөнхий ня-бо, нярав хоёр ажилтны энэ үүргийг хязгаарласан, эсхүл нууж хэн нэгэнтэй хуйвалдан мөнгө авсан бол өөр хэрэг. Гэтэл ерөнхий ня-бо санхүүгийн зөрчлийг засахын оронд зориуд үргэлжлүүлэн даамжируулахад хүргэсэн. Иймд энэхүү хэргийг сайтар шалгуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдолдоо:

Миний бие ажилд ороход их хэмжээний мөнгө дутуу байгаад зогсохгүй холбогдох кассын нярав Э.У-ыг дуудан асуухад ...программын алдаа байх, өмнөх ерөнхий нягтлан ажлаа хаяж яваад зохиомол кассын дутуу үүсээд байгаа... гэж тайлбарлаж байсан. Тухайн үеийн санхүүгийн албаны дарга В.Б- болон захирал Р.Э- нарт мэдэгдэхэд ...нийлж энийг энэ хариуц, энийг тэр хариуцаж хаа... гэх мэтээр тодорхой хэмжээний мөнгийг бие бие рүүгээ чихдэг байсан бөгөөд зарим хэсгийг ...үүнийг мэдэхгүй, чи учрыг нь ол... гэдэг байсан. Миний бие энэхүү кассын дутагдалыг шалгахад өдөр тутмын ажлаасаа гадна илүү цагаар нэлээдгүй хугацааг зарцуулсан байдаг. Шалгаж байх хугацаанд аймгийн Аудитын гүйцэтгэлийн аудит, Мэргэжлийн хяналтын санхүү зэрэг газруудаас “Дархан ус суваг”-ийн санхүүд удаа дараа шалгалт хийсэн ч кассын нэг ч төгрөгийн дутагдал илрүүлээгүй. би шалгаж дуусаад энэ бол сох дутсан зөрүү юм байна гэдгийг өөрийнхөө хэмжээнд тогтоогоод касс У-, Р.Э- нар ямар ч санхүүгийн баримт бүрдүүлэхгүй байгууллагын мөнгийг хулгайлж хувьдаа завшиж байж болзошгүй гэж сэжиглээд АТГ-т мэдээлснээр 2015 оны 10 сарын 13-ны өдөр 10 хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэх ажиллагаа явуулсанаар энэ дутагдлыг ил болгосон бөгөөд Р.Э-, Э.У-, Б- нарт эрүү үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Энэ хэргийг шалгах явцад намайг энэ хэргийн мэдээлэгч гэдгийг захирал Р.Э- олж мэдээд ажлаас халаад зогсохгүй аймгийн Цагдаагийн газарт өргөдөл өгч намайг удаа дараа буюу 5 удаа шалгуулж их хэмжээний сэтгэл зүйн дарамт учруулж байсан. Миний хувьд энэ байгууллагад орсон цагаасаа хойш тоолж, шалгаж хянаж байсан гэдгийг касс Э.У-ын анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэргээс харж болохоор байгаа. Намайг буруутай гэж үзэж байгаад гомдолтой байна гэжээ.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн улмаас Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх дараах үндэслэлүүд байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-ийг Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7., 11., 17., 18., 19., 20 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үндэслэлгүйгээр буруутгасан талаар: Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7-р зүйлд заасан нягтлан бодох бүртгэлийг монгол хэлээр хөтлөх, ажил гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр бүртгэх тухай заалтыг Б.Б- зөрчөөгүй,

-Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.д “ Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг 10-аас доошгүй жил хадгалах” гэж заасныг Б.Б- зөрчөөгүй,

-Мөн хуулийн 17 дугаар зүйлд Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг зохицуулсан байх тул энэ заалтыг Б.Б- зөрчөөгүй.

Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлээс 18.3.д “ Аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн эсхүл, мэргэшсэн нягтлан бодогч байна“ гэх заалт Б.Б-т хамаарах тул энэ дагуу тайлангаа Б.Б- нь гаргаж явж байсан ба энэ зүйлийн бусад заалт Б.Б-т хамааралгүй, гүйцэтгэх захиралд хамааралтай заалтууд байдаг.

Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.д “ Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтын бодлого, удирдлага, зохион байгуулалтыг аж ахуйн нэгж, байгууллагын эрх бүхий этгээд тодорхойлно” гэж заасан, эрх бүхий этгээд нь “Дархан Ус суваг” ХК-ийн хувьд төлөөлөн удирдах зөвлөл тул энэ заалт Б.Б-т хамааралгүй байна.

Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлээр ерөнхий нягтлан бодогчийн эрх үүргийг зохицуулсан байх тул шүүгдэгч Б.Б- нь энэ зүйлд заасан эрх, үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн эсэх, уг зүйл, заалтыг зөрчсөн эсэхийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн шалгаж үзвэл эрх, үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тухайлбал:

Бэлэн мөнгөний нярав Б.У- нь тус компаний байцаагч нарын тушаасан бэлэн мөнгөний орлогыг касст хүлээн авах, хадгалах үүрэгтэй ба гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогчийн 1, 2-р гарын үсэг бүхий зарлагын баримтаар зарлага хийх эрхтэй байсан боловч гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга нарын аман шийдвэрээр, эсвэл өөрөө дур мэдэн ерөнхий ня-бо Б.Б-т мэдэгдэлгүйгээр, түүнээс зөвшөөрөл авалгүйгээр бэлэн мөнгөний зарлага гаргадаг байсан нь Э.У-ын хувийн тэмдэглэлийн дэвтэр, задгай баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл / 3-р хх-119-124/, Б.У-ын “нягтлан бодогч, захирлын гарын үсэгтэй зарлага гаргахыг зөвшөөрсөн баримт нь ороод мөнгийг олгодог. Баримтгүйгээр мөнгө гаргах ёсгүй.... захирал Э- ямар нэгэн баримт бичиггүйгээр над руу яриад, тэр хүн лүү мөнгө шилжүүл гэх мэт утсаар ярьж дараах мөнгийг авсан... Р.Э- захирлын аман шийдвэрээр төлбөрийн даалгавар болон холбогдох баримтгүйгээр 19.667.242 төгрөгийг кассаас авсан байна... нийтдээ 2014 оноос хойш кассаас баримтгүйгээр 40,519,529 төгрөг гарсан байна. Яагаад 163:323:144 төгрөгийн дутагдал гараад байгааг ойлгохгүй байна“ гэх гэрчийн мэдүүлэг /3-р хх-133-137/, Б.У-ын “... Захирал ерөнхий нягтлан, санхүү эрхэлсэн дэд захирал нарын 2 хүнийх нь цохолтоор бол мөнгө гаргахыг зөвшөөрдөг. Дээрх дутсан гэж үзээд байгаа 163.323.144 төгрөг бол цохолтгүйгээр гарсан мөнгө... Өөрөөр мөнгө төгрөг авсан хүн байхгүй.” гэх гэрчийн мэдүүлэг/ 3-р хх-14/, Б.У-ын гарын үсэг бүхий 76.613.961 төгрөгийн дүн бүхий жагсаалт / 3-р хх-139-146/, “өдөр бүрийн кассын орлого зарлагын гүйлгээг нэг, хоёрдугаар гарын үсгийн цохолт болон холбогдох анхан шатны баримтын бүрдэлийг үндэслэн гаргах” гэсэн заалт бүхий Кассын няравын ажлын байрны тодорхойлолт / 3-р хх-204/, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ын... ”өдөр өдөрт орлогын байцаагч нараас кассанд орж ирж байгаа орлого программ дээр шивэгдэж, үүнээс гаргасан зарлагыг баримтыг үндэслэн У-аас хасч явах ёстой. Гэтэл У-ын хариуцаж байгаа касснаас гарч байгаа мөнгө ямар нэгэн санхүүгийн анхан шатны баримтгүй учраас У- дээр өр авлага болж үүсээд, энэ нь нэмэгдэж явсаар кассын үлдэгдэл буурахгүй ийм хэмжээнд хүрсэн байсан. Үнэхээр У-д кассаас гарсан зарлагын баримтууд /анхан шат/ байсан бол үүнийг нь үндэслээд программаас У- дээр үүссэн авлаганаас хасалт хийх боломжтой. Даанч У-ын касснаас байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан холбогдох 160.2 сая төгрөгийн зарлагын баримт байхгүй учраас У-ыг касснаас дутагдуулсан гэж үзэхээс өөр арга байхгүй” гэх мэдүүлэг / 5-р хх-183-185/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

Ийнхүү бэлэн мөнгөний нярав касснаасаа анхан шатны баримтгүйгээр бэлэн мөнгөний зарлага гаргаж байсны улмаас уг зарлагыг Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т “аж ахуйж нэгж, байгууллагын хөрөнгийн орлого зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах” эрхээ Б.Б- хэрэгжүүлэх боломжгүй байсан ба анхан шатны баримт байхгүй тул мөн хуулийн 20.1.4-д “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх” гэж зааснаар дээрх ямар ч баримтгүй зарлагын гүйлгээнүүдийг бүртгэх эрх зүйн үндэслэл байхгүй байсан нь тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.У- “Байнга тоолдог байсан. Сүүлдээ бүр урд өдөр нь тоолоод, маргааш өглөө нь дахиад тоолдог болсон” гэх мэдүүлгээр Б.Б- нь удаа дараа тооллого хийж, хохирол дутагдлыг илрүүлж, арилгахыг шаарддаг байсан нь нотлогддон ба дутагдлын талаар гүйцэтгэх захирал, санхүү эрхэлсэн дэд дарга нартаа мэдэгдэж, зөрчлөө арилгах ажлыг хийж байсан нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Санхүүгийн албаны дарга, материалын нягтлан, нярав нарын гарын үсэг бүхий бэлэн мөнгөний тооллогын баримт /7-р хх-14-18/, уг тооллогоор илэрсэн дутагдлыг хэн, ямар албан тушаалтан хариуцан төлж барагдуулах тухай Э.У-ын гарын үсэг бүхий гараар бичсэн тэмдэглэл, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.У-ын “Тооллогыг ерөнхий нягтлан, санхүүгийн албаны дарга ахалж, тооцооны ня-бо нар хийдэг байсан. Бэлэн мөнгийг тоолж, баталгааны хуудас дээр бичдэг байсан...Гэнэтийн байдлаар орж ирээд орлогыг тоолж, тоолсон хүмүүсийн гарын үсэгтэй баталгааны хуудас бичиж, нэг хувь нь ерөнхий няглан бодогчид надад нэг хувийг өгдөг байсан... 2015 оны 9 сард өглөө нэг тоолоод, орой дахин тоолж, өдөр бүр 2 удаа тоолдог байсан... тооллогын баримт анхнаасаа байсан. Санхүүгийн баримт дутуу гэдгийг эсэргүүцэж байна” гэх мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэл, хх-18/, Р.Э-ын “...Мөнгө дутсан гэж надад танилцуулахад би уурлаж, загнахгүй яадаг юм. Та нар хариуцсан ажлаа өөрсдөө зохицуул... гэж хэлсэн. Би Б-ийг ...хууль бус баримт бүрдүүлж, зарлагыг хаа... гэж хэлж байсан зүйл байхгүй” гэх мэдүүлгүүдээр /Шүүх хуралдааны тэмдэглэл хх-57/ тогтоогддог.

Дээрх нотлох баримтууд нь Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4., 20.2.5., 20.2.6.д заасан ерөнхий нягтлан бодогчийн үүргээ Б.Б- биелүүлж байсныг нотлох, түүнийг цагаатгах талын нотлох баримтууд юм. Харамсалтай нь дээр дурдсан 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн бусад тооллогын баримтууд үрэгдэж алга болсонд Б.Б-ийн буруу байхгүй юм. Учир нь: АТГ-ын байцаагч энэ хэрэгт холбогдон шалгагдаж байсан Б.У-д 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хурааж авсан санхүүгийн баримтуудыг буцааж хүлээлгэж өгсөн байдаг /1-р хх-224-230/ ба 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б.Б- ажлаас халагдсан байдаг.

Гэтэл шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгчийн зүгээс шинжлэн судлуулсан дээрх цагаатгах талын нотлох баримтуудыг ямар нотлох баримтуудаар үгүйсгэсэн, няцаасан тухай шүүхийн шийтгэх тогтоолд заагаагүй, орхигдуулсан байна.

Түүнчлэн Дархан-Уул аймгийн Аудитын газраас 2015 оны 6 сард “ Дархан-Ус суваг” ХК-ийн 2014 оны санхүүгийн үйл ажиллагаа, үр дүнд гүйцэтгэлийн аудит хийсэн /4-р хх 20-28/ боловч кассын бэлэн мөнгөний дутагдлын талаар уг аудитын дүгнэлтэнд ямар нэг заалт байхгүй. Гэтэл ШШҮХ-ийн 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1-р хавсралтанд 2014 оны 10 дугаар сард 73.187.301 төгрөгийн дутагдал, 2014 оны 12 сард 66.752.630 төгрөгийн дутагдал байсныг тооцож гаргасан байна. Гэтэл уг дутагдлыг гүйцэтгэлийн аудит илрүүлж чадахгүй байхад Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.10-д заасныг зөрчиж, аудитын дүгнэлтээс зөрж, бэлэн мөнгөний дутагдлыг нярав дээр бүртгэх эрх тухайн үед ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Б-т байгаагүй.

Дээрх нотлох баримтаас үзэхэд “Дархан-ус суваг” ХК-ийн кассаас дутагдсан бэлэн мөнгө тухайн үед ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Б-ийн хяналтаас гадуур, түүний амаар болон бичгээр өгсөн шийдвэр болон гарын үсэг бүхий баримтгүйгээр кассаас зарлага болон гарсан болох нь хөдөлбөргүй баримтаар тогтоогдсон ба уг дутагдсан мөнгөнөөс Б.Б- авч хэрэглэсэн, эсвэл бусдад олгох тухай заавар, шийдвэр өгсөн тухай нэг ч нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл: шүүгдэгч Б.Б-ийн амаар, эсвэл бичгээр өгсөн шийдвэрээр дээрх дутагдал гарсан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад түүнийг бусдын эд хөрөнгийг үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан анхан шатны дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5, 36.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б-т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах хүсэлтийг гаргаж байна.

Хоёр. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Анхан шатны шүүх хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар “... үрэгдүүлсэн гэх 127.833.605 төгрөгийг гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Э-, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Т.Эрдэнэцэцэг, Б.Б-, Д.Уранчимэг, няраваар ажиллаж байсан Э.У- нараар төлүүлэх нь зүйтэй ба энэ талаарх тооцооллыг шүүх хийх боломжгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон.

Учир нь: эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг гагцхүү Иргэний хуулийн гэм хорыг арилгах хуулийн зохицуулалтын дагуу шийдвэрлэдэг.

Тухайлбал: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.д ...бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй..., 497.2.д... гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол гэм хор учруулсан хариуцлагаас чөлөөлөгдөнө... гэж зааснаас үзэхэд кассад бэлэн мөнгөний дутагдал гаргасан этгээд нь тодорхой байхад уг гэм хор учрахад ямар ч оролцоо байхгүй, нэг төгрөгийн ч ашиг олоогүй, харин зөрчлийг илрүүлсэн, хохирол дутагдлыг төлүүлэх гэж ажилласан боловч ямар үр дүнд хүрэхгүй болохоор Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан Б.Б-т хариуцуулах нь хууль болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байгаа тул гомдож энэхүү гомдлыг гаргаж байна.... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Г.Б- тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэм буруутай этгээдүүдээс хохирол төлбөрийг төлүүлэхээр гомдол гаргасан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Г.Б-ын өмгөөлөгч Н.Баттунсаг тайлбартаа:

Дархан-Ус суваг ХК-н касснаас сох дутсан мөнгөний үнийн дүнгээс 127 833 605 төгрөгийг анхан шатны шүүх хэлэлцэхгүй орхисон. Кассаас дутсан мөнгийг анхан шатны шүүх үрэгдүүлсэн гэж үзсэнтэй санал нийлэхгүй байна. Байгууллагын байх ёстой мөнгөн хөрөнгө байхгүй байх нь тухайн хөрөнгийг албан тушаалын дагуу захиран зарцуулах, хадгалж, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан бүрэн хариуцах учиртай. Энд үрэгдүүлсэн гэх ямар ч нотлох баримт байхгүй байна. Энэ нөхцөл байдал нь завшсан гэж үзэх бүрэн үндэслэл болж байна. Хулгайд алдаагүй, гал түймэр, давагдашгүй хүчин зүйл, бусад үрэгдүүлсэн гэж үзэх зүйл боломжгүй гэж үзэж байна. Тухайн үед ерөнхий нягтлан бодох байсан Б.Б- бол мэргэжлийн зүгээс болсон нөхцөл байдлыг үндэслэлтэй тайлбарладаг. Бодит нөхцөл байдалд хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийж, зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү. Байгууллагын зүгээс гомдолтой байгаа. Байх ёстой хөрөнгө алга болсон. Дархан-Уул аймгийн олон мянган иргэдийн ундны усны эрүүл мэнд аюулгүй байдлын төлөө зарцуулагдах хөрөнгө дутагдсан хор уршиг учирсан учраас хохирлоо барагдуулах хүсэлттэй байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б- тайлбартаа:

Намайг ажилд ороход их хэмжээний мөнгө дутуу байсан бөгөөд Э.У-ыг дуудан асуухад програмын алдаа байх, өмнөх ерөнхий нягтлан ажлаа хаяж явсанаас болоод зохиомол кассын дутуу үүсээд байгаа гэж тайлбарлаж байсан. Тухайн үеийн санхүүгийн албаны дарга В.Б- болон захирал Р.Э- нарт мэдэгдэхэд нийлж энийг энэ хариуц, энийг тэр хариуцаж хаа гэх мэтээр тодорхой хэмжээний мөнгийг бие биерүүгээ чихдэг байсан бөгөөд зарим хэсгийг үүнийг мэдэхгүй чи учрыг нь ол гэдэг байсан. Миний бие энэхүү кассын дутагдлыг шалгахад өдөр тутмын ажлаасаа гадна илүү цагаар нэлээдгүй хугацааг зарцуулсан байдаг. Шалгаж байх хугацаанд Аймгийн Аудитын гүйцэтгэлийн аудит, Мэргэжлийн хяналтын санхүү зэрэг газруудаас “Дархан ус суваг” ХК-н санхүүд удаа дараа шалгалт хийсэн ч кассын нэг ч төгрөгийн дутагдал илрүүлээгүй. Миний бие шалгаж дуусаад энэ бол сох дутсан зөрүү юм байна гэдгийг өөрийнхөө хэмжээнд тогтоогоод касс Э.У-, Р.Э- нар ямар ч санхүүгийн баримт бүрдүүлэхгүй байгууллагын мөнгийг хулгайлж хувьдаа завшиж байж болзошгүй гэж сэжиглээд АТГ-т мэдээллэснээр 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 10 хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэх ажиллагаа явуулснаар энэ дутагдлыг ил болгосон бөгөөд Р.Э-, Э.У-, В.Б- нарт эрүү үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Энэ хэрэг шалгалтын явцад намайг энэ хэргийн мэдээлэгч гэдгийг захирал Р.Э- олж мэдээд ажлаас халаад зогсохгүй аймгийн Цагдаагийн газарт өргөдөл өгч намайг удаа дараа буюу 5 удаа шалгуулж их хэмжээний сэтгэл зүйн дарамт учруулж байсан. Миний хувьд энэ байгууллагад орсон цагаасаа хойш тоолж, шалгаж хянаж байсан гэдгийг касс Э.У-ын анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэргээс харж болохоор байгаа. Намайг энэ гэмт хэргийг таслан зогсоогоогүй гэдэг үндэслэлээр гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Иймд намайг цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:

Анхан шатны шүүх хэргийг бүхэлд нь буруу шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б-т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Р.Э-ын өмгөөлөгч И.Атарбямба тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч давж заалдах гомдлоо 6 үндэслэлээр гаргасан бөгөөд илтгэгч шүүгч дэлгэрэнгүй танилцууллаа. Энэ гэмт хэргийг 2014 оноос хойш 5 жилийн хугацаанд шалгасан байдаг. Мөнгө дутсан асуудал нь тодорхой байдаг. Энэ хэрэг өнөөдрийг хүрэх болсон гол шалтгаан нь шинжээчийн дүгнэлт, нотлох баримтыг үнэлэх үнэлэмжиндээ байгаа юм. Улсын Ерөнхий прокуророос шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна гэх үндэслэлээр яллах дүгнэлтийг хүчингүй болгосон байдаг. Хохирол төлбөрийг хэн хэн хариуцах нь шинжээчийн дүгнэлтээр огт тогтоогддоггүй юм. Миний үйлчлүүлэгчийн хувьд байгууллагын хөрөнгөөс завшсан үйлдэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогддоггүй. Иймд энэхүү хэргийг сайтар шалгуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Энэ хэрэгт нийт 7 удаагийн дүгнэлт гаргуулсан байдаг. Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэж байна.  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хохирогч Г.Б-, түүний өмгөөлөгч Н.Баттунсаг, шүүгдэгч Р.Э-, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзвэл:

Дархан-Уул аймгийн Прокуророос:

-Шүүгдэгч Р.Э-ыг 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд “Дархан Ус суваг” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Дархан-Ус суваг” ХК-ийн кассын нярваар ажиллаж байсан Э.У-тай бүлэглэн байгууллагын бэлэн мөнгөний кассаас 50.456.162.82 төгрөгийг завшсан., 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд "Дархан-Ус суваг" ХК-ийн ерөнхий нягглан бодогчоор ажиллаж байсан Б.Б-, кассын нярваар ажиллаж байсан Э.У- нартай бүлэглэн байгууллагын бэлэн мөнгөний кассаас 94.740.999.50 төгрөгийг завшсан., 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд “Дархан-Ус суваг” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа бэлэн мөнгөний кассаас 12.357.653 төгрөгийг завшиж, “Дархан-Ус суваг” ХК-нд нийт 157.554.815.32 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1., 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2.т заасан гэмт хэрэгт.,  

-Шүүгдэгч Э.У-ыг 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд “Дархан-Ус суваг” ХК-ийн кассын нярваар ажиллаж байхдаа “Дархан-Ус суваг” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Э-тай бүлэглэн тус байгууллагын бэлэн мөнгөний кассаас 50.456.162.82 төгрөгийг завшсан.,  2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “Дархан-Ус суваг” ХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Б-, “Дархан-Ус суваг” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Э- нартай бүлэглэн байгууллагын бэлэн мөнгөний кассаас 94.740.999.50 төгрөгийг завшсан., 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд “Дархан-Ус суваг” ХК-ийн кассын нярваар ажиллаж байхдаа байгууллагын бэлэн мөнгөний кассаас 3.829.114.85 төгрөгийг завшиж, “Дархан-Ус суваг” ХХ-нд нийт 149,026,277.17 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1., 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2.т заасан гэмт хэрэгт.,

- Шүүгдэгч Б.Б-ийг 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “Дархан-Ус суваг” ХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа “Дархан-Ус суваг" ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Э-, Дархан-Ус суваг" ХК-ийн кассын нярав Э.У- нартай бүлэглэн тус байгууллагын бэлэн мөнгөний кассаас 94.740.999.50 төгрөгийг завшиж, “Дархан-Ус суваг” ХК-д их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1., 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2.т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх  хэргийг хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5.т зааснаар Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1., 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2.т зааснаар Р.Э-, Э.У- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1., 3.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, шүүгдэгч Э.У-ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1.д., шүүгдэгч Р.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар тус тус зүйлчилж., шүүгдэгч Э.У-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2., 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.д зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар Р.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1.д заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хохирлын хувьд Э.У-аас 3.829.115 төгрөгийг гаргаж “Дархан-Ус суваг” ХК-нд олгож, 16.405.761 төгрөгийн нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож, 127.833.605 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж., Э.У-, Р.Э- нараас тус бүр 5.660.000 төгрөгийг гаргуулж, “Пийк ом аудит” ХХК-нд 7.560.000 төгрөгийг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд 3.760.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

          Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл анхан шатны шүүх мөрдөн шалгах  ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуулж бичсэн бөгөөд   тэдгээрээс аль нотлох баримт хуулийн шаардлага хангасан, ямар нотлох баримт болон  хэний мэдүүлэг ямар нотлох баримтаар нотлогдож байгаа, эсхүл үгүйсгэгдэж байгаа  талаар ямар ч хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй зөвхөн нотлох баримтыг  ...“бодитой тогтоосон гэж үзэхгүй”,  “бүрэн тогтоосон гэж үзэхгүй”., “ нотлох баримтаар үнэлэх боломжгүй”., “дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхээргүй байна”.,  “ хэн хэдэн төгрөг хариуцахыг тогтоох боломжгүй байна”., “шүүх тооцоо хийх боломжгүй” гэх мэтээр  бичсэн байгаа нь хэргийн болон үйл баримтын талаар  нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэлж дүгнэж чадаагүй.,

        -Шүүгдэгч тус бүрийн тухайн байгууллагад ажилласан хугацаа тодорхой,  удирдлагын болон санхүүгийн ямар эрх хэмжээтэй, мөн үүрэгтэй болох нь хуулиар зохицуулагдсан байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй, түүнчлэн энэ талаарх яллах дүгнэлтийг ямар үндэслэлээр няцааж, эсхүл үгүйсгэж байгаагаа тодорхойлоогүй.,    

-Дархан-Ус суваг“ ХК-ийн өмч хөрөнгө нь орон нутгийн өмч бөгөөд /өөрөөр хэлбэл: улсын өмч/ эрх бүхий албан тушаалтнуудын талаар, тэд хаанаас томилогддог, хэн чөлөөлдөг, хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах үүрэг хүлээдэг эсэх, энэ нь хэргийн үйл баримттай ямар хамааралтай болох.,

         -Шүүгдэгч нарыг “Дархан-Ус суваг“ ХК-д захирал, ерөнхий нягтлан бодогч,   мөнгөний няраваар ажиллаж байхад энэ хэргийн гол үйл баримт болсон тус компаниас  үндэслэлгүй алга болсон гэх 127.833.605.00 төгрөгийн /хөрөнгийн/ талаар дүгнэлт хийлгүй хуулийн үндэслэлгүйгээр хэлэлцэхгүй орхисон.,

-Мөн хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн болон    санхүүгийн шинээчийн, мөн “Пийк ом аудит” ХХК-ийн зэрэг хэд хэдэн дүгнэлт гарсан байхад тэдгээрийн аль дүгнэлтийг хуульд заасан ямар үндэслэлээр шийтгэх тогоолын  үндэслэл болгосон эсэх нь ойлгомжгүй, түүнчлэн давтан болон нэмэлт дүгнэлтүүд нь  аль дүгнэлтэнд хамаарах болох., мөн яллах дүгнэлтэнд шүүгдэгч нарын үйлдэл, үйл баримтыг ямар дүгнэлттэй холбож ирүүлснийг үндэслэлтэй нягтлах, эсхүл шүүх өөр дүгнэлтийг үндэслэл болгосон тухай огт заагаагүй.,

          -2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн бүтэц, зүйл, заалтыг эрэмбэлсэн байдал нь хэлбэрийн хувьд өөрчлөгдсөн байдлыг ноцтойгоор, илтэд буруугаар дүгнэж, 2015 оны...Эрүүгийн хуулиар аж ахуйн нэгж, албан байгууллагын  өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд үрэгдүүлсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон... гэж ямар ч хуульд байхгүй заалт оруулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд 2015 оны Эрүүгийн хуульд улсын болон аж ахуйн нэгжийн, пүүс, компанийн, иргэний өмчийг, өөрөөр хэлбэл: “бусдын  өмчийг” гэсэн Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг гэсэн бүлэгт хамаарч байгааг буруугаар тайлбарласан зэрэг нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

             Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг бүрэн дүүрэн  үнэлж чадаагүй, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэрэгт чухал хамааралтай  байж болох зарим үйл баримтыг дүгнээгүй, шүүхийн дүгнэлтэнд нөлөөлж болох нөхцөл байдал байгааг анхаарч үзэлгүй орхигдуулсан учраас  давж заалдах шатны шүүх хэрэг нотлогдож тогтоогдсон эсэх, шүүгдэгч нар гэм буруутай эсэх талаар ямар нэг дүгнэлт хийх, түүнчлэн хэргийн оролцогчдын давж заалдах гомдлын талаар дүгнэлт хийгээгүй болно.   

            Анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэхдээ прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу өөрөөр хэлбэл: яллах дүгнэлтийн агуулгын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт нь бусад нотлох баримтаар тогтоогдоогүй., бусад нотлох баримтаар үгүйсгэгдсэн, эсхүл харилцан зөрүүтэй бөгөөд түүнийг мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоож чадаагүй бол шүүх нотлогдож тогтоогдож байгаа хэмжээгээр үнэлж, мөн яллах дүгнэлтийг үгүйсгэж, няцааж байгаа бол энэ тухайгаа нотлох баримтыг үндэслэн хуульд нийцүүлэн тайлбарлаж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1.,  1.2., 39.6 дугаар зүйлийн  1.2.,  39.7 дугаар зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 422 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Р-гийн Э-, Э-ийн У-, Б-ын Б- нарт холбогдох, 201509000748 дугаартай, 9 хавтастай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Хохирогч Г.Б-, түүний өмгөөлөгч Н.Баттунсаг, шүүгдэгч Р.Э-, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдсугай.  

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАНЛАЙБААТАР

                                                                 ШҮҮГЧИД                               Ц.ТУЯА

                                                                                                                 Ц.АМАРЖАРГАЛ