Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/00058

 

  

Би эф си ложистикс ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/00200 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 764 дүгээр магадлалтай,

 

Би эф си ложистикс ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Бэлт баян ХХК, Ч.Нэргүй, Н.Давааням нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 18,947,848.65 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Гэрээний үүрэгт 13,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содномчимэг, Д.Энхтунгалаг нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч Би эф си ложистикс ХХК-иас Бэлт баян ХХК, Ч.Нэргүй, Н.Давааням нарт холбогдуулан гэм хорын хохиролд 18,947,848.65 төгрөгийг хариуцагч Ч.Нэргүй, Н.Давааням нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Харин хариуцагч Бэлт баян ХХК-иас татгалзаж байна,

Тээвэрлэлтийн улмаас бусдад учирсан гэм хорын хохирлыг тээврийн хэрэгслийг ашиглагч, эзэмшигч нар хариуцна гэж заасан. ...Н.Давааням нь 13,500,000 төгрөгийг хохиролд суутган төлөхийг зөвшөөрч байсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч нь ...Тухайн осол жолоочийн гэм буруугаас болсон гэдгийг тогтоосон ямар нэгэн ослын акт гараагүй, гал гарсны улмаас ачиж явсан барааны хэдийг нь устгалд оруулсан гэдэг нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргаж, Тээвэрлэлтийн гэрээний дагуу ажлын хөлсөнд 13,500,000 төгрөг авахаар тохиролцсон бөгөөд ажлын хөлсийг нэхэмжлэгч компани хохиролд тооцон авсан тул нэхэмжлэгчээс ажлын хөлс 13,500,000 төгрөг гаргуулна гаргажээ.

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/00200 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Нэргүй, Н.Давааням нараас нийт 18,947,848.65 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Би эф си Ложистикс ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Би эф си Ложистикс ХХК-иас 13,500,000 төгрөгийг гаргуулах хариуцагч Н.Даваанямын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Би эф си Ложистикс ХХК хариуцагч Бэлт баян ХХК-д холбогдуулан гаргасан 18,947,848.65 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 764 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/00200 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содномчимэг, Д.Энхтунгалаг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ИХШХШтХ-н 172.2-р зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар ...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019.12.06-ны өдөр Бэлт баян ХХК-ийг хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар татгалзсан гэж дүгнэж шийдвэрлэсэн нь буруу, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэхээр байна. Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагын дээрх татгалзлын талаар тодруулаагүй, нэхэмжлэгчээс татгалзсаны үр дагаварыг тайлбарлан өгсөн эсэх нь эргэлзээтэй байна хэмээн дүгнэсэн нь хууль буруу тайлбарласан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч Би эф си ложистик ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагвада ИХШХШтХ-н 35-р зүйлийн 35.1, 35.2 дахь хэсэгт заасны дагуу төлөөлөх эрхээ баталгаажуулж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва нь ИХШХШтХ-н 25-р зүйлд заасан бүх эрхийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байдаг. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхтэй ба нэхэмжлэгчийн дээрх хүсэлт нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн хариуцагч Ч.Нэргүй, Н.Давааням нарт холбогдуулж гаргасан агуулгатай байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар сольсон тохиолдолд анхан шатны шүүх мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг сольсны дараа шүүх хуралдааны ажиллагааг шинээр эхлэн явуулах учиртай гэж дүгнэсэн нь учир дутагдалтай нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага Ч.Нэргүй, Н.Давааням нарт холбогдуулан гаргаснаас хойш 14 хоногийн дараа буюу хариуцагч талаас тайлбар авсны дараа шүүх хуралдааны ажиллагааг шинээр эхэлсэн.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч Би эф си ложистик ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч Ч.Нэргүй нь 7273 ОРО улсын дугаартай Вольво маркийн зүтгүүр автомашинаар ОХУ-ын Эрхүү хотоос Улаанбаатар хот хүртэл 18,950.4 кг хэмжээтэй 32,447,848.65 төгрөгийн үнэ бүхий Сэнгүр шар айргийг тээвэрлэх явцад Төв аймгийн Баянчандмань сумын нутагт чиргүүлийн дугуй шатаж байгааг анзааралгүй явснаас тээвэрлэж явсан ачааг шатааж, хохирол учруулсан, үүнээс 13,500,000 төгрөгийн төлбөрийг төлсөн тул үлдэгдэл 18,947,848.65 төгрөгийн хохирлыг жолооч Ч.Нэргүй, тус автомашины эзэмшигч Н.Давааням нараас гаргуулж өгнө үү, Тээвэрлэлтийн гэрээг Бэлт баян ХХК-тай байгуулсан боловч тус компанид холбогдох шаардлагаас татгалзаж байна, ...хариуцагч Н.Давааням 13,500,000 төгрөгийг төлсөн тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэжээ.

 

Хариуцагч нар: ...Тээвэрлэлтийн гэрээг Бэлт баян ХХК-тай байгуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, осолд жолооч буруутай болох нь тогтоогдоогүй, ...ажлын хөлс 13,500,000 төгрөгийг хохиролд суутган авсан тул нэхэмжлэгчээс гаргуулна... гэж маргажээ.

 

7. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгохдоо ...нэхэмжлэгч нь Бэлт баян ХХК-тай Тээвэрлэлтийн гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр тул тээвэрлэлтийн явцад ачаа алдагдсан, дутсан гэмтсэн бол хариуцлагыг тээвэрлэгч хариуцна, ...Иргэний хуулийн 380.1., 393.1.-д зааснаар хариуцагч Ч.Нэргүй, Н.Давааням нараас нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулах үндэслэлгүй, ...сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч нар нь ажлын хөлсийг ажил олгогч Бэлт баян ХХК-аас шаардах эрхтэй... гэх үндэслэл тус тус заажээ.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаж буй үйл баримт тогтоогдоогүй, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй байх тул шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Иймд шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагч нарын гомдлыг хангах үндэслэлгүй.

 

8. Хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд хууль зүйн талаас нь дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдснаас гадна нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тодруулах дараах үндэслэл тогтоогдлоо.

 

Тухайлбал, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл тодорхойгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагч нараас гэрээний эсхүл гэрээний бус үүргийг шаардаж байгаагийн аль нь болох, мөн хохирлыг хэрхэн тооцсон, энэ нь ямар баримтаар нотлогдож байгаа болох, /хохирлыг нотлосон гэх хэргийн 21, 109 дүгээр талд авагдсан гаалийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй/, мөн автомашинд гал гарсан үндэслэл шалтгаан тодорхойгүй байх тул дээрх нөхцөл байдлыг тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 764 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содномчимэг, Д.Энхтунгалаг нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содномчимэгээс 2020.05.13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД