Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 183/2019/02721/И |
Дугаар | 001/ХТ2022/00057 |
Огноо | 2022-01-13 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2022/00057
Эс ти экс Монголиа ХХК, Эс ти экс ситинет ХХК-иудын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/00408 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 796 дугаар магадлалтай,
Эс ти экс Монголиа ХХК, Эс ти экс ситинет ХХК-иудын нэхэмжлэлтэй,
Ц.Пүрэвжаргалд холбогдох,
2018.10.26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний 2.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн зөрүү үнэ 436,060,000 төгрөг болон Хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн 20,387,500 ширхэг хувьцааг тус тус буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
1. Нэхэмжлэгч Эс ти экс Монголиа ХХК, Эс ти экс ситинет ХХК-иудаас Ц.Пүрэвжаргалд холбогдуулан 2018.10.26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний 2.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн зөрүү үнэ 436,060,000 төгрөг болон Хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн 20,387,500 ширхэг хувьцааг тус тус буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь ...2018.10.26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний 2.2.-т заасан төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн гэх заалтыг бодитоор төлөөгүй байхад төлсөн мэтээр бичсэн худал заалт буюу Иргэний хуулийн 56.1.2.-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ хуулийн заалтад хамаарахгүй. ...Зээлийн гэрээний дагуу өр төлбөр шилжүүлэх өмнөх үүргийг солихоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан ба өмнөх үүргийн харилцаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. ...Жемнэт ХХК-тай холбоотой гэрээ хэлцэл болон бусад асуудалд хариуцагч хамааралгүй. гэж маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/00408 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Эс ти экс ситинет ХХК, Эс ти экс Монголиа ХХК-ийн 2018.10.26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний 2.2 дугаар заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн зөрүү 436,060,000 төгрөг гаргуулах, хувьцаа худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 20,387,500 ширхэг хувьцааг буцаан гаргуулах хариуцагч Ц.Пүрэвжаргалд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 796 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/00408 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаахгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангах тухай өөрчлөлтийг шийдвэрт оруулах боломжтой байсан гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй хэмээн дүгнэсэн дүгнэлт, мөн ...гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дүгнэлт өгөх боломжгүй гэж ойлгомжгүй дүгнэсэн нь ИХШХШтХ-ийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг шийдвэрлэх зарчмыг зөрчжээ хэмээн дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Гэвч анхан шатны шүүхээр нэгэнт хэлэлцэгдсэн, хавтаст хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах тухай өөрчлөлтийг шийдвэрт оруулах боломжтой байсан. Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар эцсийн дүгнэлт хийгээгүй.
4.1. Шийдвэрт өөрчлөлт оруулах тухай гомдлын үндэслэл.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна.
4.1.1. Шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тухайд.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ ИХШХШтХ-ийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэлд хамаарах зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгээс үзэхэд шүүгч Нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ нотолж чадаагүй гэх дүгнэлтийг хийсэн. Харин ч нэхэмжлэгч нараас нэхэмжлэлээ нотлохоор олон чухал баримтуудыг гаргаж өгсөн боловч шүүх тэдгээр баримтуудыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй.
Тухайлбал, шүүх шийдвэрийнхээ Үндэслэх нь хэсэгтээ Талуудын хооронд байгуулагдсан 2018.10.19-ны өдрийн Харилцан тохиролцооны гэрээ, 2018.10.26-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнүүдэд талуудын тайлбарласан, талууд шүүхийн шийдвэрээр тогтоосон өр төлбөрийг, түүнчлэн Ц.Пүрэвжаргалаас зээлсэн гэх 2.5 сая ам.долларын өр төлбөрийг хаах зорилгоор хийгдсэн талаар дурдагдаагүйн дээр шүүх дээрх өр төлбөрийг хэрхэн тооцсон, талууд уг гэрээнүүдийг байгуулахдаа ямар тохиролцоог үндэслэж хийсэн, үр дагавар нь хэрхэн тооцогдох, гэрээ хэрэгжих талаар дүгнэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх гэрээ байгуулагдах болсон үндэслэл шалтгаан, гэрээний үр дагаврыг талууд өөр өөрөөр тайлбарлаж байгаагаас дээрх гэрээ ямар хүсэл зоригийн дагуу хийгдсэн шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй юм гэж дүгнэсэн. Ийнхүү шүүх худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхдээ зохигчид тайлбараараа худалдах-худалдах авах гэрээнүүдийг тодорхой өр төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгох зорилгоор байгуулсан гэдэг талаар маргахгүй байгааг анхаараагүй.
Дараах баримтууд болон зохигчдын тайлбараар нэхэмжлэл нотлогдох боломжтой гэж үзэж байна.
- Эс ти экс ситинет ХХК, Эс ти экс Монголиа ХХК, Жемнэт ХХК-иудын эрх бүхий албан тушаалтнууд болон иргэн Ц.Пүрэвжаргал нар 2018.10.19-ний өдөр уулзацгааж, Эс ти экс Монголиа ХХК, Ц.Пүрэвжаргал нар Харилцан тохиролцооны гэрээ, Жемнэт ХХК, Эс ти экс ситинет ХХК-иуд Төлбөр барагдуулах гэрээнүүдийг байгуулсан байдаг. Уг 2 гэрээний оршил хэсгийн нарын хооронд төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой асуудлыг дараах байдлаар харилцан тохиролцов гэх өгүүлбэр нь төлбөрөө төлөх баталгаа болгох зорилгоор хэлцэл хийснийг илэрхийлнэ. Жемнэт ХХК, Эс ти экс ситинет ХХК-иудын хооронд байгуулагдсан Төлбөр барагдуулах гэрээний оршил хэсэгт Энэ гэрээтэй нэг дор байгуулагдсан Ц.Пүрэвжарвал болон Эс ти энс Монволиа ХХК хоорондын харилцан тохиролцоотой холбоотойгоор энэхүү гэрээг талуудын хоорондын өмнө хийгдсэн харилцан тохиролцоо болон шүүхийн шийдвэрээс урьтал болгон баримтална гэх агуулга нь дээрх 4 тал хоорондын авлага, өглөгийн асуудлаар нэг өдөр хэлцэл хийснийг нотлохын зэрэгцээ Ц.Пүрэвжаргалтай байгуулсан уг Харилцан тохиролцооны гэрээ нь Эс ти экс ситинет ХХК болон Жемнэт ХХК-ийн хоорондын шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 932,873,000 төгрөгийн өрийг барагдуулах хэлцэлтэй шууд холбоотой болохыг нотолно.
Улмаар дээрх Төлбөр барагдуулах тухай гэрээний 1-д А талын одоогийн авлага нь 113,000,000 төгрөг болохыг тодорхойлж харилцан тохиролцов гэсэн нь Эс ти экс Монголиа ХХК-ийн Ц.Пүрэвжаргалтай байгуулсан Харилцан тохиролцооны гэрээний улмаас нь Жемнэт ХХК нь Эс ти экс ситинет ХХК-иас 113,000,000 төгрөгийн авлагатай болж байгааг талууд хүлээн зевшөөрсөн болохыг илэрхийлнэ. Уг 113,000,000 төгрөг нь 2018 оны Интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөөс төлөгдөөгүй төлбөр юм. Хэрэв Жемнэт ХХК нь НИХДЗШШ-ийн 1871-р магадлалын дагуу Эс ти экс ситинет ХХК-иас авах 932,873,000 төгрөгийг Ц.Пүрэвжаргалд шилжүүлэх хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгөд оруулж тооцно гээгүй бол 2018.10.19-ний өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулахгүй байсны зэрэгцээ уг гэрээндээ өөрийн авлагаа 113,000,000 гэж тодорхойлохгүй байсан. Жемнэт ХХК-д төлбөл зохих 932 сая гаруй төгрөг, Ц.Пүрэвжаргалд өөрт нь өгөх 1 сая ам.доллар гэсэн 2 төлбөрийг төлөх баталгаа болгож хөрөнгө, хувьцаагаа нэхэмжлэгч нар хариуцагчид шилжүүлэн өгсөн болох нь гэрч Г.Энхтөгсийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр давхар нотлогддог. Гэвч Ц.Пүрэвжаргалд хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлж өгсний дараа Жемнэт ХХК нь дээрх тохиролцоогоо зөрчиж, шүүхийн магадлалын дагуу 932 сая гаруй төгрөг төлөгдөөгүй гэж уг мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гаргуулах ажиллагааг явуулуулж, 2020.01.09-ний байдлаар Эс ти экс ситинет ХХК-иас 497,122,315 төгрөг гаргуулан авсан ба уг төлбөр бүрэн төлөгдөж дуусаад байна. Ц.Пүрэвжаргал нь Жемнэт ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн охин бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир нь мөн Жемнэт ХХК-ийн өмгөөлөгч тул хэргийн бодит үйл баримтыг өөрсдийн талд гуйвуулан тайлбарлаж ирсэн нь нэхэмжлэгчид хүндрэл учруулж байгаа юм.
4.1.2. Шүүх шийдвэртээ Эс ти экс Монголиа ХХК нь Ц.Пүрэвжаргалд 2012.11.07-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, 2014.06.17-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээнүүдийн дагуу 2,661,047 ам.долларын өглөгтэй, уг гэрээг хэрэгжүүлэх зорилгоор хувьцаа ба үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлсэн гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэх нь хэсэгтээ дурдаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь бодитой дүгнэлт биш учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Учир нь хавтаст хэргийн 130-136-р талд байх 2012.11.07-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, 41-47-р талд байх Эрх шилжүүлэх гэрээнүүд нь хэрэгжээгүй буюу хэрэгжих боломжгүй гэрээнүүд юм. 2012.11.07-ны өдөр Эс ти экс Монголиа ХХК болон Ц.Пүрэвжаргал нарын хооронд Эс ти экс ситинет ХХК-ийн нийт хувьцааны 35%-ийг 2,500,000 ам.доллараар худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулагдсан байдаг. Уг гэрээний дагуу Ц. Пүрэвжаргал хувьцааны үнэ 2.5 сая ам.доллараас 1,000,000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 1,398,220,000 төгрөгийг Жем интернэйшнл ХХК-ийн данснаас Эс ти экс Монголиа ХХК-д төлсөн. Харин үлдэгдэл 1.5 сая ам.долларыг мөнгөөр төлөөгүй бөгөөд уг 1.5 сая ам.долларыг Жемнэт ХХК-иас Эс ти экс ситинет ХХК-д Интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу сар бүр нийлүүлэх интернет урсгалын төлбөрөөр төлөхөөр тохиролцсон. Энэ нь х.х-ийн 37-38-р талд байх хариуцагчийн 2019.11.22-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарын 2-р догол мөрөнд Мөн Жемнэт ХХК-д төлж байсан интернетийн бөөний үйлчилгээний төлбөрөөсөө тодорхой хугацааны төлбөрийг зээл болгохоор тохиролцсон... гэх тайлбар, х.х-ийн 130-р талд байх 2012.11.7-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 5.3-т Худалдан авагч нь 1.5 сая ам.долларыг 2012 оны 10-р сараас эхлэн сар бүр худалдагчид 1.5 сая ам.доллар болтол олгоно. Эс ти экс ситинет ХХК-иас Жемнэт ХХК-д төлөх гадаад бэндвит төлбөрийг сард олгох төлбөрт тооцох бөгөөд уг дүнгээр Эс ти экс ситинет ХХК нь Эс ти экс Монголиа ХХК-д шилжүүлнэ гэх зэрэг баримтуудаар нотлогддог.
Дээр дурдсан тохиролцооны дагуу Эс ти экс ситинет ХХК нь 2012 оны 10-р сараас 2014 оны 2-р сар хүртэлх 16 сарын интернетийн төлбөр 2,216,000,000 төгрөгийг Ц.Пүрэвжаргалаас төлөх хувьцааны үлдэгдэл үнэ 1.5 сая ам.долларт тооцож, уг хугацаанд Жемнэт ХХК-д интернетийн төлбөрөө төлөөгүй байдаг. Гэтэл Жемнэт ХХК-ийн удирдлагууд гэнэт байр сууриа өөрчилж, Ц.Пүрэвжаргалын үүрэгт нийлүүлсэн интернетийн төлбөрөө харилцан тооцуулахгүй гэк маргаж 2012 оны 10-р сараас 2016 оны 9-р сар хүртэлх хугацааны интернетийн төлбөр, алдангид 3,604,824,510 төгрөгийг Эс ти экс ситинет ХХК-иас нэхэмжилж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016.08.31-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Уг хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх эцэслэн шийдвэрлэж, магадлал хүчин төгөлдөр болсон бөгөөд давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ Жемнэт ХХК-д өгөх интернетийн төлбөрийг Ц.Пүрэвжаргалтай байгуулсан 2012.11.07-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний дагуу 2.5 сая ам.долларын үүрэгт харилцан тооцуулах үндэслэлгүй, энэ 2 харилцааг тусад нь байлгах нь зүйтэй гэж үзэж Жемнэт ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсний дагуу тус компанид 932 сая төгрөгийг Эс ти экс ситинет ХХК өгөх үүрэгтэй болсон. Өөрөөр хэлбэл, Жемнэт ХХК нь интернетийн төлбөрөө Ц.Пүрэвжаргалын мөнгөн төлбөрийн үүрэгт харилцан тооцуулахгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг шүүх шийдвэрлэснээр 2012.11.07-ны өдрийн гэрээний үнэ 2.5 сая ам.долларыг Ц.Пүрэвжаргал төлсөн гэж тооцох боломжгүй болсон буюу 2014.06.24-ний өдрийн Эрх шилжүүлэх гэрээнд дурдсан 2,661,047 ам.долларыг Ц.Пүрэвжаргал бодитоор төлөөгүй. Энэ нь мөн хариуцагчийн гаргаж өгсөн баримт болох 2014.06.17-ны өдрийн Гэрээ дүгнэж, дуусгавар болсонд тооцох тухай актын 1.1-д Худалдагч ... үүргээ 2012 оны 10 сараас 2014 оны 3-р сар хүртлэх хугацаанд гэрээнд заасан нөхцлийн дагуу бурэн биөлуулж, нийт 2,661,047 ам.долларыг Худалдагчид шилжүүлсэн гэжээ. Өөрөөр хэлбэл, Жемнэт ХХК-иас Эс ти экс ситинет ХХК-д нийлүүлсэн интернетийн үйлчилгээний төлбөрийг Ц.Пүрэвжаргал өөрийн төлсөн гэх 2,661,047 ам.долларт оруулсныг нотолж байна.
Түүнчлэн, эл байдал нь ЧДИХАШШүүхийн 20170.4.14-ний шийдвэр, НИХДЗШШ-ийн 2017.8.18-ны өдрийн 1871-р магадлалын Тодорхойлох нь хэсэгт бичигдсэн Жемнэт ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгад 2012.11.07-ны өдөр Эс ти экс ситинет ХХК нь Жемнэт ХХК-ийн удирдлагуудтай харилцан тохиролцож, хувьцаа худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээнд Жемнэт ХХК нь Эс ти экс ситинет ХХК-ийн 35%-ийн хувьцааг худалдан авахаар тохиролцож, хувьцааны төлбөрийг Эс ти экс ситинет ХХК-д өгч байгаа интернетийн болон сувгийн үйлчилгээний сар бүрийн төлбөрөө барагдуулахаар болсон. Энэ нь үйлчилгээний 2012.10.01-ний өдрөөс 2014.02.28-ны өдрийг хүртэлх хугацааг хамрахын зэрэгцээ нийт төлбөр нь тухайн сар бүрийн эхний өдрийн Монгол банкны ханшаар тооцогдож явахаар болсон гэж бичигдсэнээр давхар нотлогддог.
Ийм учраас Ц.Пүрэвжаргал нь нэхэмжлэгч нарт дээрх Эрх шилжүүлэх гэрээнд дурдсан 2,661,047 ам.доллар өгсөн болохоо баримтаар нотолж чадаагүй бөгөөд х.х-ийн 37-р талд байх 2019.11.22-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараараа ...Бэ Хёг Хунь нь 2012.11.07-ны өдөр иргэн Ц.Пүрэвжаргал надтай ам.долларын хүүгүй, валютын ханшийн хөрвөгч зээлийн гэрээ байгуулсан ба би 1 сая ам.долларыг түүний банкин дахь дансанд шилжүүлж өгсөн баримттай хэмээн 1 сая ам.долларын авлагатай болохоо хүлээн зөвшөөрдөг. Гэтэл хариуцагч Ц.Пүрэвжаргал 2014.06.24-ний өдрийн Эрх шилжүүлэх гэрээг хэрэгжүүлж, 2.5 сая ам.долларын авлагадаа нэхэмжлэгч компанийн хувьцаа, ҮХЭХ-ийг авсан мэтээр шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ 2014.06.24-ний өдрийн Эрх шилжүүлэх гэрээг хэрэгжүүлж буюу 2,661,047 ам.долларт тооцон нэхэмжлэгч компаниуд хөрөнгөө шилжүүлсэн гэж тайлбарладаг. Гэтэл уг 2,661,047 ам.долларт Эс ти экс ситинет ХХК-иас Жемнэт ХХК-д төлбөл зохих интернетийн төлбөр багтаж байгаа нь нотлогдож байгаа тул НИХДЗШШ-ийн 2017.08.18-ны өдрийн 1871-р магадлалын дагуу Жемнэт ХХК-д төлбөл зохих 932,873,000 төгрөгийн өрийг мөн хаах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө дээрээ хувьцаагаа нэмж шилжүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар мөн нотлогдож байгааг шүүх анхаараагүй.
Нэхэмжлэгч нарын Ц.Пүрэвжаргал болон Жемнэт ХХК-д төлөх өр 1,000,000 ам.доллар буюу 3,496,813,000 төгрөг, үүн дээр улсын тэмдэгтийн хураамж 4,822,315 төгрөг, нийт 3,501,635,315 төгрөг болох ба уг дүнг үндэслэн хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгийг 3.5 тэр бум төгрөгөөр үнэлсэн.
4.2. Шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тухайд.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг ямар үндэслэлээр хүчингүй болгож буй хуулийн үндэслэлээ шийдвэртээ хангалттай дурдаагүй. Нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр хууль зүйн дүгнэлт хийгээгүйн улмаас Эс ти экс ситинет ХХК, Эс ти экс Монголиа ХХК, Ц.Пүрэвжаргал нарын хооронд байгуулагдсан 2018.10.26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний 2.2 дугаар заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, түүний үр дагаврыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг ямар хууль зүйн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл, 2018.10.26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний 2.2 дахь Төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн гэх заалт нь худалдан авагч Ц.Пүрэвжаргалаас бодитоор үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 3,000,000,000 төгрөгийг төлөөгүй байхад төлсөн мэтээр бичиж, эд хөрөнгийн өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд тавигдах хуулийн шаардлагыг хангахын тулд оруулсан худал заалт буюу Иргэний хуулийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь нотлогдож байхад ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ шүүх шийдвэртээ тусгаагүй. Зохигчдын хооронд байгуулагдсан 2018.10.26-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг өнгөн дээрээ хангасан мэт боловч бодитоор гэрээний зүйлийг худалдах-худалдан авах талуудын хүсэл зорилгоор байгуулагдаагүйн зэрэгцээ тус гэрээний үндсэн шинж болох гэрээний зүйлийн үнийг төлөх үүргийг худалдан авагч талд бий болгоогүй дүр үзүүлэн хийсэн гэрээ юм. Дээрх гэрээнүүд нь дүр үзүүлэн хийсэн гэрээ болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдох боломжтой.
Тухайлбал, гэрээ байгуулах сэдэл, зорилгын хувьд нэхэмжлэгч нар хөрөнгө, хөрөнгийн эрхээ худалдах зорилгогүй байсан буюу Иргэний хуулийн 195.1-д зааснаар худалдах санал гаргаагүй. Ийнхүү худалдах санал гаргаагүй нь хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогддог. Гэрээний зүйлийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх санаа зорилгогүй байсан, нэхэмжлэгч нар нь хөрөнгө, хөрөнгийн эрхээ Ц.Пүрэвжаргал болон Жемнэт ХХК-д төлөх ёстой төлбөрөө гүйцэтгэх баталгаа болгон шилжүүлээд буцаан авах зорилготой байсан нь эд хөрөнгөө худалдагчийн өмчлөлд бүр мөсөн шилжүүлэх худалдах-худалдан авах гэрээний шинжийг хангахгүй байна. Хөдлөх хөрөнгө өмчлөлд шилжүүлэх байдлаар үүргийн гүйцэтгэлийг хангаж болдог бол Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх байдлаар үүргийн гүйцэтгэлийг хангаж болохгүй болох нь Иргэний хуулийн 231.1, 231.1.6, 235 дугаар зүйлд Фидуцийн гэрээний зүйл нь хөдлөх хөрөнгө байна гэснээр нотлогдох буюу Иргэний хуулийн 56.1.1-т зааснаар хууль бус байна. Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнүүд нь өмнө дурдсанчлан үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэл зоригоор байгуулагдсан боловч уг хэлцлээ илэрхийлэх арга хэрэгслийг худалдах-худалдан авах гэрээ болгож улмаар хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байгаа нь Иргэний хуулийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн гэрээний шинжийг мөн хангаж байна. Энэ нь х.х-ийн 13-р талд байх 2018.10.19-ны өдрийн Харилцан тохиролцооны гэрээний 1.2-т шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг эргүүлэн худалдаж авах эрхийг Б тал нь шилжүүлэн өгсөн өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэрэгжүүлэх эрхтэй, 2.2-т шилжүүлэгдсэн хувьцааны хувьд, Б тал шилжүүлэн өгсөн өдрөөсөө хойш 1 жилийн хугацаанд хувьцааг эргүүлэн худалдаж авах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй гэж зааснаар нотлогдох боломжтой. Х.х-ийн 23-24-р талд байх Иргэн Пүрэвжаргалд баталгаа гаргах нь гэх бичгийн баримтад татварын дүн болон нотариатын дүнг эргэж худалдан авахдаа бид төлөх болно гэж өөрийн гараар бичиж өгсөн, анх хөрөнгө, хувьцаагаа шилжүүлэх тохиролцоо хийхдээ буюу 2018.10.19-ны өдөр Харилцан тохиролцооны гэрээ хийхдээ хувьцаагаа 1 жилийн дотор, үл хөдлөх эд хөрөнгөө 6 сарын дотор буцаан авна гэх хүсэл зоригоо илэрхийлсэн байгааг нотолно. Нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн захирал Бэ Хёг Хунь Монгол хэл мэдэхгүйн зэрэгцээ хариуцагч, Жемнэт ХХК-д итгэсний улмаас тэдгээрийн бэлтгэсэн гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Худалдан авагч нь худалдах-худалдан авах гэрээний хариу үүрэг буюу гэрээний зүйлийн үнийг нь төлөх хүсэл зориггүй буюу ийм үүрэг хүлээгээгүй байдаг.
Иймд дээрх худалдах-худалдан авах гэрээнүүд нь Иргэний хуулийн 243.1-д заасан гэрээний шинжээс илүүтэй Иргэний хуулийн 56.1-т заасан хүчин төгөлдөр бус гэрээний шинжийг хангаж байна. Хүчин төгөлдөр бус байх гэрээнээс татгалзах хууль зүйн боломжгүй учраас гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.
Хэдийгээр дээрх худалдах-худалдан авах гэрээнүүд хүчин төгөлдөр бус байх гэрээ ч нэхэмжлэгч өөрийн болон хариуцагчийн ашиг сонирхлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 56.2-т Энэ хуулийн 56.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заасны дагуу хариуцагч авлагадаа тооцон үл хөдлөх эд хөрөнгө, хувьцааг авсан гэсэн гэх тайлбар шүүхэд гаргасан тул хариуцагчид төлбөл зохих өглөг 1,000,000 ам.доллар буюу 2,563,940,000 төгрөгтөө үл хөдлөх эд хөрөнгийг үлдээж, зөрүү 436,060,000 төгрөг, хувьцаагаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжилсэн, нөгөө талаас анхан шатны шүүхээс хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх талаар дүгнэлт хийгээгүй. Хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй буюу нэхэмжлэгч компаниудын 3.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үл хөдлөх эд хөрөнгө, хувьцааг өөртөө үлдээх эрхтэй болохоо нотлох нь тэгш эрхийн зарчимд нийцнэ. Хавтаст хэрэгт цугларсан баримтаар хариуцагч хамгийн багадаа 3.5 тэрбум төгрөгийн авлагатай болохоо нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнө ийм хэмжээний үнийн дүн бүхий үүрэг хүлээгээгүй гэдгээ нотлох замаар нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон болно. Иргэний хуулийн агуулга, хэм хэмжээгээр үүрэг үүсээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх мөн үүсэхээргүй байх бөгөөд шаардах эрх үүсээгүй тохиолдолд аливаа байдлаар өмчлөл, эзэмшилдээ шилжүүлэн авсан хөрөнгийг өөртөө үлдээх хууль зүйн боломж байхгүй тул нэхэмжлэгчийн эсрэг гаргавал зохих шаардлагаасаа илүү давсан үнэ бүхий хөрөнгө, эдийн бус эрхийг шилжүүлэн авсан хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн зөрүү, хувьцааг гаргуулж нэхэмжлэгчийн эрхийг сэргээж өгнө үү.
Иймд магадлалыг хүчингүй болгож, дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангах тухай өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж ИХХШТХ-ийн 172-р зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт ...нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлд дүгнэлт өгөх боломжгүй гэж ойлгомжгүй дүгнэсэн, зохих дүгнэлтийг хийгээгүй, үйл баримтыг тогтоогоогүй, талуудыг мэтгэлцүүлээгүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй гэжээ. Анхан шатны шүүх талуудын шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримтууд, тайлбарт дүгнэлт хийж үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нь ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй гэж зөв дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаа гаргаж өгөх хугацаа хангалттай байсан боловч гаргаж өгөөгүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон тайлбаруудад үндэслэж дүгнэлт хийсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дүгнэлт өгөх боломжгүй гэж ойлгомжгүй дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн. Мөн нэхэмжлэгчийн маргаагүй зүйлийг санаачлагаараа гарган ирж байгаа нь илт хууль бус гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
7. Магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахаар, хариуцагч талаас шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр тус тус хяналтын журмаар гомдол гаргажээ.
Нэхэмжлэгч Эс ти экс Монголиа ХХК, Эс ти экс ситинет ХХК хариуцагч Ц.Пүрэвжаргалд холбогдуулан 2018.10.26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний 2.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн зөрүү үнэ 436,060,000 төгрөг болон Хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн 20,387,500 ширхэг хувьцааг тус тус буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.
8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...зохигчийн хооронд байгуулсан 2018.10.26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний 2.2. дахь заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ бодит байдалд нийцээгүй, дүр үзүүлсэн гэрээний нөхцөл болсон гэж тодорхойлжээ.
Маргааны зүйл болсон 2018.10.26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч Эс ти экс ситинет ХХК нь өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Их тойруу 21 хаягт байрлах 1,260 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч Ц.Пүрэвжаргалд 3,000,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээний 2.2.-т төлбөр төлөх нөхцөл-төлбөр бүрэн төлөгдсөн гэж тусгагджээ.
Гэрээний дээрх заалтыг нэхэмжлэгч талаас ...бодит байдалд үл хөдлөх эд хөрөнгийн үнэ төлөгдөөгүй... гэх үндэслэлээр тухайн заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, үр дагаврыг арилгуулахаар шаардсан, хариуцагч ...гэрээний дээрх тохиролцоогоор талуудын хооронд үүссэн өмнөх гэрээний үүрэг дуусгавар болсон тул хэлцэл хүчин төгөлдөр... гэж маргасан байна.
9. Дээрх маргаан зохигчийн хооронд байгуулагдсан 2012.11.07-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, 2014.06.17-ны өдрийн Гэрээг дүгнэж, дуусгавар болсонд тооцох тухай акт, 2014.06.24-ний өдөр Эрх шилжүүлэх гэрээ, улмаар 2017.08.18-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1871 дугаартай магадлалтай холбоотой талаар нэхэмжлэгч тайлбарлаж, холбогдох баримтыг гаргаж өгсөн боловч талууд энэ талаар мэтгэлцээгүй, шүүх маргаантай үйл баримтыг үндэслэл бүхий тогтоогоогүйгээс нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй, улмаар уг маргаантай харилцаанд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, ...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээ ямар хүсэл зоригийн дагуу хийгдсэн нь тодорхойгүй, ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй... гэсэн зөрчилтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
10. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй, үйл баримтыг тогтоогоогүй, талуудыг мэтгэлцүүлээгүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж, алдааг залруулах боломжгүй гэж дүгнэн, шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасныг буруутгах үндэслэлгүй, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.1.3., 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтыг зөрчөөгүй тул ...магадлалыг хүчингүй болгож, ...шийдвэрийг хэвээр үлдээх-ийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй.
11. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахаар хяналтын журмаар гомдол гаргасан байна.
Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байж, зохигч энэ талаар мэтгэлцсэний үндсэн дээр шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангах, эсхүл заримыг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, эсхүл нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэрийн аль нэгийг гаргах учиртай.
Нэхэмжлэгч нь гэрээний нэг заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үр дагаврыг шийдвэрлүүлэх, хувьцааг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх боловч нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна.
Тухайлбал, нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэгч нь 2018.10.26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах,худалдан авах гэрээгээр худалдаж, худалдан авахаар харилцан тохиролцсон 3,000,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүн төлөгдөөгүй байхад гэрээний 2.2.-т ...төлбөр бүрэн төлөгдсөн... гэж тодорхойлсон нь бодит байдалд нийцээгүй гэх үндэслэлээр гэрээний дээрх заалтыг хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж, үр дагаврыг шаардахдаа хоорондын тооцоотой холбоотой хариуцагчид төлөх төлбөрөө хасаж, зөрүү мөнгийг гаргуулахыг хүссэн агуулгатай байна
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага зохигчийн хооронд байгуулагдсан өмнөх гэрээнүүдтэй холбоотой гэж үзсэн тохиолдолд шүүх шаардлагын үндэслэл болсон өмнөх гэрээтэй холбоотой дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэх, улмаар зохигч дээрх гэрээнүүдийн талаар мэтгэлцсэн байх, шаардлагатай тохиолдолд шүүх үйл баримтын талаар тодруулах учиртай.
Энэ талаар анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй тул хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, иймд ...давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах-ыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 796 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Эс ти экс ситинет ХХК-иас 2020.05.12-ны өдөр төлсөн 2,408,450 төгрөгийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамираас 2020.05.11-ний өдөр төлсөн 2,408,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Б.МӨНХТУЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД