Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2020/00697

 

 

  

 

 

 

 

 

2020 оны03 срын 24 өдөр

                           181/ШШ2020/00697

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Хан Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул 1 хотхон 108 тоот хаягт байрлах С  ХХК /рд: 5527368/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сити центр, 13-01 тоот хаягт байрлах У Х К н ХХК /рд:5285674/-д холбогдох,

300,000,000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Содхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтан-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр У Х К н ХХК-аас Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах №0232751 тоот гэрчилгээтэй 288 мкв талбайтай орон сууцны зориулалттай газрыг Мандах инвест ХХК-ийн нэр дээр газар эзэмшүүлэх, эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулан 300,000,000 төгрөгөөр худалдаж авсан юм. 

2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, 2015 оны 06 дугаар сард газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэх хүсэлтийг зохих байгууллагад тавьсан боловч бидний хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Учир нь тус газар нь Газрын тухай хууль зөрчиж хийгдсэн, хүчин төгөлдөр бус гэрээ, мөн тус газар нь Эрчим хүчний тухай хууль зөрчиж явагдсан гэх шалтгаанууд байсан.

У Х К н ХХК-аар дамжуулж гэрээ хийсэн. С  ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани юм. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид газар эзэмшүүлэх гэрээг шилжүүлдэггүй юм байна лээ. Иймээс хамтран ажиллаж байсан Мандах инвест ХХК-ийн нэр дээр У Х К н ХХК-тай гэрээ байгуулж газрыг худалдаж авсан. Бид гэрээг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. 

Кассын орлогын ордер буюу У Х К н ХХК-аас 300,000,000 төгрөгийг хүлээж авсан компанийн тамга, нягтлан бодогчийн гарын үсэгтэй баримтыг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнтэй холбоотойгоор газар эзэмшүүлэх, эрх шилжүүлэх гэрээг шүүхэд гаргаж өгсөн. 

Мандах инвест ХХК-ийн захирал биечлэн шүүх хуралдаанд 2 удаа оролцож мөн бичгээр С  ХХК-ийг төлөөлж 300,000,000 төгрөгөөр худалдаж авсан нь үнэн, энэ нь манай компанид хамааралгүй, 300,000,000 төгрөг нь С  ХХК-аас гарсан, 300,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрх нь С  ХХК-д хадгалагдаж байгаа гэдгийг шүүх хуралдаанд оролцож болон бичгээр баримт гаргаж өгсөн. 

300,000,000 төгрөгийн кассын орлогын баримтыг У Х К н ХХК-ийн нягтлан бодогч нь гарын үсэг зураад манай ажилтанд хүлээж авлаа гэсэн баримтыг өгсөн байсан. Энэ баримтыг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд манай компанийн хохирол болох 300,000,000 төгрөгийг У Х К н ХХК-аас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой байх ёстой. С  ХХК нь ямар нэгэн байдлаар хамааралгүй компанийн гэрээг үндэслэж нэхэмжлэл гаргасан байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээ байгуулаад 300,000,000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн гэрээ нь хавтаст хэрэгт байхгүй. Энэ талаар ямар нэгэн нотлох баримт авагдаагүй. 

Хавтаст хэрэгт Мандах инвест ХХК, У Х К н ХХК нарын хооронд байгуулагдсан газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ байгаа. Энэ гэрээ нь хууль эрх зүй, шалтгаант холбооны хувьд нэхэмжлэлтэй ямар холбоотой болох тайлбарыг нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад хэргийг өдий хугацаанд хянан хэлэлцэж байгаа нь хууль бус гэж үзэж байна. 

Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Иргэний хуулийн хамгийн гол зарчим бол гэрээний үүргийг шударгаар биелүүлэх юм. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хууль зүйн хувьд зөв дүгнэх, түүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэхдээ үндэслэл, шалтгаант холбоог зайлшгүй тогтоох ёстой. 

Мандах инвест ХХК, У Х К н ХХК нарын хооронд байгуулагдсан  газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг үндэслэл болгож гаргасан нэхэмжлэл нь хуульзүйн хувьд үндэслэлгүй болох нь харагдаж байгаа тул шүүх үүнийг анхаарч үзнэ үү. 

Талууд гэрээнд заасан заалт нэг бүрээ ёсчлон биелүүлэх үүрэгтэй. Иймээс энэ гэрээ нь хууль эрх зүйн хувьд хүчинтэй эсэх, талууд энэ гэрээнээс татгалзсан эсэх дээр шүүх зайлшгүй ач холбогдол өгч авч хэлэлцэх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч гэрээний эрх зүй үйлдсэн бол энэ гэрээ хэрхэн яаж шийдвэрлэх юм гэдэг дээр ач холбогдол байгаа юм. 

Магадгүй Мандах инвест ХХК гэрээнээсээ татгалзаж болно, эсхүл гэрээгээ цуцалж болно. Энэ эрхэд нь С  ХХК халдаж байна. У Х К н ХХК-д Мандах инвест ХХК-аас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрх байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой. 

Мандах инвест ХХК газар эзэмшүүлэх, эрх шилжүүлэх гэрээг байгуулах явцад газар эзэмших эрхийн гэрээ, хэлцэл байсан бол энэ нь хууль ёсны эрх зүйн баримтууд байсан гэж үзэхээр байна. Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ хууль зөрчигдсөн эсэх, хууль ёсоор газар олгогдол явагдсан эсэхийг У Х К н ХХК хариуцах эрх зүйн боломжгүй. 

С  ХХК нэхэмжлэл гаргаснаас хойш захиргааны эрх зүйн маргаан байх магадлалтай, У Х К н ХХК энэ асуудлыг шийдвэрлэсний дараа С  ХХК нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой гэж удаа дараа хэлж байсан. Гэтэл энэ асуудлыг өнөөдрийг хүртэлх хугацаанд анхаарч үзээгүй. 

Газар эзэмших эрхийн холбогдох баримтуудыг шүүх анхаарч үзнэ үү. Эдгээр баримтуудад эрх зүйн талаас нь зөв дүгнэлт өгч энэ маргааныг нэг тийш шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Мөн үндэслэлгүй байдлаар удаан хугацаанд шүүх хуралдааныг хойшлуулж хэлэлцэхгүй байгаа нөхцөл байдлаас хамаарч талуудын эрх зөрчигдөж байна. Иймээс асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С  ХХК нь хариуцагч У Х К н ХХК-д холбогдуулан 300,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч У Х К н ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С  ХХК нь “...У Х К н ХХК-аас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хан Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 288 м.кв талбайтай газрыг орон сууцны зориулалттай газрыг “Мандах инвест” ХХК-ийн нэр дээр “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” гэрээ байгуулж, газрын төлбөрт 300,000,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл, Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Газар дээрээ барилга байгууламж барихгүй тул асуудлыг судлахаар хойшлуулав” гэж нэр шилжүүлэхээс татгалзсан. Иймд У Х К н ХХК-д уг газрын төлбөрт шилжүүлсэн 300,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж, хариуцагч У Х К н ХХК нь “...С  ХХК-тай иргэний эрх зүйн харилцаанд ороогүй, Бид Мандах инвест ХХК-д газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний төлбөр, тооцоотой холбоотой асуудлаар гэрээний талуудын хооронд маргаан үүсээгүй байхад С  ХХК нь  газрын төлбөр гэх 300,000,000 төгрөгийг шаардах эрхгүй. У Х К н ХХК-ийн кассын орлогын ордер нь манай байгууллагад хувь байхгүй. Уг мөнгийг манай компани хүлээн аваагүй. Уг мөнгийг С  ХХК-ийн бичвэр байхгүй” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлын үндэслэлийн тус тус тайлбарласан.

 

Хариуцагч У Х К н ХХК болон Мандах Инвест ХХК-ийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу У Х К н ХХК  нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 288 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай газрыг Мандах Инвест ХХК-ийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцжээ.

 

Гэрч Мандах Инвест ХХК-ийн захирал Д.Мандах “...С  ХХК нь газар худалдаж авлаа гээд бүх тохиролцоо үнэ ханшаа өөрсдөө хийсэн байсан. С  ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани учраас манай компанид хүсэлт гаргасан. Тус хүсэлт нь газрыг танай компанийн нэр дээр шилжүүлж авъя., ... Энэ хүсэлтийн дагуу би У Х К н ХХК-ийн оффис дээр очоод захиралтай нь гэрээг зурж өгсөн. Тухайн үед тохирсон үнийн дагуу С  ХХК-ийн ажилтнууд ирээд төлбөр тооцоогоо бэлнээр өгөлцөж авалцсан. Манай компани нэр дээр шилжихэд Нийслэлийн Засаг даргын захирамж гардаг, Гадаадын компанид шилжүүлэхэд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гардаг” /хх-ийн 47 дахь тал/ гэх мэдүүлгээс дүгнэхэд У Х К н ХХК болон Мандах Инвест ХХК-ийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ”-ний төлбөрийг С  ХХК нь төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Шүүх У Х К н ХХК болон Мандах Инвест ХХК-ийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ”-ний хүчин төгөлдөр байдал болон гэрээний үр дагаврын талаар дүгнэх шаардлагагүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч С  ХХК болон У Х К н ХХК нарын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь У Х К н ХХК болон Мандах Инвест ХХК-ийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ”-ний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй ба Мандах Инвест ХХК-ийн өмнөөс газрын төлбөр төлөх үүрэг хүлээсэн байдал, мөн хариуцагч У Х К н ХХК нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн байдал баримтаар нотлогдохгүй байна.

 

Хариуцагч У Х К н ХХК-д 300,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь гэрч Мандах Инвест ХХК-ийн захирал Д.Мандах, Gao Qifeng  нарын мэлүүлэг /нэгдүгээр хх-ийн 47-49, 131-133 дахь тал/, У Х К н ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын кассын орлогын ордер /нэгдүгээр хх-ийн 115 дахь тал/, Хас банк ХХК-ийн зарлагын баримт /нэгдүгээр хх-ийн 232 дахь тал/ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч С  ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хас банк ХХК дахь 5000431143 тоот данснаас 1,100,000 /нэг сая нэг зуун мянган/ юанийн бэлэн зарлага хийсэн, уг хугацаанаас 2 хоногийн дараа буюу 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хэлцэл хийгдэж, мөнгө шилжсэн үйл баримтаас нь газрын төлбөрийг төлөх зорилгоор бэлэн зарлага хийсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдов.

 

Талуудын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй байх тул хариуцагч У Х К н ХХК нь 300,000,000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч У Х К н ХХК-иас 300,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С  ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч У Х К н ХХК-иас 300,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С  ХХК-д олгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,658,000 төгрөгөөс 1,657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 50 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,657,950 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР