Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2020/00621

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Т” ХХК/РД: /,

 

Нэхэмжлэгч: Д.Ж/РД: / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б албанд холбогдох

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “К” эрх хүлээн авагч//,

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Т” ХХК, Д.Ж нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунбилэг, гуравдагч этгээд К эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК, Д.Ж нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.18-ны өдринй 181/ШШ2019/01384 дугаартай шийдвэрийн дагуу Т ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,343,471,880.66 төгрөг гаргуулж, Т ХХК болон Д.Ж нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.Төлбөр авагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсаны дагуу тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн явуулж байгаа болно.

Уг ажиллагааны дагуу барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх, хураан авах ажиллагааг явуулж улмаар төлбөр авагч барьцаа хөрөнгүүдийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлээр барьцаа хөрөнгийн үнэлгээг Ашид билгүүн ХХК-иар хийлгэсэн байдаг. Тус компанийн үнэлгээгээр барьцаа хөрөнгийг 1,405,894,062/нэг тэрбум дөрвөн зуун таван сая найман зуун ерэн дөрвөн мянга жаран хоёр/ төгрөгөөр үнэлсэн. Үүнд:

1. СХД-ийн 20 дугаар хороо, гудамж нэгж талбарын 18630309430755 дугаар бүхийн 12,000 м.кв талбайтай, эзэмших эрхийн гэрчилгээний 0232264 дугаарт бүртгэлтэй үйлдвэрлэлийн зориулалттай газрыг 908,466,858 төгрөг, хашааг 48,006,000 төгрөг, нийт 956,472,858 төгрөгөөр,

2. Гүний худгийн байрыг 2,597,970 төгрөгөөр,

3. Өндөр хүчдэлийн трансформаторыг 25,150,000 төгрөгөөр,

4. Манаачийн байрыг 5,438,102 төгрөгөөр,

5. Эрхийн бүртгэлийн Ү-2201032702 дугаартай СХД-ийн 20 дугаар хороо Орбит /18171/ 88/2 тоотод байрлалтай 760 м.кв талбайтай, 45 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 128,216,969 төгрөгөөр,

6. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016905 дугаарай СХД-ийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 1295/21 тоотод байрлах 344 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 258,825,230 төгрөгөөр,

7. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016905 дугаартай Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороололд орших 12:6:3 хэмжээтэй дөрвөн автомашиины гражийн барилга 72 м.кв талбайтай автомашины граж, газрын хамт 29,192,934 төгрөгөөр,

8. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004862 дугаартай БГД-ийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 47 м.кв 4 өрөө орон сууцыг 99,461,900 төгрөгөөр тус тус үнэлжээ.

Барьцаа хөрөнгийг дээрх байдлаар үнэлсэн үнэлгээг манай компани болон надад 2019.12.12-ны өдөр дээрх үнэлгээний 70 хувиар тооцож, анхны дуудлага худалдаанд оруулах тухай 2019.12.11-ний өдрийн 3/16711 дугаартай мэдэгдлийг Д.Ж надад 2019.12.12-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч А.Алимаа танилцуулахад мэдсэн бөгөөд миний бие болон манай компани дээрх үнэлгээг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 зүйлийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байна.

1. Үнэлгээг бодитоор хийгээгүй. Хөрөнгийн үнэлгээний ашид билгүүн компани хөрөнгийг үнэлгээг бодитоор хийгээгүй манай компанийн зүгээс ердөө cap гаруй хугацааны өмнө буюу 2019.10.23-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний Итгэлт эстимэйт ХХК-ийн компаниар дээрх газар, үйлдвэрийн барилга, дуусаагүй барилга, харуулын байр, худгийн байр, гараж, блокон хашаа, трансформатар, орон сууц, автомашины граж зэрэг хөрөнгүүдийг 2,047,321,400 төгрөгөөр үнэлж байсан. Гэтэл Ашид билгүүн ХХК нь ердөө cap гаруйхны дараа үнэлэхдээ 641 гаруй сая төгрөгийн зөрүүтэй, үндэслэлгүй үнэлгээ тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэх нэг бодит шалтгаан болж байна.

2. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан 2014.12.18-ны өдрийн Барьцааны гэрээгээр 760 м.кв 45 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 200,000,000 төгрөгөөр, 47 м.кв орон сууцыг 150,000,000 төгрөгөөр, автомашины гражийн 20,000,000 төгрөгөөр 344 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай барилгыг 300,000,000 төгрөгөөр үнэлж байсан зэрэгтэй харьцуулбал Ашид билгүүн ХХК-ийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээ зах зээлийн үнээс хэт доогуур, төлбөрийн үнийн дүнтэй дүйцүүлэх гэсэн зохиомол үнэлгээ болох нь илэрхий гэж үзэж байна.

Иймд барьцаа хөрөнгүүдийг нийт 1,405,894,062/нэг тэрбум дөрвөн зуун таван сая найман зуун ерэн дөрвөн мянга жаран хоёр/ төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээг үндэслэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Б албаны тасгийн даргын 2019.12.11-ний 3/16711, 3/16712 дугаартай мэдэгдпүүдэд заасан эд хөрөнгийн анхны дууддага худалдаанд санал болгохоор тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Б албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунбилэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “Т” ХХК, Д.Жы гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01384 дүгээр шийдвэрээр “Т” ХХКомпаниас 1.380.497.189 төгрөгийг гаргуулж, “Капитал банк”-д олгохоор шийдвэрлэсний дагуу 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч “Т” ХХКомпаний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан:

1. эрхийн улсын бүртгэлийн Ү-2201032702 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, орбит /18171/, 88/2 тоот 760 м.кв талбайтай, 45 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

2. эрхийн улсын бүртгэлийн Ү-2201016694 дугаарт бүртгэлтэй мөн дүүргийн 20 дугаар Энхтайваны өргөн чөлөө, 1295/2 тоот, 344 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай барилга,

3. эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016905 дугаарт бүртгэлтэй Т ХХКомпаний гүйцэтгэх захирал Д.Ж /ЧП59032860/-ны өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 12”6”3 хэмжээтэй 4 автомашины гражийн барилга, 72 м.кв талбайтай газрын хамт,

4. эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004862 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7 дугаар байрны 40 тоот, 47 м.кв талбайтай 4 өрөө орон сууц,

5. “Т” ХХКомпаний эзэмшлийн нэгж талбарын 18630309430755 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 12.000 м.кв талбайтай 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжилж, хураасан.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад

1. эрхийн улсын бүртгэлийн Ү-2201032702 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, орбит /18171/, 88/2 тоот 760 м.кв талбайтай, 45 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 141.483.800 төгрөгөөр

2. эрхийн улсын бүртгэлийн Ү-2201016694 дугаарт бүртгэлтэй мөн дүүргийн 20 дугаар Энхтайваны өргөн чөлөө, 1295/2 тоот, 344 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай барилгыг 339.673.000 төгрөгөөр

3. эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016905 дугаарт бүртгэлтэй Т ХХКомпаний гүйцэтгэх захирал Д.Ж /ЧП59032860/-ны өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 12”6”3 хэмжээтэй 4 автомашины гражийн барилга, 72 м.кв талбайтай газрын хамт 80.000.000 төгрөгөөр,

4. “Т” ХХКомпаний эзэмшлийн нэгж талбарын 18630309430755 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 12.000 м.кв талбайтай 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг 1.292.929.700 төгрөгөөр, газар дээр байгаа блокон хашааг 48.886.200 төгрөгөөр, трансформаторыг 26.180.000 төгрөгөөр, худгийн байрыг 6.152.800 төгрөгөөр, харуулын байрыг 12.554.100 төгрөгөөр тус тус “Итгэлт эстимэйнт” ХХКомапаниар үнэлүүлсэн үнэлгээний саналаа ирүүлсэн.

5. “Итгэлт эстимэйнт” ХХКомапаниар эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004862 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7 дугаар байрны 40 тоот, 47 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 99.461.900 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч тал зөвшөөрч маргаагүй тул бусад хөрөнгөн дээр харилцан тохиролцоогүй тул шинжээч томилох хүсэлт ирүүлж, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/29 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХКомпанийг томилоход

1. бүртгэлийн Ү-2201032702 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, орбит /18171/, 88/2 тоот 760 м.кв талбайтай, 45 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг үнэлгээчний тогттоосон үнэлгээ 128.216.969 төгрөгөөр,

2. бүртгэлийн Ү-2201016694 дугаарт бүртгэлтэй мөн дүүргийн 20 дугаар Энхтайваны өргөн чөлөө, 1295/2 тоот, 344 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай барилгыг 258.825.230 төгрөгөөр,

3. эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016905 дугаарт бүртгэлтэй Т ХХКомпаний гүйцэтгэх захирал Д.Ж /ЧП59032860/-ны өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 12”6”3 хэмжээтэй 4 автомашины гражийн барилга, 72 м.кв талбайтай газрын хамт шинжээчийн үнэлгээ болох 29.192.934 төгрөгөөр,

4. нэгж талбарын 18630309430755 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 12.000 м.кв талбайтай 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг үнэлгээчний тогттоосон үнэлгээ 908.466.858 төгрөг, хашааг 48.006.000 төгрөг, гүнийн худаг 2.597.970 төгрөг, манаачийн байр 5.438.102 төгрөг, өндөр хүчдэлийн трасформаторыг 25.150.000 төгрөг нийт 989.658.930 төгрөг, нийт 1.405.894.062 төгрөгөөр үнэлсэн.

Хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгчийн хаягаар очиж Д.Жд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3/16711, 3/16712 тоот албан бичгийг гардуулан өгч гарын үсэг зуруулсан.

Анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлаж албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 3/340, 3/341 дугаар мэдэгдэл, 01/03 дугаар тогтоолыг төлбөр төлөгчийн хаягаар очиж Д.Жд гардуулан өгч гарын үсэг зуруулсан.

Анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр оруулах явцад Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/Ш32020/00884 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч талын гаргасан тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэлд дурдсан төлбөр авагчийн барьцаа хөрөнгөд хийсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас шийдвэр гүйцэтгэгч “Ашид билгүүн” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн. Тэрийг хүлээн зөвшөөрч байна. Мөн нэхэмжлэлдээ хөрөнгийн үнэлгээг бодитой хийгээгүй гэсэн зүйлийг дурдсан. Тухайлбал, хөрөнгийн үнэлгээний тайлан дотор байгаа гараж, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016905 дугаартай Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороололд байрлах 4 автомашины гаражид хийсэн “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан ямар үнэлгээний тайлантай харьцуулж үнэлсэн нь тодорхой харагддаггүй. Тийм учраас “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн хийсэн үнэлгээ үндэслэлгүй. Мөн барьцаа хөрөнгүүдийн зээлийн гэрээ байгуулагдах үед хийж байсан үнэлгээ зөрүүтэй хийгдсэн гэж байна. Зээлийн гэрээ 2011 онд байгуулагдсан байдаг. Нийт 9 жил өнгөрсөн байна. Үүнээс хойш зах зээл өөрчлөгдсөн, мөн 9 жилийн өмнөх хугацаа дахь эд хөрөнгөд хийсэн үнэлгээг барьцааны эд хөрөнгөнд хийсэн үнэлгээтэй харьцуулахад бага байна гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн Зээлийн гэрээ байгуулах үед хийсэн үнэлгээг авч харьцуулж үзнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Зөвхөн төлбөр авагч нь барьцаа хөрөнгүүдэд үнийн саналаа гаргана. Үнийн саналыг төлбөр төлөгч хүлээн зөвшөөрөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилуулах журамтай байгаа. Энэ журмын дагуу шинжээчээр Ашид билгүүн компанийг томилж, үнэлгээ хийлгэсэн. Энэ үнэлгээ хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон гэж дүгнэж байна. Мөн 1 үнэлгээг “Итгэлт-Эстимэйт” ХХК-иар хийлгүүлээд, барьцаа хөрөнгөнд үнийн саналыг гаргаад, төлбөр авагчид ирүүлсэн байдаг.  Үүнтэй танилцаад, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7 байрны 40 тоот, 47 метр квадрат талбайтай, 4 өрөө орон сууцыг 99,461,900 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөд, бусад үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэе гэсэн хүсэлтийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчид албан тоотоор хүргүүлсэн.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                          

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Т” ХХК, Д.Ж нар хариуцагч Б албанд холбогдуулан төлбөрт хураагдсан эд хөрөнгийн анхны дуудлага худалдаанд санал болгохоор тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б алба нь хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К эрх хүлээн авагч нь үнэлгээ хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 01384 дугаар шийдвэрээр “Т” ХХК-иас 1 373 471 880.66/нэг тэрбум гурван зуун далан гурван сая дөрвөн зуун далан нэгэн мянга найман зуун наян төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 7 025 309.4/долоон сая хорин таван мянга гурван зуун есөн төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулан “Капитал банк” ХХК-д олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө улсын бүртгэлийн Ү-2205004862 дугаарт бүртгэлтэй, 0023662 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол, 7-р байрны 10 тоот хаягт байршилтай, 47 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016905 дугаарт бүртгэлтэй, 0023718 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороололд орших 12x6x3 хэмжээтэй 4 автомашины гаражийн барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201016694 дугаарт бүртгэлтэй, 000166198 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 1295/21 тоот хаягт байршилтай, 344 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201032702 дугаарт бүртгэлтэй, 000247994 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Орбит /18171/, 88/2 тоот хаягт байршилтай, 760 м.кв талбайтай, 45 хувийн гүйцэтгэлтэй, үйлдвэрлэлийн зориулалттай дуусаагүй барилга, 18630309430755 нэгж талбарын дугаартай, 0232264 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороонд байрлах, 12.000 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх, 0101001566 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 72 м.кв талбай бүхий автомашины гаражийн зориулалттай 15 жилийн хугацаатай газах эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 00593 дугаар гүйцэтгэх хуудас олгогдож, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 19280888 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн болох нь 01384 дугаар шийдвэрийн болон 00593 дугаар гүйцэтгэх хуудсын, 19280888 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх ... шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно.”, 44.2.8-д “гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн ... бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах ...” гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.8 дахь заалтад зааснаар хариуцагч нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 01384 дугаар шийдвэрт заасан барьцаа хөрөнгүүдийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болон 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр битүүмжилж, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хураасан болох нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 19280888/05 дугаар болон 19280888/07 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбараар, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19280888/08 дугаар болон 19280888/09 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбараар, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 19280888/11 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбараар, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 19280888/12 дугаар, 19280888/13 дугаар, 19280888/14 дугаар, 19280888/18 дугаар, 19280888/19 дугаар, 19280888/20 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолуудын хуулбараар тогтоогдож байна.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Дараахь хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ:”, 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө;” гэж заасан.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч болон төлбөр авагч “Капитал банк” ХХК нар нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 01384 дугаар шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох 47 м.кв талбайтай 4 өрөө орон сууцнаас бусад барьцаа хөрөнгүүдийн үнэлгээг тохиролцоогүй болох нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 93/19 дугаар албан бичгийн хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2373 дугаар Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шинжээчээр “Ашид Билгүүн” ХХК-ийг томилж, шинжээч “Ашид Билгүүн” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Үнэлгээний тайлан гаргасан болох нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/29 дугаар Шинжээч томилох тухай тогтоолын болон “Ашид Билгүүн” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Үнэлгээний тайлангийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Хариуцагч нь “Ашид Билгүүн” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Үнэлгээний тайланг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан болох нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбараар тогтоогдож байна.

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж ... тэмдэглэл хөтөлнө.” гэж заасан.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь шинжээчийн дүгнэлт буюу “Ашид Билгүүн” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Үнэлгээний тайланг нэхэмжлэгч нарт 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн болох нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн № 3/16711 болон 3/16712 дугаар Мэдэгдлийн болон 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т “Дуудлага худалдааг Иргэний хууль, энэ хуульд заасан журмын дагуу явуулна.”, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн ... 70 хувиар тооцон тогтооно ...” гэж заасан.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 01384 дугаар шийдвэрт заасан барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулах анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр явуулахаар 01/03 дугаар тогтоол гаргасан болох нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/03 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн № 3/340 дугаар болон № 3/341 дугаар мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 01384 дугаар шийдвэрт заасан барьцаа хөрөнгүүдийг анхны дуудлага худалдаанд санал болгох доод үнийг 70/дал/ хувиар тооцон тогтоосон нь хуульд нийцсэн байна.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 01384 дугаар шийдвэрт заасан барьцаа хөрөнгүүдийг анхны дуудлага худалдаанд санал болгохоор тогтоосон үнэлгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК, Д.Ж нарын төлбөрт хураагдсан эд хөрөнгүүдийн анхны дуудлага худалдаанд санал болгохоор тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК, Д.Ж нарын төлбөрт хураагдсан эд хөрөнгүүдийн анхны дуудлага худалдаанд санал болгохоор тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК, Д.Ж нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ