Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 24

 

 

Капитал банкны нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2018/00130 дугаар шийдвэртэй, Капитал банкны Ховд аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржавын багийн 62 айлын орон сууцны 10 тоотод оршин суух Тольтон бургууд овогт Даваажавын Басбишид  холбогдох иргэний хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саруулзам, хариуцагч Д.Басбиш, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үндсэн төлбөр 247.267.776.38 төгрөг, зээлийн хүү 69.828.263.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.873.258.32 төгрөг нийт 326.969.298.66 төгрөг гаргуулах тухай.

            Нэхэмжлэлийн агуулга: “Д.Басбиш нь 2011 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус банктай 153 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 584,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай сарын 1,6 хувийн хүүтэй жижиг дунд бизнесийн зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож эзэмшлийн газар, ресторан, агуулахын барилга, гурил, Цамбагарав зочид буудал, Мичид хүнсний дэлгүүр, граж, эзэмшлийн газар, цехийн барилга зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан.

            Зээлдэгч Д.Басбиш нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 336,732,223 төгрөг, зээлийн хүү 328,478,454 төгрөг, торгуулийн хүү 2,294,895 төгрөг, нийт 667,505,574 төгрөгийг төлсөн. Д.Басбиш нь 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус банктай 153 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикаа зөрчин 615 хоногийн хугацаанд зээлээ төлөөгүй байгаа ба гэрээний дагуу төлөгдөх зээлийн өрийн үлдэгдэл 326,969,298 төгрөг байна. Иймд Д.Басбишээс үндсэн зээлийн төлбөр 247,267,776 төгрөг, зээлийн хүү 69,828,263 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,873,258 төгрөг, нийт 326,969,298 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагчийн хариу тайлбар: “Энэ хэргийн талаар Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 517 дугаартай шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 119 дугаартай магадлалаар тус тус хянан шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад Капитал банкны Ховд аймаг дахь салбарын нэхэмжлэлийг дахин хүлээн авч хэлэлцэх гэж байгаа нь Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-д заасан шүүхээр хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлыг дахин авч хэлэлцэхгүй гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна. Капитал банктай 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 153 дугаартай зээлийн гэрээний 3.4.1-д зээлийн зориулалт жижиг дунд бизнес гурилын бизнест зориулагдана гэсэн заалт, мөн гэрээний 4.1.1-д зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гэрээнд заасан хэмжээний зээлийг авах эрхтэй гэсэн заалт гэрээний 4.2.2-д зээлийн гэрээний 3.5 дахь заалтад зээлийг зориулалтын дагуу ашиглах ба бусдад дамжуулан зээлдүүлэхгүй гэсэн заалт, гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1-д заасан зээлийн хөрөнгөөр гүйцэтгэх төлбөр тооцоог бүрэн түргэн шуурхай гүйцэтгэх, 5.2.3-д зориулалтын дагуу зээлийн хөрөнгийг шилжүүлэх, 5.2.8-д гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх гэсэн заалтуудыг Капитал банк зөрчсөн байна. Капитал банкнаас иргэн Д.Басбишид жижиг дунд үйлдвэр гурилын бизнест зориулан зээл олгоно гэж 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 153 дугаартай зээлийн гэрээ байгуулаад миний 203300630 тоот харилцах дансанд 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 584,000,000 төгрөг оруулаад мөн өдрөө 585,200,000 төгрөгийн зарлагын гүйлгээг надад мэдэгдэхгүйгээр миний зөвшөөрөлгүйгээр Капитал банк өөрөө дур мэдэж онлайн гүйлгээний түр данс нээж зарлагын гүйлгээ хийсэн нь Капитал банкны мөрдөж байгаа дотоод журмын 5.3.4-д заасан хуульд зааснаас бусад тохиолдолд хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр түүний данснаас зарлагын гүйлгээ хийхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болох нь тодорхой байна.  Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д заасан мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэсэн заалт зөрчигдөж, надад мөнгө олгоогүй, би нэг ч төгрөг аваагүй. Капитал банк дотоод дүрмээ болон 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 153 тоот зээлийн гэрээний заалтуудыг зөрчсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2018/00130 дугаар шийдвэрээр: “1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Басбишээс үндсэн зээл 246,683,776.38 төгрөг, зээлийн хүү 9,083,340 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,816,668 төгрөг, нийт 257,583,784.38 /хоёр зуун тавин долоон сая таван зуун наян гурван мянга долоон зуун наян дөрвөн төгрөг гучин найман мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 69,385,514.28 /жаран есөн сая гурван зуун наян таван мянга таван зуун арван дөрвөн төгрөг хорин найман мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Капитал банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,792,796.49 /нэг сая долоон зуун ерөн хоёр мянга долоон зуун ерөн зургаан төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Басбишээс улсын тэмдэгтийн хураамж 1,445,869 /нэг сая дөрвөн зуун дөчин таван мянга найман зуун жаран ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай” гэж шийдвэрлэжээ.

Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: “Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэргийн оролцогч хариуцагчийн гаргасан хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь хуулийн хүрээнд авч үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэсэн заалтыг зөрчсөн байна. Шинжээчийн дүгнэлтийн заалтыг анхан шатны шүүх нотлох баримтын хэмжээнд авч үзэлгүй хариуцагч Д.Басбишээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг гаргуулахаар шүүхийн шийдвэртээ  тусгасан нь буруутай гэж үзэж байна. Зээлийн гэрээний 4.2.2-д зээлийн гэрээний заалтад заасан зориулалтын дагуу ашиглах бусдад дамжуулан зээлдүүлэхгүй байхаар тусгагджээ. Энэ гэрээний заалтад жижиг дунд бизнесийн зээлд зориулагдана гэжээ. Капитал банкны зээлийн үйл ажиллагааны журмын 14.2-т заасан шинээр зээл олгох замаар хуучин зээлийн өрийн үлдэгдлийг төлүүлэхийг хориглоно гэсэн заалт зөрчигдсөн байна. Энэ нь зээлтэй холбоотой санхүүгийн баримтууд, дансны бичилт, харилцах дансны болон зээлийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэсэн шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүх нотлох баримтын хэмжээнд авч үзэлгүй нэхэмжлэгчийн шаардлагыг хангасан нь буруу гэж үзэж байна. Капитал банкны Ховд аймаг дахь 993 дугаар салбар иргэн Д.Басбиштэй зээлийн 153 тоот гэрээ хийхээс нэг хоногийн өмнө иргэн Д.Басбишийн 2033000630 тоот дансанд 50732659199 төгрөгийг орлого болгон банк гүйлгээ хийж тэр өдрөө Оюун-Мандал ХХК-ны өрийг хаав гэж банк буцаан татсан байдаг энэ талаар иргэн Д.Басбиштэй ярилцаж тохирсон ямар нэгэн зүйл байдаггүй, Анод банкинд өртэй байсан Оюун-Мандал ХХК-ны өрийг төлөх тухай ямар нэгэн гэрээ хэлцлийг иргэн Д.Басбиштэй байгуулаагүй байдаг бөгөөд банк өөрөө Оюун-Мандал ХХК-ны өрөнд дээрхи мөнгийг иргэн Д.Басбишийн дансанд орлого болгон шилжүүлээд тэр өдөртөө буцаан татаж Анод банкинд өртэй байсан хуулийн этгээд болох Оюун-Мандал ХХК-ны өрийг барагдуулах зорилгоор захиран зарцуулж гүйлгээ хийж, үүнийгээ иргэн Д.Басбишээр төлүүлэхийн тулд шинээр зээл олгох замаар 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Д.Басбиштэй зээлийн 153 тоот гэрээ байгуулж гэрээгээр хүлээсэн үүргээ банк өөрөө зөрчиж иргэн Д.Басбишийг илт хохироосон энэ үйлдлийг нотолж байгаа нотлох баримт нь Депозит дансны харилцагчийн Монгол хуулгаар батлагдаж байхад анхан шатны шүүх энэ нотлох баримтыг нотлох баримтын хэмжээнд авч үзэж хууль бусаар суутгаж авсан 50732659199 төгрөгийг иргэн Д.Басбишид буцаан олгуулах бүрэн үндэслэлтэй байхад анхан шатны шүүх энэ талаар анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлага хангаагүй байна.

            Нэхэмжлэгч банк нь хариуцагч Д.Басбишид холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 247.267.776.38 төгрөг, зээлийн хүү 69.828.263.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.873.258.32 төгрөг нийт 326.969.298.66 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “банк надад мөнгө олгоогүй, би нэг ч төгрөг аваагүй, Капитал банк дотоод дүрмээ болон 2011 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр байгуулсан 153 тоот зээлийн гэрээний заалтуудыг зөрчсөн” гэж тайлбарлажээ.

            Капитал банкны нэхэмжлэлтэй Д.Басбишид холбогдох иргэний хэрэг нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улсын дээд шүүхийн Хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэгдэж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Хяналтын шатны шүүхийн тогтоолд “зээлийн гэрээнд заасан мөнгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн эсэх, шилжүүлсэн бол олгосон зээлийг хэн ямар байдлаар захиран зарцуулсан” нь маргаантай байхад энэ асуудлаар шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүх хангаагүй нь буруу байна гэжээ. Анхан шатны шүүх хариуцагч Д.Басбиш, түүний өмгөөлөгчийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаж, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүгчийн захирамжаар шинжээчээр Тунгалаг бүртгэл аудит ХХК-ийг томилжээ.

            Шүүх шинжээчээр хуулийн этгээдийг томилсон боловч тухайн хуулийн этгээдээс шинжээчээр Ч.Мөнхцоожийг томилсон эсэх нь тодорхойгүй байна. Шүүх шинжээч Ч.Мөнхцоожид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулиудын холбогдох заалтуудыг тайлбарлан өгч, Эрүүгийн хууль сануулж гарын үсэг зуруулсан боловч хуульд заасан дараах ажиллагаа явуулаагүй байна. Тухайлбал Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гаргаж, шинжилгээ хийлгэхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, сэжигтэн, яллагдагч, хохирогчтой ямар харилцаатай болохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгаж, энэ ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулахаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан байна. Гэтэл шүүх Тунгалаг бүртгэл аудит ХХК-ийн шинжээч Ч.Мөнхцоож нь  нэхэмжлэгч, хариуцагч нартай ямар харилцаатай болох, шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг тодруулаагүй, мөн шинжээчийн биеийн байцаалт, мэргэжил, ур чадвартай танилцаагүй, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл хэрэгт авагдаагүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Давж заалдах шатны шүүхээс “хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанаас өөр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан” тул хэргийн үйл баримт болон хариуцагч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

            Шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар хариуцагч Д.Басбишид буцаан олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2018/00130 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1.445.870 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, түүнд буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарсугай.

 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Н.ТУЯА

 

 

                  ШҮҮГЧИД                                  Д.КӨБЕШ

                                  

 

                                                                                М.НЯМБАЯР