Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00266

 

 

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00266

 

 

 

Ц.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2020/00137 дугаар шийдвэр,

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 218/МА2020/00008 дугаар магадлалтай,

Ц.*******ын нэхэмжлэлтэй,

Ж.*******д холбогдох

 

4,882,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэддулам, хариуцагч Ж.*******, хариуцагчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Ж.*******д холбогдуулан 4,882,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2. Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2020/00137 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Луу овогт Жаргалсайханы *******аас 4,882,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Цогт-Очирын *******ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 93,062 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

3. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 218/МА2020/00008 дугаар магадлалаар: Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2020/00137 тоот шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.20-ны өдрийн 139/ШШ2020/00137 тоот шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.22-ны өдрийн 218/МА2020/00008 дугаар магадлалд дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтад болон маргааны үйл баримтад хууль зүйн бодит дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гэрчээр дансруу нь мөнгө шилжүүлсэн Э.Ууганцог, Д.Өлзийбүрэн, Х.Ганцэцэг, Э.Санжаасүрэн болон Ц.*******ын хөрөнгө оруулалтын нэг бүтцийн хэрэглэгч Б.Батнасан, Д.Цэгмид, Б.Туул нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн ч мөнгө шилжүүлэн авсан гэрчүүд нь өөр өөр аймагт байсан учир тус тойргийн шүүхээр нь дамжуулан мөнгө дансанд нь орсон гэснээс өөр тодорхой хариулт аваагүй. Мөн хавтаст хэрэгт авагдсан 2020.02.13-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч Ц.******* нь Б.Батнасан, Д.Цэгмид нарын бүтцэд 1112546 гэсэн кодтойгоор элссэн болох нь нотлогддог. Хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлээгүй, маргааны үйл баримтад бодит дүгнэлт хийгээгүй байна.

Нэхэмжлэгч нь Стэнфорд гэх хөрөнгө оруулалтын компанид элссэн болох нь хавтаст хэрэгт авагдсан тус шүүхийн 2019.01.24-ний өдөр болсон Ц.*******ын нэхэмжлэлтэй, Д.Цэгмидэд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд Ц.*******ын өгсөн эхлээд нэг хоёр зуун доллар орж ирэхээр нь урамшиж байсан, сүүлдээ алга болсон гэх тайлбараар нотлогддог, мөн нэхэмжлэгчийн сүлжээнд элссэн эсэхээ сайн мэдээгүй гэх тайлбар нь үүгээр үгүйсгэгддэг.

Шүүх шийдвэртээ хавтаст хэргийн 29-32-р хуудсанд авагдсан баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлэх боломжгүй болно гэж дүгнэжээ. Хариуцагч талаас хавтаст хэргийн 29-32-р хуудсанд авагдсан хариуцагч миний фэйсвүүк хаягаас Hishigsuren Nemekhbayar гэдэг хүнтэй нэхэмжлэгч Ц.*******ын хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх доллар цуглуулах талаар болон нэхэмжлэгчийн 1112546 дугаар кодыг явуулсан зурвас бүхий баримтад үзлэг хийлгэхээр хүсэлт гаргасныг шүүх 2019.09.16-ны өдрийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн. Гэтэл шүүх хуралдаанаас өмнө хүсэлт гаргаагүй тул хүсэлтээ дэмжээгүй гэж үзэн маргааны гол баримт болох баримтад үзлэг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэж хариуцагч миний эрх зүйн байдлыг дордуулж, нотлох баримт бүрдүүлэх, бэхжүүлэх эрхийг маань ноцтой зөрчиж уг хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.20-ны өдрийн 139/ШШ2020/00137 тоот шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.22-ны өдрийн 218/МА2020/00008 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч нь Ж.******* ...Стэнфорд сүлжээнд элсүүлсэн гэсэн боловч элсүүлээгүй, надад нэг ч төгрөг орж ирээгүй, би Ж.*******ы данс руу мөнгө шилжүүлсэн, тэрээр миний шилжүүлсэн мөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж хариуцагчаас 4,882,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч Ж.******* эс зөвшөөрч, ...нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг би хувьдаа ашиглаагүй, Ц.*******ыг 1112546 тоот кодтойгоор Стэнфорд сүлжээнд элсүүлсэн тул 4,882,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисон байна.

 

7. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь 2018.03.31-ний өдөр хариуцагч Ж.*******ы Хаан банкны 5450346700 тоот дансанд 4,882,000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй. Харин Ж.******* нь энэ мөнгөнөөс 2018.04.01-ний өдөр 5 удаагийн гүйлгээгээр бусад этгээдэд шилжүүлсэн, уг мөнгийг хүлээн авсан хүмүүс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлгээр Ц.*******ыг сүлжээнд элсүүлсэн гэсэн нь тогтоогдоогүй байна.

 

Ж.******* нь Ц.*******ыг 1112546 дугаараар Стэнфорд сүлжээнд элсүүлж, улмаар бүртгэл үүсгэсэн гэх тайлбараа нотлоогүй буюу Д.Батнасан, Д.Цэгмэд нарын е-майл хаягт шүүхээр үзлэг хийлгэсэн боловч Стэнфорд гэх компанитай эрх зүйн харилцаанд орсон гэдэг нь нотлогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

 

8. Анхан шатны шүүх ...талуудын хооронд ямар нэг хэлцэл, гэрээний үүргийн харилцаа үүсээгүй бөгөөд энэ тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцсэн байна.

 

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж гарсан, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн, хэрэглэх ёстой хуулийг үндэслэлтэйгээр тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэсэн нь зөв.

 

Гэвч магадлалын тогтоох хэсэгт ...үлдээгүй гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг хяналтын шатны шүүхээс залруулна.

 

10. Шүүхийн ...хэргийн 29-32 дугаар хуудсанд авагдсан баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлэх боломжгүй, ...шүүгчийн захирамжаар хариуцагч Ж.*******ы  мессенжерээс ...зурвас бичсэн хэсэгт үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн, хариуцагчийн хүсэлтийг тодруулахад 29-32 дугаар талд авагдсан зурваст шүүхээр үзлэг хийлгэх хүсэлт гаргасан гэж тайлбарласан, гэрчийн мэдүүлгийг үнэлсэн тухай хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 218/МА2020/00008 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын ...үлдээгүй гэснийг үлдээсүгэй гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 93,062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД