Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00268

 

 

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00268

 

 

Т.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01810 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2109 дүгээр магадлалтай,

 

Т.*******ийн нэхэмжлэлтэй,

Б.*******эд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 12,229,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбат, хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.Батбаяр, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Б.*******эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,229,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01810 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******ээс 12,229,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 210,614 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 210,614 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2109 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01810 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.30-ны өдрийн 183/ШШ2020/01810 дугаар шийдвэр, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2020.10.09-ний өдрийн 2109 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан 2019.06.26-ны өдрийн Зээлийн гэрээний үүргийг хангаж өгөөч гэж нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан 2019.10.26-ны өдрийн зээлийн гэрээ Иргэний хууль тогтоомжид заасан хууль ёсны шинж чанараа хадгалж чадаагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т ...Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно... гэж маш тодорхой зааж өгсөн. Давж заалдах шатны шүүх 2019.10.26-ны өдрийн зээлийн гэрээний 2.1-д заасан Зээлдүүлэгч нь зээлдэгчид 12,229,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, хүүгүйгээр бэлнээр зээлэв гэж заасныг иш үндэс болгосон. Зээлийн гэрээнд бэлнээр зээлэв гэсэн учир хариуцагч миний зүгээс 2019.10.26-нд 12,229,000 төгрөгийг бэлнээр аваагүй.

Иймд уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар байгуулагдаагүй гэж үзэж маргасан. 12,229,000 төгрөгийг бэлнээр зээлсэн гээд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй, үндэслээгүй харилцааг шинээр бий болгож өмнөх үүрэг дуусгавар болсон, шинэ зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж шийдвэрлэж байгааг хариуцагчийн зүгээс ойлгохгүй байна. Т.******* бид хоёрын хооронд өмнөх үүргийг солихоор тохиролцсон асуудал байхгүй, зээлийн гэрээний үүргийг өөр ямар нэгэн үүргээр солих талаар тохиролцоогүй. Харин Т.******* нь би ийм авлагатай юм байна чи гарын үсэг зур гэхээр нь би ямар нэгэн юм бодолгүйгээр тэр тооцоо нийлсэн баримтад гарын үсэг зурсан. Гарын үсэг зурсан нь миний алдаа болсон.

Гарын үсэг зурсны дараа Т.*******д миний зүгээс ямар нэгэн өглөг байхгүй гэж бодоод, эргэлзээд ХААН банкнаас баримтыг авч нягтлан үзтэл би Т.*******ийн өмнө ямар нэгэн тооцоо байхгүй байсан. Нэхэмжлэгч 12,229,000 төгрөгийн үлдэгдэлтэй юм бол түүнийгээ нотлох шаардлагатай, өмнөх 12,229,000 төгрөгийн үлдэгдлээ нэхэмжлэгч нотлоогүй, нотолж чадаагүй. Иймд анхан болон завж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2-т заасан хуулийн зохицуулалт нь өмнөх үүргийг өөр үүргээр тохиролцсон тохиролцоо байх ёстой. 2019.10.26-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 236.2-т заасан үүргийн тохиролцоо гэж шийдэж байгаа нь хууль зүйн үндэсгүй.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.30-ны өдрийн 183/ШШ2020/01810 дугаар шийдвэр, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2020.10.09-ний өдрийн 2109 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

6. Нэхэмжлэгч Т.******* хариуцагч Б.*******эд холбогдуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,229,000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг гэрээгээр мөнгийг надад шилжүүлэн өгөөгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнээд хариуцагч Б.*******ээс 12,229,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон байна.

 

7. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

8. Хэргийн баримтаас үзэхэд талууд 2019.06.26-ны өдөр 12,229,000 төгрөгийг 2019.10.26-ны өдөр хүртэл 4 сарын хугацаанд хүүгүйгээр зээлж, зээлдүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа ... 2015 оны 11 сараас хойш Б.*******тэй зээлийн харилцаа үүсгэж, 2019.06.21-ний өдөр Б.*******тэй өмнөх зээлийн гэрээний харилцаагаа дуусгавар болгож, тооцоо нийлэхэд 12,229,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд 2019.06.26-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан... гэжээ.  

 

9. Хариуцагч Б.******* нь 2019.06.21-ний өдөр нэхэмжлэгч Т.*******тэй тооцоо нийлж, өмнөх зээлийн гэрээний үүргээс үндсэн мөнгө болон хүүгийн төлбөр нийт 12,229,000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар тооцоо нийлсэн баримт үйлдсэнийг үндэслэж 2019.06.26-ны өдөр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т нийцжээ. /хх-20/

 

10. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх ба хариуцагч авсан мөнгөө буцааж төлснөө нотолж чадаагүй байна.

 

Анхан шатны шүүх Хаан банк дахь Б.*******ийн эзэмшлийн 5926014868 тоот дансны хуулгыг, зээлийн тооцоололтой харьцуулан дүгнэж хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Т.*******ээс 2015.11 сараас 2019.06.21-ний өдөр хүртэл хугацаанд нийт 175,787,500 төгрөгийг зээлснээс 163,887,500 төгрөгийг буцаан төлж, 11,900,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй, мөн 19,090,000 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт суутгасан болохыг тогтоож, хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

 

11. Иймд хариуцагчийн ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01810 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2109 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 210,614 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД