Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 183/2020/03226/И |
Дугаар | 001/ХТ2022/00303 |
Огноо | 2022-03-17 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2022/00303
2022 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 001/ХТ2022/00303 |
Р.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02557 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00060 дугаар магадлалтай,
Р.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй,
Т.Анхбаярт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 116,995,974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрэнхүү, Б.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нармандах, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Р.Сарангэрэл нь хариуцагч Т.Анхбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 116,995,974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02557 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Р.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй, Т.Анхбаярт холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 116,995,974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Сарангэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 742,950 төгрөгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00060 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02557 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.30-ны өдрийн 00060 дугаартай магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн гомдлыг гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгэсэн гэдэг үндэслэлийг гол болгон гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна. 2017.12.11-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтад Учралаас орлого гэж гүйлгээний утгыг маш тодорхой бичсэн. Тэр шилжүүлсэн мөнгө нь Учралын мөнгө байна уу эсвэл хэн нэгнээс авсан мөнгө байна уу тэр нь энэ гүйлгээний хувьд огт хамааралгүй бөгөөд Учралаас Анхбаярын дансруу мөнгө шилжүүлсэн тухай л асуудал ба тухайн мөнгө нь Сарангэрэлийн мөнгө мөн эсэх нь ээж хүү хоёрын асуудал болохоос Анхбаяр руу шилжүүлсэн гүйлгээний хувьд хамааралгүй юм. Тухайн баримтаас харахад Сарангэрэл шилжүүлээгүй болох нь тодорхой харагддаг /Сарангэрэлийн утасны дугаар бичигдсэнээр түүний мөнгө гэдгийг нотлохгүй бөгөөд гарын үсэг зурж шилжүүлсэн хүн өөр хүн байдаг/. Гэтэл мөнгө шилжүүлсэн Учрал биш түүний ээж ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргаад байгаа нь ойлгомжгүй бөгөөд Анхбаярыг танихгүй, огт уулзаж байгаагүй байж юун мөнгө зээлсэн тухай асуудал яриад нэхэмжлэл гаргаад байна вэ, хэрэв Учрал хохирсон бол өөрөө эсвэл итгэмжлэгдсэн этгээдээрээ дамжуулан нэхэмжлэх ёстой байтал 3 жил гарны хугацаанд ямар нэгэн нэхэмжлэл гаргасан зүйл огт байдаггүй. Тухайн өдрийн 2 удаагийн гүйлгээ нь П.Учралаас орлого хэлбэрээр Т.Анхбаярын дансанд мөнгө орж ирснийг тэр өдөр нь хамтран байгуулсан компанийн захирал болон бусад хувь нийлүүлсэн хүмүүст шилжүүлсэн болох нь баримтаас тодорхой харагдах бөгөөд эрх ашиг нь хөндөгдөөгүй Учралыг гуравдагчаар татах тухай дурдаж, Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсгээр зүйлчилсэн нь хуулийг буруу тайлбарлаж үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Нэхэмжлэгч Р.Сарангэрэл ... Т.Анхбаярын хүсэлтийн дагуу 2017.12.11-ний өдөр 48,000.73 ам.долларыг зээлдүүлсэн, одоог хүртэл зээлсэн мөнгөө буцаан төлөөгүй тул 116,995,974 төгрөгийг гаргуулна гэсэн шаардлага гаргасныг хариуцагч Т.Анхбаяр эс зөвшөөрч, ...Р.Сарангэрэлээс 2017.12.11-ний өдөр 48,000.73 ам.долларыг зээлж аваагүй, харин Б.Амарсанаа, түүний хүү П.Учрал болон Т.Анхбаяр нарын хамтран байгуулсан компанид П.Учрал нь хөрөнгө оруулалт хийж, түүний эх Р.Сарангэрэл нь хөрөнгө оруулалт гэж мөн өдөр 48,000.73 ам.долларыг шилжүүлсэн гэж маргажээ.
6. Анхан шатны шүүх Р.Сарангэрэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан байна.
7. Худалдаа хөгжлийн банкны 2020.05.29-ний өдрийн тодорхойлолт болон мөн банкны 2017.12.11-ний өдрийн орлогын ордерт ...Сарангэрэлээс Анхбаярын дансанд 4,795 ам.долларыг шилжүүлэхдээ төлбөрийн зориулалт нь Б.Учралаас орлого... гэсэн баримт, түүнчлэн мөн өдрийн орлогын ордерт ...Сарангэрэлээс Анхбаярын дансанд 43,205.73 ам.долларыг шилжүүлсэн. Төлбөрийн зориулалт нь Б.Учралаас орлого /Х-2439 хэлцэлтэй/ ... гэсэн баримт хэрэгт авагдсан.
8. Анхан шатны шүүх энэ тогтоолын 7-д заасан хоёр баримтыг ... тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэхэд Р.Сарангэрэлээс зээл олгох зориулалтаар 48,000.73 ам.долларыг Т.Анхбаярт шилжүүлсэн гэж үзэх боломжгүй буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа Р.Сарангэрэл, Т.Анхбаяр нарын хооронд үүссэн болох нь тогтоогдоогүй гэж дүгнэн Р.Сарангэрэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй гэж дүгнэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь зөв байна.
9.1. ...нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгөн хөрөнгө өөрт шилжиж орж ирсэн гэдгийг, мөн уг мөнгө буцаан төлөгдөөгүй гэдгийг хариуцагч үгүйсгээгүй, ...хариуцагч шилжүүлэн авсан уг мөнгөн хөрөнгө нь Б.Амарсанаа, түүний хүү П.Учрал нарын хамтран байгуулсан компанид оруулсан хөрөнгө оруулалт байсан бөгөөд П.Учрал нь хөрөнгө оруулсны ашгаа буцаагаад хангалттай авчихсан гэж маргасан, хэрэгт П.Учралын эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр нөхцөл байдал үүссэн байхад түүнийг гуравдагч этгээдээр татах эсэхийг шүүх тодруулаагүй, ... хариуцагч нь дээрх мөнгийг хөрөнгө оруулалт гэдгээ нотлохоор Ай бэри ХХК гэх хуулийн этгээдийн бичиг баримтаас Б.Амарсанаатай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, холбогдох баримтыг гаргуулахаар хүссэнийг анхан шатны шүүх шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж анхан шатны шүүхийг буруутгасан нь үндэслэл бүхий болжээ.
9.2. Маргааны зүйл болж буй 48,000 ам.доллар нь зээл эсхүл хөрөнгө оруулалтын аль нь болох нь тодорхой бус, нэхэмжлэгчийн шаардах эрх болон хариуцагчийн татгалзлын талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хуульд нийцсэн дүгнэлт хийх боломжгүй байна. Иймээс ...анхан шатны шүүх хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заагаагүй, хэргийн үйл баримт тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
10. Энэ тогтоолын 9-д заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00060 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 742,929.87 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН