Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 1

 

             Р.Г-д холбогдох эрүүгийн 

               хэргийн тухай

 

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                      Н.Ц

Хохирогч                                                         Т.З

Хохирогчийн өмгөөлөгч                                 Г.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 В.У

Нарийн бичгийн дарга   Г.Д  нарыг оролцуулан

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т.З-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Р.Г-д холбогдох 1812000010238 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ,,,-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, эрэгтэй, 53 настай, дээд боловсролтой, дулааны тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, Хангай хүнс ХХК-ийн менежер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн ,,, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар, мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 131 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох  хэсэгт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Р.Г

Шүүгдэгч Р.Г нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр иргэн Т.З-тэй зээлийн гэрээ байгуулан нүүрсний уурхайд хөрөнгө оруулалт хийж байгаа хэмээн төөрөгдөлд оруулан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 20.000.000 /хорин сая/ төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Архангай аймгийн Прокурорын газраас Р.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Р.Г-ыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Р.Г-ыг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-д 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 131 дугаартай Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял, энэ тогтоолоор оногдуулсан ялыг тус тусд нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-д оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот тохижилт үйлчилгээний газарт хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-д нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-оос 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 6-16 тоотод оршин суух хаягтай Т.З-д олгож, түүний нэхэмжлэлээс 6.444.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  Шүүгдэгч Р.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол  гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх  хугацаанд шүүгдэгч Р.Г-д авсан хувийн баталгаа  гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ. 

 

Хохирогч Т.З-ийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 220 тоот шийтгэх тогтоолоор Р.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнд 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүнээс 10.000.000 төгрөг гаргуулан надад олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Учир нь Р.Г 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр анхан шатны шүүх хурал хийгээд түүнийг гэм буруутайд тооцсоны дараа хохирол төлөхөөр завсарлага авч, дахин хурал эхлэх гэж байхад надад хандан “яг одоо хурал эхлэхээс өмнө 10.000.000 төгрөгийг  нь дансанд чинь хийгээдхий, дансаа өгөөдөх” гээд миний дансыг авсан. Би ч хуралд ороод суусан. Шүүхээс утсаа хаахыг сануулсан учир би утсаа хаасан. Би 10.000.000 төгрөг дансанд орж ирсэн гэж бат итгэсэн. Учир нь эхнэртэйгээ хамт төлбөр төлөх гэж үнэхээр мэрийж байсан болохоор одоо мөнгө нь бүтсэн байна гэж ойлгож байсан. Тиймээс би 10.000.000 төгрөг авсан гэж шүүх хурал дээр мэдүүлсэн. Би 10.000.000 төгрөгийг өөрийн дансанд орж ирсэн гэж бүрэн ойлгосон байсан. Р.Г нь “одоо мөнгө чинь орох учраас 10.000.000 төгрөгийг авсан гэж хэлээрэй, ах нь завсарлага авчихаад төлөөгүй байвал яалт ч үгүй шоронтой юм байна” гэж байсан. Шүүх хурал дуусаад утсаа нээгээд шалгасан чинь мөнгө нь орж ирээгүй байсан. Тэгээд орж ирээгүй байна гэж хэлтэл “орчихсон байх ёстой, тэгвэл одоо орно” гээд байсан. Гэтэл хурал хийсэн өдөр мөнгө нь орохгүй байсаар тэр өдөр өнгөрсөн. Маргааш нь Р.Г “ямар ч байсан 10.000.000 төгрөг чиний данс руу орно, би Сэлэнгэ аймгийн Түнхэл сум руу мөнгөнд явлаа, явж мөнгө олж ирнэ” гэж хэлээд  хэсэг чимээгүй болсон. Одоо болохоор ямар ч тоосон шинжгүй байна. Дахин намайг залилж шүүхэд худал хэлүүлсэнд гомдолтой байна. Өмнө нь хийсэн залилангийн хэрэгтээ ч гэмшихгүй иргэн намайг дахин залилаа. Мөн анхан шатны шүүх хэргийн материалд Р.Г-д залилуулсан 20.000.000 төгрөгөөс 12.500.000 төгрөгийг би банкнаас зээлж аваад банкинд 6.444.000 төгрөгийн хүүний мөнгө төлсөн баримтыг хавсаргасаар байтал анхан шатны шүүх уг мөнгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Р.Г нь хэрэв иргэн намайг залилаагүй бол ийм хэмжээний хүүний мөнгийг би банкинд төлж давхар хохирохгүй байсан. Иймд өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Р.Г-оос 26.444.000 төгрөгийг гаргуулж, Р.Г-ын 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар сольж, ялыг хүндрүүлж өгнө үү гэжээ. 

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Р.Г-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс энэ шийдвэр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар хуульд заасан зорилго, зарчимд нийцээгүй бөгөөд үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Р.Г нь хохирол төлбөрийг төлөөгүй байж хохирогчид төлсөн гэж итгэл найдвар төрүүлж, хохирогчийг хохирлын төлбөрөө авсан мэтээр мэдүүлэг өгүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Иймээс Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэв. 

 

Хохирогч Т.З шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Би шүүгдэгч Р.Г-д 20.000.000 төгрөг зээлүүлсэн. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрээд 2-3 жил болж байна. Р.Г нь эхнэрийн хамт ирээд миний хохирлыг төлөх талаар хэд хэдэн удаа уулзсан. Тэгээд анхан шатны шүүх хуралдаан болох өдөр Р.Г нь миний банкны дансны дугаарыг аваад “одоо мөнгөө шилжүүлнэ” гэж хэлсэн болохоор нь би түүнд нь итгээд шүүх хуралдаан дээр хохирол болох 10.000.000 төгрөг авсан гэж мэдүүлсэн. Гэтэл шүүх хуралдааны дараа дансаа шалгахад миний дансанд мөнгө ороогүй байсан. Дараа нь би Р.Г-той утсаар ярихад “ямар ч байсан би мөнгө шилжүүлнэ, хүлээж  бай, бид хоёр чамд үнэхээр их баярлаж байгаа, удахгүй шилжүүлнэ” гэж хэлсэн. Би тэр хоёрт үнэхээр их итгэж байсан бөгөөд үлдэгдэл 10.000.000 төгрөгийг ч гэсэн удахгүй өгчих байх гэж бодсон. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Р.Г-оос 20.000.000 төгрөг болон банкны хүүгийн төлбөрийг гаргуулах саналтай байна гэв. 

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогч Т.З-ийн давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүх хуралдаан түр завсарлаад хохирогчоос хохирлын талаар асуухад тэрээр “Р.Г миний дансруу мөнгөө шилжүүлнэ” гэж хэлсэн гэсэн. Тэгээд хохирогч Т.З нь найдвартай шилжүүлэх байх гэж бодоод шүүх хуралдааны явцад “авсан” гэж хэлэхэд нь би түүнийг хохирлоо авсан байна гэж ойлгосон. Гэтэл Р.Г  нь хэлсэн ёсоор хохирогчид мөнгөө шилжүүлээгүй болохыг сүүлд нь мэдсэн. Шүүгдэгч Р.Г-ын энэ үйлдэл нь залилангийн шинжтэй нөхцөл байдал үүсч харагдаж байна. Иймд хохирогч Т.З-ийн давж заалдах гомдлыг хангаж, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирлыг гаргуулж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Р.Г шүүх хуралдаанд оролцох гээд хэд хэдэн удаа ирсэн байдаг. Шүүгдэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мөнгө төлдөг учраас ажил хийх гээд Сэлэнгэ аймаг руу явчихсан. Тиймээс Р.Г-д давж заалдах шатны шүүхэд тайлбараа бичгээр гаргасан байгаа. Шүүгдэгч Р.Г өмнө нь ял шийтгэгдэж байсан. Давж заалдах гомдолд дурдагдсан зүйлүүд худлаа байна. Тодруулбал манай талаас хохирол төлөх талаар 5 хоногийн завсарлага авсан. Хохирол төлбөрийн талаар хохирогч Т.З-тэй уулзахад тэрээр “хүүтэй нь  хамт мөнгөө авна” гэж хэлдэг. Шүүгдэгчид мөнгө байхгүй байсан учраас хохирлын төлбөрийг төлж чадаагүй. Шүүгдэгч Р.Г нь “шүүх хуралдаанаас гараад ирэхэд чинь 10.000.000 төгрөг хийнэ” гэсэн тохиролцоо хийгээгүй. Яагаад гэвэл тухайн үед эхнэр нь манай өрөөнд сууж байсан. Р.Г “хохирлын төлбөрийг хэсэгчлэн төлөх талаар уулзаад ирье” гээд явсан. Харин ямар байдлаар тохиролцсоныг би сайн мэдэхгүй байна. Шүүгдэгчийн хувьд хохирлын төлбөрийг 2 жилийн хугацаанд төлөх боломжтой байсан. Р.Г нь хохирол төлбөрөө хэсэгчлэн төлөх талаар бичгээр тайлбараа өгсөн байгаа. Хохирогч ингэж худлаа ярьж болохгүй. Хохирогч давж заалдах гомдолдоо шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар дурдсан байсан. Үүнийг анхан шатны шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж үзсэн байгаа. Р.Г нь бодит байдлыг хохирогч Т.З-ээс нуугаагүй. Шүүгдэгч Г нь хохирогч Т.З-ээс 20.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн. Р.Г нь уг 20.000.000 төгрөгийг 3 удаа гэрээ хийж авсан бөгөөд шууд нэг дор аваагүй. Зээлийг 1 жилийн хугацаатай авсан. Энэ хугацаанд Дарханы нүүрсний уурхайг хөөцөлдсөн гэдгийг нотлох гэрч н.З-ийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Р.Г нь хэсэг хугацаанд мөнгөө өгөхгүй алга болсон нь үнэн. Яагаад алга болсон бэ гэвэл өмнө нь хэрэгт холбогдоод тухайн хэрэг нь 03 сард эцэслэн шийдвэрлэгдсэн байсан. Хохирогч Т.З шүүхэд мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлсэн байна лээ. Р.Г 20.000.000 төгрөг зээлсэн бөгөөд үүнээс 10.000.000 төгрөгийг өгөөгүй нь үнэн. Давж заалдах шатны шүүх ямар тохиолдолд хэргийг анхан шатны шүүхэд буцаах вэ гэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэсэн үндэслэлүүдээр буцаадаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд үндэслэл болгосон зүйл нь  хэргийн бодит байдалтай нийцээгүй болон журам зөрчсөн зүйл байхгүй байгаа. Ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хохирол төлсөн байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцох эсэхийг үнэлэлт, дүгнэлт хийгээгүй, мөн хуульд заасан үндэслэл байхгүй байхад прокурорын гаргаж байгаа хэргийг буцаах санал нь үндэслэлгүй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохиролтой холбоотой зүйлүүдэд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогч Т.З-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ. 

 

Анхан шатны шүүх хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эхлэн шүүхийн хэлэлцүүлэг талуудын мэтгэлцэх зарчмын үндсэнд явагдаж шүүх шүүгдэгч Р.Г-ыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хохирол төлж барагдуулах ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргаснаар шүүх хуралдаан завсарласан байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх анхан шатны шүүх хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үргэлжилж шүүх шүүгдэгч Р.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-д 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 131 дугаартай Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10.000.000  төгрөгөөр торгох ял, энэ тогтоолоор оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд хохирогч шүүгдэгчээс 10.000.000 төгрөг авсан гэж мэдүүлсэн боловч бодит байдал нь 10.000.000 төгрөгийг шүүгдэгчээс аваагүй, энэ талаар баримт байхгүй байхад анхан шатны шүүх 20.000.000 төгрөгийн хохирлоос 10.000.000 төгрөгийг шүүгдэгч хохирогчид төлсөн гэж дүгнэж ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. 

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчид 10.000.000 төгрөгийг хэзээ төлсөн, ямар хэлбэрээр төлсөн, төлсөн баримт байгаа эсэхийг шалгаж тодруулалгүй, зөвхөн хохирогч 10.000.000 төгрөг авсан гэсэн мэдүүлэгт үндэслэн хохирогчийг 10.000.000 төгрөг авсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ. 

 

Хэдийгээр давж заалдах шатны шүүх хохирлыг өөрчилж шийтгэх тогтоолыг зөвтгөж шийдвэрлэх боломжтой боловч хохирол төлсөн байдал нь шүүгдэгчид ял оногдуулахад харгалзан үзэх нөхцөл байдал бөгөөд анхан шатны шүүх хохирол төлөгдөөгүй байхад шүүгдэгч хохирогчид хохирлыг хэсэгчлэн төлсөн гэж хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж шүүгдэгчид ял оногдуулсан нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул зөвтгөх боломжгүй байна. 

 

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.  

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Р.Г-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Р.Г-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дах хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

 

                                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Т.ДАВААСҮРЭН

                                                                               ШҮҮГЧИД            Д.БЯМБАСҮРЭН

                                                                                                            В.ЦЭЦЭНБИЛЭГ