Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2022/00641

 

 

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2022/00641

 

 

А.Баярсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 330 дугаар шийдвэр,

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр магадлалтай,

А.Баярсайханы нэхэмжлэлтэй,

Увс аймгийн Давст сумын Засаг даргын Тамгын газар, Увс аймгийн Давст сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Увс аймгийн Орон нутгийн өмчийн газарт тус тус холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний дагуу автомашин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Долгормаа, Э.Бат-Орших, Ц.Ширбазар, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.Баярсайхан нь хариуцагч Увс аймгийн Давст сумын Засаг даргын Тамгын газар, Увс аймгийн Давст сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Увс аймгийн Орон нутгийн өмчийн газарт тус тус холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний дагуу автомашин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 330 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Давст сумын Засаг даргын Тамгын газраас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1,100,000 төгрөгийн үнэлгээ бүхий УАЗ-31512 маркийн УВА 3953 улсын дугаартай автомашиныг гаргуулж нэхэмжлэгч А.Баярсайханд олгож, хариуцагч Увс аймгийн Давст сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Увс аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.Баярсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 30,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Давст сумын Засаг даргын Тамгын газраас газраас 30,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Баярсайханд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар илүү төлсөн 39,250 төгрөгийг төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч А.Баярсайханд олгож шийдвэрлэжээ.

 

3. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр магадлалаар: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 330 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.17-ны өдрийн 19 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ нотлох баримт дутуу байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэжээ. Иргэний хэргийн хувьд зохигчид өөрсдөө нотлох баримтаа цуглуулж өгдөг шүүх хөндлөнгийн байр сууринаас хандах ёстой, талууд нэгэнт өөрсдийн цуглуулж чадах хэмжээнд нотлох баримтаа цуглуулсан, нотлох баримт гаргуулах талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байхад ийн дүгнэсэн нь буруу. Дуудлага худалдаа хууль дүрмийн дагуу явагдсан уу, Иргэний хуулийн ямар зүйл заалт зөрчив ? Төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа дуудлага худалдаа зохион байгуулагчдийн алдаа дутагдал нь санал хүлээж аваад хэлцэлд оролцож байгаа жирийн иргэн хамаарах уу ? Худалдах-худалдан авах гэрээг хууль бус гэж үзэх ямар баримт байна. Гэрээг байгуулсан Ичинхорлоо гэрчээр байцаалт өгөхдөө гэрээг хүчин төгөлдөр гэдгийг, гэрээний төлбөр төлөгдсөн гэдгийг нотолсон гэрээг хууль бус гэж хэн ч маргаагүй өнөөдрийг хүртэл дахин дуудлага худалдаа явуулах шийдвэр гараагүй байхад давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч А.Баярсайхан нь Увс аймгийн Давст сумын Засаг даргын Тамгын газар, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Увс аймгийн Орон нутгийн өмчийн газарт тус тус холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн дагуу автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, дуудлага худалдаа хууль зөрчиж явагдсан тул хүчингүйд тооцож дахин явуулах шаардлагатай, автомашиныг нэхэмжлэгчид өгөх боломжгүй гэж маргажээ.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч Увс аймгийн Давст сумын Засаг даргын Тамгын газраас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1,100,000 төгрөгийн үнэлгээ бүхий УАЗ-31512 маркийн УВА 3953 улсын дугаартай автомашиныг гаргуулж нэхэмжлэгч А.Баярсайханд олгож, хариуцагч Увс аймгийн Давст сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Увс аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээнэ.

 

8. Хэргийн баримтаас үзэхэд Увс аймгийн Давст сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Увс аймгийн Давст сумын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, тухайн байгууллагад ашиглаж байсан УАЗ-31512 маркийн, УВА 39-53 улсын дугаартай автомашиныг 1,000,000 төгрөгөөр үнэлэн худалдан борлуулах дуудлага худалдааг 2019.12.25-ны өдрийн 10 цагт явуулах тухай зар гаргасан байх бөгөөд уг дуудлага худалдаа холбогдох хууль, журмын дагуу явагдсан эсэх, дуудлага худалдааны үр дүнд байгуулагдсан гэх худалдах-худалдан авах гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нотолсон хангалттай баримт, нотолгоо хэрэгт авагдаагүй байна.

 

Иймээс анхан шатны шүүхээс дуудлага худалдаа хуулийн дагуу дахин явагдсан, худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болох нь тогтоогдож байна гэж үзсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзнэ.

 

9. Увс аймгийн Давст сумын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй маргааны зүйл болж буй тухайн автомашин нь орон нутгийн өмчид хамаарах тул хөрөнгийг эзэмших, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулах бөгөөд мөн хуулийн 42 дүгээр зүйлд дуудлага худалдааг хууль зөрчин явуулсанд тооцох үндэслэлүүдийг, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 2-т дуудлага худалдааг дахин явуулах тухай шийдвэр гаргах, энэ тухай мэдээлэх талаар тус тус тусгасан байх бөгөөд 2019.12.25-ны өдрийн 10 цагт явагдсан дуудлага худалдааг хүчингүйд тооцсон болон дахин дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр хэрэгт авагдаагүй байхад дуудлага худалдаа дахин явагдсан гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэж заасантай нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

 

10. Анхан шатны шүүх ...гэрээнд заасны дагуу А.Баярсайхан нь эд хөрөнгийн үнэд 1,100,000 төгрөгийг Увс аймгийн Орон нутгийн өмчийн 100150051401 дугаар дансанд шилжүүлсэн гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслээгүй, түүнчлэн 2019.12.25-ны өдрийн 01 тоот худалдах-худалдан авах гэрээнд нэг талаас Давст сум ЗДТГ /худалдагч/, нөгөө талаас дуудлага худалдааны ялагч болсон иргэн А.Баярсайхан гэж талуудыг тодорхойлж бичсэн байх боловч, гэрээний 2.2-т худалдагч ИТХ гэж бичсэн, мөн гэрээний ...гэрээ байгуулсан ...хэсэгт Увс аймгийн Давст сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэсэн тамга дарагдсан байх бөгөөд гэрээнд гарын үсэг зурсан хүний нэр тодорхойгүй байхад энэ гэрээг хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй байна.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасныг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байх тул ..магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 30,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД