Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 283

 

              У.А,  А.О.А, А.Д.Д нарт холбогдох

             эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 прокурор Б.Бүжинлхам,

орчуулагч Б.М,

шүүгдэгч У.А, түүний өмгөөлөгч А.Золжаргал, Н.Золжаргал, Г.Оюунтуяа,

шүүгдэгч А.О.А, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, Н.Нарантуяа,

шүүгдэгч А.Д.Д-ы нөмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар  сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/955 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.А, түүний өмгөөлөгч А.Золжаргал, шүүгдэгч А.О.А, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, шүүгдэгч А.Д.Д, түүний өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нарын гаргасан давж заалдах гомдлуудаар У.А, А.О.А, А.Д.Д нарт холбогдох эрүүгийн 1902 00048 0032 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн У-н А, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эмэгтэй, дээд боловсролтой, худалдааны зөвлөх мэргэжилтэй, .................ажиллуулдаг, ам бүл 7, эх, эгч, дүү, 2 хүүхдийн ....................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............../;

2. Холбооны Бүгд Н Н Улсын иргэн, А.О.А, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Холбооны Бүгд Н Н У-д төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийтийн захиргааны мэргэжилтэй, Улаанбаатар хотод .....................ажилладаг, ам бүл 1, Монгол Улсад 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ОХУ-аас 30 хоногийн аялал, суралцагчийн визээр орж ирсэн, хэрэгт холбогдон шалгагдах хүртлээ “.......” бүрэн дунд сургууль, “.........” гадаад хэлний сургалтын төв, “....” гадаад хэлний сургалтын төвд П.Ш.А гэх хуурамч нэрээр ажиллаж байсан, .................................тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /Паспортын дугаар: ........./;

3. Холбооны Бүгд Найрамдах Н У-н иргэн, А.Д.Д, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Холбооны Бүгд Н Н Улсын И.. хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, фермер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Монгол Улсад 20.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ОХУ-аас 30 хоногийн аялалын визээр орж ирсэн, ял шийтгэлгүй, /Паспортын дугаар: ............../;

А.О.А нь А.Д.Д-той бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Тайландын Вант Улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метафетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй, нийт 257.9 грамм бодисыг Хятад ханз бүхий бичиглэлтэй, улаан өнгийн даавууны бариул хэсгийн хөндийд нуун далдлах аргаар Олон Улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Мөн А.Д.Д, У.А нартай бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Глобал бизнес центрийн 101 тоотод байрлах Англи хэлний сургалтын төвд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метафетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй, нийт 257.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан,

А.Д.Д нь А.О.А-тай бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Тайландын Вант Улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метафетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй, нийт 257.9 грамм бодисыг Хятад ханз бүхий бичиглэлтэй, улаан өнгийн даавууны бариул хэсгийн хөндийд нуун далдлах аргаар, Олон Улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Мөн А.О.А, У.А нартай бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Глобал бизнес центрийн 101 тоотод байрлах Англи хэлний сургалтын төвд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метафетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй, нийт 257.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон,

У.А нь А.Д.Д, А.О.А нартай бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Глобал бизнес центрийн 101 тоотод байрлах Англи хэлний сургалтын төвд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метафетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй, нийт 257.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: У.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн  20.7  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

А.О.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

А.Д.Д-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

       Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Прокуророос шүүгдэгч А.Д.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Тайландын Вант улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, нийт 257.9 грамм бодисыг Хятад ханз бүхий бичиглэлтэй улаан өнгийн даавууны бариул хэсгийн хөндийд нуун далдлах аргаар Олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг зохион байгуулж, хамтран оролцсоноор ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,

              А.О.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, А.Д.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, У.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

            шүүгдэгч А.О.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил,

шүүгдэгч А.Д.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил,

шүүгдэгч Б овогт У-н  А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч А.О.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.О.А-н цагдан хоригдсон 154 хоног, А.Д.Д-ы цагдан хоригдсон 102 хоног, У.А-н цагдан хоригдсон 31 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Холбооны Бүгд Н Н Улсын иргэн А.О.А-аас хураагдсан:

2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Глобал бизнес центрийн 101 тоотод байрлах Англи хэлний сургалтын төвд үзлэг хийж хураан авсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй, нийт 257.9 грамм сэтгэцэд нөлөөт бодисоос:

№24-1, №24-2, №20, №17-1, №17-2, №16-1, №16-2 гэж тус тус дугаарласан “мөс” мэт зүйлээс шинжилгээнд зориулан, зиплок түгжээ бүхий гялгар уутанд дээжлэн авсан метамфетамины агууламж бүхий сэтгэцэд нөлөөт "мөс" гэх нэршилтэй бодисууд,

2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр А.О.А-ын биед үзлэг хийж хураан авсан метамфетамины агууламж бүхий гялгар уутны хамт 0.8 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис,

хэргийн газарт үзлэг хийж эд мөрийн баримтаар хураан авсан “Sukhbaatar dustrict 1 khoroo post office Ab Floor 14, door 2, Ulaanbaatar Mongolia name Uranchimeg, Phone number-80200474 post kod 14201” гэх дугаар илгээмжийн хаягтай, ЕЕ 1672 4542 2 ТН, ТНАILAND гэх Тайланд бичиглэлтэй, 20190128 гэх Гаалийн ерөнхий газрын тэмдэгтэй, улаан өнгийн цаасан хайрцаг, уг цаасан хайрцаг дотор байсан улаан өнгийн Хятад ханз үсэг бүхий бариултай даавуун зүйл 7 ширхэг зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст даалгаж,

            А.О.А-н биед үзэг хийж хураан авсан биет нийт 3165 ам. доллар, Монгол Улсын мөнгөн дэвсгэрт биет 2.180.000 төгрөгийг шүүгдэгч А.О.А-д буцаан олгож, А.О.А, А.Д.Д,  У.А нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч А.Д.Д-д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцож, А.Д.Д-д авсан 20.000.000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээний барьцааны мөнгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч А.Д.Д-д буцаан олгохоор шийдвэрлэжээ.

           

Шүүгдэгч У.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор У.А надад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ялаар шийтгэснийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан нотлогдвол зохих байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитой тогтоогоогүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:

1. Миний бие Холбооны Бүгд Н Н Улсын иргэн А.О.А, А.Д.Д нартай хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, бусдад худалдсан гэмт хэргийг огт үйлдээгүй байхад намайг үндэслэлгүйгээр энэ хэрэгт яллаж байна. Тухайн олж авсан, хадгалсан гэх 257.9 грамм “мөс” гэх бодис нь миний биеэс болон манай гэрээс илрээгүй. Би мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг хадгалж байсан газар болох Англи хэлний сургалтын төвд нэг ч удаа очиж байгаагүйг манай гэрт “нэгжлэг хийсэн тэмдэглэл” /1 хх 73-74, 61/ “эд зүйл хураан авсан тэмдэглэл” /1 хх 27-29/, “үзлэг хийсэн тэмдэглэл” /1 хх 34-52/ зэргээс харж болно.

2 Wechat апплейкешн өөрөө дараах дэс дараалалтайгаар нэвтрэн ордог бөгөөд Wechat апплейкешны Sunny гэх нэртэй хаяг нь яг миний IР хаяг мөн эсэх, миний IР хаягтай таарч байгаа эсэхийг нарийвчлан тогтоогоогүйгээс гадна Sunny гэх хаягнаас явуулсан зургийг би өөрөө ч өмнө нь харж байгаагүй тухайгаа мөрдөн байцаалтын явцад хэлж байсан. Хэрэг маргааныг хянан шалгах явцад миний утасны бүх зургийг шалгасан боловч А.О.А руу явуулсан, өөр хоорондоо харилцаж байсан гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, энэ талаар тогтоон шалгаагүй байна.

Миний бие өөрийн ашигладаг Wechat IР хаягаа шалгуулахаар Хүний эрхийн хороонд гомдол гаргаж, Хүний эрхийн хорооноос уг асуудлыг шалгаж тодруулах талаар Цагдаагийн байгууллагад үүрэг өгсөн боловч шалгалтын ажиллагаа явагдсан эсэх уг асуудал хэрхэн яаж шийдэгдсэн талаар одоог хүртэл надад танилцуулаагүй, хариу ирээгүй байна.

Тухайн Wechat апплейкешн өөрийн IР хаягнаас нэвтэрч орсны дараа нь нэр болон зургаа тохируулдаг бөгөөд тухайн харилцаж байгаа хүнд зөвхөн нэр болон зураг харагддаг учир Sunny гэх хуурамч нэр, хаяг ашигласан байх өндөр магадлалтай гэж үзэж байна. Үүнийг нарийвчлан тогтоож, хуульд заасан нотлох баримтын хэмжээнд авч, хавтаст хэргийн материалд оруулаагүй байсан.

Миний бие А.О.А-тай Wechat, Whats арр апплейкешнаар холбогдож байгаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. А.Д.Д-той анх Ээгий буюу Энхбаяр гэгч залуу холбож өгч байсан бөгөөд Монголд ирэх үед нь “туслаад өгөөрэй” гэж Энхбаяр надаас гуйсан болохоор нь би Д-г Монголд ирэх үед нь орчуулга хийж өгч байсан.

3. А.О.А, А.Д.Д нарын мэдүүлгүүдээс дараах хэд хэдэн зөрүүтэй мэдүүлгийг нягтлан шалгаж үзээгүй, уг хэрэгт шууд оролцоотой мэтээр нотолж тогтоолгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд ихээхэн гомдолтой байна.

Тодруулбал: /3 хх 197-198/ А.О.А-н мэдүүлэгт “... 2018 оны 8, 9 сарын үед байсан, А.Д.Д 3-4 удаа Sunny-д маш жижигхэн зүйл өгч явуулдаг байсан. Би юу гэдгийг нь мэдэхгүй. Sunny мөнгө төгрөг өгч байгаагүй...” гэсэн. Гэтэл тухайн үед буюу 2018 оны 8, 9 сарын үед А.Д.Д болон У.А нар нь бие биеэ танихгүй, Д ч Монгол Улсад байхгүй байсан, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад орж ирсэн нь нотлогдсон учраас А.О.А-н мэдүүлэг худал гэдэг нь батлагдаж байна. 3 дугаар хавтас хэргийн 183-188 хуудсанд өгсөн мэдүүлэгтээ “Sunny бол Монгол эмэгтэй. Хэн нэгэн миний дугаарыг Sunny гэх эмэгтэйд өгсөн байсан. Тэгж л утсаар холбогдож байсан. Надад Sunny-гийн талаар өөр мэдэх зүйл байхгүй. Би Sunny-тай чатаар энгийн л зүйлийн талаар мессэжээр харьцдаг байсан...”, “...Би Sunny гэх эмэгтэйд хар тамхи, мансууруулах бодис зарж байгаагүй. ...”, “...Би Sunny-тай энгийн л зүйл ярьж мессэж бичсэн. Дээрх зүйл бол худал байна. ...” гэж мэдүүлсэн байтал намайг А.О.А-тай холбоотой, хар тамхи авч зардаг гэж үндэслэлгүйгээр яллаж байгаад маш их гомдолтой байна.

Мөн А.О.А, А.Д.Д нар анх хоорондоо яаж танилцсан болон надтай хэрхэн яаж танилцсан талаараа зөрүүтэй мэдүүлгүүд өгдөг. А-н өгсөн мэдүүлэгт “...Би бараг жилийн өмнө Д анх танилцсан. ... хичээлээ тараад явж байхдаа гудамжинд хар арьстай болохоороо танилцаж байсан. Тэр оройноо бид хоёр танилцаад бааранд орсон. Тухайн үед Дон хэлэхдээ “манай хоёр найз ирж байгаа” гэсэн. Тэгээд Д-ы найз нь гээд 2 эмэгтэйтэй ирж бид нар утсаа солилцож танилцаж байсан. Тэр орой гэдэг нь 2018 оны зун байсан санаж байна. Д тэр үед танилцаад ярьж байхдаа Орост амьдрах сонирхолтой тэнд амьдрах эрхээ буюу визээ авахаар Монголд ирж хөөцөлдөж байсан. Эхнэртэйгээ хамт ирсэн, эхнэр нь тэр өдөр буцаад Орос руугаа явсан гэж байсан...” /3 хх-ийн 194-196/ гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл Д-ы “...Би Монголд ирээд Шонтой /А-тай/ танилцсан. Монголд анх визээ сунгуулахаар эхнэртэйгээ ирээд вокзал орох гээд такси бариад явж байхад нэг хар хүн зам гараад явж байхаар нь зогсоод ... танилцсан...”, “...Орост байхдаа би Монгол руу явна гэдгээ элчин сайдын яаманд ажилладаг найздаа хэлж байсан. Тэгтэл Монголд найз охин болох Sunny гэх эмэгтэй байгаа тусламж хүсвэл яриарай гэж байсан учраас анх Монголд ирэхдээ холбоо барьсан. Манай эхнэр Монголд ирээд 2 хоноод явсных нь дараа уулзсан. ...” /3 хх 123-125/ гэх мэдүүлэгт анх хоорондоо яаж танилцсан болон надтай яаж танилцсан зэрэг нь өөр хоорондоо зөрүүтэй байна.

             4. Миний хувьд анх Д-той Ээгий буюу Энхбаяр гэгч залуугаар дамжуулан танилцаж байсан бөгөөд Д “морь унамаар байна” гэж надаас гуйсан тул 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Тэрэлж рүү анх удаа морь унуулахаар явах үедээ танилцаж байсан. Тэрнээс өмнө болон дараа Д-той биечлэн уулзаж байгаагүй. Тэр үед А  цуг ирсэн бөгөөд анх удаа А, Д нартай танилцаж байсан. Тэрнээс өмнө А-н мэдүүлж байгаа шиг 2018 оны 8, 9 сарын үед Д-р дамжуулж А-с ямар нэгэн хар тамхины төрлийн зүйл аваагүй ба тэр үед Д-г мэддэггүй, Д ч Монгол улсад байгаагүй.

              5. Х.Б-н гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Төрөө уг хар арьст залуугаас 2018 оны 11 дүгээр сард мөс гэх бодис худалдаж авсан гэж ярьж байсан... Уг Sunny гэх эмэгтэй рүү яриад "би Төрөөгийн найз байна, чамтай Төрөө ярьчих гэсэн юм чамайг хар арьст залуугаас юм авдаг гэсэн, би авья” гэж хэлтэл өөдөөс “Юу яриад байгаа юм бэ” гээд утсаа салгасан. Sunny гэх эмэгтэйг би огт танихгүй...” гэх мэдүүлэг болон А-н гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “... 9079.... дугаараас А-н 8020.... дугаарт мессэж илгээж Sunny-гийн дугаарыг авсан” зэрэг болон бусад гэрчийн мэдүүлэг, нэгжлэг, үзлэг хийсэн тэмдэглэлээр У.А миний үйлдэл хангалттай тогтоогдоогүй, нотлогдохгүй байгаагийн зэрэгцээ миний бие уг хэрэгт огтхон ч хамааралгүй болно.

6.  Мөн Төрөө, Ээгий буюу Энхбаяр гэгч нараас мэдүүлэг авч үнэхээр намайг энэ хэрэгт холбоотой эсэхийг нарийн шалгаж тодруулах шаардлагатай байна.

Х.Б гэгчийн 9079.... гэх утасны дугаар нь дуудлага болон мессэж бичихэд янз бүрийн өөр дугаар болон харагдаж байгаагаас харахад Скайтел үүрэн холбооны компаниас энэ талаар тодруулахад дугаар нууцлах үйлчилгээ байдаг бөгөөд тухайн хүний дугаарыг өөр утсан дээр өөр дугаар болгон харагдуулдаг гэж тайлбарласан. Иймд энэ талаар нарийн тодруулах шаардлагатай гэж үзэж байна.

            7. Тухайн мөс гэх бодисыг А шуудан илгээмжээр хүлээн авч өөрийн ажилладаг Англи хэлний сургалтын төвд хадгалж байсан нь хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдохын зэрэгцээ миний бие уг сургалтын төвийг хаана байрладаг болон нэрийг нь ч сонсож байгаагүй талаар удаа дараа мэдүүлсээр байтал уг хэрэгт үндэслэлгүйгээр яллаж байгаад гомдолтой байна. Үүнээс гадна намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байгаа үндэслэл нь учир дутагдалтай, шүүгдэгч нарын мэдүүлгүүд өөр хоорондоо илтэд зөрүүтэй байхаас гадна уг Англи хэлний сургалтын төв дээр миний бие очиж байсан эсэх, намайг уг сургалтын төвийн ажилчид, багш нар таньдаг эсэхийг асууж тодруулаагүй атлаа “мөс” гэх 257.9 грамм бодисыг Англи хэлний сургалтын төвд худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэм буруутай гэж үзэж байгаад маш их гомдолтой байна. /1 хх 45-52 “Хэргийн газрын үзлэг”, 1 хх 53-60 “А-н илгээмжээр авсан эд зүйлд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт”-ээс харж болохоор байна/.

             8. Холбооны Бүгд Н Н У-н иргэн А.О.А, А.Д.Д, И.Ч.Ф нарын гар утсанд үзлэг хийсэн боловч тухайн утаснуудад ирсэн, илгээсэн мессэжүүдийг англи хэлнээс монгол хэл рүү албан ёсоор орчуулсан орчуулга байхгүй байгаа нь хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн, нотлох баримт хууль ёсны байх гэсэн шаардлагыг хангаагүй байхаас гадна тухайн хэлнээс монгол хэл рүү орчуулга хийвэл утга агуулга нь хэрхэн илэрхийлэгдэх зэрэг нөхцөл байдлуудыг нэмж тогтоох шаардлагатай гэж үзэж байна. /11 хх 81-136/

9. А.О.А нь маш олон Монгол эмэгтэйчүүдтэй холбоо тогтоодог байсан бөгөөд, тэдгээр эмэгтэйчүүдийн нэр, утасны дугаар, дансыг ашиглаж мөнгө шилжүүлэх болон хүлээн авч байсан төдийгүй А.О.А-д өмнө үерхэж байсан найз охин болох Х.У-н иргэний үнэмлэхний зураг байсан зэрэг үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд үүнтэй адилаар У.А миний нэр, утасны дугаарыг ашиглаж өөрийн үйлдсэн гэмт хэргээ халхавчлах зорилгоор ашигласан гэж хардаж байна. Урьд нь А-тай үерхэж байсан гэх Х.У-н мэдүүлэгт “...Би түүнд өөрийнхөө иргэний үнэмлэхийг өгч байгаагүй. Шон надтай байхдаа тоглоод л миний цүнхийг аваад, дотор нь байгаа эд зүйлийг үзээд байдаг байсан. ... Хэзээ, хэрхэн, яаж миний үнэмлэхний зургийг авчихсан болохыг үнэхээр хэлж мэдэхгүй байна. ... Гэвч нэг удаа Ш над руу инстаграммаар бичээд “чи надад бүтэн нэрээ хэлчих” гээд байсан. Би “яах гэж байгаа юм бэ” гэтэл “хүнээс их хэмжээний мөнгө авах ёстой, би чамд өртэй болоод чиний данс руу хийлгүүлээд авчихъя” гээд байсан...” /1 хх 222-225/ гэх мэдүүлгээс бусдын бичиг баримтыг зөвшөөрөлгүйгээр авч ашиглах, дансны дугаарыг ашиглаж бусдаас мөнгө шилжүүлж авах зэрэг үйлдлүүд тодорхой харагдаж байна. Тиймээс У.А миний Wechat хаягны нэр, зураг болон утасны дугаарыг хуурамчаар ашигласан байх магадлалтай гэж үзэж байна. Мөн миний хувийн байдлын талаар тогтоогоогүй, ямар үндэслэлээр холбогдоод юуг буруу хийсэн гэж харь хүний үгээр намайг хориод байгааг ойлгохгүй байна.

Иймд миний гомдлыг хүлээн авч хэргийн бодит байдлыг үнэн зөв, шударгаар хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийн тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитой тогтоож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч У.А-н өмгөөлөгч А.Золжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Миний үйлчлүүлэгч У.А-г А.Д.Д, А.О.А нартай бүлэглэн “мөс” гэх нэршилтэй, 257.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж шүүхээс дүгнэж, ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зөвхөн тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар хуульчилсан. Прокуророос миний үйлчлүүлэгч У.А-г А.Д.Д, А.О.А нартай бүлэглэн сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 257.9 грамм бодисыг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэгт холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын  1-ний өдрийн 209 тоот яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Гэтэл шүүхэд шилжүүлсэн уг хэрэгт буюу А.О.А-н 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр сэтгэцэд сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 257.9 грамм бодисыг шуудан илгээмжээр хүлээн авсан, сургалтын төвд хадгалсан үйлдэлд У.А хамтран оролцсон гэх ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүхээс илтэд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэсэн. Иймд У.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч У.А-н өмгөөлөгч Н.Золжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй. Мөн мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн, хавтас хэрэгт У.А-н хувийн байдлыг тогтоосон баримт хангалттай авагдаагүй. У.А нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Д, А нартай анх удаа танилцахдаа өөрийн найз Адъяа, Уянга нартай хамт уулзсан. Эдгээр хүмүүсээс мэдүүлэг авч хувийн байдлыг нь тогтоогоогүй. Гэрч Г “би Бээжингийн Олон Улсын худалдааны төв болох Санлужан гудамжинд А.О.Ааас хар тамхи худалдаж авч байсан” гэж мэдүүлдэг. Энэ нь таньж олуулах ажиллагаа болон гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байсан. Мөн гэрч Б.Т нь Хятад улсад Бээжин хот, Хэбэйд А.О.Ааас 2018 оны 11 дүгээр сарын үед мөс худалдаж авч байснаа мэдүүлсэн ба гэрч Н.З, Х.Н, А нарын мэдүүлэг хэрэгт авагдсан. Намууны гэрээс түрийвч хураан аваад, шинжилгээ хийлгэхэд “АМ54477552 серийн дугаартай Монгол Улсын 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс дельта-9 тетрагидроканабинолын агууламжтай бодис илэрсэн” нь тогтоогдсон байхад мөрдөгч, прокурор хуульд заасан нотлох үүргээ биелүүлээгүй. Намуун гэгч нь А.О.А, А.Д.Д нартай бэлгийн харьцаанд орсон, хамт байснаа мэдүүлээд байхад энэ байдлыг тогтоох талаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй байна. Мөн Төрөө болон Батнаран нарыг байцаах ямар нэг ажиллагаа хийгээгүй атлаа У.А-г мансууруулах бодис худалдсан, зарж борлуулахаар хадгалсан, тээвэрлэсэн гэж ял оногдуулж байгаад гайхаж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу У.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч У.А-н өмгөөлөгч Г.Оюунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч А.Золжаргалын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэргийн үйл баримтад У.А-н үйлдэл, оролцоо тогтоогддоггүй. У.А нь “мөс” гэх нэршилтэй 257.9 грамм мансууруулах бодисыг хадгалсан, тээвэрлэсэн, хууль бусаар олж авсан, худалдаалсан талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй. Учир нь, тухайн илгээмжийг А.О.А илгээмжээс аваад задлаагүй байхад нь Цагдаагийн байгууллага илрүүлсэн. У.А-г ямар үндэслэлээр олж авсан гэж үзээд байгаа нь ойлгомжгүй. Иймээс зүйлчлэл үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж Г.А-д ял шийтгэл оногдуулсан. Гэтэл У.А нь 257.9 грамм бодисыг оруулж ирэхэд ямар урьдчилсан амлалт өгсөн, яаж дэмжлэг үзүүлсэн зэрэг үйл баримт нь тогтоогдохгүй байна. А.О.А-н мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж болохоор, хууль сахиулах байгууллагатай хамтарч ажилласан гэдэг. Гэтэл хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллаж болохгүй хүн гэдэгт “гэмт хэргийг зохион байгуулсан хүн” хамаардаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна. А.О.А-н мэдүүлэг тогтворгүй, тэрээр хэрхэн яаж У.А-тай холбогдоод байгаа нь тодорхойгүй байна. Мөн А.Д.Д-ы гар утсанд үзлэг хийхэд У.А-тай холбоотой гэх болон гэмт хэрэгт холбогдолтой баримт олдоогүй. ... У.А-г мансууруулах бодис худалдаалсан гэж үзэж байвал хэнд худалдсан, ямар ашиг олсон зэргийг давхар тогтоох шаардлагатай. ... А.О.А, А.Д.Д, У.А нар анх хаана, яаж уулзсан нь тогтоогддоггүй. Гурвуулаа өөр өөр байдлаар мэдүүлдэг. Гэрч Б-н мэдүүлгийг шүүх үнэлэхгүй орхигдуулсан. Гэрч Б-н мэдүүлэг нь А.О.А-н мэдүүлэгтэй зөрж, У.А-н мэдүүлэгтэй таарч байгаа. А.О.А-н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад Батнаран гэдэг хүн мессэж бичсэн байсан. Тухайн мессэжид “А.О.А чи У.А-тай харьц гэхэд нь тэгвэл А-нхаа утасны дугаарыг өгчих” гээд утасны дугаарыг нь авсан байсан. Мөн 56-86 УБУ улсын дугаартай автомашиныг шалгахад У.А-н машин гэж тогтоогдсон. Гэтэл 56-86 УНУ улсын дугаартай машины эзнийг тогтоох байтал, яагаад 56-86 УБУ дугаартай автомашины эзнийг тогтоосон бэ гэдэг нь эргэлзээтэй. Улсын дугаар нь нэг үсгийн зөрүүтэй байхад л эзэмшигч нь өөр байдаг. Иймд дээрх асуудлуудыг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч А.О.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Холбооны Бүгд Н Н улсын иргэн А.О.А миний бие 2019 оны 1 сарын 28-ны өдөр баривчлагдах хүртлээ Англи хэлний багшаар ажиллаж байсан.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн эсрэг гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оноох шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Юуны өмнө би гэмт хэргийн хохирогч болж, буруутгагдаж байгаа гэдгээ хэлмээр байна. Миний ойлгосноор, Цагдаа болон прокурорын байгууллага шүүхийн шийдвэр гарахаас өмнө мөрдөн байцаалтыг эцэслэн явуулаагүй. Тэд Тайландын Вант улсаас ирсэн илгээмжийн эзэн би биш гэдгийг мэдэж байсан. Би зөвхөн хайрцгийг хүлээн авсан боловч тухайн хайрцаг дотор хууль бус бодис /хар тамхи/ байгаа гэдгийг мэдээгүй байсан. Яагаад гэвэл тухайн хайрцаг минийх биш бөгөөд би хайрцгийг онгойлгоогүй байсан. Түүнчлэн цагдаа болон прокурорын байгууллага намайг баривчлахаас өмнө хайрцаг нээгдээгүй байсныг баталж чадна. Чингэлтэй дүүрэг, Глобал бизнес төвийн 101 тоот өрөөнд мөрдөн байцаалт явуулах зорилгоор цагдаагийн ажилтан хайрцгийг нээх үед би хайрцаг дотор юу байсныг харсан.

Нийслэлийн прокурорын газрын прокурор Б.Бүжинлхам нь Төрөө, Ээгий нарт өөр шинэ хэрэг нээсэн гэж хэлсэн. Аль аль нь У.А-н нэхэмжлэлтэй эрүүгийн хэргийн мөрдөн байцаах ажиллагаатай холбоотой юм. Нэг хэрэг дээр хоёр өөр хавтас хэрэг нээж байгааг би ойлгохгүй байгаа ба хууль бус үйлдэл гэдэгт итгэлтэй байна. Нэг дэх хавтас хэрэг аль хэдийн шүүхийн шатандаа байхад хоёр дахь хэрэг нээгдэх гэж байна. Мөн хоригдож байх үед хоёр дахь удаагийн хэрэгт холбогдоно гэж төсөөлөхийг ч хүсэхгүй байна. Миний ойлгож, мэдсэнээр хавтаст хэрэг нэг эсвэл хамт байх ёстой. Төрөө, Ээгий гэж хэн болох, тэдний овог, нэр, хаяг зэргийг би огт мэдэхгүй боловч А намайг тэдэнтэй уулзаж, миний хэзээ ч өгөөгүй ямар нэгэн зүйлийг өгсөн гэж мэдүүлсэн. Хэргийн бодит үнэнийг олохын тулд бүх хүмүүсийг байцаах нь чухал. 19020004800 тоот хавтас хэргийг эцэслэн шийдвэрлэхээс өмнө цагдаагийн газар эдгээр хүмүүсийг мөрдөн байцаах хэрэгтэй. У.А, А.Д.Д нар хариуцлагад татагдсан учраас би өөрийн мэдэх үнэнийг хэлж, тусалсан. Хоригдсоноосоо хойш би Цагдаа гэх мэт эрх мэдэлтнүүдтэй хамтран ажиллаж, хэргийн талаар өөрийн мэдэж байгаа бүхнийг хэлсэн ба тэд хуулийн дагуу нааштайгаар шийдвэрлэхэд тусална гэдгээ амласан. У.А, А.Д.Д нар гэмт хэрэг үйлдэхдээ надад мэдэгдэлгүй, миний зөвшөөрөлгүйгээр намайг ашигласан ба намайг хохирогч гэдгийг мэдэж байсан хэдий ч хамгийн олон жил буюу 6 жилийн хорих ял оноосонд би маш их гайхаж байна. Миний бие Монгол Улсад болон гадаад улс оронд байх хугацаандаа гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Энэ хүмүүсийг баривчилсан талаарх бага зэрэг эсвэл ямар нэгэн нотлох баримт байхгүй байсан ч би мөрдөн байцаалтын үйл явцад тусалсан. Тэдний талаар мэддэг зүйлээ хэлээд, мөрдөн байцаалтын ажиллагааг хөнгөвчлөхийг хүссэнээс өөр миний хийсэн зүйлд ямар ч шагнал урамшуулал байсангүй. Бусад хүмүүсийн хийсэн хэргийн төлөө би яагаад шийтгэл хүлээх ёстой гэж. Мөрдөн байцаалтын явцад цагдаа нарын авсан whats арр мессенжерээр А.Д.Д бид хоёрын хоорондоо бичсэн зарим нэг мессеж байсан. Энэ мессеж нь тэр намайг хэрхэн ашиглаж байсныг мөн У.А-тай уулзахыг хүссэн зэрэг үйл явцыг нотолсон. Надад У.А-н утасны дугаар байхгүй. Би зөвхөн энэ 2 хүний дунд байсан. Би хэзээ ч мөнгө хүлээн аваагүй. Мөс буюу хууль бус бодисын үнийг ч мэдэхгүй. Би зөвхөн хүлээн авч, дамжуулсны төлөө хохирогч болсон. Ийм боловсролгүй /бүдүүлэг/ хүнд ашиглуулсандаа өөрийгөө буруутгаж байна. А.Д.Д түүнийг гэрчлэх, нотлох баримтуудыг үл харгалзан энэ бүх эрүүгийн хэргийн ард нуугдаж, гол буруутан нь болохоос зайлсхийж байна. Тэр худлаа хэлж, зайлсхийж байгаа учраас би түүний эсрэг юу ч хийж чадахгүй байна. Тэр намайг шинэ хүн байсан болохоор ашиглахад хялбар байсныг тэр мэдэж байсан. Бид нэг улсаас ирсэн, ах дүүс, мөн би юу ч аваагүй учраас түүнийг буруутгаагүй. Давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг зохих үндэслэлтэйгээр мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүсэж байна. Цагдаагийн газар Тайландын Вант улсаас уг илгээмжийг илгээсэн эзэн хэн болох зэрэг үнэнийг тогтоох боломжтой бүх нотолгоог нарийн шалгах хэрэгтэй. Мөрдөн байцаах шаардлагатай хэд хэдэн хүн бий. Намайг 6 жилийн хорих ялаар шийтгэх тогтоол миний хувьд давж гарахад хэтэрхий урт хугацаа мэт санагдаж байна. ... Би ийм зүйлд холбогдсондоо маш их харамсаж байна. ... Миний хувьд А.Д.Д-той танилцсандаа харамсаж байгаа ба энэ бол маш том алдаа байлаа. Тэр Монгол хэл мэдэхгүй, Улаанбаатарын зам, сүлжээ сайн ашиглаж мэддэггүй байсан учраас түүний муу зуршил, үйл хэргийг мэдэлгүйгээр нутаг нэгт хүнд туслахыг хүсэж байсан. Миний бие Монгол улсад 3 жил гаруйн хугацаанд Англи хэл зааж байгаа ба би оюутнуудаа болон оюутан бус ямар ч хүмүүст хууль бус бодис дамжуулж, ярьж, зөвлөж, зарж борлуулж байгаагүй гэдгийг мөрдөн байцааж, шалгаж болно. ... Хар тамхи гэх хууль бус бодисыг хэзээ ч хэрэглэж байгаагүй. Мөрдөн байцаалтын явцад би холбогдох эрүүл мэндийн байгууллагад төрөл бүрийн шинжилгээнд хамрагдсан бөгөөд хууль бус бодис /хар тамхи/ хэрэглэж байгаагүй нь нотлогдсон. Энэ хэрэг, үйлдлүүдээс болоод би найз нөхөд, сайн сайхан сэтгэлт хүмүүс гэх мэт олон зүйлийг алдсандаа харамсаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулсан мэдээллээс болж 3 жилийн турш өөрийн хичээл зүтгэл, тэвчээр, шаргуу хөдөлмөрөөр бүтээсэн миний карьер, нэр юу ч үгүй хоосорч, шаварт унасан. Намайг хоригдсоноос хойш миний ээж өвдсөн ба түүнийг амьд байгаасай гэж залбирч байна. Гадаад хүн учраас шоронд байхад маш хэцүү, миний эрүүл мэндэд ч хүндээр нөлөөлж байна. ... Сайн сайхны төлөө би өршөөл гуйж байна, үүнийг шударгаар, нааштайгаар шүүж, шийдвэрлэж өгнө үү.

Би хүнд ашиглагдаж хохирогч болсон учраас шүүх намайг гэм буруугүйг тогтоож өгөхийг мөн миний бие шоронд суухыг хүсэхгүй байгаа тул хуульд заасны дагуу миний эдлэх ял шийтгэлийг мөнгөн торгууль болгон өөрчилж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч А.О.А-ын өмгөөлөгч Н.Нарантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс А.О.А-д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахдаа яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны үеэр шинэчилсэн мэдүүлгүүдэд хууль зүйн үнэлэлт, дүгнэлт хийхдээ хэрэглэвэл зохих хууль болон Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг харгалзаагүй, шүүгдэгчийг уг хэрэгт ямар оролцоотой болохыг хөдөлбөргүйгээр нотолсон үйл баримтыг заагаагүй, гэм буруутайд тооцсон буруутгах баримтыг тайлбарлаагүй, уг сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй, 257.9 грамм бодисын зах зээлийн үнэлгээ, хэний мөнгөөр хэрхэн авсан эх сурвалжийг олж тогтоох, илгээмж хүлээн авах хаягийг хэн, хэзээ авсан болон хайрцагны эцсийн хүлээн авах эзэн хэн болохыг эцэслэн тогтоогоогүй. Хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн илгээмжийг хүлээн авсан хүнийг шийтгэн хэргийг дуусгаснаар өөр хэн нэгэн ял завших болоод байна. А.О.А нь Монгол Улсын Эрүүгийн хууль, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг орчуулагчаар тайлбарлуулан мэдүүлгээ анхнаасаа үнэн зөв, тогтвортой мэдүүлсээр ирсэн ба анх баривчлагдахдаа биед явсан гар утсан дээрх мессеж, бусадтай харьцсан чат зэргийг огт устгаагүй гаргаж өгсөн, мөн биед байсан эд зүйлээ сайн дураараа хураалгаж, уг хураалгасан гар утсан дээр найзынхаа хаягийг чатаар хэн авсан болон уг хаягаар захиалга хийсэн болон хэн рүү уг хаягийг өгч уг зүйлийг захиалсан талаар тодорхой мэдүүлдэг. Тэрээр хүний заавраар Олон Улсын шуудан илгээмжээс уг илгээмжийг очиж авсан даруйдаа ажил дээрээ ирж цагдаа нарт баривчлагдсан байдаг. Хэрэгт авагдсан хэргийн газарт хийсэн үзлэг дээр уг илгээмжийг огт задалж үзээгүй, дотор нь хэдий хэмжээний юм байгаа болон хориглосон эд зүйл байгаа талаар огт мэдээгүй гэж мэдүүлдэг. Энэ хэрэгт шүүхээс Дарлингтон Доны үйлдэл оролцоо байгаа талаар нотлох баримт байсаар байтал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг зохион байгуулж, хамтран оролцсоноор ял сонсгож ирснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

А.О.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруу дээр маргаагүй, зөвхөн оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү хэмээн давж заалдах шатны шүүхээс хүсэж байгаа. Монгол Улсад Н улсын консул, төлөөлөгчийн газар байхгүйн улмаас өөрийн эрхээ бүрэн хамгаалуулж чадахгүй байна. ... А.О.А-д оногдуулсан ял тус бүрээс 1, 1 жил хасаж, 4 жил болгон хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл бүрэн байна. Тэрээр А-г зааж, Д, А нарын олон удаагийн үйлдлийн талаар үнэн зөв мэдүүлснээр гэмт хэрэг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн гэж ойлгох бүрэн үндэслэлтэй. Хэрэв тэрээр А гэгчийг заагаагүй бол хэн нэгэн өнөөдөр ял завшиж, Монгол Улсын нутаг дэвсгэрт хар тамхи мансууруулах бодис зарж, нийгэмд маш их хор хөнөөл учруулсаар байх байсныг таслан зогсоосон, өөрөөр хэлбэл гэмт хэрэг илрүүлэхэд хуулийн байгууллагад тусалсан гэж үзэж байна.

А.О.А нь шүүх хуралдааны үеэр анх удаа хүнд гэмт хэрэгт холбогдон Монгол Улсын шүүхээр орж, Монгол хэл сайн мэддэггүйн улмаас өөрийн хэлэх мэдүүлэг тайлбараа орчуулагчаар дамжуулан шүүхэд бүрэн дүүрэн хүргэж чадаагүй. Өөрт холбогдох гэм буруугийн талаар Эрүүгийн хуулийн яг аль зүйл, хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэм буруу дээрээ маргаж байгаа талаараа ойлгуулж чадаагүйн улмаас шүүхээс түүнийг бүх зүйл, хэсэг, гэм буруу дээр маргаж байна гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасныг хэрэглэлгүй, түүний эрх зүйн байдал дордсон. Гэтэл тэрээр өөрт холбогдох хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруу зүйлчлэл дээр маргаж, уг гэмт хэргийг үйлдээгүй яллагдагчийн шүүх хуралдааны үеэр хэлсэн үгийн утга бүрэн дүүрэн шүүх улсын яллагчид ойлгомжтой хүрээгүй гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор А.О.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.О.А-н өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие шүүгдэгч А.О.А болон өмгөөлөгч Н.Нарантуяа нарын давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан худалдаалах зорилготой байсан гэдгийг бүрэн тогтоож чадаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрээс харахад нэг талыг барьж шийдвэрлэсэн нь харагддаг. Гэрч Ж, Б, Х, М, С гэх 461 дүгээр хорих ангид хоригдож байсан хүмүүсээс мэдүүлэг авсан байсан. Эдгээр хүмүүс нь дандаа мансууруулах бодистой хамааралтай хэргээр шалгагдаж байгаа хүмүүс. Бээжинд худалдаж байсан гэдгээр бусдыг яллаж болохгүй. Хэнд, хэзээ, хэдэн төгрөгөөр зарсныг тогтоож байж худалдаалах зорилго байсан эсэхийг тогтоох шаардлагатай байсан. Иймд А.О.А-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Д.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Бүгд Н Н У-н иргэн А.Д.Д би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн гаргасан 3 жил хорих ял нь хууль ёсны нотлох баримт байхгүй гэж үзэж байна. Цагдаагийн ажилтан миний амьдарч байсан байранд нэвтэрч, нэгжлэг хийсэн хэдий ч ямар нэгэн хууль бус зүйл илрээгүй. Мөн цагдаагийн ажилтан миний биед мансууруулах бодисын шалгалт хийсэн ч миний цуснаас юу ч илрээгүй. Харин А.О.А-н биеэс мансууруулах бодис олдсон нь тогтоогдсон. 257.9 грамм мансууруулах бодис агуулсан байсан хайрцгийг Адеколагийн ажлын газраас олсон ба 9 граммыг түүний биеэс олсон байсан.

А.Д.Д миний бие хэзээ ч хэн нэг хүний заавраар Монголын шуудангийн газарт очиж байгаагүй болно. Би шуудан холбооны газар хаана байдгийг ч мэдэхгүй, Монгол хэлээр ярьж болон бичиж чаддаггүй билээ. Мөрдөн байцаалтын явцад Монголын шуудан холбооны газраас миний нэр ямар нэг баримт дээр байгаагүй гэдгийг тогтоосон. Мөн би Монгол Улсад оршин суудаг хаяг байхгүй, Монгол улстай холбоотой зүйл надад байхгүй.

Миний Монгол улсад ирэх болсон ганц шалтгаан бол Орос улсад зорчих визийг сунгах явдал бөгөөд би Монгол улсад ямар нэг ажил эрхэлдэггүй. А гэх этгээд нь миний талаар худал мэдүүлэг өгсний улмаас намайг буруутгаж хэлмэгдүүлж буйд сэтгэл дундуур байна.

Би хэзээ ч тийм муухай хэргээр А.О.А-тай хамтарч ажиллаж байгаагүй, хэзээ ч 257.9 грамм мансууруулах бодисыг тээвэрлэж, хадгалж байгаагүй болно. Монгол Улсын шүүх байгууллага миний хэлмэгдсэн нөхцөл байдлыг ойлгоно гэж найдаж байна. Та бүхэн намайг цагаатгаж, давж заалдах хүсэлтийг минь хүлээн авна уу. ...” гэжээ.

Шүүгдэгч А.Д.Д-ы өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч А. Д.Д өмгөөлөгч нарын зүгээс доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Н улсын иргэн А.Д.Д-г Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас хойшлуулашгүй ажиллагааны журмаар 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр баривчилж, Нийслэлийн Прокурорын газраас 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” атал А.О.А /Шон/-той ямар байдлаар гэмт үйлдэлд хамааралтай гэх үйл байдал тогтоогоогүй. А.О.А /Шон/-ын гадаад улсаас илгээмжээр авсан хориглосон бараа өмнө нь хувийн харилцаатай байсан эмэгтэйн нэрээр орж ирсэн зэргээс харахад үйлдлийн хувьд шалтгаант холбоотой гэх үйл байдал байхгүй байгаа нь доорх байдлаар тогтоогдож байна.

А.Д.Д-ы түр оршин сууж байсан гэх ....................тоотод 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн нэгжлэг хийсэн түхай тэмдэглэл /1 хх 61-64/, 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн А.Д.Д-ы бие, эд зүйлд хийсэн тэмдэглэл, биологийн дээж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх 98-109/, А.Е.О, И.Ч.Ф, У.А болон эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн бусад хүмүүсийн мэдүүлэг, гадаад паспортод үзлэг хийсэн тэмдэглэл, Монгол Улсын хил нэвтэрсэн тухай лавлагаа зэрэг нотлох баримтууд болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төгсгөлийн шатанд буюу 2019 оны 6 дугаар сарьн 4, 10-ны өдрүүдэд А.О.А /Шон/ нь зориуд мэдүүлгээ өөрчилсөн гэж үзэж байгаа ба мэдүүлэгт дурдсанаар А.Д.Д-той нэг жилийн өмнө танилцсан гэсэн боловч А.Д.Д нь нэг жилийн өмнө Монгол улсад ирж байгаагүй. Анх удаа 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр улсын хилээр нэвтэрсэн нь эрх бүхий байгууллагын лавлагаа, паспортод хийсэн үзлэгээр тогтоогдсон. А.О.А /Шон/-ын биеэс олдсон гэх 0.8 грамм мансууруулах бодисыг М хороололд байдаг гэрээсээ олсон гэх боловч тухайн орон сууцанд амьдардаг гэх Хятад улсын 3 иргэний мэдүүлгээр А.О.А /Шон/ гэртээ ирдэггүй байсан, сүүлийн 14 хоногт өөр хар арьстай залуу ганцаараа байсан гэх мэдүүлгээр нотлогдож байгаа. Нутаг нэгт И гэдэг хүнээс илгээмж авсан гэх мэдүүлгээр А.Д.Д нь А.О.Аын үйлдэлтэй хамааралтай гэх байдал тогтоогдоогүй байхад шүүх зөвхөн А.О.А, Г.А нарын мэдүүлгээр ялласан нь хэрэгт авагдсан хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудтай зөрчилдөж байгаа төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т заасан “...Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6 дугаар зүйлийн 1.1 дэх заалт “...дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэснийг зөрчсөн гэж давж заалдах гомдол гаргаж байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах байдлаар А.Д.Д-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч А.Д.Д-ы өмгөөлөгч Э.Нарангарав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “... Миний бие гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. А.О.А болон А.Д.Д нар ямар холбоотой болох нь тогтоогдоогүй байхад шүүх зөвхөн А.О.Аын мэдүүлгээр ялласан нь хэрэгт авагдсан хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудтай зөрчилдөж байна. А.Д.Д-г ямар үйл баримтаар яллаж байгаа нь ойлгомжгүй, зөвхөн А.О.А-н мэдүүлгээр А.Д.Д-г буруутгаад байгаа нь үндэслэлгүй. Иймд А.Д.Д-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Д.Д-ы өмгөөлөгч Н.Мандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт А.О.А-н биеэс гарсан 0.8 грамм хэмжээтэй мансууруулах бодисыг устгахыг эрх бүхий байгууллагад даалгаж шийдвэрлэсэн. А-н гомдолд дурдсанаар уг 0.8 грамм бодис илэрснийг яллах дүгнэлтэд дурдаагүй гэж үзэж байна. Оруулж ирээгүй үйлдэлтэй хамааралтай эд мөрийн баримтыг устгахыг даалгаж байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан олж авах, хадгалах, бэлтгэх, тээвэрлэх, худалдах гэсэн шинжүүдийн аль шинж нь А.Д.Д-д хамааралтай болохыг тогтоолгох хүсэлтэй байна. ...  А.Д.Д-ы хувьд мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэх зүйл, хэсэг хэрэгсэхгүй болсон байхад олж авч байгаа, худалдсан, хадгалсан гэх шинжүүдэд яаж холбогдоод байгаа нь ойлгомжгүй байна. ... Биеэс нь олдсон 0.8 грамм хориотой бодисыг шалгалгүй, орхигдуулж хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж үзэж байна. Мөн тухайн 257.9 грамм бодисыг Монголд оруулж ирэхийн тулд хөрөнгө шаардлагатай. Энэ санхүүжилтийг хэн гаргаж, оруулж ирснийг огт шалгаагүй. А.Д.Д нь М хороололд А.О.А-н байранд амьдарч байсныхаа төлөө энэ хэрэгт хамтран оролцсон гэж яллагдаж байна. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж үзнэ үү. ...” гэв.

Прокурор Б.Бүжинлхам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... А.О.А, А.Д.Д, У.А нарын өмгөөлөгч нар яллах дүгнэлт үйлдсэн үндэслэл болон яллагдагчаар татсан үндэслэл, мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлж, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдаалсан гэдэг үндэслэлд маргаж байна. Хэрэв оролцогч нар хэргийн материалтай танилцсан бол энэ талаар яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоолын дүгнэлт хэсэгт маш тодорхой дурдсан. Хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж ярьж байгаа боловч А.О.А нь өөрийн үерхдэг байсан Х.У гэх хүний нэр, шуудангийн хаягаар, өөрийн гар утасны дугаарыг тэмдэглүүлж, энэ бодисыг өөрийн гар дээр хүлээж авсан.  А.О.А нь хуулийн байгууллагатай хамтран ажиллах этгээдээр тогтоогдоогүй. Тэрээр А.Д.Д, У.А нар энэ хэрэгт холбоотой талаар мэдүүлсэн. Энэ нь У.А-н А.О.А-тай уулзаж байсан, Макс молл дэлгүүрийн гадна мансууруулах бодис дамжуулж байсан гэх мэдүүлгээр нотлогдож байна. Мөн гэрч Б-н мэдүүлгээр У.А  нь А.О.А-тай холбоотой, Төрөө гэдэг хүнд мансууруулах бодис өгч байсан нь нотлогдсон. Төрөөд тусад нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа. Эдгээр хүмүүсийг бүлэглэн А.Д.Д зохион байгуулаад, А.О.А гардан гүйцэтгээд, У.А хамжигчаар хамтран оролцсон гэж дүгнэсэн. Мөн У.А-н “Тухайн үед Макс молл дэлгүүрийн гадна байж байхад машинд Төрөө орж ирээд А.О.А-с юм авсан. Үүнээс 14 хоногийн дараа А.Д.Д У.А-тай холбогдоод тухайн бодисынхоо мөнгийг нэхсэн” гэх мэдүүлгүүдээр эдгээр 3 шүүгдэгч бие биенийгээ таньж, хамтран ажилладаг болох нь нотлогдож байна. Мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодисын хэмжээ хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. А.О.А-н биеэс илэрсэн 0.8 грамм мансууруулах бодис энэхүү хэрэгт хамаарагдаад явж байгаа. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд “яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлнэ” гэж хуульчилсан. Харин гагцхүү энэ нотлох баримтыг яллах дүгнэлт үйлдэхдээ дангаар нотлох баримт болгохгүй гэж заасан болохоос яллагдагчийн мэдүүлэг нотлох үүрэггүй гэсэн үг биш. Анхан шатны шүүх мансууруулах бодисыг зохион байгуулалттай худалдсан гэж үзсэн мөртлөө, хилээр оруулж ирж байгаа үйлдлийг зохион байгуулалттай оруулж ирээгүй байна гэж үзсэн нь хэргийн нөхцөлд бодитой дүгнэлт хийж чадаагүй гэж үзэхээр байна. Мөн мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгт хэн ч дансаар гадаад улс руу мөнгө шилжүүлээд, оруулж ирдэггүй. Энэ нь шударга бус бизнес учир илээр хийгддэггүй. Мөн автомашины тухайд У.А нь “намайг машиндаа сууж байхад Төрөө орж ирээд А-тай бараагаа солилцсон” гэж хэлдэг. У.А нь хувийн байдлын хувьд тэрээр ганц бие ээж боловч бага насны хүүхэдгүй, түүнчлэн хүнд хэрэгт холбогдсон учир ял хойшлуулах асуудал яригдахгүй. Худалдан борлуулах зорилгыг хангалттай нотлогдсон гэж үзэж байна. 257.9 грамм бодисыг хэрэглэх зорилгоор аваагүй. Зах зээлийн ханшаар 1 грамм мөс гэх бодис нь 1.000.000 төгрөгөөр үнэлэгддэг гэж ярьдаг. Тэгэхээр 257.900.000 төгрөгийн бодис хураагдсан гэсэн үг юм. Анхан шатны шүүхээс А.Д.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийг хэрэгсэхгүй болгосныг прокурорын зүгээс үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна. ...” гэв.

          ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, шүүгдэгч У.А, А.О.А, А.Д.Д нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй болжээ.

Прокуророос А.О.А-г А.Д.Д-той бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Тайландын Вант Улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метафетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, нийт 257.9 грамм бодисыг нуун далдлах аргаар Олон Улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

мөн А.Д.Д, У.А нартай бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Глобал бизнес центрийн 101 тоотод байрлах Англи хэлний сургалтын төвд сэтгэцэд нөлөөт метафетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, нийт 257.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

А.Д.Д-г А.О.А-тай бүлэглэн сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, нийт 257.9 грамм бодисыг нуун далдлах аргаар, Олон Улсын шуудан илгээмж ашиглан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон гэмт хэрэгт Эрүүгийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

мөн А.О.А, У.А нартай бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Глобал бизнес центрийн 101 тоотод байрлах Англи хэлний сургалтын төвд сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, нийт 257.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

У.А-г  А.Д.Д, А.О.А нартай бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Глобал бизнес центрийн 101 тоотод байрлах Англи хэлний сургалтын төвд сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, нийт 257.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд, прокурорын яллах дүгнэлт нь хуульд заасан нийтлэг шаардлагыг хангаагүй төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр нарийвчлан тодорхойлж ирүүлээгүй байна.

Дээрх нөхцөл байдлаас шалтгаалж анхан шатны шүүх хэргийн тодорхой бус үйл баримтад хэт ерөнхий байдлаар дүгнэлт хийсэн нь “...  гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар  ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино ...” гэсэн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зорилтод үл нийцжээ.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар “олж авсан” гэдэгт уг бодисыг хууль бусаар өөрийн эзэмшлийнх болгоход чиглэгдсэн бусдаас буюу өөрөө арилжиж, худалдаж олж авсан бэлэг, хандив, өр зээлээр гэх мэт бусад аргаар өөрийн болгосон идэвхтэй үйлдэл хийхийг, “хадгалсан” гэдэгт уг бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, түүнчлэн тусгайлан бэлтгэсэн нуувч зэрэг газарт байлгахыг, “тээвэрлэсэн” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр нэг газраас нөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгслээр ил буюу далд хэлбэрээр зөөвөрлөхийг, “худалдсан” гэдэгт уг бодисыг худалдах, арилжих, солилцох, бэлэглэх эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцох зэрэг аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг ойлгодог.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг хуульчилсан ба мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч” гэж, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч ...”, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч ...” гэж ойлгохоор хуульчилжээ. 

Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд А.О.А, А.Д.Д, У.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, хэсгийг журамлан тэдгээрийн гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тодорхойлсон боловч тухайн гэмт хэрэгт ямар байдлаар хамааралтай, ямар нотлох баримтаар яллаж байгаа нь тодорхойгүй, хэт ерөнхий байдлаар дүгнэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд А.О.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн үйл баримт тодорхойгүй,  тэрээр уг гэмт хэргийг үйлдэхэд хэрхэн яаж гүйцэтгэсэн, А.Д.Д нь гэмт хэрэг үйлдэх явцыг хэрхэн яаж сэдэж, санаачлан, идэвхтэй үйл ажиллагаа явуулж түүнийгээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг бүрүүлэх талаар удирдан чиглүүлсэн талаарх хэргийн үйл баримт тодорхой биш байна.  

Мөн шүүгдэгч А.О.А нь У.А, А.Д.Д нартай ямар үйлдлээрээ бүлэглэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан үйлдлүүдэд А.Д.Д ямар байдлаар зохион байгуулж, хамтран оролцсон, У.А нь уг гэмт хэргийг үйлдэхэд хэрхэн дэмжлэг үзүүлсэн, мөн шүүгдэгч нарын чухам ямар үйлдэл нь тухай бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ.

Хэргийн үйл баримтыг тодорхой тусгаагүй атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжүүдийг бичсэнээс шалтгаалан шүүгдэгч нарын ямар үйлдэл нь уг шинжийг хангаж байгаа нь тодорхойгүй байна.

Шүүгдэгч нарт ял сонсгохдоо ч ямар үйлдэлд буруутгаж байгааг тодорхой танилцуулалгүйгээр зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан шинжүүдийг танилцуулснаас үзэхэд шүүгдэгч нар ямар үйлдэлд, гэмт хэрэгт буруутгагдаж байгаагаа мэдэх эрхээ эдлээгүй гэж үзнэ.

Яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтыг тодорхой тусгаагүй байхад шүүх зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан шинжид нь хамааруулан дүгнэсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй төдийгүй, яллах дүгнэлтийн хүрээ хязгаараас үйл баримтыг өргөжүүлэн тогтоосон гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч нарын үйлдэл, тухайн гэмт хэргүүдэд хэрхэн, ямар байдлаар оролцсон оролцоо зэргийг зөв тогтоосны эцэст хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, тохирох зүйлчлэлээр хэргийг зүйлчлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Үүнээс гадна, мөрдөн шалгах ажиллагааны явцад А.О.А-н биеэс /1 хх 77-78/ 0.8 грамм метемфетамины агууламж бүхий мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 972 дугаартай /2 хх 101/ дүгнэлтээр тогтоогдсон байна.

Гэтэл прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд дээрх үйл баримтын талаар огт дурдалгүй орхигдуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

А.О.Аын биеэс 0.8 грамм метамфетамины агууламж бүхий бодис олдсон хэргийн үйл баримтад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тусдаа бие даасан гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

Мөн анхан шатны шүүх А.Д.Д-ы үйлдлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч энэ талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй, А.О.А нь дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлсэн нь буруу болохыг дурдах нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийж гүйцэтгээгүй, орхигдуулсан, шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул У.А, А.О.А, А.Д.Д нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан Нийслэлийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.