Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 201/МА2018/00015

 

*******ы нэхэмжлэлтэй,

******* ******* нар ХХК-д холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.*******анбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 сарын 16-ны өдрийн 138/ШШ2018/00262 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлоор *******ы нэхэмжлэлтэй, ******* ******* нар ХХК-д холбогдох Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 23 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 5 сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би ******* ******* ******* ХХК-ийн менежер *******тэй 2014 оны 4 сарын 30-ны өдөр палкан байшингийн материал нийлүүлэх худалдан авах гэрээ байгуулж 8:6 харьцаатай мансардгүй байшин бариулахаар болсон боловч хүүхэд маань томсгохоор тохиролцож 10:8 харьцаатай мансардтай байшинг бариулахаар тохирч энэ хэмжээндээ тохирсон төлбөр болох 15 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн. Байшин барих явцад гэрээний үүргээ биелүүлээгүй хаяад явсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж байcан. Шүүхийн шийдвэрийн дагуу тус компани дутуу материалаа авчирч ажилчид нь барилгаа барьж эхэлсэн боловч өөрийнх нь өгсөн 30 палкнаас 10 палк дутаасныг сүүлд ажилласан бригадын хүмүүс хэлсэн. Барилгыг барихдаа зураг төслийн дагуу хийгээгүй, маш чанаргүй, буруу барьсан учраас хоёр удаа буулгаж дахин барьсан. 2015 оны 4 сард ашиглалтанд оруулна гэсэн боловч хойшлуулсаар одоог хүртэл байшинг барьж дуусгаагүй байна. Би дээврийн төмөр 800000 төгрөгөөр, хар цаас 300 000 төгрөгөөр авч өгсөн. Үүнийг дээвэрт хэрэглэсэн боловч одоо дээвэр нь муруй, сарий хийгдсэн учраас дээврийг хуулж дахин хийлгэх шаардлагатай байна. Харин төмөр, хар цаасыг хуулахаар дахин ашиглах боломжгүй болох тул би хохироход хүрээд байна. Мөн нуруу модыг буулгаж дахин хийхдээ ухчихсан чанаргүй модоор хийсэн учраас хүчтэй салхи шуурганд тогтохгүй маш чанар муутай болсон. Ингэж байшинг хугацаанд нь чанартай бариагүйгээс бид барилгын дотоод засал бусад ажлаа гүйцээж байшиндаа орж чадахгүй хохирч байна. Энэ компани гэрээний үүргээ биелүүлээгүй нэг жил таван сарын хугацаа хэтрүүлээд байна. 3-4 удаа ажилчид нь ирж ажилласан боловч компани цалингаа өгөхгүй байна, хоол тамхины мөнгөгүй байна гээд ажлаа хаячихаад яваад өгдөг байсан. Дээвэр чинь муруй байна гэж хэлэхээр ажилчид нь цахилгаан хөрөөгөө өөдөөс шидэж элдвээр доромжилж, зодох гэж заналхийлж байсан... Одоо гэрээний биелэлт 60 орчим хувьтай л гэж бодож байна. Манай гэр бүлийнхэн сэтгэл дундуур үнэхээр их гомдож байна. Гэрээгээр бид төлбөрийг хугацаанд нь төлөхөөр тохирсон. Үүргээ биелүүлсэн... Гэрээгээр хугацаандаа бариагүй удаашруулсан, хойшлуулсан тохиолдолд 5%-ийн хүүтэй төлбөр төлөхөөр тохиролцсон тул энэ төлбөр 5.500.000 төгрөг гаргуулахыг хүсч байна. Мөн дээврийн төмрийн үнэ 800.000 төгрөг, хар цаасны үнэ 300.000 төгрөг, ажилчдынх нь дутаасан 10 ширхэг палкны үнэ 350.000 төгрөг, нийт 6.950.000 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгохыг хүсч өргөдөл гаргав гэжээ.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа тодруулахдаа:  

...Хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад тус компаниар угсруулсан барилгын чанар ашиглагдах боломжгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, тухайн барилгад ашигласан материал нь чанаргүй, шувуу нурууны мод нь цууралт үүссэн хэт нарийхан жигд бус хэмжээтэй мод хэрэглэснээс дээвэрт  хотойлт үүссэн, ханын тэгш хэм алдагдсан цүлхийсэн, муруй ханын 4 тал доош унжсан, цонх, хаалга гажсан. Байшингийн суурь зарим хэсэгт нь хундаам цутгаагүй зэргээс бүх гажилт үүссэн. Иймд уг компанитай байгуулсан гэрээнээс татгалзаж, урьдчилан төлсөн материалын үнэ болон барих хөлс нийт 15 000 000 төгрөг, хохирол 1 100 000 төгрөг, мөн гэрээний дагуу алданги 7 500 000 төгрөг, нийт 23 600 000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн билээ. Гэтэл хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойгүй байсан гэсэн учир шаардлагыг ялгаж салгаж тайлбарлах шаардлага үүссэн гэж ойлголоо.

Миний хувьд энэ байгууллагын зар сурталчилгаа, төлөөлөгчийн танилцуулгаас уг компани нь өөрсдөө материалаа гарган газар дээр нь авчирч үл хөдлөх хөрөнгийг барьж угсарч өгнө, гадна дотно засал хийлгэвэл үнэ хөлс нь нэмэгдэх юм байна гэж ойлгосон. Төлөөлөгч нь гэрээний маягт гаргаж ирээд бөглөөд гарын үсэг зуруулсан. Одоо харахад байшингийн материал нийлүүлэх гэрээ гэсэн нэртэй гэрээн дээр гарын үсэг зуруулсан байна. Захиалагч миний хүсэл зориг бол тухайн компанийн барьдаг, угсарч өгдөг байшинг бариулж авах, материалын үнэ, ажлын хөлсийг нь тохирсон ёсоор төлөх л зорилготой байсан. Харин гадна, дотно заслаа өөрсдөө хийнэ гэж ярьсан. Анх байгуулсан гэрээнд тохирох хөлс мөнгөө ярьчихаад байтал манай хүү байшинг мансардтай хийлгэхээр болж, компанийн зүгээс загварыг хараад барьж чадна гэж зөвшөөрсөн. Материалын үнэ болон ажлын хөлсөнд 15 000 000 төгрөг нэхсэнийг бид тохирсон хугацаандаа төлсөн. Бид өөрсдийн талаас гаргаж өгөх дээврийн төмөр, хар цаасаа саадгүй гаргаж өгсөн.   

Гэрээгээр компани өөрсдөө материалаа гаргаж манай газар дээр байшин барьж өгөх л гэрээ байсан. Барьж өгсөн байшин нь шаардлага хангахгүй байсан учир компанийн зүгээс 2 удаа буулгаж зассан боловч засаж чадаагүй орхисон. Өөр хүмүүсээр засуулъя гэхэд их өндөр хөлс нэхэж байна. Тэгээд ч материал нь шаардлага хангахгүй, энэ компани өөр материал гаргаж засахгүй гэсэн учир миний бие мөнгөө буцааж авъя гэсэн. Энэ байгууллага өөрсдийн хөрөнгөө татаж авна биз. Би мэргэжлийн хүн биш учир уг барилгын материалын чанар ажлын үр дүнд хэрхэн нөлөөлөхийг байшинг барьж байх үед мэдэх боломжгүй байсан. Мөн дам нуруу хийх эсэх, тулаас хийх эсэх, хийвэл хаана хийх вэ гэдгийг мэдэхгүй учир дам нуруугүй хий гэж би хэлээгүй. Дам нуруу, тулаас гэх мэт зайлшгүй хийх шаардлагатай зүйлээ ажил гүйцэтгэгч тал буюу мэргэжлийн компанийн хувьд өөрсдөө зохицуулах ёстой байсан. Манай талаас байшингийн загварын талаар саналаа хэлэхэд анхнаасаа болно гэж хэлсэн. Энэ үед манай барилгын хийц загвартай тохирохгүй, боломжгүй, ийм ийм эрсдэл, нэмэлт ажиллагаа гарна гээд татгалзаж болох байсан. Загвар өөрчилсөн асуудал нь гэрээ хийснээс хойш 3-4 хоногийн дараа яригдсан юм. Захиалагч миний хувьд үүргээ биелүүлсэн, манай талаас ямар нэгэн буруу байхгүй гэж үзэж байна. ...Иймд гэрээнээс татгалзаж 15 000 000 төгрөгөө нэхнэ. Нэхэмжлэлийн шаардлагаас 7500 000 төгрөгийг хасч байна. Харин хар цаас, дээврийн төмөр дахин ашиглах шаардлага хангахгүй тул үнийг нь нэхэмжилнэ гэжээ. 

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 6 сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх болсон шалтгаан нь хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад тус компаниар угсруулсан барилгын чанар ашиглагдах боломжгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсантай холбоотой. Шинжээчийн дүгнэлтээр чанаргүй материалаар барьсан тул барилгын ихэнх хэсгийг шинээр гүйцэтгэх шаардлагатай гэсэн. Хариуцагч тал барилгыг дахин засварлаж янзлахгүй гэсэн тул бид гэрээнээс татгалзаж 15 000 000 төгрөгөө буцааж авах шаардлага гаргасан. Мөн дээврийн төмөр, хар цаасны үнэ болох 1 100 000 төгрөг, алданги 7 500 000 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас алданги 7 500 000 төгрөгнөөс татгалзсан байгаа. Тухайн байшинг засварлахын тулд сууринаас нь эхлэн янзлах шаардлагатай болсон. Байшинг өөр хүнээр янзлуулъя гэхэд зөвхөн өө сэвийг дарахад 2,5 сая төгрөг, материалыг солиход 5,0-6,0 сая төгрөг болохоор байна гэсэн. Миний хувьд гэрээний талаар тодруулж ярья гэж бодож байна. ******* ******* нар ХХК нь 2014 онд Сүхбаатар аймаг дээр төлөөлөгчтэй болж, төлөөлөгчөөрөө дамжуулан Манай компани өөрсдийн материалаар байшин барьж өгнө гэсэн зар тараасан. Захиалагч зөвхөн үнийг төлөх нөхцөлтэй байсан. Энэ зарын дагуу ******* болон нутгийн хүмүүс очиж гэрээ байгуулсан. Тухайн үед чанартай материалаар барина, манай компани материалаа өөрсдөө татна гэж хэлээд гоё гоё байшингийн зургууд үзүүлсэн байдаг. Тэгээд ******* нь 8х6 харьцаатай, мансардгүй байшинг 7 500 000 төгрөгөөр бариулахаар тохирч 6 500 000 төгрөгийг материалын зардалд, 1 000 000 төгрөгийг ажлын хөлсөнд авахаар болсон байна. Мөн 2014 оны 5 сарын 17-ны үед материалаа буулган барилгаа 5-7 хоногийн хугацаанд барьж өгнө. Хэрэв амласан хугацаандаа байшингаа барьж дуусгахгүй бол 0,5 хувийн хүү буцаан төлнө гэсэн хууль зүйн хувьд шаардлага хангахгүй гэрээг байгуулсан байдаг. Энэ гэрээ нь худалдах худалдан авах гэрээ ч юм шиг, эсхүл ажил гүйцэтгэх гэрээ ч юм шиг ойлгомжгүй харагддаг. Гэрээ хийснээс 3 хоногийн дараа *******ы хүүхэд нь нэгэнт байшин бариулж байгаа юм чинь том мансардтай байшин бариулъя гээд ******* ******* нар ХХК-ийн төлөөлөгч *******т өөрийн гар зургаа харуулсан. Тэгэхэд манай компани энэ байшинг барьж өгч чадна, үнэ ханш нь 15,0 сая төгрөг болно гэсэн. ******* өөрөө байшингийн гадаад, дотоод заслыг хийнэ гэж тохирсон. 15,0 сая төгрөгийг ******* нь шилжүүлж 2014 оны 6 сарын эхээр барилгын материал буусан. Тэгээд 6 сараас эхлэн барилгын ажил хийгдэж эхэлсэн. Ажилчид нь 5 хоног ажиллаж байгаад 6 сарын 23-ны өдөр палкаа зүсүүлэх шаардлагатай байна гээд Дорнод аймаг яваад 2, 3 сар алга болсон. ******* нь шүүхэд хандаж алданги хохирлоо төлүүлэхээр болж, 2 тал эвлэрээд байшингаа тохирсон хугацаанд барьж дуусгана гэж тохирсон. Ингээд 9 сар хүртэл ажиллаж байгаад барилгын ажилчид нь цалин буухгүй байна, хоол хүнс, тамхины мөнгөгүй боллоо гээд ажлаа хаяад явсан. тай холбогдон танай хүмүүс чинь явчихлаа, дээврийн ажил чинь дутуу байна гэхэд удахгүй очлоо гэж хэлдэг байсан. Байшинг барихдаа 2 удаа нурааж байсан. ...Шинжээч томилогдоход ******* ******* нар ХХК-ийн төлөөлөгч *******, шинжээч, бид 3 байшингийн суурийг ухаж үзсэн. Тэгэхэд байшингийн зарим хэсэгт хундаам суулгаагүй байсан. Үүнээс болж байшин 2 талаараа сууж эхэлсэн. Байшингийнхаа дээвэр дээр гарахад ч даахааргүй, ширүүн салхийг ч тэсвэрлэхээргүй байна гэдгийг шинжээч тогтоож өгсөн. Бид ажил гүйцэтгэгчийн материалаар хийсэн барилгыг худалдаж авч байгаа болохоос биш барилгын материал худалдаж аваагүй. Барилгын чанар ямар байна вэ гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан зургаар тодорхой харагдаж байгаа. 2 сая төгрөгийг ажлын хөлсөнд авсан атлаа ажил үүргээ хийж гүйцэтгэж чадаагүй. Барилгын компанид захиалга өгч байшин бариулж байгаа тул тус компани нь барилгын чанар, материалыг бүрэн хариуцах учиртай. Бид байшингийн дээвэрт хийх хар цаас, дээврийн төмрийг өөрсдийн мөнгөөр захиалж авчруулан байшингийн дээвэрт хийсэн. Одоо тус хар цаас, дээврийн төмрийг дахин ашиглах боломжгүй болсон тул түүний үнийг нэхэмжилнэ. Иймд гэрээнээс татгалзаж 15 000 000 төгрөгийг хар цаас, дээврийн төмрийн үнэ болох 1 100 000 төгрөгийн хамт 16 100 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

  Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн төлөөлөгч, тус компанийн дэд захирал ажилтай ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь манай компанийн менежер *******тэй 2014 оны 4 сарын 30-ны өдөр 8х6 харьцаатай мансардгүй байшинг барихаар гэрээ байгуулсан боловч 10х8 харьцаатай мансардтай болгон барихаар тохиролцож 15 000 000 төгрөгийг авсан нь үнэн. Солонгост ажилладаг хүү нь ирж бариулах байшингийнхаа зургийг гаргаж өгсөн. Манай талаас зөвхөн захиалагчийн хүсэлтийн дагуу байшингийн торхыг л босгож өгөх байсан. Захиалагч байшингийн гадна болон дотор засвараа өөрсдөө хийж гүйцэтгэнэ гэж тохирсон. Хүүгийнх нь хэлсэн загвараар 10х8 хэмжээтэй мансардтай байшинг 2014 оны 5 сарын сүүлээр барьж эхэлсэн. Энэ байшин нь дотор талдаа таазгүй, дотор загвар нь Солонгос хэв маягтай бариулна гэсэн. Барилгыг барьж байх хугацаанд энэ айл хундаам цутгахаас эхлээд бүхий л үйл явцад хяналт тавьж байсан. Бид байшингийн суурь нүхийг ухахдаа хүртэл гүн нь яаж байна, өргөн нь болж байна уу гээд байнга үзүүлж харуулж байсан. Ингээд бидний ажил дуусч байшинг дээвэрлэх үед Сүхбаатар аймагт дээврийн төмөр байгаагүйн улмаас энэ айл дээврийн төмрөө гаргаагүй учир ажил зогссон бөгөөд бид дараагийн ажилдаа орохоор хүмүүсээ татсан. Удалгүй дээврийн төмөр ирчихлээ гэхэд нь бид очих боломжгүй байна гэдгээ хэлсэн. Сар гаран хугацаанд очиж чадахгүй байснаас болж ******* нь Сүхбаатар аймгийн шүүхэд хандаж бид 600 000 төгрөгийн алданги төлсөн. Палк мод 30 ширхэг яагаад дутсан бэ гэвэл 2х1.8м хэмжээтэй 3 ширхэг цонхтой 1,50-м цонх 1 ширхэг цонхны тавцангын палк болон таазны палк нийт 30 ширхэгийг бид нийлүүлсэн. Захиалагч нь байшингаа жоохон өөрчлөх хэрэгтэй байна гэсэн тул нурааж дахин барьсан. Байшингаа барьж дуусгаад хүлээлгэн өгөхөд хүлээн авсан хүмүүс сэтгэл хангалуун байсан. Манай компани энэ айлын байшинг боломжийн барьж өгсөн. Солонгос улсад ажилладаг хүү нь миний хэлснээр, миний санаснаар, миний бодсон шиг сайхан байшин боллоо гэж над руу утсаар талархан ярьж байсан. Энэ айл анх захиалга өгөхдөө дам нуруугүй бариулна, Солонгост ийм байдаг гээд бариулсан. Би 2014 оны 11 сард нь мужаанаа дахин явуулж байшингийн нэг хэсгийг дам нуруутай, полконтой болгож засч өгсөн. Байшинг хүлээлгэн өгөх үедээ дам нуруугүй байгаа, хурдан дотоод заслаа хийгээрэй гэдгийг хэлсэн. Мэдээж дам нуруугүй байшин дотоод заслыг хийж доороос нь тулгуур хийж өгөхгүй бол хотойж суулт өгөх нь ойлгомжтой. Цонхны хэсгээр суулт өгсний учир нь эднийх том хэмжээтэй цонх захиалсан, мөн цонхоо хурдан хийгээрэй гэдгийг нь хэлсэн. Дээврийн модны хувьд бид байшингийн дээвэр хийдэг модоороо л хийсэн. Чанаргүй модоор хийгээгүй. Манай талаас чанаргүй барилгын материалаар уг байшингийн торхыг бариагүй, чанарын шаардлага хангасан өөрсдийн хэрэглэдэг модон материалаараа л барьсан. Энэ айл хурдан хугацаанд дотоод заслаа хийгээгүйгээс болж нойтон палк модонд цууралт өгч, цонхны хэсгээр суулт өгсөн гэж бодож байна. Бид хугацаандаа энэ айлын байшингийн торхыг барьж хүлээлгэж өгсөн учраас ажлын хөлсөндөө төлсөн мөнгийг буцааж төлж чадахгүй. Бид уг байшинд чанарын шаардлага хангасан материал хэрэглэсэн учраас дахин засварлаж өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Дээврийн төмөр болон хар цаасыг дахин ашиглаж болохгүй гэсэн шинжээчийн дүгнэлтэд байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 138/ШШ2018/00262 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 221 дүгээр зүйлийн 221.5, 355 дугаар зүйлийн 355.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ******* нар ХХК-иас  гэрээний үүрэгт төлсөн 15 000 000 /арван таван сая/ төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч *******д, нэхэмжлэгчийн эзэмшлээс 10х8 хэмжээтэй, мансардтай палкан байшингийн торхыг гаргуулан хариуцагч ******* ******* нар ХХК-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 100 000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* нар ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 232 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: ... Шийдвэртэй холбогдуулан зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлая.

1. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээндээ 8х6 м.кв, мансардгүй палкан байшингийн торхыг босгоход орох материалын тоо хэмжээ нь тогтсон нэг хэмжээнд байх тул тодорхойлох боломжтой байхад гэрээнд нэг бүрчлэн тусгагдаагүй гэсэн шалтгаанаар худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй байна гэж үзсэн нь Иргэний хууль болоод Улсын дээд шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн хэрэг болж байна.

2. Шинжээчийн дүгнэлтээр байшинг одоогийн байдлаар дотоод засал хийж, зориулалтын дагуу ашиглах боломжгүй байна гэж гарсан боловч уг байшин нь ******* ******* нар ХХК-ийн хэлсэн хугацаанд дотор заслаа хийгээд ашиглавал ямар ч биет байдлын доголдол үүсэхээргүй байхад нэхэмжлэгч тал өөрсдөө хугацаа алдаж хийгээгүй, улмаар шүүхээр заргалдаж явсаар маш их хугацаа алдсан. Зориулалтын дагуу ашиглаагүй үйлдэлд өөрсдийнх нь буруугаас өөр нөлөөлсөн зүйл байхгүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэвэл зохих журмын дагуу хийж дуусгаад хүлээлгэн өгснөөс хойш Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар байшингаас авах үр шимийг хүртэх эрх болон аливаа эрсдлээс хамгаалах үүрэг захиалагч *******д шилжинэ. Иймээс шувуу нурууны хотойлт, ханын палкны тэгш хэм алдагдсан байдал нь биет байдлын доголдол бус захиалагч тал байшинг хүлээн авснаас хойш арчлан хамгаалах үйлдэл хийгээгүй үед зайлшгүй бий болох үйл явц юм. Мод гэх материал байгалиасаа зөвхөн өөр дээрээ даралтнаас цууралт, хотойлт үүссэнийг доголдол гэж ажил гүйцэтгэгч талаас үүнийг арилгуулахаар шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

3. Анхан шатны шүүхээс захиалагч талын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзах хүсэлтийг үндэслэлтэй байна гэж үзсэн нь нэг талыг барьсан шийдвэр болж, ажил гүйцэтгэгчийг ноцтой хохироохын зэрэгцээ Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т заасан ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэснийг зөрчиж байна. Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэвэл зохих ажлыг хийж дууссанаас хойш гэрээг цуцалсан шийдвэр нь хууль зүйн алдаатай шийдвэр болно. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийг хэрэглэн гэрээний зүйлийг биет байдлаар нь буцааж өгөх шийдвэр гаргасан нь ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь биет бус өгсөн авсан зүйлээ эргүүлж өгөх боломжгүй бодит байдалд нийцэх боломжгүй алдаатай шийдвэр болсон байна. Иргэний хуулийн 355 дугаар зүйлээр ажлыг гүйцэтгэж дууссанаас хойш захиалагч тал ажил гүйцэтгэх гэрээг цуцалж болохгүй гэж зохицуулсан байхад шүүх хуулийг буруу хэрэглэсэн байна.

Хамгийн гол нь хариуцагч буюу ажил гүйцэтгэгчийн буруугаас байшинг ашиглах боломжгүй болсон гэж дүгнэсэн нь эргэлзээгүй нотлогдсон баримт байхгүй байхад нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй. Захиалагч талаас дам нуруугүй бариулна гэдгээ нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.2-т заасан нотлох үүргээ биелүүлээгүй байхад, захиалагчийн ямар захиалгаар бариулах шаардлага тавьсан талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй байхад хангаж шийдсэн нь үндэслэлгүй. Захиалагч ийм загвараар бариулна гэж захиалга өгсөн болохоо өөрөө нотолдог. Тэгвэл тэр зураг нь ямар байсан болохыг дам нуруутай, нуруугүй эсэхийг нотлоогүй болохыг анхаарч үзсэнгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Зохигчдын хооронд 2014 оны 04 сарын 30-ны өдөр Палкан байшингийн материал нийлүүлэх, худалдан авах гэсэн гэрээ байгуулагджээ. /хх-ийн 9 дэх тал/

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан байна.

Гэрээний агуулгаас үзэхэд захиалагч болох ******* нь 8х6 хэмжээтэй, мансардгүй модон байшингийн торх бариулж, хөлс болох 7 500 000 төгрөгийг төлөх, ажил гүйцэтгэгч ******* ******* нар ХХК нь өөрийн материалаар 8х6 хэмжээтэй, мансардгүй модон байшингийн торх барьж хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн нь зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ бус, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Гэрээ байгуулагдсаны дараа захиалагч байшингийн торхыг 10х8 хэмжээтэй, мансардгүй бариулах санал гаргасныг ажил гүйцэтгэгч зөвшөөрч, ажлын хөлсийг нэмж, нийт 15 000 000 төгрөг авахаар харилцан тохирч, захиалагч тал хөлс болох 15000 000 төгрөгийг урьдчилан төлсөн байна.

Хэрэв захиалагч талын гаргасан дээрх санал ажлын үр дүнд муугаар нөлөөлөхөөр бол ажил гүйцэтгэгч тал нь мэргэжлийн байгууллагын хувьд захиалагчаас илүү мэдлэгтэй учраас захиалагчид мэдэгдэх үүрэгтэй. Энэ талаар Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь хэсгийн а-д заасан байна. Мэдээлэл өгөх үүрэг нь гэрээ байгуулагдах үеэс эхэлж, ажлын үр дүнг хүлээлгэж өгөх үе хүртэл үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл: ажил гүйцэтгэгч нь байшингийн дээврийг хийхдээ зарим хэсгээрээ дам нуруугүй хийхэд учирч болох эрсдэл, үр дагаврыг мэдээлэх үүрэгтэй байсан байна. /байшингийн шувуун нурууг хийхэд дам нуруу хийгээгүй/

Ийм учраас ажил гүйцэтгэгч буюу хариуцагч нь захиалагч буюу нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцсэн, амьдрахад аюулгүй, хүссэн үр дүнтэй, ажлын үр дүнгийн доголдолгүй байшин хүлээлгэн өгөөгүйн улмаас нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсаныг буруутгах боломжгүй байна.

Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргаж байгаа боловч татгалзаж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч ******* ******* нар ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 16-ны өдрийн 138/ШШ2018/00262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД Ж.ДОЛГОРМАА

З.ЭНХЦЭЦЭГ