| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 186/2020/0071/Э |
| Дугаар | 391 |
| Огноо | 2020-04-02 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 391
Ө.Н-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Батбямба,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батмөнх,
шүүгдэгч Ө.Н-, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Ё.Цогтзандан, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ө.Н-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1911000001197 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Ө.Н-, 1967 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Архангай аймагт төрсөн, эмэгтэй, 53 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй,
Ө.Н- нь 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 38-604 тоотод байрлах 2 давхар нийтийн байрны 01 тоотод Д.Равдандоржтой “Өрөөнийхөө хаалгыг төмөр алхаар цохиж чимээ гаргалаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар түлхэж газар унагаан цээжний баруун хэсэгт нь 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь “элэгний баруун дэлбэнгийн хавдрын задрал, баруун 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, баруун шуунд цус хуралт” бүхий хохирол учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ө.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө.Н-ийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 82 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Ө.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ө.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэртээ байж байхад нийтийн байрны 1 дүгээр давхарт Равдандорж гэх хүн дуу чимээ гаргаад хаалга үүдээ цохиод байхаар нь би доошоо буугаад “Унтаж амармаар байна, чимээгүй байж болох уу” гэхэд намайг элдвээр хэлж доромжилсон. Тухайн үед 11 цаг болж байсан ба би гэртээ буцаж ороод унтсан. Унтаж байхад хүмүүс шуугилдаж байснаа удалгүй чимээ болсон. Тэгээд 17 цагийн үед хүн ёолох чимээ гарахаар нь гайхаад доошоо буухад Равдандорж гэх айлын хаалга онгорхой байсан. Очоод шагайгаад хартал Равдандорж гудсан дээрээ хажуулдсан байдалтай хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад “Ширээ мөргөөд уначихлаа, хавирга гэмтчих шиг боллоо” гэхээр нь “Түргэн дуудах уу” гэхэд “Хэрэггүй” гэсэн. Тэгэхээр нь би гэрлүүгээ ороод өвчин намдаах эм буюу “Нальгезин” авчирч өгөөд хажууд нь байсан архины шилийг үлээлгэсэн. “Их өвдвөл, ямар нэг хэрэг гарвал паараа нүдээрэй” гэж хэлээд гэртээ орсон. Ийм байдлаас болж хүн амины хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Би бусдын амь насыг хохироогоогүй, анхны тусламж үзүүлсэн. Хохирогч гэх хүнийг огт танихгүй, бидний дунд ямар ч харилцаа байгаагүй. Гэтэл мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэргийн бодит байдлыг тогтоолгүй, яаруу хайнга хандаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь анх эрүүгийн төлөөлөгч гэх 2 хүн намайг баривчилж байцаалт авахдаа шууд л айлган сүрдүүлж, хэрэг тулгасан. Надаас байцаалт авахдаа нэг удаа ч болов өмгөөлөгч оролцуулж байгаагүй. Тухайн үед хохирогчтой хамт архи ууж, шуугилдаад байсан хүмүүсийг шалгаагүй. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ө.Н-ийн өмгөөлөгч П.Дэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хуралдаанд түргэний эмч болон задлан шинжилгээ хийсэн шинжээчийг оролцуулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Талийгаачийг нас барахын өмнө хамгийн сүүлд хамт байсан хөндлөнгийн гэрч нь түргэний эмч байдаг. Тэрээр түргэний дуудлагын хуудсыг хаахдаа талийгаач буюу өвчтөнөөс тайлбар авахад “юм цэвэрлэж байгаад унасан, үүнээс болоод бэртсэн” гэж хэлсэн гэдэг. Мөн хажууд нь байсан Мягмарсүрэн гэгч найз нь “энэ хүн хүнд зодуулчихаад байгаа юм” гэж тайлбарласан талаар хэрэгт авагдсан байдаг. Хавтаст хэргийн материалаас харахад хэрэг гарсан өдөр талийгаачтай хамт байсан гэрч Мягмарсүрэн нь ганцаараа талийгаачийг “хүнд зодуулсан, өдрөөс хойш хөрш Н- орж гараад байсан тул түүнийг гэж бодож байна” гэж мэдүүлдэг. Харин Н- талийгаачийг цохиж, өшиглөсөн талаар ямар ч баримт байхгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлууд буюу гэмт хэрэг гарсан байдал, сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоож чадаагүй. Түүнчлэн талийгаачийг түлхэж унагаан дээрээс нь өшиглөсөн гэх үйл явдал зөвхөн Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдэд байдаг. Гэтэл үүнийг давхар нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэж заасан. Н- нь “нэг алх байсан, алхан дээр унасан, газар байсан гудсан дээр унасан, алхан дээр хавиргаараа унасан, би шар гутлаар өшиглөсөн“ гэх зэргээр удаа дараа зөрүүтэй мэдүүлдэг. Гэвч хэрэгт ач холбогдолтой зүйл болох тухайн алх нь хэргийн газрын үзлэгээр тогтоогдоогүй, шар гутал нь олдоогүй, газар гудас байсан гэх ямар ч баримт байгаагүй. Н- нь анхнаасаа хууль зүйн туслалцаа авч чадаагүй. Сонгон авсан гэх өмгөөлөгч нар нь гэрээ байгуулаагүй, эрх ашгийг нь хамгаалж чадаагүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буюу нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие мөрдөн шалгах ажиллагаа үнэн зөв явагдсан гэж үзэж байна. Миний ах өшиглүүлж хавирга нь хугарсны улмаас нас барсан. Мөн ахын маань амь насыг хохироосон хүний ар гэрээс нэг ч хүн ирж уулзаагүй, хохирол төлбөр төлсөн зүйл байхгүй тул гомдолтой байна. Оршуулгын зардлаа гаргуулах хүсэлтэй байна.” гэв.
Прокурор Ц.Батбямба тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н- “амь хохирогчийг огт танихгүй” гэсэн нь үндэслэлгүй. Тус байранд хохирогч, шүүгдэгч нар дээд, доод өрөөнд харалдаа амьдардаг бөгөөд хэрэг гарсан өглөө шүүгдэгч нь хоол өгөхөөр орсон байдаг. Хэрэв амь хохирогчийг танихгүй юм бол хоол өгөх гэж орохгүй байсан. Мөн зурагт асаах, дуу чимээнээр дургүйцлээ илэрхийлж хаалгыг нь нүдсэн. Энэ нь гэрчүүдийн болон Н-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тогтоогдсон. Гэрч Хадбаатар, Мягмарсүрэн нар гарч явах үед амь хохирогч гэртээ ганцаараа үлдсэн. Гэрч Мягмарсүрэн, Эрдэнэбаяртай буцаж ирэх үед амь хохирогч нэг бол унасан эсхүл бусдад зодуулчихлаа гэж хэлдэг. Эмнэлгийн тусламж үзүүлэх гэхэд “би зүгээрээ” гэсэн асуудал ярьдаг. Энэ талаар түргэний эмч гар утсан дээрээ бичлэг хийсэн ба уг бичлэгийг нотлох баримтаар бэхжүүлж авсан. Түргэний эмч ирж үзэхэд амь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан байсан. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч түргэний эмч үзлэг хийснээс хойш хохирол учирсан мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Амь хохирогч “хавирга хугарчих шиг боллоо” гэхэд түргэний эмч “хавирга хугараагүй байна, гэхдээ нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай” талаар хэлсэн байдаг. Өдрийн 12-17 цагийн орчимд амь хохирогчийн хавирга хугарсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд 14 цагийн орчим гэмт хэрэг үйлдэгдсэн талаар шүүгдэгч Н- мэдүүлдэг. Тэрээр “дахиад дуу чимээ гаргаад байсан. Равдандорж намайг ороход алх барьчихсан байсан, бид хоёр маргалдахад алхаа шидээд над руу ирэхээр нь би түлхсэн. Түлхээд хойшоо унахад нь би хэвлий хэсэгт нь өшиглөсөн” гэж мэдүүлсэн. Арагшаа унасан тохиолдолд хавирга хугарч, элэг задрах эсэх нь эргэлзээтэй гэж шүүгдэгчийн өмгөөлөгч ярьж байна. Түүнчлэн, шүүгдэгч анхнаасаа хууль зүйн туслалцаа авч чадаагүй гэж байна. Н-ээс сэжигтнээр мэдүүлэг авах үед түүний өөрийн сонгож авсан өмгөөлөгч оролцсон. Яллагдагчаар мэдүүлэг авахад тухайн өмгөөлөгч мөн оролцсон бөгөөд яллагдагчаар дахин мэдүүлэг авахад одоо байгаа Дэлгэр өмгөөлөгч оролцсон байдаг. Энэ нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдана. Хэрэг гарах үед хамт байсан хүмүүсийг сэжигтнээр татаж шалгаагүй гэж байна. Тэдгээр хүмүүсийг сэжигтнээр татаж шалгах үед 2 хоногийн дараа Н- хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Харин бусад хүмүүсийн оролцоо тогтоогдоогүй. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн даруйд буюу амь хохирогчийг нас барсны маргааш орой Н-ийг цагдан хорьж уг хэрэгт холбогдуулан шалгасан. Үндсэндээ гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 48 цагийн дараа хорьсон. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж байдлыг тодорхойлсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “алх” бэхжүүлэгдэж тусгагдаагүй болохоос “алх байгаагүй” гэх асуудал дурдагдаагүй. Хэрэгт авагдсан баримтуудаар хэрэг болсон газарт гудас, ор дэр байсан болох нь тогтоогддог. Дээр дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь цаг хугацааны хувьд шалтгаант холбоотой, үндэслэлтэй байна гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд шилжүүлсний дараа Н- “би энэ хэргийг үйлдээгүй, би энэ хүнийг мэдэхгүй” гэж мэдүүлдэг. Прокурорын зүгээс яллагдагчийг цагдан хоригдох хугацаанд очиж уулзаад, санал хүсэлт байгаа эсэхийг лавлахад Н- “би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлт яаж гарахаас шалтгаалан надад аврагдах боломж байгаа эсэх нь тодорхой болно“ гэж хариулсан. Энэ талаар шүүх хуралдааны явцад тодруулж асуусан байдаг. Мөн амь хохирогчид учирсан хавирганы хугарал нь шинэ гэмтэл болохыг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт гарсан. Иймд шүүгдэгч Н-ийг гэм буруутайд тооцон хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь, мөн түүнээс 4.840.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэхэд, Ө.Н-д холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.
Прокуророос Ө.Н-ийг 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 38-604 тоотод байрлах 2 давхар нийтийн байрны 01 тоотод Д.Равдандоржтой “Өрөөнийхөө хаалгыг төмөр алхаар цохиж чимээ гаргалаа” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түлхэж газар унагаан, цээжний баруун хэсэгт нь 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь “элэгний баруун дэлбэнгийн хавдрын задрал, баруун 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, баруун шуунд цус хуралт” бүхий хохирол учруулж алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Ө.Н-ийг тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Гэвч дээрх байдлаар шийдвэрлэхдээ, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...хэрэгсэхгүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү.” гэсэн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн “...шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт зэргийг няцаан үгүйсгээгүй, мөн шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, уг ялыг хаалттай дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон шалтгаан үндэслэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг хэрхэн харгалзан үзсэн талаараа тодорхойлоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь заалтын шаардлагад нийцээгүй байна.
Түүнчлэн амь хохирогчийн цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2417 дугаартай шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн цогцост элэгний баруун дэлбэнгийн хавдрын задрал, баруун 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогджээ.
Анхан шатны шүүх дээрх шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хэмээн дүгнээд, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдлыг тусгахдаа яллах дүгнэлтийг хуулбарлаж “9 дүгээр хавирганы хугарал” гэмтлийг орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтын шаардлагыг хангаагүй байна.
Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан.
Иймд шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, Ө.Н-д холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх үндэслэл зааж, гэм буруугийн асуудлаар маргасан шүүгдэгч Ө.Н-ийн давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.
Анхан шатны шүүх Ө.Н-д холбогдох хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэр гаргасан атлаа шүүх хуралдааны тэмдэглэлд огноог “2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр” гэж буруу тэмдэглэсэн байх тул цаашид ийм хайнга, хариуцлагагүй алдаа гаргахгүй байхыг анхааруулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Н-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл Ө.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН