Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 39

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 148/2017/00128/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч,

                           Ерөнхий шүүгч                          Б.Батзориг

                           Шүүгчид                                    Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

                    

                          Оролцогчид

                             Нэхэмжлэгчийн төлөөлөгч      *******

                           Хариуцагчийн өмгөөлөгч        Л.Доржпүрэв

                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 233 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор *******гийн нэхэмжлэлтэй *******д холбогдох “Худалдах-худалдан авах гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөр 17.914.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2018 оны 06 дугаар  сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      

Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын иргэн ******* миний бие 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр БНСУ-аас 2011 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, ******* арлын дугаартай, KIA-5 маркын суудлын авто машиныг Монгол улсад оруулж ирэн худалдан борлуулах гэж байтал миний танил н.Чинбатын найз болох ******* нь уг автомашиныг 22.000.000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар болоод 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр надаас авч явсан. Ингээд ******* нь 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр над руу утсаар яриад иргэн *******т машиныхаа нэрийг шилжүүлээд өгөөрөй, би мөнгийг нь өөрөө гаргаад чамд өгнө гэсний дагуу *******т шилжүүлэн өгсөн. Үүнээс хойш ******* нь 2015 оны 11 дүгээр сард 5.100.000 төгрөгийг танил н.Чинбатаар дамжуулан надад төлсөн. Өөр мөнгийг надад дахин төлөөгүй ба ******* машин дамжуулан худалдан авсан гэх хүнээсээ Дархан-Уул аймгийн шүүхэд хандаж авах гэж байна гэсээр өнөөдрийг хүрээд байна. Иймд *******эс машины үлдэгдэл төлбөр болох 16.900.000 төгрөгийг гаргуулан авахаар нэхэмжилж байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. *******д итгэлцлийн үндсэн дээр уг машиныг өгөөд явуулсан. ******* нь машины үнэ болох 22.000.000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэхэд өгнө, машин зарагдаагүй байсан ч өгнө гэж хэлчихээд бусдын машиныг хэнд шилжүүлсэн нь мэдэгдэхгүй байна. Энэ асуудлыг шийдвэрлүүлэх гэж л шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би уг машиныг огт аваагүй. 2015 оны 05 дугаар сард ******* над руу залгаад чамтай уулзмаар байна гэхээр нь бид хоёр Хан-Уул дүүрэгт уулзсан. Уулзаад ******* нь энэ машиныг зарж өгч туслаач гэж хэлсэн. Би ямар учиртай машин юм бэ гэхэд манай найз ******* Солонгос улсад ажил хийж ирээд энэ машиныг авсан юм. Улаанбаатар хотод зарагдахгүй байна. Чи Сэлэнгэ рүү унаж хүн зарах талаас нь үзүүлж харуулаад өг гэж хэлсэн. Тэр үед л *******тэй танилцсан. ******* бид хоёр өмнө бие биедээ тусалж байсан болохоор би машиныг нь аваад явсан. Гэхдээ би машины бичиг баримтыг нь аваагүй. Ингээд би уг машиныг нь Сэлэнгэ аймагт авч иртэл хүмүүс бензин машиныг газаар ажилладаг болгосон байна гэж хэлсэн. Тэгэхээр би ******* руу залгаад энэ машин чинь зарагдахгүй юм байна буцаагаад ав гэхэд Соёлоо чи яаж ийгээд наадхаа далд оруул гэж хэлсэн. Ингээд Дарханд байдаг миний танил ******* гэдэг хүн над руу залгаад чамд prius байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би надад prius байхгүй харин КIA5 маркийн машин байна. 22.000.000 төгрөгөөр намайг зараад өгөөч гэж хэлсэн юм гэж ярьсан. Тэгээд ******* 10.000.000 төгрөгөнд нь түлш үлдсэн 12.000.000 төгрөгийг нь намар тарьсан будаагаа хураахаараа өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ хүний машин болохоор би асууж байж болъё гэж хариулсан. ******* ч гэсэн *******г танина. Тэгээд би *******тай яриад *******гийн тавьсан саналыг хэлэхэд өг, өг гэж хэлсэн. ******* 2015 оны 5 сард 3.000.000 төгрөгнийхөө түлшийг өгсөн. Дахин 2.100.000 төгрөгийн түлш өгөөд түүнээс хойш утсаа унтраагаад алга болсон. Тэгээд Л.Гантулга над руу яриад ******* уурлаад байна. Дархан орж *******тай уулзъя гэж хэлсэн. Ингээд 2015 оны 08 дугаар сард *******, *******, ******* болон миний бие уулзалдаад би *******гаас түлш гэж авсан 5.100.000 төгрөгийг *******ад өгөөд та нар өөрсдөө өгөө аваагаа тохир. Одоо надад хамаагүй шүү гэж би хэлсэн. Тэгтэл 16.900.000 төгрөгийг сарын дотор өгөхөөр тохиролцож байсан. Ингээд наймаа тохиролцсон гэж бодоод 2015 оны 10 дугаар сард надад холбогдуулаад залилангийн хэргээр эрүү үүссэн байсан. Улмаар хуулийн байгууллага шалгаад надад ямар ч буруу байхгүй болохыг тогтоосон. Энэ хэрэг маш олон шатны шүүхээр орсон. Тухайн үед ******* нь ******* миний төлөө явсан гэж хэлж байсан. Би хүнд туслах үүднээс явж байгаад л ийм нөхцөл байдалд орсон. Түүнээс биш би уг машиныг зарж өөртөө ашиг унагах гэсэн зорилго байгаагүй. Тиймээс надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр  хянан хэлэлцээд 233 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******эс худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөр 16.900.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага 1.014.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271.339 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамж 271.339 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.  

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Гомдол гаргаж буй учир нь: Би тэр машиныг огт худалдан аваагүй, надад машины бичиг баримтыг ч өгөөгүй юм. Би нэхэмжлэгч *******г танихгүй бөгөөд түүнээс машин аваагүй, харин *******ыг таньдаг байсан болохоор *******ын гуйлтаар түүнд тус болох гэж л зуучилж өгсөн юм. Шүүх шийдвэртээ: нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч *******ын мэдүүлгийг үндэслэл болгож заажээ. Гэтэл эдгээр тайлбар мэдүүлгүүдээс харахад харин ч энэ хүмүүс өөрсдөө нотариатын газарт биечлэн очиж худалдах худалдан авах тухай хууль ёсны гэрээ байгуулж ******* гэдэг хүнд машины бичиг баримтыг албан ёсоор шилжүүлж тус машиныг худалдсан тухайгаа нотолж хэлсэн байна. Тийм ч учраас урьд өмнө нь Дархан -Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх энэ машинтай холбогдолтой хэргийг шийдвэрлэхдээ ******* нь өөрөө ******* гэдэг хүнд худалдах худалдан авах гэрээ байгуулж машиныг шилжүүлэн өгсөн нь баримтаар нотлогдож байна гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байсан юм. Тэр шүүх хурал дээр шүүгч надад хандаж хэлэхдээ: ******* нь ******* гэдэг хүнд машинаа худалдсан байхад та машины мөнгө гэж нэхэмжилж байгаа чинь үндэслэлгүй байна гэж хэлж байсан юм. Би *******ын гуйлтаар машиныг нь зарахаар зуучилж өгөх гэж яваад энэ хэрэгт холбогдсон болохоор л *******гийн машины мөнгийг олоод өгье гэж бодоод машиныг авч явсан иргэн *******гаас машины мөнгийг гаргуулах гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж олон удаа шүүх хурлаар энэ хэргийг шийдвэрлүүлсэн боловч ******* болон түүний өмгөөлөгч Ч.Булган нар нь Авто тээврийн газраас уг машины бичиг баримтыг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргаж шүүх тэр хүсэлтийн дагуу Авто тээврийн газраас тус машины бичиг баримтыг гаргуулахад ******* нь өөрөө ******* гэдэг хүнд машинаа худалдсан тухай баримтыг шүүхэд ирүүлсэн юм. Тэгээд тус баримтыг шүүх үндэслэн миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож үүнээс болоод би цаашид машины мөнгийг хөөцөлдөж чадаагүй юм. Иймд би энэ үнэн болсон байдлыг тодруулахын тулд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхак шатны шүүхийн 2016 оны 9-р сарын 9-ны өдрийн 1194 дугаартай шийдвэр, Авто тээврийн газраас ирсэн бичиг баримтуудыг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн билээ. Шүүх шийдвэртээ заахдаа: ******* нь нэхэмжлэлдээ М.Соёлэрдэнэд машинаа зээлээр худалдсан тухайгаа бичсэн байна гэж заасан байна. Шүүх ингэж заасан мөртлөө: Зохигчдын хооронд машин худалдах гэрээ бичгээр хийгдээгүй боловч гээд Иргэний хуулийн 196-р зүйлийн 196.1.1-д заасныг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй юм. Учир нь: Иргэний хуулийн 196-р зүйлийг баримтлах нь үндэслэлгүй, харин Иргэний хуулийн 263-р зүйлийг шүүгч баримтлах байсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 263-р зүйлийн 263.1-д  Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах- худалдан авах гэрээг бичгээр хийнэ, 263.3-д: Худалдагч гэрээ болон дагалдах бичиг баримтын хувийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй гэж заасан байна. Эндээс дүгнэж үзэхэд ******* нь надтай бичгээр гэрээ хийгээгүй, машины дагалдах бичиг баримтыг ч өгөөгүй болохоор би машиныг худалдан аваагүй нь тодорхой харагдаж байна. Гэтэл шүүгч зээлээр худалдах худалдан авах тухай харилцааг зохицуулсан хуулийн тусгай заалт байсаар байтал тус заалтыг хэрэглэх ёстой байтал хэрэглэхгүйгээр : бэлнээр Худалдах худалдан авах гэрээ хийсэн гэж үзэж Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1-д заасныг баримталж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. ...Харин нотолгоотой зүйл нь бол Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэрт зааснаар: ******* нь өөрөө ******* гэдэг хүнд машинаа хуулийн дагуу худалдсан нь баримтаар тогтоогдсон байна. Би *******ад тус болох гэж яваад бусдын машиныг худалдаж авсан юм шиг, тэгээд мөнгийг нь өгехгүй байгаа юм шиг өр төлбөрт орж байгаадаа гомдолтой байна. Шүүхийн байгууллага үнэн зөвийг олж өгнө гэдэгт итгэж байна. Миний гомдолдоо бичсэн дээр дурьдсан нөхцөл байдлуудыг дүгнэн үзэж Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5-р сарын 17-ны өдрийн 233 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож *******гийн нэхэмжлэлииг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх Иргэний хуулийн 263 дугаар зүйлд хуульд өөрөө заагаагүй бол зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэсэн заасан. Талуудын хооронд бичгээр хийсэн ямар ч гэрээ байхгүй. Тухайн үед Чинбат гэдэг найзаараа дамжуулж машиныг зарж өгөөчээ гэж хүссэний дагуу зуучилсан. Гэтэл шүүх шийдэхдээ бичгээр хийгдээгүй боловч худалдах, худалдан авах гэрээг хийгдсэн гэж үзээд шийдвэрлэсэн. Мөн зээлээр худалдах, худалдан авах гэрээтэй холбогдолтой маргаан шийдвэрлэж байгаа атал бэлнээр худалдаж авах тухай хуулийн заалт барьж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь автомашиныг Сүх-Очир гэх хүнд худалдсан тухай нотариатаар баталгаажуулсан баримт нь байдаг. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасны дараа Дархан-Уул аймгийн шүүх рүү баримт явуулж Сүх-Очир гэх хүнд худалдсан тухай баримтыг автотээврийн газраас авчруулсан. Болдсайхан гэх хүн машиныг аваад Гантулга гэх хүнд өрөндөө өгсөн, Болдсайхан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Ийм учраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн Болдсайханаас мөнгийг гаргуулах нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Уг машиныг ******* нь өөрийн биеэр ирж 20-ны өдөр машиныг зарагдсан ч зарагдаагүй ч машины мөнгийг өгнө гэж хэлээд аваад явсан. Хавтаст хэрэгт энэ тухай нотлох баримтаар нотлогдсон байдаг. 06 дугаар сарын 04-ний өдөр машиныг зарсан, 20-ны өдөр мөнгийг өгнө гэж тохиролцсоны дагуу өгнө гэж хэлсэн. Ингээд машиныг Сүх-Очир гэх хүнд шилжүүлсэн байдаг. Тэгээд үүнээс цааш мөнгийг шилжүүлээгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэг автомашины үнэ 17.914.000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл гаргасныг хариуцагч худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй тул автомашины үнийг төлөхгүй гэж маргасан байна.  

 

 Хэргийг үйл баримтын талаар судлан үзвэл:  ******* нь өөрийн танил болох *******ын найз болох *******д  өөрийн өмчлөлийн   KIA-5 маркийн суудлын авто машиныг  22.000.000 төгрөгөөр зарж борлуулахаар тохирч 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр *******гээс ******* нь автомашиныг нь хүлээн авчээ.

Хариуцагч ******* нь автомашинийг хүлээн авсны дараа  *******тэй утсаар ярьж машиныг чинь хүнд зарчихлаа, ******* гэдэг хүнд машины бичиг баримтыг шилжүүлээд өгчих,  машины үнийн урьдчилгаа 5.100.000 төгрөгийг авсан гэсний дагуу  ******* нь машины эзэмших эрхийг *******т шилжүүлсэн байх ба  ******* нь автомашинийг эзэмшиж байгаад цааш нь  бусдад худалдсан байна.

 

 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* нь уг автомашиныг 22.000.000 төгрөгөөр бодож, зээлээр худалдан авахаар тохиролцоод автомшиныг авч явсан гэж тайлбарладаг бол хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагын татгалзалаа танил *******ад туслах үүднээс түүний найзын автомашиныг бусдад худалахад нь зуучилсан гэжээ.

 

 Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл  ******* нь  зуучлалын үүрэг гүйцэтгээгүй, харин автомашиныг нэхэмжлэгч *******гээс худалдан авч улмаар  цааш нь бусдад худалдсан болох нь хэрэгт авагдсан гэрч Б.Болдсайхан, ******* нарын мэдүүлэг болон М.Соёл-Эрдэнийн *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэл бүхий хэргийг хянан шийдвэрлэсэн  Дархан- Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 194 дугаартай шийдвэр зэрэг нотлох баримтуудаар нотлон тогтоогдож байна.

 

Хэргийн хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийг бусдад худалдахад зуучилсан гэж  тайлбарлаж байгаа боловч энэхүү татгалзалаа нотлоогүй байна.

Зохигчдын хооронд автомашин худалдах худалдан авах гэрээг  бичгээр  байгуулаагүй боловч гэрээний гол нөхцөл болох автомашиний үнэ болон төлбөр төлөх хугацааг тохирч улмаар нэхэмжлэгч ******* нь автомашиныг хариуцагч М.Соёл-Эрдэнийн эзэмшилд өгснөөр Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож,  тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр”  гэрээ байгуулагдсанд тооцохоор заасан тул Зохигчдын хооронд  2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Худалдах-худалдан авах”  гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан Худалдах худалдан авах гэрээний үүрэг буюу автомашины үлдэгдэл үнэ  гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий  дүгнэлт хийж  хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан  байх тул  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг  дахь  Сум дундын иргэний хэргийн сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн 233 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 271.340 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

        

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                    Д.БУЯНЖАРГАЛ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН