| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 130/2019/00620/И |
| Дугаар | 001/ХТ2022/00683 |
| Огноо | 2022-06-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2022/00683
Ш.Аын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2020/00540 дүгээр шийдвэр,
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 212/МА2020/00054 дүгээр магадлалтай,
Ш.Аын нэхэмжлэлтэй
Т.Жд холбогдох
Зээлээр худалдан авсан махны үнэ 16,065,000 төгрөг, зээлдэж авсан мөнгө 3,000,000 төгрөг, нийт 19,065,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Ш.Аын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.А, түүний өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Ш.А нь Т.Жд холбогдуулан зээлээр худалдан авсан махны үнэ 16,065,000 төгрөг, зээлдэж авсан мөнгө 3,000,000 төгрөг, нийт 19,065,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2020/00540 дүгээр шийдвэрээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2020/00540 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 205 дугаар зүйлийн 205.1, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Жгаас зээлж авсан махны үнэ 16065000 төгрөг, зээлж авсан мөнгө 3000000 төгрөг, нийт 19065000 /арван есөн сая жаран таван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Аад олгож, хариуцагч /сөрөг нэхэмжлэгч/ Т.Жгийн Ш.Атай 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 3150 кг хонины махны үнэ 16065000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлөх тухай бичгээр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 212/МА2020/00054 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2020/00540 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238275.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч Ш.А хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчиж хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Миний бэлдсэн хонины махыг 2019.03.23-ны өдөр Дэлүүн суманд Т.Ж өөрийн автомашинаар очсон юм. Т.Ж нь аймгаас Дэлүүн суманд очихдоо хажуудаа С.Е гэдэг найзыг дагуулж очсон байна. Энэ талаар хариуцагч Т.Ж нь 2019.04.06-ны өдөр “миний бие Өлгий сумын 12 дугаар багийн иргэн Тогтолын Т.Ж 2019.03.22-ны өдөр Дэлүүн сумын 9 дүгээр багийн иргэн Шугайпын Ш.Ааас 3150 кг хонины мах 5,100 төгрөгөөр үнэлж, 16,065,000 төгрөгөөр авсан. Энэхүү мөнгийг 2019.05.01-ний өдөр хүртэл өгнө”, гэх, мөн “миний нэр Тогтолын Т.Ж. Би Ш.Ааас 3,150 кг мах авсан. Уг махны оронд Ланд-80 маркийн 5777 БӨТ машинаа 20 сая төгрөгөөр үнэлж өглөө. Махны үнийн зөрүү 4,000,000 төгрөг авлаа. Одоо махны тооцоо байхгүй” гэх гарын баримтууд үйлдсэн юм. Ингээд Т.Ж худалдаж авсан махны үнэд өөрийн өмчлөлийн Ланд круйзер маркийн-80 БӨТ улсын дугаартай саарал өнгийн автомашиныг 20 сая төгрөгөөр үнэлж, хэлцэл хийгдсэний 3 сарын дараа сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр Ш.А надад хүлээлгэн өгч 3 сая төгрөгийг бэлнээр автомашины зөрүүд авсан юм. Худалдан авагч Т.Ж нь өөрийн өмчийн автомашиныг худалдагч Ш.А надад хүлээлгэн өгсөн, уг автомашиныг 3 сар би хувийн хэрэгцээнд унаж байсан, автомашины зөрүү 3 сая төгрөгийг би өгсөн. Т.Ж нь гарын баримт үйлдсэн зэргээс үзэхэд тухайн үед Ш.А, Т.Ж бид нарын хороонд зээлээр мах худалдан авах, худалдах гэрээ хийгдсэнийг авагч Т.Ж нь автомашинаа хэсэг хугацааны дараа өөртөө буцаан авснаар Ш.А надад өглөгтэй үлдсэн юм. Ш.А, Т.Ж бид хоёр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн юм. Иймээс Ш.А би Иргэний хуулийн 284.1-д зааснаар зээлээр худалдаж авсан барааны үнийг хариуцагч Т.Жгаас шаардах эрхтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 205 дугаар зүйлийн 205.1, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Тогтолын Т.Жгаас зээлээр худалдаж авсан махны үнэ 16,065,000 төгрөг, зээлж авсан мөнгө 3,000,000 төгрөг нийт 19,065,000 /арван есөн сая жаран таван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.А надад олгохоор болсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч Т.Ж нь төлбөр төлөхөөс зайлсхийх, цаг хожих, элдэв заль хэрэглэн “Ш.Атай “2019.04.06-ны өдрийн 3,150 кг хонины махны үнэ 16,065,000 төгрөгийг 2019.05.01-ний өдөр төлөх тухай” бичгээр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөрт бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бас л хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой талаас нь зөв үнэлж чадаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шүүхэд буцаасан явдалд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэх болсон үндэслэлийг дараах байдлаар буюу иргэний хэргийн хариуцагч махыг анх ачиж Т.Жд тээвэрлэн хүргэж өгсөн С.Е учраас С.Еийг заавал давхар хариуцагчаар татах ёстой, энэ ажиллагааг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан ажиллагаа хийгдээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн асуудал гэж дүгнэжээ. Давж заалдах шатны дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч байна. Учир нь махыг жинхэнэ байдлаар худалдан авагч Т.Ж ба тэрээр удаа дараа зээлээр мах худалдан авсныг нотолж гарын баримтыг сайн дурын үндсэн дээр үйлдсэн, өөрийн өмчлөлийн Ланд круйзер автомашиныг сайн дураар Ш.А надад хүлээлгэн өгсөн, уг автомашиныг би унаад хэрэглэж байсан, автомашины зөрүү 3,000,000 төгрөгийг Ш.А би Т.Жд өгч байсан, С.Е нь зөвхөн найз Т.Жд туслах зорилгоор очсон, Ш.А би С.Етэй уг махны талаар ямар нэгэн хэлцэл хийж байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна. Махыг зээлээр худалдах-худалдан авах гэрээний нэг тал яах аргагүй Т.Ж болох нь иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байгааг анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагчийг нэхэмжлэгч тодорхойлох ба нэхэмжлэгч Ш.А би миний махыг жинхэнэ байдлаар худалдан авсан Т.Жг хариуцагчаар тодорхойлсон ба уг махыг ачихад зүгээр байлцсан С.Еийг хариуцагчаар тодорхойлоогүй юм. Иймд магадлалыг хүчингүйд тооцож, шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
6. Нэхэмжлэгч Ж.Ш.А нь хариуцагч Т.Жд холбогдуулж зээлээр худалдан авсан махны үнэ 16,065,000 төгрөг, зээлдүүлсэн 3,000,000 төгрөг нийт 19,065,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Тэрээр Т.Жд хонины мах болон бэлэн мөнгө өгч оронд нь автомашин авсан боловч Т.Ж нь хэлцлээсээ буцаж машинаа авсан тул махны үнэ болон зээлийг буцаан гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчтэй ямар нэгэн хэлцэл огт байгуулаагүй, харин Наргулан, С.Е нар миний "DAEWOO" маркийн 20 тн-ийн даацтай машиныг хөлслөн авч, А.Ахылбек гэдэг хүний нөөцөлж тавьсан 3 тн 150 кг /3150 кг/ хонины гулууз махыг зээлээр худалдан авч, Улаанбаатар хот хүргэж борлуулах болсон боловч С.Е өөр хүнд залилан мэхлүүлж, махаа бүгдийг нь алдсан. Би жолооч байсан болохоос хариуцагч нь С.Е гэж маргажээ. Улмаар С.Е, Ш.А нар миний машиныг хүчээр битүүмжилж, урьд С.Е, Наргулан нарын Ш.А, А.Ахылбек нараас зээлж авсан, сүүлд Жанболатад алдсан "махны оронд барьцаална" гэж хүч хэрэглэж, 2019.04.06-ны өдөр “ махны мөнгийг төлж өгнө” гэсэн баримт бичүүлж, гарын үсэг зуруулсан, С.Е нь миний машиныг 20 сая төгрөгт зарж өгнө, нэхэмжлэгчид 16 сая төгрөгт бодоод өгчих, зөрүү 4 сая төгрөгийг нь өгье гэсний дагуу машинаа өгсөн,...гээд, 2019.04.06-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
7. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн 190801837 дугаартай хэрэгт С.Е хохирогчоор тогтоогдсон, “...Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумаас авлагынхаа оронд 3150 кг махыг авч, Т.Жгийн машинаар ачуулж, Улаанбаатар хот орсон” гэх С.Еы мэдүүлэг, /хх-ийн 103, 105-108/, Т.Жгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 109-113/ зэрэг баримтад тулгуурлан Т.Ж хариуцагч мөн эсэхийг шүүхээс тодруулж, хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй гэж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй байна. Харин хэнийг хариуцагч гэж үзэх нь нэхэмжлэгчийн эрх тул С.Е хамтран хариуцагч мөн эсэхийг тодруулах ёстой гэх дүгнэлт үндэслэл муутай байна.
8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь худалдсан эд хөрөнгийн үнийг шаардахын тулд худалдан авагчид хөрөнгийг шилжүүлсэн байх, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281-д зааснаар зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг шилжүүлснээ нотолсны үндсэн дээр зээлийг буцаан шаардах эрх үүсэх тул эдгээр урьдчилсан нөхцөл эргэлзээгүй тогтоогдсон байх учиртай. Хэрэгт байгаа баримтын хэмжээнд бүрэн хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй, хэний хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн, ямар нотлох баримтаар тогтоогдсон, С.Е болон Т.Ж нарын хооронд ямар үүрэг үүссэн, Т.Ж 2019.04.06-ны өдрийн баримтыг үйлдсэн атлаа яагаад маргасан, үндэслэл шалтгааныг тодруулж, маргааны үйл баримтыг бүрэн тогтоосны дараа хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийх шаардлагатай, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 212/МА2020/00054 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД