Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2022/00677

 

“...........” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01039 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1377 дугаар магадлалтай,

“...........” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“...........” ХХК-д холбогдох,

Үндсэн нэхэмжлэл: Барилга барих гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 1,600,000 юань буюу 559,200,000 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар олгосон 500,000 юань буюу 174,750,000 төгрөг, нийт 733,950,000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэл: Гадна талбай тохижуулах ажлын урьдчилгаанд төлсөн 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Нурболат, түүний өмгөөлөгч К.Жархынбек, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргил, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “...........” ХХК нь хариуцагч “...........” ХХК-д холбогдуулан Барилга барих гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 1,600,000 юань буюу 559,200,000 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар олгосон 500,000 юань буюу 174,750,000 төгрөг, нийт 733,950,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гадна талбай тохижуулах ажлын урьдчилгаа төлбөр болох 40,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01039 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Жинхуасиндажинбин” ХХК-аас 174,750,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “...........” ХХК-д олгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Жинхуасиндажинбин” ХХК-аас 559,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “...........” ХХК-ийн үндсэн, нэхэмжлэгч “...........” ХХК-аас 40,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “...........” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 3,829,800 төгрөг, хариуцагчийн төлсөн 357,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “...........” ХХК-аас 1,031,700 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч “...........” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1377 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01039 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...492 дугаар зүйлийн 492.1.1-д...” гэснийг “...233 дугаар зүйлийн 233.1, 232.2 дахь хэсэгт...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч “...........” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2200510419322 тоот төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 05 сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,232,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Нурболат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах, давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсэг буюу ажлын хөлс 559,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангуулах давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж тогтоох хэсгийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д гэснийг 233 дугаар зүйлийн 233.1, 232.2 дахь хэсэгт гэж өөрчилж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангуулах, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Манай компанийн ажлын хөлс 1,600,000 юань буюу 559,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангуулах давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ дараах үндэслэлээр хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

4.1. Шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: 2014 оны 6 дугаар сард “...........” ХХК-ийн гүйцэтгэх захирал Фан Лиан Жун “...........” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ли Баолин болон одоогийн гүйцэтгэх захирал А.Мөнхбат нар уулзалт хийж, Барилга барих гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 1,600,000 юань болсон талаар тооцоо нийлсэн байдаг. Ажлын хөлс 1,600,000 юань болон барьцаанд олгосон 500,000 юанийг 2014 оны 7 дугаар сард багтааж өгөх талаар хариуцагч талаас амалж, хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүний дагуу “...........” ХХК-аас Хаан банкны 5099880073 тоот дансаар заслын ажлын урьдчилгаа төлбөрт 2014.07.09, 31-ний өдрүүдэд нийт 40,000,000 төгрөг олгосон байдаг ба уг үйл баримт гэрч Лию Шиаобинг-ийн мэдүүлэг /2014 оны 06 дугаар сард Вонжоү гэх хоолны газарт уулзаад 2014.07.15-наас 30-ны хооронд “...........” ХХК-ийн хууль ёсны захирал болох Лию Баолинг төлнө гэсэн, 2,100,000 юань өгнө гэж тохирсон гэх/-ээр тогтоогдож, цаг хугацааны хувьд ч таарч байгаа болно. Уг уулзалтанд хамт оролцсон хариуцагч компанийн одоогийн захирал А.Мөнхбат нь гэрч Лию Шаобингийн мэдүүлэг худал зөрүүтэй талаар мэдүүлэг, тайлбар өгөөгүй, “Өвөр аргалант” ХХК-ийн инженер А.Энхжаргалын “А.Мөнхбат захирал барилгын 80 хувийн ажлыг хятад компани гүйцэтгэсэн гэж хэлсэн, намайг очиход 80 хувийн гүйцэтгэлтэй байсан, гараашийн шугам сүлжээний шалыг будгаар будсан, ганц нэг өрөөний жижиг ажлууд хийгдсэн гэх мэдүүлгээр гэрчүүдийн мэдүүлэг үндэслэлтэй болох нь хариуцагчийн хүсэлтээр асуулгасан гэрчүүдийг мэдүүлгээр тогтоогдож, “...........” ХХК нь зөвхөн дутуу ажлуудыг гүйцэтгэсэн болохыг бүрэн нотолсон. Гэрчүүдийн мэдүүлэг болон хариуцагчийн төлөөлөгчийн мэдүүлгийг эсэргүүцээгүй байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч ажил гүйцэтгэсэн, ажлын хөлс 1,600,000 юань болон барьцаанд олгосон 500,000 юанийг 2014 оны 7 дугаар сард багтааж өгөх үүргийг хариуцагч хүлээсэн болох нь нотлогдож байна. “...........” ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн тооцоог барилгын төсөвчин Х.Ганпүрэв гаргасан ба уг тооцоог гаргахдаа барилгын ажлын зураг, гэрчүүдийн мэдүүлэг, нийт ажлын хэмжээг үндэслэж 3,200,000 юанийн ажил гүйцэтгэсэн болохыг тогтоосон. Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасны дагуу 2020.03.17-ны өдөр барилгын ажлыг гүйцэтгэсэн гэх “Өвөр аргалант” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганцэцэг болон ерөнхий инженер А.Энхжаргалаас нүүрэлдүүлэн дахин мэдүүлэг авахад Б.Ганцэцэг “зөвхөн манай компанийн тусгай зөвшөөрлийг ашигласан”, манай компани ажил гүйцэтгээгүй, төлбөр тооцоог мэдэхгүй гэж, “Өвөр аргалант” ХХК-ийн ерөнхий инженер буюу улсын комисст барилгыг хүлээлгэж өгсөн гол албан тушаалтан А.Энхжаргал нь хятад хэл дээрх барилгын ажлын журналыг хуулж бичсэн, инженерээр ажиллаж байгаагүй тус тус мэдүүлснийг шүүх нэхэмжлэлийг шууд нотлохгүй гэж тайлбарлаж, нотлох баримтаар үнэлээгүй байна. Хариуцагчаас гэрчүүдийн мэдүүлэг худал, зөрүүтэй талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүйгээс гадна эсэргүүцээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно гэж заасан эрхээ хэрэгжүүлээгүй гэж үндэслэл болох бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт /гэрчийн мэдүүлэг/-ыг үгүйсгэх, няцаах баримтыг хариуцагчаас гаргаж өгөөгүй байхад шүүх үнэлэхгүй байх үндэслэл огт байхгүй болно. Хариуцагчийн төлөөлөгч /гүйцэтгэх захирал/-аас шүүхэд ирүүлсэн 2017.07.05-ны өдрийн 39 дугаар хариу тайлбарт “гүйцэтгэлийн ажлын тайлангуудаа манай компанид гаргаж өгөөгүй, нэхэмжлэгчийн дутуу хийсэн, зураг төслийн дагуу хийгдээгүй ажлын төлбөрт 1,800,000,000 төгрөгийг нэхэмжлэх гэсэн боловч” гэх зэргээр дурдсанаас үзвэл нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байхад үүнийг огт нотлох баримтаар үнэлээгүй ба “...........” ХХК-аас бусад этгээдээр ажил гүйцэтгүүлсэн талаарх гэрээ, төлбөр төлсөн баримтуудыг 2020.03.03-ны өдрийн 04467 дугаар шүүгчийн захирамжаар гаргаж ирүүлэхийг даалгасан боловч ирүүлээгүй болно. Ирүүлээгүй үйлдэл нь манай компаниас өөр компаниар ажил гүйцэтгүүлээгүйг бүрэн нотолж, анхны гаргасан хариу тайлбарыг үнэлэх үндэслэлтэйг харуулж байна. Хариуцагч “гүйцэтгэлийн ажлын тайлангуудаа манай компанид гаргаж өгөөгүй, дутуу гүйцэтгэсэн” гэж бичгээр, хариуцагчийн төлөөлөгч “улсын дээд шүүхийн шүүх хуралдаанд “гэрээ байгуулагдсантай маргахгүй” гэж тус тус тайлбар гаргасан байхад шүүхээс зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан ч талууд гэрээ хэрэгжүүлээгүй нь гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болно гэж тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасныг зөрчиж байна. Давж заалдах шатны шүүхээс гэрээнд заасны дагуу сар бүр гүйцэтгэсэн ажлаа тайлагнасан, акт үйлдсэн, тооцоо нийлсэн, гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг ноцтойгоор зөрчсөн. Хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлгийг няцаасан баримт гаргаж ирүүлээгүй, хяналтын журмаар гаргасан гомдол, хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтыг огт үнэлээгүй байна.

4.2. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар

4.2.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч огт ажил гүйцэтгээгүй, гэрээ цуцлагдсан” гэх мэдүүлэг нь 2014.07.09-ний өдөр 30,000,000 төгрөг, 7 дугаар сарын 31-ний өдөр 10,000,000 урьдчилгаа төлбөр болгон нэхэмжлэгчид олгосон баримтаар үгүйсгэгдэж байгаа ба Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасны дагуу ажлын үр дүн буюу барилгын ажлыг гүйцэтгэснийг гэрч Лию Шиаобинг-ийн цахилгаан шатнаас бусад бүх ажлыг гүйцэтгэсэн, 2,100,000 юань өгнө гэж тохирсон гэх мэдүүлэг, гэрч Т.Отгонбаярын анх 2013 оны 4 дүгээр сард карказ, дүүргэлтийн өрлөг нь дутуу байсан, 2014 оны 6 дугаар сард цэвэр бохир усны шугам орсон, дулаан орсон, цахилгааны монтажууд хийгдсэн байсан, лифт тавигдаагүй, бусад зүйлс нь хийгдсэн байсан, байгаа материалаар ажил хийдэг байсан, материалгүй болохоор ажил зогсдог гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Иймээс хэрэгт авагдсан баримтаар хариуцагч 1,600,000 юанийн ажлын хөлс төлөх үүрэг хүлээсэн нь тогтоогдсон байхад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасныг үндэслэлгүйгээр хэрэглээгүй буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

4.2.2 Анхан шатны шүүхээс ажлын хөлс шаардах эрхгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагчийн хариу тайлбар болон тэргүүлэх төсөвчин Х.Ганпүрэвийн ажлын гүйцэтгэлийн тооцоогоор нэхэмжлэгч ажил гүйцэтгэсэн болох нь тогтоогддог. Хариуцагч нь гэрээний 9-д сар бүр барилгын гүйцэтгэлийг хэсэгчлэн үнэлгээ хийж тооцож төлбөрийн 85 хувийг Б талд төлнө гэж заасны дагуу үнэлгээ хийгээгүй, ажлыг хүлээж аваагүй ба бараа материал хугацаанд нь нийлүүлээгүйгээс болж гэрээнд заасан хугацаанд ажил гүйцэтгэгдээгүй болохыг шүүх огт анхаарч үзээгүй. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах гэж заасан үүргээ захиалагч буюу хариуцагч биелүүлээгүй ба манай компанид ажлаа хугацаанд хийгээгүй, ажил доголдолтой талаар гомдол, шаардлага гаргасан тохиолдол /баримт/ байхгүй. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т заасныг шүүх үндэслэлгүйгээр хэрэглээгүй байна.

4.3. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн талаар: Нэхэмжлэгчээс 2017.12.14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж, Барилга барих гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 1,600,000 юань, барьцаанд олгосон 500,000 юанийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлээ бичгээр гаргаж өгч, шүүх хүлээн авсан. Уг нэхэмжлэлийг 2017.12.14-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, 14 хоногийн дотор буюу 12 дугаар сарын 28-ны өдөр хариу тайлбар ирүүлэх эрхтэй байсан боловч хариу тайлбар огт өгөөгүй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасны дагуу манай компанийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм. Энэ талаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.05.23-ны өдрийн 00755 дугаар тогтоолд “хариуцагч нь хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаанаас өмнө нэг удаа тайлбар гаргахдаа нэхэмжлэлийг үгүйсгээгүй, төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж мэтгэлцсэн байгааг шүүх анхаарч үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нийцээгүй байна” гэж дүгнэсэн ч анхан болон давж заалдах шатны шүүх огт анхаарч, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Хариуцагчаас 2019.05.23-ны өдрийн 00755 дугаар тогтоол гарснаас хойш нэхэмжлэлийг няцаасан тайлбар гаргаж ирүүлээгүй байгаа ба хариуцагчийн эхний хариу тайлбараар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Гэтэл анхан шатны шүүх “хариуцагч хариу тайлбарыг хуульд заасан хугацаанд өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг няцаах нотлох баримт огт өгөөгүй” байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Эцэст нь дүгнэхэд шүүх хэргийн бодит байдал, хариуцагчийн удаа дараагийн худал зөрүүтэй тайлбарт дүгнэлт чадаагүй гэж үзэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, хариуцагчаас 559,200,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн төлөөлөгч А.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна. Шүүхийн эдгээр шийдвэрт хариуцагч тал 500,000 юанийг хүлээж авсан болох нь тогтоогдсон тул буцаан төлөх үүрэгтэй гэж үзжээ. Гэтэл шүүх манай гаргасан давж заалдах гомдолд заасан бичмэл нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй талаар гаргасан гомдлын үндэслэлд огт дүгнэлт хийгээгүй бөгөөд бичмэл нотлох баримтыг буруу үнэлсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхээр байна. Тодруулбал:

5.1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт 500,000 юань буюу 174,750,000 төгрөгийн талаар “Хэрэгт Фан Лиэнь Жүнээс Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол дахь барилгын гүйцэтгэлийн барьцааны мөнгө 500,000 юанийг “...........” ХХК, Лью Бао линь хүлээн авлаа гэсэн утга бүхий баримт нотлох баримтаар авагдсан.” гэж үзжээ. Энэ хэрэгт “Барилга барих гэрээ”, “Мөнгө хүлээн авсан баримт” нотлох баримтын шаардлага хангахгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж 2019.06.26-ны өдөр 101/ШШ2019/10443 дугаартай шүүгчийн захирамжаар дээрх нотлох баримтуудыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай шүүгчийн захирамж гарсан. Уг баримтуудын эх хувь нэхэмжлэгч талд өөрт байхгүй тул өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үед гаргаж өгсөн материалаас гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргаж Баянзүрх дүүргийн Прокурорын газрын архиваас “Барилга барих гэрээ”, “Мөнгө хүлээн авсан баримт” зэрэг материалыг шүүхийн журмаар гаргуулсан. Прокурорын байгууллага уг баримт гэх материалуудад хуулбар үнэн тамга дарж шүүхэд илгээснийг шүүх нотлох баримт гэж үнэлэн 500,000 юаньтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болгожээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргил шүүхийн журмаар хэрэгт авагдсан “Барилгын гэрээ”, “Мөнгө хүлээн авсан баримт” зэрэг материал үнэхээр эх хувиараа хадгалагдаж байгаа эсэх, тамга дээрх бичиглэл ойлгогдохгүй байгааг тайлж унших зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу баримтуудын хадгалагдаж байгаа газарт үзлэг хийх замаар шинжлэн судлуулах хүсэлт гаргасан боловч гомдол гаргах эрхгүйгээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Гэвч манай зүгээс тус прокурорын байгууллагад хандаж шалгасан материалтай танилцахад эх хувь хадгалагдаагүй байсан. Үүнтэй холбоотойгоор “Барилга барих гэрээ”, “Мөнгө хүлээн авсан баримт”-ууд эх хувиараа хадгалагдаагүй болохыг нотолсон Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020.03.13-ны өдрийн 1/1917 дугаартай албан бичгийг анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно.” 44.4 “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна.” гэж хуульчилсан бөгөөд Прокурорын байгууллагаас хуулбар үнэн тэмдгийг ашиглахдаа өрийн архиваас гарч байгаа зөвхөн эх хувь материалаас хуулбарлан гаргаж хуулбар үнэн тэмдгийг дарж ашигладаг байна. Энэ үйлдлийг Улсын ерөнхий прокурорын 2012.01.17-ны өдрийн А/01 тушаалын хавсралтаар баталсан “Прокурорын байгууллагын албан хэрэг хөтлөлт, баримт бичгийг архивд шилжүүлэх, хүлээн авах, хадгалуулах, ашиглуулах журам”-ын 83 дугаар зүйлээр тодорхой зохицуулсан байдаг. Энэ байдлаас үзвэл шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх агуулгыг зөрчиж эх хувиас хуулбарлаагүй баримтыг үндэслэн 174,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна. Энгийн үгээр тайлбарлавал хэн нэгэн хүн огт хэрэгжээгүй гэрээний баталгаа, эсхүл барьцаа байршуулна гэсэн заалтыг ашиглан хятад хэл, бичигтэй хэн нэгэн хүнээр 500,000 юань хүлээлгэн өгсөн, авсан гэж бичиж гарын үсэг зураад түүнийгээ хуулбарлаж цагдаагийн байгууллагад мөнгө залилсан гэж өргөдөл гаргуулж шалгуулсны дараагаар архиваас нь шүүхийн журмаар гаргуулна. Прокурорын байгууллага өөрийн архиваас гарч байгаа баримт дээрээ журмын дагуу хуулбар үнэн гэж тэмдэг дарна. Ингэж ирсэн баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлагыг хангасан гэж үзэж уг баримтыг нотлох баримтаар үнэлэх нь буруу гэж үзэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагчаас 174,750,000 төгрөг гаргуулах нь хууль зүйн үндэслэлгүй юм. Давж заалдах шатны шүүх энэ байдалд огт дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь буруу байна. “...........” ХХК, Лью Бао линь, “...........” ХХК-ийн захирал Фан Лиэнь Жүн нар тухайн үедээ хэлцэл хийсэн эсэх, мөнгө хүлээж авсан эсэхийг одоогийн захирлууд болох Б.Нурболат, А.Мөнхбат болон энэ хэрэгт оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хэн аль нь огт мэдэхгүй. Гагцхүү нотлох баримтаар чиг баримжаа болгон 500,000 юаньтай холбоотой асуудлыг шийдэж байгаа. Нэхэмжлэгч тал шүүхэд тайлбарлахдаа хариуцагч А.Мөнхбат нь шүүхэд өгсөн тайлбар, цагдаагийн байгууллагад өгсөн тайлбар, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Гүенбатын шүүхэд өгсөн тайлбар зэргээр 500,000 юань хүлээн авснаа зөвшөөрсөн гэж тайлбарладаг. Гэтэл хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар, нотлох баримтууд, шүүх хуралдааны тэмдэглэлүүдэд хариуцагч тал 500,000 юанийн асуудлыг зөвшөөрсөн байдал тогтоогдохгүй байдаг. Харин хятад захирлуудын хооронд тооцоо байгаа талаар тайлбарласан байдаг. Энэ нь хоёр компани, хуулийн этгээдийн хооронд 500,000 юань хүлээн авсныг зөвшөөрч байгаа хэрэг гэж ойлгож болохгүй юм.

Иймд 500,000 юаньтай холбоотой хэрэгт авагдсан нотлох баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх зөв үнэлсэн эсэх, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн эсэх, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн эсэх, 500,000 юаньтай холбоотой хэрэгт авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу авагдсан эсэх, нотлох баримт мөн эсэх талаар дүгнэлт хийж, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд заасан 500,000 юань буюу 174,750,000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Зохигчийн хэн алины хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч “...........” ХХК хариуцагч “...........” ХХК-д холбогдуулан барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс 1,600,000 юань буюу 559,200,000 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар олгосон 500,000 юань буюу 174,750,000 төгрөг, нийт 733,950,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг,

Хариуцагч “...........” ХХК нэхэмжлэгч “...........” ХХК-д холбогдуулан ажлын урьдчилгаа төлбөр болох 40,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан,

Үндсэн нэхэмжлэлийг хариуцагч, сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

8. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх зарим дүгнэлт, хууль хэрэглэх асуудлаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчийн гаргасан болон тэдний хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан маргааны үйл баримтыг зөв тогтоож Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэжээ.

Харин ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хангуулахаар шилжүүлсэн 500,000 юань буюу 174,750,000 төгрөгийг анхан шатны шүүх барьцаа гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх дэнчингийн шинжийг агуулсан гэж энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

9. Хэргийн баримтаас үзвэл, зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ 2013.03.10-ны өдөр байгуулагдсан, уг гэрээгээр нэхэмжлэгч “...........” ХХК хариуцагч “...........” ХХК-ийн захиалгаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 22 автомашины зогсоол бүхий 177 айлын орон сууцны заслын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон нь тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.

10. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “19 нэр төрлийн ажил гүйцэтгэж, ажлын хөлсөнд 3,158,706.2 юань авах байсан, гэвч 2014 оны 7 дугаар сард хоёр компанийн захирал уулзаад 1,600,000 юань, барьцаанд олгосон 500,000 юанийг өгөхөөр тохиролцсон, урьдчилгаа төлбөрт 40,000,000 төгрөг шилжүүлсэн” гэсэн, хариуцагч гэрээнд заасан ажлыг нэхэмжлэгч гүйцэтгээгүй, гэрээ хэрэгжээгүй, өөр компаниар ажлыг гүйцэтгүүлж улсын комисст хүлээлгэн өгсөн” гэж маргасан.

11. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Дээр дурдсанаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг ба ажил гүйцэтгэгч хийсэн ажлаа захиалагчийн өмчлөлд шилжүүлснээр ажлын хөлсийг шаардах эрх үүснэ.

12. Хэдийгээр зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан боловч тухайн гэрээнд заасан ажлыг нэхэмжлэгч гүйцэтгэсэн эсэх, хариуцагч хөлс төлөх үүргийг хүлээсэн эсэх нь маргааны зүйл болсон бөгөөд хоёр шатны шүүх хэргийн баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгч ажлыг хийж гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн нь тогтоогдоогүй тул ажлын хөлс шаардах эрхгүй гэж дүгнэснийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

13. Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө, харин ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлөхийг Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 346.2-т тус тус заажээ.

Зохигч гэрээнд (2 талаас гаргасан гэрээнд ажил хүлээлгэх, төлбөр төлөх агуулга зөрөөгүй) төлбөр төлөх нөхцөлийг “сар бүр өмнөх сарын ажлын хэмжээг тайлагнаж, захиалагч бодит ажлын гүйцэтгэлийг баримтжуулж гүйцэтгэлийн дагуу хөлс төлөх, тооцоог гаргаснаас хойш ажлын хөлсний 5 хувийг баталгаат засварын баталгаа болгохоор тохиролцсон” гэж үзэхээр байна.

Гэрээний дээрх заалт болон хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгч ажлыг гүйцэтгэсэн тухай баримт, ажлыг хүлээлгэн өгсөн тухай, төлбөр тооцоог хэрхэн баримтжуулсан баримт гаргаагүй, тухайлбал эдгээрийг тодорхойлох баримт хэрэгт байхгүй байна.

Гагцхүү нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэснийг нотлуулахаар Т.Отгонбаяр, Лию Шиаобинг, А.Энхжаргал нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаж зохих ажиллагааг хийсэн, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч биелүүлж ажлыг гүйцэтгэн үр дүнг хүлээлгэн өгөөгүйгээс өөр компаниар буюу барилгыг “Өвөр аргалант” ХХК, “Жавхлан туяа” ХХК, “Юниверсиал системс” ХХК, “Эф эй икс” ХХК-аар ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр ажиллуулж ашиглалтад оруулсан гэж энэ талаарх барилгыг хүлээн авсан улсын комиссын акт, протокол, гэрээ, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг тус тус гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг, хариуцагч татгалзлын үндэслэлээ тус тус нотлох үүрэгтэй боловч хариуцагчийн дээрх баримтыг нэхэмжлэгч няцаагаагүй гэж хоёр шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо хоёр шатны шүүх нотлох баримтыг харьцуулан үнэлээгүй, тухайлбал, нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэсэн нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдоно гэх боловч эдгээр гэрч мэдүүлгээрээ нэхэмжлэгчийг 559,200,000 төгрөгийн нийт 19 нэрийн ажлыг гүйцэтгэж хариуцагчид үр дүнг хүлээлгэн өгснийг нотлоогүй гэж хоёр шатны шүүх дүгнэсэн, үүнийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

14. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 500,000 юанийг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн, уг мөнгө нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга буюу дэнчингийн агуулгатай байхад анхан шатны шүүх барьцаа гэж үзэн улмаар хариуцагчийг уг мөнгөний хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг оновчгүй тодорхойлсныг давж заалдах шатны шүүх залруулсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1,156 дугаар зүйлийн 156.1, 233 дугаар зүйлийн 233.1-д заасныг зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх дээрх мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ “зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ бодитоор хэрэгсэн гэж үндэслэл тогтоогдоогүй, иймээс тухайн мөнгөн хөрөнгийг хариуцагч өөртөө суутгаж үлдээх нь хуульд нийцэхгүй” гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Өмнө нь нэхэмжлэгч зохигчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, мөнгө хүлээлгэн өгсөн баримтыг гаргасныг шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй гэж нотлох баримтаас хасч шийдвэрлэсэн.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болсон нотлох баримт болох “Фан Лиэнь Жүнээс Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол дахь барилгын гүйцэтгэлийн барьцааны мөнгө 500,000 юанийг “...........” ХХК, Лью Бао линь хүлээн авлаа” гэсэн утга бүхий баримт ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгч тал прокурорын архиваас гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүхийн журмаар гаргуулжээ.

Прокурорын архив эдгээр баримтыг архивын “хуулбар үнэн” тэмдэг дарж шүүхэд ирүүлснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргил прокурорын байгууллагын архивт байгаа баримт нь эх хувь эсэхийг тогтоолгохоор үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүгч захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно.” 44.4-т “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс прокурорын архиваас гаргуулсан баримтад тухайн байгууллага архивын “хуулбар үнэн тэмдэг дарж шүүхэд ирүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээг талуудын хэн аль нь гаргасан (3-р хх- 239, 4-р хх- 10- 12-р тал) шүүх эдгээр гэрээг харьцуулан гэрээгээр 500,000 юанийг үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож өгөхөөр тохиролцсон, үүний дагуу мөнгө хүлээлгэн өгсөн гэж үзнэ гэж дүгнэн дээрх мөнгийг гаргуулсныг үгүйсгэх үндэслэлгүй.

15. Хариуцагчаас нэхэмжлэгчид барилгын заслын ажлын урьдчилгаа гэсэн утгаар 2 удаагийн шилжүүлгээр нийт 40,000,000 төгрөг шилжүүлснийг зохигч маргаагүй, хариуцагч ажлыг нэхэмжлэгч гүйцэтгээгүй гэж уг мөнгийг сөрөг нэхэмжлэлээр шаардсаныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргасан бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг хариуцагч хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогджээ.

40,000,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид 2014 оны 7 сард шилжүүлсэн, үүнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2017.5 сараас эхлэн явагдсан хэдий ч хариуцагч сөрөг нэхэмжлэлийг 2020.03.26-ны өдөр гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

16. Дээрх үндэслэлээр зохигчийн хэн алины гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1377 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “...........” ХХК /төлөөлөгч Б.Нурболат/-ийн 2022.05.23-ны өдөр төлсөн 2,953,950 төгрөг, хариуцагч “...........” ХХК /төлөөлөгч А.Мөнхбат/-ийн 2020.07.31-ний өдөр төлсөн 1,040,000 төгрөгийг тус тус улсын орлогод оруулсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД