Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсайханы Мөнхзул |
Хэргийн индекс | 148/2018/00583/И |
Дугаар | 390 |
Огноо | 2020-06-03 |
Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 390
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 5 дугаар байр, 10 тоотод оршин суух хаягтай, Д овогт Ц.Т -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум, 2 дугаар баг 17 дугаар гудамж 12 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Д.Х холбогдох
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Суваргын 17-13 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 1518.7 мкв газрыг Д.Хын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагч Д.Х, хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум 2 дугаар баг, Суварга, 17 дугаар гудамж, 12 тоот гэсэн газарт манай ээж Сандагдоржийн Ичинхорлоо, манай хойд аав Мятав нар уг байшинд амьдарч байхдаа Оросоо гэдэг хүнээс тухайн газрыг худалдаж авч байсан. Тухайн үед уг газрыг хоёр тугалтай үнээ, 15.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Манай хойд эцэг бурхан болсны дараа би уг байшинд оюутан болохынхоо өмнөхөн амьдарч байгаад Улаанбаатар хот руу явсан.
Би 2017 онд Завхан аймаг руу эмээ дээрээ золгохоор очсон жил эмээ минь амьсгал хураахынхаа өмнө надад хэлэхдээ ... миний охин чиний ээж, Мятав гуай хоёрын амьдарч байсан байшингийн газар чиний нэр дээр байдаг юм шүү, газрын гэрчилгээгээ очоод аваарай гэж хэлсэн учраас энэ талаар мэдэж газрын гэрчилгээг зохих журмын дагуу хөөцөлдөж 2017 онд авсан. Эмээ маань газрын гэрчилгээ байгаа талаар надад хэлсэн учраас би энэ талаар мэдсэн. Өмнө нь би энэ талаар мэдээгүй байсан. 2003 онд Хандсүрэнтэй маргаж шүүхээр явж байхдаа газрын гэрчилгээ байгааг хэн ч мэдээгүй. Нэхэмжлэлдээ ерөөсөө газар гээгүй. Газар дээрх манай хойд эцгийн хашаа байшингийн талаарх маргаан байсан. Дотор нь байсан юмыг хойд эцгийн хүүхэд Хандсүрэн зарсан байсан учраас эд хөрөнгийг дүүдээ олгуулж авъя л гэж хандсан. Тухайн үед миний ээж намайг 10 дугаар ангид байхад нас барсан, дүү маань бага байсан учраас би хөөцөлдөж байсан.
Тухайн үед Хандсүрэн гэдэг хүн байшин доторх эд хөрөнгийг зарчихсан байна гэж шүүхэд хандаж 2003 онд шийдвэрлүүлж байсан. Өөрийн нэр дээр газартай гэдгээ 2017 оны Завхан аймагт эмээтэйгээ золгох гэж очихдоо сонсож л гэрчилгээг нь хөөцөлдөж эхэлсэн. 2017 оноос өмнө мэдээгүй байсан.
Иймд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Суваргын 17-13 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1518.7 мкв газар дээр баригдсан морины зүчээг буулгаж, Д.Хын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлж өгнө үү! ... гэжээ.
Хариуцагч Д.Х нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Би нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Миний энэ амьдран суугаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн 17-13 тоот хашаа байшинг анх 2001 онд буюу одоогоос 16 жилийн өмнө иргэн В.Хандсүрэн, Амраа гэдэг хүнд худалдсан. Амраа нь 2004 онд Гантөгс гэдэг хүнд худалдсан. Гантөгсөөс миний бие 2009 онд худалдан авсан юм. 2001 онд В.Хандсүрэн нь энэ хашаа байшинг худалдсан тэр үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бичиг баримт гардаггүй байсан юм уу, эсвэл бичиг баримт авч чадаагүй байсан юм уу ямар нэгэн гэрчилгээ баримтгүйгээр энэ олон айл дамжин худалдагдан ирсэн хашаа байшин юм. Энэ олон жилийн хугацаанд Тунсагмаа нь тус хашаа байшинд амьдран суудаггүй байсан болно.
Миний бие тус хашаа байшинг Гантөгсөөс худалдан аваад хөрөнгө мөнгө гаргаж малын зүчээ барьсан байгаа билээ. Би өөрийгөө ямар нэгэн хууль журам зөрчөөгүй бусдын эрх ашигт хохирол учруулаагүй, энэ хашаа байшинг шударгаар эзэмшиж байгаа иргэн хүн.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын газрын албанд хандан миний амьдран суугаа хашаа байшинг чөлөөлүүлэхээр Тунсагмаа нь өргөдөл өгсөн бөгөөд тус сумын газрын даамал ажилтай Н.Отгонцогт нь намайг газраа чөлөөл гэсэн мэдэгдэл ирүүлснийг үндэслэлгүй гэж үзээд Алтанбулаг сумын засаг даргад хандан гомдол гаргасан боловч тус сумын Засаг дарга надад хариу өгөхдөө энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй гэсэн.
Ингээд би Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Алтанбулаг сумын газрын даамлын газар чөлөөлүүлэх тухай мэдэгдлийг хуульд нийцээгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Тунсагмаа нь одоогоос 16 жилийн өмнө буюу 2001 оноос хойш байшин олон айл дамжин худалдагдсан байхад олон жилийн дараа нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би уг газрыг худалдаж авсан байхад, намайг залилж газрыг минь авах гэж байгаа нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.
Энэ нөхцөл байдлыг анхааран үзэж Ц.Тгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү! ... гэжээ.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад;
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Т нь Д.Хын хууль бус эзэмшлээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Суваргын 17-13 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1518.7 мкв газрыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Д.Х нь ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаарлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаарх үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл:
1. 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын засаг даргын 30 дугаартай захирамж түүний хавсралтийн 204-д эрэмбэлэгдсэн Ц.Тд Суварга 17-13 тоот хаягт байршилтай 1518,7 мкв газрыг хашаа байшингийн зориулалтаар нөхөн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. /хх-ийн 47 тал/
2. Дээрх захирамжийг үндэслэн Ц.Тд Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт нэгж талбарын 170100374 дугаар бүхий 1518.7м2 /га/ газрыг 60 жилийн хугацаатай Алтанбулаг сумын 2 дугаар баг Суваргын 17-13 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрчилгээ олгогдож улмаар Алтанбулаг сумын газрын даамал Н.Отгонцогт нь Д.Хд газар чөлөөлүүлэх мэдэгдлийг 2018 оны 11 дүгээр сард өгснөөр талуудын хооронд маргаан үүссэн байна. /хх-ийн 3-7 тал/
3. Д.Х нь 2019 онд Алтанбулаг сумын газрын даамалд холбогдуулан Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум дахь газрын даамалын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн газар чөлөөлүүлэх тухай мэдэгдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.
4. Алтанбулаг сумын газрын даамал Н.Отгонцогт нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ... Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг зөрчиж мэдэгдэл гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүссэн байх ба Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 40-41 тал/
Талууд тогтоогдсон дээрх үйл баримтад маргаагүй.
Хэдийгээр нэхэмжлэгч Ц.Т нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Хандсүрэн гэдэг хүн байшин доторх эд хөрөнгийг зарчихсан байна гэж шүүхэд хандаж 2003 онд шийдвэрлүүлж байсан, түүнээс хашаа байшингийн асуудал шийдүүлээгүй, мөн өөрийн нэр дээр газар байгааг огт мэдээгүй байж байгаад 2017 оны Завхан аймагт эмээтэйгээ золгох гэж очихдоо сонсож л гэрчилгээг нь хөөцөлдөж эхэлсэн. 2017 оноос өмнө мэдээгүй байсан гэж тайлбарладаг ч энэ талаар авагдсан нотлох баримт хэрэгт байдаггүй ба энэхүү тайлбар нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаартай шийдвэр, гэрч Хандсүрэнгийн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.
Мөн хариуцагч Д.Х нь татгалзлын үндэслэлээ ... тухайн газрыг худалдан авсан олон жилийн хугацаанд хашаа байшин газрыг шударгаар эзэмшиж байгаа, Алтанбулаг сумын 2 дугаар багийн 17-13 тоот хашаа байшинг анх 2001 онд буюу одоогоос 16 жилийн өмнө Хандсүрэн нь Амраа гэдэг хүнд худалдсан. Харин Амраа нь Гантөгст, Гантөгсөөс миний бие худалдан авч хөрөнгө мөнгө гаргаж малын зүчээ барьсан. Би ямар нэг хууль журам зөрчөөгүй, бусдын эрх ашигт хохирол учруулаагүй ... гэж тайлбарлан маргадаг ба энэхүү тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ.
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна.
Иймд Ц.Тгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Суваргын 17-13 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1518.7 мкв газрыг Д.Хын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Тгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Суваргын 17-13 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1518.7 мкв газрыг Д.Хын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ