| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 106/2020/0034/Э |
| Дугаар | 474 |
| Огноо | 2020-04-16 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 474
М.О-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Эрдэнэбаяр,
шүүгдэгч М.О-, түүний өмгөөлөгч О.Мөнхболд,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч М.О-ын өмгөөлөгч О.Мөнхболдын гаргасан давж заалдах гомдлоор М.О-д холбогдох эрүүгийн 1905024610489 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
М.О-, 1990 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, хүүхдүүдийн хамт оршин суух бүртгэлтэй гэх, ял шийтгэлгүй,
М.О- нь 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүннарангийн 6 дугаар гудамжны 138 тоотод зуухны дэгээ төмрийг зэвсгийн чанартайгаар ашиглаж иргэн Г.Төгсжаргалын толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
мөн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүннарангийн 6 дугаар гудамжны 138 тоотод иргэн Д.Оюунцэцэгийн биед халдсаны улмаас зулайн хуйх, зүүн шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: М.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.О-ыг зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийн хорих ялыг 1 хоногоор тооцож, түүний биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 30 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 140 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.О-ын өмгөөлөгч О.Мөнхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
1. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:
1.1. Шүүгдэгч болон миний зүгээс хохирогч Д.Оюунцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн талаар маргаагүй. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Харин хохирогч Г.Төгсжаргалын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт хохирогчийн “хэрүүл маргаан үүсгэж, шүүгдэгчийн эсрэг хүч хэрэглэсэн” буруутай үйлдэл байсан. Энэ нь гэрч П.Янжинсүрэн, шүүгдэгч М.О- нарын мэдүүлэг, хохирогч Г.Төгсжаргалын АСАП сангийн бүртгэлт зэргээр нотлогддог. Иймээс шүүгдэгч М.О- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт хийсэн байх үндэслэлтэй. Гэтэл анхан шатны шүүх үүнд огт дүгнэлт хийгээгүй.
1.2. Анхан шатны шүүх гэрч П.Янжинсүрэнгийн “...зуухны дэгээ төмөр болгон адилхан байлгүй дээ, манайх лав 30-40 см урттай, 500 гр жинтэй, урд үзүүр хэсэг нь Г үсгийн хэлбэр шиг тахир, өргөн нь 1 см радиустай байдаг шүү дээ...” гэсэн таамаг төдий мэдүүлгийг үндэслэн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад, хохирогчийг цохисон гэх зуухны дэгээ төмөр байсан эсэх, зуухны дэгээ төмрийг эд мөрийн баримтаар хураан авсан зүйл байдаггүй.
2. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “Иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл”-ийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд хамааруулахаар тайлбарлажээ. Гэтэл зуухны дэгээ төмөр нь галын үнс буулгах, зуухны ам нээх, хаах, галыг цогшуулах зэрэг зориулалтаар ашигладаг гал түлдэг айлуудад өргөн хэрэглэдэг ахуйн эд зүйл болохоос аливаа биетийг устгах, гэмтээх хүчин чадалтай эд зүйл биш юм. Анхан шатны шүүхийн дүгнэлтээр ойлговол үзэг, бал, харандаа гэх мэт зүйлсүүд хүртэл зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд хамаарч болохоор байна. Ингэж хуулийн тайлбарыг хэт өргөжүүлж, хавтгайруулж ойлгон хэргийг шийдвэрлэвэл буруу жишиг тогтох эрсдэлтэй гэж үзэж байна. Мөн шүүгдэгчийн зүгээс зуухны дэгээ төмрийг зориуд тухайн айлд авч орсон, тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан нөхцөл байдал байдаггүй.
Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчилж, шүүгдэгч М.О-д оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Прокурор С.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогч Г.Төгсжаргал амьд сэрүүн байхдаа өгсөн мэдүүлэгтээ “...Око зуухны дэгээ төмрөөр миний толгой руу цохисон. Тэгээд би ухаан алдсан...” гэж болсон үйл явдлыг тодорхой хэлсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэж тайлбарласан. Дэгээ төмөр бол аливаа биетийг устгах, гэмтээх зүйлд орно гэдэг утгаар нь тайлбарлаж прокуророос зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг хэрэглэсэн гэж үзэж зүйлчилсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос М.О-ыг 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүннарангийн 6 дугаар гудамжны 138 тоотод зуухны дэгээ төмрийг зэвсгийн чанартайгаар ашиглаж иргэн Г.Төгсжаргалын толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт, мөн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр тухайн газарт иргэн Д.Оюунцэцэгийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, шүүгдэгч М.О-ыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал” буюу нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй, тухайлбал М.О- бага насны 3 хүүхэдтэй эсэх асуудал эргэлзээ бүхий байхад анхан шатны шүүх яллах дүгнэлтийн дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруу гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан “АSAP” сангийн буюу гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн бүртгэл /1хх 34/-д М.О-ыг ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д/2/69 тоотод оршин суудаг талаар тэмдэглэсэн байх ба тэрээр прокурорт гаргасан удаа дараагийн хүсэлтдээ “...6-13 насны гурван хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. Одоо хүүхдүүд өндөр настай, бие муутай эхийн маань хараа хяналтад байгаа...” /2хх 131, 135, 139, 143/ талаар дурдсан байхад энэ талаарх хувийн байдалтай холбоотой баримт, мэдээллийг шалгаагүй байна.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны үед, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт М.О-ын гэр бүл, эцэг эх, төрөл төрөгсдийн талаарх лавлагааг ирүүлэхийг хүссэн албан бичгийг прокурорын зөвшөөрлийн хамт хүргүүлсэн /1хх 235-236/ байх боловч хариу ирүүлсэн эсэх нь тодорхой бус байна.
Иймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л арга хэрэгслийг ашиглан М.О-ын хувийн байдлыг тодруулах шаардлагатай бөгөөд энэ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд хувийн байдалд нь тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх, түүний насанд хүрээгүй хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг тодорхойлохдоо энэ хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан байна.
Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн дээрх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгүүлэх шаардлагатай тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.О-д холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгч М.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний өмгөөлөгч О.Мөнхболдын гаргасан “...хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ялыг хөнгөрүүлэх...” тухай давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.О-д холбогдох хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан, Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.
2. Прокурорын газарт хавтаст хэрэг очтол М.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН