Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 223/МА2018/00016

 

2018 оны 06 сарын 28 өдөр

         Дугаар 223/МА2018/00016

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 151/ШШ2018/00436 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Батдуламын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Р.Алтанцэцэгт холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгалийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Батдулам, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагч Р.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга, Б.Сонинбайгаль, нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нар оролцов.

 Нэхэмжлэгч Д.Батдулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “надаас иргэн Р.Алтанцэцэг forever бүтээгдэхүүн авах гэсэн юм, мөнгө байвал зээлүүлээч, тэгвэл би цол зэрэгт хүрч, чи цалинтай болно гэж хэлсэн. Би манай хүүгийн машин авах мөнгө байгаа гэхэд тэр мөнгөө зээлүүлчих, хамт бараа аваад зараад чиний мөнгийг өгнө гэхэд нь би бараа авахгүй, тэр барааг чинь би яасан ч зарж чадахгүй гэхэд Р.Алтанцэцэг би барааг чинь борлуулаад чамаас зээлсэн мөнгөө гаргаад өгнө, айх юмгүй гэхэд нь итгээд 7 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлүүлж баримт дээр гарын үсэг зуруулсан юм. Ямар учиртай 7 000 000 төгрөг гэхээр би Х.Оюунчимэг гэж хүнд 2 сарын өмнө нь 3 000 000 төгрөг зээлсэн байсан. Х.Оюунчимэг нь Р.Алтанцэцэг рүү бараа авах 20 000 000 төгрөг шилжүүлчихлээ, тэр дотор чамаас зээлсэн 3 000 000 төгрөг орсон байгаа шүү гэж утасдаж хэлэхээр нь би Р.Алтанцэцэгт Х.Оюунчимэг надаас зээлсэн 3 000 000 төгрөгөө чиний данс руу хийсэн байна, чи надаас зээлэх 4 000 000 төгрөгөө 2 сар болгоод өгнө гэж үзэж байгаа бол Х.Оюунчимэгийн данс руу чинь хийсэн 3 000 000 төгрөгийг нэмээд 7 000 000 төгрөг дээр гарын үсэг зурчих гээд гарын үсэг зураад бараагаа авсан. Тухайн үед 7 000 000 төгрөг Р.Алтанцэцэгийн дансанд орсон байсан учраас баталгаажуулж гарын үсэг зуруулсан. Ингээд би өөрт байсан 4 000 000 төгрөгийг Р.Алтанцэцэгийн данс руу шилжүүлсэн. Хэд хоногийн дараа Р.Алтанцэцэг надад огт хэлэлгүйгээр манай хүүгийн гоо сайхны дэлгүүрт 4 000 000 төгрөгийн барааг манай бэр Дашбатад энэ танай хадам ээжийн бараа, чамд өгөөрэй гэсэн гээд надаас зээлсэн 4 000 000 төгрөгийн барааг орхиод явсан байсан. Хэрэв би бүтээгдэхүүнээ өөрөө аваад борлуулах байсан бол заавал Р.Алтанцэцэгт мөнгө зээлүүлэх шаардлагагүй байсан бөгөөд өөрөө бараагаа аваад бэрдээ өгөх байсан, би зараад өгнө чи бүү ай, энэ чинь дороо зарагддаг бараа гэсэн болохоор түүнд итгэж мөнгө зээлүүлсэн. Анхнаасаа зээлсэн бэлэн мөнгөө, бэлэн мөнгөөр нь эргүүлж өгнө гэж тохиролцсон гарын үсэг зурснаас бус мөнгөний оронд бараа авна гэж тохироогүй. Харин оронд нь бараа өгнө гэсэн бол би Р.Алтанцэцэгт бэлэн мөнгөний зээл өгөхгүй байсан. Миний зөвшөөрөлгүйгээр манай бэр Дашбатад 4 000 000 төгрөгийн бараа хүчээр өгөөд гарын үсэг зуруулсан, одоо зарагдахгүй байгаа бараа бүтээгдэхүүнийг Р.Алтанцэцэгт эргүүлэн өгч надаас бэлэн мөнгө 4 000 000 төгрөг зээлж авсныг гаргуулах хүсэлтэй байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл хууль зүйн үндэстэй гэж үзэж байна. Хариуцагч Р.Алтанцэцэг нь Д.Батдуламаас хүүхдийнх нь машин авахад зориулж хадгалж байсан мөнгөнөөс нь 4 000 000 төгрөг зээлсэн байдаг. Зээлсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн, ингээд 4 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлүүлэх тухай баримт дээр гарын үсэг зурсан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлээ би энэ мөнгийг авсан, гэхдээ энэ мөнгөөр бараа аваад 4 000 000 төгрөгийн барааг Д.Батдуламд өгсөн учраас би төлөхгүй гэж мэтгэлздэг, боловч үүнийгээ нотолж чаддаггүй. Д.Батдулам нь Р.Алтанцэцэгийг гуйхаар нь барааг нь авахад нь зориулж 4 000 000 төгрөг зээлсэн болохоос биш өөртөө бараа худалдаж авахаар өгөөгүй гэдэг нь хавтаст хэргээр нотлогдож байдаг. Үнэхээр Д.Батдулам өөрийнхөө нэр дээр бараа авсан бол заавал Р.Алтанцэцэгээр дамжуулж, 4 000 000 төгрөг өгөөд бараа авах шаардлага байхгүй, 4 000 000 төгрөг зээлсэн болох нь үндэслэлтэй, харин Д.Батдулам надаар бараа авхуулсан гэдэг нь нотлогдоогүй. Д.Батдуламын бэр дээр энэ барааг зарж өгөөчээ гээд орсон байдаг. Би өөрөө ч борлуулна танайх ч зарна ингээд тэр мөнгийг чинь гаргаж өгнө гэж хэлсэн байдаг. Гэрч маш тодорхой хэлдэг, би ээжид загнуулсан яагаад бараа авч байгаа юм бэ энэ барааг авах ёсгүй гэж хэлсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байдаг. Р.Алтанцэцэг сүлжээний бизнесийн цолонд хүрэхийн тулд Д.Батдуламыг мөнгөтэй байгааг Х.Оюунчимэгээс сонсоод 4 000 000 төгрөгийг зээлсэн. 4 000 000 төгрөг шилжүүлэн авсан гэдэг асуудал дээр хариуцагч маргаагүй, үүнийгээ форевер бүтээгдэхүүний бараа руу оруулаад байдаг. Д.Батдуламд бараа авч өгсөн гээд байдаг боловч энэ талын нотлох баримт үнэхээр байдаггүй. Р.Алтанцэцэгийн хэлж байгаагаар барааг Д.Батдуламд өгөх ёстой байтал Дашбат гэж хамаагүй хүнд барааг өгсөн байдаг. Нөгөө талаар ямар бараа, хэдэн сая төгрөгийн бараа юм гэдгийг хүлээлцсэн баримт байдаггүй. Сүүлд 4 100 000 төгрөгийн бараа байгаа, үүнийг зараад өгөөрэй гэж өгсөн гэдгийг Дашбат хэлдэг. Тэгэхээр үүнд форевер компани огт хамааралгүй. Д.Батдуламын нэр дээр 8 000 000 төгрөгийн бараа авсан болохоо Р.Алтанцэцэг хүлээдэг. Өөрсдөө өндөр оноо авч цалинд хүрэхийн тулд доороо элссэн хүмүүсээс мөнгө зээлж хүний нэр дээр оруулсан болгоод нэр дээр нь бараа аваад ингээд цолонд хүрэх зорилгоор Р.Алтанцэцэг 4 000 000 төгрөгийг Д.Батдуламаас зээлсэн байдаг. Энэ хэрэг 3 жил болж байна, 4 000 000 төгрөг зээлээгүй, бараа оронд нь өгнө гэсэн нотлох баримт өнөөдрийг хүртэл өгөөгүй байдаг. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д дааснаар Д.Батдуламд 4 000 000 төгрөг өгөх нь зүйтэй гэж үзэж байна. гэжээ.

Хариуцагч Р.Алтанцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь АНУ-ын Форевер компанийн Монгол дахь салбарт гишүүнээр бүртгүүлж, өнөөдрийг хүртэл гэр бүлээрээ хэрэглэхийн зэрэгцээ бусад танил нөхөддөө эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэхээс гадна ахуйн болон гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг санал болгож, зарим хүмүүстэй хамтран ажиллаж байна. Миний хамтрагч Х.Оюунчимэг мөн адил бусдад санал болгосноор Д.Батдулам 2015 оны 04 дүгээр сарын 11-нд тус компанийн гишүүнээр бүртгүүлж, гэрээ хийсэн байгаа. 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Х.Оюунчимэг менежерийн шатанд хүрэх, Д.Батдулам зөвлөх шатанд хүрэхээр тус тус тохиролцож, Д.Батдулам бид хоёр компани дээр очиж, түүний нэр дээр 8 534 850 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авсан, үүний 4 000 000 төгрөгийг Д.Батдулам өөрөө гаргасан. Энэ худалдан авалтаар Д.Батдуламд 509 324 төгрөгийн цалин гарсан. Түүний мөнгөтэй, мөнгөгүйг би ерөөсөө мэдээгүй, Х.Оюунчимэг нь Д.Батдуламд их итгэж, дэмжиж ажиллая, мөнгө зохицуулж магадгүй гэж найдсан. Х.Оюунчимэгийг Д.Батдуламаас мөнгө зээлсэн гэдгийг яриан дундаас мэдсэн, энэ тухай Х.Оюунчимэгт хэлэхэд тийм, би 2 сая төгрөг зээлсэн, би өгөх ёстой юм, одоо чам руу шилжүүлчихье гээд шилжүүлсэн. Д.Батдуламын барааг зарж өгнө гэж нэг ч удаа ярьж байгаагүй, харин өөрөө манай бэр найдвартай сайн хүүхэд байгаа, тоолоод хэлээд өгөөрэй, падан бичих нь амар гэж байсан. Энэ дагуу би С.Дашбатад 3 удаа хэлсний дараа манай гэрт орж ирээд 4 491 761 төгрөгийн бараа авсан. С.Дашбат нь 18 төрлийн 143 ширхгийн барааг нэг бүрчлэн тоолж, бичээд авсан. Иймд би Д.Батдуламд 4 000 000 төгрөгийг төлөх ёсгүй. Харин С.Дашбатад хүлээлгэж өгсөн 4 491 761 төгрөгийн барааны 491 761 төгрөгийн барааг буцаан авна. Би форевер компанид ороод 2-3 сар ажиллаж байгаад Х.Оюунчимэг миний 1 дүгээр эгнээнд ороод доороо хүмүүс элсүүлээд бараа худалдаж аваад багаар ажиллахад хэн хэндээ хэрэгтэй байдаг учраас Х.Оюунчимэг Д.Батдуламыг доороо гишүүнээр оруулсан байдаг. Өөрөө менежер болохын тулд Д.Батдуламыг ашигласан юм шиг зүйл яриад байна, тийм зүйл ерөөсөө байхгүй. Би хөдөө нөхөр дээрээ очих гээд байж байтал манай хөрш Х.Оюунчимэгийн дүү нь нас барсан байсан, тэр над руу залгаад би чам шиг менежер болмоор байна. Чи надад туслах хэрэгтэй байна, компаниасаа асуугаад өгөөч боломж нөхцөл нь юу байна гэсэн. Би тэгэхээр нь 6 дугаар сарын 5-аар тасалбар болгож байгаа юм байна, 6 дугаар сарын 5-наас өмнө бараагаа захиалахгүй бол болохгүй цаг хугацаанд баригдаад менежер гэдэг цолыг авах шаардлагатай байна гэсэн шалтгаанаас Х.Оюунчимэг бид хоёрын дунд энэ Д.Батдулам гэж хүн орж ирсэн. Тэгээд Х.Оюунчимэг ярихдаа доороо ажиллаж байгаа 4 хүн байгаа, 4 хүний Д.Батдуламаас бусад нь илүү сайн ажиллаад байгаа, одоо оноогоо нэмэх шаардлагатай байна гээд Д.Батдуламыг надад зааж өгсөн. Би утсыг нь мэдэхгүй гэсэн чинь чамд дугаарыг нь өгье гээд өгсөн, цаг нь тулсан учраас би Д.Батдулам руу залгасан. 4 000 000 төгрөг өөрөө надтай хамт банк руу орж байгаад тушаасан. 4 000 000 төгрөг өөрт нь хамааралтай байсан учраас би 4 000 000 төгрөг нь дээр гарын үсэг зурсан болохоос 7 000 000 төгрөг дээр гарын үсэг зураагүй, Х.Оюунчимэгээс 3 000 000 төгрөгийн авлагатай гэхээр нь дэргэд нь Х.Оюунчимэг рүү залгаад 3 000 000 төгрөгийн тооцоотой юм байна, одоо яах вэ гээд хэлсэн. Төд удалгүй миний дансанд Х.Оюунчимэг мөнгө хийсэн. 4 000 000 төгрөгийг миний дансаар мөнгөө хийж байгаа болохоор баримт болгож авч байгаа юм байна гэж бодсон. А4 хэмжээтэй том цаас өгөөд энэ дээр миний бараануудыг бичээд байгаарай миний бэр Дашбат гээд залуухан хүүхэд байгаа, их мундаг хүүхэд тэрэнд миний бараануудыг тоолж өгөөрэй, Р.Алтанцэцэгээ чи бараагаа бүгдийг нь гэртээ буулгачих, хэд хоногоос манай бэрд тоолоод өгөөрэй гэсэн, ийм л юм болсон. Би энэ хүний кодыг мэдэхгүй, өөрөө зэрэгцэж зогсож байгаад кодоо хэлээд бараагаа авсан, 3-4 цагийн хугацаанд хамт байсаар байгаад ирсэн. Би туслах зорилгоо хадгалж, хайрлаад явж байсан болохоос өөр надад ямар ч шаардлага байгаагүй. Мөнгө зээлсэн бол Д.Батдуламыг авч явах ямар ч шаардлага байхгүй. Ургийн баяр гэж ярьсан гээд байна, ургийн баярыг би өөрөө ч мэдэхгүй байна. Манайханд ямар ч ургийн баяр болоогүй.” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-ээр зээлдүүлэгч өөрөө зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүрэгтэй. Мөнгө шилжсэн гэдэг үндэслэлийг тайлбарлаж байгаа зүйл нь данс руу нь 4 000 000 төгрөг хийсэн баримт бол байдаг. Гэхдээ яах гэж 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн бэ гэдгийг харах нь зүйтэй. Нэхэмжлэгч би форевер компанийн гишүүн биш гэж ярьдаг байсан, гэхдээ гишүүн болсон, форевер компаниас шүүгчийн захирамжаар баримт шүүлгэхэд 2015 оны 04 дүгээр сарын 11-нд 2 сарын өмнө гишүүнээр элсээд, түүнээс хойш 2-3 удаа худалдан авалт хийсэн байдаг. Энэ мөнгө яагаад Р.Алтанцэцэгийн дансанд оров гэдэг шалтгаан бол форевер гэдэг компани зөвхөн картаар гүйлгээ хийдэг, тийм учраас тэр өдөрт нь дансанд нь ороод л гарсан мөнгө байдаг. Форевер компаниас Д.Батдулам бараа авсан байна гэсэн албан тоот ирснээс үзэхэд нэхэмжлэгч өөрийнхөө мөнгөөр бараа авсан зүйл харагдаж байгаа. Зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлнэ гэдэг бол Иргэний хуульд зааснаараа зээлдэгч өмчлөлд байгаа зүйлээ өөрийн хүсэл зоригоороо захиран зарцуулах ёстой, ийм юм болоогүй. Ийм байхад зээлийн гэрээний дагуу бараагаа авна гэж нэхэмжлээд байдаг, 4 400 000 төгрөгийн бараагаа хүлээгээд авсан өнөөдрийг хүртэл тэр бараа нь өөрт нь байдаг. Зээлийн гэрээ ч байгуулагдаагүй, зээлийн гэрээ биш гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Д.Батдулам болон форевер компанийн хооронд худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Д.Батдуламын үгүйсгэж байгаа зүйл бол би гарын үсэг зурж аваагүй, намайг энэ сүлжээнд өөр хүмүүс элсүүлсэн гэдэг, энэ бол боломжгүй гэдэг нь форевер компаниас ирүүлсэн баримтаар тогтоогдож байгаа, мөнгө зээлсэн ямар ч харилцаа байдаггүй. Иймд 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Мөнхтулга шүүхэд  гаргасан тайлбартаа: 7 000 000 төгрөгийн баримт гээд хэрэгт байдаг, хэрэв Д.Батдуламаас 7 000 000 төгрөг зээлсэн бол 7 000 000 төгрөг дээр л гарын үсэг зурна, 4 000 000 төгрөг зээлүүлсэн бол 4 000 000 төгрөг дээр л гарын үсэг зурна, энэ зүйл хууль зүйн ямар үр дагавар үүсгэж байгаа юм бэ гэдэг нь ойлгомжтой байдаг. Хоёрдугаарт Р.Алтанцэцэг 4 000 000 төгрөг зээлсэн бол Д.Батдуламтай явах ямар шаардлага байна, зээлсэн бол өөрөө захиран зарцуулаад ямар бараа авахаа өөрөө аваад ирнэ, заавал цугтай явах шаардлагагүй, Төв аймгаас цуг явсан байдаг. Очоод бараагаа ярилцаад миний карт байхгүй байна, чиний картаар дамжуулъя, бэлэн мөнгө форевер компани авдаггүй юм байна гээд хэдхэн минутын дотор 4 000 000 төгрөг шилжүүлснийг нь зээл гэж ойлгоод байдаг, зээлийн гэрээ үүнд үүсэхгүй. Тэгээд буцааж өөрийнхөө нэр дээр бараагаа аваад машиндаа ачиж ирээд бэрдээ хүргүүлсэн байдаг, зээл авсан үндэслэл харагдахгүй байна. Хавтаст хэрэг дэх гэрчүүд нэхэмжлэгч талын ойрын талын хүмүүс байдаг. Барааг авах гээд очиход солигдсон байдаг, үндсэндээ барааг авсан гэж ойлгож болно. Аваад зарсан нь тодорхой, зараагүй хэсэг бараагаа Р.Алтанцэцэгийг зээлсэн болгож яриад байдаг, ийм л харилцаа үүссэн. Нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхийн тулд зээлийн гэрээ байгуулагдсан эсэхэд дүгнэлт хийх ёстой. Зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар нотлох баримт үнэхээр байхгүй байдаг. Ганц нотлох баримт байсан 7 000 000 төгрөгийн баримтаас нэхэмжлэгч тал өөрсдөө татгалзсан байдаг. Шинжээчийн дүгнэлт нотлох баримтын шинж чанараа алдсан, үүнд эргэлзээ бий. Яагаад ийм дүгнэлт гаргачхаад баримтаа алга болгов гэдэг бол асуудал. Мөн бусдын өмнөөс бараа захиалж болохгүй, авч болохгүй гэдэг нь Форевер компанийн ирүүлсэн баримтаар нотлогддог. Улсын дээд шүүхийн зээлийн гэрээний тайлбараар зээлийн гэрээ хийсэн гэх ямар ч үндэслэл харагдахгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар хариуцагч Р.Алтанцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Батдуламд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Алтанцэцэгээс 78 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Батдуламд олгож  шийдвэрлэжээ. 

            Хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль давж заалдах гомдолдоо:  “...шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна...Талуудын хооронд болсон үйл баримтын талаар дурдвал:

  Х.Оюунчимэг гэх хүн Форевер компанид өөрийн зэрэг цолоо ахиулж менежер цолонд хүрэхийн тулд Р.Алтанцэцэгийг Д.Батдуламтай холбож 2015 оны 06 сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод Форевер компанийн оффисоос Д.Батдулам 8.534.850 төгрөгийн бараа худалдаж авсан. Тухайн бараа авсан мөнгөний 4.000.000 төгрөг нь Д.Батдуламын мөнгө бөгөөд үлдэх 4.534.850 төгрөг нь Х.Оюунчимэгийн Р.Алтанцэцэг рүү өмнө нь тухайн Форевер компаний цолоо нэмүүлэхийн тулд бараа авахаар шилжүүлсэн байсан 15.000.000 төгрөгөөс авсан байдаг.

Тэр өдөр бараа авахдаа Д.Батдулам нь баталгаа гэх 4.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлэв гэсэн баримтан дээр Р.Алтанцэцэгээр гарын үсэг зуруулсан ба энэ мөнгө манай хүүгийн машин авах мөнгө байгаа юм, ингэж гарын үсэг зурахгүй бол болохгүй байна гэсний дагуу Р.Алтанцэцэг гарын үсэг зурсан.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д  заалтад зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх гэснийг анхаарах нь зүйтэй байна.Зээлдүүлэгчийн үндсэн үүрэг нь зээлдэгчид мөнгийг тохиролцсон хугацаанд захиран зарцуулах эрхийг олгоход оршдог. Нэхэмжлэгч Д.Батдуламын хэлж байгаагаар 7.000.000 төгрөгийг Р.Алтанцэцэгт зээлүүлсэн бол уг мөнгө түүний өмчлөлд шилжиж 7.000.000 төгрөгийн өмчлөгч нь Р.Алтанцэцэг болж. тухайн мөнгийг тодорхой хугацаанд захиран зарцуулах эрхтэй байх ёстой.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэжээ.

...Р.Алтанцэцэгийн хувьд Д.Батдуламаас зээлсэн гэх мөнгө нь түүний өмчлөлд шилжиж. захиран зарцуулах эрх үүсээгүй. Хариуцагч талаас "Форевер Ливинг фродуктс" ХХК-иас нотлох баримт гаргуулахад 2015 оны 06 дугаар сарын 04-ний  өдөр нэхэмжлэгч Батдулам, Алтанцэцэгийн хаан банкны дансаар дамжуулсан мөнгөөрөө бараа авсан байдаг. Иймд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна. Тухайн барааг Д.Батдулам нь Форевер Ливинг продуктс монголиа ХХК-иас худалдаж авч байгаа бөгөөд Д.Батдулам компани хоёрын хооронд Иргэний хуульд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Харин одоо 4.000.000 төгрөг 2 сарын хугацаатай зээлэв гэсэн баримт 7.000.000 төгрөг зээлэв гэх утгатай баримт болж өөрчлөгдсөн байна. Баталгаа гэх баримтад засвар хийсэн эсэхийг шалгуулахаар шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт ирсэн байх бөгөөд тухайн баримт нь хэргийн материалаас алга болсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрвөл зохигчдод дахин шинжилгээ хийлгэх эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан, Хэргийн оролцогчийн дээрх эрхийг хязгаарлаж, баталгаа баримтын эх хувь алга болсон учраас шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг шүүх хангахгүйгээр, шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурдаж хэргийг шийдвэрлэсэн.

Зохигчдын хооронд зээлийн гэрээний маргаан үүсээгүй байхад шүүх зээлийн гэрээний маргаан байна гэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн шүүхийн шийдвэр байна...шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ” гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй, хэргийн бодит  нөхцөл байдлын талаар буруу дүгнэлт хийж  нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж, Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэснээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Батдуламаас хариуцагч Р.Алтанцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчтэй гэрээ хийж 4.000.000 төгрөг зээлж аваагүй, 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдөр  Д.Батдулам уг мөнгөөрөө “Форевер ливинг продактс Монголиа “ ХХК-н бараа бүтээгдэхүүн  худалдан авсан  гэж маргажээ.

Талуудын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн, гэрээ байгуулагдсанд тооцоход  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.4-д заасан  хэлцлийн талуудын хүсэл зориг, хүсэл зоригийн илэрхийлэл байсан эсэх, гэрээнд заасан мөнгийг бодитоор шилжүүлсэн эсэхэд дүгнэлт хийх ёстой юм.

Хэргийн үйл явдал, бодит нөхцөл байдал нь “Форевер ливинг продактс Монголиа “ ХХКомпанийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, сүлжээний бизнес эрхлэхтэй холбоотой үүссэн  маргаан байх бөгөөд мөнгө зээлүүлсэн гэх 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хариуцагч  Р.Алтанцэцэг нэхэмжлэгч Д.Батдуламын өгсөн 4 000 000 төгрөгийг аваад өөрийн Хаан банк дахь 5721199930 тоот дансанд хийж, мөн дансаараа буцааж  Д. Батдуламын нэр дээрх захиалгын   “Форевер ливинг продактс монголиа “ ХХК-н  бараа бүтээгдэхүүний төлбөр 8 534 850 төгрөгийг шилжүүлсэн, түүний худалдан авсан  бараа бүтээгдэхүүнийг түүний бэр С.Дашбатад хүлээлгэж өгсөн болох нь хариуцагч Р.Алтанцэцэгийн “... Оюунчимэг менежер шатанд хүрэх, Д.Батдулам зөвлөх шатанд хүрэхээр тохиролцож Д.Батдулам бид хоёр хамт компани дээр 2015 оны 6 сарын 4-ний өдөр  очиж, 8 534 850 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан.  ...4 000 000 төгрөгийг Д.Батдулам өөрөө гаргасан...түүний худалдан авсан бүтээгдэхүүнийг бэр С.Дашбат ирээд нэг бүрчлэн тоолоод нийт 18төрлийн 143 ширхгийн 4 491 761 төгрөгийн барааг хүлээж авсан ... “  гэх тайлбар,гэрч С.Дашбатын “... Р.Алтанцэцэг нь танай хадам ээжийн бараа орж ирээд ав гэхээр нь би гэрт нь очиж авсан, ... 4 491 761 төгрөгийн 18 нэр төрлийн барааг хүлээн авсан. Барааг хүлээж авсан гарын үсэг минийх мөн ...”  гэх мэдүүлэг , гэрч Х.Оюунчимэгийн “.. Би Батдуламд 3 сая төгрөгийн өртэй байсан. Тэр өгөх мөнгөө Р.Алтанцэцэгт 2015 оны 6 сард 15 сая төгрөгийн бараа авсан, тэр дотор хамт нь шилжүүлсэн” гэх мэдүүлэг, гэрч Г.Ганцэцэгийн “..Компанийн оффис дээр бараа авах гэж 2015 оны 6-р сард Д.Батдулам, Р.Алтанцэцэг бид 3 уулзсан..Төв аймгийн барааг Р.Алтанцэцэг авдаг... Тухайн үед Д.Батдулам, Р.Алтанцэцэгтэй хамт компанийн оффис дээрээс ирж бараагаа авдаг байсан...төлбөрийг картаар дансаар авдаг ” гэх мэдүүлэг,  Р.Алтанцэцэгийн Хаан банк дахь 5721199930 тоот дансанд 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Алтанцэцэг” нэрээр 4.000.000 төгрөг бэлнээр  орлого орж, мөн өдөр FLP MONGOLIA рүү / “Форевер ливинг продактс монголиа “-компанийн товчилсон нэр/  8 534 850 төгрөгийн зарлага гарсан тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн “Форевер ливинг продактс монголиа”-компанид 8 534 850 төгрөгийн бараа бүтээгдэхүүн захиалсан нэхэмжлэл буюу бүтээгдэхүүний захиалгын хуудас, /хх-133тал/, “хүлээн авсан С.Дашбат” гэсэн гарын үсэгтэй баримт зэргээр тогтоогдож байна.

 

Үүнээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн болох нь нотлогдохгүй байна.

Мөн хуульд зааснаар нэхэмжлэгч Д.Батдулам нь хариуцагч Р.Алтанцэцэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд гэрээнд заасан мөнгийг бодитоор шилжүүлсэн байх шаардлагатай бөгөөд энэхүү үйл баримтаа нотолсон нотолгоо гэж “2015.06.05 нд иргэн Алтанцэцэгт 7000000 /долоон сая/ төгрөг 2 сарын хугацаатай зээлж авлаа” /хх-5тал/ гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгчээ.

            Нэхэмжлэгчээс дээрх баримтыг тайлбарлахдаа “.. 7 сая төгрөгийн 3 сая төгрөгийг Х.Оюунчимэг зээлсэн, 4 сая  төгрөгийг нь Р.Алтанцэцэг зээлсэн “ гэх боловч дээрх  баримтын “огноо  ” буюу “2015.06.05”,   “мөнгөн дүн ” буюу “ 7 000 000 төгрөг” нь 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Р.Алтанцэцэгийн Хаан банк ХХК дахь 5721199930 дугаартай дансанд  “Алтанцэцэг” нэрээр 4.000.000 төгрөгийн орлого орсон тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулганы “огноо” “мөнгөн дүн”-тэй зөрүүтэй, 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс хойш хариуцагчид зээл гэх 4 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн болохоо баримтаар нотлоогүй байна. 

Дээрх байдлаас дүгнэн  үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д  заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад  шүүх хариуцагчийн 5721199930 тоот дансанд “Алтанцэцэг”  нэрээр 4.000.000 төгрөгийн орлого орж ирсэн баримтад  үндэслэж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хариуцагч Р.Алтанцэцэгт зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний  үүрэг үүссэн гэж дүгнэн Р.Алтанцэцэгээс 4.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Батдуламд олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасантай  нийцээгүй байна.

Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Р.Алтанцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 151/ШШ2018/00436 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул 4.000.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Р.Алтанцэцэгт холбогдох  нэхэмжлэгч Д.Батдуламын  нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Батдуламаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 78 950 /далан найман мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Р.Алтанцэцэгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 78.950 /далан найман мянга есөн зуун тавин/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ӨРНӨНДЭЛГЭР       

                                          ШҮҮГЧИД                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ 

                                                                                           Т.ЭНХМАА