Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/00408

 

 

2022 04 01 001/ХТ2022/00408

 

 

 

*******, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1009 дүгээр шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 209/МА2022/00005 дугаар магадлалтай,

*******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Э.Бямбажаргалд холбогдох

 

Өвлөгдсөн эд хөрөнгөөс хууль ёсны өвлөгчид ногдох хэсэг 260,666,666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч Э.Бямбажаргалд холбогдуулан өвлөгдсөн эд хөрөнгөөс хууль ёсны өвлөгчид ногдох хэсэг 260,666,666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1009 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй хариуцагч Э.Бямбажаргалд холбогдох өвлөгдвөл зохих эд хөрөнгөөс ногдох хэсэг 161,166,666 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 966,784 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 294,495 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 209/МА2022/00005 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1009 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар *******, ******* нарын нэхэмжлэлтэй хариуцагч Э.Бямбажаргалд холбогдох өвлөгдвөл зохих эд хөрөнгөөс ногдох хэсэг 161,166,666 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4-т тус тус зааснаар хариуцагч Э.Бямбажаргалаас 22,566,666 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 138,599,999 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дугаар заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 966,784 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 294,495 төгрөг нэхэмжлэгч нараас гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 966,784 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 270,783 төгрөгийг хариуцагч Э.Бямбажаргалаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.01.07-ны өдрийн 209/МА2022/00005 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Дархан-Уул аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх дээрх хэрэг маргааныг 2021.11.23-ны өдөр 1009 тоот шийдвэрээр шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 126-р зүйлийн 126.1-д заасан гэрлэснээс хойш хамтран амьдарч байх хугацаанд бий болсон хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч гэж хуульчилсан. Гэр бүлийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.2-т гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийн 3.1.4-т гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн дагавар үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлнэ гэжээ. Иймд маргаан бүхий зүйл болох дээрх эд хөрөнгүүдийг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж тооцуулах ногдох хэсэг гаргуулах асуудал зөвхөн гэр бүлийн гишүүдэд хамааралтай гэж дүгнэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хуулийг зөв хэрэглэж шийдвэрлэсэн. Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Содболд гомдол гаргаснаар давж заалдах шатны шүүх гомдлыг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх маргааныг хянан хэлэлцээд магадлалын хянавал хэсэгт гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ доорх дүгнэлтийг хийжээ. Давж заалдах шатны шүүх шинжээчээр тогтоогдсон 8 төрлийн үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгүүдээс хариуцагч Э.Бямбажаргалын нэр дээр өмчлөх эрх нь шилжсэн 4 төрлийн эд хөрөнгө нь Иргэний хуулийн 126-р зүйлийн 126.2.4-т зааснаар өвлүүлэгч Х.Баярсайхан хариуцагч Э.Бямбажаргал нарын хамтран амьдарсан хугацаанд бий болсон хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байна гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Э.Бямбажаргалын нэр дээр өмчлөх эрх бүртгэлтэй дээрх эд хөрөнгө нь өвлөгдвөл зохих эд хөрөнгө мөн байх тул нэхэмжлэгч *******, ******* нар дээрх эд хөрөнгүүдээс өөрсдөд нь ногдох хэсгийг өвлөхөөр шаардах эрхтэй байна. Хариуцагч Э.Бямбажаргалын нэр дээрх бүртгэлтэй өвлөгдвөл зохих 4 төрлийн эд хөрөнгө нь 338,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн ба гэр бүлийн 5 гишүүнд адил тэнцүү хуваахад нэг гишүүнд 67,700,000 төгрөгийн хөрөнгө ногдож байгаа бөгөөд өвлүүлэгч Х.Баярсайханд ногдох өвлөх эрх бүхий 6 хүнд адил тэнцүү хуваахад нэг хүнд 11,283,33, төгрөгийн хөрөнгө ногдож байна. Иймд нэхэмжлэгч нарт ногдох хувь 22,566,666 төгрөгийг хариуцагч Э.Бямбажаргалаар гаргуулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 126-р зүйлийг буруу тайлбарлаж маргаан шийдвэрлэхдээ буруу хуулийн заалтыг барьж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийи 116-р зүйлийн 116.2-т зааснаар шүүхээс гаргаж байгаа магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлгүй болжээ. Иргэний хуулийн 520-р зүйлийн 520.1.1 дэх заасан хуулийн дагуу өв хөрөнгийг хуваахад Иргэний хуулийн 126-р зүйлийн заалтыг шүүх хэрэглэхгүй, Иргэний хуулийн 515-р зүйлийн 515.1-д зааснаар талийгаачид бүртгэлтэй эд хөрөнгө дээр өв залгамжлалын маргааныг шийдвэрлэх байсан. Гэтэл талийгаачид бүртгэлтэй хөрөнгө байх атал эхнэр Э.Бямбажаргалын нэр дээрх хөрөнгийг хувааж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 182.1-д зааснаар нэхэмжлэгч нар хамтран амьдраагүй өвлөгч нар нь зөвхөн талийгаачийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгөн дээр ногдох хэсэг шаардах эрхтэй. Иймд давж заалдах шатны шүүхийн 2022.01.07-ны өдрийн 209/МА2022/00005 тоот магадлалыг хүчингүйд тооцож, Дархан-Уул аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.23-ны өдрийн 1009 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч Э.Бямбажаргалд холбогдуулан өвлөгдсөн эд хөрөнгөөс хууль ёсны өвлөгчид оногдох хэсэг 260,666,666 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлтийн дагуу 161,166,666 төгрөг болгон бууруулсан.

 

Хариуцагч Э.Бямбажаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ... маргааны зүйл болох зарим эд хөрөнгүүд нь миний нэр дээр бүртгэлтэй миний хөрөнгө, заримыг нь би мэдэхгүй, миний эзэмшил, ашиглалтад байдаггүй гэж маргажээ.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагч Э.Бямбажаргалаас 22,566,666 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 138,599,999 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

 

7. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 

8. Нэхэмжлэгч нар нь ...бидний хүү Х.Баярсайхан хорт хавдрын улмаас 2018.02.08-ны өдөр нас барсан. 2019.02.01-ний өдөр Дархан-Уул аймгийн тойргийн нотариатчид хүүгийнхээ өмчлөлд байсан эд хөрөнгүүдийн талаар өв хүлээн авах хүсэлтийг гаргасан. Үнэлгээний тайланд заасан 483,500,000 төгрөгийн эд хөрөнгийг хууль ёсны өвлөгч 6 хүнд адил тэнцүү хувааж, нэг хүнд ногдох хувийг 80,583,333 төгрөгт тооцсон, нэхэмжлэгч нарт 161,166,666 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлсон байна.

 

 

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлд заасан 8 эд хөрөнгийг өвлөгдөх эд хөрөнгө гэж тодорхойлж, шинжээчийн 2019.08.29-ний өдрийн Үнэлгээний тайлан-гаар нийт үнэлгээг 483,500,000 төгрөг болохыг тогтоосон, үнэлгээний талаар зохигчид маргаагүй.

 

9. Хариуцагч Э.Бямбажаргал нь нөхөр Х.Баярсайхантай 1996.06.20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэрээр 1995.08.08-ны өдөр Б.Цолмонг, 2005.02.01-ний өдөр Б.Энэрэл, 2014.02.28-ны өдөр Б.Эмүүжин нарыг төрүүлсэн, Х.Баярсайхан нь 2018.02.28-ны өдөр нас барснаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлд заасан өв нээгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

 

10. Нэхэмжлэгч *******, ******* нар нь 2019.02.01-ний өдөр Дархан-Уул аймгийн тойргийн нотариатчид хандан өв хүлээн авах хүсэлт гаргасан ба талийгаач Х.Баярсайханы эхнэр Э.Бямбажаргал, түүний хүүхдүүд болох Б.Цолмон, Б.Энэрэл, Б.Эмүүжин, төрсөн эцэг *******, эх ******* нарыг хууль ёсны өвлөгч гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд тэдэнд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нийцжээ.

 

11. Хариуцагч нь ...нэхэмжлэлийн шаардлагад заасан Дархан-Уул аймгийн Хонгор сумын I баг, Цогт хэсэг 5 гудамж, 81 Б тоот, эрхийн улсын бүртгэлийн Г-2005000638 дугаарт бүртгэлтэй, газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 1208,2 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Дархан-Уул аймгийн Дархан сумын XII баг, VI хороолол, 15 дугаар байрны 26 тоот, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003009679 дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын I баг, Хайрхан 2 давхар 45 дугаар байр, 15 тоот, 27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2001001319 дугаарт бүртгэгдсэн, Нyundai R520LC-9s маркийн 78-89 УН улсын дугаартай шар өнгийн эксковатор зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг талийгаач Х.Баярсайхан өвчтэй байх хугацаандаа миний нэр дээр шилжүүлсэн тул гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэхгүй. Үлдэх Hyundai 3000 LC 7 маркийн шар өнгийн эксковатор, Ковш-ZL 50 маркийн шар өнгийн техник, Тоёото ланд крузер 70 маркийн 53-77 ДАР улсын дугаартай хагас ачааны суудлын автомашин, Эксгрүпер 80 алт угаах зориулалт бүхий усан буу зэрэг нь талийгаач бид хоёрын хэн нэгний нэр дээр бүртгэлгүй бөгөөд одоо эзэмшилд байдаггүй. Уурхай ажиллуулж байхдаа ашиглаж байсан байх одоо байдаггүй гэж тайлбар гаргасан.

 

12. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч нь өөрийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгүүдийн өмчлөх болон эзэмших эрхийн гэрчилгээний хуулбаруудыг нотлох баримтын шаардлага ханган ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн Автотээврийн Үндэсний төвөөс ...тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн болон эзэмшигчийн талаарх лавлагааг гаргуулсан байна.

 

13. Анхан шатны шүүх ...нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 8 төрлийн эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж нэхэмжлэгч нар маргаж байгаа боловч талийгаач Х.Баярсайхан нь өөрийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгийг эхнэр Э.Бямбажаргалын нэр дээр хэлцлийн үндсэн дээр шилжүүлснээр түүний өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар дуусгавар болсон тул Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэж зааснаар маргааны зүйл болох хөрөнгүүдийг өвлүүлэгчийн өвлөгдвөл зохих эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэгч *******, ******* нарын хариуцагч Э.Бямбажаргалаас 161,166,666 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

14. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн өвийн маргааны харилцаанд хэрэглэх ёстой хуулийг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн, хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

 

15. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох юм.  

 

16. Давж заалдах шатны шүүх ...шинжээчээр үнэлгээ тогтоогдсон 8 төрлийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдээс хариуцагч Э.Бямбажаргалын нэр дээр өмчлөх эрх нь шилжсэн 4 төрлийн эд хөрөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар өвлүүлэгч Х.Баярсайхан, хариуцагч Э.Бямбажаргал нарын хамтран амьдарсан хугацаанд бий болсон хамтран өмчлөх дундын эд хөрөнгө буюу хариуцагч Э.Бямбажаргалын нэр дээр өмчлөх эрхийн бүртгэлтэй дээрх эд хөрөнгийг өвлөгдвөл зохих эд хөрөнгө мөн бөгөөд нэхэмжлэгч *******, ******* нар өөрсдөд оногдох хэсгийг шаардах эрхтэй гэсэн үндэслэлээр хариуцагчаас 22,566,666 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

17. Хэргийн баримтаас үзвэл Дархан сумын XII баг, VI хороолол 15 дугаар байр, 26 тоотын 2 өрөө орон сууц, Шарын гол сумын I баг, Хайрханы 45 дугаар байр 15 тоот 2 өрөө орон сууц, Хонгор сумын I баг, Цогт хэсэг, V гудамж, 81Б тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг нь Э.Бямбажаргалын өмчлөлд бүртгэгдэж, газар болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ тус тус олгогдсон, мөн Hyundai R5201 C-9S маркийн 78-89 улсын дугаартай шар өнгийн экскаваторын өмчлөгчөөр Э.Бямбажаргал бүртгэгдсэн байна.

 

Өвлүүлэгч Х.Баярсайхан нь 2013 оноос эхлэн өвдөж, удаан хугацааны турш эмчилгээ хийлгэж байсан тухай хариуцагчийн тайлбарт дурдсан, өвчний улмаас нас барсан, тэрээр нас барахаас өмнө маргааны зүйл болж буй хөрөнгүүдийн өмчлөх эрхийг 2015-2017 онд хэлцлийн үндсэн дээр эхнэр Э.Бямбажаргалын нэр дээр шилжүүлсэн байна.

 

18. Иргэний хуулийн зохицуулалтаар Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэх бөгөөд нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна гэсэн байдаг тул Х.Баярсайханы хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

19. Давж заалдах шатны шүүх ...шинжээчээр үнэлгээ тогтоогдсон 8 төрлийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдээс хариуцагч Э.Бямбажаргалын нэр дээр өмчлөх эрх нь шилжсэн 4 төрлийн эд хөрөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад эд хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэж зааснаар өвлүүлэгч Х.Баярсайхан, хариуцагч Э.Бямбажаргал нарын хамтран амьдарсан хугацаанд бий болсон хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байна гэж дүгнэснийг маргааны үйл баримтад Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

19.1. Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д заасан Гэр бүлийн хөрөнгө гэдгийг Улсын дээд шүүхийн 2009.06.15-ны өдрийн 20 дугаар тогтоолоор Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.3-т зааснаар гэр бүл болсноо эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн нөхөр, эхнэрийн, мөн зүйлийн 3.1.4-3.1.6-д заасан гэрлэгчидтэй хамт амьдардаг гэрлэгчдийн төрсөн, үрчилсэн, дагавар хүүхэд, төрөл садангийн хүмүүсийн хамтран өмчлөх дундын болон хуваарьт хөрөнгийг хамааруулан ойлгоно гэж тайлбарласан байна. Нэхэмжлэгч нар нь өвлүүлэгч Х.Баярсайханы эцэг, эх мөн боловч Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д заасан гэр бүлийн гишүүн биш байна.

 

19.2. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж, мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2-т Гэрлэгчдийн хөрөнгийн эрхийн зарим харилцааг гэрээгээр зохицуулж болно гэсний дагуу нөхөр Х.Баярсайхан нь маргааны зүйл болж буй хөрөнгийг эхнэр Э.Бямбажаргалын өмчлөлд шилжүүлсэн байхад хариуцагч нар эдгээр хөрөнгийг шаардах эрхгүй.

 

19.3. Иргэний хуулийн 126 дугаар зүйлээр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн харилцааг зохицуулсан бөгөөд 126.2.4-т заасан хэм хэмжээ нь гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаанд хамаарна.

 

Өөрөөр хэлбэл, гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө дундын өмч байх зохицуулалтын дагуу эхнэр, нөхөр нь бие биедээ өмчлөх эрхийн талаар шаардлага гаргах эрхийн зохицуулалт байхад давж заалдах шатны шүүх гэр бүлийн бус гишүүдийн шаардлагыг үндэслэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

20. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 209/МА2022/00005 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1009 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 270,783 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

Д.ЦОЛМОН