Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 47

 

“Хас банк”-ны Сэлэнгэ салбарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 148/2018/00241/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч,

                           Ерөнхий шүүгч                          Б.Батзориг

                           Шүүгчид                                    Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

                    

                          Оролцогчид

                              Хариуцагч                                  Г.Урангуа

                              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь Сум  дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 275 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч Г.Урангуагийн давж заалдсан гомдлоор “Хас банк”-ны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Г.Урангуа, Б.Батцагаан нарт холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 30.808.91068 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийг 2018 оны 07 дугаар  сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      

Top of Form

Нэхэмжлэгч “Хас банк”-ны Сэлэнгэ салбар нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: ...Хариуцагч Боржигин овогт Гомбын Урангуа, хамтран үүрэг гүйцэтгэгч Бавуудоржийн Батцагаан нь манай банкнаас 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1100014819 тоот зээлийн гэрээ байгуулан 60.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай 365 хоногт 22.8 хувийн хувьсах хүүтэй авсан. Зээлийн барьцаанд зээлдэгч Г.Урангуагийн өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 3 дугаар баг, 5 дугаар хэсэгт байрлах ГД-000216590, Ү-13170063568 дугаартай 209 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 5 дугаар баг, 1 дүгээр хэсэгт байрлах ГД-000226788, Ү-13174000263 дугаартай 1850 м.кв талбайтай 000226788 гэрчилгээний дугаартай, Г-1317000263 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалсан. 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зээлдэгч Г.Урангуа нь манай банкинд хүсэлт гарган зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан зээлийн гэрээний дуусах хугацааг 14 сараар сунгаж, зээлийн дансны дугаар 1100020799 болгон нөхцөл өөрчилсөн. Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч банктай байгуулсан 1100014819, 1100020799 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн бусад үүрэг хариуцлагаа удаа дараа зөрчин зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөлгүй 412 хоног хугацаа хэтэрч, бидний ажилд хүндрэл учруулсан болно. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. Хас банкны 1100014819, 1100020799 тоот зээлийн гэрээний 1.10, 1.11, 1.12, 1.15, 2.1, 3.2.4, 3.2.7, 3.2.8, 3.2.10, 3.5, 4.4 заалтуудад болон бусад заалтуудад заасны дагуу 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлдэгчтэй байгуулсан 1100014819, 1100020799 тоот зээлийн гэрээг дуусгавар болгож, гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 23.551.00468 төгрөг, зээлийн хүү 6.749.416 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 508.490 төгрөг, нийт 30.808.91068 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах, гэж заасны дагуу зээлдэгчийн зээлийн барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Г.Урангуа, Б.Батцагаан нар анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Эрүүл мэндийн шалтгаанаас болж зээлээ төлж чадаагүй. Хас банкнаас нэхэмжилж буй төлбөрийн зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

1. Үндсэн зээлээ бүрэн төлж дууссан

2. Зээлийн хүү 6.749.416 төгрөгний 50 хувь 3.374.708 төгрөгийг хөнгөлж өгнө үү.

3. Нэмэгдүүлсэн хүү 508.490 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4.Үүргийн гүйцэтгэлээр барьцаа хөрөнгө хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь Хас банкнаас 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 60.000.000 төгрөгийн зээл авч зээлээ графикийн дагуу нэг ч хоцролгүйгээр төлж явсан. 2015 оны 12 дугаар сараас эрүүл мэндийн шалтгаанаар Япон улс руу явж дугуй сэлбэгний бизнесээ хийж чадахгүй болж, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулж, зээлээ бага багаар төлж яваад улс оронд хямрал болж дугуй зарагдахгүй эргэлтийн мөнгө байхгүй болсон тул зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Зээлийн гэрээгээ цуцлахгүйгээр 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр уг гэрээ цуцлах тул сунгаж өгнө үү гэжээ.

Bottom of Form

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр  хянан хэлэлцээд 275 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Урангуа, Б.Батцагаан нараас 30.808.91068 төгрөгийг гаргуулан Хас банкны Сэлэнгэ салбарт олгож,

- Иргэний хуулийн 174 дүгээр 174.1, 175 дугаар 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 3 дугаар баг, 5 дугаар хэсэгт байрлах ГД-000216590, Ү-13170063568 дугаартай 209 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 5 дугаар баг, 1 дүгээр хэсэгт байрлах ГД-000226788, Ү-13174000263 дугаартай 1850 м.кв талбайтай 000226788 гэрчилгээний дугаартай, Г-1317000263 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар зэрэг барьцаа хөрөнгөнөөс хуулийн дагуу албадан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банк Сэлэнгэ салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312.000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 312.000 төгрөг нэхэмжлэгчид олгуулахаар  шийдвэрлэсэн байна.  

 

 Хариуцагч Г.Урангуа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 22-ны өдрийн 275 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэхь хэсэгт ...Г.Урангуа, Б.Батцагаан нараас 30.808.910 төгрөг гаргуулан "Хас" банкны Сэлэнгэ салбарт олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Шүүхэд "Хас банк надаас 30.808.910 төгрөг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан түүнээс өмнө үндсэн зээлээс хасч өгөөч гэж 4 сая төгрөгийг Хас банкинд өгсөн байсан. Гэтэл шүүхэд ирсэн үед хуулгаа авч үзэхэд үндсэн зээлээс хасаагүй зээлийн алданга, нэмэгдүүлсэн хүү зэрэгт суутган авсан байсан. Санхүүгийн мэргэжилгүй хүн болохоор банкны зээлийн талаар тодорхой ойлголтгүй байна. Миний бодлоор үндсэн зээлээсээ хасвал хасагдсан хэмжээгээрээ үлдсэн үндсэн зээлээсээ хүүг тооцох ёстой гэж бодож байгаа. Тиймээс би үндсэн зээлийн үлдэгдэл 23.551.004 төгрөгөөс хасагдах ёстой гэж үзэж байна. Хэрэв үндсэн зээлээс хасч тооцвол зээлийн хүү ч багасах ёстой гэтэл яаж хувиарлаад байгааг би үнэхээр ойлгохгүй байна.

2. Шийдвэрийн 2 хэсэгт ..зээлэнд барьцаалсан бүх хөрөнгийг хуулийн дагуу албадан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Миний бие анх тус банкнаас 60 сая төгрөгийн зээлэнд дээрхи барьцаалсан хөрөнгийг 70%-д нь үнэлгээ тогтоолгож хамгийн бага үнээр үнэлж барьцаалсан гэтэл миний бие түүнээс 36.448.996 төгрөгийн үндсэн зээлийг төлснөөс гадна хүү төлсөн байгаа. Гэтэл үлдэгдэл үндсэн зээлд 60 сая төгрөгөнд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг минь зарж борлуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Би үндсэн зээлийнхээ 70% төлсөн байхад банк надад хөнгөлөлт үзүүлэхгүй харин ч надаас маш их хэмжээний хүү алдангийг нэхэж байгаад гомдолтой байна. Сар болгон 2.942.000 төгрөгийн төлөлт хийдэг байсан. Жилээр тооцоолоход 35 сая 280.000 төгрөгийг төлсөн байна. 2014 оны 6 сараас 2016 оны 2 сарын 25-ны өдөр хүртэл 105 сая төгрөгийг үндсэн зээл, хүүнд нь төлсөн тооцоо гарч байгаа. Ийм их хэмжээний мөнгийг банкинд төлсөн байхад үлдэгдэл 30 сая төгрөгөнд миний орох орон, газрыг зарах гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 Миний бие Хас банкнаас зээлсэн үндсэн зээлээ төлнө. Гэрээ 8 дугаар сард дуусна. Хас банкинд  гүйцэтгэлийг хангуулахгүй байхаар хүсэлт гаргасан. Барилгыг зарахад хугацаа шаардлагатай болоод байна. Би Япон улс руу явж бараа бүтээгдэхүүнийг авчирсан боловч хугацаа шаардлагатай болоод байгаа талаар Хас банкинд мэдэгдсэн. Иймээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй байхаар шийдвэрлэж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна гэв.   

 

“ХАС” банкны Сэлэнгэ салбараас давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 275 дугаартай шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасантай нийцэж байх тул хариуцагчийн давж заапдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ХАС” банк  Г.Урангуа, Б.Батцагаан нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 30.808.91068 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдсан гомдлын дагуу хэргийг судлан үзвэл: Хариуцагч нар нь “ХАС” банкны Сэлэнгэ салбараас 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр №1100014819 дугаартай зээлийн гэрээ байгуулан 60.000.000 төгрөгийн 36 сарын хугацаатай 365 хоногт 22.8 хувийн хувьсах хүүтэй зээлж, уг зээлийн барьцаанд зээлдэгч Г.Урангуагийн өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 3 дугаар баг, 5 дугаар хэсэгт байрлах ГД-000216590, Ү-13170063568 дугаартай 209 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 5 дугаар баг, 1 дүгээр хэсэгт байрлах ГД-000226788, Ү-13174000263 дугаартай 1850 м.кв талбайтай 000226788 гэрчилгээний дугаартай, Г-1317000263 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар зэргийг тус тус барьцаалснаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд энэхүү гэрээгээр зээлдэгч  нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг  хүүгийн хамт  буцаан төлөх үүргийг хүлээсэн байна.

 

Зээлийн гэрээний хугацаанд  зээлдэгч Г.Урангуа нь банкинд хүсэлт гаргаснаар  2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан  гэрээний хугацааг 14 сараар сунгасан боловч  зээлийн төлөлтөө гэрээнд заасан хугацаанд төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь зохигчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн  баримтуудаар тогтоогдож байх ба зээлдэгч нар нь гэрээнд заасан төлбөрөө хугацаанд нь төлөөгүй шалтгаанаа эрүүл мэндийн шалтгааны улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдсон, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцласан нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан  бөгөөд уг хуваарьт заасан хэмжээ, хугацааны дагуу төлбөр төлөгдөөгүй, өөрөөр хэлбэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гэрээний 5.1.1-т зааснаар гэрээг цуцлаж, зээлийн төлбөрийг зээлдэгч нараар төлүүлэхээр шаардлага гаргахаар харилцан тохиролцсон, мөн зээлдэгч нарын хүсэлтээр гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацааг зээлдүүлэгч олгосон  байх тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т  зааснаар нэхэмжлэгч “ХАС” банк нь зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцласан нь  хууль зөрчөөгүй байна.

 

Хэргийн хариуцагч нь давж заалдах гомдлынхоо үндэслэлээ нэхэмжлэгч нь  зээлийн төлөлтөд 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн байхад банк үндсэн зээлийн төлөлтөөс хасаагүй, шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй,  60.000.000 төгрөгийн зээлээс 30.000.000 төгрөгийг төлсөөр байхад зээлийн гэрээний үүргийг  барьцаалсан бүх хөрөнгийг хуулийн дагуу албадан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй  гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.2-т зээлдэгч зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү,  үндсэн төлбөр гэсэн дараалалаар төлөхөөр тохиролцооны дагуу “ХАС” банк хариуцагчаас 2018 оны 03 сарын 28-ны өдөр төлсөн 4.000.000 төгрөгөөс зээлийн хүүд 1.463.866 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 86.808 төгрөг, үндсэн зээлд 2.449.325 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.

 Мөн зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч “ХАС” банк нь  үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргах эрхийнхээ дагуу гаргасан хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.

 Харин хариуцагч нь өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах саналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж гаргаж болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж үзэн, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймаг  дахь  Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 275 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 311.995 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

     

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                    Д.БУЯНЖАРГАЛ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН