Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/00215

 

2022           03            01                                          001/ХТ2022/00215

 

 

 

А.Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/00030 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2063 дугаар магадлалтай,

 

А.Цийн нэхэмжлэлтэй

Д.Год холбогдох

 

10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/00030 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д.Гоос 10 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Цид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 174950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас ногдох хураамжид 174950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2063 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/00030 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг хяналтын гомдолдоо: Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч Д.Год холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ аман хэлбэрээр байгуулсан зээлийн гэрээ болон хавтаст хэргийн 4-р талд байх 2016.03.24-ний өдрийн бэлэн мөнгө хүлээлцэх актыг үндэслэн тайлбарласан байдаг. Гэтэл хариуцагч Д.Г нь А.Ц гэх хүнийг танихгүй, А.Цтай ямар нэгэн гэрээ хэлцэл огт байгуулаагүй, түүнээс зээл авсан зүйл огт байхгүй билээ. Хавтаст хэрэгт авагдсан 2016.03.24-ний өдрийн бэлэн мөнгө хүлээлцсэн акт нь Л.Зт болон Д.Г нарын хоорондын төлбөр тооцооны асуудлаас үүдэлтэй байгуулагдсан баримт бичиг юм. Өөрөөр хэлбэл Д.Г нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах санаатай байсныг Л.Зт /10 жилийн найз/ мэдэж түүнд “...аав ээжийн минь гал голомт байсан учраас би худалдаж авъя, би “А Ө” ХХК буюу барилгын үйл ажиллагаа эрхэлдэг компанид ажилладаг тул бартераар орж ирдэг байраа худалдая, эцэг эхийнхээ гал голомтыг би 40,000,000 төгрөгөөр худалдаж авъя, та энэ мөнгийг урьдчилгаа болгож манай компаниас байр авч болно” хэмээн санал болгосон учир Д.Г саналыг хүлээн зөвшөөрч аман хэлбэрээр гэрээ байгуулсан байдаг. Гэвч тохиролцсоноос хойш Д.Год мөнгө өгөхгүй байж байгаад 2016.03.24-ний өдөр Л.Зт нь 10,000,000 төгрөг өгсөн байдаг. Ингэж өгөхдөө “...компанийн данс тооцоонд орох учраас надтай биш “А Ө” ХХК-н нягтлан бодогч /А.Ц/-тай бэлэн мөнгөний баримт үйлдэх ёстой” хэмээн тайлбарласан. Д.Гын хувьд А.Цийг бэлэн мөнгөний баримт үйлдэх үедээ л анх удаа харсан, өөр ямар нэгэн холбоо хамаарал байхгүй, танихгүй гэдгээ тайлбарлаж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн 2016.03.24-ний өдрийн бэлэн мөнгөний баримтад зээл бус “Байрны мөнгө” гэх утга байгаа нь үүнийг нотолж байгаа юм. Огт танихгүй хүндээ 10,000,000 төгрөгийг, хүүгүйгээр зээлэх боломжгүй, бодит байдалд хэн ч танихгүй хүнд, хүүгүйгээр, өөрт ашиггүй байдлаар зээл өгөх үйлдэл хийхгүй бөгөөд энэ талаар шүүх хурлын үед хариуцагчийн өмгөөлөгч тайлбарласан байдаг. Гэтэл анхан шатны шүүх болон нийслэлийн давж заалдах шатны шүүхээс тус баримтыг зээл хэмээн үзсэн нь өөрөө үндэслэлгүй, нотлох баримтад тулгуурлаагүй, хэргийг тал бүрээс үнэлж дүгнэлгүй үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Мөн хариуцагчийн зүгээс А.Цийг танихгүй, холбоо хамаарал байхгүй, ямар ч мөнгө аваагүй, зээлийн гэрээ байгуулаагүй, мөн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага ба түүний үндэслэлээ нотлох үүрэгтэй байхад тус баримтаас өөрөөр ямар хамааралтай, яах гэж зээл өгсөн, үнэхээр 10,000,000 төгрөгийг өгсөн эсэх, ямар зорилгоор зээлсэн талаар огт нотлоогүй гэж маргаж байхад яг ямар шалтгааны улмаас “зээлийн гэрээ” хэмээн үзэж байгаагаа шүүхээс үндэслэлтэй тайлбарлаагүй төдийгүй зөвхөн 10,000,000 төгрөг өгсөн авсан гэсэн баримтыг үндэслэн хариуцагчийг бүхэлд нь төлөхөөр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх болон Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс хэргийг тал бүрээс нь, бодит байдалд нийцүүлэн, хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон нотлох баримтад үндэслэн шийдвэрлээгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-дах хэсэгт заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

5. Нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч Д.Год холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргахдаа 2016.03.24-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг хангуулах үндэслэлийг заажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...багын найз Л.Зт нь надаас үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар тохиролцон, урьдчилгаа 10,000,000 төгрөгийг өөрийн компанийн нягтлан бодогч А.Цаар дамжуулан өгсөн, мөнгө хүлээлгэн өгсөн баримтад “байрны мөнгө” гэж тодорхой заасан, ...нэхэмжлэгчтэй аливаа хэлбэрээр эрх зүйн харилцаанд ороогүй, түүнээс мөнгө зээлдээгүй” гэж маргажээ.

6. Хоёр шатны шүүх нэхэмжлэгч А.Цийн хүлээлгэн өгсөн 10,000,000 төгрөгийг хариуцагч Д.Г хүлээн авсан нь тогтоогдсон, хариуцагч нь уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс авсан хууль зүйн үндэслэлээ нотолж чадаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ маргааны бодит үндэслэлийг анхаараагүй нь учир дутагдалтай болсон, хэрэгт байгаа баримтын хэмжээнд хууль хэрэглээний асуудлаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байдал тогтоогдов.

 

7. Нэхэмжлэгч нь хариуцагчийн татгалзал, түүний үндэслэлийн талаар тодорхой тайлбар гаргаагүй, мөнгө хүлээлгэн өгсөн баримт дах “байрны мөнгө” гэх зориулалт, Л.Зт, Д.Г нарын хооронд байгуулагдсан 2015.10.13-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хэрхэн үгүйсгэж байгаа талаар мэтгэлцээгүй, хариуцагчийн тайлбарт дурдснаар А.Ц нь Л.Зтыг таньдаг эсэх, түүнийг төлөөлж мөнгө шилжүүлсэн эсэх, Л.Зт нь байрны мөнгийг А.Цаар дамжуулан өгүүлсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байгаа эсэх, эсвэл худалдах-худалдан авах гэрээ дуусгавар болж, Л.Зт нь хариуцагчийн хашаа байшинд 1 жил амьдарсан тул 10,000,000 төгрөгийг суутгаж тооцохоор болсон эсэх үйл баримтыг хариуцагчаас тодруулах, нэхэмжлэгч үүнд ямар тайлбар, нотлох баримт гаргах, улмаар мэтгэлцээний үр дүнд маргааны нөхцөл байдал тогтоогдож хууль хэрэглэх боломж бүрдэнэ. Талууд маргааны зүйлийн талаар хангалтгүй мэтгэлцэж байгаа нөхцөлд шүүх тодруулах, сануулах зэргээр талуудыг мэтгэлцэхэд чиглүүлэх нь хууль зөрчихгүй.

 

8. Талуудын хооронд зөвхөн мөнгө шилжүүлсэн үйл баримт шаардах эрхийг үүсгэхгүй бөгөөд үүрэг үүссэн эсэх, эсвэл талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус эсэх эрх зүйн асуудлыг зайлшгүй дүгнэж, хуулийг хэрэглэх учиртай. Шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан байна.

 

9. Иймд маргааны бодит үндэслэл тогтоогдоогүй, хэргийн нөхцөл байдал, маргааны зүйлийн талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн эрх зүйн дүгнэлт хийх үүргээ анхан болон давж заалдах шатны шүүх хангалттай биелүүлсэн гэж үзэх боломжгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/00030 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2063 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.10.27-ны өдөр төлсөн 174,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

 

                               ШҮҮГЧИД                                                          П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                          Б.МӨНХТУЯА

 

                                                                                                          Д.ЦОЛМОН

 

                                                                                              Х.ЭРДЭНЭСУВД