Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 667

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч О.Одончимэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1971 онд Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Ч овогт Ж.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1969 онд Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Б овогт Ш.Б-д холбогдох,

Гэм хорын хохиролд 8.241.669 төгрөг гаргуулах тухай 132/2020/00104/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Н , хариуцагч Ш.Б , түүний өмгөөлөгч О.Оюунчимэг /2724/, иргэдийн төлөөлөгч Г.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Н  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Б  нь 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр над руу утсаар яриад мөнгөө өсгөх үү гэсэн. Би цаад хүнтэй нь харьцаагүй ба намайг мөнгөө хурдан өг гэсэн тул Төрийн банкнаас цалингийн зээл авч Ш.Б ын дансанд мөнгөө шилжүүлсэн. 7 хоногийн дотор мөнгийг гаргаж өгнө гэж анх хэлж авсан. Сүүлдээ утсааа авахаа больсон. Дараа нь дахин над руу яриад дахиад мөнгө шилжүүлэхгүй бол мөнгөө олж авч чадахгүй гэсэн тул дахин энэ хүний данс руу нь мөнгө шилжүүлсэн. Анх 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 3.700.000 төгрөгийн зээл авч 2.280.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Ш.Б ын дансанд хийсэн. 2.280.000 төгрөгийн зээлийн хүү 422622 төгрөг зээлтэй хамт төлөгдөж дууссан. 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр дахин 7.500.000 төгрөгийн зээл нэмж авч 3.868.000 төгрөгийг Ш.Б ын төрийн банкны дансанд шилжүүлж өгсөн. Холбогдох зээл, зээлийн хүүтэй холбоотой 1.600.000 гаран төгрөгийг Төрийн банкинд төлж барагдуулсан. Анх 2016 оны 11 дүгээр сард мөнгийг чинь өсгөж 20.000.000 төгрөг болгож өгнө гэж хэлж байсан. Би Ш.Б д итгээд мөнгөө өгсөн. Дараагийн зээлийг мөнгөө шилжүүлэхээс өөр аргагүй байдалд хүргээд өмнөх мөнгийг чинь өгч чадах ганц арга нь дахиж мөнгө өгөх гэж хэлсэн тул шилжүүлсэн. Би “Ж” сүлжээнд элсэж ороогүй. Хариуцагчийн хариу тайлбарт намайг анх ярьсан гэсэн ч би яриагүй. 2 дугаарт хариуцагчид мөнгийг явуулахдаа Ш.Б  гэсэн нэр, регистрийн дугаарыг  бичиж байсан. 2017 оны 12 дугаар сарын 2-ны өдөр мөнгө шилжүүлсэн нь хөтөлбөрт элсүүлсэн огноотой зөрж байна. Би энэ хүнд мөнгө өгсөн гэдэг нь Төрийн банкны зээл авсан баримт болон банкны хуулгаар нотлогдож байна. Нийт шилжүүлсэн мөнгөө 24 сарын хугацаагаар жилийн 21.6 хувийн хүүгээр тооцож 8.241.669 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Ш.Б  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 10 дугаар сард “Ж” сүлжээнд 2.280.000 төгрөгөөр нэг хүнтэй хамтран элсэн орж 7 хоногийн дараа эхний цалин 500 долларыг авч байсан. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Монголд албан ёсоор нээгдэхэд нилээдгүй хүн орж байсан. Манай Дашинчилэн сумаас зөндөө хүн орсон. Тухайн үед Ж.Н  рүү 2 удаа утасдаж байсан ч тэр үед ороогүй. Дараа нь Ж.Н  над руу яриад манай сумынхан элсээд зөндөө мөнгө авч байна. Чамайг таньдаг болохоор танай багт оръё гэж ярьсан. Эхний 2.280.000 төгрөгөнд 2 цүнхтэй бэлэг ирснээс нэгийг нь Ж.Н т өгч байсан. Ж.Н  цүнхтэй бэлгийг авсан. Сүүлдээ мөнгө авах нь  удааширч эхэлсэн. Нэг хүн 4 суудалд элсэж ороод суудал бүрээс 5.000.000 төгрөг авдаг юм байна гэсэн тайлбарыг хэлж байсан. Тэгээд Ж.Н  4 суудлаар ороод өөрөө хотод очиж манай нутгийн охин А аас би ямар нэрээр, ямар суудлаар орсон байна гэдгээ харсан байсан. Эхний 40 гаруй хүний мөнгө орсон байгаа. Эхний хуудсанд Н ийн нэр байхгүй байсан тул эхний хуудасны он сарыг дараагийн хуудаснаас Н ийн нэрийг хуулбарлаж авсан байсан тул он сар зөрөх нь тодорхой. Миний хувьд компанийн дансаар орж нэрээ авсан. Сумдуудаар цагдаа нар явж байгаа тул өргөдлөө логин нэр, зурагтай хавсаргаад өгөөрэй гэж Ж.Н т хэлсэн. Компанид мөнгө нь орсон тул тэр мөнгийг төлөх боломжгүй. Би ч гэсэн өөрийн мөнгөө оруулж байсан. Ж.Н ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Н  нь хариуцагч Ш.Б д холбогдуулан гэм хорын хохиролд 8.241.669 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Нэхэмжлэгч Ж.Н  нь мөнгөө өсгөх зорилгоор 2016 оны 11 дүгээр сард цалингийн зээл авч 2.280.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сард өмнө өгсөн мөнгөө авахын тулд “Ж” компанийн “основ” хөтөлбөрт хамрагдахаар дахин зээл авч 3.868.000 төгрөг, нийт 6.148.000 төгрөгийг Ш.Б ын ХААН банкан дахь *********** тоот дансанд  шилжүүлсэн, банкнаас зээл авч хүү төлсөн тул 6.148.000 төгрөгөнд банкны жилийн хүүгээр хүү тооцож 2.093.669 төгрөг, нийт 8.241.669 төгрөгийн хохирол учирсан. Дээрх мөнгийг Ш.Баянжргалын дансанд шилжүүлсэн тул Ш.Б аас гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ. 

Хариуцагч Ш.Б  нь Ж.Н ийг энэ сүлжээний компанид хүчээр оруулаагүй, өөрөө над руу яриад манай багт ормоор байна гэж хэлсэн. Миний дансанд 6.148.000 төгрөг орсон нь үнэн боловч би “Ж” компаний Монгол улс дахь салбарын дансанд өдөрт нь тушааж, Ж.Н ийн нэрээр логин нэр үүсгэсэн. Түүний шилжүүлсэн мөнгөнөөс би нэг ч төгрөг хувьдаа аваагүй, компанийн данс руу шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд гэм хорын хохирлыг шаардах эрх үүсдэг.

Нэхэмжлэгч Ж.Н  нь “Ж” компаний хуримтлалын хөтөлбөрт 2.280.000 төгрөг, “основ” хөтөлбөрт 3.868.000 төгрөг, нийт 6.148.000 төгрөг төлж элсэн орохоор төлбөрийг Ш.Б ын Хаан банкан дахь *********** тоот дансанд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. /хэргийн 8, 23 дугаар тал/

Харин хариуцагч нь нэхэмжлэгчийн мөнгийг хууль бусаар авсан гэм буруутай нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул талуудын хооронд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй байна.

Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийг Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-8.1.8-д заасан.

 Хэрэгт авагдсан баримт, зохигчийн гаргасан тайлбараас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д /хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл/ зааснаар үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй, харин 8.1.6-д зааснаар үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших үндэслэлээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон байхыг тус тус шаарддаг.

Хариуцагч Ш.Б ыг нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхийн тулд дээрх урьдчилсан нөхцлүүдийг шалган үзэх нь зүйтэй юм.

1 дүгээрт: хариуцагч Ш.Б  нь нэхэмжлэгчээс шилжүүлсэн 6.148.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн  ХААН банкан дахь ***********  дугаарын дансанд шилжүүлэн авч уг мөнгийг “Ж” компанийн данс руу шилжүүлсэн,  нэхэмжлэгч тухайн компанийн гишүүн болж логин нэр авсан гэж тайлбарлаж байх боловч үүнийгээ нотлоогүй, Төрийн болон ХААН банкны дипозит дансны хуулгыг шүүхэд ирүүлсэн боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна. 

Иймд талуудын хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй, хуулийн дагуу үүсэг үүргийн эрх зүйн харилцаа бий болсон гэж үзэхээр байна.  

2 дугаарт: талуудын хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй тул үүрэг нь хожим дуусгавар болсон, эсхүл хүчин төгөлдөр бус болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч Ш.Б , түүний өмгөөлөгч О.Оюунчимэг  нар нь нэхэмжлэгч Ж.Н ийг “Ж” сүлжээний хохирогчоор тогтоогдсон гэж нэрсийн жагсаалтыг цахим сангаас авч Ж.Н  нь эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдон шалгагдаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж тайлбарласан. “Ж” сүлжээний хохирогчоор тогтоогдсон нэрсийн жагсаалтын 5626 дугаарт “Ж.Н ” гэж бүртгэсэн байгаа хэдий ч энэ нь нэхэмжлэгч Ж.Н  мөн эсэх нь тодорхогүй, түүнчлэн хуульд заасан журмын дагуу хохирогчоор тогтоосон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Ж.Н  нь эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон гэж үзэх боломжгүй юм.  

Нэхэмжлэгч Ж.Н  нь 6.148.000 төгрөгийг Ш.Б ын дансанд шилжүүлсэн, Ш.Б  нь мөнгийг хүлээн авч бусдад шилжүүлсэн үйл явдлын талаар талууд маргаагүй, нэхэмжлэгч Ж.Н   “Ж” ХХК-иас 6.148.000  төгрөг нэхэмжлэх эрх үүсээгүй байх тул хариуцагч Ш.Б аас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг шилжүүлсэн мөнгөн дүнгийн хэмжээнд буюу 6.148.000 төгрөгийн хэмжээгээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. Харин нэхэмжлэгч мөнгөө өсгөх зорилгоор цалингийн зээл авч Ш.Б д 6.148.000 төгрөг өгсөн, түүний хүү 2.093.669  төгрөгийг банкинд төлсөн гэж нэхэмжилсэн боловч Ш.Б  нь хүү  2.093.669 төгрөгийг хариуцан төлөх үүрэггүй байна.  

Иймд хариуцагч Ш.Б аас үндэслэлгүй хөрөнгөжсөн 6.148.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.093.669 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 146817 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б аас улсын тэмдэгтийн хураамжид төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н т олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Б аас 6.148.000 /зургаан сая нэг зуун дөчин найман мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Н т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.093.669 /хоёр сая ерэн гурван мянга зургаан зуун жаран ес/ төгрөгийг гаргуулах хэсгийн хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, -д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 146817 /нэг зуун дөчин зургаан мянга найман зуун арван долоо/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б аас улсын тэмдэгтийн хураамжинд 113318 /нэг зуун арван гурван мянга гурван зуун арван найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н т буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.МЯГМАРСҮРЭН

               ШҮҮГЧИД                             О.ОДОНЧИМЭГ

                                                                 Л.ХИШИГДЭЛГЭР