Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 690

 

186/2019/0285/Э

 

 

 

  2020             05            28                                        2020/ДШМ/690    

 

Г.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Батбямба,

шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Д.Дорж,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Д.Дорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Э-т холбогдох эрүүгийн 21811021780697 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Харгана овгийн Гарамжавын Э-, 1956 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 36 дугаар гудамжны 569б тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ХД56120815/;

 

Г.Э- нь 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын задгайд өөрийн амьдардаг вагончикт П.Булганыг хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Харгана овогтой Гарамжавын Э-ыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар шүүгдэгч Г.Э-ыг 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ховорчимэг нь Иргэний хуулийн 497.1, 508.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 17 хэсэг толины хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Г.Э-ын цагдан хоригдсон нийт 592 /таван зуун ерэн хоёр/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, Г.Э-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Э- давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр амь хохирогч шараа тайлахаар хадгалсан архийг 2-ны өглөө Жаргалсайхан хэлэлгүй авч уусан байсан учраас амь хохирогч Жаргалсайхан луу уурлаж үглэхэд “олон юм хуцлаа” гээд миний хажууд амь хохирогчийг гурван удаа толгойн тус газар нь цохиж байсан. Үүнд аргаа барсан амь хохирогч надаас “шар тайлах архи авч өгөөч” гэж гуйсан. Намайг дэлгүүр лүү архинд явах үед тэр хоёрын дундах маргаан хэвээрээ үлдсэн. Намайг архи аваад ирэх үед амь хохирогч орондоо ганцаараа хэвтэж байсан. Мөн гэрч нар бүгд сул дуутай байсныг гэрчилдэг. 8 дугаар сарын 2-ны шөнө унтаж байхад Жаргалсайхан, амь хохирогч хоёр маргасан бөгөөд энэ талаар би мэдээгүй. Жаргалсайхан түүний толгой руу нь 2-3 удаа цохисон. Энэ үед үүдэнд унтаж байсан Энхцэцэг “Жагаа ахаа миний дэргэд унт” гэж хэлж байсан. Мөн өглөө амь хохирогчийг нас барсныг мэдээд эмнэлэг, цагдаа дуудан үймэлдэх хооронд Жаргалсайхан оргон зайлсан. Гэрч Чинбатыг “олон юм яривал нүүрний чинь арьсыг хуулна шүү” гэж дарамталсан зэргээс харахад гэрч Энхцэцэгийг оргон зайлж байх хугацаандаа дарамталсан байж болох талтай. Үүнээс үзэхэд Жаргалсайхан гэрч биш гэмтэн болох нь харагдсаар байтал түүний худал мэдүүлгийн дагуу зөвхөн намайг буруутан болгож, яллах талыг хэт барьсан гэж бодож байна. Жаргалсайхан урьд нь шоронд орж байсан, бусдыг худал мэдүүлгээр гүжирдсэн. Иймд хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж, үнэн худлыг ялгаж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Д.Дорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.4 дэх заалтад “Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болно. Нотлох баримтаар нотлогдоогүй нөхцөл байдлууд анхан шатны шүүхийн дүгнэлтэд гарч ирсэн. Шүүх хуралдаанд улсын яллагчийн дурдсан 15 зүйлээс аль нь ч шүүгдэгч Г.Э-ын энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгийг нотолж чадаагүй. Дан ганц Жаргалсайханы мэдүүлгийг шүүхээс үнэлж нотлох баримт болгосон нь эргэлзээтэй байдлыг үүсгэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэж зааснаар гэрч Жаргалсайханы мэдүүлэг нь гэрч Энхцэцэг, Батсүх нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байгаа. Жаргалсайханы 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “П.Булган нас барахын өмнөх 2018 оны 8 дугаар сарын 2 өдөр...би ганцаараа усаа аваад шавраа шигшээд байж байхад Э- ахын бэр дүү Энхцэцэг хоёр хүүхэдтэйгээ ирээд бид хоёр сүүдэрт суугаад юм ярьсан” /хх 127/ гэх мэдүүлэг нь бусад гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж заасан ба анхан шатны шүүхийн шийдвэрт үгүйсгэсэн үндэслэлийг тусгаагүй. Иймээс шүүгдэгч Г.Э-ыг энэ гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримт шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаагүй. Мөрдөн байцаалтын шатанд Г.Жаргалсайханы өгсөн /1хх 127-128 /, /1хх 189-190/, /хх 176-182/, /2хх 7-9/ эдгээр дөрвөн мэдүүлгээр худал хэлж байгаа нь тогтоогдоно. Мөн гэрч Т.Батсүх /2хх 242/, Ц.Энхцэцэг /2хх 245/, Ц.Ичинбат /2хх 249/, Батзориг /3хх 9/,  Г.Рина /3хх 3/ нарын мэдүүлгийг шинжлэн судлахад бүгд зөрүүтэй. Гэтэл дээрх эргэлзээ бүхий баримтын зөрүүг гаргаагүй. Миний амьдралын туршлагаас харахад хүн зоддог хүн гэж тусдаа байдаг юм шиг санагддаг. Харин шүүгдэгч Г.Э-ыг хүн зодохоор хүн биш гэдгийг гэрч нар мэдүүлсэн. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан заалтыг удирдлага болгон нэгэнт нотлогдохгүй байгаа хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ц.Батбямба тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.Жаргалсайханыг хуванцар шанагаар амь хохирогчийн толгойн тус газар цохисон гэж мэдүүлдэг боловч үүнээс гэмтэл үүсээгүй. Г.Жаргалсайханы өгсөн мэдүүлэг нь маш тодорхой “баруун талаараа амь хохирогч хэвтэж байсан, толгойн баруун талаас цус гарсан байсан.” Мөн амь хохирогчийн толгойн чамархай хэсэг хагарсан байсан нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан. Шинжээч эмч “биеийн аль нэг хэсгээр юм мөргөж унах үед үүсэх боломжтой” гэж мэдүүлсэн. Г.Жаргалсайхан, амь хохирогч хоёр шөнө маргалдаж, Ц.Энхцэцэг Жаргалсайханыг өөрийнхөө орон дээр ирээд унт гэж хэлсэн талаар гэрч Ц.Энхцэцэг мэдүүлээгүй. Цаг хугацааны зөрүүтэй зүйл байгаа. Гэхдээ ганцхан гэрч нарын мэдүүлгийг үнэлж хэрэг болсон гэх цаг хугацааны асуудлыг тогтоогоогүй. Гэрч нар цаг бүртгэдэг ажил хийдэггүй учраас цагийг ойролцоогоор хэлсэн. Харин ч бусад нотлох баримтаар тухайн өдрийн болсон үйл явдал болон цаг хугацааны зөрүүг гаргасан. Ганцхан Г.Жаргалсайханы мэдүүлгийг онцлох шаардлагагүй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хэргийн нөхцөл байдал, шалтгаант холбоог тогтоосон. 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр болсон үйл явдлын талаар гэрч Ц.Энхцэцэг, Ц.Ичинбат нар маш тодорхой мэдүүлсэн. Гэрч Ц.Энхцэцэг нь “толь байсан эсэхийг хараагүй” гэсэн болохоос байгаагүй гэж мэдүүлээгүй. Өмгөөлөгч зөвхөн өөрт ашигтай хувилбараар ярьж байна. Хүний ярьсныг шууд хэлж ярих биш дүгнэлт хийх ёстой. Хэргийн газрын нөхөн үзлэгт би өөрөө явсан. Хэрэг учралын газарт очиход цоожтой байсан учраас бид онгойлгож орсон. Шүүгдэгч Г.Э- өөрөө манайд толь байдаг гэж хэлсэн. Өмгөөлөгч солигдсон цаг үеэс гэрч нар мэдүүлэг өгөхдөө “толь байхгүй, хараагүй” гэж ярьж эхэлсэн. Гэрч Ц.Ичинбатын эхнэрийг Г.Жаргалсайхан очиж дарамталсан талаар хэн нэгэн мэдүүлээгүй. Өмгөөлөгч миний амьдралын туршлагаас харахад хүн зоддог хүн гэж тусдаа байдаг юм шиг санагддаг гэж байна. Харин миний амьдралын туршлагаас харахад хүн зодсон хүн дахин хүн зодоод эрүүгийн хариуцлага хүлээж байсан тохиолдол байдаггүй. Г.Э-ын хэлж ярьж байгаа зүйл нь гэрч Ц.Энхцэцэг болон шинжээч эмчийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Г.Э- нь 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын задгайд өөрийн амьдардаг вагончикт П.Булганыг хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүнийг зодож эрүүл мэндэд нь “баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн аалзан хальсан доор цус хурвалт, баруун чамархайн булчин, баруун дух, чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун 3, 4, 5 дугаар хавирганд хугарал, хүзүү, баруун хацар, духанд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий” гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

гэрч Г.Жаргалсайханы “...орой 17 цаг өнгөрч байхад Э- ах, Булган хоёр согтуу ирэхдээ хоол хүнсний материал, нэг шил архитай ирсэн. ...Надад 45.000 төгрөг өгөөд хоол хүнсний материал болох гургалдай, мах ууттай нь өгөөд Энхцэцэгийн хөргөгчид хийчих гэхээр нь 18 цагийн орчим тэднийх рүү явсан. Энхцэцэгийн хөргөгчинд махаа хийчихээд Энхцэцэгт “Булган, Э- ах хоёр согтуу, нэг шил архитай ирлээ, чи очих уу” гэхэд “манай нөхөр ирж байгаа, хоол ундаа хийчихээд очно, та явж бай” гэсэн. Би ганцаараа буцаад Э- ахын гэрт орох гэхэд амбаар дотор Э- ах, Булган хоёр хэрэлдэж байхаар нь оролгүй гадаа сандал дээр суугаад сонссон. Тэгэхэд Э- ах Булганыг “чи өрлөг хийж чаддаггүй юм байна, булангийн амлагаа хийдэггүй, тоосго далий муруй өрдөг мөртлөө надаас дандаа архи нэхэж уух юм, яв” гэж хөөхөд Булган “чи муу хөгшин янхан, намайг эдэлж эдэлчхээд үнсэнд хаясан шалз шиг хаяад байхдаа яадаг юм. Хөгшин янхан дүүдээ мөнгө өгчихөөд надад мөнгө өгсөнгүй” гэж орилж байсан. Тэгэхэд Э- ах “чи залуу Жаргалсайханыг сонирхоод надад тохмоо тавьж өгөхгүй /секс хийхгүй/ байж мөнгө цаас авна гэж байхгүй. Баадаагаасаа мөнгө аваарай” гэж хэлээд амбаар дотор байх хоолны шүүгээ рүү хүн унаж байгаа мэт чимээ гарсан. Тэр үед хоолны шүүгээн дээр байсан толь, аяга хагарч, сав суулга унаж байгаа чимээ гарсан. Намайг яваад ороход Булган газар уначихсан “энэ муу хөгшин янхан намайг алах гэж байна. Архиа харамлаж, чамтай хүртэл хардаад байна” гэж орилж байсан. ...Булган тогооны шүүгээний хажуугаас босоод “энэ толгой хагалчихлаа” гээд орон дээр суухад Э- ах цүнхнээсээ дэвсгэр даавуу гаргаж ураад толгойноос нь гарч байсан цусыг арчиж байсан. ...Тогооны шүүгээн дээрээс унасан аяга, таваг, сав суулгыг дээш нь авч тавиад, хагарсан толийг шүүгээн дээрээс авч гаргаад амбаарын хойно тавьчихаад ороход Булган толгойныхоо цусыг арччихаад цагаан өнгийн малгай өмссөн сууж байсан. ...Амбаарын үүдний орон дээр Энхцэцэг хүүхэдтэйгээ, хойд орон дээр Э- ах Булган хоёр нэг хөнжилд орж унтсан. Би тэр орон дээр нь хөнжил нөмрөөд унтсан. Өглөө Э- ах намайг татаж сэрээгээд Булган хөдлөхгүй, дуугарахгүй байна гэж хэлсэн. Булганыг сэрээх гээд хөнжлийг нь сөхөөд харахад шалдан, ямар ч хувцасгүй хэвтэж байсан ба судсыг нь бариад үзэхэд цохилоод байгаа юм шиг, үгүй ч юм шиг нүд нь хагас аниастай байхаар нь Энхцэцэгийг дуудаж сэрээгээд харуулахад Энхцэцэг “ямар аймар юм бэ, энэ чинь үхчихсэн байна ш дээ” гээд дэрэн доороосоо утсаа аваад түргэн дуудсан. ...Э- ах “манайд зөндөө олуулаа архи уусан байна гэх байх, чи ингээд явчих. Цагдаад баригдвал Булганыг согтуу, хүнд зодуулчихсан, толгой нь хагарчихсан, архи бариад шөнө ирсэн гэж хэлээрэй. Чи одоо яв” гэж хэлсэн. ...” /2хх 127-129/,

гэрч П.Хонгорзулын “...2018 оны 8 дугаар сарын 2-ны орой Г.Э- ахаас ус, зоонтог  гуйх гээд амбаар луу ороход талийгаачийн бөгс нь гарчихсан доогуураа нүцгэн, дээгүүрээ ногоон эрээн цамцтай, Э- ах дээгүүрээ шалдан амбаарынхаа хоймрын орон дээр хоёулаа хэвтэж байсан. Жаргалсайхан үүдний орон дээр сууж байсан. Намайг ороход талийгаачийн нүд нь сүүмийсэн байдалтай зөөлөн намуухан дуугаар “найзынх нь ам цангаад байна” гэж хэлсэн. Тэгээд би орны толгойн дээрх тагштай сиропыг уулгаад Э-, Жаргалсайхан хоёрт “та нар наад архи болиоч, наад хүн чинь эвгүй байдалтай болчихсон байна, түргэн дуудаач” гэж хэлээд ус, шүхрээ аваад явсан. ...Талийгаач Э- ахын гэрээс огт гарч байгаагүй. Тэр өвгөн өдөр, шөнөгүй архи авчирч өгдөг байсан. ...” /1хх 42/,

гэрч Ц.Ичинбатын “...дэлгүүрээс 6500 төгрөгөөр “Нутаг” нэртэй 750 грамм архи авч, хариулт мөнгөнд нь нэг хайрцаг “Улаан шонхор” гэдэг тамхи аваад Эркагийн гэрт очсон. Эркагийн амбаар луу ороход тэднийд Жаргалсайхан, Э-, Энхцэцэг хүүхэдтэйгээ, хоймрын орон дээр нь нэг эмэгтэй байсан. Бид нар авчирсан архийг бүгдээрээ уусан. Би 100 грамм хэртэйг уугаад “за одоо би явлаа” гэж хэлээд 21 цагийн үед Эркагийн гэрээс гараад гэр лүүгээ харьсан. ...Булган намайг Э-ын гэрт ороод гарахад орон дээрээсээ босоогүй. Нэлээн шартсан янзтай хэвтэж байсан. Дуу нь их сул надад нэг хийчих гэж хэлж байхыг сонссон. Э-ын амбаар тоггүй харанхуй байсан болохоор царайг нь сайн хараагүй. ...” /1хх 44, 65-66/,

гэрч Ц.Энхцэцэгийн “...2018 оны 8 дугаар сарын 2-ны орой би гэртээ жаахан архи уучихаад 20-21 цаг болж байхад өөрийн 6 настай хүү Буянтогтохыг дагуулаад Эрка ахын амбаарт очсон. Намайг очиход талийгаач Булган, Эрка ах, Жагаа нар байсан. Дээд талд байдаг орон дээр Булган, Эрка ахтай хөнжилд орчихсон унтаж байсан. Жагаа ах наад орон дээр суучихсан “Батаа орж ирээд нэг шил юм уугаад дахиад нэг шил архинд явчихсан. Энэ хоёр тасраад унтчихлаа” гээд байж байсан. ...Батаа ах гаднаас нэг шил барьж орж ирээд тэр архийг задлаад талд нь ортол уусан. Би Жагаа ахын орон дээр хүүхэдтэйгээ хэвтээд унтсан. ...Өглөө 7 цаг 30 минутын үед сэрсэн. Тэгтэл Жагаа ах босож гутлаа өмсөөд, дараа нь Эрка ах боссон. Жагаа ах доогуураа өмдтэй, дээгүүрээ цэнхэр куртиктэй босож ирсэн. Харин Эрка ах дотуур өмднөөс өөр хувцасгүй босож ирсэн. Босоод хөнжлөө сөхөхөөр нь харахад талийгаач дээгүүрээ нимгэн торон маягийн материалтай хөх өнгийн цамц өмссөн, доогуураа дотоожгүй нүцгэн байсан. Би талийгаачийг харахад нэг л сонин болчихсон байхаар нь Эрка ахад “наад хүн чинь нэг л сонин болчихсон байна, гараас нь татаад сэрээгээч” гэж хэлэхэд Эрка ах талийгаачийг “хөөе, хөөе” гээд гараас нь татахад талийгаач ямар ч ухаан мэдрэлгүй байсан. ...” /1хх 47-48/,

гэрч Т.Батсүхийн “...намайг орой 22 цагийн үед очиход Жаргалсайхан ах жаахан архи уусан байдалтай, Э- ах, талийгаачтай хамт унтаж байсан. Эхнэр жаахан халамцуу ээжээс айгаад явахгүй гээд байхаар нь Э-ын ахын гэрт үлдээгээд явсан. Маргааш нь буюу 2018 оны 8 дугаар сарын 3-ны өглөө ээжийгээ автобусны буудал хүргэж өгөөд 8 цагийн үед Э- ахын гэрт очиход Э- ах, Жаргалсайхан ах, манай эхнэр Энхцэцэг хүүгийн хамт гадаа байж байсан. Жаргалсайхан ах “хүн үхлээ, түргэн дуудсан” гэж байсан. Миний утсаар Э- ах, Энхцэцэг хоёрын нэг нь түргэн дуудсан, Э- ах “Энхцэцэгээ чамд хамаагүй, та хэд явцгаа” гэж хэлсэн. ...” /2хх 94-95/,

гэрч Ш.Гантөмөрийн “...би хараа муутай, тархиндаа тал цус харвасан. Э-ын гэрийн үүд, ойр орчмоор юу болж байгааг харж чадахгүй. ...Би Жаргалсайхан гэж хүн танихгүй. Би уул даваад хүн гүйсэн талаар тухайн өдөр хараагүй. Би Э- уул даваад Жаргалсайхан гэж хүн гүйгээд явлаа гэж огт хэлээгүй. Би гэрээсээ хүн уул даваад явж байгааг харах харааны чадвар байхгүй. ...” /1хх 50-51/,

гэрч Д.Зулбаярын “...7 хоногийн өмнө надтай тааралдсан. Тэр үед нэг жижигхэн биетэй эмэгтэй дагуулчихсан явж байсан. Хоёулаа согтуу, тэр эмэгтэй нь бүр тасарчихсан хашааны буланд хэвтэж байсан. ...” /1хх 37/,

шинжээч эмч Т.Номинцэцэгийн “...дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дух болон баруун чамархайд 2 хэсэг газарт цус хуралт гэмтэл  учирсан байсан. Уг гэмтэл нь цохих, цохиулах үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтлийг авсны дараа цусан хураа тархийг дарж шаантаглах хүртэл үйлдэл, хөдөлгөөн хийж амьд явах боломжтой. Энэ хугацаанд толгой өвдөг, огих, бөөлжих, дотор муухайрах тул биеийн саажилт үүсэх шинж тэмдэг илэрнэ. Талийгаачийн хувьд хүнд зэргийн согтолттой байсан ба илрэх шинж тэмдэг, өвчин зовиурыг мэдрэхгүй байх боломжтой. ...Амь хохирогчийн 3, 4, 5 дугаар хавирганд хугарал, хүзүү, баруун хацар, духанд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл нь шинэ буюу 1-3 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Баруун 3, 4, 5 дугаар хавирганы хугарал гэмтэл нь тархины гэмтэлтэй 1 цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. …Олон хоногоор архи уусан болохоор хүнд зэргийн согтолт гарсан гэж ойлгож болохгүй. Тухайн үед шинжилгээ хийхэд цусанд 4.1 промилл спиртийн агууламжтай байсан байна. Энэ нь хүнд зэргийн согтолтод хамаарна. ...” 1хх 109-110/, /2хх 218-219/ гэх мэдүүлгүүд,

 

“...талийгаач П.Булганы цогцост баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, баруун чамархайн булчин, баруун дух, чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун 3, 4, 5-р хавирганд хугарал, хүзүү, баруун хацар, духанд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Хатуу хальсан доорх цусан хураа нь нас барахаас 12-18 цагийн өмнө үүссэн байна. Талийгаач дээрх баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсны доорх цусан хурааны улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. ...Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. ...2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 16 цаг 05 минутад цогцосны гадна биеийн үзлэг хийхэд талийгаач нас бараад 10-12 цаг болсон гэж тэмдэглэсэн талаарх. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1725 дугаартай дүгнэлт /1хх 79-81/,

 

“...Г.Э-ын биед хамар, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх хамрын үзүүр хэсгийн зулгаралт нь шинэ буюу 1-2 хоногийн өмнө үүссэн байх ба бусад зулгаралт нь хуучин гэмтэл болохыг тогтоосон. …” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 9554 дугаартай дүгнэлт /1хх 93/,

“...Г.Э- нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон. …” Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 815 дугаартай дүгнэлт /1хх 103-104/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-10, 2-207-217/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Э-ыг амь хохирогч хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Г.Э-ын амь хохирогч П.Булганыг согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байхад нь зодсон буюу гэрч Г.Жаргалсайханы “...амбаар дотор байх хоолны шүүгээ рүү хүн унаж байгаа мэт чимээ гарсан. Тэр үед хоолны шүүгээн дээр байсан толь, аяга хагарч, сав суулга унаж байгаа чимээ гарсан. ... Тогооны шүүгээн дээрээс унасан аяга, таваг, сав суулгыг дээш нь авч тавиад, хагарсан толийг шүүгээн дээрээс авч гаргаад амбаарын хойно тавьчихаад ороход Булган толгойныхоо цусыг арччихаад цагаан өнгийн малгай өмссөн сууж байсан. ...” гэсэн мэдүүлэгт тусгагдсан байдлаар хүч хэрэглэн баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, баруун чамархайн булчин, баруун дух, чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун 3, 4, 5-р хавирганд хугарал, хүзүү, баруун хацар, духанд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулсны улмаас амь насаа алдсан, уг гэмтлийг 2 ба түүнээс дээш удаагийн үйлдлээр учруулсан нь шинжээчийн мэдүүлгээр тогтоогдсон байх тул түүнийг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.Э-ын амь хохирогч П.Булганыг биеэ хамгаалах чадваргүй байхад нь зодож эрүүл мэндэд нь баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, баруун чамархайн булчин, баруун дух, чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун 3, 4, 5-р хавирганд хугарал, хүзүү, баруун хацар, духанд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулан санаатай алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Г.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд 13 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

           

Шүүгдэгч Г.Э- болон түүний өмгөөлөгч Д.Дорж нар “...анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, дан ганц Г.Жаргалсайханы мэдүүлгийг үнэлсэн, ...шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, хэрэгт онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байх тул Г.Э-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судлахад: шүүгдэгч Г.Э- нь дээрх үйл баримтын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр гэрчээр “...орой 23 цагийн үед Булган манайд “Нутаг” гэсэн нэртэй архи барьчихсан согтуу орж ирсэн. ...Тэр архийг бид хоёр хувааж уугаад унтсан. Өглөө 07 цаг 30 минутын үед би сэрээд Булганыг сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан тул түргэн дуудсан. ... /1хх 35-36/, 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр гэрчээр “...2018 оны 8 дугаар сарын 2-ны орой 23 цагийн үед орж ирээд архи уугаад сууж байхдаа 7 буудалд нэг архичин авгайд архины шилээр толгой руугаа цохиулаад толгой хагарчихлаа гээд баруун чамархайгаа харуулж байсан. Баруун чамархайг нь харахад язраад хагарчихсан байсан. Өөр гэмтэл харагдаагүй. Манай гэрт ямар нэгэн зодоон болоогүй. ...Талийгаач Булган бид хоёр хааяа бэлгийн харьцаанд ордог байсан. Талийгаачийг нас бардаг шөнө буюу 2018 оны 8 дугаар сарын 2-ноос 03-нд шилжих шөнө бид хоёр бэлгийн харьцаанд ороогүй. Харин өглөө босоход талийгаач ганцхан хөхөвчтэй өөр хувцасгүй байсан. Би түргэн ирэхээс өмнө талийгаачид хувцсыг нь өмсүүлсэн. .../1хх 41/, 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр гэрчээр “...талийгаач 2018 оны 8 дугаар сарын 2-ны орой 23 цагийн үед орж ирэхдээ архи уучихсан, гартаа 1 литрийн хэмжээтэй “Нутаг” нэртэй шилний тал архи барьчихсан орж ирсэн. Тэр үед гэрт Жаргалсайхан бид хоёр байсан. Талийгаачийн авчирсан архинаас хүн бүр 2-3 удаа 50 граммын хундагаар уугаад унтахаар хэвтсэн. Шөнө 03-04 цагийн үед талийгаач Булган босож ирээд “үхлээ, шар тайлах юм байна уу” гээд нэхээд байсан. Би маргааш нь шар тайлахдаа уухаар үлдээсэн архиа унтаж байсан орныхоо доогуур хийсэн байснаа аваад үзэхэд шил нь хоосон байсан. Би “шил нь хоосон байна, би уугаагүй” гэж хэлэхэд талийгаач Жагаа ах уучихлаа” гэж хэлсэн. Тэр үед Жаргалсайхан орноосоо босож ирээд “чи муу юу гээд байгаа юм бэ” гээд талийгаачийг орон дээр хэвтэж байхад нь хамар луу нь баруун гараараа нэг удаа цохисон. ...Өглөө 06 цаг өнгөрч байхад сэрэхэд Жаргалсайхан орон дээрээ, талийгаач миний ард унтаж байсан. Би сэрчихээд талийгаачийг “босоорой” гээд хэлсэн чинь хариу хөдлөхгүй, юм дуугарахгүй байсан. .../1хх 39/,  ...талийгаачтай бэлгийн харьцаанд орж байгаагүй /2хх 193/, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар “...2018 оны 8 дугаар сарын 2-ны өглөө 10 цагийн үед Жаргалсайхан талийгаачийг дээшээ хараад хэвтэж байхад нь цээжин дээр нь гараараа хоёр удаа цохиж байсан би “боль” гэж хэлээд болиулаад ганцаараа архинд яваад орой 17 цаг болж байхад гэртээ ирсэн. Энэ хугацаанд Жаргалсайхан талийгаачтай хамт үлдсэн. ...Жаргалсайхан өөрийн унтдаг орон дээр унтаж байсан, талийгаач миний орон дээр сэрүүн хэвтэж байсан. Ямар нэгэн маргалдаж зодолдсон байдал мэдэгдээгүй. ...” /3хх 9-10/ гэж агуулгын хувьд хоорондоо уялдаа холбоо муутай, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, өөр өөр байдлаар мэдүүлжээ.

Хэдийгээр сэжигтэн, яллагдагч нь өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй хэдий ч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч Г.Жаргалсайханы “...Э- ах “чи залуу Жаргалсайханыг сонирхоод надад тохмоо тавьж өгөхгүй /секс хийхгүй/ байж мөнгө цаас авна гэж байхгүй. Баадаагаасаа мөнгө аваарай” гэж хэлээд амбаар дотор байх хоолны шүүгээ рүү хүн унаж байгаа мэт чимээ гарсан. Тэр үед хоолны шүүгээн дээр байсан толь, аяга хагарч, сав суулга унаж байгаа чимээ гарсан. ... Тогооны шүүгээн дээрээс унасан аяга, таваг, сав суулгыг дээш нь авч тавиад, хагарсан толийг шүүгээн дээрээс авч гаргаад амбаарын хойно тавьчихаад ороход Булган толгойныхоо цусыг арччихаад цагаан өнгийн малгай өмссөн сууж байсан. ...” гэх мэдүүлэг, үүний үндсэн дээр хэргийн газарт нөхөн үзлэг хийж хэрэгт ач холбогдол бүхий модон шүүгээний баруун талд толины хагарсан 18 ширхэг хэлтэрхий байсныг эд мөрийн баримтаар тооцон хураан авч, уг хагарсан толины хавтас гэрийг амбаарын хойд хэсэгт байгаа гэж заасны дагуу уг толины 18 ширхэг хэлтэрхийг хавтаслаад эвлүүлж үзэхэд 1 бүхэл хэсэг мөн байсныг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-10/, /2хх 207-217/, гэрч П.Хонгорзул, Ц.Ичинбат нарын “...2018 оны 8 дугаар сарын 2-ны орой Г.Э-ын гэрт ороход П.Булганы нүд нь сүүмийсэн, намуухан дуугаар ам цангаад байна гэж эвгүй байдалтай болчихсон байсан талаар...” өгсөн мэдүүлгүүд, шинжээч эмчийн “...дух болон баруун чамархайд 2 хэсэг газарт цус хуралт гэмтэл  учирсан байсан. Уг гэмтэл нь цохих, цохиулах үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтлийг авсны дараа цусан хураа тархийг дарж шаантаглах хүртэл үйлдэл, хөдөлгөөн хийж амьд явах боломжтой. Энэ хугацаанд толгой өвдөг, огих, бөөлжих, дотор муухайрах тул биеийн саа саажилт үүсэх шинж тэмдэг илэрнэ. Талийгаачийн хувьд хүнд зэргийн согтолттой байсан ба илрэх шинж тэмдэг, өвчин зовиурыг мэдрэхгүй байх боломжтой. ...” гэх мэдүүлэг, “...хатуу хальсан доорх цусан хураа нь нас барахаас 12-18 цагийн өмнө үүссэн байна. Талийгаач дээрх баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсны доорх цусан хурааны улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. ...Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна. ...2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 16 цаг 05 минутад цогцосны гадна биеийн үзлэг хийхэд талийгаач нас бараад 10-12 цаг болсон гэж тэмдэглэжээ. ...” гэх  шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Г.Э- нь амь хохирогч П.Булганыг согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүнийг зодож, амь хохирогч нь баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсны доорх цусан хурааны улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэргийг Г.Э-аас өөр хүн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1725 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Т.Номинцэцэгийн өгсөн “...дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дух болон баруун чамархайд 2 хэсэг газарт цус хуралт гэмтэл  учирсан байсан. Уг гэмтэл нь цохих, цохиулах үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтлийг авсны дараа цусан хураа тархийг дарж шаантаглах хүртэл үйлдэл, хөдөлгөөн хийж амьд явах боломжтой. Энэ хугацаанд толгой өвдөх, огих, бөөлжих, дотор муухайрах тул биеийн саа саажилт үүсэх шинж тэмдэг илэрнэ. Талийгаачийн хувьд хүнд зэргийн согтолттой байсан ба илрэх шинж тэмдэг, өвчин зовиурыг мэдрэхгүй байх боломжтой. ...” гэх мэдүүлгээр амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой болох нь тогтоогджээ.

 

Нөгөөтэйгүүр гэрч Ц.Энхцэцэгийн 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өгсөн “...Г.Жаргалсайхан мэдүүлэг өгөхөд нөлөөлж дарамталсан асуудал байхгүй, би тэр хүнтэй уулзаагүй, шүүх хурал болох өдөр л харсан. ...”, гэрч Ц.Ичинбатын 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өгсөн “...манай эхнэр надад тийм зүйл хэлж байгаагүй, Жаргалсайхан ирээд явсан л гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /2хх-245-249/ зэргээс үзэхэд Г.Жаргалсайхан нь гэрч нарыг дарамталж худал мэдүүлэг өгүүлж байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Г.Жаргалсайханы болон бусад гэрч нарын мэдүүлгүүдэд хэргийн талаар эрс зөрүүтэй мэдүүлсэн байдал тогтоогдоогүй, харин тухайн үйл баримтын талаар мэдэж буй зүйлээ нэмж тайлбарлах байдлаар мэдүүлэг өгснийг зөрүүтэй гэж үзэхгүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э- болон түүний өмгөөлөгч Д.Дорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Д.Дорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН