Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00878

 

2022           09            29                                          001/ХТ2022/00878

БХЯны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/02014 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1734 дүгээр магадлалтай,

БХЯны нэхэмжлэлтэй

“Х-О” ББНөхөрлөл, Б.Н нарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. БХЯ нь “Х-О” ББНөхөрлөл, Б.Н нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/02014 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч БХЯыг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт орших хуучнаар Тээврийн товчооны контор нэртэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаар бүхий, хоёр давхар барилгын өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс хариуцагч Б.Над холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Х-О ББН-өөс 400,450 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1734 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/02014 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 243 дугаар зүйлийн 243.1-д гэснийг “...112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйл, 40.1, 40.2 дох хэсэгт заасны дагуу зөв зүйтэй үнэлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйл, 116.2 дох хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан шийдвэрийг гаргаагүй гэж үзээд давж заалдах журмаар гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дох хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлэх, хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлэлгүйгээр мөн ИХ-ийн 75-р зүйл, 75.2.2 дох хэсэг, мөн ИХ-ийн 109-р зүйл, 109.1 дэх хэсэг, 112-р зүйл, 122.1 дэх хэсэг, 183-р зүйл, 183.1 дэх хэсэг 206-р зүйл, 206.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйл, 40.1 дэх хэсгүүдийг тус тус буруу тайлбарлан хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн 243-р зүйлийг баримтлан хангаж шийдвэрлэхдээ тусгай зохицуулсан хөөн хэлэлцэх хугацааны тухайд ямар ч дүгнэлтийг хийгээгүй байсан учир давж заалдах гомдол гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааны тухайд дурдан гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч БХЯыг “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болон БХЯны төрийн өмчийн өмчлөх эрх зөрчигдөж байгааг мэдэж холбогдох хууль, хяналтын байгууллагад хандаж хөөцөлдөж эхэлсэн, хөөн хэлэлцэх хугацааг энэ үеэс эхэлж тоолно гэж тайлбарлаж байгааг буруутгах боломжгүй бөгөөд ИХ-ийн 75-р зүйл, 75.2-т заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй...” гэсэн нь илт хууль бус дүгнэлт болсон. Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх ерөнхий хугацааг 10 жил байхаар зааж хуульчилсан байдаг бөгөөд Иргэний хуулийн 76-р зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолохоор мөн хуульчилсан байна. Нэхэмжлэгч БХЯыг шаардах эрхээ өмчлөх эрх зөрчигдсөн үеэс эхлэн тоолно гэсэн тайлбар нь үндэслэлгүй. БХЯны хувьд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэж байгаа 2004 оноос эхлэн шаардах эрх нь үүсэх бөгөөд нэгэнт Иргэний хуулийн 243-р зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.2 дох хэсгээр зохицуулсан нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаагаа нэгэнт алдсан байсныг давж заалдах шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн давж заалдах шатны шүүх төлбөрийн 48,500,000 төгрөгийг нэхэмжлэгч “Х-О” ББНөхөрлөлийн албан бичигт заасан дансанд буюу Н.Мөнхжаргалын 5585047139 тоот дансанд шилжүүлснээр үүргийг гүйцэтгэсэн гэж Иргэний хуулийн 206-р зүйлийн 206.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хэрэгт авагдсан баримтаар Н.Мөнхжаргал нь “Х-О” ББНөхөрлөлийн хувьд эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд тус нөхөрлөлтэй ямар нэгэн хамааралгүй этгээд болох учир мөнгө шилжүүлэхийг хүссэн албан тоотыг “Х-О” ББНөхөрлөлийн үйлдэн нэхэмжлэгч талд хүргүүлсэн гэж үзэх боломжгүй. Мөн орон сууцыг хүлээлцсэн нотломжинд өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухайд дурдсан байгааг хоёр шатны шүүхийн аль аль нь анхаараагүй байх төдийгүй давж заалдах шатны шүүх нь гэрч Б.Дэнсмаагийн гаргасан мэдүүлгийг давхар баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Гэрчийн мэдүүлэг Өмнөговь аймгийн Татварын хэлтсээс авч иргэний хэрэгт хавсаргасан баримтаар нотлогдож байгаа бөгөөд энэ нь эргэлзээгүй нотлох баримтын шаардлага хангасан баримт болохыг анхаараагүй огт баримтгүй мэт дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн давж заалдах шатны шүүх “...Иргэний хуулийн 109-р зүйлийн 109.1 дэх хэсэг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “Х-О” ББНөхөрлөлийн нэрээс буюу бүртгэлийг улсын бүртгэлээс хасуулах эрх, үүргээ худалдагч худалдан авагч нарын хэн нь ч хэрэгжүүлээгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй төдийгүй хариуцагч талыг буруутгасан ойлгомжгүй байна. Хариуцагч нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг 10 жилийн хугацаатай түрээслүүлсэн болохоос худалдаагүй учир өөрийн өмчлөлийн хөрөнгийг бүртгэлээс хасуулах ямар ч шаардлагагүй байсан. Харин нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгө худалдан авч байгаа бол улсын бүртгэлд бүртгүүлэн өмнөх өмчлөлөөс нь хасуулах үүрэгтэй төдийгүй мөн үл хөдлөх эд хөрөнгийн болон газрын татвараа ч зохих ёсоор төлөөгүй явж ирснээр нэхэмжлэгчийн гэрээний үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан гэх тайлбар нь үгүйсгэгдэж байгааг шүүх анхаарч үзэх ёстой байсныг харин нотолж байна гэж үзэж болохоор байна. Нөгөө талаар давж заалдах гомдолд дурдсан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг нь зөрчиж өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараасаа татгалзаагүй, 2020.05.21-ний өдрийн шүүгчдийн зөвлөлгөөний тогтоолыг хэргийн оролцогч нарт танилцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан тухайд бичгийн нотлох баримтаар хэрэгт хавсаргуулсан байхад хариуцагч Н.Наранмандахад 2020.06.02-ны өдөр хэргийн материал танилцуулсан учир дээрх тогтоолыг танилцуулаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн нь ойлгомжгүй байна. Шүүгчдийн зөвлөлгөөний тогтоол нь анхан шатны шүүх хуралдаан дууссаны дараа ёсчлогдоогүй тухайд бичиж хэрэгт хавсаргасан баримтаар тогтоогдож байхад илт үндэслэлгүй дүгнэлт гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөсөн нь илт хууль бус гэж үзэж байна. Иймд дээрх бүх баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч БХЯ нь хариуцагч “Х-О” ББНөхөрлөл, Б.Н нарт холбогдуулан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт байрлах хуучнаар Тээврийн товчооны контор нэртэй, хоёр давхар, барилгын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргахдаа 2004 онд уг хөрөнгийг “Х-О” ББНөхөрлөлөөс худалдан авч, үнийг төлсөн, 2004 оноос хойш ажилчдын орон сууцны зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа гэсэн үндэслэлийг заажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг маргаж, “...уг барилгыг нэхэмжлэгч талд түрээслэсэн, үл хөдлөх хөрөнгө, газрын татварыг 2004 оноос хойш өмчлөгч “Хэрлэн Од” ББНөхөрлөл төлж байгаа, Н.Мөнхжаргал нь “Х-О” ББНөхөрлөлийн гишүүн ч биш, нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй байсан, уг хөрөнгийг худалдаагүй гэсэн үндэслэлээр мэтгэлцсэн байна.

7. Анхан шатны шүүх БХЯыг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоож, хариуцагч Б.Над холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

Шүүх зохигчийн хооронд үүссэн өмчлөлийн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн, шийдвэрт хуулийн өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зөрчөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

8. Батлан хамгаалахын сайдын 2004.06.24-ний өдрийн 159 дүгээр тушаалаар хариуцагч “Х-О” ББНөхөрлөлөөс 1,102 м.кв талбайтай 2 давхар конторын зориулалттай барилгыг 48,500,000 төгрөгөөр худалдан авахыг шийдвэрлэсэн, 2004.09.08-2005.04.18-ны өдрийн хооронд “Х-О” ББНөхөрлөлийн дарга Н.Мөнхжаргалын данс руу дээрх төлбөрийг шилжүүлсэн нь банкны дансны хуулгаар нотлогдсон, орон сууцны барилгыг хүлээлцсэн нотломж үйлдэх, орон сууцыг хүлээлцэхэд “Х-О” ББНөхөрлөлийн дарга Н.Мөнхжаргал оролцсон баримтуудаар нэхэмжлэгч маргаж буй хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдсон, талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, худалдагч тал буюу хариуцагч өмчлөх эрх шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна. “Орон сууцыг хүлээлцсэн нотломж” гэх бичгийн баримт нь худалдах-худалдан авах гэрээний агуулга, хэлбэрийн шаардлагыг хангасан, нэхэмжлэгч үнийг төлснөөр орон сууцаа хүлээн авсан үйл баримт тогтоогджээ.  

БХЯ нь худалдан авсан эд хөрөнгийг “улаан байр, 15 айлын байр” гэх нэрээр төрийн өмчид болон үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн болох нь Архивын ерөнхий газраас ирүүлсэн Батлан хамгаалан яам ЗХ-ний 167, 186, 150 дугаар ангийн 2008 оны тооллогын материал, Зэвсэгт хүчний жанжин штабын 2020.05.20-ны өдрийн 12/2051 тоот албан бичиг зэргээр нотлогджээ. /3хх- 6-8,183/

9. Хариуцагч “Х-О” ББНөхөрлөл 2004.06.06-ны өдрийн 85 тоот албан бичигт “...Х-О ББНөхөрлөлөөс авахыг зөвшөөрсөн 2 давхар барилгын үнэ 48,500,000 төгрөгийг Өмнөговь аймгийн ХААН банкин дахь 5585047139 тоот дансанд 2004.08.10-ны дотор шилжүүлж, барилгыг хүлээн авах бүрэлдэхүүнийг ирүүлэхийг хүсье” гэж дурдсан /3хх-5/ уг баримт нь нөхөрлөлийн албан бланк дээр, нөхөрлөлийн дарга Н.Мөнхжаргал гарын үсэг зурсан хэлбэртэй байна.

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй.” гэж заасан. Иймд маргаж буй үл хөдлөх хөрөнгө 2 хүний өмчлөлийн зүйл болохыг нотолсон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон Н.Мөнхжаргал нь “Х-О” ББНөхөрлөлийн гишүүн байгаагүй баримт нь дээрх хэлцлийг үгүйсгэж чадахгүй юм. Тус нөхөрлөлийн гишүүд нь Б.Н, Д.Дэнсмаа, М.Мөнхзул нар байх ба Д.Дэнсмаа нь Н.Мөнхжаргалын эхнэр, Б.Н нь Н.Мөнхжаргалын төрсөн охин, хоорондоо хамааралтай байна. Үл хөдлөх хөрөнгийг түрээсэлсэн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, энэ талаар нотлоогүй байв.

10. Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжихийг Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасан бөгөөд хуулийн уг хэм хэмжээг хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон. Нэхэмжлэгч нь өмчлөлийн зүйлийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар борлуулах гэж байгааг 2017 онд олж мэдснээр эрх зөрчигдсөн болохоо тодорхойлсон, шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзсэн нь хууль зөрчөөгүй байна.

11. Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.02.04-ний өдрийн шүүгчийн захирамжийн дагуу Хас банкны Өмнөговь салбарт Б.Н нь 17,132,922 төгрөгийг төлөх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг маргаж буй хөрөнгө болох Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай барилгаас хангуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа баримт хэрэгт авагджээ. БХЯ маргаж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдож байгаа хэдий ч уг эд хөрөнгөд барьцааны үүрэг ногдуулсан, барьцааны үүрэг нь өмчлөгчид шилжих эрх зүйн үр дагаврыг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.4, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэжээ.

12. Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.2, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийн үнийг төлсөн, эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж байсан тул өмчлөх эрхийг  улсын бүртгэлд бүртгүүлээгүй, үл хөдлөх хөрөнгийн болон газрын татвараа төлж байгаагүй  нь өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Хариуцагч нь 2013 оноос хойш зохих татварыг төлсөн баримт хэрэгт байхгүй байв.

13. Маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгөд хамаарч буй гэх газрыг Б.Н нь 2010.12.13-ны өдөр өмчилж авсан, уг газрыг банкны зээлд барьцаалсан  баримт хэрэгт авагджээ. /хх-188, 137/

Тухайн өмчилж авсан газар нь орон сууцны зориулалтаар эзэмшиж байгаа БХЯны үл хөдлөх хөрөнгөд хамааралтай, нөлөөлөхөөр бол газрын талаар нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

14. Анхан шатны шүүх хэргийн оролцогчид хэргийн материал танилцуулсан нь 3 дугаар хавтас хэргийн 177-182, 184 дүгээр талд авагджээ. Хэргийн баримтаас шүүгчийн татгалзлыг шийдвэрлэсэн 2020.05.21-ний өдрийн шүүгчдийн зөвлөлгөөний тогтоолтой хариуцагч танилцаагүй гэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна ийм зөрчил нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул ноцтой зөрчил болохгүй. Шүүх хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй байх ба хариуцагч нь өмгөөлөгч оролцуулах эрхээ эдлээгүйд шүүхийг буруутгах боломжгүй болно.

15. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1734 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 400,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                          Д.ЦОЛМОН