Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 181

 

А.Со-, С.Ад- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч С.Ад-ын өмгөөлөгч Г.Амгалансуурь, Б.Даваасүрэн, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ж.Чимэг, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 19 дүгээр магадлалтай 201610010151 дугаар эрүүгийн хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор М.Гэрэлбадрахын гаргасан эсэргүүцэл, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ж.Чимэгийн гаргасан гомдол зэргийг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй А.Со-

2. Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй С.Ад- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх шүүгдэгч А.Со-, С.Ад- нарыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч А.Со-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сар хорих ял оногдуулж, 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч С.Ад-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Со-, С.Ад- нарын цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Со-аас 1.000.000 төгрөг, шүүгдэгч С.Ад-аас 1.769.810.75 төгрөг, иргэний хариуцагч Т.Га-оос 1.769.810.75 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Б.Ба-т олгож түүний нэхэмжлэлийн шаардлагаас 55.144.930 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Ад-аас 96.500 төгрөг, иргэний хариуцагч Т.Га-оос 96.500 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Ц.Су-д олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас 5.334.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Со-аас 137.615 төгрөг, шүүгдэгч С.Ад-аас 137.615 төгрөг, иргэний хариуцагч Т.Га-оос 137.615 төгрөгийг тус тус гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Ар-д олгож, шүүгдэгч С.Ад-аас 1.126.000 төгрөг, иргэний хариуцагч Т.Га-оос 1.126.000 төгрөгийг тус тус гаргуулан иргэний нэхэмжлэгч А.Со-д олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас 2.252.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Ба-, Ц.Су- нар нь нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор М.Гэрэлбадрах гаргасан эсэргүүцэлдээ “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1.30, 34.3 дугаар зүйлийн 1, 34.15 дугаар зүйлийн 1, 1.4-т зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсан нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдаж байна. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Мөн шүүхэд иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ж.Чимэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.30, 34.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсан. Надаас гадна 6 өмгөөлөгч 1 прокурор шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүхэд саналаа хэлээд шүүх хуралдаан завсарласан. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд яагаад шүүгч санаачилгаараа завсарласнаар тусгагдсаныг ойлгохгүй байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд магадлалыг хүчингүй болгуулж давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч С.Ад-ын өмгөөлөгч Б.Даваасүрэн хэлсэн саналдаа “Шүүхийн шатанд миний зүгээс гэм буруугийн асуудлаар маргасан бөгөөд миний үйлчлүүлэгч ч мөн адил өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрдөггүй. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй учраас чамайг хорино гээд хорьсон. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд процессын алдаа байна гэж үзэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол, улсын яллагчийн гаргасан эсэргүүцэлтэй танилцсан. Миний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Хуулийн дээрх заалтыг баримтлаад гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгочихоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх ёстой болчихоод байгаа юм. Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.7-д заасныг баримтлах юм бол мөн хуулийн 36.8 дугаар зүйл хэрэглэгдэх болоод байгаа юм. Ингэснээр анхан шатны шүүхийн хууль бус шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлт оруулах эрх нь хяналтын шатны шүүхэд байна. Иймд С.Ад-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч С.Ад-ын өмгөөлөгч Г.Амгалансуурь хэлсэн саналдаа “Прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т зааснаар миний үйлчлүүлэгчийг гэм буруугүйд тооцсон өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шөнийн 2200 цаг болсон учраас шүүгч хэргийн оролцогч нартай зөвшилцөж улмаар оролцогч нар зөвшөөрсөн учраас шүүх хуралдааныг завсарлуулсан байгаа. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүгдэгч А.Со- нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний шөнө 2300 цагийн үед Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Бүрдэнэ” багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам дээр эвдрээд ослын зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн араас мөргөж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 2 дахь заалтыг зөрчсөн,

шүүгдэгч С.Ад- нь тээврийн хэрэгслийн эвдрэлийн улмаас зам дээр ослын зогсолт хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ын а, мөн дүрмийн 6.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Б.Ба-ын эрүүл мэндэд хүнд хохирол, Ц.Су-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг тус тус учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Ад-ын өмгөөлөгч Г.Амгалансуурь, Б.Даваасүрэн, хохирогч Б.Ба-, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ба амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулахаар зохицуулсан бөгөөд мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.30-д “Шөнийн цаг гэж тухайн өдрийн 2200 цагаас дараа өдрийн 0600 цаг хүртэлх хугацааг ойлгоно” гэж хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг завсарлуулсан нь үндэслэлтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байхад хүчингүй болгосон нь үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин анхан шатны шүүх А.Со-д хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг тэнсэх боломжтой гэж дүгнэн, шүүгдэгчид хорих ял оногдуулж, улмаар уг ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ял оногдуулах нийтлэг журмыг зохицуулсан бөгөөд хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзвэл тухайн зүйлд заасан ялыг оногдуулахгүйгээр буюу Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу тэнсдэг болно.

Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахын зэрэгцээ шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 19 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

2. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Со-, С.Ад- нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч А.Со-ыг 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч С.Ад-ыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                           ШҮҮГЧ                                                      С.БАТДЭЛГЭР

                                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН