Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01058

 

 

 2022           11            08                                         001/ХТ2022/01058

"С” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 138/ШШ2020/00841 дүгээр шийдвэр,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 201/МА2020/27 дугаар магадлалтай,

“С” ХК-ийн нэхэмжлэлтэй

“А” ХХК-д холбогдох

11,628,159 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнтогосийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шихихутаг, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “С” ХК нь “А” ХХК-д холбогдуулан 11,628,159 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 138/ШШ2020/00841 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас 6 920 097 /зургаан сая есөн зуун хорин мянга ерэн долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 201 001 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-иас 125 972 /нэг зуун хорин таван мянга есөн зуун далан хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХК-нд олгохоор шийдвэрлэжээ.

3. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 201/МА2020/27 дугаар магадлалаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 20-ны өдрийн 138/ШШ2020/00841 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...олгосугай.” гэснийг “...олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 633 378 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-ийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 672 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнтогос хяналтын гомдолдоо: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнмөн хуулийн 172.1, 167.5 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр дээрх шүүхийн магадлалыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч мөн хуулийн энэхүү гомдлыг гаргаж байна. Нэг. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: 2016 оны 10 сард “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Д.Хэрлэнзул байсан бөгөөд тухайн компанийг төлөөлөх бүрэн эрхгүй, гэрээ байгуулах зөвшөөрөлгүй Д.Дөлгөөнжаргалтай “С” ХК-тэй гэрээ байгуулсан нь зохигчдын хооронд байгуулсан гэрээ болон тайлбаруудаар тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн “Тооцоо үлдэгдлийн баталгаа нийлсэн акт” болон бусад баримтыг хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтан үйлдээгүй, бараа, бүтээгдэхүүнийг хүлээж аваагүй, барааг хэн хүлээн авч бичсэн нь тодорхойгүй, хариуцагч байгууллагын тамга, тэмдэгтэй баримтыг ашиглаж үйлдсэн байж болзошгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тус шүүхэд өгсөн баримтууд нь эргэлзээтэй, хууль бус аргаар бүрдүүлсэн байж болзошгүй баримтуудыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримт, мэдээллийг” тус хуулийн 40.2-д зааснаар “үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” хэмээн заасан хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэр, магадлал, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа “Тооцоо үлдэгдлийн баталгаа нийлсэн актыг” хууль бусаар цуглуулсан гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д зааснаар уг баримтыг хариуцагч байгууллагын эрх бүхий ажилтан, албан хаагч үйлдсэн эсэхийг тогтоох, хэргийг шударгаар шийдвэрлүүлэхийн тулд шинжээч томилуулж, хуурамч нотлох баримт мөн эсэх, нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан байж болзошгүй тул нотлох баримтаас хасуулах хүсэлтийг гаргаж байсан боловч шүүх хэргийн оролцогчийн хуульд заасан нотлох бармтыг шалгуулах эрхийг хязгаарлаж, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч байгууллагад давуу байдал тогтоосон нь тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан “Тэгш эрхтэй” оролцоно гэх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” хэмээн заасан. Зохигчдын хооронд 2016.10.20-ны өдөр 421 дугаартай “орон нутгийн гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар огт шаардаж, мэдэгдэж байгаагүй тул уг гэрээний хөөн хэлэлцэх хугацаа иргэний хуулийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар 2019.10.20-ны өдөр дууссан тул тус хуулийн 82.1 дэх хэсэгт заасан үр дагавар үүсэхийг шүүхээс буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 2016.12.31-ний өдрийн “Тооцоо нийлсэн баримтыг” хариуцагч байгууллага үйлдээгүй, бичээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй, хууль бус аргаар цуглуулж, бүрдүүлж, бэхжүүлсэн баримт юм. Давж заалдах шатны шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4 дэх хэсэгт “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” хэмээх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй, хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулж үзээгүй байх тул мөн хуулийн хуулийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна. ...Шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, маргаан бүхий баримтуудыг хэн бичиж үйлдсэн болохыг тогтоох боломж нөхцөлөөр хангаж, хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

6. Нэхэмжлэгч “С” ХК нь хариуцагч “А” ХХК-иас гэрээний үүрэгт 6,920,097 төгрөг, алданги 3,640,048 төгрөг, өмгөөллийн хөлс 1,038,000 төгрөг, замын зардал 210,014 төгрөг, нийт 11,628,159 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа 135,000 төгрөгөөр багасгаж, нийт 11,553,745 төгрөгийг нэхэмжилжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэрээг компанийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан, гэрээ байгуулснаас хойш бараа нийлүүлсэн баримт байхгүй, тооцоо нийлсэн баримтад эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэл зааж, мэтгэлцжээ.

7. Анхан шатны шүүх хариуцагчаас 6,920,097 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийг орхигдуулсныг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

8. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хууль хэрэглээний асуудлаар хяналтын шатны шүүх залруулах боломжтой байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

9. “А” ХХК нь 2015 оны 05 сараас “С” ХК-тай амаар гэрээ байгуулж, Сн бүтээгдэхүүн, зайрмаг борлуулахаар харилцан тохирсон, 2016.10.20-ны өдөр бичгээр гэрээ байгуулсан үйл баримтыг анхан шатны шүүх дүгнэхдээ 2015 оны 05 сард байгуулсан гэрээг талууд шүүхэд гаргаж өгөөгүй тул гэрээний талаар дүгнэх боломжгүй, 2016.10.20-ны өдрийн гэрээг “А” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд буюу Д.Дөлгөөнжаргал байгуулсан нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2-т зааснаар шаардах эрхтэй гэж үзсэн, хуульд нийцээгүй уг дүгнэлтийг давж заалдах шатны шүүх залруулж чадаагүй байна.

10. Талууд С, Сн бүтээгдэхүүн, зайрмаг худалдах-худалдан авахаар тохирсон, уг тохиролцоог амаар эсвэл бичгээр тохирсон аль аль тохиолдолд гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр болохыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасан байгааг хоёр шатны шүүх анхаараагүй байна. Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар эсвэл бичгээр хийж болохыг хуульд заасан. Талуудын байгуулсан дээрх худалдах-худалдан авах гэрээнд хуулиар хэлбэрийн шаардлага тавиагүй тул амаар, бичгээр байгуулсан аль аль нь хүчин төгөлдөр юм. Гэрээг нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул гэрээний талаар дүгнэлт хийх боломжгүй гэх шүүхийн дүгнэлт эрх зүйн үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2016.10.20-ны өдрийн бичгээр байгуулсан гэрээнд “А” ХХК-ийг төлөөлж Д.Дөлгөөнжаргал гарын үсэг зурсан, 2016.12.31-ний тооцоо нийлсэн баримтад мөн Д.Дөлгөөнжаргал гарын үсэг зурсан, улсын бүртгэлийн баримтаар Д.Дөлгөөнжаргал нь компанийг төлөөлөх эрхгүй боловч “А” ХХК нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй.” гэж зааснаар төлөөлөх бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд шүүх энэ талаар хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

11. Нэхэмжлэгч нь 2016.10.20-ны өдрийн бичгээр байгуулсан гэрээ, 2016.12.31-ний өдрийн тооцоо нийлсэн баримтыг нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон. Тооцоо нийлсэн баримтыг нэхэмжлэгчийн зүгээс тодруулж, 2015 оны үлдэгдэл 5,949,519 төгрөг, 2016 оны үлдэгдэл барьцааны мөнгө 5,000,000 төгрөгийг хасаад 970,578 төгрөг нийт 6,920,097 төгрөг болохыг тодорхойлжээ. /хх-48,49/ Үүнээс үзвэл талуудын хооронд 2015 оны 01 сараас эхлэн гэрээ амаар байгуулагдсан, хариуцагч нь 2015.05.19, 20-ны өдрүүдэд нийт 5,000,000 төгрөгийг барьцааны мөнгө гэж байршуулжээ. Түүнчлэн “А” ХХК нь “С” ХК-иас 2016.07.06-ны өдөр 6,744,048 төгрөгийн, 2016.07.25-ны өдөр 6,675,648 төгрөгийн, 2016.07.26-ны өдөр 601,680 төгрөгийн, 2016.08.24-ний өдөр 6,336,000 төгрөг буюу нийт 20,357,376 төгрөгийн Сн бүтээгдэхүүн хүлээн авсан ба 2016.12.31-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар хариуцагч нь 11,920,097 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гарсан үйл баримтууд тогтоогдсон, шүүхийн дүгнэлт нотлох баримтад тулгуурласан байна. /хх-41, 143-146 дахь талууд/ Уг төлбөрөөс барьцааны мөнгийг хасахад 6,920,097 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Барааг хүлээлгэн өгсөн “нэмэгдсэн өртгийн татварын падаан /хх-16-18/, тооцоо нийлсэн баримтаар хариуцагчийн үүрэг тогтоогдсон, үгүйсгэх баримт хэрэгт байхгүй байна.

12. Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан ба Хянавал хэсгийн 10, 11, 12-т заасан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 201/МА2020/27 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 20-ны өдрийн 138/ШШ2020/00841 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг баримтлан хариуцагч “А” ХХК-иас 6,920,097 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХК-д олгож, нэхэмжлэлээс 4,633,378 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 125,672 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.МӨНХТУЯА

                         ШҮҮГЧИД                                                            Н.БАЯРМАА

                                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД