Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 131/ШШ2020/00926

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, тус шүүхийн  хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                                                                                                 Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-р баг, овогт Б.Б гийн нэхэмжлэлтэй,  Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-р баг, овогт Б.З холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэг 14.347.000 төгрөг гаргуулах, мөн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндсэн нэхэмжлэлтэй, 15.769.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  хянан  хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Б.З , хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч Б.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:                                        

Миний бие нь 2016 оны 07 сарын 02-ны өдрөөс эхлэн иргэн Б.З тай хэлэлцэн тохиролцож түүний Баянхонгор сумын 1-р багт байрлах, 59-р байрны 02 тоот,  64 м.кв талбайтай 2 өрөө байрны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн төлж дуусгаад байрыг өөрийн өмчлөлд авахаар тохирсон билээ.  Тухайн үед Б.З гаас манай найз Д.А  авч төлөлтийг хийж байгаад төлбөрийн чадваргүй болсон тул намайг уг байрыг ав гэдэг саналыг гаргасан. Ингээд бид 2 Б.З тай уулзаж би зээлийг үргэлжлүүлэн төлөхөөр болсон.  Би тухайн үед гэрээ хийх талаар санал гаргасан  хэдий ч Б.З  ямар нэгэн асуудал гарахгүй, чи зүгээр л төлж бай гэсэн.  Би орон сууцны зээлийг 2016 оны 07 сарын 02-ны өдрөөс эхлэн Төрийн банкнаас гаргасан хуваарийн дагуу хугацаанд нь төлж байгаад 2017 оны 01 сарын 04-ний өдөр хэлцэл хийж нотариатаар батлуулсан.  Ингээд би зээлийн гэрээний үүргийг биелүүлж сар бүр 370.000 төгрөгийн төлөлтийг ямар нэгэн маргаангүйгээр хийж байтал 2019 оны 09  сарын эхээр Б.З  нь 7 хоногийн хугацаанд урьдчилгаа төлсөн 25.000.000 төгрөгийг өгөхгүй бол байраа буцааж авна гэсэн. Угтаа Б.З  энэ байрны төлөлтийг надаар төлүүлж эхлэхдээ урьдчилгааг төлөх талаар ямар нэгэн тохиролцоо хийгээгүй, би ч банкны зээлийг төлж дуусгаад урьдчилгааг нь өгөөд өмчлөх эрхээ шилжүүлж авна гэж бодож байсан зээлийн гэрээний үүргийг нэг ч удаа зөрчиж байгаагүй. Ер нь Б.З  энэ байрны зээлээ төлж чадахгүй, төлбөрийн чадваргүй болоод хүн хүнд зарна гэж 4 жилийн хугацаанд зээлээ төлүүлчихээд буцааж байраа авч байгаа нь нэг талдаа залилан мэхэлж бидэнд хохирол учруулж байна. Би Б.З тай байгуулсан гэрээний үүргээ зөрчөөгүй байхад хүндэтгэн үзэж шалтгаангүйгээр гэрээ цуцалж байгаа тул хуульд зааснаар өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байна.

Иймд Б.З гаас орон сууцны 2016 оны 07 сарын 02-ний өдрөөс 2019 оны 09 сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд төлсөн 14.347.000 төгрөгийг гаргуүлж өгнө үү гэжээ.                                                                                                                                                              Нэхэмжлэгч Б.Б  шүүхэд гаргасан татгалзлалдаа:                                                

Миний бие нь Амарсанаагийн зуучлалаар З тай ярьж тохироод 2016 оны 07 сарын 02-ны өдрөөс эхлэн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах 59 дүгээр байрны 02 тоот 64 мкв талбайтай 2 өрөө байрны ипотекийн зээлийн төлөлтийг төлж байрны зээлийг барагдуулах зээл төлөгдсөний дараа орон сууцны өмчлөлийг шилжүүлэх үүрэг бүхий хэлцлийг 2017 оны 01 сарын 04-ний өдөр байгуулж нотариатаар батлуулсан. Би З гийн орон сууцны зээлийг 2016 оны 07 сарын 02-ны өдрөөс эхлэн Төрийн банкнаас гаргасан хуваарийн дагуу хугацаанд нь төлж гэрээний үүргийг биелүүлж сар бүр 370.000 төгрөгийн төлөлтийг ямар нэгэн маргаангүйгээр хийж байтал 2019 оны 09 сарын эхээр Б.З  нь 7 хоногийн хугацаанд урьдчилгаанд төлсөн 25.000.000 төгрөгийг өг өгөхгүй бол байраа буцааж авна гэсэн. Ингээд би байрыг албан ёсоор хүлээлгэн өгсөн. Би шүүхийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа З  бид 2-ын хооонд хийгдсэн 2017 оны 01 сарын 04-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусаар тооцуулахаар нэмэгдүүлсэн боловч одоо үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа хэвээр үлдээж, нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байна..гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Нэхэмжлэгч Б.Б   нь 2017 оны 01 сарын 04-ний өдөр хариуцагч Б.З тай хэлцэл байгуулсан, хэлцэл хүчин төгөлдөр байгаа, хариуцагч З  нь Төрийн банктай байгуулсан 2013 оны 03  сарын 13-ны өдрийн орон сууцны зээлийн 13/247 тоот гэрээний үүргийг нэхэмжлэгч Б.Б  нь түүнтэй байгуулсан хэлцлийн дагуу 2016 оны 07 сарын 02-ны өдрөөс 2019 оны 09 сарын 02-ны өдөр хүртэл 39 сарын хугацаанд үргэлжлүүлэн биелүүлсэн. Зээлийн гэрээний хавсралтын дагуу сар бүрийн төлөлтийг нь төлөөд явж байсан. 2016 оноос хойш байрны зээлийн төлбөр төлж байгаад 2017 оны 01 сард хариуцагч Б.З гийн хамт Б.Б  нь Баянхонгор тойргийн нотариат дээр очиж хэлцэл байгуулсан байдаг. Энэ хэлцэлд орон сууцны үлдэгдэл төлбөр 21.434.000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр хэлцэл байгуулсны дараа үүргийг гүйцэтгэсэн ба нийт 14.347.000 төгрөгийн төлбөр төлсөн баримтуудыг хэрэгт хавсаргасан. Нэхэмжлэгч Б.Б  нь хариуцагч Б.З гийн төрийн банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн 14.347.000 төгрөгөө гаргуулахаар шаардаж байгаа 2015 оны 01 сард Д.А , Б.З  нарын хооронд хэлцэл байгуулан орон сууцыг захиран зарцуулах эрх нь Д.А д шилжсэн ба энэ эрхээ Д.А  нь Б.Б д шилжүүлж, орон сууцыг хүлээлгэн өгснөөр ипотекийн зээлийг төлж байсан юм. Зохигчдын дунд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, энэ дагуу уг байрны ипотекийн зээлийн төлөлтийг Б.Б  нь төлж байсан юм. Улмаар зээл төлөгдөж дууссаны дараа Б.З гийн анх байр худалдан авахдаа төлсөн гэх 25.000.000 төгрөгийн урьдчилгааг Б.Б  нь Б.З д төлөхөөр тохирсон байсан.

Иргэний хуулийн 171-дүгээр зүйлийн 171.1-д Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна..гэж заасан энэ эрхийн дагуу Б.З  нь өөрийн өмчлөлийн ипотекийн зээлийн барьцаанд байгаа орон сууцыг Б.Б д шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй, ямар нэг залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй юм. Мөн хэлцэлд 9.232.000 төгрөгийг төлсөн гэсэн нь урьд нь байрыг худалдан авсан Амарсанаа нь урьдчилгаанд 7 сая төгрөг, байрны засварт 2 сая төгрөг зарцуулсан тул энэ дүнг бичсэн болохоос Б.Б  нь энэ мөнгийг төлсөн гэсэн ойлголт биш юм. Хариуцагч нь өөрөө байраа буцаан авч, гэрээгээ цуцлах санал гаргаснаар нэхэмжлэгч нь уг байрыг 2019 оны 10 сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн тул хуульд зааснаар гэрээнээс татгалзсаны үр дагаварыг хэн аль нь буцаан өгөх үүрэгтэй тул гэрээний үүрэгт төлсөн 14.347.000 төгрөгөө нэхэмжилсэн. Илүү мөнгө нэхээгүй, Сөрөг нэхэмжлэлийн хувьд Б.Б  нь уг байранд амьдарсны хөлс сарын төлбөр төлнө, түрээслэнэ, хөлслөнө гэсэн ямар нэг хэлцэл байхгүй, тухайн байранд эвдрэл гэмтэл учруулсан эсэх, эвдрэл гэмтэл учруулсан бол хэдэн төгрөгийн хохирол учруулсан талаар нотлогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..гэв.

Хариуцагч Б.З  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.З  би 2013 онд Баянхонгор аймгийн 1-р багт байрлах 59 дүгээр байрны 2 давхрын 2 тоот 64 мкв 2 өрөө байрыг 48.800.000 төгрөгөөр ипотекийн зээлд хамрагдан уг байрыг худалдан авсан билээ. Ингээл Б.З  би байрны урьдчилгаа 18.800.000 төгрөгөөр ипотекийн зээлд  хамрагдан уг байрыг худалдан авсан. Ингээд Б.З  би байрны урьдчилгаа 18.800.000 төгрөг төлсөн байсан ба банкнаас зээл гаргасны дараа ипотекийн зээлдээ 13.530.000 төгрөгийн төлбөрийг төлсөн байсан буюу нийт 32.330.000 төгрөгийг уг байранд зарцуулсан. Би уг байраа 2015 оны 01 сард 54 сая төгрөгөөр иргэн Д.А д зарахаар тохирч, урьдчилгаа 7 сая төгрөгийг аван 2015 оны 03 сард ноолуурын мөнгөө 20.000.000 төгрөг өгөөд тухайн үеийн банкны үлдэгдэл 26.427.000 төгрөгийг өөрийн нэр дээр шилжүүлэх хүртэл миний ипотекийн зээлийг үргэлжлүүлэн төлж байя гэж тохироод 2015 оны 01 сараас 2016 оны 07 сар хүртэл нийт 18 сарын турш 6.624.000 төгрөгийг төлсөн байна. Тэгтэл Д.А  нь ярьсан тохиролцоондоо хүрч чадалгүй, тэр битгий хэл зээлээч төлөх боломжгүй болж найз Б.Б д 50.000.000 төгрөгөөр зарахаар тохироод байрандаа оруулсан байсан. Б.Б  нь найз Д.А д гал тогооны тавилганы төлбөр гэж 2 сая төгрөг өгсөн гэж хэлж байсан, харин надад байрны урьдчилгаа болгож нэг ч төгрөгний тооцоо хийгээгүй. Б.Бямбахансүрэн тухайн үед юу гэж ярьсан бэ гэхээр “Би өөрийн нэр дээр зээл хөөцөлдөөд ипотекийн зээлийг өөрийн нэр дээр шилжүүлж тооцоог дуусгана, тэр болтол миний нэр дээр ипотекийн зээлийг үргэлжлүүлэн төлж байя “ гэж тохирсон. Тухайн үед Б.Б  зээл гаргуулна, гаргуулж байна гэж ярьсаар хуурсаар 38 сар миний байранд амьдарсан. Тэр хэлэхдээ удахгүй зээл хөөцөлдөж мөнгийг чинь гаргаж өгнө гэж байсан. Үүнийг нь хүлээсээр би бүтэн 3 жил 6 сарыг маш их сэтгэлийн тэвчээртэйгээр хэл ам хийлгүй хүлээсэн юм. Ингэж 3 жил 6 сар хүлээсэн минь хангалттай гэж үзээд 2019 оны 08 сард Д.А , Б.Б  бид 3 уулзаад нэг сарын хугацаа өгье 9 сардаа багтааж төлбөр тооцоогоо дуусгана гэж хэлсэн бөгөөд хэлсэн амандаа хүрээгүй учраас 10 дугаар сард байраа буцаан авсан. Энэ 2 хүн аль 5 жилийн өмнө байр авна гэсэн хугацаандаа мөнгө төгрөгөө өгөөд тооцоогоо хийсэн байсан бол ийм асуудал яригдахгүй байсан. Миний бие бүх мөнгөө байрны урьдчилгаанд өгөөд энэ 5 жилийн хугацаанд өөрийн гэргүй, айлын илүү гэрт биеийн болоод сэтгэлийн хүнд дарамттайгаар амьдарсан. Тийм учраас маш их гомдолтой байна. Хүн хүний юмыг ашигласан бол төлбөрийг нь төлөх ёстой нь хэнд ч ойлгомжтой асуудал тул нэгэнт төлбөрийг төлж байрыг худалдан авч чадаагүй болсноос хойш байрыг ашиглан амьдарсан хугацааны төлбөрийг тооцож, байрны элэгдэл хорогдол, гэмтлийн хамт нэхэмжилж байна. Иймд Б.Бямбахансүрэнгээс 2016 оны 07 сараас 2019 оны 10 сарын 10-ны өдрийг хүртэл байр ашигласны төлбөр 1 сарын 400.000 тооцож 15.200.000 төгрөг, байрны эвдрэл гэмтэл 569.000 төгрөг буюу нийт 15.769.000 төгрөг нэхэмжилж байна..гэжээ.

       Хариуцагч Б.З  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.А д орон сууцаа 2015 оны 01 сард 54.400.000 төгрөгөөр зарсан ба үүнээс 7.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд хавар ноолуурын мөнгөнөөс өгнө гэж тохирсон. Дараа нь Д.А  орон сууцыг авч чадахгүй болчихлоо, харин найз Б.Б д зарахаар боллоо гэж хэлсэн, найз Б.Б д нь орон сууцыг 50.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Удалгүй манай ажил дээр Б.Б  ирээд нотариат дээр очиж хэлцэл байгуулах талаар хэлсэн тул  би ажлаасаа гарч очоод сайн уншилгүй хэлцэлд гарын үсэг зурсан. Орой сургууль цэцэрлэг тарахаар хүмүүс  наймаа их сайн хийдэг болохоор өөрийн ажилдаа яараад гарын үсэг зурчихаад явсан юм. Б.Б  нь 39 сарын хугацаанд намайг маш их зовоосон, би өр зээлээ төлж чадахгүй, бараа материалаа авах мөнгөгүй байсан ч орон сууцны төлбөрөө өгөх байх гэж хүлээж байсан. 5 жилийн хугацаанд хамгийн их хохирсон хүн нь би, энэ хоёр хүн байрны төлбөрөө төлчихсөн бол би ийм хэцүү амьдрахгүй байсан. Би хоёр хүүхэдтэйгээ айлын хашаанд айлын гэрт толгой хоргодож амьдарч, хоёр хүүхдээ их сургуульд сургаж чадаагүй. Би орон сууцаа Б.Б д 50.000.000 төгрөгөөр зараад ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөрийг хасаад надад 21.000.000 төгрөг өгөх ёстой байсан ч Б.Б  нь надад мөнгө өгөлгүйгээр миний орон сууцанд амьдарч байсан. Мөн орон сууцыг хүмүүст түрээслүүлж ашиг орлого олж байсан талаар мэдсэн. 2019 оны 08 сард аймгийн холбооны гадаа Б.Б тэй бид нар дөрвүүлээ уулзахад нэг сарын дараа 14.000.000 төгрөг төлөх талаар тохиролцсон боловч бас л төлбөрөө төлөөгүй. Миний зүгээс Б.Б д тавьсан шаардлага бол орон сууцны урьдчилгаа мөнгө 18.800.000 төгрөг, мөн ипотекийн зээлд хамрагдаагүй байсан хугацааны 5 сарын хугацааны түрээсийн төлбөр 783.000 төгрөг, ипотекийн зээлд 368.000 төгрөг төлсөн эдгээр мөнгийг буцааж авах талаар шаардлага гаргаад, мөнгийг өгч чадахгүй бол орон сууцаа буцаан авах талаар хэлсэн байдаг. Иймээс байрны түрээсийг зах зээлийн үнэ 400.000 төгрөгөөр тооцож Б.Б гээс орон сууц ашигласны төлбөрөө шаардаж байгаа. Мөн Б.Б  нь Д.А гаар дамжуулан 5.000.000 төгрөг өгье хашаа байшин авчих гэж хэлүүлсэн байсан нь намайг маш их доромжилсон үйлдэл байсан. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Б.Б гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү.. гэв.  

Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 Б.З  нь 2013 онд ипотекийн зээлээр 64 м.кв 2 өрөө орон сууц авсан байдаг. Тухайн үед орон сууцыг зээлээр авахдаа урьдчилгаа 30 хувийг төлөөд, сарын 700.000 төгрөг төлж байсан ба тухайн орон сууцанд зарцуулсан нийт төлбөр нь 32.000.000 төгрөг төлсөн байдаг. Дараа нь орон сууцаа иргэн Д.А д зарахаар тохиролцсон байхад Д.А  нь тухайн орон сууцыг авах боломжгүй болмогц Б.Б д зарах талаар Б.З д хэлсэн байдаг. Б.З гаас Б.Б  нь орон сууцыг худалдан авч, тухайн орон сууцны урьдчилгаа төлбөрийг эргүүлэн өгөх талаар хэлж, орон сууцанд амьдарч байх хугацаандаа орон сууцны зээлийг төлж байхаар амаар тохиролцсон байдаг. Сүүлд нь орон сууцны зээлийг төлөх талаар нотариат дээр хэлцэл байгуулсан байсан. Амаар тохиролцсон хэлцэл нь Иргэний хуулийн 39, 40, 41 дүгээр зүйлүүдэд тус тус заасан хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байна гэх агуулгад нийцэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Б.Б гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.  

       Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Б.Б  нь Б.З гаас орон сууц худалдах худалдан авах гэрээний үүрэг 14.347.000 төгрөг гаргуулах, мөн 2017 оны 01 сарын 04-ний өдөр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.З нь эс зөвшөөрч худалдах худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагавар 15.769.000 төгрөгийг Б.Б гээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч Б.Б  нь 2017 оны 01 сарын 04-ний өдөр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Улсын бүртгэлийн Ү-0320002588 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр Баянхонгор сумын 1 дүгээр багийн 59 дүгээр байр 2 тоот 64м2, 2 өрөө орон сууц нь Бадарчийн З гийн өмч болох нь тогтоогджээ.  

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдын хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.                                                                                       Нэхэмжлэгч Б.Б  нь  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багт байрлах, 59-р байрны 02 тоот,  64 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч Б.З гаас зээлээр худалдаж авахаар тохиролцож, 2017 оны 01 сарын 04-ны өдөр зохигчид орон сууц зээлээр худалдах, худалдан авах хэлцэл байгуулсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан нотариатаар гэрчлүүлсэн хэлцэл болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрч Д.А гийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. 

Зохигчдын хооронд хийгдсэн дээрх “Хэлцэл”-ийг  Иргэний хуулийн 262-р зүйлийн 262.1-т:  Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ, гэж заасны дагуу худалдан авагч нь худалдагчийн Төрийн банкин дахь Ипотекийн зээл, хүүг төлөх үүргийг хүлээж, худалдагч Б.З  нь орон сууцыг Б.Б д шилжүүлсэн байгаа нь “Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ” гэж үзэх үндэслэлтэй байна.     

Тодруулбал нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2017 оны 01 сарын 04-ний өдөр хийгдсэн хэлцэлд зээлээр худалдаж байгаа орон сууцны хаяг, улсын бүртгэлийн дугаар, орон сууцны үнэ, төлбөрийг хэсэгчлэн төлөх нөхцөл зэрэг гэрээний гол нөхцлийг  тодорхой тусгасан, уг орон сууц нь банкны зээлийн барьцаанд байгааг дурьдаж, талууд гарын үсэг зурж, хэлцлийг нотариатаар гэрчлүүлсэн, орон сууцыг худалдан авагч Б.Б д шилжүүлсэн  зэрэг нь Иргэний хуулийн 196-р зүйлийн 196.1.1-д:  эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр, Иргэний хуулийн 196-р зүйлийн 196.1.2-т: гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар ..., гэрээг байгуулсанд тооцох  хуулийн шаардлагад  нийцсэн, мөн хуулийн 109-р зүйлийн 109.2-т:  Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх ..., гэсэн  хуулийн шаардлагыг хангасан байна. Хэдийгээр маргаан бүхий эд хөрөнгө нь  Хадгаламж банк /Төрийн банк/, Б.З  нарын 2013 оны 03 сарын 15-ны өдрийн 13/247 дугаар Орон сууцны зээлийн гэрээ, 2013 оны 08 сарын 06-ны өдрийн 1,040 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийн дагуу ипотекийн зээлийн барьцаанд байгаа болох нь тогтоогдож байгаач Иргэний хуулийн 171-р зүйлийн 171.1-д заасан Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна..гэсний дагуу Б.З  нь банкны үүргийн гүйцэтгэлийн барьцаанд байгаа ипотекийн зүйл болох орон сууцыг Б.Б д шилжүүлэх эрхтэй юм. Түүнчлэн Б.З  нь ипотекийн зүйлийг шаардах эрх буюу орон сууцны зээлийн хамт шилжүүлээгүй байгаа нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлд зааснаар ипотек болон шаардах эрх шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжиж болох тохиолдлуудаар зохицуулагджээ. 

Иймд нэхэмжлэгч Б.Б , хариуцагч Б.З  нарын хооронд 2017 оны 01 сарын 04-ний өдөр Иргэний хуулийн 262-р зүйлийн 262.1-т зааснаар “Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй, хэлцэл хүчин төгөлдөр байна.   

       Хариуцагч Б.З  нь өөрийн өмчлөлийн орон сууцыг 2016 оны 07 сарын 02-ны өдөр худалдан авагч Б.Б д шилжүүлж өгсөн, Б.Б  нь хэлцэлд заасны дагуу Б.З гийн нэр дээрх орон сууцны зээлийг сар бүр төлж,   нийт 14.347.000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Төрийн банкны  “Зээл төлөлтийн хуулга”, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.    

Мөн хариуцагч Б.З  нь нэхэмжлэгчтэй байгуулсан “Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-нээс татгалзаж, Б.Б  нь Баянхонгор сумын 1-р багт байрлах, 59-р байрны 02 тоот,  2 өрөө орон сууцыг хариуцагч Б.З д 2019 оны 10 сарын 10-ны өдөр буцааж хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан “ Байр хүлээлгэн өгсөн тухай” баримтаар тогтоогдожээ.   

Иймд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д:  ... худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй, гэж заасны дагуу  хариуцагч Б.З гаас 14.347.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй  гэж үзлээ.  

Б.З  нь 2016 оны 07 сараас 2019 оны 10 сарын 10-ны өдрийг хүртэл орон сууцыг ашиглаж амьдарсны төлбөр нэг сарын 400.000 төгрөгөөр тооцож, 15.200.000 төгрөг, мөн орон сууцанд эвдсэн зүйлийн үнэ 569.000 төгрөг, нийт 15.769.000 төгрөгийг Б.Б гээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч Б.Б эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2017 оны 01 сарын 04-ний өдөр хийгдсэн хэлцлийг Иргэний хуулийн 262-р зүйлийн 262.1-т заасны дагуу байгуулагдсан “Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ” гэж шүүх дүгнэсэн. 

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-д Энэ хуулийн 264.1-д заасан тохиолдолд худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй..гэжээ.

Гэвч талуудын хооронд байгуулагдсан хэлцэлд гэрээг цуцлах тохиолдолд худалдан авагч орон сууцыг өөрийн эзэмшилд байлгасан хугацаанд орон сууцыг ашиглаж, амьдарсны төлбөр тооцох талаар уг хэлцэлд тусгагдаагүй, энэ талаар талууд тохиролцоогүй, сөрөг нэхэмжлэлд орон сууцыг ашигласны төлбөрийг нэг сарын 400.000 төгрөгөөр тооцсон үндэслэл тодорхойгүй байна.   

Мөн сөрөг нэхэмжлэлд орон сууцны эвдсэн зүйлийн үнэ 569.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг гарган  ирүүлээгүй, шаардлагаа нотлоогүй байна.  

Тодруулбал сөрөг нэхэмжлэлд дурьдсан орон сууцны эвдрэл гэмтлүүд нь Б.Б  орон сууцыг эзэмшиж байх хугацаанд гарсан гэмтлүүд эсэх мөн ердийн элэгдэл, хорогдлоос илүү хэмжээний эвдрэл эсэх нь   тодорхойгүй, эдгээр эвдрэл, гэмтлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгоогүй байна. 

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө....гэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Б гээс төлсөн 229.685 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.З гаас 229.685 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б д олгож, хариуцагч Б.З гийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 236.795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 7110 төгрөгийг хариуцагч Б.З д улсын орлогоос буцаан гаргуулж шийдвэрлэлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2-ийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1-д тус тус заасныг баримтлан зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагавар  14.347.000 төгрөгийг хариуцагч Б.З гаас гаргуулж нэхэмжлэгч Б.Б д  олгож,   Б.З гийн 15.769.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Б.Б  нь  2017 оны 01  сарын 04-ний өдөр хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Б гээс төлсөн 229.685 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.З гаас 229.685 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б д олгож, хариуцагч Б.З гийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 236.795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 7110 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Б.З д олгосугай.        

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг  мэдэгдсүгэй.                                             

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж  заалдах гомдол гаргах  эрхтэйг  дурдсугай.   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ