Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
Хэргийн индекс | 101/2020/03317/и |
Дугаар | 101/ШШ2020/03141 |
Огноо | 2020-09-14 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2020/03141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Гаалийн 2-8 тоот хаягт оршин суух Баглаа овогт Сэржээгийн Э /РД:ХН70080169/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 100/2 байр, 31 тоот хаягт оршин суух Хутаг өндөр овогт Лхагважавын Г /РД:ГЮ73101774/-д холбогдох,
Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, орон сууцыг өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэл, зээлийн төлбөр 37,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжилцэрэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Т.Улаанбаатар нь Л.Гээс 25,000,000 төгрөг зээлэхээр болж барьцаанд нь миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, 32 байр, 37 тоот, 41,52 м.кв талбайтай 2 өрөө, Ү-2201041678 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалахаар болсон. Гэтэл Л.Г нь миний нэр дээр орон сууцаа шилжүүлж өг гэж шаардсан. Т.Улаанбаатар нь яаруу мөнгөний хэрэгцээтэй байсан учир Л.Гийн нэр дээр орон сууцаа дүр үзүүлж худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж өгсөн. Тухайн үед заавал худалдах, худалдан авах гэрээ хийнэ гээд Л.Г шаардаад байсан. Т.Улаанбаатар нь аргагүйн эрхэнд мөнгө зээлж авахын тулд дүр үзүүлж 25,000,000 төгрөгөө эргүүлж төлөөд өөрийнхөө орон сууцыг буцааж авна гэж амаар тохироод хуурамчаар худалдах, худалдан авах гэрээ Л.Гтэй байгуулсан. Л.Г бид 2 худалдах худалдан авах гэрээг 10,000,000 төгрөгөөр байгуулсны дараа 25,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлийн гэрээг бичгээр байгуулж Т.Улаанбаата бид хоёр гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Зээлийн гэрээний дагуу Л.Г нь миний Голомт банкны 1809328767 тоот дансанд 24,960,000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн. Би Л.Гээс авсан зээлийг Т.Улаанбаатарт өгсөн. Одоо Л.Г надаас Т.Улаанбаатарын зээлсэн 25,000,000 төгрөг гэх утгаар мөнгө нэхдэг. Би зээл авснаас хойш эргэн төлөлт хийж чадаагүй, харин Т.Улаанбаатар нэг удаа /өөрийн эгчийн дансаар Л.Г рүү 2019 оны 10 сард зээлсэн мөнгөний эргэн төлөлт хийсэн гүйлгээний утга дээр Т.Улаанбаатар гэж бичсэн/ Л.Гийн Голомт банкны 1105038290 тоот дансанд 3,000,000 төгрөг хийсэн. Өөр эргэн төлөлт хийж чадаагүй. Л.Г өөрөө над руу өөрийнхөө 99109817, 99028414 гэсэн дугаараар миний 99111129 дугаарт зээлийн хүү, үндсэн зээл нийлээд 33,550,000 төгрөг болсон, энэ байшинг би зарлаа, Т.Улаанбаатар байшинг зар гэж хэлсэн гэж надаас мөнгөө нэхээд миний байрыг зарна гээд байна. Уг байранд одоо өөр хүн амьдарч байгаа. Энэ орон сууцыг би Л.Гд 10,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан зүйл байхгүй. 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний дагуу Л.Г надад 10,000,000 төгрөг өгөөгүй. Харин бидний хооронд зээлийн гэрээг байгуулсан. Л.Г 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байр зарсны төлбөрт 10,000,000 төгрөг биш зээл 24,960,000 төгрөг миний дансанд хийсэн. Би худалдан борлуулах зорилгогүйгээр орон сууцыг Л.Гийн дарамт шахалтаар зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлсэн нь хууль бус гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлж хийсэн хэлцэл мөн болохыг тогтоолгох хүсэлтэй байна. Би 60,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцаа алдахад хүрээд байна, үүнийг би хууль бус гэж үзэж байна. Иймд 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Л.Г, С.Э нарын хооронд байгуулсан Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо Толгойт 18105 гудамж 32 байр 37 тоо 41,52 м.кв талбайтай 2 өрөө Ү-2201041678 улсын бүртгэлийн дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл мөн болохыг тогтоож, орон сууцыг миний өмчлөлд буцаан шилжүүлэхийг Л.Гд даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Л.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжилцэрэн нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие иргэн С.Этай 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр уг байрыг худалдах, худалдан авах гэрээг хийсэн бөгөөд уг гэрээг нотариатаар баталгаажуулсан болно. Энэ үедээ нотариатын хажууд уг гэрээний 7, 8, 9 дүгээр заалтуудын дагуу уг гэрээг тэгш эрхийн үндсэн дээр, талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлж, бусдын дарамт шахалт, нөлөөлөл байхгүйгээр хийсэн гэдгээ нотолж С.Э болон би гарын үсгээ зурж, нотариатаар баталгаажуулсан болно. Иймд миний бие дээрх байр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Л.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжилцэрэн нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэн С.Э нь мөнгөний яаралтай хэрэг байна надад мөнгө зээлээч гэсэн. Гэтэл миний бие барьцаа шаардахад С.Э нь өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, 32 байр, 37 тоот 41.52 м.кв 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулъя, тухайн 2 өрөө байрыг таны нэр дээр шилжүүлье, тэгээд зээлээ төлөөд буцаан авна хэмээн хэлж, тухайн байрыг миний нэр дээр шилжүүлэн 25,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тутам хоногт 0.5 хувь алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг зээлж авсан. Гэвч С.Э нь одоог хүртэл 25,000,000 төгрөгөө хүү, алдангийн хамт төлөхгүй хэрнээ харин ч эсрэгээрээ худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэмээн хүчин төгөлдөр бусад тооцуулж байраа буцаан авна хэмээн шүүхэд өгсөн байна. С.Э нь Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, 32 байр, 37 тоот 41.52 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалах байтал намайг хууль мэдэхгүйг далимдуулан зориудаар худалдах, худалдан авах гэрээ байгуулан надаас зээл 25,000,000 төгрөгийг авсан. Иймд С.Эгаас үндсэн зээл 25,000,000 төгрөг, алданги 12,500,000 төгрөг, нийт 37,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч С.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал нар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Хэрэгт сөрөг нэхэмжлэлтэй хамт өгсөн зээлийн гэрээ байгаа. Л.Г 25,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай С.Э, Т.Улаанбаатар нарт зээлдүүлсэн юм. С.Эгийн орон сууцыг Л.Гийн нэр дээр шилжүүлж авсан, үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна. Үндсэн нэхэмжлэлтэй уялдаа холбоогүй, харилцан тооцуулах мөнгө нэхэмжлэх боломжгүй, хариуцагчийн хэлж байгаагаар мэдсээр байж гуравдагч этгээдэд орон сууцыг зарсан болох нь харагдаж байна. Зээлийг зөвшөөрөх нь байрыг буцааж өгнө гэсэн үг өгүүлбэр хариу тайлбар дээр явж байгаа. Зээлийг авсан хүн нь Т.Улаанбаатар учраас би үүнийг төлөх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхтулга шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Л.Г гэх хүнтэй худалдах худалдан авах гэрээг хийж тухайн маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан. Тухайн үед Л.Г гэх хүний нэр дээр ямар нэгэн маргаангүй байсан. Тиймээс өөрийн худалдаж авсан орон сууцыг битүүмжлэхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Талууд маргаанаа шийдвэрлэсэн тохиолдолд худалдаж авсан 35,000,000 төгрөгийг бусад зардлын хамт төлбөл байшинг буцаан өгөхөд татгалзах зүйл байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчид, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Л.Гд холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, орон сууцыг өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл, хариуцагч Л.Г нь нэхэмжлэгч С.Эд холбогдуулан зээлийн төлбөр 37,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь эсрэг талын шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хариуцагчтай худалдах худалдан авах гэрээ байгуулан маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан, талууд маргаанаа шийдвэрлэн түүний төлсөн 35,000,000 төгрөгийг бусад зардлын хамт төлбөл орон сууцыг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй гэх тайлбар гаргаж байна.
Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх, сөрөг нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.
Зохигчдын хооронд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч С.Э нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2201041678 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, 32 байр, 37 тоот хаягт байршилтай, 41.52 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 10,000,000 төгрөгөөр худалдах, хариуцагч Л.Г нь орон сууцны үнийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцжээ /хх-3/.
Үүнээс гадна зохигчид болон хамтран зээлдэгч Т.Улаанбаатар нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, хариуцагч Л.Г нь нэхэмжлэгч С.Э болон хамтран зээлдэгч Т.Улаанбаатар нарт 25,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцжээ /хх-5/.
Дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч нь орон сууцыг хариуцагчийн өмчлөлд, зээлийн гэрээний дагуу хариуцагч нь зээл 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, хариуцагчид 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн Голомт банкин дахь 1105038290 тоот дансны хуулгаар тус тус тогтоогдож байна /хх-36, 39, 77/.
Талууд дээрх үйл баримтыг шүүхэд маргаагүй.
Худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3, 109 дүгээр зүйлийн 109.2, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Гэвч талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн байх ба уг тохиролцоо нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний агуулгад нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тухайн орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч үнийг төлж, хүлээн авах хүсэл зориг талуудын хэн алинд байгаагүй, харин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хийгдсэн гэрээ байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэстэй.
Нэхэмжлэлд худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлага гаргасан байх боловч энэ нь бие даасан шаардлага болохгүй, харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын буюу шаардах эрхийн үндэслэлд хамаарна. Иймээс тус шаардлагыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй.
Харин хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээнд заасан орон сууцыг хариуцагчаас буцаан шилжүүлэхийг шаардах эрхтэй.
Улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулсан баримтаар маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр хариуцагчтай байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу иргэн М.Ц бүртгэгдсэн болох нь тогтоогдсон /хх-36, 40-41, 43/ ба энэхүү үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан.
Хэрэг хянан шийдвэрлэх диспозитив зарчмын дагуу хэнд холбогдуулан ямар шаардлага гаргахаа нэхэмжлэгч өөрөө тодорхойлох бөгөөд нэхэмжлэгчийн хувьд, хариуцагчаас орон сууцыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн асуудлаар нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэж заасан тул хариуцагч болон гуравдагч этгээдийн хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний харилцааны талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх үндэслэлгүй болно.
Иймээс хариуцагч нь орон сууцыг гуравдагч этгээд М.Цийн өмчлөлд шилжүүлсэн байх тул орон сууцыг өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.
Түүнчлэн хариуцагч худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг нэхэмжлэгчид буцааж өгөх боломжгүй энэ нөхцөлд нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар орон сууцны үнийг төлөхийг шаардах эрхтэй ч ийм шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч С.Эгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 25,000,000 төгрөг, алданги 12,500,000 төгрөг, нийт 37,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч нь үндсэн нэхэмжлэлтэй уялдаа холбоогүй, харилцан тооцуулахаар мөнгө нэхэмжлэх боломжгүй, зээлийг хамтран зээлдэгч Т.Улаанбаатар авсан үндэслэлээр сөрөг шаардлагыг татгалзаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ гэж заасан ба нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэл нь орон сууцтай холбоотой байгаагаас үзэхэд зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хамт шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Гд холбогдуулан гаргасан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201041678 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, 32 байр, 37 тоот хаягт байршилтай, 41.52 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч С.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Эд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 37,500,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Л.Гийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч С.Эгийн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Гийн 345,450 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
| |||