| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2019/0809/Э |
| Дугаар | 2020/ДШМ/671 |
| Огноо | 2020-05-26 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.10.4.1., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2020/ДШМ/671
Б.М, З.Ж нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Оюунжаргал,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.З, К.М, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Амар, Б.Бат-Ерөөлт,
шүүгдэгч З.Ж, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, Д.Батбаяр,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Б.Гэрэл-Очир, Б.Наранцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.М даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 315 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Ж, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, Б.Наранцэцэг, Х.Даваахүү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.М, М.З нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.М, З.Ж нарт холбогдох 1927000710226 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Г овгийн Бы М, 1993 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Өвөрхөнгай аймаг дахь Цагдаагийн газрын харьяа Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах хэлтсийн мөрдөгч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 3 дугаар баг, Цөх гэх газарт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;
2. Х овгийн Зын Ж, 1955 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Завхан аймагт төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, Завхан аймгийн Улиастай сум, Богдын гол багийн 1-60 айл, 5 дугаар орцны 54 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 2 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг дэвсгэрт байх “Уугант” гэх газар 99-52 УНЦ улсын дугаартай “Subaru Forester” загварын тээврийн хэрэгслийг жолоодон хөдлөхдөө Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох:” 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Х.Быг мөргөж, амь насыг нь хохироон Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт,
шүүгдэгч З.Ж нь 2019 оны 2 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг дэвсгэрт байх “Уугант” гэх газар 04-44 УБҮ улсын дугаартай “Nissan Patrol” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг тус тус зөрчиж, Х.Быг дайрч, амь насыг нь хохироон Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар, З.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Галдан бошигт овогт Баянцагааны Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Харчу овогт Занширын Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 7 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Жт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 1 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.М, З.Ж нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хохирогч Х.Бын хувцаснууд, “ESSE” тамхины хайрцаг 1 ширхэг зэргийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэргийн хамт ирүүлсэн З.Жын 70387 дугаартай “В С О” ангиллын жолооны үнэмлэх, Б.Мөнх-Эрдэний В ангиллын 766620 дугаарын жолооны үнэмлэх зэргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, “Nissan Patrol” тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуй, “Subaru Forester” загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй, 00378417 дугаарын гэрчилгээ, 02068213 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, 4 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ж, Б.М нарын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх цагдан хоригдсон 05 /тав/ хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн 1927000710226 дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа хуулийн хүрээнд бүрэн гүйцэд хийгдээгүй. Шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын харьяалал зөрчигдсөн. Мөрдөгч болон хяналтын прокурорын зүгээс хэргийг шалгах, хяналт тавихдаа хэт нэг талыг барьсан нөхцөл байдал илт харагддаг. Үүнд, задлан шинжилгээний шинжээчийн 641 дугаартай дүгнэлт нь гэрч Б.Наранболд болон Ж нарын мэдүүлгээс зөрүүтэй. Талийгаач Х.Б нь дээш, доош харж хэвтсэн аль байрлалд байхдаа З.Жын автомашинд дайруулсан нь тодорхойгүй. Задлан шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлтэд талийгаачийн баруун хөлийн өвдөг, шилбэ, шагайн дотор хэсэгт хөхрөлт, асфалтан замын ором гарсан, дунд чөмөгний хугарлын хэсэгт өмд урагдсан байдаг. Талийгаач автомашинд дайрагдахад түүний хөл автомашины тэнхлэг доогуур орсон нь тодорхой байдаг. Үүнээс харахад талийгаачийн баруун хөл биеийн эргэлтдээ автомашины доод эд ангид цохигдох болон асфалтан замд савагдаж хугарсан байх боломжтой нөхцөл байдал харагддаг. Миний тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн бол талийгаачийн баруун хөлийн хугарсан хэсэгт түүний өмд урагдсан байх боломжгүй юм. Шүүхийн шинжилгээний байгууллага нь задлан шинжилгээний дүгнэлтийг 3 эмчийн бүрэлдэхүүнтэй гаргасан атлаа дээш, доош харж хэвтсэн аль байрлалд байхдаа автомашинд дайруулсныг З.Ж болон гэрч Б.Наранболд нарын мэдүүлгээс зөрүүтэй гарсан нь талийгаачийг босоо байрлалд байхдаа автомашинд мөргүүлж дунд чөмөг нь хугарсан гэдэг дүгнэлтийг үнэлэхэд учир дутагдалтай, эргэлзээтэй байна. Миний жолоодон явсан 99-52 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бамперын өндрийг шинжээч эмч Энхбат анх үзлэг хийж, хэмжихдээ зүүн талын 2 ширхэг дугуйгүй үед нь хэмжиж, буферын зүүн урд бамперыг газраас 70 см, баруун урд бамперыг 69 см гэж хэмжиж, талийгаачийн баруун дунд чөмөгний хэмжээтэй тааруулсан байдаг. Миний зүгээс хүсэлт гаргаж тээврийн хэрэгслийг дугуйтай байхад нь бамперын өндрийг хэмжүүлэхэд зүүн урд бампер газраас 65 см, баруун урд бампер газраас 63 см болж өөрчлөгдсөн. Тээврийн хэрэгслийн буферын баруун урд талын гэмтлийг шинэ, хуучны аль болохыг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Уг гэмтэл нь урьд үүссэн хуучин гэмтэл юм. Тухайн гэмтлийн талаар гэрчүүдээс мэдүүлэг авах хүсэлт гаргасан боловч хангаагүй. Миний тээврийн хэрэгслийн зүүн урд хаалганы шилэн дээрээс бэхжүүлж авсан цус мэт улаан хүрэн өнгийн гэх зүйл шинжилгээнд тэнцээгүй дүгнэлт гарсан байдаг. Техникийн шинжээч Энхболд нь хавтас хэргийн материалаар шинжээчийн дүгнэлт гаргасан гэх бөгөөд дээрх эргэлзээтэй болон шинжилгээнд тэнцээгүй, нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй, шинжээчийн дүгнэлтүүдийг өөрийн шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болгож техникийн шинжээчийн дүгнэлт гаргасан. Нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргахдаа миний тээврийн хэрэгслийн бамперын өөрчлөгдсөн хэмжээс талийгаачийн хэрэг гарах үед өмсөж явсан гутлын улны өндөр зэргийг харгалзан үзээгүй, шинжээчийн дүгнэлтэд ёс төдий дурдсан байсан. З.Ж нь гэрч Б.Наранболд болон түүний гэр бүлийн гишүүд рүү удаа дараа холбогдож залгасан нь өөрийн гэмт үйлдлийг нуун далдалж, гэм буруугүй болох гэсэн оролдлого гэж харагддаг. Миний согтолтын зэргийг тогтоолгохоор явуулсан цус нь “М 38 эр” гэсэн хаягтай байдаг. Тухайн үед би 26 настай байсан. Үүнийг шалгаагүй. Мөрдөгч шүүгчийн захирамжийг биелүүлэхдээ ёс төдий биелүүлж, илт намайг буруутгах талаас нь шалгасан. Мөрдөн шалгах байгууллагын харьяалал болон өөрийн гэм буруугийн талаар хэрэгт ажиллагаа хийлгэхээр мөрдөгч, прокурорт удаа дараа, шат дарааллаар нь гомдол хүсэлт гаргасан боловч огт хангаагүй, хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн зэргээс харахад миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж, хэт нэг талыг барьсан нь харагддаг. Гэрч Б.Наранболд мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэгтээ “М машинтайгаа хөдлөөд явсны дараа талийгаач зам дээр зогсож байсан, гуйвж алхаж байгаад 4 хөллөөд унасан, тэгээд дээш хараад хэвтсэн” гэсэн мэдүүлэг, шинжээч эмчийн шүүх хуралдааны “дунд чөмөг нь хугарсан хүн 4 хөллөх боломжгүй” гэсэн мэдүүлгүүд болон дээрх нөхцөл байдлуудаар талийгаач миний автомашинд мөргүүлсэн гэх үйл баримт үгүйсгэгдэж байна. Иймд гомдлыг хүлээн авч, хэргийг прокурорт буцааж, мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд, бүрэн гүйцэд хийлгүүлж, хэргийг үнэн бодитоор хийлгүүлэх нөхцөл боломжоор хангаж өгнө үү. Миний бие 2 хүүхдийн хамт амьдардаг. Том хүү 2 настай, бага хүү 5 сар хүрч байгаа зэрэг хувийн байдлыг харгалзаж үзнэ үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Мөнх-Эрдэнийн учруулсан гэх үйлдэл хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогддоггүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 641 дугаар дүгнэлтээр “...баруун дунд чөмөгний бампер хугарал, дотор эрхтний доргилт, ...гэмтэл тогтоогдлоо. Эдгээр нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлээс баруун дунд чөмөгний бампер хугарал, дотор эрхтний доргилт ... автомашинд мөргөгдөх үед, тухайлбал хүний босоо байрлалд биеийн араас буюу баруун гуяны хэсэгт ойролцоогоор 69 см өндөр бампертай машинаар мөргөсөн үед үүснэ. /2хх 63-65/ Шүүх хуралдааны явцад шинжээч эмч Ч.Эрдэмболор мэдүүлэхдээ ойролцоогоор 69 см өндөр бампер гэдэг нь хэдэн см зөрүү үүсэх талаар асуухад 20 см гэж хариулснаас үзэхэд 49-89 см-ийн өндөр бампертэй тээврийн хэрэгслээр үүсгэгдэх боломжтой гэмтэл болж таарч байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1543 дугаар дүгнэлтээр 99-52 УНЦ тээврийн хэрэгслийн зүүн талын хаалганы шилэн дээрээс авсан цус мэт зүйлийг шинжилгээнд явуулсан боловч амь хохирогчийнх эсхүл Б.Мөнх-Эрдэнийн болохыг нь тогтоох боломжгүй гэсэн байдаг. /2хх 191/, гэрч Б.Наранболдын “...бие засах үед Б.Мөнх-Эрдэнийн автомашин хазлах чимээ сонсогдсон. ...ингээд хазлах чимээ сонсоод эргээд хартал Б.М шууд явж байсан зүгтээ буюу урд зүг рүү хөдлөөд явсан бөгөөд амь хохирогч Х.Б зогсож байсан газраасаа жаахан автомашин тал руугаа голлоод орчихсон байдалтай зогсож байсан. ...” гэх мэдүүлэг. /2хх 241/ Шинжээч Э.Энхболдын 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 216 дугаар дүгнэлтийн 7 дахь заалтаараа Нэг. Зураг /1хх 28, 29/-т гарсан зүүн урд хаалганы дээд хэсэг болон зүүн урд талын салхины шилний хэсэгт тус тус байх цус мэт улаан хүрэн өнгийн зүйлсийг дахин шинжилгээнд өгч амь хохирогчийнх мөн эсэхийг тодорхойлох Хоёр. 99-52 УНЦ “Subaru Forester” загварын тээврийн хэрэгслийн хаана зогсож байгаад хөдөлсөн ул мөрийг тогтоох Гурав. Наранболд замын аль тал руугаа буусан Дөрөв. Б.М автомашинтайгаа осол болсон цэгээс ямар зайд яваад хаана буцаж эргээд ирж зогссон ... зэргийг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой талаар дүгнэлт гаргасан байдаг. /2хх 247-249/ Улмаар нэмэлт шинжилгээ хийсэн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 216/1 тоот дүгнэлт /4хх 214-216/ нь бусад шинжээчийн дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан баримтуудтай шууд зөрчилддөг. Тухайлбал, М.Энхбатын гаргасан /2хх 90/ 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн дүгнэлтээс “Subaru Forester” загварын тээврийн хэрэгслийн баруун урд буферт үүссэн гэх гажилт нь тээврийн хэрэгсэл гадны биет мөргөх, шүргэх үед үүсч болно” гэснийг үндэслэсэн байх боловч шинжээч М.Энхбат нь яг энэ дүгнэлтээрээ уг үүссэн гэмтлийн шинэ хуучныг тогтоох боломжгүй гэж үзсэн байдаг. Мөн уг гэмтлийг бид хэзээ хэрхэн үүссэн талаарх үйл явдлыг тогтоолгох зорилгоор гэрч асуулгах хүсэлтийг удаа дараа мөрдөгч, прокурорт гаргаж байсан боловч шийдвэрлээгүй. Дүгнэлтэд амь хохирогчийг гуталтай байсныг тооцох гэсэн боловч хэдэн см өндөр өсгийтэй гутал байсан талаар огт дурдаагүй байна. Түүнчлэн миний үйлчлүүлэгчийн тээврийн хэрэгслийн зүүн урд шил, хаалга хэсэгт байсан цус мэт зүйл улаан хүрэн өнгийн зүйлс гэсэн байгаа нь шинжилгээнд тэнцэхгүй гэсэн урд гаргасан шинжээчийн дүгнэлттэй агуулгаараа зөрчилдөж байна. Мөн амь хохирогч нь миний үйлчлүүлэгчийг тээврийн хэрэгсэлтэйгээ хөдөлгөөн хийсний дараа ард нь босоо байсан, улмаар дөрвөн хөллөсөн зэрэг байдлаас үзэхэд дайрагдаагүй байсан байх бөгөөд энэ талаар шүүх хуралд шинжээч нараас дунд чөмөгний хугарал гэмтэл авсан хүн дөрвөн хөллөх, босох, алхах, мөлхөх зэрэг үйлдэл хийх боломжгүй талаар мэдүүлдэг. Тэгэхээр миний үйлчлүүлэгч амь хохирогчийг дайрсан гэх үйл баримт нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл энэ нөхцөл байдал нь гэмт хэрэг гарсан байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэрэг гарсан байдлыг огт тогтоогдоогүй гэдгийг илэрхийлж байна. Б.Мөнх-Эрдэнийн тээврийн хэрэгслийн бамперын өндөр амь хохирогчийн ясны хугарлын түвшинтэй нь ойролцоо байгаа нь Б.Мөнх-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгийг илэрхийлэхгүй. Учир нь, тээврийн хэрэгсэлд их хэмжээний ачаа ачсан үед тээврийн хэрэгслийн өндрийн хэмжээ багасдаг. Мөн хөдөлгөөний эрчмээс хамаарч өөрчлөгдөх боломжтой гэж үзэж байна. Мөн амь хохирогчийн гутлын өсгийний хэмжээг тогтоогоогүй нь тухайн бамперын хугарал авсан гэх цэгийг улам өндөрсгөнө. Түүнчлэн миний үйлчлүүлэгч Б.М амь хохирогчийн баруун хөлийг тээврийн хэрэгслээрээ дайрсан бол тухайн тээврийн хэрэгсэлд ямар хэмжээний гэмтэл үүсэх, хэдий хэмжээний хүч буюу хэдэн км цагийн хурдтай үед энэ гэмтлийг үүсгэх боломжтой эсэх зэргийг тогтоогүй. Иймээс гэрч Наранболдыг оролцуулан мэдүүлгийг газар дээр нь шалгах, миний үйлчлүүлэгчийн тээврийн хэрэгсэл нь бусдын амь нас эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахаар хурдыг хэдэн метрт авсан эсэх, амь хохирогчийн гуталтай байх үеийн бампер хугарлыг тогтоолгох, улмаар хавтас хэрэгт дахин шинжилгээ буюу бүрэлдэхүүнтэй шинжилгээ нэмж хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Дээрх ажиллагаануудыг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Б.Наранцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөний улмаас Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ нь нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлж авах ёстой заалт зөрчигдөж, энэ хэргийг гол толь болсон Шүүх эмнэлгийн 641 тоот дүгнэлтийг гаргасан бүрэлдэхүүнд энэ хэрэгт анхны хэргийн газрын үзлэгт оролцсон Өвөрхангай аймгийн Хархорин сумын шинжээч эмч Л.Амгаланг оролцуулж дүгнэлт гаргуулснаас эхлээд Шүүх шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж нотлох баримт цуглуулж эхэлсэн. Энэ хууль бус бүрэлдэхүүнтэй гарсан дүгнэлтээс улбаалаад хэргийг бүх талаас бүрэн дүүрэн яллах, цагаатгах ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөлийг эргэлзээгүй тогтооно гэсэн зарчим алдагдаж зам тээврийн ослын актууд энэ 641 тоот дүгнэлтэд үндэслэн энэ дүгнэлтээс иш татаж гардаг. Ийм учраас миний үйлчлүүлэгч Б.М нь одоо хүртэл би бусдын амь насыг хохироогоогүй. Миний машин талийгаачийг мөргөөгүй, машинд үүссэн хуучин гэмтлийг нотолж шалгаагүй хэмээн маргаж байгаа юм. Мөн мөрдөгч энэ хэрэгт хууль ёсны дүгнэлт гаргаагүй, шинжээчээр тогтоогдоогүй, шинжээч эмч Ц.Ганболдыг шинжээчээр тооцож мэдүүлэг авахдаа мөн л хууль зөрчиж мэдүүлэг авсан. 641 тоот дүгнэлт гаргасан шинжээч Ч.Эрдэмболороор мөн л дахин хэргийн материалаар 343 тоот дүгнэлт гаргуулж байгаа нь энэ хэргийг зөвхөн нэг талаас, нэг өнцгөөр шийдвэрлэхэд нөлөөлжээ. Иймд хууль зөрчиж авсан нотлох баримт болох 641 тоот дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн 315 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн прокурорт буцааж өгнө үү. Зам тээврийн ослын актаар Б.Мөнх-Эрдэнийг “а/ согтуугаар, б/ жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчныг шахаж, аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчиж амь хохирогчийг зүүн урд талаараа мөргөсөн байх үндэслэлтэй дүгнэлт гарсан байхад машины үзлэг, дүгнэлтээр Б.Мөнх-эрдэнийн машины зүүн урд буферт эвдэр гэмтэл үүсээгүй, ямар нэг шинэ ямар ч ул мөр илрээгүй юм. Гэтэл энэ дүгнэлтээ тайлбарлаж шинжээч эмч Э.Энхболд мэдүүлэг өгөхдөө мөн л шүүх эмнэлгийн дүгнэлтийг үндэс болгожээ. Б.Мөнх-Эрдэнийн машины зүүн урд хаалганы хэсэг, зүүн урд салхины шилний хэсэгт цус мэт зүйлийг шинжээчийн дүгнэлтээр, дүгнэлт гаргах боломжгүй гэдгийг дүгнэсэн бөгөөд 7 удаа мэдүүлэг өгсөн гол гэрч Б.Наранболд талийгаач X.Б Б.Мөнх-Эрдэнийн хамар руу цохиж цус гарсан гэдэг мэдүүлэг өгч няцаадаг. Энэ нь Зам тээврийн ослын акг үнэн зөв гарсан гэхэд эргэлзээтэй болж байгаа юм. Мөн Б.М болон өмгөөлөгч нараас мөрдөн байцаагч, прокурорт удаа дараа гомдол гаргаж энэ асуудлыг шалгуулах хүсэлтийг гаргаж байсан боловч хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан. Шүүх эмнэлгийн 641 тоот дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Ч.Эрдэмболор анхны шүүх хуралд оролцож мэдүүлэг өгөхдөө босоогоороо хөлөндөө ийм хугарал авсан хүн мөлхөх үйлдэл хийх боломжгүй. энэ гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт орно хэмээн тайлбарласан бол гол гэрч Б.Наранболд “Талийгаач X.Б замын голд мөлхсөн, ёолж байсан.” гэсэн мэдүүлэг өгдөг. Энэ зөрүүтэй эргэлзээтэй мэдүүлгээр бусдыг гэм буруутай гэж үзэж байгаа нь туйлын учир дутагдалтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэг үйлдсэн хүн бүрийн үйлдэл, оролцоог нарийвчлан тогтоож ял шийтгэлийг ялгаатай хэрэглэх талаар хуульчилсан. Гэтэл шүүх ял шийтгэлийг 2 шүүгдэгчид ялгамжтай хэрэглэж чадаагүй бөгөөд Б.Мөнх-Эрдэнийг буруутай гэж үзвэл согтуугаар автомашин барьж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулсан гэх зүйлчлэлээр шийдвэрлэх байсан болов уу. Иймд 641 тоот шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 2 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн “Уугант” гэх газарт болсон зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгийн (анхны) шинжээч эмч Амгалан оролцсон /1хх 4/ байдаг бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 641 тоот шинжээчийн дүгнэлт гаргах бүрэлдэхүүнд оролцсон /2хх 63/ байдаг. Тус шүүх эмнэлгийн шинжээч томилох тогтоолыг мөрдөн байцаагч Батцэнгэл үйлдсэн. Энэ тогтоолтой шинжээч Амгалан танилцаж, гарын үсэг зураагүй /2хх 61/ байна. Иймд 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 641 тоот шүүх эмнэлгийн дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 641 тоот шинжээчийн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй гаргаж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар прокурорын тогтоолоор гаргах ёстой. ...Шинжээч эмч Эрдэмболор 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 343 тоот шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /2хх 72/ гарсан нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл бүрдсэн гэж үзнэ. Тухайн хэрэгт 3 удаа схем зураг үйлдсэн бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн үзлэгт гэрч Наранболдыг оролцуулаагүй, эхний 2 схем зурагтай зөрчилдөж /4хх 205/ байгаа. Энэ нь шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаа үнэн, зөв хийгдээгүй гэж үзэж байна. Б.Мөнх-Эрдэнийн жолоодон явсан “Subaru Forester” загварын 99-52 УНЦ машинд үүссэн гэмтлийг явган зорчигчийн биед үүссэн шинэ эвдрэл гэмтэл гэж шинжээчийн дүгнэлтээр хөдөлшгүй баримтаар тогтоогоогүй ба эргэлзээтэй байдаг. Хохирогчийн өмсөж явсан хувцас болон биеэс үүссэн эд зүйлс, Б.Мөнх-Эрдэнийн жолоодон явсан тээврийн хэрэгсэлд үүсээгүй нь хохирогчийн биед авсан гэмтэлд хамааралгүй гэж үзэж байна. Тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах харьяаллыг Улсын Ерөнхий прокуророос буруу тогтоосон гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. ...” гэв.
Шүүгдэгч З.Ж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие уг хэрэгт болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлсэн бөгөөд хэргийн үнэн зөвийг олж өгнө гэдэгт итгэсээр ирсэн. Миний бие 65 настай бөгөөд 2015 онд зүрхний шигдээс болж эмчлүүлж байсаар 2016 онд зүрхний титэм судас солих хагалгаанд орсон. Үүнээс хойш зүрх судасны нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байдаг. Анхан шатны шүүхээс надад хорих ял оногдуулсан өдрөөс хойш биеийн байдал эрс муудаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа хорих 409 дүгээр ангид 7 хоноод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт 9 дэх хоногтоо хүнд байдалтай эмчлүүлж байна. Иймд миний биеийн бодит зовлон, нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч З.Жын өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч З.Жын холбогдсон хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих зүйлсийг хуульчлан заасан байх боловч хэргийн сэдэл шалтгаан нөхцөл, уг гэмт хэргийг хэн үйлдсэн талаар бүрэн дүүрэн нотолж чадалгүй, гэрч Наранболдын мэдүүлгээр миний үйлчлүүлэгчийг яллагдагчаар татаж ирүүлсэн яллагдагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа хуулийн хүрээнд бүрэн дүүрэн хийгдээгүй байгаа учраас хэргийг прокурорт буцааж дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай талаар өмгөөллийн дүгнэлт гаргасан боловч Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон. Хэргийн нөхцөл байдлын хүрээнд, хавтас хэрэгт улсын яллагчийн зүгээс Наранболдын мэдүүлэг, шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 22–ны өдрийн 154 дугаартай шинжээчийн дүгнэлтээр буруутгаж яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн. Гэрч Наранболд нь хэрэгт удаа дараа мэдүүлэг өгдөг боловч болсон хэргийг талаар үнэн зөв мэдүүлэг огт өгдөггүй хэрэгт ашиг сонирхол хамаарал бүхий этгээд юм. Наранболд нь “Тухайн үед бид 3 Хархорин сум руу явж байхад талийгаач Б бие засмаар байна, би буумаар байна гэж хэлсэн тэгэхэд М удахгүй сумын төв орлоо, төв орж байгаад бие зас гэж хэлээд зогсохгүй яваад байсан. Талийгаач тэгэхэд Б зогсооч гээд Мөнх-Эрдэнийн хажуугаас жолооны хүрдийг нь бариад машиныг дайвалзуулаад, би хойноос нь зогс зогс гэж хэлээд М машинаа зогсоосон. Тэгэхэд М машинаасаа бууж ирээд талийгаач Б дээр очсон тэр үед талийгаач Б машинаас буугаад тэр 2 машины хажууд барьцалдаж авсан, би ч жолооны эсрэг тал руу буугаад тэр хоёрын дундуур ороод боль боль гэж хэлээд салсан. Тэгээд бид 3 машины хойд талд гараад та 2 хэрэлдэж маргахгүй шүү, бие засчихаад явъя гэж хэлсэн тэр үед тэр хоёр хоорондоо маргалдах, зодолдох шинжгүй байхаар нь би цаашаа далан руу буугаад бие зассан. Бие засах үед Мөнх-Эрдэнийн машин хазлах чимээ гарахаар нь эргээд харахад М машин хөдлөөд явсан. ...Тэгэхэд талийгаач Б зам дээр зогссон нааш цааш гуйвж байснаа урагшаа 4 хөллөж унаад улмаар дээшээ харсан. ...” гэсэн удаа дараагийн мэдүүлэг байдаг бөгөөд уг мэдүүлгээс амь хохирогч М хоёрын хооронд хувийн таарамжгүй харьцаа байсан болох мөн амь хохирогч Мөнх-Эрдэнийг машинтайгаа хөдлөхөд газар унаад дээшээ харж хэвтсэн болох нь тогтоогдлоо гэж үзвэл Ж гэрчээр өгсөн, гэрч Амгалан, Ишжамц, Бархас, Чимгээ нарын мэдүүлгийг юу гэж үзэх вэ. Хэрэг болсон зам дээр 2 суганаас нь өргөөд талийгаачийг чирээд явж байсан талаар харсан гэрч нарын мэдүүлгийг үнэлэхгүйгээр дан ганц Наранболдын мэдүүлгийг үнэлж Жыг буруутгаж болохгүй. Шүүх эмнэлгийн 2018 онд гаргасан 641 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Цээж, хэвлийн хөндийг нээхэд дотор эрхтнүүдийн байрлал зөв, цээж, хэвлийн хөндийд илүүдэл агууламжгүй, ... цээжний хэнхэрцэг, нугалам, нугас, дээд мөч, зүүн хөлийн яс бүтэн гэмтэлгүй. Баруун 10, 11 дүгээр хавирганы түвшинд суганы дунд шугамаар хавирганы гадна зөөлөн эдэд 12x7 см цус хуралттай, уг цус хуралтын доод талаас 12 дугаар хавиргаас эхлээд бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны доод хэсэг хүртэл гадна болон ар талаар 47x41 см уутлагдсан том шархтай, шархны хөндийд их хэмжээний нөжирсөн болон шингэн цус, няцарсан зөөлөн эд өөхөн дусал бүхий агууламжтай. Аарцагт умдагны хоёр талын дээд, доод салаа эрвээхий хэлбэрийн хугаралтай, зөрсөн, дээд салааны хугарлууд хэлтэрхий үүсгэсэн, баруун сүүжний дэлбэнд ууц сүүжний 2.5 см зайнаас эхлэн үелэмжээс хөндлөн аарцагны цагираг бүрхэвч тасарсан хугаралтай, уг хугарлаар гадагш зөрөхгүй хугарлын ирмэгүүд хоорондоо тээглэнэ, дотогш аарцагны хөндий рүү бүрэн салж зөрнө, зүүн сүүж ууцны үелэмжээрсалж ангайсан хугаралттай өсгийнөөс дээш 69 см зайд дунд чөмөгний дунд 1/3 хэсгийн ар гадаргууд 4 см өргөн суурьтай гурвалжин хэлбэрийн хэлтэрхий үүсгэсэн хугаралтай, зөрөөтэй Дүгнэлт хэсэгт 1. Талийгаач Х.Бын цогцост баруун дунд чөмөгний Бампер хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уушги, элэгний саран холбоос, өрцний цус хуралт, бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал, баруун хөмсөг, шанаа, хамар, зүүн хацар, эрүү, хэвлий, баруун, зүүн өвдөгт зулгаралт, зүүн гарын хоёрдугаар хуруу, баруун өгзөгт шарх, баруун гуя, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлээс баруун дунд чөмөгний хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уушги, элэгний саран холбоос, өрцний цус хураглт баруун гуя өвдөг, шилбэний цус хуралт нь автомашинд мөргөгдөх үед, тухайлбал хүний босоо байрлалд биеийн араас буюу баруун гуяны хэсэгт ойролцоогоор 69 см өндөр бампертай машинаар мөргөсөн үед үүснэ. Бүсэлхий баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал, хэвлийн хэсгийн зулгаралт, баруун өгзөгний шарх нь автомашинд дайрагдах үед, тухайлбал хүний хэвтээ байрлалд доош харж хэвтсэн үед нь бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны хэсгээр автомашины дугуй гарсан нөхцөлд үүснэ. Харин баруун хөмсөг, шанаа, хамар, зүүн хацар, эрүү, баруун, зүүн өвдөгний зулгаралт, зүүн гарын хоёрдугаар хурууны шарх нь ямар ч байрлалд, автомашинд мөргөгдөх, дайрагдах аль ч үед үүсч болно... “ гэсэн бөгөөд Ж амь хохирогчийг газар хэвтэж байхад нь дарсан гэж анхан шатны шүүх дүгнэж үзэж байгаач уг дүгнэлтийг үгүйсгэх дараах нөхцөл байдлууд хэрэг нотлох баримтаар авагдсан гэрч Наранболд амь хохирогч дээшээ хараад хэвтэхэд нь 04-44 УБҮ автомашин дайрсан гэж мэдүүлдэг. Гэтэл шинжээч дүгнэлтдээ амь хохирогч доошоо харсан байхад уг гэмтлийг үүсгэх боломжтой гэж шүүхийн дүгнээд байгаа нотлох баримтууд хоорондоо зөрчилдсөн. Ялтан Жын унаж явсан Ү-62 дугаартай 04-44 УБҮ улсын дугаартай машины бодит жин 2720 тн жинтэй /4хх 121/ бөгөөд уг машинаар амь хохирогчийг 60-70 км цагийн хурдтай яваа машин дайрсан тохиолдолд яг юу болох вэ гэдэг хэнд ч ойлгомжтой. Амь хохирогчид бүтэн эрхтэн нэг ч үгүй байх байсан. Гэвч дээрх шинжээчийн дүгнэлтүүдээр амь хохирогчийн дотор эрхтнүүд ямар нэгэн няцрал бэртэл байхгүй. Харин баруун талд л гэмтэлтэй, зүүн талын хөл бүтэн байгаа нь амь хохирогчийн Ж дайрсан болох нь хангалттай үгүйсэгддэг. Техникийн шинжээчийн дүгнэлт /1хх 82-83/ авагдсан байх бөгөөд “...4. Дугуй хээний гүн нь баруун урд дугуй 9.21 мм, зүүн урд дугуй 10.26 мм, баруун хойд дугуй 9.3 мм, зүүн хойд дугуй 10.26 мм байгаа нь стандартын шаардлага хангаж байна” гэжээ эндээс үзэхэд 04-44 дугаартай автомашины дугуйн хээний гүний хэмжээ харагдаж байгаа бөгөөд амь хохирогчийн дайрсан тохиолдолд уутлагдсан шарх биш гадна хувцас болон бие эрхтэнд маш их хэмжээний хохирол учруулахаар байна. Улсын яллагчийн зүгээс 2 дугаар хавтас хэргийн 191 дугаар талд авагдсан 1534 дугаартай 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1540 дугаартай шинжээчийн дүгнэлтээр буруутгаж байгаа бөгөөд уг нотлох баримтыг гэм буруутайд тооцох гол нотлох баримт болгосон. Нэгдүгээр хавтас хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “...04-44 УБҮ улсын дугаартай ...загварын автомашинд үзлэг хийхэд баруун талын урд дугуйны гадна хэсэгт юманд хавирч , үрэгдсэн байж болох ул мөр дугуйн резинэн хэсэгт байсан тул уг дугуйг жолоочоор нь тайлуулан авч нарийвчлан үзлэгийг нь хийхээр тогтов. ...” гэж эндээс үзэхэд уг дугуйг хураан авсан болох нь нотлогдож байна. 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 1624 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх 111/ авагдсан бөгөөд уг шинжилгээгээр 04-44 УБҮ улсын дугаартай машины зүүн урд дугуйнд Биологийн ул мөр байгаа эсэхийг шинжилсэн бөгөөд Шинжилгээнд ирүүлсэн уг дугуйнд цус илрээгүй болох талаар дүгнэсэн байна. Энэ талаар ялтан Ж шүүхийн хэлэлцүүлэгт “...Анх миний машины дугуйг аваад бодис дусааж үзэхэд миний дугуй зүгээр байсан ямар нэгэн зүйл гараагүй харин миний дугуйнд Мөнх-Эрдэнийн хамааралтай хүмүүс биологийн шинжилгээг сольсон гэж үзэж байна...” гэж мэдүүлдэг нь ч үндэслэлтэй байхаар байгааг анхан шатны шүүхээс анхаарч үзнэ үү. Мөн уг хэргийг Хархорингийн цагдаагийн газраас Жт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан болохоос биш Мөнх-Эрдэнийг холбогдуулж шалгахыг хүсээгүй энэ нь ч тодорхой үйл баримтаар нотлогдоно. /1хх 6/ “...92-52 УНЦ улсын дугаартай автомашины хойд буфер хэсэг нь цуурч хагарсан, скотчоор тогтоосон нь хуучирсан байдалтай , баруун талын кабины урд хаалганы шилэн дээр цус мэт зүйлийн улаан өнгийн толбо тогтсон байсныг тэмдэглэлд тусгаж авав. ...Хавтас хэргийн 18 дугаарт талд авагдсан зураг 28, 29”, 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 99-52 УНЦ улсын дугаартай машинд үзлэг хийсэн бөгөөд “...кузовын зүүн доод хэсэг буюу зүүн лонжромны зүүн хажуу хэсгээс биологийн гаралтай эд зүйлийг гэрэл зургийн аргаар бэхжүүлж хөвөн бамбайд шингээж хураан авав. ...”, хавтас хэргийн 7 дугаарт талд авагдсан фото зураг 8, 9, 10 дугаартай фото зургаар нотлогдсоор байхад уг тодорхой эд мөрийн баримт нь шүүх шинжилгээний дүгнэлтэд тэнцэхгүй. Харин Жын автомашины зүүн дугуй дээрх цус нь талийгаачийн цус гэж гарч ирсэн нь хэргийн бодит байдлыг өөрчлөхийн тулд зориуд зохион байгуулалттай хийгдсэн гэж үздэг. Хархорин сумын цагдаагийн газрын мөрдөгч нар 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Жын автомашины зүүн урд дугуйг хураан авсан бөгөөд хураан авсан тогтоол үйлдээгүй тухайн ажиллагаагаа хүчинтэйд тооцуулах прокурорын тогтоол үйлдээгүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасны зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримт мэдээллийг нотлох баримт гэнэ”, “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно” гэж хуульчлан заасныг зөрчсөн. Иймд хэргийг мөрдөн прокурорт буцааж амь хохирогчийг 04-44 улсын дугаартай машиныг барьж явсан З.Ж дайрсан эсэх, 2680 тн жинтэй автомашин 70-80 км цагийн хурдтай явж байсан машинд дайрагдсан тохиолдолд амь хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлээс илүү хүнд бяцрал, няцрал үүсэхээр байвч үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай тул хэргийг прокурорт буцааж өгнө үү. Хэрэв шүүхээс хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэвэл хавтас хэрэгт авагдсан эргэлзээ бүхий нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар буюу хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт гаргасан. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутайд тооцсон тул өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 5 хоногийн завсарлага авч, шүүхээс тогтоосон хохирогчид учирсан хохирол 6.410.369 төгрөгийг төлж барагдуулсан. Өмгөөлөгчийн зүгээс ял оногдуулах хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл, хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэж хуульчлан заасан бөгөөд анхан шатны шүүхээс хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр З.Жыг гэм буруутайд тооцож байгаа шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Иймд хохирогчид учирсан хохирлыг шүүхийн тогтоосноор төлж барагдуулсан миний үйлчлүүлэгчийн хувьд Улаанбаатар хотоос Завхан аймаг руу явж байсан бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд холбогдсон, хохирогчид учирсан материаллаг хохирлыг төлж барагдуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасны дагуу З.Ж 2016 онд зүрхний титэм судасны хагалгаанд орсон байнгын эмчийн хяналтад байдаг зэрэг нь хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарахаар байгаа тул З.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.2-т заасны дагуу шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэсэн саналыг гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Иймд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэж хуульчлан заасан тул ялтан З.Жын үйлдэлд анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хувийн байдлыг нь харгалзан үзэж тэнсэн хянан харгалзаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч З.Жын өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Дашдорж өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. 04-44 УБҮ улсын дугаартай машиныг жолоодож явсан шүүгдэгч З.Ж болон бусад хүмүүс хэргийн газарт очиход уг хэрэг үйлдэгдсэн байсан. Хавтас хэрэгт авагдсан баримтыг судалж үзэхэд тодорхой харагддаг. Учир нь, амь хохирогчийг чирээд явж байсан нөхцөл байдал байдаг. Шүүгдэгч Б.М нь мөрдөгч хийж байсан. 04-44 УБҮ улсын дугаартай машин талийгаачийг мөргөсөн гэж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг. Үүнийг шүүх бүрэлдэхүүн онцгой анхаарч өгнө үү. Гэрч Наранболдын мэдүүлгүүд маш зөрүүтэй. Хэрэг учрал 2019 оны 2 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө үйлдэгддэг. Дашдорж өмгөөлөгчийн дурдсан шинжээч эмч Б.Тэнүүний 1624 тоот дүгнэлтэд 04-44 дугаартай автомашины дугуй обуд, дугуйн явагч хэсэг болон бусад гадаргууд цус илрээгүй гэсэн байдаг. Энэ дүгнэлт маш ач холбогдолтой нотлох баримт байгаа. Үүнд үнэлэлт дүгнэлт өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л ажиллагааг хийсэн боловч эргэлзээ төрвөл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчимтай. Энэ зарчмынхаа хүрээнд З.Жын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хүү талийгаач X.Б бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдаж, бидний гэр бүлд маш их уй гашуу тохиож насан туршийн зовлонд унаад байгаа билээ. Уг хэргийг үйлдэгч Б.М нь санаатайгаар миний хүүгийн амь насыг хөнөөж, нотлох баримтыг устгаж, уг хэргийг тээврийн хэрэг болгон харагдуулж чадсан юм. Миний хувьд үнэхээр хэцүү байна. Хайртай ганц хүүгээ хүнд алуулчихаад ямар ч эх хүн тайван амгалан байж чадахгүй. Миний хувьд өдөр бүр хүүгийнхээ араас л уйлж гансрахаас өөр хийж чадах зүйл алга байна. Би үнэхээр их шаналж зовж байна. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг энэ юм байна. Хүү минь ээж, аавдаа ачлалтай, төлөв даруу, тусархаг, цайлган зантай, хамаатан, хамт олныхоо дунд нэр хүндтэй хүн байсан юм. Харин одоо Б.Мөнх- Эрдэнэ, 3.Ж нарын гэмт үйлдлийн улмаас хэзээ ч босч ирэхгүйгээр хар шороон доор булагдан хэвтэж байна. Гэтэл эдгээр алуурчдад анхан шатны шүүхээс 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 315 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Мд 7 жил, З.Жт 1 жилийн бага хорих ял эдлүүлэхээр тогтоол гаргасанд гомдолтой байна. Миний хайртай талийгаач хүүгийн минь амь нас юугаар ч нөхөж баршгүй учраас яллагдагч Б.М, З.Ж нарт оногдуулсан ялыг нэмж, хаалттай дэглэмтэй хорих ангид оруулж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний нөхөр Х.Бд 2018 оны 2 дугаар сарын 24-ний оройн 7 цаг 30 минутаас 8 цаг 30 минут хүртэл ажил руу олон дахин залгаж гэрээс нь авч явсан Б.М нь цагдаагийн ажлын бичиг баримтаа өгөх зорилгоор архи их хэмжээгээр уулгаж, машины урд байхад санаатай мөргөж, хэргийн ул мөрөө баллахын тулд замд хаяж дахин машинаар дайруулж, Өвөрхангай аймгийн Хархорин цагдаагийн газарт зөвхөн З.Ж хийсэн болгож, гэрч болох Б.Наранболдтой хамтран хийсэн бүлэг хэргийн нотлох баримт, ул мөрийг мэргэжлийн онцлогоо ашиглаж тээврийн хэрэг болгосон. Энэ хэрэг хэрхэвч тээврийн хэрэг биш бүлэглэн хүнийг санаатайгаар машиныг ашиглаж хийсэн гэж үзэж байна. Яллагдагч Б.М анхан шатны 2020 оны 4 дүгээр сарын 1-ний шүүх хуралдаан хүртэл гэм буруугаа хүлээгээгүй, уучлал ба гүн эмгэнэл илэрхийлээгүй хүний ёс суртахуунаас дор үйлдэл гаргасан. Анхан шатны шүүхээс 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 315 дугаартай тогтоолоор Б.Мд 7 жил, З.Жт 1 жилийн хорих ял эдлүүлэхээр тогтоол гаргасанд гомдолтой байна. Хүний амийг санаатай гэж хэлж болохоор, мэргэжлээ ашиглан хэрэг үйлдсэн байхад ийм бага ял авч байгаад туйлын харамсаж байна. Талийгаач Х.Б нөхрийн минь амь нас юугаар ч нөхөшгүй учраас яллагдагч Б.М, З.Ж нарт оногдуулсан ялыг нэмж, хаалттай дэглэмтэй хорих ангид оруулж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.З, К.М нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зүйлчлэл болон хууль зүйн үндэслэлийг зөвшөөрөхгүй байна. Гэрч Наранболд уг хэрэгт 7-8 удаа мэдүүлэг өгсөн. Эдгээр мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг зургаан өөр байдлаар мэдүүлсэн байдаг. Өмгөөлөгчийн хувьд 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгийг маш тодорхой мэдүүлсэн гэж үзсэн. Амь хохирогч болон М хоёр Хархорин сумаас гарахдаа л муудалцсан байдаг. Хоорондоо үл ойлголцож маргалдаад хамгийн сүүлд яг хэрэг учрал болсон гэх газар ирээд амь хохирогч Мөнх-Эрдэнийн хамар руу цохисон гэдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн хэлбэр буюу өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршиг зориуд учруулсан бол санаатай гэмт хэрэгт тооцно гэх хэлбэрт дүгнэлт өгөхдөө гэрчийн зөрүүтэй мэдүүлгүүд буюу анхны мэдүүлгээсээ тэс өөрөөр мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэж зам тээврийн хэрэг гэж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гэрч Наранболдын мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтэд үндэслэхэд шүүгдэгч Б.М нь 99-52 УНЦ улсын дугаартай автомашиныг ашиглан хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.З, К.М нарын өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгч нарынхаа гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон прокурорын шатанд энэ хэргийн зүйлчлэлийн талаар удаа дараа хүсэлт гаргасан. Тэр хүсэлтүүдтэй шүүх бүрэлдэхүүн танилцсан байх. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргаж буй тайлбарыг сонсоход амь хохирогч нас бараагүй байгаа юм шиг зүйл ярьдаг. Х.Б гэх хүн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр нас барсан болох нь тогтоогддог. 641 дугаартай дүгнэлтэд шинжээч оролцсон гээд байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан шинжээч оролцохгүй байх нөхцөл болон Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар шинжээч оролцохгүй байх нөхцөлийн аль алинд хамаарахгүй байгаа. Хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон. Хууль хэрэглээний хувьд Бат-Ерөөлт өмгөөлөгчтэй санал нэг байна. ...” гэв.
Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг үндэслэж талийгаачид бампер хугарал учирсан гэж дүгнээгүй. Амь хохирогчид учирсан бампер хугарал нь авто ослын улмаас учирдаг онцлог гэмтэл байгаа. Хохирогчийг мөргөснөөр тээврийн хэрэгсэлд заавал эвдрэл учрахгүй гэдгийг шинжээчийн дүгнэлтэд тодорхой дурдсан. Амь хохирогчид учирсан бампер хугарал нь мөргөснөөс, бусад хугарал нь дайралтын үед үүссэн гэж шинжээч эмч дүгнэсэн учраас прокурорын зүгээс шүүгдэгч нарт ял сонсгож, яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд зөв дүгнэлт хийсэн. Улсын Ерөнхий прокурорын газар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлд зааснаар Авлигатай тэмцэх газар болон Тээврийн прокурорын газар хяналт тавих ёстой болохыг тогтоож өгсөн. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Прокуророос Б.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, мөн дүрмийн 10.1-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, энэхүү ослын улмаас зорчигч Х.Быг мөргөж, амь насыг хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан,
З.Жын үйлдлийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, мөн дүрмийн 12.3-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, энэхүү ослын улмаас зорчигч Х.Быг дайрч, амь насыг хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хохирогч Х.Бын амь насыг хохироосон нөхцөл байдал, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийх үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Б.М, З.Ж нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь буруу болжээ.
Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, гэрч Б.Наранболдын “...М машинтайгаа хөдлөөд явчихсан. Тэр үед талийгаач машины цаад талд замын эсрэг талд байсан. Талийгаач өөрөө явж байгаад дөрвөн хөллөөд уначихсан байсан. Тэгснээ дээшээ хараад хэвтээд өгсөн. ...М автомашиныг зогсоох үйлдэл хийхдээ бага зэрэг зам руу захалж, араас ирж байсан автомашин урсгал сөрөхгүйгээр зөрөөд өнгөрөх зай үлдээн чөлөөлж зогссон, гэхдээ замыг бүрэн чөлөөлөөгүй. ...” /1хх 109-111, 2хх 241-242/, гэрч Ө.Амгалангийн “...Манай автомашин ард талд зогссон 2 автомашинд сууж явсан хүмүүсийн нэг хүн нь урд байгаа автомашины дугаарыг эхлээд дуудлага өг гэж хэлж байна шүү гэж хэлсэн..." /1хх 103-104/, гэрч Ч.Ишжамцын “...Цагаан өнгийн машин нь их гэрлээ асаачихсан бид нарын явж байсны эсрэг урсгалд буюу Хархорин сум руу харсан зогсож байсан. ...” /4хх 177-179/, шүүгдэгч З.Жын “...миний явах чиглэлийн эсрэг талд цагаан машин миний өөдөөс гэрлээ асаасан зогсож байсан, би тухайн машиныг гэрлээ шилжүүлэх байх гээд гэрлээ шилжүүлэхэд тухайн машин гэрлээ шилжүүлээгүй, би хурдаа хасаад, гэрлээ шилжүүлээд дөхөөд ирсэн, цагаан машины гэрлээс гараад харахад цав цагаан царайтай эрэгтэй хүнийг дээшээ харуулаад замын голд чирсэн. ...Тухайн үед миний машины ард машин ирээд зогссон ба жолоочид нь замын эсрэг талд зогсож байсан гэрлээ шилжүүлэхгүй байсан цагаан машины жолооч хөх куртиктэй залуу “наад 04-44 УБҮ улсын дугаартай машины жолооч хүн дайраад алчихлаа гээд дуудлага өгөөдөх” гээд байсан. Тэр хүнийг одоо бодоход М гэдэг залуу байсан. ...” /3хх 191-195/ гэх мэдүүлгүүд хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Б.М нь тухайн үед осол болсон гэх газраас яагаад хөдөлсөн, их гэрлээ шилжүүлэлгүй жолооч З.Жыг зөрж өнгөрсний дараа машинаа эргүүлж харуулан зогсоосон зэрэг нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт анхан шатны шүүхээс зайлшгүй хийх шаардлагатай.
Анхан шатны шүүх шүүгдэгч нар хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэх үедээ хэн аль нь амь хохирогчид ямар гэмтэл учруулсныг тогтоох, учруулсан гэмтэл хэр аюултай эсэхэд үндэслэлтэй, хууль зүйн дагуу дүгнэлт хийлгүй, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт өгөлгүйгээр эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэнтэй нийцээгүй байна.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд, Б.М, З.Ж нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэрэг гарсан байдал ...”, “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл”-ийг тогтоогоогүй гэж үзнэ.
Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 641, 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 343 дугаартай дүгнэлтүүдээр амь хохирогч Х.Бын биед учирсан гэмтлүүдэд дүгнэлт гаргажээ.
Дээрх шинжээч нарын дүгнэлтээр мөргөгдөх, дайрагдах гэсэн хоёр хүчний үйлчлэлээр амь хохирогч Х.Бд учирсан гэмтлийн улмаас нас барсан талаарх дүгнэлтийг шинжээч нар тайлбарласан бөгөөд уг хоёр хүчний үйлчлэл тус бүр хохирогчийн амь насыг хохироох нөхцөл байдал байсан эсэхийг шүүх хуралдаанд шинжээчээс тодруулаагүй байна.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад тал бүрээс нь үндэслэл бүхий дүгнэлт хийж хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчмын шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийх нь шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцэх учиртай.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шийтгэх тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан шүүгдэгч З.Ж, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын “шүүхээс оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү”, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, Б.Наранцэцэг, Х.Даваахүү нарын “хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.М, М.З нарын “шүүгдэгч нарт хүнд ял оногдуулж өгнө үү” гэх давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүйг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 315 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.М, З.Ж нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцтэл шүүгдэгч Б.М, З.Ж нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ