Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 183/2019/02426/И |
Дугаар | 001/ХТ2022/00982 |
Огноо | 2022-10-25 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2022/00982
Г.Мягмарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/01723 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1983 дугаар магадлалтай,
Г.Мягмарын нэхэмжлэлтэй
Н.Уянгад холбогдох
Хууль бус эзэмшлээс бичиг баримт, эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Н.Уянгын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Н.Уянга, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Г.Мягмараас хариуцагч Н.Уянгад холбогдуулан хууль бус эзэмшлээс хөдөлмөрийн дэвтэр, төрсний гэрчилгээ, эрдмийн ажлын гар бичвэрүүд болон жагсаалтад дурдсан нийт 76 нэр, төрлийн эд зүйлийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/01723 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Г.Мягмарын хариуцагч Н.Уянгын хууль бус эзэмшлээс бичиг баримт, эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1983 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/01723 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Уянгын хууль бус эзэмшлээс саарал өнгийн хөргөгч, хөлдөөгч, ор, хувцасны шкаф, угаалгын машин, хивс, шарах шүүгээ зэргийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Мягмарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Уянгаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч Н.Уянга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.18-ны өдрийн 1983 дугаар магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Учир нь уг магадлалаар Н.Уянга миний хууль бус эзэмшлээс нэхэмжлэгчийн эд хөрөнгүүдийг гаргуулж, түүнд олгуулахаар шийдвэрлэснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Энэ талаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.22-ны өдрийн 183/ШШ2020/01723 дугаар шийдвэрээр Н.Уянга миний хууль бус эзэмшлээс бичиг баримт, эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаар нотлогдохгүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь Г.Мягмартай миний бие гэрээ байгуулж, эрх зүйн харилцаанд огт оролцоогүй бөгөөд гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар би тухайн иргэнийг орон сууцнаас гаргаж, эд хөрөнгө, хогшлыг нь барьцаалсан зүйл байхгүй. Тухайн нэхэмжлэгч ямар эд хогшилтой, ямар хөрөнгөтэйг нь ч би огт мэдэхгүй байхад чухам ямар үндэслэлээр надаас хүний байхгүй хөрөнгийг гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Миний хувьд тухайн орон сууцанд ямар хүн, хэзээ, ямар хугацаагаар түрээсэлж байгааг ч мэдэхгүй бөгөөд Х.Аръяабал бид гэрлэлтээ цуцлуулж байгаа тул одоо ямар нэг харилцаагүй, тухайн орон сууцны түрээслэгчдийн талаарх мэдээлэл ч огт байхгүй байна.
Давж заалдах шатны шүүх Гэрч А.Мөнхцэцэг, Ж.Идэрзаяа, Т.Сувдаа, нэхэмжлэгч Г.Мягмарын 2018.02.06-ны өдрийн Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй харин энэ талаарх анхан шатны шүүхийн үнэлэлт, дүгнэлт хууль зүйн ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн надаас нэхэмжилж байгаа эд зүйл нь Х.Аръяабалд байгаа талаар хх-ийн 123-р талд тэмдэглэсэн атлаа ямар баримтаар намайг буруутгасан нь ойлгомжгүй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
6. Нэхэмжлэгч Г.Мягмар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...миний бие 2014 оны 8 сараас Х.Аръяабалын өмчлөлийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 9-29 тоот 29 м.кв 2 өрөө орон сууцыг 2017 оны 7 сар хүртэл хөлсөлж, төлбөрт 19,180,000 төгрөг төлсөн боловч сүүлийн 4 сарын түрээсийн мөнгөө төлж чадаагүй байсан, ...2017.11.07-ны шөнө Н.Уянга байрнаас хөөж гаргасан, ...хөдөлмөрийн дэвтэр, бичиг баримт, эд хөрөнгөө орхиод гарсан, одоо болтол авч чадаагүй тул Н.Уянгын хууль бус эзэмшлээс хөдөлмөрийн дэвтэр, төрсний гэрчилгээ болон нөхрийн эрдмийн ажлын гар бичвэрүүд болон бусад бичиг баримт, нийт жагсаалтад дурдсан 76 төрлийн эд хөрөнгийг гаргуулна... гэж тайлбарласан,
Хариуцагч Н.Уянга: ...би нэхэмжлэгчтэй аливаа хэлбэрээр эрх зүйн харилцаанд ороогүй, нэхэмжлэгч нь манай нөхөр Х.Аръяабалтай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан, би нөхрийнхөө зөвшөөрлөөр нэг бус удаа орон сууцны түрээсийн төлбөрийг авч байсан, тэднийг орон сууцнаас хөөж гаргасан асуудал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, хариуцагчаас нэр бүхий эд хөрөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
8. Хариуцагч Н.Уянга гомдолдоо: ...нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж, эрх зүйн харилцаанд ороогүй, ...би нэхэмжлэгчийг орон сууцнаас гаргаж, эд хөрөнгийг барьцаалаагүй, ...нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгө надад байхгүй байхад тэдгээрийг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү... гэжээ. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/
9. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Н.Мягмар нь 2014 оны 08 дугаар сард Х.Аръяабалтай Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 29 тоот 2 өрөө орон сууцыг сарын 650,000 төгрөгөөр хөлсөлж байсан, 2017.11.07-ны өдөр Н.Уянга нэхэмжлэгчийг орон сууцны хөлс төлөөгүй үндэслэлээр байрнаас гаргасан, нэхэмжлэгчийн эд хөрөнгө, бичиг баримт байранд үлдсэн, энэ маргааны улмаас Цагдаагийн байгууллагад хандсан, тус байгууллага Зөрчлийн хэрэг үүсгэхээс татгалзсан үйл баримт тус тус тогтоогджээ.
Нэхэмжлэгч нь Х.Аръяабал, Н.Уянга нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчилж, Н.Уянгаас эд хөрөнгөө гаргуулна гэжээ.
10. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцсэн байна.
Давж заалдах шатны шүүх өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгөөс саарал өнгийн хөргөгч, хөлдөөгч, ор, хувцасны шкаф, угаалгын машин, хивс болон шарах шүүгээ зэрэг 7 төрлийн эд зүйлс хариуцагч нарт байгаа болох нь гэрч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтаар нотлогдсон гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг нотлогдсон хүрээнд хангаж, бусад эд хөрөнгийг хариуцагч нарын эзэмшилд үлдээсэн гэдгийг эргэлзээгүй нотолсон баримт хэрэгт авагдаагүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
11. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.
Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа нотлох баримт үнэлэх хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг татгалзсан, үгүйсгэсэн тайлбар үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Хариуцагч Н.Уянга нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрх бүхий этгээд биш, улмаар нэхэмжлэгчийг орон сууцнаас гарсны дараа нэр бүхий хөрөнгө байранд үлдсэн болохыг нотолсон гэрч нарын мэдүүлэг, холбогдох баримтыг үгүйсгэсэн, татгалзсан үндэслэлээ нотлоогүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй тул ...магадлалд дурдсан хөрөнгө надад байхгүй байхад надаас гаргуулсныг зөвшөөрөхгүй... гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.
12. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнд дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1983 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Н.Уянгын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Н.Уянгаас 2020.10.26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД