Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
Хэргийн индекс | 142/2021/00300/И |
Дугаар | 001/ХТ2022/001010 |
Огноо | 2022-10-28 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн
2022 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2022/001010
П.Алтантүлхүүрийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2022/00419 дүгээр шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 207/МА2022/00063 дугаар магадлалтай,
П.Алтантүлхүүрийн нэхэмжлэлтэй
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох
130,494,333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дорждулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. П.Алтантүлхүүр нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-иас тэтгэмж 20 сарын дундаж цалингаар тооцож 68,084,000 төгрөг, ажил хүлээлцэх үеийн олговор 18 сар 7 өдрийн 62,410,333 төгрөг нийт 130,494,333 төгрөг гаргуулахаар шаардсан ба хариуцагч нэхэмжлэлээс 20 сарын тэтгэмжийг үндсэн цалингаар тооцож олгохыг зөвшөөрч, нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзан маргажээ.
2. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.21-ний өдрийн 142/ШШ2022/00419 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-иас 71,488,200 төгрөг гаргуулан П.Алтантүлхүүрт олгож, нэхэмжлэлээс 59,006,133 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, П.Алтантүлхүүрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,000 төгрөгийг буцаан олгож, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-иас улсын тэмдэгтийн хураамжаар 515,391 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэжээ.
3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.05.26-ны өдрийн 207/МА2022/00063 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.21-ний өдрийн 142/ШШ2022/00419 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 515,391 төгрөг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, анхан шатны шүүхээс давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжийг давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан тул улсын тэмдэгтийн хураамж 452,981 төгрөгийг нэхэмжлэгч П.Алтантүлхүүрээс гаргуулж, төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дорждулам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсгийг баримтлан энэхүү гомдлыг гаргаж байна.
4.1. Уг хэргийг анхан шатны шүүх 2 удаа хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Эхний удаад 2021.09.06-ны өдрийн шүүхийн шийдвэрт шүүгч Б Бямбасүрэн “хариуцагч нь П.Алтантүлхүүрийн ажил, албан тушаалыг хүлээлцэх талаар санал санаачилага гаргасан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болох нь тогтоогдож байна...” гэж дүгнээд, Хөдөлмөрийн тухай хууль \1999 он\-ийн 59.2-г баримтлан, П.Алтантүлхүүрийн нэхэмжилсэн ажил хүлээлцэх хугацааны нөхөн олговор 14,543,977 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан. Дараагийн удаад 2022.03.21-ний өдөр шүүгч Б.Хишигдаваа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 25-д ...П.Алтантүлхүүрт өөрийнх нь өрөөнд байсан хувийн хэрэглэлүүдийг нь баталгаат шуудангаар хүргүүлсэн байхад энэ цаг хугацаанаас хойш өөрөө ажлаа хүлээлцэх талаар санаачилага гаргаагүй байгаа нь ажилтныг зөвтгөж, ажил олгогчийн буруу байсан гэх үндэслэлгүй гэжээ. Ийнхүү ажил хүлээлцэх хугацаа хэтэрсэнд ажилтныг буруутган Хөдөлмөрийн тухай хууль \1999 он\-ийн 59.3-г хэрэглэсэн мэт. Гэсэн атлаа ажил хүлээлцэх хугацааны нөхөн олговрыг 2020.09 25-ны өдөр \тушаал гардан авсан\-өөр тасалбар болгон 3,404,200 төгрөг олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагаас 59,006,133 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. Ийнхүү шүүхүүд Хөдөлмөрийн тухай хуулийн 59.2 эсхүл 59.3 заалтын алийг нь, шүүх хуралдаанаар хэлэлцсэн, ямар нотлох баримтыг үндэслэн хэрэглэснээ үнэлж дүгнэн, хууль зүйн үндэслэл бүхий тайлбарыг шийдвэртээ бүрэн гүйцэд тусгаагүйгээс шүүхийн магадлал нэн тодорхой бус, ойлгомжгүй байна. Эдгээр шүүхийн шийдвэрүүдэд ажил хүлээлцэх хугацааны олговортой холбогдох хуулийн 2 өөр заалтыг зөрүүтэй хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульчлагдсан шаардлагыг хангаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл болж байна. Хавтаст хэрэг нь нэг, хэрэглэх хууль тогтоомж нь нэг, хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх нь нэг ... гээд тоочвол бүх зүйл нь яг адилхан байтал, ажил хүлээлцэх хугацааны олговрыг 2021.09.06 болон 2022.03.21-ний шүүх хуралдаанаар хоёр өөрөөр шийдвэрлэжээ. Үүнийг шүүгчийн субъектив нөхцөл байдалтай холбож үзэхээс өөрөөр тайлбарлах аргагүй байна. Иргэний хэргийн шүүхийн шүүгчид тал еэвэнгийн үлгэрээр бус, шударга ёсны зарчмаар гэм буруутай этгээдэд дангаар нь эдийн хариуцлага үүрүүлж, хуулиар хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо шүүхээр хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан этгээдийг хохиролтой нөхцөл байдалд үлдээхгүй байх шударга ёсны хэмжүүр болох учиртай. Нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлоо шударга шүүхээр хамгаалуулах хүсэл зоригийн илэрхийлэл хийгээд өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа шүүхийн шийдвэрийн гадна үлдэж, хөсөр хаягдсанд гомдолтой байна. Би нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувиар түүнийг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 3 шатны шүүхүүдэд маргааны нотлох баримт, хууль зүйн үндэслэлтэй холбогдуулан нийт 6 удаа тайлбар гаргасан боловч 2021.09.06-ны өдөр анхан шатны шүүхэд, 2021.10.28-ны өдөр давж заалдах шатны шүүхэд тус тус гаргасан тайлбарууд хавтаст хэрэгт авагдаагүй, тэдгээрийн ихэнх нь зохих ёсоор үнэлэгдэн, улмаар шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл болж тусгагдаагүй нь харамсалтай ...
4.2. Шүүхийн шийдвэрүүдэд тусгагдсан үнэлэлт дүгнэлтийн тухайд. Бүх шатны шүүхүүд Иргэний хуулийн 1.2-д заасан үндсэн зарчмуудыг удирдлага болгон, иргэний хууль тогтоомжийг зөв хэрэглэснээр иргэний хууль ёсны эрх, ашиг сонирхол хамгаалагдана. Эрх зүйт тогтолцооны мөн чанарыг тодорхойлох нийгмийн эрэлт хэрэгцээг илэрхийлсэн, удирдлага болгох үндсэн эхлэл, үзэл баримтлал буюу эрх зүйн зарчмыг хууль хэрэглэгчид-шүүгчид аливаа хуулийг хэрэглэхдээ Иргэний хуулийн 1.2-т зааснаар удирдлага болгон хэрэгжүүлэх ёстой. Шүүхийн магадлал \16 тал\- д “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмыг удирдлага болгон П.Алтантүлхүүрийг ... файл, бусад бичиг баримтууд, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зохих ёсоор хүлээлгэж өгөх... үүргээ хэрэгжүүлээгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 59.3-т зааснаар ажил хүлээлцэх үеийн олговрыг олгох боломжгүй гэжээ. Хэрэв байгууллагын дотоод журмаар маргааныг шийдвэрлэж болно гэж үзвэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019.05.10-ний өдрийн А\376 дугаар тушаал \1х-83х\-аар батлагдсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын үйл ажиллагааны журмын 3.1.1.4-т Гүйцэтгэх удирдлагын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хянах, удирдлагыг шаардлагатай мэдээллээр цаг тухай бүр хангах \1Х-85х\, 3.1.4.9-д Удирдлагын баримт бичиг \тушаал, шийдвэр, албан даалгавар, ирсэн, явуулсан баримт бичиг, өргөдөл гомдол г.м\-ийн шийдвэрлэлтэд хяналт тавих, заасан хугацаанд нь тайлан, мэдээ гаргах \1Х-85х-ын ард\, мөн журмын 3 1 9-д тогтоосноор, баримт бичгээр тавьсан асуудлыг 1-30 хоногийн дотор шийдвэрлэх\1Х-87х\-ээр журамлагдсан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ЗХНБГ- ын ажилтан албан тушаалтнууд буруугүй гэж үү? Хүний нөөцийн менежер П.Алтантүлхүүрийн ажил, албан тушаалаа хүлээлцэх буюу байгууллагын болон хувь хүний нууцтай холбогдох бичиг баримтыг хүлээлгэн өгөхөд хариуцагч талаас түүний ажил, албан тушаалыг зохих ёсоор хүлээлцэх тухай тодорхой шийдвэр гарсан байх урьдчилсан нөхцөл шаардагдах нь ойлгомжтой. Энэхүү урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх ажил хүлээлцэх комисс томилох зэрэг эрх, үүрэг нь гагцхүү ажил олгогчийн өөрийнх нь эрх хэмжээний асуудал. Уг тушаалд заасан хугацаа нэгэнтээ дууссаныг мэдсээр байж, ажил хүлээлцэх нөхцөл байдлыг гардан зохион байгуулах эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй байгааг ажил олгогчийн санаатай эс үйлдэхүй гэж үзэх нь үнэнд илүү нийцтэй, шударга баймаар. Нууцын зэрэглэл бүхий ажил, албан тушаалыг хүлээлцэх нь хүнсний дэлгүүрт ороод бараа сонгож авах лугаа чөлөөт үйлдэл, сайн дурын хэрэг биш. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцогч-ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулиар хууль зүйн үүрэг хүлээдэг. Энэхүү харилцааны нөгөө тал болох ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон шаардах эрх, ашиг сонирхол байгаа учраас ажил олгогч нь ажилтны эрх, ашиг сонирхлыг илтэд дордуулсан, эсхүл ажилтнаас хэт давуу эрхтэй байж болохгүй. Энэхүү хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлыг хангах зарчмыг тэнцвэржүүлэх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх ёстой. Гэтэл шүүхээс П.Алтантүлхүүрт ажил хүлээлцэх хугацааны олговрыг хэтэрхий бага хэмжээгээр олгохоор шийдвэрлэжээ. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь хуульд заасан хэмжээ хязгаарын хүрээнд эрх, үүргээ хэрэгжүүлэх учиртай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журамд заасан ажилтны үүрэг нь Хөдөлмөрийн тухай хуулиас гадуур ажилтны хууль ёсны шаардах эрх, ашиг сонирхлыг дордуулан хязгаарлах ёсгүй. Хууль тогтоомж нь эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актуудын нийлбэр бөгөөд эдгээрийг хууль зүйн хүчин чадлын хувьд хууль ба хуульчилсан акт гэж хуваадаг. Иргэний эрх зүйн эх сурвалжийн тухайд Иргэний эрх зүйн харилцааг тухайлан зохицуулах /хуулийн хэм хэмжээг нөхөх/ зорилгоор Засгийн газраас иргэний эрх зүйн хэм хэмжээ агуулсан актыг Засгийн газрын тогтоол хэлбэрээр батлан гаргадаг Гэвч Засгийн газрыг гаргасан аливаа акт нь иргэний эрх зүйн эх сурвалж болохгүй, төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан эрх зүйн актыг иргэний эрх зүйн эх сурвалж гэж үзэх боломжгүй. /МУ-ын Иргэний хуулийн тайлбар. 2006 он. 19тал/ хэмээн тайлбарлажээ. Ийнхүү Засгийн газрын тогтоол хүртэл иргэний эрх зүйн эх сурвалжид тооцогдохгүй байхад энгийн нэгэн аж ахуйн нэгж, байгууллагын захирлын тушаалаар батлагдсан дотоод журмын заалтыг хуулиас дээгүүр үнэлж, ажилтны хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөсөрдүүлснийг зөвтгөх аргагүй. Аливаа албан тушаалын эрх мэдлийг зэвсэг лугаа адилтган зүйрлэдэг. Зэвсэг бүхий хүнд илүү тодорхой, нарийн хууль дүрэм үйлчлэх учиртай. Ийм учраас хуулийн хэрэглээнд хууль тогтоомжийн үйлчлэх хүчин чадлын эрэмбэ дараалал тогтоож мөрддөг. Ямар ч аль байгууллагын дотоод журам дүрэм нь хуулиас давсан үйлчлэл, хүчин чадалтай байх ёсгүй. П.Алтантүлхүүр өөрийн ажил хүлээлцэх хугацааны олговортой холбогдох тодорхой бус байдлыг арилгуулж, улмаар Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтанд олгогдсон эрхийг хүлээн зөвшөөрүүлэх иргэний эрх зүйн хамгаалалт хүсч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэрүүдэд ажил хүлээлцэх хугацааны олговрыг шүүх хүлээн зөвшөөрч хариуцагчаас 14,543,977 төгрөг ба 3,404,200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн эсхүл эс хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаас 59,006,133 төгрөгийг хэрэгсэхгүй болгосны аль нь болох нь тодорхой бус хэвээр үлджээ. Шүүх нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг Иргэний хуулийн 9.4.3-т зааснаар хариуцагчийн Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх аргаар хамгаалах учиртай. Ажил олгогч нь П.Алтантүлхүүрийн ажил, албан тушаалыг зохих ёсоор хүлээлцээгүйд буруугүй болохоо шүүхэд нотолж чадаагүй бол хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхөн олговрыг ажилтанд олгох хуульчлагдсан үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэл байх ёсгүй. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ хууль ёсны болон үнэнч шударга байх зарчмыг баримтална. Тус зарчмын гол зорилго нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын зан байдлаас хамааралтай гарч болох зарим үр дагавраас иргэний эрхийг хамгаалахад оршино. Хуулийн этгээдийн хувьд түүнийг төлөөлөн иргэний эрх зүйн харилцаанд оролцож буй этгээдийн зан байдалд дээрх шаардлага тавигдана. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын үйлдэл, эс үйлдэхүй шударга, зүй ёсны үйлдэл мөн эсэхийг үнэнийг баримтлах замаар тогтоох ба энэ нь аливаа асуудал тодорхой журмаар хэрэгждэг учир маргалдагч талуудын хооронд нотлох үүргийг бий болгоно. \Иргэний хуулийн тайлбар. 2006 он. 54тал\ Ийнхүү хөдөлмөрийн гэрээний талууд болох ажил олгогч, ажилтан хоёулаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлснээ нотлох үүрэгтэй байна. Маргаан бүхий асуудал буюу ажил хүлээлцэх тухайд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас авч хэрэгжүүлсэн бодит үйл баримт байхгүй учир шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт мөн байхгүй. Харин хариуцагчийн зүгээс П.Алтантүлхүүртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гардуулж өгснөө санаатайгаар “ажил хүлээлцэх”-тэй уялдуулан удаа дараа шударга бус зан байдал гаргаж байсан. Энэ тухай би нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувиар шүүхүүдэд олон удаа тайлбарласан боловч үүнийг үнэлж дүгнээгүй нь үнэн. Хариуцагчийн үг тайлбар, үйл баримт бүрийг нарийвчлан хянан хэлэлцэж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн, гагцхүү бодит үнэнийг тогтоох үүрэг бүхий шүүгчид харин ч тэдний худал тайлбарыг шүүхийн шийдвэр болгонд хуулбарлан давтсаар байгаа нь хамгийн харамсалтай... Тухайлбал магадлал \15тал\-д ... Ажлаа хүлээлцэх талаар удаа дараа мэдэгдэхэд ирээгүй \1 ч удаа мэдэгдээгүй комисс томилж \ийм тушаал шийдвэр хэрэгт авагдаагүй, өрөө хүлээлцсэн тэмдэглэл \1Х-140х\ гэх ганц хуудас бий\ өрөө тасалгааг онгойлгож \өөрт нь мэдэгдээгүй тухай шүүх хуралдааны тэмдэглэл \1 Х-159-177х\-д бий\. өрөөнд байсан хувийн хэрэглэлүүдийг баталгаат шуудангаар хүргүүлсэн.... магадлал \16тал\-д, ажил хүлээлцэх \тушаал өгөх гэвэл үнэн болно\ талаар удаа дараа \1 ч удаа мэдэгдээгүй\ мэдэгдэж байсан хууль \хуульчлагдсан үүрэггүй\ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ хэрэгжүүлж байсан нь тогтоогдсон \ямар ч нотлох баримт огт байхгүй атал яаж тогтоосон байх вэ?\, шүүх ажил олгогчийн буруу байсан гэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй болжээ... гэх мэтээр хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмын нотариатчаар гэрчлүүлсэн бичмэл хуулбарууд болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зарим хэлтэс, газрын дарга, бусад ажилтнуудын нэг талыг баримтлан дэгсдүүлсэн тайлбар гэх тамгатай албан тоот зэргийг ажилтныг буруутгах бодит үйл баримт болгон “тогтоож” дүгнэн зөвтгөжээ. Хариуцагч тал шинэчлэгдсэн Хөдөлмөрийн тухай хууль \2021 он\-д ажлаас халагдсаны тэтгэмжийг үндсэн цалингаар тооцохоор өөрчлөгдсөн талаар олон удаа тайлбарладаг. Үүнийг би хуульчийн хувиар ажилтны эрх зүйн байдлыг өмнөх хуулиас дордуулан явцууруулсан хэмээн Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан бөгөөд уг мэдээллийн дагуу цэцийн маргаан үүсгэн хянагдаж байгаа. Ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал гардуулж өгөх, ажил хүлээлцэх хоёр нь эрх зүйн утга агуулгаараа хоёр өөр асуудал. Хөдөлмөрийн тухай хууль\1999 он\-д ажлаас халагдсан ажилтанд тушаал гардуулах болон түүнтэй холбогдох эрх зүйн үр дагавар бүхий зохицуулалт тусгагдаагүй. Харин уг хуулийн 43-р зүйлд ажил хүлээлцэх тухай журамлан, мөн хуулийн 59-р зүйлд үүнээс үүсэх эрх зүйн үр дагавар хуульчлагдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 43-р зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын ерөнхий сайд 2004.10.27-ны өдөр 99 дугаар захирамж гаргаж, ажил хүлээлцэх байнгын бүрэлдэхүүн \албан тушаалын байдлаар\-тэй комисс томилсон байдаг. Тэрчлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2015.07.29-ний өдөр ажил хүлээлцэх журам, ажил хүлээлцэх хуудасны заавар, тойрох хуудас зэрэг 3 хавсралт бүхий А\633 дугаар захирамж гарган журамлажээ. Аж ахуйн нэгж, байгууллагууд хүртэл өөрсдөө ажил хүлээлцэх журам боловсруулан гаргаж мөрддөг байна, тухайлбал “Амгалан дулааны станц” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016.11.18-ны өдрийн А\09 тушаалаар ийм журам батлагджээ. Гэтэл ажлаас халагдсан ажилтанд тушаал гардуулах, ажил хүлээлцэх хоёрыг адилтган үзэж, тэдгээрийн эрх зүйн үр дагаврыг зааглан ялгаагүй шүүхийн шийдвэрүүд гаргасанд харамсаж байна.
4.3. Ажил хүлээлцээгүй эс үйлдэхүйтэй холбогдох хуулийн хэрэглээний тухайд:
4.3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43-р зүйлд ажлаас халах, ажил хүлээлцэх тухай тусгайлан зохицуулсан бөгөөд 43.2-т ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ, 43.3-т ажил олгогч нь .... хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 59-р зүйлийн 59.1-д ажил хүлээлцэх хугацааны олговрыг ажилтны ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага олгоно 59.2-т ажил олгогчийн буруугаас ажил хүлээлцэх хугацаа хэтэрвэл уг хугацааны олговрыг ажилтанд олгоно хэмээн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлын хамгаалалтыг хуульд илт тодорхой заажээ. Мөн зүйлийн 59.3-т ажилтны буруугаас ажил хүлээлцэх хугацаа хэтэрвэл ажилтанд уг хугацааны олговрыг олгохгүй гэсэн хуулийн заалтыг хариуцагч тал хэлдэг. Гэвч П.Алтантүлхүүрийг ажлаа зохих-ёсоор хүлээлцээгүйд буруутгах нэг ч нотлох баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй. Харин нэхэмжлэгчийн зүгээс ажил хүлээлцээгүй эс үйлдэхүйд өөрөө гэм буруугүй болохоо нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болон холбогдох тайлбарыг анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч тал үндэслэлтэйгээр эсэргүүцэн няцааж чадаагүй. Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг ажил хүлээлцээгүй эс үйлдэхүйд гэм буруугүй болохыг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөнд тооцох боломжтой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.3-т зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах ёстой. Хуулийн эдгээр илт тодорхой заалтуудыг баримталбал хариуцагчийн ажил хүлээлцээгүй эс үйлдэхүйг зөвтгөсөн шүүхийн шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон гэж өмгөөлөгчийн хувиар үзэж байна, Хөдөлмөрийн эрх зүйн олговрын ангиллаар бол ажил хүлээлцэх хугацааны олговор нь баталгаат олговорт хамаарах бөгөөд ажил олгогч хүссэн ч, эс хүссэн ч ажилтанд зайлшгүй олгогдох ёстой.
4.3.2. Ажил олгогч ба ажилтны хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нь 2 талт гэрээ бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулагддаг. Гэсэн ч хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд холбогдох хэрэг маргааныг шүүх хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн ерөнхий ангийн зарим зохицуулалтыг зайлшгүй анхаарч үзэх учиртай. Иргэний хуулийн 194.1-д зааснаар үүргийн шинж чанарт харшлахгүй бол гэрээний бус үүргийн харилцаанд гэрээний үүргийн холбогдох журмыг хэрэглэж болно. Үүнийг гэрээний дагуу үүсэх үүргийн зохицуулалтад биш хуулийн дагуу үүсэх үүргийн зохицуулалтад цоорхой байгаа нөхцөлд хэрэглэнэ. Энд зохицуулалтын цоорхой байхыг угтвар нөхцөл болгож, гэрээний дагуу үүсэх үүргийн эрх зүйн зохицуулалтыг төсөөтэй хэрэглэх асуудал гагцхүү энэ төрлийн зохицуулалтын цоорхой байгаа тохиолдолд л яригдана... \Иргэний хуулийн тайлбар 2006 он. 656тал\ гэж тайлбарласан байна. Хөдөлмөрийн тухай хууль \1999 он\-д ажил олгогчийн санаачилгаар ажлаас халагдсан ажилтанд тэтгэмж олгох, ажил хүлээлцэх хугацааны олговор олгох тухай журамласан боловч энэхүү үүргээ цаг хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүйн эрх зүйн үр дагаврыг энэ хуулиар зохицуулаагүй. Иймээс хуулийн дагуу үүсэх үүргээ цаг хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй хариуцагчийн үүргийн гүйцэтгэл \эс үйлдэхүй\-тэй холбогдох маргааныг шүүх шийдвэрлэхдээ Иргэний хуулийн ерөнхий ангийн 16-р бүлэг буюу үүрэг гүйцэтгэх нийтлэг журмыг хэрэглэх учиртай. П.Алтантүлхүүрийн ажил, албан тушаалыг цаг тухайд нь, зохих ёсоор хүлээлцээгүй эс үйлдэхүйд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зарим удирдах албан тушаалтан\ тухайлбал ЗХНБГ-ын дарга О.Отгонбаяр\-ы хувийн зан байдал, хүсэл зориг, албан эрх хэмжээ нөлөөлж байгаа талаар нэхэмжлэгч удаа дараа тайлбарлаж байсан. Иргэний хуулийн 206-р зүйлийн тайлбарт энэ зүйлд заасан үүрэг гүйцэтгэх зарчим нь нийт иргэний эрх зүйн харилцаанд үйлчилнэ. Гэхдээ энэ зарчим нь шүүгчид тодорхой нэг тохиолдолд хууль болон гэрээний үндсэн дээр үүсэх эрх зүйн үр дагаврыг өөрийн үзэл бодлоор “илүү шударга” эсхүл “илүү зүй зохистой” гэж шийдвэрлэх эрх дарх олгохгүй. Хуулийн энэхүү нэр томьёолол нь бусдын зайлшгүй хамгаалбал зохих ашиг сонирхлыг харгалзан \хүндэтгэн\ үзэх, мөн үнэнч шударга, зүй зохистой харьцах явдлыг хангах үүрэгтэй. Иргэний хуулийн 206-р зүйлийг хэрэглэх бүрт тухайн үүргийн харилцаанд оролцогчдын эрх, ашиг сонирхлыг ул үндэстэй харьцуулж үзэх шаардлагатай. Ингэхдээ зөвхөн объектив бус мөн субъектив талын үр дүнг нь аль нэг талд ашигтайгаар урьдчилан шийдэлгүйгээр харгалзан үзэх нь зүйтэй. Ажил, албан тушаалын улмаас шударга ёсны зарчмыг зөрчсөн эсэхийг иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад гэрээний аль нэг тал түүнд тулгуурласан эсэхээс үл хамааран харгалзан үзэх шаардлагатай. Энэ нь үнэнч шударга байхын үндсэн шаардлага болохын хувьд зайлшгүй чухал юм... \Иргэний хуулийн тайлбар. 2006 он 784-786, 789тал\ гэсэн байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь П.Алтантүлхүүрийн ажлаас халагдсаны тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т зааснаар халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй. Ажил олгогчийн санаачилгаар, П.Алтантүлхүүртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020.08.26- ны өдөр цуцалсан. Үүнээс хойш хариуцагч хуулиар хүлээсэн энэхүү үүргээ өнөөг хүртэл гүйцэтгээгүй хэвээрээ байгаа. Иргэний хуулийн 208.1-д үүргийг хуульд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэжээ. Энэ зүйлээр бүх төрлийн үүргийн харилцаан дахь хугацааны асуудлыг зохицуулдаг. Анхан шатны шүүхээс 2021.01.07-ны өдөр П.Алтантүлхүүрийн гомдлоор үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш тэрээр 2021 оны 1-р сард өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Нэхэмжлэгч ажлаас халагдсаны тэтгэмжээ дундаж цалин хөлсөөр тооцуулах, ажил хүлээлцэх хугацааны олговор авах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021.01.14-ны өдөр шүүхэд гаргасан. Үүнээс хойш ахан шатны шүүх хуралдаанууд дээр амаар болон бусад үед цахим хэлбэрээр, мөн бичгээр ажлаас халагдсаны тэтгэмжээ 2020.08.26-ны өдрийн тушаалд зааснаар үндсэн цалингаар бодуулж аваад, үлдэгдэл зөрүүг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх, тэрчлэн тэтгэвэр тогтоолгосноос хойших хугацааны сар бүрийн нэмэгдэл тэтгэмж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас тэтгэвэрт гарсан бүх хүмүүст өгдөг\-ээ авах тухай удаа араа хэлж шаардаж байсан. Хариуцагч талаас П.Алтантүлхүүрийн энэхүү хүсэл зоригийн илэрхийллийг үл тоомсорлосон нөхцөл байдалтай өнөөг хүрсэн. Иргэний уулийн 213.1-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүргээ эсэгчлэн гүйцэтгэх эрхтэй. Хариуцагчийн хуулиар хүлээсэн үүргийн гүйцэтгэл нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгөтэй холбоотой учир үүрэг гүйцэтгүүлэгч ь дурын цагт үүргийг хэсэгчлэн гүйцэтгэхийг шаардаж эрхтэй байна. Хэрэв хариуцагч хүссэн бол П.Алтантүлхүүрийн ажлаа хүлээлцээд улмаар ажлаас халагдсаны болон өндөр насны нэмэгдэл тэтгэмжээ авъя гэсэн хүсэлт, өргөдлийг цаг тухайд нь шийдвэрлэх нөхцөл боломж хангалттай байсан. Хариуцагч түүнд ажлаас халагдсаны тэтгэмжийг нь тушаал ёсоороо ядаж үндсэн цалингаар нь тооцоод өгчихсөн бол нэхэмжлэгч үндсэн ба дундаж цалингийн зөрүүний асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нөхцөл боломж ч бас байсан. Харамсалтай нь хариуцагч тал дээрх боломжуудыг ашиглаж, П.Алтантүлхүүрт мөнгө санхүүгийн аятай таатай нөхцөл байдал бий болгох хүсэл зоригийн илэрхийлэл огт гаргаагүй нь үнэн.
4.3.3. Хариуцагч талаас П.Алтантүлхүүрийг удаа дараа шаардсаар байхад, түүнд хуулийн дагуу олгох ёстой тэтгэмжийг хуулийн хугацаанд нь олгохгүй, түүний ажил албан тушаалыг зохих ёсоор хүлээлцэхгүй байгаа эс үйлдэхүйг үүрэг гүйцэтгүүлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөх явдлын шалтгаан буюу үүргийн зөрчил хэмээн үзэх боломжтой. Иймээс Иргэний хуулийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасныг хэрэглэж болохоор байна. Үүргийн зөрчлийг тайлбарлахдаа зөрчил нь үүрэг зөрчигдөх хэлбэр болон үүргийн гүйцэтгэлд саад болох нөхцөл байдлаас юуны өмнө шалтгаалахгүй. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч үндсэн болон нэмэлт үүргээ, түүнчлэн үүрэг гүйцэтгэх болон нөгөө талын хууль ёсны эрх, эд хөрөнгийг хамгаалах үүргээ зөрчсөн эсэх нь тийм ч чухал биш. Түүнээс гадна үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ огт биелүүлээгүй, хугацаанд нь биелүүлээгүй эсэх, мөн үүрэг гүйцэтгэх явцдаа үүрэг гүйцэтгүүлэгчийн ашиг сонирхлыг өөр хэлбэрээр зөрчсөн эсэх нь ялгаагүй чухал бус. Энэхүү концептыг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн арга нь үүргийн гүйцэтгэлд саад болох бүхий л нөхцөл байдлыг хохирлыг нөхөн төлүүлэхээр Иргэний хуулийн 219-р зүйлд заасан ерөнхий хэм хэмжээтэй уялдуулах явдал юм. Иргэний хуулийн 219.1-д заасан хариуцлага хүлээх ерөнхий үндэслэл нь гагцхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хожимдуулсан байх бөгөөд энэ нь 219.2. 219.3-ийн хамт\ болон 222.7-гоор нарийвчлан зохицуулагдсан. Үүрэг гүйцэтгэх хугацааг сунжруулах нь 219.1 -д заасан үүргийн зөрчлийг илэрхийлэх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг зөрчсөнтэй холбоотой өөрт учирсан гэм хорыг арилгахыг шаардаж болно. Үүнд үүргийн гүйцэтгэлийг хугацаа хэтрүүлэн хүлээлгэн өгснөөс үүсэх хохирол ч мөн багтаж болно. Зөвхөн хугацаа сунжруулсан нь түүнээс үүсэх хариуцлагаас чөлөөлөхгүй. \Иргэний хуулийн тайлбар. 2006 он. 839тал\ гэжээ.
4.3.4. Иргэний эрх зүйн харилцаанд талуудын хооронд үүсэх үүргийн харилцаа гэрээний үндсэн дээр, эсхүл хуульд заасан үндэслэлээр үүссэн нь гол биш. Талуудын хооронд үүргийн харилцаа үүссэн, аль нэг тал нь үүргийн харилцаанд хүлээсэн үүргээ зөрчсөн, үүрэг зөрчигч нь гэм буруутай байх угтвар нөхцөлүүд бүрдсэн тохиолдолд хохирлыг нөхөн төлөх үүрэг үүснэ. Иймээс П.Алтантүлхүүрийн хувьд хариуцагч талаас хохирол нөхөн төлөхийг шаардаж ч болохоор байна. Энэхүү шаардах эрхийн талаар Иргэний хуулийн 219.1 заалтыг үүрэг зөрчсөн бүхий л тохиолдолд хэрэглэх тул үүргээ ямар хэлбэрээр зөрчсөн нь ач холбогдолгүй. Хамгийн гол нь үүрэг гүйцэтгэгчийн харьцаа тухайн үүргийн харилцааны шаардлагад нийцэхгүй байх тэр бодит байдал нь л чухал... Үүрэг гүйцэтгэгч нь өөрт нь тодорхой бус эрхийн байдлыг зүгээр л өөрийн ойлголтоор шийдвэрлэж болохгүй. \Иргэний хуулийн тайлбар, 2006 он, 841, 843-р тал\ гэж тайлбарласан байна. Түүнчлэн үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 222.7-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Мөн хуулийн 222.4-т зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэгэн тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцах ёстой. Хохирол болон гэм хорын талаар тайлбарлахдаа “Хохирол гэдэгт хэл ярианы хэвшсэн нийтлэг утгаар хэн нэгэн этгээд ямар нэгэн үйлдлийн үр дүнд өөрийн амьжиргааны зүйлээр, тухайлбал эрүүл мэнд, өмч хөрөнгө, нэр төр, алдар хүнд, эсхүл өөрийн чадвар чадавхаараа хохирол амсахыг ойлгодог” Хохирол гэдэг үг нь тухайн гэм хор хохирогчийн хувьд ашиггүй өөрчлөлтийн үр дүн, үр дагавар болохыг илэрхийлж байна. Иймд гэм хор, хохирол учирсныг гагцхүү өнгөрсөн, одоо үеийн нөхцөл байдлыг ашиггүй өөрчлөлт дагуулсан үйл явдал болоогүй бол бүрдэх байсан тэр нөхцөл байдалтай харьцуулах замаар тогтоодог. Энд гагцхүү эрх зүйн хувьд нөхөн арилгахуйц гэм хор, хохирлын асуудал хөндөгдөж буй эсэх нь голлох ач холбогдолтой байна...\Иргэний хуулийн тайлбар. 2006 он, 898 тал\ гэжээ. Хариуцагч тал П.Алтантүлхүүрийг 2020.08.26-ны өдрийн тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнд 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээтэй тэтгэмж олгох Шийдвэр гаргасан. Гэвч хариуцагчийн зүгээс П.Алтантүлхүүрийн удаа дараагийн хүсэл зоригийн илэрхийллийг үл тоомсорлон өнөөг хүртэл хуулиар хүлээсэн үүрэг \тэтгэмж олгох\-ээ огт гүйцэтгэхгүй, түүний ажил албан тушаалыг зохих ёсоор хүлээлцэхгүй байгаа. П.Алтантүлхүүр өнөөг хүртэл ажил, албан тушаалаа зохих ёсоор хүлээлцээгүй нь нэхэмжлэгчээс өөрөөс нь огт шалтгаалаагүй. Тэрээр ийнхүү ажил олгогчийн \магадгүй хэн нэгэн эрх мэдэлтний\ атгаг санаа зорилгын золиос болж, эдийн засгийн болоод сэтгэл санааны давхар хор хохирол амсаж байгаа нь үнэн. П.Алтантүлхүүртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг 2020.08.26-ны өдөр гаргасан хариуцагч тал, ажил хүлээлцэх хугацаа өдий болтол сунжирсанд ажил олгогч буруугүй болохоо шүүхэд нотолж чадаагүй. Гэм хор, хариуцлага хүлээх үндэслэлийн талаар ... Учирсан гэм хорыг нөхөн арилгах үүрэгтэй хуулиар холбогдсон, энэ утгаараа хариуцлага хүлээх үндэслэлтэй нөхцөл байдал бүрэлдсэн бол “үүний улмаас бий болсон буюу учирсан” гэм хорыг нөхөн арилгах ёстой хэмээн хууль тогтоодог... Гэм хорыг нөхөн арилгах үүрэг бүхий этгээдийн хүлээх хариуцлагыг зохимжтой хэмжээнд хязгаарлах өөр нэг арга бол энэ төрлийн гэм хор, хохирлыг нөхөн төлөх нь хариуцлага хүлээлгэх хэм хэмжээний зорилгоор, эсхүл гэм хорыг нөхөн арилгахыг гэрээгээр хүлээсэн үүргээр ногдуулсан тохиолдолд холбогдох уг гэрээний хамгаалах үүрэг зорилгоор баталгаажсан байх явдал байдаг. Ийнхүү үзэх иш үндэс нь хуулийн дагуу эсхүл гэрээгээр хүлээсэн аливаа үүрэг хариуцлага ямагт тодорхой эрх ашиг, ашиг сонирхолд үйлчилж байдаг бөгөөд гагцхүү энэхүү хамгаалагдсан эрх ашигт учруулсан гэм хорыг гэм хор учруулагч этгээдэд хамааруулан тооцох ёстой гэсэн эргэцүүлэл байна. Харин хамгаалагдсан эрх ашиг, ашиг сонирхол гэдэг нь аль нь болохыг тухайн гэрээний агуулга, зорилтыг, гэм хорыг нөхөн арилгах үүргийг хуулиар тогтоосон тохиолдолд хариуцлага хүлээлгэх хэм хэмжээний зорилгыг тайлбарлах замаар тогтоох ёстой ... Зарчмын хувьд гэм хор учруулагчийн үйлдэл шууд, эсхүл бусад нөхцөл байдлын улмаас дам хэлбэрээр учруулсан эсэхээс үл хамааран гэм хорыг арилгах үүрэг бий болдог. Ямар нөхцөл байдал эцсийн дүнд гэм хорыг учруулсан нь ач холбогдолгүй байна. Харин гэм хор арилгах үүрэг үүсгэх гол нөхцөл нь нэгэнт учирч, илэрхий болсон гэм хор ба гэм хор учруулагчийн үйлдэл хоёрын хоорондох шалтгаант холбоо хэт холдож, гэм хор учруулагчид аливаа хариуцлага ногдуулах боломж алдагдаагүй байх явдал байдаг. Энд дурдсан эхний нөхцөл байдал бий болсны шалтгаан нь гэм хор учруулагчийн үйлдлийн тухайд ямар ч ач холбогдолгүй байхаар бол дээрх нөхцөлийг өгөгдсөн гэж үзнэ. \Иргэний хуулийн тайлбар.2006 он. 902-905 тал\ хэмээн тайлбарлажээ. Хохирол нөхөн арилгахтай холбогдох гэм хор, хариуцлагын асуудал нь хохирол бий болоход үүрэг бүхий этгээд буруутай байхтай шалтгаант холбоотой. Тухайн этгээдийн үйлдэл нь бодитойгоор эрх зүйн журам зөрчиж байвал, өөрөөр хэлбэл, эрх зүйд харшлах үйлдэл хийсэн ба энэхүү үйлдлийг хийснээр, эсхүл эс хийснээр ямар үр дагавар гарч болохыг урьдчилан мэдэж байсан буюу мэдэх бололцоотой байсан, үр дагавраас нь зайлсхийх боломжтой байсны төлөө буруутгаж болохоор байвал гэм буруутайд тооцогдох учиртай. Иргэний хуулийн 497.1-д зааснаар бусдын ..эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл \эс үйлдэхүй\-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй Мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хариуцлагаас чөлөөлөгдөнө. Иргэний хуулийн 229.1-д зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. Хэргийн хариуцагч тал П.Алтантүлхүүрийн ажлаас халагдсаны тэтгэмжээ авах удаа дараагийн хүсэлт өргөдөлд нэн тоомжиргүй хандаж, ажил хүлээлцэх хугацааг сунжруулсан учир шалтгаанаа зөвтгөж, шүүхэд өөрсдийн гэм буруугүй гэдгээ нотолж чадаагүй. Иймээс П.Алтантүлхүүрт хуулийн дагуу олгогдох ёстой мөнгөн хөрөнгийг тодорхой бус учир шалтгаанаар удаан хугацаагаар саатуулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түүний эд хөрөнгөд гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлтэй. Хэрвээ П.Алтантүлхүүрт анхны шүүх хурал \2021.01.07\-ын дараа ажлаас халагдсаны тэтгэмжийг хариуцагч тал үндсэн цалингаар нь тооцоод олгосон бол тэрээр найман оронтой тоогоор хэмжигдэх мөнгөөрөө бизнес эрхэлж, өндөр ашиг орлого олохгүй гэхэд бэлэн мөнгөө арилжааны банкинд хадгалуулаад долоон оронтой тоогоор хэмжигдэх хэмжээний хүүгийн орлого олох боломжтой байсан. Түүнчлэн дэлхий нийтийг хамарсан цар тахал болон дайн бүхий нөхцөл байдлын улмаас 2020.08.26-ны өдрөөс хойш Монгол улсад юмны үнэ тэнгэр хадаж, төгрөгийн ханш унаж, мөнгөний инфляци нүүрлэж буй нь нийтэд илэрхий бөгөөд нотлох шаардлагагүй үнэн. Үүнтэй холбогдуулан П.Алтантүлхүүрийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас өнөөг хүртэл авч чадаагүй тэтгэмжүүдийн үнэ цэнэ ямар хэмжээгээр сар, өдөр тутамд буурсаар байгааг шүүх анхаарч үзвэл зохилтой.
4.4. Магадлалыг өөрчлүүлэх тухай санал, дүгнэлт. П.Алтантүлхүүрийн ажил албан тушаалыг зохих ёсоор хүлээлцэхгүй байгаа эс үйлдэхүйг тэрээр олон удаагийн шүүх хуралдаан дээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилладаг нэхэмжлэгчтэй хувийн тааламжгүй харилцаа бүхий зарим удирдах албан тушаалтны башир арга, атгаг санаатай холбогдуулан тайлбарлаж байсан. 2021.01.07-ны өдрийн шүүх хурлаас хойш П.Алтантүлхүүрт ядаж ажлаас халагдсаны болон өндөр насны нэмэгдэл тэтгэмжийг өгсөн бол тэрээр ажил хүлээлцэх хугацааны олговрыг энэ өдрийг хүртэл нэхэмжилснээр маргаанаа дуусгавар болгох асуудал 2021.09.06-ны шүүх хуралдаан дээр яригдаж байсан Гэвч хариуцагч талаас үүнийг шийдвэрлэх ямар нэгэн санал санаачилга гаргаагүй. Эдгээр нь П.Алтантүлхүүрийг хариуцагчаас ажил хүлээлцэх үеийн нөхөн олговорт 62,410,333 төгрөг нэхэмжлэх нөхцөл байдлыг бий болгосныг дурдах нь зүйтэй болов уу. Би өмгөөлөгчийн хувиар үйлчлүүлэгчийнхээ санал, хүсэлтийг харгалзан үзэж, “иргэнд хуулиар хориглогдоогүй бүхэн зөвшөөрөгдөх” зарчмыг баримтлан анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүдэд түүний нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин тайлбарлаж байсан. Ажил олгогчийн зүгээс ажилтны ажил, албан тушаалыг зохих ёсоор хүлээлцээгүй эс үйлдэхүй, түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу олгогдох ёстой тэтгэмж болон бусад нэмэгдэл тэтгэмжийг цаг хугацаанд нь олгоогүй зэрэг үүргийн зөрчлийн улмаас П.Алтантүлхүүр 2020.08.26-ны өдрөөс 2021.01.07-г дуустал ямар нэгэн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжгүй эдийн засгийн хор хохирол амсаж байсан нь бодит үнэн. Иймд иргэний шүүх Хөдөлмөрийн тухай хууль \1999 он\-ийн 59.2 заалт болон иргэний хууль тогтоомжийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь ханган шийдвэрлэхгүй гэхэд ядаж өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ажилтны дээрх хугацааны хор хохирлыг арилгахуйц хэмжээгээр ажил хүлээлцэх хугацааны олговрыг нөхөн олгох шийдвэр гаргавал иргэний эрх зүйн үүргийн харилцааны зарчим болон дээр дурдсан хууль зүйн үндэслэл, тайлбарт нийцнэ. Ажил хүлээлцэх хугацааны олговрыг 2020.08.26-с анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021.01.07-г хүртэлх 4 сар 7 ажлын өдрөөр, П.Алтантүлхүүрийн дундаж цалин хөлс болох 3,404,200 төгрөгөөр тооцоход 14,740,828 төгрөг болж, нэхэмжлэлийн нийт үнийн дүн 82,824,828 төгрөг болж багасна. Эрх зүйн зарчмын дагуу иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх бүхий этгээдийн шаардах эрх нь үүрэг бүхий этгээдийн үүрэгтэй тэнцвэртэй \эквивалент шинжтэй\ байх учиртай Үүнийг харгалзан үзэж би хуульчийн хувиар, ажил олгогч нь ажилтны эрх, ашиг сонирхлыг илтэд дордуулсан, эсхүл ажилтан нь хэт давуу эрхтэй байх нь шударга ёсны зарчимд төдийлөн нийцтэй бус хэмээх хууль зүйн дүгнэлт гаргаж байна. Монгол үндэстний онцлог байдлаар Орхон аймаг дэндүү цөөхөн хүн амтай, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь энэ хотдоо байтугай, улсдаа хамгийн том, цалин хангамж сайтай үйлдвэр бөгөөд Эрдэнэтэд амьдардаг бүх хүмүүсийн ажиллахыг хүсдэг мөрөөдлийн аж ахуйн нэгж, байгууллага билээ. Энэхүү бодит нөхцөл байдал болон нэг орон нутгийн оршин суугчдын хоорондын шууд ба дам хамаарал, нөлөөллөөс ангид байдлаар гомдлыг хүлээн авч, хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176-р зүйлд заасны дагуу хяналтын журмаар хэлэлцэн, чин шударгаар эцэслэн шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж энэхүү гомдлыг гаргалаа. Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон хууль зүйн үндэслэлүүдийг харгалзан үзэж Монгол улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль болон бусад иргэний хууль тогтоомжид заасан хууль дээдлэх үндсэн зарчмаар “хууль бол ярьдаггүй шүүгч” хэмээх афоризмын дагуу П.Алтантүлхүүрийн ажил хүлээлцэх хугацааны нөхөн олговортой холбогдох маргааныг зохих журмаар хянан шийдвэрлэж, магадлалд хууль ёсны өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, Б.Нандинчулуун нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2, 172.2.3-т зааснаар хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
5.1 Хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 3.1.4-т “хамтын гэрээ” гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ гэж, 18.2-т “Энэ хуулиар ажилтанд олгосон баталгааг илүү нөхцөлөөр хамтын гэрээнд тогтоож болно” гэж тус тус зохицуулсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа нь ажилтны төлөөлөл болсон Үйлдвэрчний Эвлэлийн холбоотой 2 жил тутам “Хамтын гэрээ” хэлэлцээрийг байгуулан ажилласаар ирсэн бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх “Хамтын гэрээ”-ний 8 дугаар бүлгийн 8.11.5-д “Үйлдвэрийн газарт 30 буюу түүнээс дээш жил ажилласан бол 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нь нэг удаа олгоно” гэж заасан. Дээрх зохицуулалтуудаас үзэхэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх “Хамтын гэрээ”-ний 8 дугаар бүлгийн 8.11 дэх заалт нь ажилтны эрх ашиг сонирхлыг хөндсөн бус, ажилтанд хуульд зааснаас илүү нөхцөлөөр тэтгэмж олгох тухай Захиргааны зүгээс Үйлдвэрчний Эвлэлийн Холбоотой байгуулсан хамтын тохиролцоо юм. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 8 дугаар зүйлд Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах үндсэн зарчмыг тусгасан ба 8.1.5-т “хамтын гэрээ, хэлэлцээрт тусгах саналаа чөлөөтэй сонгож хэлэлцэх” гэж, 15.4-т “Энэ зүйлд заасан бүртгэх эрх бүхий этгээд нь хамтын гэрээ, хэлэлцээрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянаж, хууль тогтоомжид нийцэж байвал түүнийг бүртгэх бөгөөд хэрэв нийцээгүй бол бүртгэхээс татгалзана”, 15.5-т “Бүртгүүлээгүй буюу хууль тогтоомжид нийцээгүй, эсхүл ажилтны эрхийн байдлыг хууль тогтоомжид зааснаас дордуулсан хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх бөгөөд түүнийг биелүүлэхгүй” гэж заасан бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын гэрээ нь тус хуулийн зохицуулалтын дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтнаар хянагдан баталгаажсан хууль ёсны гэрээ юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийхдээ: “Хариуцагч байгууллага нь тэтгэмж олгох сарыг урт хугацаагаар тооцсон байгаа ч олгох тэтгэмжийг хуульд нийцүүлж тогтоох ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.4, 18.2 дахь заалтуудад зааснаар ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг илүү нарийвчлан, ажилтанд илүү нөхцөлөөр тэтгэмж олгох эрхийг хангасан зохицуулалтыг хуульд нийцүүлэн бага нөхцөлөөр тэтгэмж олгох байсан гэж дүгнэж байгаагаас өөрцгүй юм. Монгол Улсын Дээд шүүхийн практикаас харахад Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 42.1-т заасны дагуу дундаж цалин хөлсөөр олгох тэтгэмжийг Хамтын гэрээгээрээ үндсэн цалингаар олгосон ажил олгогчийн шийдвэрийг ажилтны эрхийг дордуулаагүй тул зөв зүйтэй гэж дүгнэсэн хэд хэдэн тогтоол байдгийг shuukh.mn сайтаас харж болох бөгөөд 2022.01.01-с хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1.1-82.1.4-т дэх заалтуудад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг үндсэн цалин хөлсөөр олгохоор заасан болохыг дурдах нь зүйтэй болно.
5.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас ажлаас халагдсаны тэтгэмжийг 10 сарын дундаж цалингаар тооцож, 68,084,000 төгрөг, ажил хүлээлцэх үеийн олговорт 18 сар 7 өдрийн 62,410,333 төгрөг, нийт 130 494 333 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талаас ажлаас халагдсаны тэтгэмж болон ажил хүлээлцэх үеийн нөхөн олговрыг дундаж цалин хөлсөөр тооцуулах хүсэл сонирхлыг илэрхийлсэн. Ажилтны дундаж цалин хөлсийг тооцох журмыг Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 48.2-т “Мэргэжил, албан тушаалын тариф- мэргэшлийн лавлах зохиох аргачлал, мэргэжил, албан тушаалын нэрийн нэгдсэн жагсаалт, хөдөлмөрийн норм, норматив тогтоох болон дундаж цалин хөлс тодорхойлох журмыг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үндэсний байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасныг баримтлан Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баталсан байдаг. Тус журмын 8-т “ Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоохдоо хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн, дунджийг тодорхойлоход энэ журам хамаарахгүй”, 9-т “Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, данс, бүртгэл байна” гэж тус тус заасан. (Энэхүү журмыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар дахин шинэчлэн баталсан байдаг) Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хууль тогтоомж болон холбогдох эрх бүхий байгууллагаас баталсан журмыг зөрчиж, нэхэмжлэгч талаас гаргасан (дээрх хууль тогтоомж, журмыг үндэслээгүй буюу өөрийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичиглэлд үндэслэн өөрөө тооцоолсон гэх) тооцооллыг шүүхийн шийдвэр болон магадлалын үндэслэл болгон хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэглэвэл зохих хууль тогтоомж, журмыг баримтлаагүй буюу ИХШХШТХ-ийн 10.1-т “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ” гэж заасныг зөрчсөн болно. Түүнчлэн шүүхийн шийдвэр болон магадлалд хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь нэхэмжлэгч П.Алтантүлхүүрт ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгөх, ажил хүлээлцэх талаар удаа дараа мэдэгдэж, хууль болон хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ хэрэгжүүлж байсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүх ажил олгогчийн буруу биш гэж дүгнэсэн атлаа ажил хүлээлцэх үеийн нөхөн олговорт 1 сарын дундаж цалин хөлс буюу 3,404,200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь агуулгын хувьд зөрчилтэй дүгнэлт болсон болно.
5.3 Шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлийн тухайд: Анхан шатны шүүхээс тус маргаантай хэргийг 2021.01.07-ны өдрийн 142/ШШ2021/0043 дугаартай шүүгчийн захирамжаар ИХШХШТХ-н 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа 2021.03.02-ны өдрийн 142/ШТ2021/00025 дугаартай шүүхийн тогтоолоор шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн илтэд тодорхой заалтыг зөрчсөнөөс гадна Монгол Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарыг зөрчсөн болно. Монгол Улсын Дээд Шүүхийн 2006.05.05-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-75 дугаар зүйл болон 106 дугаар зүйлийн зарим заалтыг шүүхийн практикт зөв хэрэглэх тухай” зөвлөмжийн 4 дэх хэсэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүгчийн захирамж бол шүүхийн шийдвэрийн адил хүчинтэй, шүүхийн шийдвэрийн дугаар авагддаг. Гэтэл Улсын дээд шүүхийн зөвлөмжид заасанчлан тус захирамжид захирамж гаргасан шүүгч өөрөө залруулга хийж хүчингүй болгох, өөрчлөх эрхтэй атал хуулиар тогтоосон нөхцөлийг зөрчиж, 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, адил шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хүлээн авч байгаа нь хуулийг гажуудуулсан үйлдэл болж байна. Иймд Улсын дээд шүүх нь хуулийн үзэл санаа, зорилго, зорилт зарчимд нийцүүлж, энэхүү хэргийг шударгаар дэнсэлж, хэргийн шийдлийг хуульд нийцүүлэн гаргана гэдэгт итгэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дорждулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, Б.Нандинчулуун нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа, маргааны зүйлийг зөв тодорхойлсон байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр, магадлал хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадсангүй.
7. Нэхэмжлэгч П.Алтантүлхүүр хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан ажил хүлээлцэх үе буюу 18 сар 7 өдрийн олговор 62,410,333 төгрөг, ажлаас чөлөөлөгдөх үеийн тэтгэмжийг 20 сарын дундаж цалин хөлсөөр тооцон 68,084,000 төгрөг, нийт 130,494,333 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин “Хөдөлмөрийн тухай хууль (1999 он)-д нийцүүлэн ажлаас халагдсан ажилтанд олгох тэтгэмжийг сарын дундаж цалин хөлсөөр бодох, ... мөн хуульд ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзэх тул ажил хүлээлцэх үеийн нөхөх олговрыг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 18 сар 7 хоногоор тооцох учиртай ... ” гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “ ...байгууллагын хамтын гэрээнд ажлаас халагдсаны тэтгэмжийг үндсэн цалингаар тооцож өгөхөөр заасан нь ажилтны эрх ашгийг зөрчөөгүй, нэхэмжлэгч ажлаа хүлээлцэхгүй байсанд ажил олгогч буруугүй ...” гэж маргасан байна.
8. Анхан шатны шүүх ажил хүлээлцэх үеийн олговор шаардах хугацааг П.Алтантүлхүүрийн ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа гардаж авсан өдрөөр тодорхойлон, нэг сарын дундаж цалинг 3,404,200 төгрөгөөр тооцож олгохоор шийдсэний зэрэгцээ ажлаас халагдсаны тэтгэмжийг сарын дундаж цалин хөлсөөр тогтоох нь ажилтны эрх ашигт нийцнэ гэж үзэн ажлаас халагдсаны тэтгэмжид 68,084,000 төгрөг, нийт 71,488,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг үндэслэл бүхий дүгнэсэн гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргасан байх ба нэхэмжлэгч ажил хүлээлцэх өдрийг буруу тодорхойлсон гэж үзэн магадлалд өөрчлөлт оруулахыг, хариуцагчийн төлөөлөгч шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж тус тус маргаж байна.
10. Зохигчийн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн иргэний танхимын нийт шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2022/00878 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
11. Нэхэмжлэгч П.Алтантүлхүүр нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтын талаар маргаагүй боловч ажил олгогчийн байгуулсан хамтын гэрээний 8.11.5-д ийнхүү ажлаас чөлөөлөгдөх үед ажилтны үндсэн цалингийн 20 сартай тэнцэх хэмжээний олговор олгохоор заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалттай нийцсэн эсэх, ажилтны ажил хүлээлцэх ажиллагаа удааширсанд ажилтан эсхүл ажил олгогчийн аль нэг нь буруутай эсэх асуудал зохигчийн маргааны зүйл болжээ.
12. Ажилтны ажил хүлээлцэх үеийн нөхцөл байдлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хоёр шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэж Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.
13. Харин ажил олгогч ажлаас чөлөөлөгдөх үеийн тэтгэмжийн хэмжээг тогтооход нэг сарын үндсэн цалинг хэмжих нэгж болгон тогтоосныг хоёр шатны шүүхээс “... Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, ажилтны эрхийг дордуулсан ...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадсангүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор заасан нь ажил олгогч ажилтныг эдгээр үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө хамгийн багадаа нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох агуулгыг илэрхийлсэн гэж үзнэ. Иймд үүнээс дээш хэмжээгээр тэтгэмж олгох үед тэтгэмжийн хэмжээг хэрхэн тодорхойлох нь хөдөлмөрийн дотоод журам, бусад баримт бичигт заасантай уялдах боломжтой. Маргаан бүхий тохиолдолд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хамтын гэрээнд ажлаас халагдсаны тэтгэмжийг хуульд заасан хугацаанаас илүү буюу ажилтны 20 сарын үндсэн цалингийн хэмжээгээр тодорхойлсон нь хууль зөрчөөгүй, ажилтны эрх ашгийг дордуулаагүй гэж үзнэ.
14. Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хяналтын шатны журмаар гаргасан гомдолд “хамтын гэрээнд нийцүүлэн 20 сарын үндсэн цалингаар ажлаас халагдсаны тэтгэмж олгосон ажил олгогчийн шийдвэр ажилтны эрхийг дордуулаагүй” гэж дурдсан нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд ажилтны үндсэн цалингийн хэмжээг 2,999,987 төгрөгөөр тодорхойлсныг ажил олгогч зөвшөөрөх эсэхийг асуухад хариуцагч татгалзах зүйлгүй талаар тайлбарласан байх боловч хавтаст хэргийн 73 /2-р хх/-р талд авагдсан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 111/86 дугаар албан бичигт ажилтны дундаж цалинг 2,999,987 төгрөгөөр тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн маргахгүй гэж тайлбарлаж байгаа 2,999,987 төгрөг нь үндсэн цалин, эсхүл ажил олгогчоос тодорхойлж байгаа дундаж цалингийн алин болох нь ойлгомжгүй, ажилтны үндсэн цалингийн хэмжээг эргэлзээгүй нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул хяналтын шатны шүүхээс тус үйл баримтыг тогтоох боломжгүй гэж үзнэ. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож энэ үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2022/00419 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 207/МА2022/00063 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дорждулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, Б.Нандинчулуун нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т заасны дагуу нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхийг шүүгчийн захирамжаар хойшлуулах хүсэлт гаргасныг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 452,980 төгрөг гаргуулан улсын орлого болгож, хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 515,391 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА