Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 386

 

 

 

 

 

 

  2020              3            31                                          2020/ДШМ/386

           

 

Ц.Хад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Энх-Оюун,

шүүгдэгч Ц.Хын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Хын өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ц.Хад холбогдох эрүүгийн 1808044421378 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц.Х,

Шүүгдэгч Ц.Х нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байрны эмчийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байранд 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр эрүүлжүүлэгдсэн И.Доржсүрэн, Б.Мөнхжаргал нарыг батлан даалтанд өгнө гэж иргэн И.Доржсүрэнгийн эгч И.Батчимэгийг хуурч 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байранд 40.000 төгрөг, түүнээс хойш 7 хоногийн дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр иргэн И.Доржсүрэн, Б.Мөнхжаргал нарыг Зөрчлийн тухай хуульд зааснаар тус бүрийг 100.000 төгрөгөөр торгоно гэж Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ойролцоо 160.000 төгрөг, нийт 200.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Цэрэнгийн Ц.Хыг залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Хыг 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хыг 11.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий СД 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Х цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Ц.Хын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.Хад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хохирогчийг буруу тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажиллагааг зөрчсөн байна. Энэ нь хохирогч И.Батчимэгээс Ц.Хад зөрчил гаргасан Б.Мөнхжаргал, И.Доржсүрэн нарын торгуулийн мөнгө гэж өгсөн болохоос Б.Мөнхжаргал, И.Доржсүрэн нар нь Зөрчлийн тухай хуульд заасан олон нийтийн газар танхайрсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/103 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч И.Батчимэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эд хөрөнгийн хохирол учирсан тул түүнийг энэхүү хэрэгт хохирогчоор тогтоож мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Иймд И.Батчимэгийг хохирогчоор тогтоосонд хууль зөрчсөн асуудал байхгүй. Шүүгдэгч Ц.Х нь хохирогч И.Батчимэгээс дээрх мөнгийг авахдаа хэрэг маргаан шийдвэрлэсэн талаар ямар нэгэн баримт, материал бүрдүүлээгүй байж хэрэг маргааныг шийдвэрлэнэ хэмээн залилж мөнгийг нь авсан. Энэхүү хэрэг нь өмнө нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хэлэлцэгдэж байсан. Тухай бүрд нь шүүгч нар шүүгдэгчийн өмгөөлөгчид энэ талаар тайлбарлаж өгч байсан. Хяналтын шүүхээс анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхээс Ц.Хад оногдуулсан 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл тохирсон байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ц.Х нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байрны эмчийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байранд 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр эрүүлжүүлэгдсэн И.Доржсүрэн, Б.Мөнхжаргал нарыг батлан даалтанд өгнө гэж иргэн И.Доржсүрэнгийн эгч И.Батчимэгийг хуурч 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байранд 40.000 төгрөг, түүнээс хойш 7 хоногийн дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр иргэн И.Доржсүрэн, Б.Мөнхжаргал нарыг Зөрчлийн тухай хуульд зааснаар тус бүрийг 100.000 төгрөгөөр торгоно гэж Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ойролцоо 160.000 төгрөг, нийт 200.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч И.Батчимэгийн “...Ц.Х л надаас “энэ мөнгийг өгөх ёстой, цаанаа данс тооцоотой учраас удаан хугацаагаар хүлээж болдоггүй” гэж хэлж байсан. Би дүүгийнхээ болон Мөнхжаргалын нэрийн өмнөөс энэ мөнгийг төлсөн. Хоёр хүний эрүүлжүүлэхийн хөлс гээд 9000 төгрөг авсан. Мөнгө тушаасан баримт өгөөгүй. Дараа нь 40.000 төгрөг өгсөн. Харин Ц.Х эгчийн 3 ээлж өнгөрсний дараа буюу 10 гаран хоногийн дараа Ц.Х эгч энгийн хувцастай, жижиг машинтай хүрч ирээд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хэлтсийн орчим байж байхад надаас 160.000 төгрөгийг авсан. ...” /хх-21-22, 23- 24/,

гэрч И.Доржсүрэнгийн “...Нэг мэдэхэд найз Мөнхжаргалын хамт Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд байсан. ...Маргааш өглөө нь эгч Батчимэг, найз охин Ундрахжаргал 2 намайг эрүүлжүүлэхээс батлан даалтад гаргаж авсан. ..Батчимэг эгч над руу яриад “цагдаа утсаар яриад торгуулийнхаа мөнгийг нэхээд байна, чи мөнгө олж байна уу” гэж надаас асууж байсан. Би тухайн үед “өгөх мөнгө байхгүй байна” гэсэн. Батчимэг эгч тухайн асуудал болсноос хойш хэд хоногийн дараа “би чиний өмнөөс цагдаад 200.000 төгрөг өгсөн шүү, чи надад буцааж өгөөрэй” гэсэн. ...Батчимэг эгч надад “цагдаа мөнгө нэхээд байна” гэж хэлж байсан болохоос “эрүүлжүүлэх байрны эмч” гэж тодорхой хэлээгүй. Би Батчимэг эгчийг цагдаад өгсөн мөнгийг торгуулийн мөнгө гэж ойлгосон. ...Ц.Х нь “намайг АТГ- аас дуудаад шалгаад байна, танай эгч чинь надад мөнгө өгчихөөд тэрийгээ бичээд авчихсан байна, та нарт би тусалж байхад хүний ачийг ингэж хариулдаг юм уу, би уг нь торгуулийн хуудас өгөх гэж байсан чинь эгч чинь ажилтай гээд яараад яваад өгсөн шүү дээ” гэж хэлсэн. ...” /хх-33-34/,

гэрч Б.Мөнхжаргалын “...эрүүлжүүлэхийн төлбөрийг И.Доржсүрэнгийн эгч, найз хүүхэн өгсөн. ...И.Доржсүрэн бид хоёрыг эрүүлжүүлэгдсэн өдөр нилээн махлаг биетэй эгч үүрэг гүйцэтгэж байсан. ...Эрүүлжүүлэх байрны эмч гээд хүүхэн нь “та 2 тус бүр 100.000 төгрөгийн торгууль төлөөд гаргаарай, гарч яваад нөгөө хүнээсээ уучлалт гуйж учраа олно шүү” гэж хэлж байсан. Би тэгж хэлэхэд өөрийгөө 100.000 төгрөг төлөх ёстой юм байна гэж ойлгосон. Доржсүрэнгийн эгч биднийг гаргаж авахад нь түүнийг бидний өмнөөс тус бүр 100.000 төгрөг төлчихлөө гэж ойлгосон. Доржсүрэн ч гэсэн эгч мөнгө төлчихсөн байгаа гэж надад хэлсэн. ...” /хх-35-37/,

гэрч О.Ундрахжаргалын      “...Тухайн үед Батчимэг эгч 40.000 төгрөгийг эмчид өгөөд Доржсүрэн Мөнхжаргал нарыг “та хоёрт энэ хоёр хүнийг батлан даалтаар өглөө, эргэж дуудна” гээд ...Батчимэг эгчийн утасны дугаар, хаягийг тэмдэглэж аваад явуулсан. Түүнээс хойш миний хувьд тэр эрүүлжүүлэхийн эмчтэй уулзаагүй. ...Эрүүлжүүлэх байрны наад талын нэг том өрөөнд Батчимэг эгч бид хоёр ороод уулзахад “нэг хүний 100.000 төгрөгөөр торгоно” гэсэн. ...Түүнээс хойш 7 хоног арай болоогүй байхад тэр эрүүлжүүлэхийн эмч эмэгтэй над руу “үлдэгдэл мөнгөө өг” гэж ярьсан. Би Батчимэг эгч рүү яриад “нөгөө эмч яриад үлдэгдэл мөнгөө өг гээд байна” гэсэн. ...” /хх-38-40/,

гэрч Б.Батбилэгийн “...Чимгээ гэдэг эмэгтэй надад “манай дүү хүний толгой хагалаад, найзтайгаа хамт эрүүлжүүлэхэд орсон юм. Тэгтэл Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэхийн эмч 40.000 билүү, 50.000 төгрөгийн барьцаа аваад гаргасан, тэр эмч надаас “наад хүмүүс дээр чинь торгуулийн арга хэмжээ авна, 200.000 төгрөгөөр торгоно” гээд нэхээд байна” гэхээр нь би “барьцааны мөнгө яах гэж авсан юм бэ” гэхэд “танай дүүг гаргаж байгаа учраас барьцааны мөнгө авч байгаа, 200.000 төгрөг нь болохоор хүн тус бүрийг 100.000 төгрөгөөр торгоно” гэсэн гэхээр нь би “Зөрчлийн хуулиар 100.000 төгрөгөөр торгодог, торгууль төлөх юм бол торгуулийн хуудсаа аваарай” гэж хэлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа ...Чимгээ “нөгөө эмч нь 200.000 төгрөг нэхээд байна” гэхээр нь “2-3 хоночихоод байхад яагаад нэхээд байгаа юм бол, наадах асуудлыг нь шийдчихмээр юм даа” гэж би хэлсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа Чимгээ “нөгөө эмч дахин дахин нэхээд байна” гэхээр нь би “утсаар юу гэж ярьдаг юм бэ, утасны бичлэгийг бичээд авчихгүй юу” гээд хэлсэн. Дараа нь “бичлэг хийчихлээ” гээд над руу ярихаар нь сонсоход тэр эмч гээд яриад байгаа эмэгтэй нь “мөнгөө түргэн төлөөч, арга хэмжээ авна” гэсэн. “Хэн арга хэмжээ авах юм бэ” гэхэд “манайхан л авна шүү дээ” гэсэн яриа байхаар нь би “чи ямар ч байсан тэр мөнгийг нь төлөөрэй, харин торгуулийн хуудсаа аваарай” гэдгийг хэлээд салсан. Түүнээс хойш би Сонгинохайрхан дүүргээр ажилтай явж байгаад Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Ганбаяртай уулзаад “танай эрүүлжүүлэх байрны эмч чинь мөнгө төгрөгийн асуудалд холбогдоод байгаа юм байна шүү, чи шалгаарай” гэдгийг хэлсэн. ...” /хх 41-42/,

гэрч Б.Ганбаярын “...Ц.Х нь хүнээс торгуулийн мөнгө гэж 200.000 төгрөг авсан байна, ингэж болдог юм уу гэсэн. ...Нямбаяр асуудлыг шалгаж ирэхдээ уг хүнээс мэдүүлэг авч, гар утасны бичлэгийг хуулбарлаж ирсэн. Бичлэгийг сонсоход эрүүлжүүлэх байрны эмч Ц.Хын дуу хоолой мөн байсан, тухайн иргэнээс торгуулийн мөнгө нэхэж байгаа талаар яригдсан байсан. Тухайн үед эрүүлжүүлэх байрны эмч нь торгуулийн арга хэмжээ авах эрх бүхий ажилтан байгаагүй. Манай хэлтсийн эрүүлжүүлэх байрны эмч нар Зөрчлийн хэрэг маргаан шийдвэрлэсэн зүйл байхгүй. Зөвхөн хэсгийн байцаагч нар л зөрчлийн хэрэг шалгаж байгаа. ...” /хх 43-45, 100-101/,

шүүгдэгч Ц.Хын яллагдагчаар өгсөн “...Миний хувьд ямар нэгэн батлан даалтад өгсөн гэж мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Тухайн иргэнийг Зөрчлийн тухай хуулиар торгодог. Манайд эрүүлжүүлэгдсэн хүмүүс ихэнхдээ торгуулийн мөнгө байхгүй, ар гэрийнхэн нь тоохгүй байдаг болохоор би торгох үед нь торгуулийн мөнгийг нь бэлэн байлгах үүднээс энэ мөнгийг авсан байсан. ...Нэмж авсан 160.000 төгрөгийг би торгууль төлүүлэх л гэж авсан. Гэвч энэ мэдээлэл нь манай гомдол мэдээллийн бүртгэлд ороогүй байсан. ...” /хх 126/ гэх мэдүүлгүүд,

хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн “Ц.Хаас хохирлын 200.000 төгрөг хураан авч, И.Батчимэгт хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /хх 91/, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн “Эрүүлжүүлэх, байрны эмч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Х 2018 онд Захиргааны зөрчил шийдвэрлээгүй болно” гэх албан бичиг /хх 109/, 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр саатуулагдсан хүний төлбөр тооцоо /хх 110/, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хоногийн нөхцөл байдлын мэдээ /хх 111-113/, СД-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-103-104/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж, шүүгдэгч Ц.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Хын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, зорилгод нийцжээ.

Шүүгдэгч Ц.Хын өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн “...хохирогчийг буруу тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. ...нийтийн газар танхайрсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. ... дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.  ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг  гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж тодорхойлжээ.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу залилах хэргийн хохирол, үнийн дүн, үйлдэж буй арга зэрэг нь тухайн гэмт хэргийн нэг шинж болж байдаг онцлогтой.

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Хохирогч И.Батчимэг нь Ц.Хын хэлсэн худал зүйлд итгэж, өөрийн эд хөрөнгийг шилжүүлэн өгч хохирсон болохыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоосон байна.

Шүүгдэгч Ц.Хын үйлдэл уг гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад эд хөрөнгөөрөө хохирсон И.Батчимэгийг хохирогчоор тогтоосон хуульд нийцсэн байна.

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст иргэн И.Доржсүрэн, Б.Мөнхжаргал нарт холбогдуулан зөрчлийн шинжтэй гомдол хэн нэгнээс гаргасан, түүнчлэн ямар нэгэн хэрэг нээж хянан шалгаж байгаа баримт хэрэгт авагдаагүй байх тул тэднийг танхайрсан гэж дүгнэх боломжгүй, уг асуудал шүүгдэгч Ц.Хын гэм бурууг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд дээрх байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үйл баримт тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Хын өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

 

           

            ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ