Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар  001/ХТ2022/01146

 

 

               Ж.Ц-ийн нэхэмжлэлтэй иргэний

                хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/02658 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2380 дугаар магадлалтай,

Ж.Ц-ийн нэхэмжлэлтэй,

 О.Н-ид холбогдох,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, О.Н, Б.Б нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Б.Б, Р.Х нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, О.Н-ийн “С-И ББСБ” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай үндсэн, хариуцагч О.Н-ийн Ж.Ц-тэй 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах тухай 014/27, 014/28 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд Н.М-гийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны, 19 тоот хаягт байршилтай, 5 өрөө орон сууцыг Ж.Ц-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч Ж.Ц-, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.М-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри нарын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ц, түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар, Б.Булгантамир, хариуцагч О.Н, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.М, түүний өмгөөлөгч Д.Майдри, Л.Дашравдан, гуравдагч этгээд Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал, гуравдагч этгээд Р.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрмаа, өмгөөлөгч М.Бадрал,  нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Ц нь хариуцагч О.Н-ид холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, О.Н, Б.Б-нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг, Б.Б, Р.Х- нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг, О.Н-ийн “С-И ББСБ” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч О.Н эс зөвшөөрч Ж.Ц-тэй 2014.04.29-ний өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах тухай 014/27, 014/28 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээд Н.М нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны, .... тоот хаягт байршилтай, 5 өрөө орон сууцыг Ж.Ц-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх бие даасан шаардлага гарган маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/02658 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.10, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т зааснаар Ж.Ц-ийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны, 19 тоот хаягт байршилтай 295.02 м.кв, 5 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай 127.89 м.кв, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, “С-И ББСБ” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ, О.Н-, Б.Б-нарын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээ, Б.Б, Р.Х нарын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ж.Ц, О.Н- нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалан бариулах тухай 014/27, 014/28 тоот гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байгааг дурдаж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны, .... тоот орон сууцыг Ж.Ц-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ж.Ц-ийн төлсөн 210,000 төгрөг, хариуцагч О.Н-ийн төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.М-гийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжаас дутуу төлсөн 1,590,650 төгрөгийг Ж.Ц-ээс, 3,425,500 төгрөгийг О.Н-оос тус тус гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, Ж.Ц-ээс 3,636,100 төгрөгийг гаргуулан О.Н-ид 3,565,900 төгрөгийг, Н.М-д 70,200 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2380 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/02658 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “Ж.Ц, О.Н- нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалан бариулах тухай 014/27, 014/28 тоот гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байгааг дурдаж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны, ..... тоот орон сууцыг Ж.Ц-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй” гэснийг “Ж.Ц, О.Н нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалан бариулах тухай 014/27, 014/28 тоот гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.М-гийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны, 19 тоот орон сууцыг Ж.Ц-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “оруулж, Ж.Ц-ээс 3,636,100 төгрөгийг гаргуулан О.Н-ид 3,565,900 төгрөгийг, Н.М-д 70,200 төгрөгийг тус тус олгосугай.” гэснийг “оруулсугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,437,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Ж.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.17-ны өдрийн 102/ШШ2020/02658 дугаар шийдвэрийг бүхэлд нь, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.18-ны өдрийн 2380 дугаар магадлалын зарим хэсгийг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчийн хувьд хяналтын журмаар гомдол гаргахдаа зохигч нарын хооронд байгуулсан 2014.09.29-ний өдрийн орон сууц захиалан бариулах тухай 014/28 тоот гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны, .... тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гомдол гаргах бөгөөд магадлалын бусад хэсэгт гомдол гаргаагүй болно.

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тул шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, нэхэмжлэгч миний эрхийг ноцтой зөрчсөн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ж.Ц-ээс хариуцагч О.Н-ид холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, О.Н, Б.Б-нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Б.Б, Р.Х нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, О.Н-ийн “С-И ББСБ” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхээс мөн шийдвэрийн холбогдох хэсгийг хэвээр үлдээсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй.

4.2. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Даваадорж нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргажээ. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.05-ны өдрийн 102/Ш32020/03571 дүгээр шүүгчийн захирамжаар  хүсэлтийг хангахгүй орхисон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй ...” гэж дурджээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн үндэслэлгүй шийдвэрлэсэн асуудлыг хууль тогтоомжид зааснаар шийдсэн эсэх, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн буюу тус нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой эрх нь хөндөгдөж болох этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь хэргийн шийдвэр болон бусад этгээдийн өмчлөх эрхэд халдаж болох эсэх нөхцөл байдлыг тодруулаагүй. Анхан шатны шүүхийн буруу шийдвэрлэсэн захирамжийг үндэслэл болгож байгаа нь буруу юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан хэргийг шийдвэрлэхээс өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах талаарх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж А.Даваадоржийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно.

4.3. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан болон давж заалдах гомдолдоо хэргийн зохигч нарын хооронд 2014.09.29-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалан бариулах тухай 014/27, 014/28 тоот гэрээний төлбөрт Ж.Н, О.Н нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон 2014.04.24-ний өдөр н.Д, хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний санхүүгийн эх үүсвэр буюу орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрт тооцсон эсэх талаар гэрч асуулгах  хүсэлтийг шүүхэд гаргасан. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо дурдсаар байхад гэрч нарыг асуулгах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой эсэх талаар огт дүгнэлт өгөөгүй, гомдолд дурдсан асуудлыг хэлэлцээгүй анхан болон давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэх талаарх хэргийн шийдвэрт нөлөөлсөн гэж харагдахаар байна. Давж заалдах шатны шүүхээс зохигч нарын хооронд байгуулсан 2014.09.29-ний өдрийн орон сууц захиалан бариулах тухай 014/28 тоот гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээ гэж зөв дүгнэсэн атлаа, тус гэрээний төлбөрийг хэрхэн шилжүүлсэн талаарх үйл баримтыг гэрчлэх этгээдүүдээс мэдүүлэг аваагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох, нэхэмжлэгчийн мэтгэлцэх боломжийг олгоогүй.

4.4. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд: Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236.2-т заасныг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Ж.Ц нь 650,000,000 төгрөгийг хариуцагч О.Н-ид шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдохгүй байна ... зээлийн гэрээний төлбөрийг 2014.09.27-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцох боломжгүй, ... Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар өмнөх гэрээний үүргийг зохигчид солихоор тохиролцсон гэж үзэхгүй...” гэж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд 2014.09.29-ний өдөр 014/27, 014/28 тоот орон сууц захиалах буюу ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар төлбөр төлөх журмыг талууд тодорхойлсон ба 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 11 дүгээр сарын хооронд өгсөн 518,000,000 төгрөгийг төлсөнд тооцохоор харилцан тохиролцсон, энэ нь хавтаст хэргийн 31, 32 дугаар талд авагдсан бөгөөд “Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандан барилгыг барьсан өмчлөлийг гаргуулахаар өгсөн өөрийн бичвэр, гарын үсэг болон мөнгө төлж, хүлээн авсан тухай 6 ширхэг баримт байна. Үүнээс үзвэл зохигч нарын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 39.1, 41.2, 343.4, 250.2, 344.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулах талаар талууд хүсэл зориг, үр дагаврыг ойлгож, хүсэж үйлдсэн байна. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт “... барьцаа болгох хүсэл зоригийн үүднээс гэрээ байгуулсан. Тухайн гэрээ нь зээлийн төлбөрийг төлөх үүргийг баталсан байдлаар гэрээ байгуулсан ...” зэрэг тайлбар, улсын бүртгэлд гаргасан өргөдөл зэргээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан үүрэг сольсон талаарх үйл баримтыг дүгнээгүй нь хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийг дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох боломжгүй талаар хууль ёсны дүгнэлтийг хийгээгүй. Тухайлбал, зохигч нарын хооронд байгуулсан 2014.09.29-ний өдрийн орон сууц захиалан бариулах тухай 014/28 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д талууд төлбөрт 400,000,000 төгрөгийг 100 хувь төлсөн гэж гэрээнд гарын үсэг зурж, баталгааны тэмдэг дарсан үйл баримт нь талууд гэрээний төлбөрийг тооцсон талаар дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдоно. Мөн дээрх гэрээ байгуулагдсанаас хойш төлсөн төлбөрийг тус гэрээний, эсхүл бусад төлбөр алинд нь тооцсон талаар дүгнээгүй. Харин давж заалдах шатны шүүхээс сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.М нарт холбогдох хэсэгт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны, .... тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өөрчлөлт оруулах эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн асуудлаар хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.18-ны өдрийн 2380 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасан журмыг баримтлан  хяналтын гомдол гаргаж байна.

5.1. Миний бие нөхөр О.Н-оос гэр бүлээ цуцлуулсан ба тухайн үеийн нэрээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.02.18-ны өдрийн 01444 дүгээр шийдвэрээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр Туулын гудамж, 93 байр, 19 тоот орон сууцыг Н.М-, хүү Н.А-д, Н.Т-н, Н.Ч-н нарын өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож шийдвэрлүүлсэн. Гэтэл Н.М-д өмчлөх эрх үүсээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийгдээгүй гэх үндэслэлээр миний бие даасан шаардлагыг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон. 2016 оны 02 дугаар сар хүртэл миний бие бага насны 3 хүүхдийн хамт маргаан бүхий байранд амьдарч байхад, салсан нөхөртэй минь маргаантай байгаа гэх Ж.Ц нь олон хүн дагуулан ирж манай гэрт амьдарч эхэлсэн үеэс гадны олон эрэгтэй хүний дунд нялх 3 хүүхэдтэй эмэгтэй хүн амьдрах аргагүй болж ээжийнхээ гэр рүү явсан юм. Одоо хүртэл Ж.Ц-ийн хамаатнууд манай гэрт амьдарч байна.

5.2. 2016 оны гэр бүл цуцлуулах шийдвэрийн дагуу бүртгэл хийлгэж амжаагүй байхад энэхүү иргэний хэрэг үүссэн, 3 хүүхдээ хөтөлсөн бүсгүй би одоо хүртэл хамаатан саднаараа дамжин энэ хэрэг шийдэгдэж дуусахыг хүлээн амьдарч байгаа. Монгол Улсын нэрийн өмнөөс гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр өмчлөх эрх минь үүссэн байхад өөр маргаан шийдвэрлэж байгаа шүүх нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа шүүхийн шийдвэрийг эс хайхарч шийдвэр гаргаж байгааг иргэн хүний хувьд ойлгохгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаснаас хойш маргаан бүтэн 5 жил үргэлжлээд одоо хүртэл шийдвэрлэгдэхгүй байгаад маш их гомдолтой. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Н.М- миний бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг бүх талаас нь бүрэн бодитой авч үзээгүй, хэргийн оролцогчид маргаагүй байхад маргасан мэтээр дүгнэлт хийж үндэслэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

6.1. Н.М хуульд заасан өмчлөгч мөн болох тухайд: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн.” гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны, ... тоот орон сууц нь О.Н, Н.М тэдний хүүхдүүд болох Н.А-д, Н.Т, Н.Ч нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн. Орон сууц зөвхөн О.Н-ийн нэр дээр бүртгэлтэй эсэх нь гэр бүлийн бусад гишүүдийн хамтран өмчлөх эрхийг хязгаарлахгүй. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.02.16-ны өдрийн 102/ШШ2016/01444 дүгээр шийдвэрээр Н.М, О.Н нарын гэрлэлтийг цуцалж дээрх орон сууцыг Н.М, хүүхдүүд болох Н.А, Н.Т, Н.Чи нарын өмчлөлд үлдээж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх Н.М-г “өмчлөгч биш” мэтээр дүгнэсэнд гомдолтой. Энэхүү хуулийн заалтыг баримтлах ёстой байсан. Түүнчлэн энэ асуудлаар нэгэнт шүүхийн шийдвэр гарсан байхад шүүх дахин Н.М-г өмчлөгч мөн эсэхэд дүгнэлт хийх ёсгүй. Орон сууцны гэрчилгээ Н.М-гийн нэр дээр гараагүй байгаа асуудал нь энд дурдсан 102/ШШ2016/01444 дүгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны асуудал бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

6.2. Хариуцагч нь Н.М-гийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тухайд: Хариуцагч О.Н шүүхийн хэлэлцүүлэгт болон шүүхэд гаргасан удаа дараагийн тайлбартаа “бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Н.М-гийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа талаар” илэрхийлсэн. Нэхэмжлэгч Ж.Ц нь Н.М-г орон сууцны өмчлөгч биш болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаагүй буюу маргаагүй. Ийм нөхцөлд давж заалдах шатны шүүх хуулийн дагуу шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.18-ны өдрийн 2380 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.17-ны өдрийн 102/ШШ2020/02658 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

8. Нэхэмжлэгч Ж.Ц-ээс хариуцагч О.Н-ид холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, О.Н, Б.Б-нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, Б.Б, Р.Х нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, О.Н-ийн “С-И ББСБ” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч О.Н эс зөвшөөрч, О.Н-ийн Ж.Ц-тэй 2014.04.29-ний өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах тухай 014/27, 014/28 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан, гуравдагч этгээд Н.М-гөөс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны, 19 тоот хаягт байршилтай, 5 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх бие даасан шаардлага гаргажээ.

9. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангасан, давж заалдах шатны шүүх аль алиныг нь хэрэгсэхгүй болгож өөрчилсөн байна.

10. Нэхэмжлэгчээс “... Миний бие хариуцагчтай 2014.09.29-ний өдөр 014/28, 014/27 тоот орон сууц захиалан бариулах гэрээг тус тус байгуулж, гэрээний төлбөрийг бүрэн төлсөн. Гэвч О.Н нь гэрээнд заасны дагуу 19 тоот орон сууцыг хүлээлгэн өгсөн боловч 2 тоот орон сууцыг хүлээлгэн өгөөгүй, О.Н,  Б.Б-нар нь 2015.03.23-ны өдөр худалдах-худалдан авах гэрээг байгуулж 2 тоот орон сууцны өмчлөх эрхийг Б.Б-д шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Мөн Б.Б-аас Р.Х-т 2017.02.02-ны өдөр тухайн орон сууцыг шилжүүлсэн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байна. О.Н нь 19 тоот орон сууцыг “С-И ББСБ” ХХК-тай 2015.03.20-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, барьцаалсан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн. Иймд уг гэрээг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Миний бие Ж.Ц-тэй зээлийн гэрээ байгуулсан... орон сууцны ажил явагдаж байх үед 300,000,000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Орон сууц захиалан бариулах гэрээний хувьд Ж.Ц-ийн шахалтаар дараа нь нөхөж хийсэн юм. 2 тоот орон сууц “С-И ББСБ” ХХК-ийн барьцаанд байсан гэдгийг Ж.Ц мэдэж байсан. Ж.Ц   тоотод дайран орсон... Бидний хооронд анхнаасаа орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргасан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б, Р.Х-, “С-И ББСБ” ХХК нар “... талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй...” гэсэн агуулгатай тайлбар өгсөн байна.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ “... Би Ж.Ц-ийн эхнэр Н.Д, дүү Ж.Н нараас нь мөнгө зээлсэн. Гэвч зээлийн тодорхой хэсгийг өгч чадаагүй тул нэхэмжлэгчээс “орон сууцны захиалгын гэрээ хийж барьцаал” гэж удаа дараа шаардсаны дагуу аргагүйн эрхэнд өөрийн барьж буй орон сууцанд Ж.Ц-ийг захиалга өгсөн байдлаар гэрээ байгуулсан. Тухайн гэрээ нь зээлийн төлбөрийг төлөх үүргийг баталсан байдлаар хийсэн тул хуульд нийцэхгүй. Иймд нэхэмжлэгчтэй байгуулсан 2014.04.29-ний өдрийн орон сууц захиалан бариулах тухай 014/27, 014/28 тоот гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү...” гэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрсөн.

Гуравдагч этгээд Н.М бие даасан шаардлагадаа “... Миний бие О.Н-оос гэрлэлтээ цуцлуулсан ба шүүхийн шийдвэрээр маргаан бүхий 19 тоотод байрлах, 295 м.кв талбайтай, 5 өрөө байрыг надад болон хүүхдүүдийн өмчлөлд үлдээсэн. Гэтэл Ж.Ц нь 2016.01.14-ний өдөр өөрийн найзын хамт манай байранд дайрч орж ирээд гарахгүй байсан тул би хүүхдүүдээ авч гэрээсээ явахад хүрсэн. Иймд Ж.Ц-ээс өөрийн өмчлөлийн байрыг албадан чөлөөлүүлэх шаардлагыг гаргаж байна...” гэжээ.

11. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2014.09.29-ний өдөр байгуулсан 014/28, 014/27 дугаартай гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлгүй. Зохигчийн хооронд байгуулагдсан эдгээр хэлцлүүд нь талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлж, тодорхой үр дагаврыг бий болгох зорилгоор бус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч байх боломжгүй, шаардах эрхгүй байна. 19 тоот орон сууцыг хариуцагч О.Н нь 2015.02.27-ны өдөр өмчлөлдөө бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Харин 2 тоот орон сууцыг хариуцагч нь гуравдагч этгээд Б.Б-ын өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар бүртгэл үнэн зөв байх тул нэхэмжлэгчид мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар өмчлөх эрх үүсэхгүй. Иймээс нэхэмжлэгчийн 2 болон 19 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Хариуцагч 2 тоот орон сууцыг Б.Б-д, Б.Б-аас Р.Х-т шилжүүлэхдээ худалдах-худалдан авах гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Мөн хариуцагч болон “С-И ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд 19 тоот орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ хууль ёсны байх тул эдгээр хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Гуравдагч этгээд Н.М-гийн хувьд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр маргаан бүхий 19 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон байх тул өөрийн хөрөнгийг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй...” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг хийсэн.

12. Давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...  анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангасан нь буруу байна. Учир нь гэрээгээр хүлээсэн үүргээ талууд биелүүлээгүй нь тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй. Түүнчлэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Учир нь шүүхийн шийдвэрээр гэр бүлийн дундын хөрөнгийг Н.М нарын өмчлөлд үлдээсэн эвлэрлийг баталсан байх бөгөөд уг шийдвэрийн дагуу Н.М нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн эсэхийг нотлох баримт байхгүй, иймд түүнд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан өмчлөх эрх үүссэн гэж үзэхгүй тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-ийн дагуу бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй этгээд гэж дүгнэх боломжгүй...” гэжээ.

13. Хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

13.1. Хариуцагч О.Н нь нэхэмжлэгч Ж.Ц болон түүний эхнэр Н.Д, төрсөн дүү Ж.Н нараас ойролцоогоор 518,000,000 төгрөг (1 дэх хавтаст хэргийн 34-54 дахь талд авагдсан үнэлэгдэж болохуйц зарлагын болон мөнгөн шилжүүлгийн баримтыг үнэлэхэд) зээлсэн боловч буцаан төлөөгүй тул талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр 2014.09.20-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 93 дугаар байрны, 4 өрөө, 2 тоот орон сууцыг 250,000,000 төгрөгөөр, 5 өрөө 19 тоот орон сууцыг 400,000,000 төгрөгөөр тус тус үнэлэн “Орон сууц захиалан бариулах тухай” нэртэй 014/28, 014/27 тоот худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан, тухайн хоёр гэрээний Гурав. Төлбөр төлөх нөхцөл гэсэн хэсгийн 3.1-д “400,000,000 төгрөг, 250,000,000 төгрөгийг төлсөн.” гэж бичсэн (1 дэх хавтаст хэргийн 4-8 дахь талд), хариуцагч О.Н-оос Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандсан “...2 тоот, 19 тоот орон сууцыг иргэн Ж.Ц захиалан бариулж төлбөр тооцоо 100 хувь дууссан тул эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг гаргаж өгнө үү...” гэсэн өргөдөл (1 дэх хавтаст хэргийн 31, 32 дахь талд) зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Ийнхүү талууд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар өмнөх үүргийг солихоор харилцан тохиролцсон байхад анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан 014/28, 014/27 тоот гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

13.2. Харин давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан “зохигчийн хооронд хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн гэрээ нь хүчин төгөлдөр, талууд гэрээний үүргээ зөрчсөн нь Иргэний хуулийн 56-59 дүгээр зүйлд заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх юм уу, хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлд хамаарахгүй” гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч “нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, төлбөрийг бүрэн төлөөгүй тул өмчлөх эрхийг шилжүүлэн авах буюу орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардах эрхгүй” гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

13.3. Учир нь, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгч, түүний эхнэр болон дүүгээс ойролцоогоор 518,000,000 төгрөгийг зээлсэн болох нь тогтоогдсон бөгөөд эдгээр хүмүүсээс мөнгө зээлсэн талаараа маргадаггүй, нэхэмжлэгч өөрийгөө болон эхнэр, дүүгээ зээлийн гэрээний нэг тал буюу зээлдүүлэгч гэж үзэж буй, хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс талууд үүргээ сольж орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээний үүргээ нэхэмжлэгч (өөрөөсөө болон эхнэр, дүүгээс нь) хариуцагчид зээлүүлсэн мөнгийг орон сууцны төлбөрт тооцож биелүүлсэн гэж үзэж буй, үүнийг бусад этгээд, тухайлбал нэхэмжлэгчийн эхнэр, дүү нь үгүйсгээгүй байна. Гэтэл давж заалдах шатны шүүх “өөр өөр талуудын хооронд байгуулсан гэрээний үүргүүдийг хооронд нь сольж, үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2-т зааснаар орон сууц захиалан бариулах гэрээний үүрэг дуусгавар болсонд тооцогдохгүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

13.4. Маргаан бүхий 19 тоот орон сууцны өмчлөх эрх нь хариуцагч О.Н-ийн нэр дээр бүртгэлтэй бөгөөд уг орон сууцыг талууд 400,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцсон, дээр дурдсанаар нэхэмжлэгч уг гэрээний төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд тухайн орон сууцыг бодит байдал дээр эзэмшиж байх боловч хариуцагч гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар 19 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг буюу гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй. Харин тухайн орон сууц гуравдагч этгээд “С-И ББСБ” ХХК-ийн зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд саад болохгүй бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар гуравдагч этгээдийн барьцааны эрх хэвээр байхыг нэхэмжлэгч тал мэдэж буйг дурдах нь зүйтэй.

13.5. Маргаан бүхий 2 тоот орон сууцыг хариуцагчаас гуравдагч этгээд Б.Б-д, Б.Б-аас Р.Х-т худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар өмчлөх эрх нь гуравдагч этгээд Р.Х-т үүссэн, мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-ийн дагуу бүртгэл үнэн зөв байх тул 2 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.

13.6. Хариуцагч болон гуравдагч этгээд нарын хооронд байгуулагдсан маргаан бүхий худалдах-худалдан авах гэрээ болон барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан байх тул эдгээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Түүнчлэн “нэхэмжлэгч нь дээрх гэрээний тал биш учир гэрээний зүйлийг шаардах эрхгүй” талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт ч үндэслэлтэй.

13.7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.М-гийн “19 тоот орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэйгээс гадна тухайн орон сууцыг гэр бүлийн дундын хөрөнгөд тооцон, Н.М-, хүү Н.А, Н.Ц, Н.Т нарт үлдээсэн (эвлэрлийг баталсан) шүүхийн шийдвэр нь цаг хугацааны хувьд зохигчийн хооронд 2014.09.29-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдан нэхэмжлэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлж, орон сууцны өмчлөх эрхийг шаардах эрхтэй болсны дараа буюу 2016.04.21-нд гарсан, дээр дурдсан үндэслэлээр (Хянавал хэсгийн 13.1-13.4) нэхэмжлэгчийг 19 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийг “хууль бус эзэмшигч” гэж үзэн амьдарч буй орон сууцыг нь чөлөөлүүлэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд Н.М-д 19 тоот орон сууцны хувьд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан өмчлөх эрх үүсээгүй гэж үзнэ.

14. Дээрх үндэслэлээр “... давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн атлаа хэрэгт авагдсан баримтын хүрээнд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан үүрэг сольсон талаарх үйл баримтыг дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн... 19 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.4-т заасан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй. Харин “шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэх (Тодорхойлох хэсгийн 4.1.4.3) гомдлыг хангах шаардлагагүй гэж үзлээ.

15. Мөн уг тогтоолын Хянавал хэсгийн 13.7-д заасан үндэслэлээр “...шүүхийн шийдвэрээр Н.М-г 19 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосон байхад давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг эс хайхарч бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй...” гэсэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.М-гийн гомдол, “... орон сууц зөвхөн О.Н-ийн нэр дээр бүртгэлтэй эсэх нь гэр бүлийн бусад гишүүдийн хамтран өмчлөх эрхийг хязгаарлахгүй, давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрийг үгүйсгэн Н.М-г “өмчлөгч биш” мэтээр дүгнэсэнд гомдолтой, орон сууцны гэрчилгээ гарах нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны асуудал бөгөөд уг ажиллагаа явагдаж байгаа, хариуцагч нь Н.М-гийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн...” гэх агуулгатай түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол (Тодорхойлох хэсгийн 5-6-д заасан) тус тус үгүйсгэгдэнэ.  

16. Иймд шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2380 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/02658 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1, 110 дугаар зүйлийн 110.1, 183 дугаар зүйлийн 183.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Хан-Уул дүүрэг, 15 хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны, ..... тоот хаягт байршилтай 295.02 м.кв, 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангаж, холбогдох бүртгэл хийхийг улсын бүртгэлийн газарт даалгаж, тус байрны 2 тоот хаягт байршилтай 127.89 м.кв, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.10, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул “С-И ББСБ” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ, О.Н, Б.Б-нарын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээ, Б.Б, Р.Х нарын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, Ж.Ц, О.Н нарын хооронд 2014.09.29-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалан бариулах тухай 014/27, 014/28 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл болон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны .... тоот орон сууцыг Ж.Ц-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн гуравдагч этгээд Н.М-гийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ж.Ц-ийн төлсөн 210,600 төгрөг, хариуцагч О.Н-ийн төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.М-гийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын  орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 4,328,400 төгрөгийг Ж.Ц-ээс, 3,495,700 төгрөгийг О.Н-оос тус тус гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч О.Н-оос 2,157,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ц-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Ц-ийн гомдлын зарим хэсгийг хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.М-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4,  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн  2,157,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.М-гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн  70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ                                  

                                                    ШҮҮГЧИД                                      Г.БАНЗРАГЧ                                                                                      

                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                Х.ЭРДЭНЭСУВД