Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2022/01283

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2022/02001 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2022/01708 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: “Б” ХХК, “Д” ХХК-д холбогдох

“Б” ХХК-иас 46,362,228 төгрөг, “Д” ХХК-иас 5,984,759 төгрөгийг тус тус гаргуулах үндсэн, хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгч “М” ХХК-иас 5,758,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгчээс хариуцагчид нийлүүлсэн 24/2 дугаартай хар хөх өнгийн утасны кг бүрийн үнийг 5,470 төгрөгөөр буюу 17.95 хувиар, цагаан саарал өнгийн утасны кг бүрийн үнийг 3,270 төгрөгөөр буюу 11.57 хувиар бууруулахыг даалгах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунболд,  өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, Т.Анхцэцэг, хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгч Ж.Батбэлэг, түүний өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. “М” ХХК нь худалдсан ээрмэл ноосон утасны үнэд “Б” ХХК-иас 46,362,228 төгрөг, “Д” ХХК-иас 5,984,759 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч “Б” ХХК-иас уг утсыг гуравдагч этгээдүүдэд нэхэмжлэгчийн хүсэлтээр тараан өгсөн учраас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч “Д” ХХК нь ээрмэл ноосон утсыг хүлээн авсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2022/02001 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас 35,908,152 төгрөг, хариуцагч “Д” ХХК-иас 5,984,759 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, хариуцагч “Б” ХХК-д холбогдох шаардлагаас үлдэх 10,454,076 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-д холбогдох “хариуцагчид нийлүүлсэн 24/2 дугаартай хар хөх өнгийн утасны кг бүрийн үнийг 5,470 төгрөгөөр буюу 17.95 хувиар, цагаан саарал өнгийн утасны кг бүрийн үнийг 3,270 төгрөгөөр буюу 11.57 хувиар бууруулахыг даалгах”, 5,758,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ хариуцагч “Б” ХХК тус тус татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441,799 төгрөгийг, хариуцагч “Б” ХХК-иас төлсөн 384,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас 337,491 төгрөг, хариуцагч “Д” ХХК-иас 107,078 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 110,706 төгрөг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч “Б” ХХК-иас илүү төлсөн төлсөн 70,162 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч “Б” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2022/01708 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2022/02001 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “35,908,152” гэснийг “16,317,845” гэж, “10,454,076” гэснийг “30,044,383” гэж; шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын “337,491” гэснийг “239,539” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Д” ХХК-иас төлсөн “107,078” төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

4.1 Хэргийн талаар

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх, ЕБС-ийн сурагчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан дүрэмт хувцсаар хангах зорилгоор Үйлдвэр, Хүнс Хөдөө Аж Ахуйн Яам болон манай “М” ХХК-ийн хооронд 2013.07.24-ний өдөр ХҮГСДХ-1/9 тоот зээлийн гэрээ байгуулж, манай компанид 183,000,000 төгрөгийн зээл олгогдсон ба уг санхүүжилтээр 10.5 тн хонины ноосон ээрмэл утас үйлдвэрлэж, ээрсэн утсыг сүлжмэлийн нэр бүхий үйлдвэрүүдэд зээлээр дамжуулан олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх гэрээний дагуу “М” ХХК, “Б” ХХК-ийн хооронд 2013.07.22-ны өдөр байгуулсан МБ-01 тоот “Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу манай компани “Б” ХХК-д 2,389 кг буюу 69,226,630 төгрөгийн үнэ бүхий хонины ноосон ээрмэл утсыг гэрээний 5.1-т заасны дагуу зээлээр нийлүүлсэн. “Б” ХХК нь доороо туслан гүйцэтгэгч компаниудыг ажиллуулсан бөгөөд тухайн туслан гүйцэтгэгч нарт нийлүүлсэн утсыг “М” ХХК-иас нийлүүлсэн мэтээр тайлбар өгч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тухайн туслан гүйцэтгэгч нар нь “М” ХХК-иас ямар нэгэн байдлаар шууд утас авах боломжгүй, утасны үнэ, төлбөр, хугацааг харилцан тохиролцоогүй болно.

Гэтэл давж заалдах шатны шүүх даалгаврын гэрээний үндсэн дээр “Б” ХХК үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж хэргийг анхан шатны шүүхээс зөрүүтэй шийдвэрлэсэн тул энэхүү хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

4.2 Гомдлын үндэслэл

4.2.1 Давж заалдах шатны шүүхийн магадлалд ““...тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад “Дүдө” ХХК-д “Б” ХХК дамжуулан өгсөн 352.51 кг 9.965,458 төгрөгийн утасны тооцоо мөн гэрээнээс гадуур 2014 онд “Б” ХХК-аар дамжуулан бусад байгууллагуудад өгсөн утасны тооцоо орсон” гэсэн бичиг бүхий баримтаар нотлогдсон байна...” гэжээ.

Дээрх үндэслэлийг дурьдаж хэргийг шийдвэрлэж байгаа нь Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй гэж үзэж байна.

“М” ХХК болон “Дүдө” ХХК нарын хооронд байгуулсан 2013.07.25-ны өдрийн Хонины ноосон ээрмэл утас худалдах-худалдан авах гэрээний дагуу шууд нийлүүлсэн утасны тооцоо бөгөөд ийнхүү “Б” ХХК-иар дамжуулалгүй шууд нийлүүлсэн болохыг Хавтас хэргийн 214-219 дүгээр хуудсанд авагдсан зарлагын баримтаар нотолсон болно.

Харин “Б” ХХК дамжуулан өгсөн 352.51 кг 9.965,458 утасны тооцоог дамжуулан өгсөн гэх боловч гуравдагч этгээдээр оролцсон “Дүдө" ХХК-ийн тайлбараар “Б” ХХК-иас ээрмэл утас авч байгаагүй талаар дурьдсан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх эдгээр нотлох баримтыг үнэлэлгүй хариуцагчийн гаргасан тайлбар дээр үндэслэн 9.965,458 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцож хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

4.2.2       Шүүхийн магадлалд: “...Дээр дурдсан бусад гуравдагч этгээдийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан 2017.02.24-ний өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа” хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хариуцагч “Б” ХХК нь “Айбексмонекс” ХХК, “Дөдү”ХХК, “Экокашимер” ХХК-д олгосон ээрмэл утасны үнийг хариуцан төлөх үүрэггүй болно...” гэжээ.

“Айбексмонекс” ХХК нь манай компанитай тусдаа гэрээтэй энэхүү гэрээний дагуу бүтээгдэхүүнийг “Б” ХХК-иар дамжуулалгүй шууд нийлүүлсэн болохыг мөн нотолж гэрээ болон зарлагын баримт тооцоо нийлсэн баримтуудаар хангалттай нотолсон болно. Гэтэл давж заалдах шатны шүүх мөн хариуцагчийн тайлбар дээр үндэслэн нотлох баримтгүйгээр дүгнэлт хийж даалгаврын гэрээтэй байсан мэтээр бодит байдлыг илтэд гуйвуулан хэргийг шийдвэрлэхдээ тус компанид нийлүүлсэн гэх утас тооцоо болох 2,179,519 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцсон нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн хувьд хариуцагч “Б” ХХК-иас 2013.07.22-ны өдрийн МБ-01 дугаартай “Хонины ноосон ээрмэл утас худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг нэхэмжилсэн бөгөөд тус гэрээний үүргийг 2017.02.24-ний өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-аар баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл тухайн гэрээгээр нэхэмжлэгчээс хариуцагчид худалдсан ээрмэл утасны төлбөрийн үлдэгдлийг талууд баталгаажуулсан юм. Уг гэрээгээр гэрээний зүйлийг гуравдагч этгээдэд дамжуулан нийлүүлэх даалгавар өгсөн талаар ямар нэгэн зүйл заалт байхгүй төлбөрийг зөвхөн хариуцагч төлөх үүрэг хүлээсэн гэрээ билээ.

4.2.3 “... учир нь уг гэрээнд хариуцагчийн төлбөр төлөх хугацааг гэрээний 5.4-т “худалдан авсан ээрмэл ноосон утасны төлбөр тооцоог гэрээгээр тохирсон хугацаанд /хуваарьт/ төлж барагдуулна” гэж тохиролцсон худалдан авагчийн буюу хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлох боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчид алданги тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй” гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох 2014.12.12-ны өдрийн 186 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигт “...гэрээний хугацаандаа багтаж төлбөр тооцоо барагдуулаагүйгээс үүдэн МБ-01 тоот гэрээний 3.7, 4.4, 5.4 дахь заалтууд зөрчигдөж, 6.3 гэсэн заалтын дагуу Иргэний хуулиар мөнгөн төлбөрийн хүү, алданги тооцогдож байгаа болохыг анхааруулж байна” гэснээр нэхэмжлэгч тал хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан бөгөөд тухай хугацаанаас эхлэн алданги шаардах эрхтэй байтал давж заалдах шатны шүүх хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлох боломжгүй байна гэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 208.2 “үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна.” гэж заасан бөгөөд гэрээнд алданги төлөх талаар талууд харилцан тохиролцсон мөн ийнхүү хугацаа хэтэрсэн алданги тооцож байгаа болохыг нөгөө талдаа мэдэгдсэн байхад давж заалдах шатны шүүх энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймээс анхан шатны шүүхээс 35,908,152 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс 16,317,845 гэж өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.3 Гомдлын шаардлага

Дээрх тайлбар, үндэслэлүүдийг харгалзан үзэж шийдвэрийг хэвээр үлдээж Нийслэлийн шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 37,846,605 төгрөг, алданги 18,923,302 төгрөг, нийт 56,769,907 төгрөг, “Д” ХХК-д холбогдуулан 211.7 кг саарал ноосон утасны үнэ 5,984,759 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Б” ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, төлбөрт 30,908,152 төгрөг, алдангид 15,454,076 төгрөг, нийт 46,362,228 төгрөг гаргуулахаар шаардан, үндэслэлийг ...2013.07.22-ны өдөр байгуулсан “Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан гэрээ”-ний дагуу “Б” ХХК-д 2,389 кг буюу 69,226,630 төгрөгийн үнэ бүхий хонины ноосон ээрмэл утсыг нийлүүлсэн, төлбөрийн нийт үлдэгдэл 37,846,605 төгрөг болохыг 2017.02.24-ний өдөр тооцоо нийлж баталгаажуулсан... гэжээ.

Хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...нэхэмжлэгч нь Төв аймагт оршдог тул хотын төвд байх манай агуулахад зарим утсыг гэрээнээс гадуур гуравдагч этгээдэд тараалгахаар өгөөд одоо тэр утасны үнийг манайхаас нэхэж байна. ...нэхэмжлэгч нь гуравдагч этгээд нарт гэрээнээс гадуур 1,103 кг утсыг биднээр тараалгасан, үүнээс 730 кг утсыг буцаан авсан. Манайх 3213,16 кг утас хүлээн авсан бөгөөд утасны үнэ 92,125,440 төгрөг болсноос 34,911,650 төгрөгийг бэлнээр, 54,882,804 төгрөгийг бэлэн бус бүтээгдэхүүнээр, нийтдээ 89,794,450 төгрөгийг төлсөн. ...бусдад тараалгасан утасны үнийг бид төлөх үүрэггүй гэсэн тайлбар гарган маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон “Дүдө” ХХК нь “...2013 онд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх ажилд оролцсон. “М” ХХК-тай 2013.07.25-ны өдөр МБ-05 дугаартай гэрээ байгуулж, гэрээний дагуу ээрмэл утсаа тус компаниас шууд авч ажилласан. Манай хоёр компанийн хооронд төлбөр тооцооны асуудал байхгүй, “Б” ХХК-аас ээрмэл утас авч байгаагүй” гэсэн, “Экокашимер” ХХК нь “...“Б” ХХК-ийн агуулахаас 2014.05.16-ны өдөр 17 кг, 2014.05.20-ны өдөр 90.5 кг саарал утас авсан. ...мөн 4000 ш угаалгын заавар, 1600 ш гялгар уут зэргийг авсан бөгөөд ээрмэл утас аваагүй” гэсэн, “Дөрвөн-Улирал” ХХК нь “...Б” ХХК-аас ямар нэгэн бараа материал, утас болон сүлжмэл эдлэл аваагүйгээр үл барам энэ компанитай нэг ч удаа холбогдож байгаагүй, энэ хэрэгт хамааралгүй” гэсэн, “Үүлэнсүлжээ” ХХК нь “...Манай компани сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх ажилд оролцсон. “Б” ХХК-аас утас авч үйлдвэрлэсэн боловч борлуулалт зогссон тул 2015 оноос үйлдвэрлэл явуулаагүй” гэсэн тайлбарууд гаргасан, “Айбексмонекс” ХХК нь шүүхэд тайлбар гаргаагүй байна.

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас 35,908,152 төгрөг, хариуцагч “Д” ХХК-аас 5,984,759 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, хариуцагч “Б” ХХК-д холбогдох шаардлагаас үлдэх 10,454,076 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-д холбогдуулж гаргасан сөрөг нэхэмжлэлээс хариуцагч “Б” ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт “...хариуцагч “Б” ХХК-аас 16,317,845 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид  олгож, нэхэмжлэлээс үлдэх 30,044,383 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлтийг оруулжээ.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг 2022.11.18-ны өдрийн Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

9. Анхан шатны шүүх маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

10. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1-д заасанд нийцжээ.

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Б” ХХК-тай 2013.07.22-ны өдөр МБ-01 дугаартай “Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан байх ба уг гэрээний 2.1-д ...24/2 ээрмэл цагаан саарал өнгөөр 2,339 кг хонины ноосон ээрмэл утсыг, нэг кг-ийг 28,270 төгрөгөөр, хар хөх өнгөөр 868 кг утсыг, нэг кг-ийг 30,470 төгрөгөөр, нийт 92,571,490 төгрөгөөр худалдахаар, 6.3-т талууд гэрээт ажлаа графикт хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ...хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тус тус тохиролцсон, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь 69,226,630 төгрөгийн үнэ бүхий 2,389 кг ноосон утсыг хариуцагчид нийлүүлсэн, эдгээр үйл баримтын талаар зохигч маргаагүй.

Хэргийн баримтаар гэрээний талууд 2017.02.24-ний өдөр тооцоо нийлж, 2013.07.24-ний өдрөөс 2017.02.24-ний өдрийг хүртэлх хугацааны гэрээний үүргийг тооцоход хариуцагч “Б” ХХК нь 37,050,555 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй нь тогтоогдсон, мөн зохигч гэрээнд алданги төлөхөөр тохиролцсон тул нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөрийн 30,908,152 төгрөг, гэрээний хариуцлага болох алданги шаардах эрхтэй болно.

Анхан шатны шүүх маргаанд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг хэргийн нөхцөл байдалтай уялдуулан, хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн хэмжээ, талууд 2017 онд тооцоо нийлсэн зэргийг харгалзан, алдангид 5,000,000 төгрөгийг гаргуулах боломжтой гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй. Түүнчлэн, хариуцагч “Д” ХХК нь “Б” ХХК-аар дамжуулан нэхэмжлэгчээс худалдан авсан 211.7 кг саарал ноосон утасны үнэ 5,984,759 төгрөгийг төлөх үүрэгтэй нь мөн баримтаар тогтоогдсон байна.  

Иймд хариуцагч “Б” ХХК-аас гэрээний үүрэгт 35,908,152 төгрөг, хариуцагч “Д” ХХК-аас 5,984,759 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, хариуцагч “Б” ХХК-д холбогдох шаардлагаас үлдэх 10,454,076 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцжээ. 

11. Түүнчлэн, хэрэгт нотлох баримтаар авагдсан зохигчийн тайлбар, гуравдагч этгээд “Дүдө” ХХК, “Экокашимер” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбар, “М” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд 2017.02.24-ний өдрийн тооцоо нийлсэн актад ...“Дүдө” ХХК-д “Б” ХХК-аар дамжуулан өгсөн 352.51 кг ноосон утас буюу 9,965,458 төгрөгийн утасны тооцоо, мөн гэрээнээс гадуур 2014 онд “Б” ХХК-аар дамжуулан бусад байгууллагад нийлүүлсэн ноосон утасны тооцоо ороогүй... талаар дурдсан зэрэг нотлох баримтуудыг анхан шатны шүүх үнэлж, хариуцагч нь нэхэмжлэгч зөвшөөрсөн тохиолдолд ноосон утсыг бусад этгээдэд шилжүүлж, нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөгдөнө, ...нэхэмжлэгчээс хариуцагчаар бусдад дамжуулан өгсөн гэх тооцоог нэхэмжлэлийн шаардлагад хамааруулах боломжгүй гэж дүгнэсэн нь хэрэгт байгаа нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Харин, давж заалдах шатны шүүх ...хариуцагч “Б” ХХК нь “Айбексмонекс” ХХК, “Дүдө” ХХК, “Экокашимер” ХХК-д олгосон ээрмэл ноосон утасны үнийг хариуцан төлөх үүрэггүй, тодруулбал, нэхэмжлэгч “М” ХХК-аас өгсөн даалгаврын дагуу ээрмэл ноосон утсыг шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй тул “Дүдө” ХХК-ийн 9,965,458 төгрөгийн үнэ бүхий саарал өнгийн утас 352,51 кг, “Айбексмонекс” ХХК-ийн 2,179,519 төгрөгийн үнэтэй хар хөх өнгийн утас 71,53 кг, “Экокашимер” ХХК-ийн 3,039,025 төгрөгийн үнэ бүхий одтой саарал өнгийн утас 107,5 кг, нийт 15,184,000 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-д холбогдох нэхэмжлэлээс хасч тооцов гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн, энэ үндэслэлээр магадлалыг хүчингүй болгоно. 

12. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх”-ээр гаргасан хяналтын гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2022/01708 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2022/02001 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022.10.13-ны өдөр төлсөн 256,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                  Б.МӨНХТУЯА

         С.СОЁМБО-ЭРДЭНЭ