Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2022/01277

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2022/01277

 

 

Капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2022/02535 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МХ2022/01703 дугаар магадлалтай,

 

Капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Н.Пүрэвдоржид холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 161,340,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Капитал ББСБ ХХК нь хариуцагч Н.Пүрэвдорж холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 161,340,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Л.Батгэрэлийн өмчлөлийн барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2022/02535 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 82.1, 56.1.2, 56.1.10, 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Пүрэвдоржоос 161,340,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай Капитал ББСБ ХХК-ийн үндсэн нэхэмжлэл, Капитал ББСБ ХХК болон Н.Пүрэвдорж нарын байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай Н.Пүрэвдоржийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,120,250 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,120,249 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МХ2022/01703 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2022/02535 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Пүрэвдоржоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 161,340,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч Капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч Н.Пүрэвдоржийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж тус тус өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Капитал ББСБ ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,034,850 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж байгаа, нотлох баримтыг үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.Учир нь хариуцагч Н.Пүрэвдорж нь зээлийн төлбөрийг төлөх талаар амаар удаа дараа илэрхийлж байсан төдийгүй түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаяр нь эвлэрэх асуудлыг ч хүртэл тавьж байсан, зээлдэгчийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөхөөс татгалзах тохиолдолд зээлдэгч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, зээлдүүлэгч нь тэр хэмжээгээр хохирч үлдэхийн сацуу зээлдүүлэгчийн хувьд эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхэлж, хүүний орлогоор ашиг олдог, хуульд заасан үндэслэл журмын дагуу зээл олгодог эрх бүхий байгууллага юм.

Зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр барьцааны гэрээтэй төдийгүй зээлдүүлэгч нь зээлдэгчийн авсан зээлийн гэрээний хугацаа дуусан хэдий ч хуульд заасны дагуу үндсэн зээлийг төлж дуусгах хүртэл хугацаанд зээлийн хүүг авах эрхийг Иргэний хуулиар олгосон бөгөөд Улсын дээд шүүхийн /2006.12.21-ний өдрийн 53 дугаартай тогтоолын 2 дугаар зүйлийн 2.4.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан "зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү...төлөх үүрэгтэй" гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ/ албан ёсны тайлбарт тодорхой тусгасан, зээлдэгч нь авсан зээлээ буцаан төлөх үүргийг хүлээдэг ба анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж хэт нэг талыг барьж дүгнэсэн атал хариуцагчийг гэрээний үүргээ ямар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлээгүй байгааг огт асууж тодруулаагүй, шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Болдбаатарын мэдүүлгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлд заасны дагуу үнэлээгүй хэргийг шийдвэрлэсэн. Учир нь гэрчийн мэдүүлэг хуульд заасны дагуу нотлох баримтаар тооцогддог, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, ... төлөх үүрэгтэй гэж зааснаас үзвэл зээлдэгчийн гэрээний хугацаа дууссанаар зээлийн хүү төлөхөөс чөлөөлөгдөхгүйн сацуу үндсэн зээлийг төлөх хүртэл зээлийн хүү бодогдож байгаа нь зээлийн гэрээний хугацаа тасалдсан гэх байдлыг бий болгосон гэж үзэж байна. Зээлдэгч Н.Пүрэвдорж нь зээлийн гэрээний төлбөрийг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр төлөхөөс чөлөөлөгдөж байгаа үндэслэл нь Иргэний эрх зүйн үндсэн зарчим болох хэн ч үндэслэлгүйгээр хөрөнгөжиж болохгүй гэх зарчмыг зөрчиж, зээлдэгчийг 161.340.000 төгрөгийн хэмжээнд хөрөнгөжүүлж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй сацуу хэн ч эрх бүхий байгууллагаас зээл авчхаад зээлээ төлөхгүй, хаана байгаа нь мэдэхгүй удаан хугацаанд алга болсны дараа зээл төлөх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр үүргээс чөлөөлөгдөж болдог гэдгийг шүүхийн шийдвэр харуулж байна.

Нэхэмжлэгч талаас барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасантай холбогдуулан барьцааны зүйлийн нэг өмчлөгч болох Л.Батгэрэлийг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын хяналтын журмаар гомдлыг Улсын дээд шүүхийн иргэний танхимын нийт шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2022/01351 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

 

7. Нэхэмжлэгч Капитал ББСБ ХХК нь хариуцагч Н.Пүрэвдоржид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 161,340,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Л.Батгэрэлийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ ... Л.Гансүх, Н.Пүрэвдорж нар нь Капитал ББСБ-тай 2015.12.02-ны өдөр ЗГ2015/150 дугаартай зээлийн гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлж авсан. ...өнөөдрийг хүртэл хүү тооцвол 76 сарын хүү 243,200,000 төгрөг байгаа, ... 24 сарын зээлийн хүү нэхэмжилж байна. ... Зээл авсан өдрөөс эхлэн ... зээлийн төлбөр төлөөгүй,... зээлдэгч зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж тайлбарлаж байх бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... 2015 онд байгуулагдсан гэрээний хугацаа 12 сараар байгуулагдсан ба гэрээнд хүү 26,021,479 төгрөг байхаар заасан байхад 24 сарын хүү 76,800,000 төгрөгөөр тооцох нь ойлгомжгүй, ... 2017.12.01-ний өдрийн ЗГ2017/155 дугаартай зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн дансанд 161,340,000 төгрөгийн зээлийг шилжүүлээгүй, зээлийг бодитоор олгоогүй гэж ... маргажээ.

 

8. Хариуцагч Н.Пүрэвдорж нь нэхэмжлэгч Капитал ББСБ ХХК-д холбогдуулан 2017.12.01-ний өдрийн ЗГ2017/155 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн БГ2017/155 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцож, Ү-2206026515 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч сөрөг шаардлагыг эс зөвшөөрөн ... нэхэмжлэлийн шаардлагыг 2015.12.02-ны өдрийн ЗГ/2015/150 дугаартай гэрээг ... үндэслэн 2015.12.02-ны өдөр БГ/2015/150 дугаартай барьцааны гэрээ байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж маргасан байна.

 

9. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 2015.12.02-ны өдрийн зээлийн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж дүгнэсэн бол сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2017.12.01-ний өдрийн зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх, мөн өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, дүгнэлтийг буруутгаагүй боловч шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулсан байна.

 

10. Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасан үндэслэлээр хяналтын шатанд хэлэлцүүлэхээр хүлээн авсан боловч гомдлыг хянан хэлэлцэх явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасан үндэслэлээр хянан хэлэлцэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

11. Нэхэмжлэгч Капитал ББСБ ХХК нь хариуцагч Н.Пүрэвдоржид холбогдуулан зээл болон барьцааны гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэлийг гардан авч эс зөвшөөрсөн татгалзлыг бичгээр гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдсан байна. Гэвч талуудын зарчмыг үндэслэн шаардлага ба татгалзлаа нотлохоор харилцан баримт бүрдүүлж мэтгэлцэх ажиллагаа явагдах хугацаанд хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эс зөвшөөрөн маргаж байгаагүй, харин ... 2015 онд байгуулагдсан гэрээний хугацаа 12 сараар байгуулагдсан ба гэрээнд 26,021,479 төгрөг байхаар заасан байхад 24 сарын хүү 76,800,000 төгрөгөөр тооцох нь ойлгомжгүй, гэх агуулга бүхий тайлбар гарган мэтгэлцэж байжээ.

 

12. Улмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд энэ асуудлаар харилцан маргаж, мэтгэлцээгүй, хариуцагч хурлын хэлэлцүүлгийн үе шат дуусаж, хаалтын үгээ хэлэхдээ хөөн хэлэлцэх хугацааг дурдан нэхэмжлэлийг эс зөвшөөрч буйгаа илэрхийлсэн байх ба нэхэмжлэгч талд уг үндэслэлд холбогдуулан хариу мэтгэлцэх, баримт гаргах боломж олгогдоогүй байна. Шүүх хуралдааны явцад урьд хөндөгдөөгүй үндэслэлүүд яригдаж болох ч хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой үндэслэл нь шаардах эрхийг шууд дуусгавар болгох үр дагавартай тул харилцан тэгш мэтгэлцэх, уг хугацаа дуусгавар болсон гэх татгалзлын эсрэг нотлох баримт бүрдүүлэх боломж олгох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ.

 

13.Түүнчлэн маргаан бүхий барьцааны гэрээний барьцаалуулагч нь нэхэмжлэгч Н.Пүрэвдоржийн зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч бус н.Батгэрэл байх бөгөөд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангах эсэх нь тус эд хөрөнгийн дундын өмчлөлийн аль хэлбэр болохоос хамаарна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд уг эд хөрөнгийн өмчлөл тодорхойгүй байх ба хэсгээр өмчлөх, эсхүл хамтаар өмчлөх дундын хөрөнгийн алин болохыг тодорхойлох нь Н.Пүрэвдоржид холбогдуулсан барьцааны шаардлага хангагдах эсэхэд ач холбогдолтой.

 

14. Хэрэв барьцааны зүйл хэсгээр өмчлөх дундын эд хөрөнгө бол барьцааны харилцаанд оролцоогүй өмчлөгч нь барьцаалуулагч биш тул тэдгээрийг маргаанд оролцуулах шаардлагагүй ч барьцаалуулагч-өмчлөгч нь гагцхүү түүнд ногдох хэсгийг барьцаалсанд тооцогдох ба барьцааны шаардлагаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухайд тусгайлсан зохицуулалт үйлчлэх учиртайг анхаарах шаардлагатай.

 

15. Хавтаст хэргийн 43-44-р талд авагдсан 2015.12.02-ны өдрийн байгуулсан БГ/2015/150 дугаартай барьцааны гэрээнд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тамга дарагдсан байх боловч эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын лавлагаа /хх-ийн 78-р тал/-аар 2015 онд маргаан бүхий хөрөнгөд Капитал ББСБ-ын бус Капитал банкны ипотекийн эрх үүссэн талаар дурджээ. Нотлох баримтын зөрүүтэй байдлыг анхаарч тодорхой болгох нь хэрэг маргааны голлох үйл баримтыг эргэлзээгүй тогтоох үндэслэл болно.

 

16. Эдгээр нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй байх бөгөөд үйл баримтыг бүрэн, эргэлзээгүй тодорхойлж чадаагүйн улмаас шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2022/02535 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МХ2022/01703 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Капитал ББСБ ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022.10.20-ны өдөр төлсөн 1,034,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.