Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 45

 

А.У-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0467/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Д.Энхтуяа

Хохирогч                                       Д.Э-

Шүүгдэгч                                       А.У-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               С.Санжаажамц

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолтой, А-гийн У-т холбогдох, 1718000300474 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.У-ийн  давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт А-гийн У-.

Шүүгдэгч А.У- нь иргэн Д.Э-гийн “А-” ХХК-н нэр дээр барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг Дархан-Уул аймаг Дархан сум 8 дугаар баг 15 дугаар байрны 52 тоотод явуулж эхлэхэд түүнтэй цалин хөлс тохиролцож 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллахдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу зээлдэгч нарын шилжүүлсэн зээлийн төлбөрийн мөнгөнөөс 139.213.715 /нэг зуун гучин есөн сая нэг хоёр арван гурван мянга долоон зуун арван таван/ төгрөгийг иргэн Д.Э-д шилжүүлэлгүй завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б- овогт А-гийн У-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1.  болгон өөрчлөн  зүйлчилж,

Шүүгдэгч Б- овогт А-гийн У-ийг бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.т зааснаар шүүгдэгч А.У-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.т зааснаар шүүгдэгч А.У-ээс 139.213.715 /нэг зуун гучин есөн сая нэг хоёр арван гурван мянга долоон зуун арван таван/ төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум, 9-р баг, 4-4 дүгээр байр, 85 тоотод оршин суух Д.Э-д олгох,

Хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч А.У-ийн Дархан-Уул аймгийн Орхон сум. 2- баг, Хөтөл гудамж 8 тоот улсын бүртгэлийн Г-2004001540 дугаарт бүртгэгдсэн 202134 нэгж талбарын дугаартай 702м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүжилсэн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хохирол төлбөр нөхөн төлөхөд оролцуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “А- Х-" ХХК-ийн 10 хавтас бүхий санхүүгийн баримт, 6 хавтаст бүхий хаагдсан зээлийн материал, 2016 оны 1 хавтас орлогын баримт, 2015 оны 4 хавтаст орлогын баримт, 1 хавтас орлогын тайлан, кассын дэвтэр, 1 хавтас бүхий сарын зээлийн тайлан, хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтэр, хохирогч Д.Э-гийн 3 хавтас бүхий дансны хуулга зэргийг хохирогч Д.Э-д, 1 хавтас бүхий шүүгдэгч А.У-ийн дансны хуулгыг шүүгдэгч А.У- нарт тус тус

буцаан олгож, дахин шинжээчийн дүгнэлтийн хавсралт бүхий 1 хавтас материалыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.У-т Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.У- давж заалдах гомдолдоо:

ЦЭСБ аудитын дүгнэлтээр 14.854.906 төгрөгийн үлдэгдэл, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр 24.817.750 төгрөгийн үлдэгдэл гарсан байдаг. Гэтэл хохирогчоор татагдсан Д.Э-гийн нэхэмжилсэн мөнгийг тухайн үед зээл хэлбэрээр төлөх шийдвэр гарсан учраас миний бие үүнд хариуцлага хүлээх үндэслэлгүй юм. Мөн Д.Э- нь мөнгөний эх үүсвэрээ 185.000.000 төгрөг байсан мэтээр нэхэмжилсэн нь аудитын дүгнэлт, дансны хуулга зэргээр нотлогдоогүй, өөрийнх нь хэрэглээний зардлыг тооцож гаргаагүй зэрэг асуудлыг дахин хянаж шалгаж өгнө үү гэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байх тул прокурорын эсэргүүцэл гаргаж байна.

Учир нь шүүгдэгч А.У- нь Д.Э-н явуулж байгаа авто машин барьцаалсан барьцаат зээлийн үйл ажиллагааны оролцооны хувьд Д.Э- нь А.У-ийг өөрийн дор ажиллах ажилтнаар авч, түүнтэй цалин хөлс тохиролцон, зээл хүсэгч иргэдтэй зээлийн гэрээг байгуулах, зээлийн гэрээний зээлэх мөнгөний дүнг Д.Э-д танилцуулж, Д.Э- зээлдэгчийн данс руу мөнгийг шилжүүлдэг, гэрээний дагуу биелэлтийг тооцож, зээлийн буцаан төлөлтийг зээлдэгчээс хүлээн авч Д.Э-д шилжүүлэх ажлыг гүйцэтгэдэг байсан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Д.Э- нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг явуулахдаа өөрийн танил хүний “А- Х-” ХХК-н зөвхөн нэрийг ашигладаг нь тогтоогдож байгаа ба улмаар Д.Э- А.У-ийг ажилд авч ажиллуулахдаа тус компанийн ажилтнаар тушаал гаргаж ажилд аваагүй, мөн тухайн компаний эд хөрөнгийг хариуцуулсан үүрэг хүлээлгээгүй болно. Мөн Д.Э-н барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд зарцуулж байгаа мөнгө нь “А- Х-” ХХК-н өмч хөрөнгө биш бөгөөд Д.Э-гийн өмч хөрөнгө юм.

Дээрх нөхцөл байдал тогтоогдсон байхад анхан шатны шүүх нь шүүгдэгч А.У-ийг иргэн Д.Э-н зээлдэгч нарт шилжүүлсэн мөнгөнөөс завшсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн “хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжпэн өгсөн эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1.т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 52 тоот шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 1,2.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1.т заасны дагуу давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор оролцох болно гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.У- тайлбартаа:

Хохирогч хөрөнгө оруулалтаа надад худлаа мэдүүлсэн байдаг. Хамтарч ломбард ажиллуулсныхаа төлөө одоо хуулийн хариуцлага хүлээж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүний хувьдаа хэрэглэсэн мөнгөн дээр би хариуцлага хүлээх ёсгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Энхтуяа дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөн зүйлчилсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шүүх албан ёсны төлвөл зохих төлбөрийг тогтоосон байгаа. Алтангадас хишиг ХХК-н нэрийг үйл ажиллагаандаа ашиглаж байсан байдаг. Шүүгдэгч, хохирогч нар хоорондоо амаар гэрээ байгуулж тохиролцсон байдаг. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна гэв.

        Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.У-ийн өмгөөлөгч С.Санжаажамц тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч Д.Э-тай хамтарч ажиллах гэрээг албан ёсоор байгуулсан байдаг. Энэ хоёр хүний хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй. Хувь хүмүүсийн хоорондох харилцаа байсан. 4 жилийн хугацаанд 199 сая 449 мянган төгрөг гарсан байдаг. Шүүгдэгчийн яриад байгаа хохирлын хэмжээг буруу тогтоосон нь үндэслэлтэй. Мөрдөн байцаалт бүрэн гүйцэд явагдаагүй. Анхан шатны шүүхийн зүйлчлэл хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлтэй. Прокурорын яриад байгаагаар бол миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.Э- тайлбартаа:

169.000.000 төгрөгнөөс сүүлд төлөөхөө илэрхийлсэн дүнг хасахаар 139.000.000 төгрөг үлдээд байгаа, энэ мөнгийг гаргуулж авмаар байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.У-ийн  давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг хянаж үзлээ.

              Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч А.У-ийг иргэн Д.Э-г  “Дархан-Уул аймаг Дархан сум 8 дугаар баг 15 дугаар байрны 52 тоотод  байрлалтай,  “А-” ХХК-ны нэр дээр барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж эхлэхэд түүнтэй цалин, хөлс тохиролцож, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллахдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу зээлдэгч нарын шилжүүлсэн зээлийн төлбөрийн мөнгөнөөс 139.213.715 /нэг зуун гучин есөн сая нэг хоёр арван гурван мянга долоон зуун арван таван/ төгрөгийг иргэн Д.Э-д шилжүүлэлгүй завшсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 1.8 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан  мөн хуулийн  тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд  шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх Прокуророос А.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1.  болгон өөрчлөн  зүйлчилж, түүнийг бусдын итгэмжпэн өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.т зааснаар шүүгдэгч А.У-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.т зааснаар шүүгдэгч А.У-ээс 139.213.715 төгрөг  гаргаж  хохирогч  Д.Э-д олгохоор шийдвэрлэсэн нь  үндэслэл муутай байна.

1./  Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон болсон үйл баримтаас үзвэл шүүгдэгч А.У- нь  хохирогч Д.Э- өөрийн  авто машин барьцаалж, барьцаат зээлийн үйл ажиллагаа явуулдаг газарт түүнтэй цалин хөлс тохиролцон, зээл хүсэгч иргэдтэй зээлийн гэрээг байгуулах, зээлийн гэрээний зээлэх мөнгөний дүнг Д.Э-д танилцуулах, Д.Э- зээлдэгчийн данс руу мөнгийг шилжүүлдэг, гэрээний дагуу биелэлтийг тооцож, зээлийн буцаан төлөлтийг зээлдэгчээс хүлээн авч Д.Э-д шилжүүлэх, барьцаа хөрөнгийг/ авто машиныг/ бүртгэх,  нэр шилжүүлэх  ажлыг гүйцэтгэдэг., өөрөөр хэлбэл зээлийн эдийн засагчаар буюу  санхүүгийн ажлыг  бүрэн хариуцан ажиллаж  байсан бөгөөд  энэ ажлыг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс  2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллахдаа бусдын  итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу зээлдэгч нарын шилжүүлсэн зээлийн төлбөрийн мөнгөнөөс 139.213.715  төгрөгийг иргэн Д.Э-д шилжүүлэлгүй завшсан үйл баримт болжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл цаг хугацааны хувьд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд  буюу шүүгдэгчийг ажиллаж байх хугацаанд хохирол учирсан байна.

          Гэтэл хэрэгт дээрх үйл баримтыг тодорхойлох шийтгэх тогтоолын үндэслэл болсон хэд, хэдэн дүгнэлт байгаа бөгөөд нотлох баримтаар хэлэлцэгдсэн “Пийк ом аудит” ХХК-н  2017-05-22-ны өдрийн 113 дугаартай:

           ...У-ийн гаргаж өгсөн зээлийн үлдэгдлийн жагсаалтаар байвал зохих 180.750.000 төгрөгийн зээлийн дүнгээс үзвэл 40.998.5 төгрөгийн зээлийг хасаж үлдэгдэл 139.751.500 төгрөгийн  зээл нь хүчин төгөлдөр гэрээтэй, барьцаатай эсэхийг нотлох боломжгүй.,зээлдэгч нь тодорхой бус, барьцаа нь баталгаажаагүй  байгаа нь 139.751.500 төгрөгийн зээлийн хэмжээгээр эрсдэлд орж болзошгүй тул зээлийг анхан шатанд судалж , зээл олгож байсан Н.У-ээр зээлдэгч тус бүрээр тооцог нийлүүлж баталгаажуулж авсны дараа аудитын нотолгоо болгох баримт бүрдэхээр байна... гэсэн дүгнэлт.,/1-р х.хийн 175-183-р хуудас /

           - “ЦЭСБ АУДИТ” ХХК-н шинжээчдийн 2017-12-26-ны 1/139 дугаартай  А.У-ийн дансанд нийт 253.168.830 төгрөгийн орлого орж, 236.330.423 төгрөгийн зарлага гарч 16.838.406 төгрөгийн дутагдал гарсан., 2018-06-25-ны өдөр дахин хийсэн шинжилгээгээр ...У-ийн тооцоогоор  14.854.906 төгрөгийн үлдэгдэл  байх ёстой ... гэсэн дүгнэлт/ 1-р х.хийн 184-189., 193-223-р хуудас /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018-09-07-ны өдрийн 142 дугаартай:

      ...бэлэн мөнгөний орлогын  баримт бичиж 219.396.000 төгрөгийг, зээлийн эх үүсвэр нь тодорхойгүй зээлийн төлбөрийг зээлдэгч тус бүрээр орлогын баримт бичиж 31.123.980 төгрөг хүлээн авсан байна.,  үүнээс Д.Э-гийн “ХААН”  банкны 5108128989 дансанд 1.225.000 төгрөг., 5108077975 дансанд 218.77.030 төгрөг нийт  219.998.030 төгрөг төлсөн байна., үйл ажиллагааны зардал 5.750.000 төгрөг төлсөн.,  зөрүү 204.817.750 төгрөгийн дутагдлыг А.У- хариуцна... гэсэн дүгнэлт тус тус авагджээ.

         Анхан шатны шүүх эдгээр нотлох баримтыг бүгдийг шинжлэн судалсан бөгөөд  шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн гэсэн дүгнэлт хийсэн нь  үндэслэлгүй байна.          

           -Учир нь анхан шатны шүүх  шинжээчийн  дүгнэлтүүдийн талаар ямар ч тодорхой тайлбар хийгээгүй, зөвхөн яллах дүгнэлтийг хуулж бичээд дүгнэлтэнд бичигдсэн шинжээчийн мэдүүлгийг хуулж бичсэн., тэдгээрээс аль нотлох баримт хуулийн шаардлага хангасан., ямар нотлох баримт болон  хэний мэдүүлэг  ямар нотлох баримтаар нотлогдож байгаа эсхүл үгүйсгэгдэж байгаа талаар ямар ч хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгаа нь хэргийн  болон үйл баримтын талаар нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэлж дүгнэж  чадаагүй.,

           - Эдгээр  дүгнэлтийн үнийн дүн  өөр өөр  хоорондоо зөрүүтэй  байхад  хохирлын хэмжээг яаж тогтоосон нь ойлгомжгүй., шинжээчид дүгнэлт гаргахдаа барьцаалан зээлдэх газрын үйл ажиллагааны онцлог,  үйл ажиллагаатай холбогдуулж үндсэн зээл,  зээлийн хугацааны хүүг тооцсон эсэх нь тодорхойгүй.,

            -Мөн хэрэгт “Цэсб аудит”  ХХК –н  шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт  мөн “Пийк ом аудит” ХХК-ийн зэрэг  хэд, хэдэн дүгнэлт гарсан байхад тэдгээрийн аль дүгнэлтийг хуульд заасан ямар  үндэслэлээр  шийтгэх тогтоолын үндэслэл болгосон эсэх нь ойлгомжгүй, түүнчлэн давтан  дүгнэлт нь  аль дүгнэлтэнд хамаарах болох нь тодорхойгүй,

           -яллах дүгнэлтэнд шүүгдэгчийн  үйлдэл,  үйл баримтыг дээрх дүгнэлтээс  аль ямар дүгнэлттэй холбож ирүүлснийг үндэслэлтэй эсхүл шүүх өөр дүгнэлтийг үндэслэл болгосон тухай огт заагаагүй.,

-Хэргээс үзвэл “Пийк ом аудит” ХХК-н 2017-05-22-ны өдрийн 113 дугаартай дүгнэлтийг үндэслэл болгож  139.751.500 төгрөгийн  хохирол учирсан гэж үзсэн боловч яагаад үндэслэл болгосон эсэх нь тодорхойгүй, мөн  бусад дүгнэлтийг огт дурдаагүй,  үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй байгаа нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг зөрчжээ.

2./ Мөн анхан шатны шүүх шүүгдэгч А.У-ийн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлд заасан бусдын хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзээд Дархан-Уул аймгийн Прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн  2.2.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1.д заасныг  журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 болгон өөрчлөн зүйлчилсэн нь  мөн  шүүгдэгчийг А- Х-” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тухайн компанийн өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээгээгүй.,  мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэргийн  субьект болохгүй гэсэн дүгнэлт хийсэн  нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

3./Прокурор дээрх өөр, өөр үнийн дүнтэй дүгнэлтүүдийн аль дүгнэлтийг яллах дүгнэлтийн үндэслэл болгож байгаа нь тодорхойгүй, аль дүгнэлт эргэлзээтэй учир   нэмэлт дүгнэлт гаргасан эсэх мөн бусад дүгнэлтийг нотлох баримтаас хассан эсэх нь тодорхойгүйгээс гадна  хохирлын хэмжээг  тооцож чадаагүй  зөвхөн үйлчлүүлэгч нарыг гэрчээр асууж,  ...машин барьцаалж байсан.,  мөнгө авч байсан... гэсэн  байцаалт авсан нь  хэрэгт ач холбогдолтой байж болох тухайлбал шүүхийн дүгнэлтэнд  нөлөөлж болох  нөхцөл байдлыг тогтоогоогүй өөрөөр хэлбэл хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн бөгөөд үүнийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэрэгт  нэмэлт ажиллагаа хийлгэхээр  прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ

          Давж заалдах шатны шүүх хэргийн талаар болон шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар ямар нэг дүгнэлт хийх түүнчлэн  шүүгдэгчийн  давж заалдах гомдлын талаар дүгнэлт хийх боломжгүй.,  мөн прокурорын эсэргүүцлийн шийтгэх тогтоол үндэслэлгүй гэснийг буюу зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 39.6 дугаар  1.2., 1.3., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  А-гийн У-т холбогдох, 1718000300474 дугаартай, 5 хавтастай эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Дархан-Уул аймгийн Прокурорт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч А-гийн У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч А-гийн У-ийн  гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдсугай. 

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч,  хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                  ШҮҮГЧИД                             Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                Ц.ТУЯА