Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2023/00018

 

 

                                                                      Газаркапитал партнерс ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1117 дугаар шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 209/МА2022/00095 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: Газаркапитал партнерс ББСБ ХХК

Хариуцагч: Ө.Энхчимэг, Г.Санжаагүндэн нарт холбогдох

 

Нэхэмжлэл: Үндсэн зээлийн төлбөр 9,582,000 төгрөг, зээлийн хүү 2,031,831 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 406,381 төгрөг нотариатын төлбөр 19,500 төгрөг, нийт 12,039,712 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах

 

Сөрөг нэхэмжлэл: ЗГ0102180027 тоот зээлийн гэрээний төлбөр төлөх 3-р зүйлийн 3.5 дахь заалтыг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Мөнхгэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Газаркапитал партнерс ББСБ ХХК нь хариуцагч Ө.Энхчимэг, Г.Санжаагүндэн нараас ЗГ0102180027 дугаартай зээлийн гэрээний төлбөр 2020.07.08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 9,582,000 төгрөг, зээлийн хүү 2,031,831 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 406,381 төгрөг, нотариатын төлбөр 19,500 төгрөг, нийт 12,039,712 төгрөгийг гаргуулах, ЗБ0102180027 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр Ө.Энхчимэг, Г.Санжаагүндэн нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-........дугаартай 39 м.кв, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нар нийтдээ 10,150,000 төгрөг төлсөн тул Газаркапитал партнерс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, анх зээлж авсан 13,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 1,800,000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна гээд ЗГ0102180027 тоот зээлийн гэрээний төлбөр төлөх 3-р зүйлийн 3.5 дахь заалт нь Иргэний хуулийн 216.4-р зүйлтэй зөрчилдөж байх тул тус зээлийн гэрээний 3-р зүйлийн 3.5 дахь заалтыг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.19-ний өдрийн 1117 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Ө.Энхчимэгээс үндсэн зээлийн үлдэгдэл 3,300,000 төгрөг, зээлийн хүү 6,219,025 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 814,359 төгрөг, нийт 10,333,384 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Газаркапитал партнерс ББСБ ХХК-д олгож, хариуцагч Г.Санжаагүндэнгээс зээлийн төлбөр гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Газаркапитал партнерс ББСБ ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар хариуцагч төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-.....дугаартай 39 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгах газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,790 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Энхчимэгээс 180,284 төгрөг, хариуцагч Ө.Энхчимэг, Г.Санжаагүндэн нараас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч Ө.Энхчимэгт олгохоор шийдвэрлэжээ.

 

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.10.27-ны өдрийн 209/МА2022/00095 дугаар магадлалаар: шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Ө.Энхчимэгээс үндсэн зээлийн үлдэгдэл 3,300,000 төгрөг, зээлийн хүү 6,219,025 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 814,359 төгрөг, нийт 10,333,384 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Газаркапитал партнерс ББСБ ХХК-д олгож, хариуцагч Г.Санжаагүндэнгээс зээлийн төлбөр гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Газаркапитал партнерс ББСБ ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ө.Энхчимэгээс зээлийн гэрээний үүрэгт 5,634,374.50 төгрөг, нотариатын зардал 19500 төгрөг, нийт 5,653,874.50 төгрөгийг гаргуулж Газаркапитал партнерс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,699,009.50 төгрөгийн болон хариуцагч Г.Санжаагүндэнгээс зээлийн төлбөр гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Газаркапитал партнерс ББСБ ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж, Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,790 төгрөгийг, хариуцагч Ө.Энхчимэгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Хариуцагч Ө.Энхчимэгээс 105412 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Газаркапитал партнерс ББСБ ХХК-д олгож, шинжээчийн ажлын хөлс 281,284 төгрөгийн 50 хувь болох 140,642 төгрөгийг нэхэмжлэгч Газаркапитал партнерс ББСБ ХХК-иас, хариуцагч Ө.Энхчимэгээс 140,642 төгрөгийг тус тус гаргуулж, Дархан-Уул аймаг дахь Монгол банкны хэлтэст олгосугай гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж тус тус дугаарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ө.Энхчимэгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Мөнхгэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

4.1 Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн:

4.1.1. Анхан шатны шүүх эрх зүйн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 451.1, 452.1, 453.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэх замаар үндсэн нэхэмжлэлийн 10,333,384 төгрөгийн шаардлагыг хангасан.

Тодруулбал, Газаркапитал Партнерс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн агуулга, шаардлага нь анхдагч буюу үндсэн /зээл/ болон нэмэгдэл /барьцаа/ үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхэд чиглэсэн шаардлага болно. Үүгээрээ, Иргэний хуулийн 451.1-д зааснаар зээлээ буцаан төлүүлэх шаардлага гаргасны зэрэгцээ гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлэх шаардлага юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 225.1, 227.4 дэх заалтыг хэрэглэсэн байх бөгөөд энэ нь онолын хувьд ч тэр, шүүхийн практикт ч тэр үүрэг гүйцэтгэхээс татгалзах, цуцлах эсхүл хохирол шаардах буюу хоёрдогч шаардлага гаргах эрхэд хамааралтай хэм хэмжээ байна.

Давж заалдах шатны шүүх ийнхүү Иргэний хуулийн 225.1,227.4 дэх заалтыг хэрэглэж, Магадлалын 11, 12 /а, б/ заалтад зээлдүүлэгчийг гэрээгээ цуцлаагүй, цуцлах ёстой байсан, цуцлахгүй яасан... мэтээр утгачилан дүгнэж, гэрээний талуудын нэгнийх нь талд орж үг хэлсэн... иргэний эрх зүйн харилцааны диспозитив зарчим зөрчсөн хэрэг болов.

Хэргийн баримтаас үзэхэд, 2019 оны 04-р сарын 03-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш зээлдэгч Ө.Энхчимэг, Г.Санжаагүндэн нар банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл хөөцөлдөж байна. Мөн үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулах гэж байгаа тул хугацаа өгч туслана уу хэмээн баримт материал болон холбогдох хүмүүстэй уулзуулж итгэл үнэмшил төрүүлэн зээл төлөх хугацааг хойшлуулсаар байсан. /Хэргийн материал дунд хариуцагч нарын хугацаа авч байсан хүсэлт хавсаргасан байгаа/

4.1.2. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийг буруу /зөрүүтэй/ тайлбарлан хэрэглээд зогсохгүй мөн харилцаанд илүү нарийвчилсан зохицуулалт болох Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасныг анхаарч үзээгүй байна.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын хүсэлтээр шинжээч томилогдож, Монгол банкны улсын байцаагч бичгээр дүгнэлт гарган шүүхэд ирүүлсэн, уг дүгнэлтийг хэрэгт авагдан шүүх хурлаар хэлэлцсэн болно.

Агуулгын хувьд анхан шатны шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэхэд үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 10,333,384 төгрөгийг хангасан бол давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй, гэсэн атал шинжээчийн зардлыг нэхэмжлэгчид хуваарилсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.3.шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.

Улсын дээд шүүхийн 2006 оны Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 53 дугаар тогтоолын 2.4 дэх заалт Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү.. .төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэснийг давж заалдах шатны шүүх /Магадлалын 10, 11, 12 дахь заалт/ өөрөөр тайлбарлаж, үүрэг зөрчигдөөгүй нөхцөлд буюу бичгээр байгуулсан гэрээний хавсралтад заасан хэмжээгээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын тайлбар, үндэслэлийг сонсолгүй, тасалж байсан нь мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжих зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүх хуралдааны бичлэгийг шинжлэн судлуулах хүсэлтэй байна.

Иймд, магадлалын хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч Газаркапитал партнерс ББСБ ХХК нь хариуцагч Ө.Энхчимэг, Г.Санжаагүндэн нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 3,300,000 төгрөг, зээлийн хүү 6,219,025 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 814,359 төгрөг, нийт 10,333,384 төгрөгийг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гарган, хариуцагч нар эс зөвшөөрч, ...Г.Санжаагүндэн, Ө.Энхчимэг нар төлбөрийн чадваргүй, ...2019 оны 10 дугаар сард зээ хүү Ц.Идэрбат Хас банкнаас зээл авч, 10,150,000 төгрөг төлсөн. ...анх зээлж авсан 13,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 1,800,000 төгрөгийг төлнө, бусад шаардлага үндэслэлгүй... гэж маргажээ.

Хариуцагч нь Газаркапитал партнерс ББСБ ХХК-тай байгуулсан 2018.04.03-ны өдрийн зээлийн гэрээний 3.5 дахь заалт нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг зөрчсөн үндэслэлээр уг заалтыг хүчингүйд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч тайлбар гаргасан байна.

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Ө.Энхчимэгээс зээлийн гэрээний үүрэгт 10,333,384 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагч Г.Санжаагүндэнгээс зээлийн төлбөр гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар барьцааны зүйл болох орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт ...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Энхчимэгээс зээлийн гэрээний үүрэгт 5,634,374.50 төгрөг, нотариатын зардал 19,500 төгрөг, нийт 5,653,874.50 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,699,009.50 төгрөгийн болон хариуцагч Г.Санжаагүндэнгээс зээлийн төлбөр гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон... зэрэг өөрчлөлтийг оруулсан байна.

8. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг 2023.01.05-ны өдрийн Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

9. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

10. Газаркапитал партнерс ББСБ ХХК нь зээлдэгч Ө.Энхчимэгтэй 2018.04.03-ны өдөр ЗГ0102180027 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, нэхэмжлэгч 13,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 30 хувийн хүүтэй олгон, гэрээний 1.2.3-т нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүний 20 хувь байхаар тохирсон, мөн зээлийн барьцаанд Г.Санжаагүндэнгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-....дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дугаар баг, ...дугаар байрны ...тоот байршилтай 39 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалжээ.

Зохигчийн хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасанд нийцсэн байх ба нэхэмжлэгч нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу үндсэн зээл, түүний хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Ө.Энхчимэг нь зээлийн гэрээгээр тохирсон зээл, зээлийн хүү төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийг шаардсан, энэ нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.2, 6.2.1-д заасныг зөрчихгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

11. Хариуцагч Ө.Энхчимэг нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 3,300,000 төгрөг зээлийн хүүнд 6,219,025 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 814,359 төгрөг, нийт 10,333,384 төгрөгийг төлөх үүрэгтэй нь зохигчийн тайлбар, зээлийн төлбөрийн баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хариуцагчаас гэрээний үүрэгт 10,333,384 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

12. Давж заалдах шатны шүүх маргаанд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, ...нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлэлгүй, хариуцагчийг зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй үеэс эхлэн гэрээ дуусах өдөр буюу 2019.04.03-ны өдөр хүртэлх хугацаанд гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байтал гэрээний үүргийг 2020.07.08-ны өдөр хүртэл хугацаагаар тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж дүгнэн, зээлийн төлбөрт 5,653,874.50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 4,699,009.50 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй, иймд энэ үндэслэлээр магадлалыг хүчингүй болгоно.

13. Түүнчлэн, хариуцагч зээлийн төлбөрийг сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгө болох Г.Санжаагүндэнгийн өмчлөлийн, Дархан-Уул аймгийн Дархан сумын ....дугаар баг, ...дугаар байрны ...тоот байршилтай ... м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Г.Санжаагүндэнгээс зээлийн гэрээний үүргийг шаардсан, гэвч тэрээр нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн гэрээний нэг тал биш тул түүнээс зээлийн төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасанд нийцнэ.

14. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 209/МА2022/00095 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1117 дугаар шийдвэрийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022.11.25-ны өдөр төлсөн 90,140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                              Н.БАЯРМАА

П.ЗОЛЗАЯА

                                                                              Б.МӨНХТУЯА

                                                                               Х.ЭРДЭНЭСУВД