Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 15

 

Э.Ба-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд: Даргалагч шүүгч: Б.Ариунбаяр Шүүгчид: Т.Жаргалсайхан, Ж.Баттогтох Бусад оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.******* Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Го- Нарийн бичгийн дарга: Д.Ганчимэг нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлтийн даргалж шийдвэрлэсэн 2018 оны04 дүгээр сарын 18-ны өдрийн 348 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын төлөөлөгч В.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Ба- анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 1970 онд Завхан аймгийн Идэр сумд төрж, Тосонцэнгэл сумд бүрэн дунд боловсролын сургууль төгссөн, Сантехникч, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.******* нь 2017 оны 05-р сарын 01-ний Б/34 тоот тушаалаар үүрэгт ажлаас минь халсанд гомдолтой байна. Намайг зөвхөн хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг баримталсан нь үндэслэлгүй юм. Би Завхан аймгийн Засаг даргын тамгын газарт 2011 онд сантехникч, жижүүрээр ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй оноосон үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай биелүүлж ирсэн. Би энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Намайг шууд ажлаас халсанд гомдолтой байна. Он удаан жил ажилласан боловч шууд хална гэж бодоогүй цалингийн арга хэмжээ авахад надад татгалзах зүйлгүй.

Иймээс ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэжээ.

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч В.******* анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.Ба- нь ажлын цагаар, 2017 оны 04 сарын 24-нд өөрийн жижүүртэй өдөр согтууруулах ундаа хэрэглэж ажилдаа согтуу ирсэн. Мөн жижүүртэй өдрөө ажлын байраа орхиж гадагш явсан. Энэ талаар 2017 оны 04 сарын 26-ны өдөр Аймгийн Засаг даргын Тамгын газрын Үйлчилгээ аж ахуйн тасгийн ажилчдын хуралд Э.Ба- өөрөө оролцож архи согтууруулах ундаа хэрэглэсэн болохоо хүлээн зөвшөөрсөн. Энэ нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг.

Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйл 7.2.3-дахь заалтад ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд хамруулахаар заасан. Мөн Хөдөлмөрийн дотоод журамд ажлын болон, томилолтоор ажиллах үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол ноцтой зөрчилд тооцохоор заасан байдаг.

Э.Ба- нь дээрх байдлаар байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан. Энэ талаар гэрчүүд болон өөрөө ч ажилтнуудын хурал дээр хүлээн зөвшөөрсөн нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг.

Э.Ба- өмнө нь өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй зөрчил гаргаж Тамгын газрын даргын 2012 оны 9 сарын 3-ны өдрийн 54 дүгээр тушаалаар цалингийн 20 хувиар сахилгын шийтгэл авч байсан, 2016оны 2 дугаар сарын 17-ны өдөр А/10 дугаартай тушаалаар мөн ажлын хариуцлага алдсан үндэслэлээр цалингийн 30 хувиар хасуулж сахилгын шийтгэл хүлээж байсан.

Э.Ба- нь анх томилогдохдоо сантехникч, жижүүрийн албан тушаалд 3 сарын хугацаатай томилогдсон. Түүнтэй байгуулсан 2014 оны 1 сарын 2-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд жижүүрийн албан тушаалыг хугацаагүйгээр гэрээ байгуулж ажилласан байдаг. Иймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******а овогт *******ын Ба-ыг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Үйлчилгээ аж ахуйн тасгийн жижүүр, сантехникчийн ажилд эгүүлэн тогтоож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 6240213 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Ба-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 6240213 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган зохих санд шилжүүлэх, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн даатгуулж дэвтрүүдэд бичилт хийхийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгож, Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 114793 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч В.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* миний бие Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ныөдрийн 348 дугаартай шүүхийн шийдвэрийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гардан аваад шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1.Хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн тухайд

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын18-ны өдрийн 348 дугаартай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.1 дэх хэсэгт ...хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж зааснаас харахад дан ганц хөдөлмөрийн дотоод журам зөрчихөд сахилгын шийтгэл ногдуулах боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзэв гэж заасан байна. Энэхүү хуулийн заалтын дагуу бол Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний аль нэгийг нь зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахаар ойлгогдож байна.

2.Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, буруу үнэлсэн, ажилтны гаргасан зөрчилд сахилгын арга хэмжээ тохирсон эсэх талаар дүгнэлт хийгээгүй тухайд

... Нэхэмжлэгч Э.Ба- нь өөрөө ажлын байранд, ажлын цагаар архидан согтуурч, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тухайгаа хүлээн зөвшөөрч, өөрийн биеэр оролцож, гарын үсэг зурсан 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн аймгийн ЗДТГ-ын Үйлчилгээ аж ахуйн тасгийн ажилчдын хурлын тэмдэглэл мөн хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмыг ноцтой зөрчсөн талаар тайлбарласан, ноцтой зөрчил гаргасан талаараа нэхэмжлэгч Э.Ба- өөрөө хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан 2017 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн аймгийн ЗДТГ-ын Үйлчилгээ аж ахуйн тасгийн ажилчдын хурлын тэмдэглэлийг тус тус шүүхэд эх хувиар нь гаргаж өгсөн байдаг нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Эдгээр нотлох баримтууд нь ИХШХШтХ-ийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг бүрэн хангасан, хэргийг хянан шийдвэрлэхэд нотолгооны чухал ач холбогдол бүхий нотлох баримт болно. Шүүхэд гэрчээр дуудаж, мэдүүлэг авсан А.Шаравжамц, О.Бат-Өлзий, Ө.Сувд-Эрдэнэ нарын мэдүүлгүүдэд хоорондоо зөрүүтэй, нэгнийгээ үгүйсгэсэн агуулгатай зүйл байхгүй бөгөөд гэрчүүд бүгд нэг агуугатай гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлэг, Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн үйлдлийг үнэлэлгүй ...дан ганц хөдөлмрийн дотоод журам зөрчихөд сахилгын шийтгэл ногдуулах боломжгүй байна гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж нотлох баримтыг үнэлээгүй нь үндэслэлгүй байна. Иймээс Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн348 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.Го- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасантайлбартаа:

Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ажлын байран дээр архидан согтуурч, ажлын байраа хараа хяналтгүй орхиж явсан. Энэ талаар 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Аж ахуйн тасгийн үйлчилгээний ажилтнуудын хурлаар авч хэлэлцэхэд нэхэмжлэгч нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол сахилгын зөрчил гаргасанд тооцно заасан. Үүнийг үндэслэн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулж ажлаас халсан юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 дугаар зүйлийг анхан шатны шүүх тайлбарлахдаа буруу тайлбарласан. Яагаад гэвэл дан ганц хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн нь сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болохгүй гэсэн нь буруу. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам гэж заасан. Тэгэхээр аль нэгийг зөрчвөл сахилгын шийтгэл оногдуулна гэсэн ойлголт юм. Хэрвээ таслал биш болон гэсэн үг байсан бол хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам гэснийг хамтад ойлгож болно гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасантайлбартаа:

Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Ба-ы өмгөөлөгчөөр оролцож байна. Хөдөлмөрийн дотоод журмыг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хамт олны хурлаар баталсан байдаг. Энэхүү журмыг ажилтан бүрт заавал танилцуулж, гарын үсэг зуруулах ёстой. Гэтэл ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн дотоод журмаа хэзээ танилцуулсан юм бэ? гэхээр 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ажилтнуудын хурлаар нэг бүрчлэн танилцуулж, гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэгч хэзээ зөрчил гаргасан бэ? гэхээр 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан байдаг. Тэгэхээр хөдөлмөрийн дотоод журмыг шууд үндэслэх боломжгүй. Хоёрдугаарт нэхэмжлэгч нь ийм хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж маргасан. Энэ асуудал дээр шинжээчийн дүгнэлт гаргаад, хөдөлмөрийн гэрээнд зурагдсан гарын үсэг нь Э.Ба-ых биш гэдгийг тогтоосон. Хамгийн гол нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо өмнө нь ямар нэгэн сахилгын шийтгэл аваагүй тохиолдолд ноцтой зөрчил гэдгийг заавал хөдөлмөрийн гэрээн дээр харилцан тохиролцсон байх шаардлагатай. Гэтэл хөдөлмөрийн гэрээ нь хавтаст хэрэгт авагдаагүй байна. Хэрвээ хавтаст хэрэгт байгаа хөдөлмөрийн дотоод журмыг үнэллээ гэж бодоход уг журмын 6.11-т ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн ажлаас халах буюу чөлөөлөх сахилгын шийтгэл оногдуулна гэж заасан. Гэтэл сахилгын шийтгэл оногдуулах ёс зүйн хорооны дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээс харахад сахилгын шийтгэл оногдуулахыг дэмжиж байна гэсэн. Ийм учраас яг ямар сахилгын шийтгэл авахын дэмжсэн талаар Шаравцамц гэдэг хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. Гэрч юу гэж мэдүүлсэн бэ? гэхээр бид нар шууд ажлаас халах шийдэлд хүрээгүй. Хатуу донгодох гэсэн шийдэлд хүрсэн гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл ёс зүйн хорооны дүгнэлт нь нэхэмжлэгчийг ажлаас шууд халах дүгнэлт байгаагүй. Тэгэхээр хөдөлмөрийн дотоод журмаа зөрчөөд, ёс зүйн хорооны дүгнэлтээ авч хэлэлцэхгүйгээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Ийнхүү хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэгийг баримтлах шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Э.Ба- нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугцааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Завхан аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан гаргажээ.

Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/34 дугаар тушаалаар Монгол улсын Засаг захирагаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.15.1, мөн ёс зүйн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын дүгнэлт, Хөдөлмөрийн гэрээний 7.2.3 а дахь хээгт зааснаар үйлчилгээ, аж ахуйн жижүүр Э.Ба-ыг ажлын байранд, ажлын цагаар архидан согтуурч сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үүрэгт ажлаас 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар Э.Ба- нь Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын үйлчилгээ, аж ахуй тасгийн жижүүр, сантехникчийн ажилд ажиллаж байсан байх бөгөөд ажил олгогч түүнийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зөвхөн жижүүрийн албан тушаалаас чөлөөлсөн байжээ.

Ажил олгогч нь Э.Ба-ы албан тушаалыг буруу бичиж, ажлаас халсан тушаалаа гаргасан гэж тайлбарлаж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн б/46 дугаартай тушаалаар Э.Ба-ыг жижүүр, сантехникчын ажлаас халсан гэж зассаныг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгч Э.Ба- нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр жижүүрийн ажлыг гүйцэтгэж байхдаа ажлын цагаар, архидан согтуурсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. Талууд энэ талаар маргаагүй байна.

Ажил олгогч нь Э.Ба-ыг хөдөлмөрийн дотоод журамын 6.15-д заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах гурван төрлийг нэрлэн заасан байх боловч үүнээс ажил олгогч ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулжээ.

Ажил олгогч нь ажлаас халах сахилгын шийтгэлийг сонгон ажилтанд ногдуулж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан захиргааны санаачлагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл байгаа эсэхийг шалгаж, уг зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээгцуцлах нь зүйд нийцэнэ.

Тодоруулбал, ажлаас халах гэдэг ойлголт нь хэдийгээр сахилгын шийтгэлийн нэг төрөл хэдий ч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлаж байгаа ойлголт учраас заавал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлана. Энэ нь ажилтан хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан хэдий ч энэ зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил мөн эсэхийг дахин шалгана гэсэн үг юм.

Иймд хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдоогүй учраас ажил олгогч гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан эсэхийг шалгах боломжгүй, ажил олгогч ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй байна.

Иймд ажил олгогч нь тушаалаа хуульд нийцүүлэн гаргасан гэдгээ шүүхэд нотлож чадаагүй, түүний гаргасан шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцээгүй тул хууль бус гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг хоёуланг хамт зөрчсөн тохиолдолд дээрх зүйл хэсэгт зааснаар ажлаас халах шийтгэлийг ногдуулж болохоор дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн дүгнэлт боловч энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөн хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийг шалгаж, тогтоогоогүй, энэ зүйл, заалтыг баримтлаагүй гэдэг үндэслэлээр ажил олгогчийн тушаалыг буруутгаж, ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 348 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Ж.БАТТОГТОХ