Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01762

 

Э ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 348 дугаар шийдвэр,

            Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар магадлалтай,

   Э ы нэхэмжлэлтэй,

            Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох

      Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие нь Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Лхамсүрэн нь 2017 оны 05 сарын 01-ний Б/34 тоот тушаалаар үүрэгт ажлаас минь халсанд гомдолтой байна. Намайг халахдаа зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг баримталсан нь үндэслэлгүй юм. Би Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт 2011 онд сантехникч, жижүүрээр ажилд орж ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй оноосон үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай биелүүлж ирсэн. Би энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Намайг шууд ажлаас халсанд гомдолтой байна. Он удаан жил ажилласан боловч шууд хална гэж бодоогүй, цалингийн арга хэмжээ авахад надад татгалзах зүйлгүй гэж хэлсэн. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгорын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Э ы нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Э  нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Үйлчилгээ аж ахуйн тасагт жижүүр, слесариар ажиллаж байсан бөгөөд 2017 оны 04 сарын 24-ний өдөр жижүүрийн ажлыг гүйцэтгэж байхдаа ажлын цагаар, ажлын байран дээр архи, согтууруулах ундаа хэрэглэсэн нь аймгийн Засаг даргын тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.15.1, Хөдөлмөрийн гэрээний 7-р зүйлийн 7.2.3.а дахь хэсгийг тус тус зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 дахь хэсэгт заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн Э  нь ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэж ажлаа тасалсан зөрчил гаргаснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Иймд Э ы нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч Э ы шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай аж ахуйн хамт олон 2017 оны 04 сарын 27-ны 10 цагт хуралдсан. Хурал дээр өмнө нь ийм зөрчил гаргаж байгаагүй учраас арга хэмжээ аваад өнгөрөх байх гэж байсан. 2017 оны 04 сарын 27-ны 14 цаг өнгөрч байхад Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн өрөөнд хэлтсийн дарга нар хуралдсан. Тэр үед аж ахуйн хамт олон хуралдаад гарсан шийдвэрээ тамгын даргад танилцуулсан. Ажлаас халалгүй арга арга хэмжээ аваад өнгөрөөч гэсэн хүсэлт тавьсан. Тэгээд 2017 оны 04 сарын 27, 28-нд жижүүрт гарсан. 2017 оны 5 сарын 01-ний өдөр эхнэр рүү залгаад ажлаас халсан тухай хэлсэн байсан гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгорын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Э  нь 2017 оны 05 сарын 31-ний өдрийн нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн ажлаас халсан нь үндэслэлгүй гэсэн байна. Гэтэл Э  нь 2017 оны 04 сарын 24-ний өдөр ажлын байран дээрээ буюу жижүүрт гарч байх үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн, ажлын байраа хараа хяналтгүй орхисон. Энэ тухай 2017 оны 04 сарын 26-ны өдрийн үйлчилгээ аж ахуйн ажилчдын хурлаар хэлэлцэхэд Э  нь өөрөө архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Үүнийг нотлох баримтад хавсаргасан байгаа. Тус хурлаар Э  нь архи ууснаа хүлээн зөвшөөрч тайлбар хийсэн. Ажил тасалсан өдрийнхөө талаар хэлэхдээ бие өвдөөд эмнэлгээр орсон түүнийгээ хэлсэн хүн байхгүй гэсэн байдаг. Энэ үйлдэл нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6.15.1 дэх хэсэгт заасан ажлын байранд болон ажлын цагаар томилолттой ажиллах үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол сахилгын зөрчил гаргасанд тооцно гэсэн заалтыг зөрчсөн. Мөн нэхэмжлэлдээ би 2012 оноос жижүүрийн ажил болон сантехникийн ажлыг хийхдээ ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй ажиллаж оноосон үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай гүйцэтгэж байсан гэдэг боловч 2012 оны 09 сарын 03-ны өдрийн 54 дүгээр тушаалаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй ажилдаа хариуцлагагүй хандсан гэдэг үндэслэлээр цалинг 1 сарын 20 хувиар хасуулах сахилгын шийтгэл, 2016 оны 02 сарын 10-ны өдрийн А/10 дугаар тушаалаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй ажилдаа хариуцлагагүй хандсан гэдэг үндэслэлээр 1 сарын цалинг 30 хувиар хасуулах сахилгын арга хэмжээ тус тус ногдуулсан байдаг. Мөн чөлөөлөгдөх үедээ Нямжав даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ хувийн хэрэгтээ үлдээгээгүй. Ажиллаж байх явцдаа жижүүрийн дэвтрүүдийг санаатайгаар гэр рүүгээ авч явсан гэсэн ёс зүйн алдаа дутагдлуудыг гаргаж байсан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.                                             

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 348 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Авга овогт Эрхэмбаатарын Батсайханыг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Үйлчилгээ аж ахуйн тасгийн жижүүр, сантехникчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 6,240,213 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 6,240,213 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган зохих санд шилжүүлэх, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн даатгуулж дэвтрүүдэд бичилт хийхийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 114,793 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.                                           

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 348 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгор, Э.Гомбодорж нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 348 дугаар шийдвэр, Завхан аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 15 дугаар магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт “ажил олгогч нь тушаалаа хуульд нийцүүлэн гаргасан гэдгээ шүүхэд нотолж чадаагүй, түүний гаргасан шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцээгүй тул хууль бус гэж үзэхээр байна.” гэжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “2011 оноос хойш Завхан аймгийн Засаг даргын Тамгы газарт сантехникч, жижүүрээр ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй ажиллаж ирсэн” гэсэн боловч тухайн шаардлага үндэслэлээ шүүхэд нотлоогүй харин ч ажил олгогчийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгсөн 2012 оны 09 сарын 03-ны өдрийн 54 дүгээр тушаал, 2016 оны 02 сарын 17-ны өдрийн А/10 дугаартай тушаалд нэхэмжлэгч ямар нэг тайлбар гаргаж өгөөгүй. Тэр ч байтугай нэхэмжлэгч Э  нь өөрөө ажлын байранд, ажлын цагаар архидан согтуурч, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тухайгаа хүлээн зөвшөөрч, өөрийн биеэр оролцож, гарын үсэг зурсан 2017 оны 04 сарын 26-ны өдрийн аймгийн ЗДТГ-ын Үйлчилгээ аж ахуйн тасгийн ажилчдын хурлын тэмдэглэл мөн хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмыг ноцтой зөрчсөн талаар тайлбарласан, ноцтой зөрчил гаргасан талаараа нэхэмжлэгч Э  өөрөө хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан 2017 оны 04 сарын 27-ны өдрийн аймгийн ЗДТГ-ын Үйлчилгээ аж ахуйн тасгийн ажилчдын хурлын тэмдэглэлийг тус тус шүүхэд эх хувиар нь гаргаж өгсөн байдаг нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Мөн Э ы зөрчлийн талаар шүүхэд гэрчээр дуудаж, мэдүүлэг авсан А.Шаравжамц, О.Бат-Өлзий, Ө.Сувд-Эрдэнэ нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, нэгнийгээ үгүйсгэсэн агуулгатай зүйл байхгүй бөгөөд гэрчүүд бүгд нэг агуулгатай гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Нэхэмжлэгч Э  ажил олгогчийн зүгээс гаргасан нотлох баримтын талаар ямар нэг үндэслэл бүхий тайлбар өгөөгүйн дээр өөрийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлоогүй байхад шүүхээс энэ талаар дүгнэлт хийлгүйгээр “ажил олгогч нь тушаалаа хуульд нийцүүлэн гаргасан гэдгээ шүүхэд нотолж чадаагүй” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдээгүй, нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1, 6.3, 40.1, 40.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн бид хуулийг хэрэглэхдээ түүний зүйл заалтыг уншиж шууд ойлгон хэрэглэдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд “ажлаас халах” сахилгын шийтгэлийг ногдуулж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасантай нийцүүлэх эсхүл тус сахилгын шийтгэлийг ногдуулахдаа 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийг шалгаж тогтоох талаар заагаагүй байхад шүүхээс түүний гаргасан шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцээгүй тул хууль бус гэж үзэхээр байна.” гэсэн нь шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Тиймээс Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 348 дугаар шийдвэр, Завхан аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 15 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                    ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Э  нь Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар хөдөлмөрийн эрх зүйн ганцаарчилсан маргааныг үүсгэж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/34 дугаартай тушаалаар Э ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.15.1, Хөдөлмөрийн гэрээний 7.2.3а, Ёс зүйн хорооны 2017 оны 04 сарын 28-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлт зэргийг үндэслэсэн байна.

Нэхэмжлэгч Э  нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр жижүүрийн ажлыг гүйцэтгэж байхдаа ажлын цагаар, архидан согтуурсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон боловч ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн дотоод журмын 6.15-д заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Ажил олгогч нь ажлаас халах сахилгын шийтгэлийг сонгох тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан захиргааны санаачлагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл байгаа эсэхийг шалгаж, уг зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нь зүйд нийцнэ гэсэн давж заалдах шатны  шүүхийн дүгнэлтийг Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж үзнэ.

Хариуцагчаас Э тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ гэсэн 3 хуудас баримтыг ирүүлсэн боловч нэхэмжлэгч гэрээ байгуулаагүй, гарын үсэг биш гэж маргасан ба  шүүх... шинжээчийн 2018 оны 04 сарын 05-ны өдрийн 201810027 дугаартай дүгнэлтэд ... гэрээн дээрх гарын үсэг Э ы гэх гарын үсгүүдтэй хэлбэр болон ерөнхий шинж тэмдгээрээ тохирохгүй байна гэсэн тул Э тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх нь тогтоогдоогүй учраас ажил олгогч ажилтныг гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан эсэхийг шалгах боломжгүй, ажил олгогч ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй бөгөөд ажил олгогчийг тушаалаа хуульд нийцүүлэн гаргасан гэдгээ шүүхэд нотолж чадаагүй, түүний гаргасан шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцээгүй тул хууль бус гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Э ыг Завхан аймгийн Засаг даргын тамгын газар жижүүр, сантехникчийн ажилд авч байсан болох нь тус тамгын газрын даргын 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай тушаалаар тогтоогдож байна.

2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/34 дугаартай тушаалаар Э д сахилгын шийтгэл ногдуулахдаа зөвхөн жижүүрийн ажлаас халахаар заасан ба хариуцагч энэ алдаагаа 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/46 дугаартай тушаалаар жижүүр, сантехникч гэж зассан байх тул шүүх Э ыг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Үйлчилгээ аж ахуйн тасгийн жижүүр, сантехникчийн ажилд эгүүлэн тогтоосон нь зөв байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт нийт 6,240,213.00 төгрөгийг ажил олгогчоос гаргуулахаар шийдвэрлэсэн нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад холбогдох шимтгэлүүдийг суутган холбогдох санд төлж, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь үндэслэл бүхий болжээ.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийг шалгаж тогтоогоогүй, энэ зүйл, заалтыг баримтлаагүй гэдэг үндэслэлээр ажил олгогчийн тушаалыг буруутгаж, ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 348 дугаар шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН