Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/00105

 

Э.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 373 дугаар шийдвэр,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 28 дугаар магадлалтай,

Э.Бы нэхэмжлэлтэй

ЗАЗДТГт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгорын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Эрхэмбаатар овогтой Э.Б нь 1970 онд Завхан аймгийн Идэр суманд төрж, Тосонцэнгэл суманд бүрэн дунд боловсролын сургууль төгссөн, Сантехникч, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Завхан аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэн нь 2017 оны 05-р сарын 01-ний Б/34 тоот тушаалаар үүрэгт ажлаас минь халсанд гомдолтой байна. Намайг зөвхөн хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг баримталсан нь үндэслэлгүй юм. Би ЗАЗДТГт 2011 онд сантехникч, жижүүрээр ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй оноосон үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай биелүүлж ирсэн. Би энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Намайг шууд ажлаас халсанд гомдолтой байна. Он удаан жил ажилласан боловч шууд хална гэж бодоогүй цалингийн арга хэмжээ авахад надад татгалзах зүйлгүй гэж хэлсэн гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгор шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.Б нь ажлын цагаар, 2017 оны 04 сарын 24-нд өөрийн жижүүртэй өдөр согтууруулах ундаа хэрэглэж ажилдаа согтуу ирсэн. Мөн жижүүртэй өдрөө ажлын байраа орхиж гадагш явсан. Энэ талаар 2017 оны 04 сарын 26-ны өдөр Аймгийн ЗДТГ-ын Үйлчилгээ аж ахуйн тасгийн ажилчдын хуралд Э.Б өөрөө оролцож архи согтууруулах ундаа хэрэглэсэн болохоо хүлээн зөвшөөрсөн. Энэ нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг. Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйл 7.2.3-дахь заалтад ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд хамруулахаар заасан. Мөн Хөдөлмөрийн дотоод журамд ажлын болон, томилолтоор ажиллах үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол ноцтой зөрчилд тооцохоор заасан байдаг. Э.Б нь дээрх байдлаар байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан. Энэ талаар гэрчүүд болон өөрөө ч ажилтнуудын хурал дээр хүлээн зөвшөөрсөн нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг. Э.Б өмнө нь өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй зөрчил гаргаж Тамгын газрын даргын 2012 оны 9 сарын 3-ны өдрийн 54 дүгээр тушаалаар цалингийн 20 хувиар сахилгын шийтгэл авч байсан, 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр А/10 дугаартай тушаалаар мөн ажлын хариуцлага алдсан үндэслэлээр цалингийн 30 хувиар хасуулж сахилгын шийтгэл хүлээж байсан. Э.Б нь анх томилогдохдоо сантехникч жижүүрийн албан тушаалд 3 сарын хугацаатай томилогдсон. Түүнтэй байгуулсан 2014 оны 1 сарын 2-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд жижүүрийн албан тушаалыг хугацаагүйгээр гэрээ байгуулж ажилласан байдаг. Иймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллагын төлөөлөгч сантехникчээр 3 сарын хугацаатай томилсон гэж байгаа боловч Э.Б ажлаас халагдахаас өмнө хүртэл сантехникчээр ажиллаж байсан. Ажлаас халагдахын өмнөх ажилтнуудын хурлын тэмдэглэлийн хэлэлцэх асуудал гэсэн хэсэгт жижүүр сантехникч Э.Бы талаар авч хэлэлцсэн гэсэн байсан. Мөн 2014 оноос хойш сантехникч Э.Бд шагнал, батламж олгосон байдаг. Мөн 2006 оны Улсын дээд шүүхийн тайлбарт ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-ийн аль нэг заалтыг баримтлах нь зүйд нийцнэ гэж үзсэн байдаг. Э.Быг ажлаас халсан тушаал нь зөвхөн Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсгийг баримтлаад 40 дүгээр зүйлийг огт баримтлаагүй учраас түүнийг ажлаас халсан тушаал үндэслэлгүй гарсан байна. Ажлаас халсан тушаалыг харахад Э.Б нь жижүүрийн албан тушаалаас халагдсан ч сантехникч гэсэн албан тушаалаас нь одоог хүртэл чөлөөлөөгүй байна. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт сантехникч, жижүүрээс чөлөөлөв гэсэн байдаг ч ажлаас халсан тушаал дээр сантехникчээс чөлөөлөөгүй юм гэжээ.

 

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 373 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Авга овогт Эрхэмбаатарын Э.Быг Завхан аймгийн ЗДТГ-ын үйлчилгээ аж ахуйн тасгийн жижүүр, сантехникчийн ажилд эгүүлэн тогтоож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 1,657,152 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Бд олгож, Нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 1,657,152 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган зохих санд шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн ЗДТГт үүрэг болгож, Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 111664 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ. 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаар магадлалаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 373 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгор хяналтын гомдолдоо: ЗАЗДТГ-ын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгор миний бие Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 373 дугаартай шүүхийн шийдвэр, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаартай магадлалыг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гардан аваад шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: 1.Хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн тухайд: Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 373 дугаартай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...“Хариуцагч байгууллага Э.Быг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэл болгосон 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ЗАЗДТГ-ын ёс зүйн хорооны дүгнэлт, ЗАЗДТГ-ын Хөдөлмөрийн дотоод журам зэргийг ирүүлсэн бөгөөд уг нотлох баримтуудад тухайн байгууллагын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарсан, ...байдлаар ирүүлсэн тул дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй” гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “Хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна.” гэж заасан байдаг. Энэхүү хуулийн заалтын дагуу бол “Хуулбар үнэн” тэмдэг дарж баталгаажуулахын тулд а/Хэргийн оролцогч нь төрийн болон төрийн бус байгууллага байх, б/Бичмэл нотлох баримт байх, в/Хуулбар үнэн тэмдэг нь өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн тэмдэг байх гэсэн 3 шаардлагыг хангасан байхаар хууль тогтоогч хуульчилсан байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хязгаарлах болон хориглосон ямар нэгэн хэм хэмжээ буюу төрийн байгууллага иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тохиолдолд тухайн байгууллагын архивын “хуулбар үнэн” тэмдэг бүхий нотлох баримтыг нотлох баримтаар үнэлэхгүй гэсэн зохицуулалт хуульд байхгүй болно. Иймд анхан шатны шүүх “Хариуцагч байгууллага Э.Быг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэл болгосон 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ЗАЗДТГ-ын ёс зүйн хорооны дүгнэлт, ЗАЗДТГ-ын Хөдөлмөрийн дотоод журам зэргийг ирүүлсэн бөгөөд уг нотлох баримтуудад тухайн байгууллагын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарсан, ...байдлаар ирүүлсэн тул дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй” гэж үнэлсэн нь үндэслэлгүй, хууль зөрчсөн байх бөгөөд хэрэглэвэл зохих хууль болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44-р зүйлийн 44.4 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг бус өөр хууль хэрэглэсэн тухайд: Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэргийн оролцогчоос бичмэл нотлох баримтыг гаргахдаа шүүхэд эх хувиар нь өгнө. Хэрэв бичмэл нотлох баримтын эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хувийг өгнө гэснийг хариуцагч зөрчсөн” гэж дүгнэжээ. Ийнхүү дүгнэхдээ шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг үндэслэл болгосон байдаг. Иргэний эрх зүйн харилцаанд хэм хэмжээг хэрэглэхдээ тусгайгаас ерөнхий гэсэн зарчмыг баримталдаг буюу тусгайлсан хэм хэмжээ байхгүй тохиолдолд ерөнхий хэм хэмжээг хэрэглэдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44-р зүйлд бичмэл нотлох баримттай холбоотой харилцааг зохицуулсан байх бөгөөд уг зүйлийн 4 дэх хэсэгт “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “Хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж зохицуулсан байдаг тусгайлсан зохицуулалт болно. Тиймээс анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.4 дэх заалтыг хэрэглэхийн оронд ерөнхий зохицуулалт болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дах хэсгийг хэрэглэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг бус өөр хууль хэрэглэсэн үйлдэл байна. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, буруу үнэлсэн тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... хэдийгээр нэхэмжлэгчийг ажлын байранд, ажлын цагаар архидан согтуурч ёс зүйн ноцтой зөрчил гаргасныг нотлуулах зорилгоор А.Шаравжамц, О.Бат-Өлзий, Ө.Сувд-Эрдэнэ нарыг гэрчээр асуулгасан боловч эдгээр гэрчүүдийн мэдүүлгийг давхар нотолсон, нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул дан ганц гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй байна гэжээ. Нэхэмжлэгч Э.Б нь өөрөө ажлын байранд, ажлын цагаар архидан согтуурч, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тухайгаа хүлээн зөвшөөрч, өөрийн биеэр оролцож, гарын үсэг зурсан 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн аймгийн ЗДТГ-ын Үйлчилгээ аж ахуйн тасгийн ажилчдын хурлын тэмдэглэл мөн хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмыг ноцтой зөрчсөн талаар тайлбарласан, ноцтой зөрчил гаргасан талаараа нэхэмжлэгч Э.Б өөрөө хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн аймгийн ЗДТГ-ын Үйлчилгээ аж ахуйн тасгийн ажилчдын хурлын тэмдэглэлийг тус тус шүүхэд эх хувиар нь гаргаж өгсөн байдаг нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Эдгээр нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг бүрэн хангасан, хэргийг хянан шийдвэрлэхэд нотолгооны чухал ач холбогдол бүхий нотлох баримт болно. Гэтэл анхан шатны шүүх уг нотлох баримтуудыг огт үнэлээгүй төдийгүй гэрчийн мэдүүлгийг давхар нотолсон, нотлох баримтын шаардлага хангасан баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэсэн нь хууль бус бөгөөд үндэслэлгүй дүгнэлт болжээ. Шүүхэд гэрчээр дуудаж, мэдүүлэг авсан А.Шаравжамц, О.Бат-Өлзий, Ө.Сувд- Эрдэнэ нарын мэдүүлгүүдэд хоорондоо зөрүүтэй, нэгнийгээ үгүйсгэсэн агуулгатай зүйл байхгүй бөгөөд гэрчүүд бүгд нэг агуулгатай гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Тиймээс гэрч А.Шаравжамц, Ө.Бат-Өлзий, Ө.Сувд-Эрдэнэ нарын мэдүүлгүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43-р зүйлд заасан нотлох баримтын шаардлагыг бүрэн хангасан байх төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд гэрчийн мэдүүлэг нь заавал өөр нотлох баримтаар давхар нотлогдох ёстой гэсэн шаардлага байхгүй байна. Иймд анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг дангаар нь үнэлэх боломжгүй гэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн мөн нотлох баримтын шаардлага хангасан 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн аймгийн ЗДТГ-ын Үйлчилгээ аж ахуйн тасгийн ажилчдын хурлын тэмдэглэл болон 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн аймгийн ЗДТГ-ын Үйлчилгээ аж ахуйн тасгийн ажилчдын хурлын тэмдэглэлийг тус тус нотлох баримтаар үнэлээгүй нь үндэслэлгүй бөгөөд хууль зөрчсөн үйлдэл байна. Шүүх хуралдааны процессын алдааны хувьд: 1.3авхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 373 тоот шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хэргийн оролцогчдод шүүгч шийдвэрээ амаар тайлбарлахдаа хариуцагч байгууллагын тушаалыг үндэслэлтэй, мөн нэхэмжлэгч тал болох Э.Б архи уусан нь үнэн байх байх бөгөөд шүүх хуралдаанд хөдөлмөрийн гэрээг баталгаажуулаагүй нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болсон гэсэн хууль зүйн үндэслэл тайлбарласан. Гэтэл шүүхийн шийдвэрийг бичгээр гаргахдаа огт өөр үндэслэлээр шийдвэрлэсэн байх бөгөөд үүнээс үүдэн тухайн үеийн шүүх хуралдааны бичлэгийг үзсэн боловч Шүүхийн тогтоол унших танилцуулах хэсэг нь байхгүй болсон байна. Иймд Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 дугаар 08 сарын 03-ны өдрийн 373 тоот шийдвэрийн тогтоох хэсгийг хэлбэрийн төдий гаргасан ба шүүх хуралдааны дараа шийдвэрээ гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Мөн Завхан аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн 2017 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаартай магадлалыг гаргах явцад хуульд зааснаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ бүхэлд нь зөвлөлдөх тасалгаанд гаргах учиртай юм. Гэтэл шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орсны дараа шүүгч н.Ариунбаяр зөвлөлдөх тасалгаанаас гарч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэнг гарган баримт бичиг оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 373 дугаартай шүүхийн шийдвэр, Завхан аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

ЗАЗДТГ-ын даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/34 дугаар тушаалд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 131 дүгээр зүйлийн 131.1.3, аймгийн ЗДТГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.15.1, мөн ёс зүйн хорооны 2017 оны 04 сарын 28-ны өдрийн хурлын дүгнэлт, Хөдөлмөрийн гэрээний 7.2.3 а заалтыг баримталж, Э.Быг ажлын байранд архидан согтуурч сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, үйлчилгээ, аж ахуйн жижүүрийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дараах байдлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн байна.

1. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан баримтыг хүлээж авсан атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримт гэж үзэж, уг баримтуудыг үнэлээгүй, улмаар  нэхэмжлэлийг хангах үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т заасан журмыг ноцтой зөрчсөн байна.

Зохигч бичмэл нотлох баримтыг эхээр нь, эсвэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд гаргаж өгөөгүй бол шүүх нотлох баримтын талаар хуульд заасан шаардлагыг сануулах, баримтыг хуульд нийцүүлэхийг шаардах, уг шаардлагыг биелүүлэхгүй бол үнэлэх боломжгүй үр дагавар үүсэхийг тайлбарлах үүрэгтэй. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан баримтыг хүлээж авах үүрэгтэй боловч хуульд заасан шаардлагыг хангаагүй бол сануулах, баримтыг  хүлээн авахаас татгалзах, улмаар зохигчид мэтгэлцэх боломжийг хангах ажиллагааг хийх ёстой байна. Энэ ажиллагааг хэрэгжүүлэхгүйгээр баримтыг үнэлэхгүй байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын тэгш байдал, мэтгэлцэх зарчмыг зөрчинө.  

2. Шүүх тухайн маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу байна.

Ажил олгогч нь Э.Быг ажилд авахдаа ...үйлчилгээ, аж ахуйн тасгийн жижүүр, сантехникчийн албан тушаалд авсан, хөдөлмөрийн гэрээнд албан тушаалыг “жижүүр” гэж заасан, ажлаас халахдаа “...үйлчилгээ аж ахуйн тасгийн жижүүр”-ийн албан тушаалаас чөлөөлжээ. Нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал нь ямар албан тушаал болох, эсвэл нэхэмжлэгч өөр ажлыг хавсарч эрхэлж байсан эсэхийг тодруулах шаардлагатай.

Шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...зөвхөн жижүүрийн ажлаас халсан, сантехникчээс чөлөөлөөгүй...” гэж тайлбар гаргасан, энэ талаар хэрэгт байгаа байгаа баримтын хэмжээнд дүгнэлт өгөх боломжгүй байна.

3. Шүүх зохигчдын хоорондох маргааны зүйлийг бүрэн тогтоож чадаагүй, сахилгын арга хэмжээ, ажилтны гаргасан зөрчилд тохирсон эсэх талаар дүгнэлт хийгээгүй орхижээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...2011 оноос хойш ЗАЗДТГт сантехникч, жижүүрээр ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй ажиллаж ирсэн, ...намайг ажлаас шууд халсанд гомдолтой байна. ...шууд хална гэж бодоогүй...” гэж нэхэмжлэлийн нэг үндэслэлийг тодорхойлсон, байхад шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй, хариуцагчийн тайлбар, түүний гаргасан баримтуудыг харьцуулан дүгнээгүй нь буруу болжээ.  Гэрч А.Шаравжамцын мэдүүлэг, ...Аймгийн ЗДТГ-ын үйлчилгээ аж ахуйн ажилчдын 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэл, ёс зүйн хорооны 2017 оны 04 сарын 28-ны өдрийн хурлын дүгнэлт зэрэг баримтаас үзэхэд “...Э.Быг ажлаас халахгүйгээр өөр сахилгын шийтгэл ногдуулах...” санал гаргаж байсан байна.

Нөгөө талаар хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид урьд нь арга хэмжээ авч байсан талаар 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 54 дүгээр тушаал, 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн А/10 дугаар бүхий хоёр тушаалыг шүүхэд өгсөн, нэхэмжлэгч энэ талаар тайлбар гаргаагүй байв.

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй тул хүчингүй болгож дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5  дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 373 дугаар шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 28 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА