Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2024/00001

 

И.Б-н нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2023/00286 дугаар шийдвэр,

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 218/МА2023/00016 дугаар магадлалтай,

И.Б-н нэхэмжлэлтэй

Г.Ц-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, байрны үнэ 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-н гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Б, түүний өмгөөлөгч Ж.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.И.Б нь Г.Ц-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, байрны үнэ 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2023/00286 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5-д зааснаар хариуцагч Г.Ц-с 16,050,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 18,950,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар ХБ-ны Г.Ц-той байгуулсан зээлийн гэрээний хувийн хэрэг саарал өнгийн хуванцар хавтас бүхий нийт 57 хуудас баримтыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц ХБ-ны Дундговь салбарт буцаан хүргүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Г.Ц-с 238,200 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

3.Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 218/МА2023/00016 дугаар магадлалаар Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2023/00286 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсгийг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...1.Анхан шатны шүүх болсон үйл явдлыг буруу дүгнэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс зөвтгөл хийгээгүй тухайд: ...Нэхэмжлэгч болон хариуцагч нь уг орон сууцыг худалдах, худалдан авах зорилгогүй буюу И.Б нь Ц.Н гэх хүнээс мөнгө зээлэхдээ түүний баталгаа, барьцаа гэх юм уу ямар ч байсан зээлсэн мөнгөний барьцаа болгох зорилгоор орон сууцаа Г.Ц-н нэр дээр шилжүүлсэн. Харин банкны барьцаанд бариулахын тулд орон сууц худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн зүйл байхгүй. Тухайн үед ХБ-с авсан зээлийн барьцаанд уг орон сууцыг барьцаалсан эсэхээс үл хамаарч тус банкнаас үхрийн фермийн зориулалттай зээл гарах л байсан. Тус банкнаас зээл авсан, аваагүй И.Бтэй тохирсон ёсоор түүнд мөнгийг зээлэх байсан нь 2011.07.09-ний өдөр 3,000,000 төгрөг, 2021.07.26-ны өдөр 1,200,000 төгрөг, 2011.07.26-ны өдөр 500,000 төгрөг, 2011.08.05-ны өдөр 80,000 төгрөг тус тус И.Б рүү Ц.Н-с шилжүүлснээр тогтоогддог.

Өөрөөр хэлбэл энэ маргааны харилцаа нь И.Б нь Ц.Наас 15,000,000 төгрөгийг 1 сарын 4 хувийн хүүтэй зээлэх, тус зээлийн гэрээнийхээ барьцаа эсхүл баталгаа гэх зүйл болгож уг орон сууцыг Г.Ц-н нэр дээр шилжүүлэх, улмаар И.Б нь зээлсэн мөнгөө Ц.Н-т буцааж өгснөөр уг орон сууцаа өөрийн нэр дээр буцаан шилжүүлж авах гэсэн үйл явдал болсныг шүүх дээрх байдлаар буруу дүгнэсэн байна.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хуулийн заалтуудыг зөрүүтэй хэрэглэсэн тухайд: ...Миний хувьд тус гэрээг дүр үзүүлэн хийснээ хүлээн зөвшөөрдөг. Энэхүү гэрээг хийх болсон зорилго нь дээр дурдсанаар зээлийн харилцаатай холбоотой юм. И.Б нь надаас зээлсэн 15,000,000 төгрөгөө буцаагаад өгсөн бол байрыг нь буцаагаад л өгөх байсан, ийм л яриа бидний дунд болсон.

...Миний сонгон авсан өмгөөлөгчийн зүгээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасны дагуу 2011.07.09-ний өдрийн “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г талууд дүр үзүүлэн хийсэн боловч худалдагч тал болох И.Б нь дүр үзүүлэн хийх болсон шалтгаан буюу Ц.Н-с зээлсэн 15,000,000 төгрөгөө буцааж төлж чадахгүй болсон тул гэрээ хийгдсэнээс хойш 4 жл 8 сар орчмын дараа буюу 2016.03.11-ний өдөр эх /В/-ээрээ дамжуулан тус гэрээг хүчин төгөлдөр болохыг зөвшөөрч, энэ гэрээний харилцаагаа баталгаажуулсан байдаг.

Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон тухайд:

2.1.Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан хэлцэлд хамаарч байна.

2.2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хэлцлийг хожим хүлээн зөвшөөрч хүчин төгөлдөр гэж үзэхдээ тухайлан хуульд заасан хэлбэрийг шаардаагүй байна. Гэвч И.Б нь 2016.03.11-ний өдрийг хүртэл тухайн байрандаа байсан /түрээслэх байдлаар байраа бүрэн ашиглаж байсан/ нь 3-р хх-ийн 185-р талд авагдсан гэрч Ц.Н, 192-р талд авагдсан гэрч Д.Э, 196-р талд авагдсан гэрч А.Э нарын мэдүүлгээр тогтоогддог.

...Дээрх давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэхээс илүү тайлбарыг хийгээгүй. Манай талаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан үндэслэл бий болсон тул нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хэрэгсэхгүй болох талаар маргасан боловч яагаад энэ заалтыг хэрэглээгүй талаар тайлбарлалгүй, мөн хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул өгсөн, авсан зүйлээ буцаана гэж хуулийг буруу тайлбарлаж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гэтэл манай талд байрны тооцоо дууссан талаар хэн ч үгүйсгээгүй баримт байтал түүнийг ердөө 7,000,000 төгрөг гэдэг утгаар нь үнэлсэнд мөн гомдолтой байна. Байрны мөнгөнөөс 7,000,000 төгрөг төллөө гэсэн тохиолдолд энэ баримтыг ийнхүү үнэлэх зүйн хэрэг байх. Гэтэл байрны тооцоо дууслаа гээд энэ баримтыг үйлдсэн байтал ийнхүү нотлох баримтын агуулга хэсэгт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

2.3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй талаар зохицуулсныг баримталж, улмаар үнийг орон сууцыг 2018.12.28-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу Г.Ц-с Т.У-д 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон байх тул орон сууцыг худалдсан бодит үнийн дүнгээр маргаж буй үнийг тооцлоо гэж шийдсэн. Дүр үзүүлэн хийсэн гэрээнд 22,000,000 төгрөг гэж бичигдсэн. Энэ мөнгийг би бүрэн төлж дуусгасан. Хэрвээ дуусгаагүй бол нэхэмжлэгчийн эх В гуай надад байрны тооцоо дууссан гэх бичгийг хийж өгөхгүй байсан.

Хэрвээ харилцан буцаах ёстой гэвэл үнэ нь 22,000,000 төгрөг байх ёстой. Энэ зүйл төлөгдсөн учраас бие биедээ өгөх зүйл байх ёсгүй гэж бодож байна. Гэрээгээр ямар нэгэн үнэ тохироогүй бол үнийг бусдаар тогтоолгож болох юм. Гэтэл үнэ тодорхой байхад 2018.12.28-ны өдөр өөр бусдад борлуулсан үнээр үнийг тооцсон нь буруу гэж бодож байна.

...Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хууль хэрэглээний зөрүү арилгах, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой тул гомдлыг хүлээн авч, тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.10.18-ны өдрийн 16 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5.Нэхэмжлэгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.12.12-ны өдрийн 001/ШХТ2023/01442 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

8.Нэхэмжлэгч И.Б, хариуцагч Г.Ц-д холбогдуулан 2011.07.09-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, сууцны үнэ 35,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ “...хариуцагчийн хүү Ц.Н банкнаас зээл авах гэтэл барьцаа хөрөнгө дутаад байна, танай байрыг барьцаанд тавиад зээл авъя, итгэмжлэлээр зээлийн барьцаанд тавьж болохгүй байна, орон сууцны нэрийг шилжүүлээд өгөөч гэхэд нь зөвшөөрч өөрийн байрыг түүний эцэг Г.Ц-н өмчлөлд шилжүүлэх гэрээ хийсэн, тухайн үед орон сууц худалдах санаа зорилго байгаагүй, мөн өөрийн орон сууцыг барьцаалж Г.Ц-с өндөр хүүтэй мөнгө зээлэх шаардлага ч байгаагүй...” гэж тодорхойлжээ.

Хариуцагч Г.Ц нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хүү Ц.Н гэрээнд гарын үсэг зураадах гэсэн, нотариатч дээр очиход нэг эмэгтэй сууж байсан нь нэхэмжлэгч И.Б байна, түүнтэй ямар нэгэн хэлцэл хийсэн, ярьж тохирсон зүйл байхгүй гэсэн тайлбарыг гаргасан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нь “...худалдах-худалдан авах гэрээ дүр үзүүлэн хийсэн хэлцэл байсан нь үнэн боловч хожим нь нэхэмжлэгч зээлээ төлж чадахгүй байна, худалдаад авчихаач гэснээр харилцан тохиролцсон, гэрээнд заасан 22,000,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжилж буй 35,000,000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

Тэрээр татгалзлын үндэслэлээ тодорхойлохдоо “...И.Б нь анх мөнгөний хэрэг гараад байна. Банк надад зээл өгөхгүй байна. Иймээс би өөрийн байраа чиний нэр дээр түр шилжүүлээд чиний нэр дээр зээл авъя. Зээлээ төлж барагдуулаад байраа буцааж авна гэсэн санал тавьсан. Би зөвшөөрч уг байрыг аав Г.Ц-н нэр дээр худалдах-худалдан авах гэрээ хийж шилжүүлэн аваад ХБ-д зээлийн барьцаанд тавьж аавын нэр дээр зээл авсан. Орон сууцыг аавын нэр дээр шилжүүлснээс хойш банкны зээл олгогдох хүртэл И.Б нь өдөр бүр ярьж яаруулж байсан учир бага багаар мөнгийг өгсөөр банкны зээл авснаасаа И.Б-д өгснийг нийлүүлээд нийт 15,000,000 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар өгсөн. Энэ мөнгийг сарын 4 хувийн хүүтэйгээр төлнө гэж тохиролцсон байсан. Ингээд И.Б зээлээ төлөхгүй явсаар сүүлдээ мөнгөө төлж чадахгүй байна, нэмээд 7,000,000 төгрөг өгчих гэхээр нь ээж В-д нь 7,000,000 төгрөгийг өгч орон сууцны үнийг бүрэн төлж дуусгасан” гэсэн үндэслэлийг заажээ.

9.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5-д зааснаар хариуцагч Г.Ц-с 16,050,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Б-д олгож, нэхэмжлэлээс орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 18,950,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ “...талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй, “ХҮ” ХХК-ийн тайлангаар маргаж буй орон сууцыг 32,032,026 төгрөгөөр үнэлсэн, 2018.12.28-ны өдөр Г.Ц нь орон сууцыг Т.У-д 30,000,000 төгрөгөөр худалдсан /1-р хавтас 25, 26/, баримтад үндэслэн орон сууцны бодит үнийг 30,000,000 төгрөг гэж үзэж, хариуцагч нь 13,950,000 төгрөгийг төлсөн тул сууцны үнэ 30,000,000 төгрөгөөс 13,950,000 төгрөгийг хасаад үлдэх 16,050,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгоно...” гэсэн дүгнэлтийг хийсэн.

Давж заалдах шатны шүүх И.Б болон Г.Ц нарын байгуулсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдсон, анхан шатны шүүх хохирлын хэмжээг хэрэгт байгаа баримтад тулгуурлан бодитой тогтоосон гэж дүгнээд шийдвэрийг хэвээр үлдээжээ.

10.Анхан болон давж заалдах шатны шүүх ижил шийдвэр гаргасан хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “шүүх хууль хэрэглээний зөрүүтэй шийдвэр гаргасан” гэх үндэслэлд хуулийг өөр өөрөөр тайлбарласнаас гадна хуулийг буруу тайлбарласан нөхцөл хамаарах бөгөөд үүнээс гадна нотлох баримтыг илт буруу үнэлсэн гэх гомдлын дагуу мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

11.Хоёр шатны шүүхийн зарим эрх зүйн дүгнэлтийг зөвтгөж, шийдвэр магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

2011.07.09-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээнд орон сууцыг 22,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тусгасан, орон сууцны өмчлөх эрх И.Б-с Г.Ц-н өмчлөлд шилжсэн, дараа нь 2018.12.28-ны өдөр уг сууцыг Г.Ц нь Т.У-д 30,000,000 төгрөгөөр худалдсан үйл баримт тогтоогджээ.

Талуудын байгуулсан 2011.07.09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т нийцсэн байна. Тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн хэлцлийг “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж үздэг бөгөөд зээл авахын тулд худалдах-худалдан авах гэрээг хэлбэрийн хувьд байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлсэн талуудын тайлбараар уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус болох нь тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус худалдах-худалдан авах гэрээний үр дагаврыг арилгуулж орон сууцыг буцаан авахыг хүссэн боловч бусдад худалдсан байх тул орон сууцны үнэ 35,000,000 төгрөгийг гаргуулахыг шаардсан бол хариуцагч нь эхлээд дүр үзүүлэн хэлцэл хийсэн боловч хожим нь худалдахаар тохиролцож, орон сууцны үнэ 22,000,000 төгрөгийг төлсөн учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж, мэтгэлцжээ. Үндсэндээ “орон сууцны үнэ төлөгдсөн” эсэх асуудал маргааны зүйл болсон байх ба шүүх орон сууцны бодит үнэ, талууд харилцан мөнгө шилжүүлсэн үйл баримтыг үндэслэж, хариуцагчийн үүргийг тогтоосон нь үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгчийн ээж, В-н үйлдсэн “2016.03.11 Ц.Н-с 7,000,000 төгрөг хүлээн авлаа. Байрны тооцоо дууссан. 7-р баг 14-р байр 2-ын 15. Хүлээн авсан В” /хэргийн 1-р хавтас 195/ гэсэн бичгийн баримтыг үндэслэж, хариуцагч Г.Ц нь байрны тооцоо дууссан гэж татгалзаж байгаа боловч хоёр шатны шүүх байрны зах зээлийн үнэ, хариуцагч нь байрыг бусдад худалдсан баримтад тулгуурлан сууцны үнийг 30,000,000 төгрөг гэж үзсэн нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

Түүнчлэн, И.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нарын хооронд мөнгө шилжүүлж байсан баримтууд хэрэгт авагдсан ба нэхэмжлэгч нь бидний хооронд зээлийн харилцаа байсан гэж маргасан боловч нотлоогүй учир шүүх талуудын харилцан мөнгө шилжүүлсэн баримтад тулгуурлан 2011.07.09-2018.12.28 хүртэл хугацаанд Ц.Н-с нэхэмжлэгч И.Б-д 10,320,000 төгрөгийг, нэхэмжлэгч И.Б-с Ц.Н-т 3,370,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, харилцан тооцоход 6,950,000 төгрөг үлдэж байгааг орон сууцны үнэд тооцон, нэхэмжлэгчийн эх В-д Ц.Н-н бэлнээр өгсөн 7,000,000 төгрөгийг нэмж нийт 13,950,000 төгрөгийг орон сууцны үнэ 30,000,000 төгрөгөөс хасаад үлдэх 16,050,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан.

12.Хэрэгт байгаа баримтын хүрээнд талууд орон сууцны үнийг 22,000,000 төгрөгөөр тохиролцсон, тухайн үнийн дүн бүхий үүрэг үүссэн үйл баримт тогтоогдоогүй байна.

Дүр үзүүлэн хийсэн хэлцэлд орон сууцыг 22,000,000 төгрөгөөр худалдахаар тусгасан хэдий ч талуудын хувьд орон сууцыг худалдах, худалдан авах хүсэл зориг анхнаасаа байгаагүй тул талуудын тохиролцоо гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн 22,000,000 төгрөгөөр орон сууцыг худалдан авахаар тохирсон үйл баримт тогтоогдоогүй учир нэхэмжлэгчийн ээж В-н бичиж өгсөн баримтаар байрны тооцоо дууссан, энэ баримтыг хоёр шатны шүүх үнэлж чадаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол мөн үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2023/00286 дугаар шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 218/МА2023/00016 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 238,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                              Х.ЭРДЭНЭСУВД

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Г.АЛТАНЧИМЭГ

                     ШҮҮГЧИД                                                                  Н.БАТЗОРИГ

                                                                                                           Н.БАТЧИМЭГ

                                                                                                           П.ЗОЛЗАЯА