Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 218/МА2020/00023

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Т.Бямбажав, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 139/ШШ2020/00590 тоот шийдвэртэй,

*******ийн нэхэмжлэлтэй *******д хариуцагдах *******, ******* нарын хооронд 2011 оны 07 сарын 09 өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож байрны үнэ 35 сая төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Алтандөш,

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2011 оны 07 сарын 09-ний өдөр *******той гэрээ хийсэн. Би ******* гэж хүнийг огт танихгүй. *******ын найз гэх ******* гэж хүн ирээд манай найз Улаанбаатар хотоос ирсэн зээл авах гэсэн чинь зээлийн барьцаа хүрэхгүй байна. Дундговь аймгийн *******,  ******* гудамжинд байдаг хашаа байшингаа барьцаалж зээл авах гэсэн боловч хүрэхгүй байна. Тийм учраас танай байрыг нэмэлтээр барьцаанд тавиулчих гэсэн хүсэлт тавьсан. Тухайн үед би 2009 онд 6500000 төгрөгийн зээл аваад 2011 оны 4 сарын 28-нд хаасан. ... Худалдан борлуулсны 2 хувийг надад хэлэлгүйгээр миний өмнөөс гарын үсэг зураад төлсөн баримт байдаг. Үүнийг хэргийн материалд өгсөн байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ удаа дараа өөрчилж байсан боловч худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, байрны үнэ гаргуулах шаардлага өөрчлөгдөөгүй хэвээр байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эвлэрэн хэлэлцэх боломжгүй. Худалдах худалдан авах гэрээг *******ийн саналаар хийсэн. Зээл аваад манай орон сууцыг барьцаанд тавьчих миний нэр дээр байгаа тохиолдолд зээл олгохгүй. Бусдаар бол үл хөдлөх хөрөнгө барьцаалж итгэмжлэлээр олгож болно. Тийм учраас аавынхаа нэр дээр зээл авчих, надад 15 сая төгрөг хэрэгтэй байгаа юм, тун удахгүй буцааж өгнө. Гэхдээ энэхүү байр нь зах зээлд 16-18 сая төгрөгийг ханштай байгаа. Тийм учраас алдах зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгээд 2011 онд зээл бүтээд *******эд 15 сая төгрөгийг нь өгсөн юм. Буцааж мөнгөө өгнө байраа буцааж авна гээд байсан боловч огт мөнгө өгөөгүй. ******* хэлэхдээ 22 сая төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ хийсэн байгаа юм чинь би мөнгөө төлж чадахгүй байна. Танай талаас 7 сая төгрөг нэмээд өгчих гэхээр нь би 2016 оны 7 сард 7 сая төгрөгийг өгсөн. Тухайн үед би утсаар ярьсан чинь би эмнэлэгт өвдөөд байж байна. Ээжийгээ явуулъя гээд ээж нь ирж надтай уулзсан. Бид хоёр уулзаад ус суваг дээр очиж усны төлбөрийг хаагаад орон сууцны 22 сая төгрөгийг бүрэн төлж барагдуулаад байрыг хүлээлгэж өгсөн юм. Худалдах худалдан авах гэрээ хийхээс өмнө өөр хүнд байраа бэлэглээд зээл авах гэж хөөцөлдсөн боловч тэр нь бүтээгүй учраас над руу өөрөө санал болгосон. Тухайн үед надад мөнгө хэрэгтэй байгаагүй. Байраа барьцаанд тавиулаад банкнаас зээлсэн мөнгийг надаас 4 хувийн хүүтэйгээр зээлж, тэр мөнгөнийхөө хүүг над уруу шилжүүлж байсан. Байрны үнийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү .... гэв.

Анхан шатны шүүх:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч *******гоос Дундговь аймгийн Сайнцагаан сумын *******, тоотод орших орон сууцны үнэ 32032026 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******эд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг /2011 оны 07 сарын 09 өдрийн *******, ******* нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, 2967974 төгрөг гаргуулах/-ийг хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдаж, хариуцагч талаас 318110 төгрөгийг гаргуулж, төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.******* би 2011.07.09-ний өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр үндэслэлгүйгээр олж авсан буюу шилжүүлэн авсан орон сууцны үнэ 35000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.

Тус иргэний хэргийг анхан шатны шүүхээс *******гоос Дундговь аймгийн Сайнцагаан сумын *******, тоотод орших орон сууцны үнэ 32032026 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******эд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг /2011 оны 07 сарын 09 өдрийн *******, ******* нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, 2967974 төгрөг гаргуулах/-ийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэвч энэхүү шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байх тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн тухай

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасны дагуу би 2020.09.07-ны өдрийн шүүх хуралдаанд шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө энэхүү хэргийн үнэн бодит байдлыг тодруулж хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор гэрчээр Балданжавын *******ыг оролцуулж, асуулгах хүсэлт гаргасан. Гэвч энэхүү хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хэргийн оролцогч би нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй болох талаар баримтыг шүүхэд гарган өөрийн эрх ашгийг хамгаалах боломжтой болно. Ингэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гарган шүүхээр шийдвэрлүүлж болох талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой зааж өгсөн.

Гэтэл миний дээр дурдсан хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлээгүй нь энэхүү хэргийг үнэн бодитоор шударгаар, хууль ёсны шийдэж чадахгүй нөхцөл байдалд хүргэсэн.

2. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш тухай.

Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагч тал анх уг орон сууц худалдах худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохыг зөвшөөрөн мэдүүлж байгаа бөгөөд ******* хожим нь уг гэрээг хүлээн зөвшөөрч үлдэгдэл 7000000 төгрөгийг ээж Валягаараа дамжуулан хүлээн авсан гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч тал уг гэрээг хожим хүлээн зөвшөөрсөн гэх хариуцагч талын тайлбарыг үгүйсгэн маргаж байна. Хариуцагч тал ******* нь орон сууц худалдах худалдах авах гэрээг хожим зөвшөөрсөн гэх тайлбараа нотлох баримтыг тус шүүхэд ирүүлээгүй байна... гэж дурдсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй талаар хуульчилж өгсөн. Гэтэл анхнаасаа буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан цагаасаа шүүх хуралдаанд хүртэл худлаа тайлбар гаргасан нэхэмжлэгч ******* уг гэрээг хожим зөвшөөрсөн гэх хариуцагч талын тайлбарыг үгүйсгэх нь зүйн хэрэг.

Хэдийгээр би хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч боловч *******, ******* нарын 2011.07.09-ний өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөр болох 22000000 төгрөгийг *******эд барагдуулсан хүн нь, мөн анх *******гийн нэр дээр хийлгүүлсэн хүн нь юм.

Үүнтэй холбогдуулан хавтаст хэргийн 195 дугаар талд авагдсан 2016.03.11-ний өдрийн Ц.*******аас 7000000 төгрөг хүлээн авлаа, байрны тооцоо дууссан ******* 14-р байр 2-ын 15 Хүлээн авсан Валя гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Энэхүү баримт нь *******ийн байраа зарсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа түүний хүсэл зоригийн илэрхийлэл мөн /энэ баримтыг бичиж өгсөн талаар нэхэмжлэгч маргадаггүй/

Мөн энэ баримтын талаар гэрч А.Валя нь мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлсэн байдаг. Энэ нь баримт дээрх утга болон гэрч А.Валягийн мэдүүлгийн зөрүүгээс хангалттай тодорхой харагдана. Гэрч А.Валягийн энэхүү худал мэдүүлгийн талаар

холбогдох байгууллагад хандах боломж байгаа талаар миний сонгон авсан өмгөөлөгч надад хэлсэн боловч өндөр настай хүнийг нь бодоод мөн охиныхоо төлөө эх хүн юу эсийг хийх билээ гэж бодоод би хандаагүй.

Гэвч энэхүү утга нь хангалттай тодорхой байгаа баримтыг шүүх иргэн Валя нь худалдах, худалдан авах гэрээний оролцогч биш... гэж үзэж үнэлсэн нь энэхүү хэргийн үнэн бодит байдалтай нотлох баримтыг уялдуулж, үнэн бодитоор дүгнэлт гаргаж чадаагүйг илэрхийлж байна.

3. тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн төлөөлөгч Ц.******* маргаан бүхий орон сууцыг барьцаалж Хас банкнаас авсан зээлээс 15 сая төгрөгийг *******эд 4 хувийн хүүтэй зээлүүлж, мөнгийг бэлнээр болон дансаар нэхэмжлэгчид өгсөн, мөн нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу ******* гэх иргэнд 3000000 төгрөг өгсөн гэж, нэхэмжлэгч ******* Ц.*******т мөнгө зээлүүлж, түүнийгээ буцаан дансаар хүлээж авсан гэж тайлбарлан маргаж байна. Дээрх маргаж буй зээлийн харилцаа нь нэхэмжлэгч *******, хариуцагчийн төлөөлөгч Ц.******* нарын хооронд үүссэн, харин нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргаан үүсгэсэн байх бөгөөд талуудын маргаж буй зээлийн гэрээний харилцаа нь шүүхээр хянан шийдвэрлэж буй нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзлээ... гэж дүгнэсэн.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн эхэнд талууд мөнгө зээлэх, зээлүүлэх зорилгоор орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдож байна гэж үзсэн.

Хоёрдугаар хэсэгт дурдсанчлан би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа боловч маргаан бүхий орон сууцыг худалдан авсан төлбөрийг төлсөн, анх ******* нь надаас мөнгө зээлье гэж орон сууцаа худалдсан нь үнэн.

Шүүх *******, Ц.******* нарын хооронд зээлийн харилцаа анх үүсч улмаар энэ харилцааг үүсгэсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзэж байгаа мөртлөө дээр дурдсанаар зээлийн харилцааг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь би *******эд түүний хүсэл зоригийн дагуу орон сууцыг худалдаж аваад мөнгө зээлсэн. Харин ******* авсан зээлээ эргэж төлөөд орон сууцаа буцааж авна гэж байсан боловч тэрээр гэрээнд нэгэнт 22000000 төгрөгөөр тохирсон юм чинь үлдэгдэл 7000000 төгрөг өгөөд, нэгэнт гэрээ бидний хооронд хийгдсэн юм чинь байрыг ав л гэсэн ийм харилцаа болсон.

*******ийг надаас мөнгө зээлсэн байна, намайг мөнгө зээлүүлсэн байна гэж үзэж дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа л бол шүүх бид хоёрын хооронд авч өгөлцсөн буюу хавтаст хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагатай. Гэтэл тэдгээр баримтуудыг огт үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн.

Мөн би тухайн үед *******эд ямар нэгэн өр төлбөргүй байсан болно.

4. Тус шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 01 дүгээр заалтад *******гоос Дундговь аймгийн Сайнцагаан сумын *******, тоотод орших орон сууцны үнэ 32032026 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож,

нэхэмжлэлийн үлдэх хэсэг /2011.07.09-ний өдрийн ******* ******* нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, 2967974 төгрөг гаргуулах/-ийг хэрэгсэхгүй гэж заасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2011.07.09-ний өдрийн ******* ******* нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцуулж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу *******г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж орон сууцны үнийг шаардсан. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс өөр байдлаар дүгнэлт гаргаж өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Дээрхээс үзэхэд тус шүүхийн шийдвэр нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримтуудыг цуглуулаагүй, шаардлагатай баримтуудыг үнэлж чадаагүй, үнэлэх боломжийг бий болгоогүй, хэргийг шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг заагаагүй, тодорхойлоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг тодорхойлж чадаагүй, үнэлээгүй байна. Энэ нь хариуцагчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол зөрчигдсөнийг хамгаалж чадаагүй, бодит байдлыг үнэлж, шударга ёсыг тогтоогүй шийдвэр гарсан гэж үзэж байна.

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 139/ШШ2020/00590 тоот шийдвэр нь Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******ын давж заалдсан гомдлын дагуу Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 07-ны өдрийн 139/ШШ2020/00590 тоот шийдвэртэй хэргийг хянан хэлэлцэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хяна шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасныг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Нэхэмжлэгч иргэн Ичинхорол овогтой ******* нь 2011 оны 07 сарын 09-ний өдөр Гочоо овогтой Цогоотой гэрээ хийсэн. Уг орон сууц худалдах худалдан авах гэрээ нь дээрх нөхөд зээл авах зорилгоор миний байрыг барьцаанд тавин шилжүүлэн авсан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул уг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны үнэ гаргуулах шаардлагыг тавьсан бол хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүхээс энэхүү маргааныг хянан үзээд ******* ******* нар 2011.07.09-ний өдөр Y0814000198 улсын бүртгэлийн дугаар бүхий Дундговь аймгийн Сайнцагаан сумын *******, тоотод орших орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, иргэн Цогоогийн өмчлөлд шилжүүлсэн[1]... нэхэмжлэгч тал уг гэрээг дүр үзүүлэн хийсэн бөгөөд ******* ... байрыг барьцаанд тавиад мөнгө зээлье гэхээр нь *******ын эцэг Цогоогийн өмчлөлд шилжүүлэн гэрээ хийсэн... орон байраа худалдах санаа зорилго байгаагүй[2] гэж, хариуцагч талын ******* анх мөнгөний хэрэг гараад ... байраа чиний нэр дээр түр шилжүүлээд чиний нэр дээр зээл авъя... зээлээ даруйхан төлөөд байраа буцааж авна гэдэг санал тавьсан...Би зөвшөөрч ... байраа аав Цогоогийн нэр дээр худалдах худалдан авах гэрээ хийж шилжүүлэн аваад Хас банкны зээлийн барьцаанд тавьж, 15 сая төгрөгийг өгсөн гэх тайлбаруудаар талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдож байна. Хариуцагч тал анх уг орон сууц худалдах, худалдан авах гэрээ дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохыг зөвшөөрч мэдүүлж байгаа[3] зэрэг үндэслэлүүдийг дурьдан зааж дүгнэн нэхэмжлэгчийн шаардлагыг ханган шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалджээ.

Нэгд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, ...Балданжавын *******ыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Хоёрт: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш,

Гуравт: Шүүхийн шийдвэрийг үндэслэх хэсэгт ... *******, Ц.******* нарын хооронд зээлийн харилцаа анх үүсч улмаар энэ харилцааг үндэслэн орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзэж байгаа мөртлөө дээр дурьдсанаар зээлийн харилцааг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Энэ талаарх ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгад дүгнэлт өгөх ёстой.

Дөрөвт: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн заалт ... нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс өөр байдлаар дүгнэлт гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэжээ.

Давж заалдах шатны шүүхийн хэргийг хянан үзээд сум дундын шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна гэж дүгнэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч хариуцагч нарын гаргасан тайлбаруудаар талуудын хооронд байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж, болон нэхэмжлэгч ******* нь хариуцагч Цогоод холбогдуулж орон сууц худалдах худалдан авах гэрээтэй холбоотой маргаан үүсгэсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор 2017.07.09-ний өдөр байгуулсан Орон сууц худалдах худалдан авах гэрээг шүүхэд ирүүлжээ. Уг гэрээг судлан үзвэл энэхүү гэрээний талууд нь *******, ******* нар бөгөөд тэд харилцан тохиролцож, гэрээ байгуулан гарын үсгээ зурж баталгаажуулжээ. Үүнээс үндэслэн үзэхэд гэрээний талууд нь *******, Цогоо нар бөгөөд орон сууцны үнийн талаар хариуцагч *******гийн зүгээс ямар нэгэн төлбөр хийгдээгүй гэж шүүхээс үзсэн нь үндэстэй байна. ******* нь орон сууцны үнийг төлөөгүй гэсэн бичгэн баримт хавтаст хэрэг авагдсан байхаас гадна дээрх маргаантай гэрээг судлан дүгнэхэд уг гэрээний 3 дугаар зүйлд орон сууцыг 22000000 /хорин хоёр сая/ төгрөгөөр худалдах ба төлбөрийг 2011.07.09-ний өдөр төлж дуусгасан байна гэсэн атлаа нэмэлт нөхцөл гэсэн хэсэгт 2011.07.24-ний дотор үлдэгдэл 10000000 /арван сая/ төгрөгийг төлж барагдуулна. Урьдчилгаа болгож 12000000 төгрөг 2011.07.09-ний өдөр төлсөн болно гэж зөрүүтэй бичиглэлүүд хийгдсэн байгаа нь уг гэрээ хууль ёсны байсан гэхэд эргэлзээ зайлшгүй төрүүлж байна. Энэ гэрээг баталгаажуулсан эрх бүхий этгээд ч үүнд дүгнэлт хийгээгүй баталжээ.

Мөн гэрээний төлбөрийг талаар ******* нь мөнгө төлөөгүй гэдгээ эрх бүхий байгууллагад мэдүүлж байснаас гадна итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* энэ гэрээн дээрх хугацаанд биш өөр цаг хугацаанд *******эд мөнгө өгч байсан тухай тайлбарлажээ. Үүнээс үзвэл анхан шатны шүүхийн хийсэн дээрх дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

Хариуцагч талын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаар гомдол гаргажээ. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товложээ. Хариуцагч талын зүгээс шүүх хуралдаан дээр гэрч асуулгах хүсэлт гаргасныг шүүх хянаад татгалзаж шийдвэрлэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болох бөгөөд гэрчийг хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авах бөгөөд гэрч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаан дээр *******ыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хянаад хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүх уг хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай тогтоогдоогүй болон шүүх хуралдааныг хойшлуулах шаардлагагүй гэж үзсэн нь үндэстэй байна. Хариуцагч талын тайлбар, хуралдааны, тэмдэглэлээс үзэхэд ******* нь *******ыг *******эд өөрийн зүгээс өгсөн мөнгөний талаар гэрчилнэ гэж үзжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргаж буй харилцааны нэг тал нь өөрөө ******* мөн гэж тайлбарласан, орон сууцны мөнгийг төлсөн гэж маргаж байх боловч энэ талаарх тайлбар нь нотлогдоогүй гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэстэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгэн баримтаар итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын тайлбар болон давж заалдах гомдолдоо дурьдсан зүйлүүд нотлогдохгүй байгааг тэмдэглэж байна.

Өөрийгөө гэрээ байгуулсан хүн бөгөөд гэрээний нэг тал нь мөн, мөнгө төлсөн хүн гэж тайлбарлах боловч хэргийн нэхэмжлэгч ******* болон хариуцагч Цогоо нарын зүгээс энэ талаар шүүхэд тайлбарласан, нотолж хүссэн зүйл байхгүй, хэргийн хариуцагчийг солих асуудал зөвхөн нэхэмжлэгчийн хүсэлт зөвшөөрлөөр явагдах хуулийн зохицуулалттай.

Мөн хариуцагч талын зүгээс орон сууцны мөнгийг төлсөн гэх боловч үүнийг нэхэмжлэгч ******* тайлбарлахдаа мөнгө авч өгөлцсөнөө үгүйсгээгүй бөгөөд уг мөнгийг өөрсдийн хооронд хийгдсэн зээлийн гэрээний асуудлаас үүдэлтэй гэж тайлбарлажээ.

Хэдийгээр *******ын тайлбар хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны депозит дансны хуулга,зарим нэгэн бичмэл баримт зэргээр ******* рүү нэлээн хэмжээний мөнгө шилжсэн харагдаж байгаа боловч энэ нь нотлогдоогүй байхаас гадна *******ийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон дансны хуулга зэргээс

харахад *******ийн 5450241016 тоот данс болон Ц.*******ын 5006423945 тоот дансны хооронд 2011 оны 06 сарын 23 буюу дээр дурьдагдсан гэрээ байгуулагдахаас өмнөх үеэс эхлэн олон удаа гүйлгээ хийгдсэн байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний харилцаа байсан гэж тайлбарласныг шүүх хүлээн авсныг үгүйсгэх нотлох баримт байхгүй байна. Зарим нэгэн банкны гүйлгээнд орон сууцны урьдчилгаа гэсэн тэмдэглэл байх боловч энэ талаар талууд тодорхой зүйл гаргаж тавьж мэтгэлцээгүй байхаас гадна шүүхээс талуудын байгуулсан дээрх орон сууц худалдах худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл байсан гэдгийг хэн аль нь зөвшөөрч тайлбарласныг үндэслэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хуулийн заалт шаардлагад үндэслэн зүр үзүүлэн хийсэн хууль бус хэлцлийн үр дагаврын улмаас үрэгдсэн орон сууцны үнийг гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хууль бус хэлцэл хийсэн талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ буцаан өгөх үүрэгтэй бөгөөд ******* орон сууцаа буцаан авах шаардлага тавьж шийдвэрлүүлсэн бол хариуцагч талаас энэ талаар шаардлага тавиагүй, мөн сөрөг нэхэмжлэл, харилцан тооцуулах хүсэлт зэргийг хуульд заасан үндэслэл бүхий шаардлага нотлох баримтын хамт шүүхэд гаргаагүй учир шийдвэрлэх боломжгүй байжээ гэж үзэх үндэстэй. Энэ талаар эрх боломж байгааг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д харилцан гэж заасныг тэмдэглэж байна.

Шүүх орон сууцны үнийг гаргахдаа нэхэмжлэгч талын зүгээс гаргаж ирүүлсэн үнэлгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн байна. Хариуцагч талын зүгээс энэ талаар мэтгэлцээгүй байхаас гадна давж заалдах шатны шүүхээс орон сууцны үнэлгээний талаар хянан шалгах баримтлах бодитой өөр баримт алга байна гэж үзэв. Талууд уг хууль бус гэгдсэн гэрээнд байгаа 22000000 гэсэн үнэ бичсэн байгаа ч гэсэн энэ үнэлгээ уг орон сууцны бодит үнэ болох талаар асуудал тавиагүй, хариуцагч үнэлгээний талаар огт маргаагүй байна. Хүчин төгөлдөр бус хэлцлээ хүлээн зөвшөөрч буй тохиолдолд талуудын хэн аль нь ч шилжүүлсэн зүйлээ буцаах үүргийн дагуу энэ үр дагаврыг анхаарах ёстой.

Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр бус хэлцлээ хожим хүлээн зөвшөөрч мөнгө авсан учир хүлээн зөвшөөрсөн гэж мэтгэлцэж, давж заалдах гомдолдоо ч дурьдаж байна. Хуульд ийм боломж нөхцөл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ийм үр дүнд хүрэхийн тулд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д зааснаар шаардлагыг хангах ёстой. Энд зааснаар бол хэлцэл хийснээс хойш хугацаанд хэлцэл хийгч этгээд уг хүчин төгөлдөр бус хэлцлээ хуульд нийцэх чадвартай бөгөөд хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрөх ажиллагаа хийгдэх ёстой, нөгөө талаар хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн байхыг шаардаж байна. Хууль заасан хэлбэр гэдгийг хэлцэл байгуулах талаар хуульд заасан тэрхүү шаардлагад нийцүүлнэ гэж ойлгоно. Ийм үйл ажиллагааг талуудын хэн аль нь явуулаагүй байх тул хариуцагч талын энэ тухай гомдол үндэсгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч талын давж заалдсан гомдлыг хангахгүй орхихоор тогтов. Хариуцагч талын зүгээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 139/ШШ2020/00590 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319000 /гурван зуун арван есөн мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Г.ТЭГШСУУРЬ

ШҮҮГЧИД                                     Т.БЯМБАЖАВ

Ш.ТӨМӨРБААТАР

                                                                                                      

 

 

 

 


[1] 3-р хавтаст хэргийн 84 тал

[2] 3-р хавтаст хэргийн 84 тал

[3] 3-р хавтаст хэргийн 84 тал