Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 218/МА2023/00016

 

  
*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж шийдвэрлэсэн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2023/00286 тоот шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, байрны үнэ 35000000 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: ... Иргэн ******* нь зээл авахад барьцаа дутаад байна, өөрийн хөрөнгө хэрэгтэй байгаа тул орон сууцаа миний нэр дээр шилжүүлээч гэснээр 2011 оны 7 дугаар сарын 9- ний өдөр надтай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, миний орон сууцны өмчлөх эрх *******д шилжигдсэн юм. Би орон сууцыг *******д худалдах зорилгоор бус түүнийг зээлийн барьцаанд тавиад буцааж өгнө гэхээр нь буюу зөвхөн түүнд барьцаа хөрөнгө бий болгоход нь туслах зорилгоор өөрийн орон сууцны өмчлөх эрхийг *******д шилжүүлсэн. Тодруулбал, худалдах, худалдан авах гэрээнээс үүсэх үр дагавар буюу орон сууцны өмчлөх эрхийг *******д шилжүүлсэн хэлцэл /2011 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ/ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн, анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Иймд миний *******той 2011 оны 7 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан. Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар тус хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр үндэслэлгүйгээр олж авсан буюу шилжүүлэн авсан Дундговь аймаг, ******* сум, *******, ******* байрны ******* тоот орон сууц, түүний өмчлөх эрхийг *******гоос ******* миний өмчлөлд буцаан шилжүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн овогтой ийн миний бие нь ******* сумын , , тоотод байрлах орон сууцыг 2018 оны 12 сарын 28-ны өдөр иргэн *******гоос худалдаж авсан бөгөөд энэ хэрэгт тухайлсан шаардлага гаргахгүйгээр хариуцагчийг дэмжин оролцох болно гэжээ.

4. Нэхэмжлэгч ******* 2019 оны 08 сарын -ны өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: ******* би *******д холбогдуулан *******той 2011 оны 7 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр үндэслэлгүйгээр олж авсан буюу шилжүүлэн авсан Дундговь аймаг, ******* сум, *******, ******* байрны тоот орон сууцыг *******гоос гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан билээ. Харин миний шаардаж буй орон сууц нь бусдын өмчлөлд шилжсэн болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн бөгөөд ийнхүү нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууц нь нэгэнт өөр хүний өмчлөлд шилжиж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг орон сууцыг буцаан гаргуулах замаар арилгуулах боломжгүй нөхцөл байдал үүсчээ. Иймд би хариуцагчаас Дундговь аймаг, ******* сум, *******, ******* байрны тоот орон сууцыг гаргуулахаар шаардсан шаардлагаа өөрчилж, хариуцагчаас хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан орон сууцны үнэ гучин таван сая (35,000,000) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Миний бие нэхэмжлэлийн хувийг гардаж аваад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байх тул энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Энэхүү үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авахад миний бие оролцсон. Анх худалдах худалдан авах гэрээгээр 22 сая төгрөгөөр тохиролцсон. Миний хувьд төлөх ёстой төлбөрийг бүрэн барагдуулсан гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: ******* би *******д холбогдуулан *******той 2011 оны 7 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан ба тэрээр Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул намайг Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд зааснаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан үндэслэлээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний зүйл болох Дундговь аймаг, ******* сум, *******, ******* байрны тоот орон сууцыг буцаан гаргуулах бодит боломжгүй байдлыг харгалзан тус орон сууцны үнэ гучин таван сая (35,000,000) төгрөгийг олгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Бодит үйл баримтаар ******* Хас банкнаас авах зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэхгүй байна хэмээн миний орон сууцыг барьцаалан өөрийн эцэг *******гийн нэрээр зээл гаргуулж авсан байдаг бөгөөд үүнийгээ хуулийн байгууллагад тайлбарлан мэдүүлсээр ирсэн. Мөн надтай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ******* нь энэ гэрээний хүсэл зоригийн талаар огт мэдэхгүй, бидний хооронд үүрэг үүсээгүй болохыг мөн хуулийн байгууллагад тайлбарлан мэдүүлсэн. Иймээс ******* бидний хооронд 2011 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч бидний хооронд үүрэг үүсээгүй байсны улмаас тэрээр надад орон сууцны маань үнийг огт төлөөгүй, ийнхүү орон сууцны үнийг төлөөгүй атлаа орон сууцыг маань худалдан борлуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжжээ. Дээр дурдсанчлан, ******* надтай 2011 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч бидний хооронд үүрэг үүсээгүйн улмаас тус гэрээний дагуу орон сууцны үнийг төлөөгүй атлаа бусдад худалдан борлуулж, үндэслэлгүйгээр гучин таван сая (35,000,000) төгрөгөөр хөрөнгөжсөн байх тул *******гоос гучин таван сая (35,000,000) төгрөгийг гаргуулж, надад олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

6.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5-д зааснаар хариуцагч овогт гийн //-оос 16050000 /арван зургаан сая тавин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч овогт ын //-Д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 18950000 /арван найман сая есөн зуун тавин мянган/төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

6.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар Хас банкны *******той байгуулсан зээлийн гэрээний хувийн хэрэг саарал өнгийн хуванцар хавтас бүхий нийт 57 хуудас баримтыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Хас банкны Дундговь салбарт буцаан хүргүүлж,

6.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******гоос 238200 /хоёр зуун гучин найман мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

7. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, саналдаа: ... Анхан шатны шүүхийн шийдвэрээс "35.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 18.950.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч миний бие эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, зарим нотлох баримтыг хэргийн үйл баримттай холбон үндэслэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үүнд:

1.Шүүхээс ...хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан орон сууцны үнийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэсэн. Гэтэл Хас үнэлгээ ХХК-ний Үнэлгээний тайлан-гаар маргаж буй орон сууцны үнийг 32.032.026 төгрөгөөр үнэлсэн байхад дээрх үнэлгээгээр шийдвэрлэж, орон сууцны үнийг хариуцагчаас гаргуулах ёстой байтал *******гоос д тухай орон сууцыг худалдсан 30.000.000 төгрөгөөр үнийн дүнг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Нэхэмжлэгч миний бие *******д хариуцуулан нэхэмжлэл гаргасан байхад ******* болон ******* нарын хооронд үүссэн мөнгө авсан, өгсөн харилцааг энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамаатуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

3. Хариуцагчийн зүгээс гэрээний үүрэгт 22 сая төгрөг өгчихсөн гэж өмнөх удаа дараагийн шүүх хуралдаан дээр тайлбарлаж, маргаж байсан боловч энэ нь нотлогдоогүй. Харин 2011.07.09-ны өдрийн *******аас ******* руу шилжүүлсэн 3.000.000 төгрөг бол орон сууцаа барьцаанд тавиулсны төлөө авсан налуу, шагнал байсан. *******аас шилжүүлсэн гэх бусад мөнгөний хувьд бол орон сууцны үнэ төлсөнд тооцох боломжгүй юм.

Иймээс Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 023 оны 07 сарын 20-ны өдрийн 139/ШШ2023/00286 дугаартай шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байх тул эс зөвшөөрч, тус шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Нэгд, Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3 дахь заалтаар ...Нэхэмжлэгч болон хариуцагч нь уг орон сууцыг худалдах, худалдан авах зорилгогүйгээр банкны зээлийн барьцаанд бариулахын тулд орон сууц худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн болохоо хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болно гэж дүгнэсэн.

Энэхүү дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй болно.

Учир нь, Нэхэмжлэгч болон хариуцагч нь уг орон сууцыг худалдах, худалдан авах зорилгогүй буюу ******* нь ******* гэх хүнээс мөнгө зээлэхдээ түүний баталгаа, барьцаа гэх юм уу ямар ч байсан зээлсэн мөнгөний барьцаа болгох зорилгоор орон сууцаа *******гийн нэр дээр шилжүүлсэн.

Харин банкны зээлийн барьцаанд бариулахын тулд орон сууц худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн зүйл байхгүй. Тухайн үед Хас банкнаас авсан зээлийн барьцаанд уг орон сууцыг барьцаалсан эсэхээс үл хамаарч тус банкнаас үхрийн фермийн зориулалтай зээл гарах л байсан. Тус банкнаас зээл авсан, аваагүй *******тэй тохирсон ёсоор түүнд мөнгийг зээлэх байсан нь 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 3000000 төгрөг, 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 1200000, 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 500000, 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 80000 төгрөг тус тус ******* руу *******аас шилжүүлснээр тогтоогддог.

Өөрөөр хэлбэл энэ маргааны харилцаа нь ******* нь *******аас сая төгрөгийг 1 сарын 4 хувийн хүүтэй зээлэх, тус зээлийн гэрээнийхээ барьцаа эсхүл баталгаа гэх зүйл болгож уг орон сууцыг *******гийн нэр дээр шилжүүлэх, улмаар ******* нь зээлсэн мөнгөө *******т буцааж өгснөөр уг орон сууцаа өөрийн нэр дээр буцаан шилжүүлж авах гэсэн үйл явдал болсныг шүүх дээрх байдлаар буруу дүгнэсэн байна.

Хоёрт, Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3 дахь заалтаар ...зохигчийн хооронд 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдож байна...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5- д зааснаар Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байсан. Иймд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн улмаас хариуцагч *******д шилжүүлсэн орон сууцны үнийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв...орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу *******гоос Т. д 30 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохилцсон байх тул орон сууцыг худалдсан бодит үнийн дүнгээр маргаж буй үнийг тооцлоо... гэж тус тус дүгнэсэн.

Миний хувьд тус гэрээг дүр үзүүлэн хийснээ хүлээн зөвшөөрдөг. Энэхүү гэрээг хийх болсон зорилго нь дээр дурдсанаар зээлийн харилцаатай холбоотой юм.

******* нь надаас зээлсэн сая төгрөгөө буцаагаад өгсөн бол байрыг нь буцаагаад өгөх л байсан, ийм л яриа бидний дунд болсон.

Шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй талаар зохицуулсныг баримталж, улмаар үнийг орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу *******гоос д 30 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохилцсон байх тул орон сууцыг худалдсан бодит үнийн дүнгээр маргаж буй үнийг тооцлоо гэж шийдсэн.

Миний сонгон авсан өмгөөлөгчийн зүгээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3- т Энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэж заасны дагуу 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г талууд дүр үзүүлэн хийсэн боловч худалдагч тал болох ******* нь дүр үзүүлэн хийх болсон шалтгаан буюу *******аас зээлсэн сая төгрөгөө буцааж төлж чадахгүй болсон тул гэрээ хийгдсэнээс хойш 4 жил 8 cap орчмын дараа буюу 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр эх //-ээрээ дамжуулан тус гэрээг хүчин төгөлдөр болохыг зөвшөөрч, энэ гэрээний харилцаагаа баталгаажуулсан байдаг.

Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон тухайд:

2.1 Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан хэлцэлд хамаарч байна.

2.2 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хэлцлийг хожим хүлээн зөвшөөрч хүчин төгөлдөр гэж үзэхдээ тухайлан хуульд заасан хэлбэрийг шаардаагүй байна. Гэвч ******* нь 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл тухайн байрандаа байсан /түрээслэх байдлаар байраа бүрэн ашиглаж байсан/ нь 3-р хавтаст хэргийн 185-р талд авагдсан гэрч , 192-р талд авагдсан гэрч , 196-рт талд авагдсан гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог.

Гэрч нь нэхэмжлэгч *******ийн эх нь байраа энэ хүн /*******/-т зарж байгаа гээд уг орон сууцыг хөлсөлж байснаа болиод, илүү төлсөн 2 сарын төлбөрөө гуайгаас буцааж авснаа мэдүүлдэг.

Өөрөөр хэлбэл 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ******* нь өөрөө өвчтэй гээд Улаанбаатар хотод байхдаа эх гаараа дамжуулж, ******* буюу уг орон сууц худалдах, худалдан авах гэрээний жинхэнэ буюу үүрэг гүйцэтгэсэн этгээдэд хандаж *******аас 7000000 сая долоон сая төгрөг хүлээн авлаа. Байрны тооцоо дууссан. 2-ын , Хүлээн авсан гэж бичиг хийж өгснөөр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан хуулийг шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ дүр үзүүлэн хийсэн гэрээний харилцаа хүчин төгөлдөр болж, ******* нь гэрээнд заасан 22 сая төгрөгийг *******аас бүрэн авсан зүйл болсон. Хэрвээ талууд тохирсон /22 сая төгрөг/ байрны тооцоо дуусаагүй бол дээрх байдлаар бичгийг хийж өгөхгүй байсан нь зүйн хэрэг юм.

Гэхдээ ******* нь *******т хандаж Би зээлсэн мөнгөө төлж чадахгүй нь ээ. Нэгэнт гэрээндээ 22 сая төгрөг гээд тохирчихсон юм чинь чи одоо нэмээд 7 сая төгрөг өгөөд 22 сая төгрөг болгоод наад байраа аваа, угаасаа бидний дунд хийсэн гэрээ байгаа юм чинь ингээд чиний юм болсон гэсний үндсэн дээр ******* би 7 сая төгрөгийг нэмж өгөөд, байр эцгийн нэр дээр байсан тул ингээд боллоо гэж бодсон. Гэтэл би олон жил шүүхээр явж энэ хүнд ингэж луйвардуулж байна. Мөн тэрээр 5 жил орчим тэр байрандаа амьдарсан. Бүүр сүүлдээ бусдад хөлслөөд ашиг олоод байж байсан. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж бодож байна.

2.3 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй талаар зохицуулсныг баримталж. улмаар үнийг орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу *******гоос д 30 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохилцсон байх тул орон сууцыг худалдсан бодит үнийн дүнгээр маргаж буй үнийг тооцлоо гэж шийдсэн.

Дүр үзүүлэн хийсэн гэрээнд 22 сая төгрөг гэж бичигдсэн. Энэ мөнгийг би бүрэн төлж дуусгасан. Хэрвээ дуусгаагүй бол нэхэмжлэгчийн эх гуай надад байрны тооцоо дууссан гэх бичгийг хийж өгөхгүй байсан.

Хэрвээ харилцан буцаах ёстой гэвэл үнэ нь 22 сая төгрөг байх ёстой. Энэ зүйл төлөгдсөн учраас бие биедээ өгөх зүйл байх ёсгүй гэж бодож байна.

Гэрээгээр ямар нэгэн үнэ тохироогүй бол үнийг бусдаар тогтоолгож болох юм. Гэтэл үнэ тодорхой байхад 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөр бусдад борлуулсан үнээр үнийг тооцсон нь буруу гэж бодож байна.

Эцэст нь, Би гэдэг хүнээр бичиг хийлгэж чадаагүй бол хэргийг ингээд анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхгүй байсан байх. Би шүүхэд зөвхөн үнэн, зөв тайлбараа өгч байгаа. Болсон зүйлийг бодитоор нь хэлж байгаа.

Гэтэл нэхэмжлэгч ******* шүүхэд худал тайлбар өгдөг. Мөн түүний эх нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн. Гэхдээ надаас 7 сая төгрөг авсан болон тэр бичгийг хийж өгснөө огт үгүйсгээгүй.

Би тухайн үед сая төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлээд ашиг ольё л гэж бодсон. Харин барьцаа гэх юм уу баталгаа болгож түүний байрыг нь худалдаж авсан дүр үзүүлсэн. Тэрнээс биш Хас банканд зээлийн барьцаа дутаад *******ээс байрыг аваад түүнд шагнал болгож 3 сая төгрөг өгсөн асуудал байхгүй.

Би *******ээс зээлсэн мөнгөө өгөөч ээ гэж олон жил гуйсан. Тэр байр нь аавын маань нэр дээр юм чинь хэзээ л бол хэзээ би ороод тэр байранд эзэн сууж болох юм. Гэтэл би зээлсэн мөнгөө төлөөд байраа буцаагаад авна даа гэж хүлээгээд л байсан.

Түүнд итгээд ийм байдалтай 5 жил орчим байж байгаад тэр орон сууцыг хүнд хөлсөлж байгаа талаар сонссон. Тэгэхэд надад их сонин санагдсан. Хүнээс мөнгө зээлчхээд зээлсэн мөнгөө өгөхгүй, тэгээд баталгаа болгож шилжүүлсэн байраа бусдад хөлслөөд ашиг хонжоо олоод байж байдаг, ийм зүйл байж болохгүй биз дээ. Ингээд би өөртөө нь зээлээ хурдан төлөө гэж ярихад нэгэнт гэрээгээ 22 сая төгрөгөөр хийсэн юм чинь 7 сая төгрөг нэмээд өгчих гэсэн. Би өгөөд бушуухан энэ хүнээс салъя л гэж бодсон.

Энэ үйл явдлыг шударга шүүх бодитоор шийдэж өгнө үү. *******ийн энэ хэт даварсан үйлдлийг таслан зогсоож өгөхийг хичээнгүйлэн хүсч байна.

Иймд тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 286 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

9. нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхээс 2011 оны 07 сарын 09-ний өдөр болон нарын хооронд байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг удаа дараа тогтоосон. Энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч тал аль аль нь хүлээн зөвшөөрсөн. Тухайн орон сууцыг зах зээлийн үнэлгээгээр үнэлүүлэхэд 32.032.026 төгрөгөөр үнэлсэн. гоос д 30.000.000 төгрөгөөр зарсан гэж үзээд шийдвэрлэсэнд гомдолтой байна. Наранбаатар, Батхишиг нарын хооронд мөнгө зээлэх, зээлүүлэх харилцан тооцож нэхэмжлэлийн шаардлагад хамаатуулж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс гэх хүнд 22.000.000 төгрөг өгсөн гэдэг. Энэ үйл баримтаа нотолж чадаагүй. 2011 оны 07 сарын 09-ний өдөр Наранбаатараас рүү шагнал 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Бусад авсан мөнгөний хувьд орон сууцны асуудал биш, Наранбаатар Батхишиг нарын хооронд байсан зээлийн харилцаатай холбоотой асуудал. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

10. Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч талаас гомдол гаргасныг хариуцагч талд танилцуулаагүй. гэдэг хүнтэй гэрээ хийсэн гэж байна. гэх хүн ямар байдлаар оролцсон талаар мэдүүлэг өгсөн байсан. Наранбатаар Батхишиг хоёрын хоорондын харилцаа үүссэн нь нотлогддог. Гэрээнд 22.000.000 төгрөгөө гүйцээж өгөөд байр чинь чиний нэр дээр юм чинь ав гэж хэлсэн. Тийм зүйл болоогүй бол мөнгө дутуу гэж баримт үйлдэгдэх ёстой. Ваалиа гуай зээлийн харилцаа байсан гэж мэдүүлсэн. тухайн үед мөнгөний шаардлага байгаагүй гэж ярьж байна. 2011 оны 06 дугаар сард Даваасүрэнд байраа бэлэглэлийн гэрээ хийж шилжүүлээд буцааж авсан байсан. Энэ хүнд мөнгө хэрэгтэй байсан нь ийм байдлаар тогтоогддог.. Бид үйлчлүүлэгчийнхээ хүсэлтийн дагуу үйлчилгээ үзүүлсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдаанаар Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 20-ны өдрийн 139/ШШ2023/00286 тоот шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зэрэг зохигч талуудын гомдол үндэслэн хянав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасныг үндэслэн хэргийг гомдолд дурдсанаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь талуудын маргаан, түүний үндэслэл болон нотлох баримтууд, зохигчдын мэтгэлцээнд дүгнэлт хийж гарсан, шүүх хуралдааны оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуулийн заалт шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэл бүхий байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 2011 оны 07 сарын 09-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж орон сууцыг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч орон сууцыг бусдад худалдсан байх тул үнэ 35000000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсанаар бол *******, ******* нар нь 2011 оны 07 сарын 09-ний өдөр Ү0814000198 улсын бүртгэлийн дугаар бүхий Дундговь аймгийн ******* сумын ******* ******* байрны тоот орон сууцыг худалдах худалдан авах гэрээ байгуулж, *******гийн өмчлөлд орон сууцыг худалдах худалдан авах тохиролцоо байгаагүй, *******ыг танихгүй, Нямжав түүнийг дагуулж ирээд зээл авах гэсэн барьцаа хүрэхгүй байна, байраа барьцаанд тавиулж өгөөч гэхээр нь *******гийн өмчлөлд шилжүүлсэн гэж, нэхэмжлэгчийн үндэслэл шаардлагаа тодорхойлж мэтгэлцсэн болон орон сууц худалдах, худалдан авах хүсэл зоригт талуудад байгаагүй... хариуцагч орон сууцны үнэ төлөөгүй, гэрээнээс татгалзаж байгаа талаараа шүүхэд илэрхийлж байжээ.

Хариуцагч ******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч *******ийг танихгүй, хүү Наранбаатар гэрээн дээр гарын үсэг зураадах гэсэн, нэг эмэгтэй сууж байсан, зээл аваад мөнгө өгсөн юм ярьдаг, бусад зүйлийг мэдэхгүй, ... гэсэн бол

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: эхлээд орон сууц худалдах худалдан авах санаа зорилго байгаагүй, ******* нь анх мөнгөний хэрэг гараад өөрийн нэр дээр зээл олдохгүй байна, байраа чиний нэр дээр түр шилжүүлээд нэр дээр чинь зээл авъя... зээлээ даруйхан төлөөд байраа буцааж авна гэдэг санал тавьсан. Би зөвшөөрч байрыг аав гийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээ хийж шилжүүлэн аваад Хас банкны зээлийн барьцаанд тавьж, 27 сая төгрөгийг аваад саяыг нэхэмжлэгчид 4 хувийн хүүтэйгээр өгсөн, нэхэмжлэгч нь зээлээ төлж чадахаа байлаа нэмж 7000000 төгрөг өгөөд байрыг худалдан авчихаач гэж гуйхаар нь 2016 онд нэхэмжлэгчийн ээжид 7000000 төгрөг өгч байрны тооцоо дууссан гэж бичиг хийж өгсөн... нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж хуульчилсан.

Зохигч талууд худалдах, худалдан авах хэлцэл байгуулах хүсэл зориг байгаагүй талаар маргаагүй бөгөөд шүүх хуралдааны тайлбар гарган мэтгэлцэх үедээ хэлцэл бол хүчин төгөлдөр бус байсан гэдгийг хэн аль нь хүлээн зөвшөөрч илэрхийлсэн байна.

Нэгэнт хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр бус бөгөөд талууд шаардсан тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д зааснаар сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болох бөгөөд ******* шаардах эрхтэй нь тодорхой болж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар ... хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байхаар заасныг баримтлан хэрэглэх шаардлага бий болжээ.

Зохиогч талууд хэлцэл хүчин төгөлдөр бус гэдгийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч хэлцлийн үр дагаврыг арилгуулж, орон сууцны үнийг гаргуулахаар шаардсан байх тул анхан шатны шүүх энэхүү заалт шаардлагыг баримтлан хариуцагчаас орон сууцны үнийг гаргуулах нь зүйтэй гэж үзжээ.

Хүчин төгөлдөр хэлцэл хийсэн болоод гэм буруутай нь тогтоогдсон этгээд бусдад хохирол учруулсан бол хохирлыг нөхөн төлөх үндэслэл байхыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д шаарджээ.

Хэлцэл хийгч талууд ******* ******* нар зээл авах зорилготой байсан гэдгээ илэрхийлж орон сууцыг бүр мөсөн худалдаагүй гэдгээ тайлбарласан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Наранбаатар зээл авах зорилгоор орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан боловч сүүлд энэ орон сууцыг худалдах болж 7000000 төгрөг өгсөн тул үнийг нь төлж дуусгасан гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч ******* нь Нямжаваар дамжуулан *******тай харилцан тохирч, орон сууцаа барьцаалуулаач зээл аваад хэрэглээд өгье гэхээр нь тус болж түүний аав Т.гийн өмчлөлд орон сууцаа шилжүүлсэн гэсэн бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч өөрөө зээл авахын тулд манай аавын нэр дээр орон сууцаа шилжүүлсэн, нэхэмжлэгчид 000000 төгрөг өгсөн гэж,

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч орон сууцаа худалдаад авчихаач гэхээр нь 2016 онд нэхэмжлэгчийн ээж д 7000000 төгрөгийг төлсөн, ээж нь орон сууцны үнэ төлөгдөж дууссан гэсэн бичиг хийж өгсөн гэж тайлбар гаргасан нэхэмжлэгч ******* үүнийг татгалзаж эмнэлэгт хэвтэж байх хойгуур ээжээр ийм зүйл бичүүлж авсныг хожим харсан, энэ 7000000 төгрөг нь Наранбаатарын надаас өмнө нь зээлж авсан мөнгөө эргүүлж төлсөн мөнгө ... гэх зэргээр өөр өөрсдийн эрх ашгаа хамгаалан маргалдсан бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн нь тогтоогдсон учир хохирлыг арилгуулах үндэстэй гэж үзэн шийдвэрлэжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийгээд Наранбаатарын нэхэмжлэгч *******эд өгсөн мөнгийг орон сууцны үнэ төлсөнд тооцох боломжтой гэж үзэн хавтаст хэрэгт авагдсан бичгэн баримтуудаар тодорхой байгаа Наранбаатараас *******эд 10320000 төгрөг, нэхэмжлэгч *******ээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******т 3370000 төгрөг шилжүүлсэн байдалд дүгнэлт хийгээд эдгээр мөнгөний зөрүү болох 6950000 төгрөг, мөн ийн эх д өгсөн баримт бүхий 7000000 төгрөг зэргийг орон сууцны үнэ төлсөнд тооцон үндсэн мөнгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Маргааныг шийдвэрлэхдээ шүүх орон сууцны үнийг 2016 онд зах зээлд худалдсан үнийг бодит байдал гэж үзэн 30000000 төгрөгөөр тооцон одоо үлдэх 16050000 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Шүүх, шүүгчийн өөрийн дотоод итгэлд тулгуурлан хэрэгт байгаа бичгэн болон бусад нотлох баримт талуудын тайлбар зэрэгт үндэслэн шийдвэрлэсэн энэхүү шүүхийн шийдвэрийг хуулийн заалт шаардлагад үндэслэн хэвээр үлдээхээр тогтов.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай явагдсан болон хэргийн оролцогчдын эрх ашгийг болон хэрэг хянан шийдвэрлэсэн ажиллагааны хуулиар тогтоогдсон журмыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй зэргийг үндэслэн давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ******* нь орон сууцны үнийг буруу тогтоож шийдвэрлэсэн, харилцан шилжүүлсэн мөнгөний талаар буруу дүгнэлт хийсэн гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж давж заалджээ.

Гэрээ хэлцэл хийгдсэн талаарх хуулийн шаардлага хэлцэл хийгдсэн байдал түүний үр дагавар зэрэг нөхцөл байдалд үндэслэн талуудын гомдлыг хангахгүй орхиж Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 139/ШШ2023/00160 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсгийг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР

ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ

Л.УГТАХБАЯР